Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2022/02364

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2022/02364

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг өөрийн байр З Т Х Я

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг   Н Ө Х Г

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг   Н Н Т Г

Хариуцагч: Баянгол дүүрэг 20 дугаар хороо   “Э Т ” ХХК /РД:  /

2,168,197,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц, Д.О, Б.Т, Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Н, хариуцагчийн төлөөлөгч Ж.Д, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч З Т Х Я, Н Ө Х Г, Н Н Т Г нар нь хариуцагч “Э Т ” ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. “Э Т ” ХХК нь 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 04 дугаартай улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх         гэрээ байгуулж, 30 автобусыг 6 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй хариуцагчид шилжүүлсэн. Уг гэрээгээр автобус нэг бүрийн үнийг 62,900 ам доллар, нийт үнийг 1,887,000 ам доллараар тогтоосон, уг дүнг гэрээ байгуулсан үеийн ханшаар тооцож 2,672,047,300 төгрөг болсон. Үүнээс хариуцагчийн төлсөн 503,849,600 төгрөгийг хасч 2,168,197,700 төгрөг шаардаж байна гэжээ.  

 

2. Хариуцагч “Э Т ” ХХК нь гэрээ хүчин төгөлдөр бус, автобусны үнэ тодорхойгүй тул нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, автобусыг төрийн өмчийн бүртгэлд бүртгээгүйгээс нэхэмжлэгч нар өмчлөгчийг төлөөлж гэрээ байгуулах болон нэхэмжлэл гаргах эрхгүй, 2009, 2010 оны нөхөн олговрыг хасч олгоогүйгээс гэрээний дагуу төлбөр төлөх боломжгүй болсны улмаас сар бүр төлөх төлбөрийг багасгах, автобусны үнийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авсан үнээр буюу 31.7 тэрбум төгрөгөөс тооцож тогтоох, 2009, 2010 оны олгоогүй нөхөн олговрыг гэрээний үнээс суутгаж гэрээнд өөрчлөлт оруулах талаарх хүсэлтийг шийдвэрлээгүйгээс үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон, хөөн хэлэлцэх хугацаа дуусч шаардах эрх дуусгавар болсон гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: 2009 оны 8 дугаар сарын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ, 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эзэмшүүлэх гэрээ, “Э Т ” ХХК-ийн өглөг авлагын тооцоо, автобусны судалгаа, “Э Т ” ХХК-ийн 2019 оны хагас жилийн сарын санхүүжилтийн нэгтгэл,“Э Т ” ХХК-ийн 09/164, 09/170 дугаартай хүсэлт,Нийтийн тээврийн газрын 2009 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2/544 дугаартай хүсэлт, тээврийн хэрэгслийн лавлагаанууд, Нийслэлийн нийтийн тээврийн газрын Парк шинэчлэлийн тайланд 2011, 2012 онуудын ААНБ-уудын төвлөрүүлсэн мөнгөний жагсаалт, орлогын дансны хуулга, мөнгөн гүйлгээний тайлан, хяналтын түвшний хуулга, Нийслэлийн нийтийн тээврийн газрын 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1/1014 дугаартай албан тоот, 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/1588 дугаартай албан тоот, 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1/876 дугаартай албан тоот, 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1/727 дугаартай албан тоот, 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1/450 дугаартай албан тоот,  2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1/1652 дугаартай албан тоот, 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1/451 дугаартай албан тоот, Сангийн яамны 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 9/212743 дугаартай албан тоот, Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн албан тоот, улсын төсвний хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эзэмшүүлэх гэрээ, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусны үнийн эргэн төлөлтийн тооцоо, 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 189/А/661 дугаартай Зам, тээврийн сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хамтарсан тушаал, захирамж/I-ХХ-6-14,27, 28, 93-101, 119-152, 171-176, 198-213дугаар тал, II-ХХ-1-5дугаар тал /

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2945 дугаар захирамж, 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн Ц.П-д гаргасан хүсэлт,   Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаартай хүсэлт, 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 21 дугаартай хүсэлт, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныудирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны тэмдэглэл, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай албан тоот, 2011 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаартай албан тоот, 2012 оны 4 дүгээр сраын 30-ны өдрийн 20 дугаартай албан тоот, 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 21 дугаартай албан тоот, 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаартай хүсэлт, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 31 дугаартай албан тоот, Зам, тээврийн яамны 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 5/5213 дугаартай албан тоот, Сангийн яамны 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 4-3/4317 дугаартай албан тоот, /I-ХХ-60-73, 87-88дугаар тал/

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд:Ш.Х, Д.И нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл/I-ХХ-162-168/

 

6. Хариуцагчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд: 2008-2010 онуудад Нийслэлийн нийтийн тээврийн нөхөн олговорт олгохоор батлагдсан мөнгөн дүн болон олгосон мөнгөний хэмжээний лавлагаа, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/305 дугаар “Зөвлөмжийн мөрөөр авах арга хэмжээний тухай” захирамж, “Нийслэлийн нийтийн тээврийн зохицуулах зөвлөл”-ийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэлийн дотоод аудитын албаны зөвлөмж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/176 тоот захирамж, 2013 оны 5 дугаар сарын 30, 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрүүдийн ажлын хэсгийн дүгнэлт, Нийслэлийн Нийтийн тээврийн зохицуулах зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 01, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэл,2009 онд БНСУ-ын DAEWOO корпорациас төсвийн хөрөнгө оруулалтаархудалдан авсан 400 ширхэг том оврын автобусыг нийслэлийн өмчид бүртгэсэн эсэх талаарх лавлагаа, Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжид олгогдох нөхөн олговроос 2009 онд 3,7 тэрбум төгрөг, 2010 онд 4,9 тэрбум төгрөгийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хасч баталсан талаарх холбогдох баримтууд, нөхөн олговрыг хэрхэн хуваарилж олгосон талаарх лавлагаа, холбогдох баримт/I-ХХ-ийн 84-88, 177-188, 193-196, 224-250 дугаар тал, II-XX-ийн 106-119,129-164/

 

7. Шүүхийн санаачлагаар дараах баримтуудыг цуглуулсан байна. Үүнд: нийтийн тээврийн парк шинэчлэлтийн санд нийтийн тээврийн үйчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс хэдий хэмжээний мөнгөн хөрөнгө төвлөрсөн болох, 2011 оны 12 дугаар сарын 20, 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Э Т ” ХХК-иас хэдэн төгрөгийг тухайн санд шилжүүлсэн болох талаарх лавлагаа, холбогдох баримт, “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ”-ний 2.9-т заасны дагуу “Э Т ” ХХК-ийн нөхөн олговроос суутган тооцсон тухай протокол / II-XX-ийн 106-119, 129-164/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Э Т ” ХХК-тай 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх 4 талт гэрээ” байгуулж, 30 ширхэг автобусыг шилжүүлсэн, уг гэрээгээр автобусны нэг бүрийн үнийг 62,900 ам.доллараар худалдсан. Гэрээний үүрэгт 1,887,000 ам доллар буюу гэрээ байгуулах үеийн ханшаар 2,672,047,300 төгрөг төлөх үүрэгтэй ба үүнээс төлсөн 503,849,600 төгрөгийг хасч гэрээний үүргийн гүйцэтгэл 2,168,197,700 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэнэ гэсэн хуулийг зөрчиж автобусны үнийг ам доллараар тодорхойлсон нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл, Нийслэлийн өмчид автобусыг бүртгэх эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, өмчид бүртгээгүй тул нэхэмжлэгч нар өмчлөгчийг төлөөлж гэрээ байгуулах болон нэхэмжлэл гаргах эрхгүй, автобусны үнэ тодорхойгүйгээс нэхэмжлэлийн үнийг тодорхойлох боломжгүй, 2009, 2010 оны нөхөн олговрыг хасч олгоогүйгээс гэрээний дагуу төлбөр төлөх боломжгүй болсны улмаас сар бүр төлөх төлбөрийг багасгах, автобусны үнийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авсан үнээр буюу 31.7 тэрбум төгрөгөөс тооцож тогтоох, 2009, 2010 оны олгоогүй нөхөн олговрыг гэрээний үнээс суутгаж гэрээнд өөрчлөлт оруулах талаарх хүсэлтийг шийдвэрлээгүй, гэрээний үүрэг шаардах эрх буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2009 оны 8 дугаар сард Н Ө Х Г, Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамны Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилгын захиалагчийн алба болон “Э Т ” ХХК-ийн хооронд “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ” байгуулагдсан байх ба уг гэрээгээр Н Ө Х Г нь 30 ширхэг автобусыг “Э Т ” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх, “Э Т ” ХХК нь 30 ширхэг автобусны үнэ болох 1,887,000 ам долларыг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамны Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилгын захиалагчийн албаны дансанд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн 4-ний өдөр 24,500 ам доллараар хэсэгчлэн төлөх, уг төлөлтөд Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар хяналт тавих үүргийг тус тус хүлээжээ. Энэхүү гэрээний гол нөхцөл, талуудын эрх, үүрэг, гэрээний агуулгаас үзвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Дээрх гэрээг байгуулсан асуудлаар болон гэрээний үнэд 503,849,600 төгрөг төлөгдсөн асуудлаар талууд маргаагүй, харин хариуцагч нь гэрээг хууль зөрчсөн буюу бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэнэ гэсэн хуулийг зөрчиж автобусны үнийг ам доллараар тодорхойлсон үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл, Нийслэлийн өмчид автобусыг бүртгэх эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, өмчид бүртгээгүй тул нэхэмжлэгч нар өмчлөгчийг төлөөлж гэрээ байгуулах болон нэхэмжлэл гаргах эрхгүй, автобусны үнэ тодорхойгүйгээс нэхэмжлэлийн үнийг тодорхойлох боломжгүй, 2009, 2010 оны нөхөн олговрыг хасч олгоогүйгээс гэрээний дагуу төлбөр төлөх боломжгүй болсны улмаас сар бүр төлөх төлбөрийг багасгах, автобусны үнийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авсан үнээр буюу 31.7 тэрбум төгрөгөөс тооцож тогтоох, 2009, 2010 оны олгоогүй нөхөн олговрыг гэрээний үнээс суутгаж гэрээнд өөрчлөлт оруулах талаарх хүсэлтийг шийдвэрлээгүй, гэрээний үүрэг шаардах эрх буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж маргав.

 

2009 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хооронд “Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эзэмшүүлэх гэрээ” байгуулагдсан байх ба уг гэрээгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан 400 ширхэг автобусыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад эргэн төлөх нөхцөлтэй шилжүүлэх, үнийг төлүүлэхтэй холбоотой гэрээ байгуулах, гэрээний үүргийг шаардах эрхийг Н Ө Х Г /одоогийн  /, Н Н Т Г /одоогийн   /, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамны Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилгын захиалагчийн албанд /одоогийн З Т Х Яны алба/ олгосон байна. Иймд Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсэгт “Хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ”  гэж зааснаар нэхэмжлэгч нар нь хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид бөгөөд худалдах, худалдан авах гэрээний эрх, үүргийг хэрэгжүүлэх, нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж заасан. Энэ нь аливаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь өөрийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой асуудлаар хувийн эрх зүйн харилцаанд оролцоход хамаарахгүй бөгөөд харин нийтийн эрх, ашиг сонирхолд хамааралтай эдийн болон эдийн бус баялагтай холбоотой бараа, ажил, үйлчилгээний үнийг гадаадын мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, төлбөр тооцоо гүйцэтгэхийг хориглоно. Тухайлбал, нийтийн тээврийн үнэ, сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний үнэ гэх мэт

 

Иймд зохигчдын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үнийг гадаад валютаар илэрхийлснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй.

 

Худалдах, худалдан авах гэрээг байгуулснаар худалдагч нь эд хөрөнгийг худалдан авагчийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь үнэ төлөх үүрэг үүсэх ба худалдагч нь гэрээний зүйлийн өмчлөгч байхыг шаардахгүй, харин гэрээний зүйлийг өмчлөлд шилжүүлэх гүйцэтгэлийн хувьд өмчлөгч болон эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр шилжүүлэг хийгдсэн байх нь хуульд нийцнэ. Иймд гэрээг байгуулах үед гэрээний зүйл болох 30 ширхэг автобусны өмчлөгчөөр нэхэмжлэгч нар бүртгэгдээгүй байсан нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, нэхэмжлэгч нарыг гэрээ байгуулах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Иймд дээрх гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. Энэхүү гэрээний үүргээ нэхэмжлэгч нар биелүүлж 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 30 ширхэг автобусыг хариуцагчийн өмчлөлд бүртгүүлсэн байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаанд, тогтоосон хэмжээгээр үнийг төлөх үүрэгтэй ба уг гэрээний үүргээ хариуцагч 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш гүйцэтгээгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, энэ үйл баримтад талууд маргаагүй.

 

Талууд гэрээний зүйл болох автобусны нэг бүрийн үнийг 62,900 ам доллар, нийт үнийг 1,887,000 ам доллар гэж тохирсон. Гэрээ нь талуудын харилцан нийцсэн хүсэл зоригийн үндсэн дээр байгууллагддаг. Иймд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар талуудын хэн алиных нь хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл гэрээний зүйлийн үнэ талуудын хүсэл зоригийн үндсэн дээр тогтоогдсон байна. Иймд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар автобусыг хэдэн төгрөгөөр худалдан авсан нь гэрээний үнэд нөлөөлөхгүй болно. Иймд гэрээний үнэ 1,887,000 ам долларыг гэрээ байгуулах үеийн Монгол банкны ханшаар тооцон төгрөгт шилжүүлж гэрээний үнийг 2,672,047,300 төгрөгөөр тогтоосныг үндэслэлтэй гэж үзэв. Үүнээс гэрээний 2.7-д зааснаар хариуцагчийн төлсөн автобусны үнийн 7 хувийн урьдчилгаа төлбөр болох 195,120,800 төгрөгийг хасч тооцсон байх ба уг төлбөрийг дахин нэхэмжилсэн гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй үндэслэлээ “төрөөс олгодог нөхөн олговрыг 2009, 2010 онуудад хасч бүрэн олгоогүйгээс алдагдалд оруулж, гэрээний дагуу автобусны үнийг төлөх боломжгүй болсон” гэж тайлбарлаж байх ба энэ үндэслэлээр гэрээний үнийг улсын төсвөөс санхүүжүүлсэн 31.7 тэрбум төгрөгөөс тооцож тогтоох, олгоогүй нөхөн олговрыг гэрээний үнээс хасч тооцох, сар бүр төлөх төлбөрийг багасгаж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг удаа дараа нэхэмжлэгч талд илэрхийлж байжээ. /I-ХХ-ийн 61-72 дугаар тал/

 

Дээрх асуудалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 303 дугаар тогтоолоор 2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан 400 автобусыг эзэмшүүлж, ашиглуулах талаар аж ахуйн нэгж, байгууллагуудтай байгуулсан гэрээг Үндэсний аудитын газраас өгсөн шаардлагын дагуу шинэчлэн байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгасан боловч гэрээг шинэчлээгүй байна. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар 2009, 2010 оны нөхөн олговор болох 7.5 тэрбум төгрөгийг 10 аж ахуйн нэгж, байгууллагын автобусны үнэд суутгах талаар ярилцаж, энэ талаар Зам тээврийн сайд, төрийн өмчийн хорооны холбогдох мэргэжилтэнтэй хэлэлцэхээр шийдвэрлэсэн боловч энэ асуудлаар ямар нэг шийдвэр гараагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдов. Өөрөөр хэлбэл төрийн эрх бүхий байгууллагаас нийтийн тээврийн үйлчилгээний үнийг зарим иргэдээс авахгүй чөлөөлж, ийнхүү чөлөөлсөн хэмжээгээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагад нөхөн олговор олгодог байх ба уг олговрыг 2009, 2010 онуудад хасч, дутуу олгосноос гэрээний төлбөрийг төлөх асуудлаар талуудын хооронд маргаан гарч, тухайн маргааныг буюу хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээг тодорхой болголгүй гэрээний хугацаа дууссан үйл баримт тогтоогдож байна. Иймд дээрх нөхөн олговор нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагын олох байсан орлого бөгөөд гэрээний үнийг төлөхөд шууд хамааралтай гэж үзнэ.

 

Мөн гэрээний 2.9-д Нийтийн тээврийн газар гэрээний төлбөр тооцооны гүйцэтгэлд хяналт тавьж, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд нөхөн олговроос төлөгдөөгүй төлбөрийг суутган авах эрхтэй гэжээ. Энэхүү эрхээ нэхэмжлэгч тал 2012 оноос хойш хэрэгжүүлээгүй байна. Иймд дээрх үйл баримтуудаас дүгнэвэл гэрээний хугацаанд гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйд хариуцагчийг буруутгах, гэрээний үүргээ гүйцэтгэх бодит боломж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал байсан гэж үзэв. Ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг шаардах эрхтэй ба ийнхүү өөрчлөх талаарх хариуцагчийн саналыг нэхэмжлэгч тал шийдвэрлэлгүй гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дуусчээ.  

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж заасан. Худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой шаардлага гаргахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхаар хуульд заагаагүй. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэж ойлгоно. Уг хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, мөн зүйлийн 76.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан ...үеэс үүснэ”, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт “Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна. Хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусна” гэжээ. Иймд нэхэмжлэгч нар нь гэрээний үүрэг шаардах эрхээ 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд энэ хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх ба хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй. Ийнхүү хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв. Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

 

Гэрээний 6.1-д “Энэхүү гэрээний хугацаа нь БНСУ-ын Daewoo bus BS 106 маркийн автобусыг хүлээн авч нийтийн тээврийн үйлчилгээнд гаргасан өдрөөс эхлэн тухайн автобус нэг бүрийн эргэн төлөгдөх графикт төлбөр дуусгавар болсон өдөр хүртэл үргэлжилнэ” гэж зааснаар “хариуцагч төлбөрөө төлж дуусгаагүй” тул гэрээний хугацаа дуусаагүй гэж нэхэмжлэгч тал маргасан. Дээрх тохиролцоог гэрээний бусад нөхцөлтэй харьцуулан дүгнэвэл гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлбөр төлж дуусах хугацаагаар буюу 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаагаар гэрээний хугацааг тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл гэрээний хугацааг “хариуцагч төлбөрийг төлж дуусгах хугацаа”-гаар тодорхойлоогүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж зааснаар хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна. Иймд дээрх үндэслэлээр 2,168,197,700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э Т ” ХХК-д холбогдох 2,168,197,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч З Т Х Я, Н Ө А У Г , Н Н Т Г  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжид 10,998,935 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Т.ГАНДИЙМАА