Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 692

 

 

 

 

 

 

 

 

 

З.Т нарын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00036 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч З.Т, Ч.М нарын хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газарт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Т, нэхэмжлэгч Ч.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, өмгөөлөгч Ц.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн болон ихэсгэсэн шаардлагадаа: 2014-2015 онд Зам, тээврийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс буюу иргэний нисэхийн салбар хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байгаад Засгийн газар шинэчлэн байгуулагдахад ажлаа өгч, Иргэний нисэхийн ерөнхий газарт Хууль, эрх зүйн газрын даргаар томилогдсон. Энэхүү албан тушаалд ажиллахдаа өөрийн мэдлэг чадвараа дайчлан алдаа дутагдал гаргалгүй ажиллаж байтал сонгуулийн үр дүнд шинээр Засгийн газар байгуулагдаж, ИНЕГ-ын дарга өөрчлөгдөн томилогдсоноор 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б174 дүгээр тушаалаар хууль бусаар ажлаас халагдсан. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 70 дугаар тушаалаар ИНЕГ-ын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч тухайн бүтцийн өөрчлөлт нь хэлбэрийн төдий бүтцийн нзгжүүдийн нэрийг өөрчилсөн байх бөгөөд хууль тогтоомжоор тус газрын чиг үүрэгт өөрчлөлт ороогүй, бидний хариуцсан ажил үүрэг хэвээр байгаа юм. Тухайлбал, Хууль эрх зүйн газар нь ИНЕГ-ын удирдлагад хууль, эрх зүйн дэмжлэг үзүүлэх, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоод аудит хийх үндсэн чиг үүрэгтэй бөгөөд би энэ арга хэмжээнүүдийг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй ажиллаж байсан. Дээр дурдсан сайдын тушаалаар бүтцийг шинэчлэн батлахдаа Хууль, эрх зүйн газрыг үгүй болгосон боловч хууль эрх зүйн асуудал, хяналт шинжилгээ хийх чиг үүрэг нь Захиргаа удирдлагын газарт шилжин харин дотоод аудитын чиг үүргийг хариуцсан бие даасан алба бий болгосон байна. Ажиллах хугацаандаа өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу хууль, эрх зүйн асуудлыг хариуцан ажилласаар ирсэн бөгөөд дотоод аудитын ажлыг удирдан зохион байгуулах хугацаандаа энэ чиглэлээр аливаа зөрчил дутагдалгүй хэвийн ажиллаж, энэ чиглэлээр өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэн холбогдох сургалтад хамрагдан ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлагыг ханган ажиллаж байсан. Гэтэл миний эрхэлж байсан ажлыг хэдэн хэсэгт хуваан зарим чиг үүргийг тусад нь гарган тухайн албан тушаалд сонгон шалгаруулалтгүй өөрийн найзыг томилсон нь Үндсэн хуулиар олгогдсон миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Б.М би ажиллах хугацаандаа ямар нэг зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Зам, тээврийн яамны Стратегийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газарт иргэний нисэхийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар ажиллахдаа өөрийн мэдлэг чадвараа дайчлан, алдаа дутагдал гаргалгүй ажиллаж байсан. 2016 онд ИНЕГ-ын дарга өөрчлөгдөн томилогдсон бөгөөд уг албан тушаалд томилогдсон Л.Бямбасүрэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/174 дүгээр тушаалаар хууль бусаар ажлаас мөн халагдаад байна. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 70 дугаар тушаалаар ИНЕГ-ын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулснаар Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын даргын орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч нэрийг нь Агаарын харилцаа агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтэс болгон сольсноос өөр өөрчлөлтгүй, миний хариуцсан ажил үүрэг хэвээр байгаа. Тухайлбал, агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалтын нэг хэсэг буюу агаарын харилцаа, агаарын тээврийн үйл ажиллагааны зохицуулалтыг нэгжийн нэр болгон өөрчилсөн ч агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалтын өргөн хүрээний үйл ажиллагаа болох агаарын харилцаа, агаарын тээвэрлэлтийн зах зээлийн бодлогын хэрэгжилт, зохицуулалт, зах зээлийн судалгаа, статистикийн мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх зэрэг үйл ажиллагаа хэвээр, гадаад хамтын ажиллагаа, олон улсын байгууллагын хамтын ажиллагаа хариуцсан хэвээр байгаа болно. Миний эрхэлж байсан ажлын чиг үүрэг, газрын 11 орон тоо хэвээр хадгалагдаж, 10 мэргэжилтэн нь тус тусын ажлаа чиг үүргийн дагуу хийсээр байтал тухайн албан тушаалд өөр хүн томилсон нь Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. ИНЕГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/174 дүгээр ажлаас чөлөөлөх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд үндэслээгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийх, 42.1 дэх хэсэгт заасан ажлаас халагдсаны тэтгэмж олгох зэрэг заалтуудыг зөрчсөн хууль бус тушаал болно. Иймд бүтцийн өөрчлөлт нэрийн дор салбарын нарийн мэргэжлийн ажилтнуудыг хоморголон халж, хууль зөрчин, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчсөн тул эрхээ сэргээн З.Т миний эрхэлж байсан дотоод аудитын нэгжийг удирдан зохион байгуулах ажилд буюу Дотоод аудитын албаны даргын албан тушаалд, Ч.М миний эрхэлж байсан одоо шинэчлэгдсэн нэрээр Агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтсийн даргын албан тушаалд тус тус томилуулах шийдвэр гаргаж өгнө үү. З.Т миний ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 1, 2, 3 сарын цалин хөлстэй тэнцэх олговорт 8 100 000 төгрөг, 2016 оны ажлын үр дүнгээр олгосон урамшуулал 500 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг, Ч.М миний ажилгүй байсан. хугацааны буюу 2017 оны 1, 2, 3 ын дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 578 978 төгрөг, 2016 оны үр дүнгээр олгосон урамшуулал 500 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж нөхөн бичилт хийхийг Иргэний нисэхийн ерөнхий газарт даалгаж өгнө үү. Бид ИНЕГ-ын даргын 2016 оны Б/174 дүгээр тушаалаар ажлаас халагдсан гэж үзэж тус тушаалд гомдол гаргасан. Нэхэмжлэгч З.Т ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 25 397 239 төгрөг, урамшуулал 500 000 төгрөг, нэхэмжлэгч Ч.М ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 27 237130 төгрөг, урамшуулалд 500 000 төгрөг, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр шаардлагаа тодруулж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч З.Т нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болон өөрчилсөн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З.Т би тус шүүхэд Иргэний нисэхийн Ерөнхий газарт холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, ИНЕГ-ын Дотоод Аудитын албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 27 706 079 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан билээ. Би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн ИНЕГ-ын Дотоод Аудитын албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаа дор дурдсанаар өөрчилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагаа дор дурдсанаар нэмэгдүүлж байна. Намайг үндэслэлгүйгээр ажлаас халснаас хойшхи хугацаанд буюу 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд 151 дүгээр тушаал гаргаж, ИНЕГ-ын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан байна. Тус бүтцээр миний урьд эрхэлж байсан ажлын байрыг Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газар нэршилтэй болгон өөрчилсөн байх тул намайг ИНЕГ-ын Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Хариуцагч нь намайг ажлаас үндэслэлгүйгээр халж, цалин хөлс олгохоо зогсоосон 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан 23 сарын хугацааны цалинг ажлаас халагдахаас өмнө авч байсан 1 сарын дундаж цалин 3 210 681 төгрөгөөр тооцон нийт 73 845 663 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Иймд хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газар нь З.Т намайг ажлаас үндэслэлгүй халсныг тогтоож, намайг ИНЕГ-ын Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны цалин 73 845 663 төгрөг гаргуулах, ажилгүй байсан тус хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалган шийдвэрлэж өгнө үү. Миний бие шүүхэд гаргасан хууль эрх зүй дүрмийн боловсруулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн анх шүүхэд гаргасан дотоод аудитын албаны даргын ажлын байранд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5, дотоод аудитын дүрмийн 4-т зааснаар дотоод аудит нь санхүү, нягтлан бодох бүртгэл, эрх зүйч мэргэжлээр албан ёсоор сургалтад хамрагдсан байхыг шаарддаг байсан. Энэ шалгуурыг би бүрэн хангаж байгаа атал хөдөлмөрлөх эрхийг зөрчиж ажлаас халсан нь Бүтцийн өөрчлөлт нэрийн дор ажилчдын хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн энэ тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан, аль аль тушаалыг зөвшөөрөхгүй байгаа. Сүүлийн тушаал ч хууль зөрчсөн, нөхөн гаргасан. Дотоод аудитын газрын бүтцийг өөрчилж салгасан л асуудал байгаа. Тухайн чиг үүргийг харьцуулж үзэхэд ажлын байрны чиг үүргийн 1.1-1.11 хүртэл заасан заалтууд нь адил байгаа. 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ажлын байрны тодорхойлолт буюу нэхэмжлэгч З.Т-ийн ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэгтэй яг тохирч байгаа. Ажлын байрны 2 дугаар чиг үүрэг нь мөн л З.Т-ийн ажлын байрны 3.3 болон 1 дэх хэсэгт заасан чиг үүрэгтэй таардаг. Ажлын байрны 3 дугаар зорилтын хүрээнд ч гэсэн өмнөх чиг үүрэгтэй тохирч байгаа. Хариуцагчийн зүгээс ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөн тул З.Т-г томилох боломжгүй гэж тайлбарладаг. Дотоод аудитын газрын даргад ямар шаардлагыг зааж өгсөн байх талаар ажлын байрны шаардлагыг З.Т нь хангаж байгаа. Мөн хариуцагчийн зүгээс бүтцийг зураг өөрчлөгдсөн гэж тайлбарладаг боловч тухайн нэгж нь хаана байх нь ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөн гэдгийг нотлохгүй. Тэгсэн байж мөн л хууль эрх зүй дүрмийн боловсруулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилох боломжгүй гэдэг. Тиймд дахин дахин бүтцийн өөрчлөлт хийж, аль ч албан тушаалд томилох боломжгүй гээд байгаа тул урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганцэцэг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.М нь шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, ИНЕГ-ын агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 28 206 079 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан билээ. Би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн ИНЕГ-ын Агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг дор дурдсанаар өөрчилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагыг дор дурдсанаар нэмэгдүүлж байна. Ч.М-г үндэслэлгүйгээр ажлаас халснаас хойшхи хугацаанд буюу 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд 151 дүгээр тушаал гаргаж, ИНЕГ-ын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан байна. Тус бүтцээр ИНЕГ-ын Агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтсийг Агаарын тээврийн бодлого, төлөвлөлтийн газар нэршилтэй болгон өөрчилсөн байх тул Ч.М-г ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Хариуцагч нь Ч.М-г ажлаас үндэслэлгүйгээр халж, цалин хөлс олгохоо зогсоосон 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан 23 сарын хугацааны цалинг ажлаас халагдахаас өмнө авч байсан 1 сарын дундаж цалин 2 868 577 төгрөгөөр тооцон нийт 65 977 271 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Иймд хариуцагч нь Ч.М-г ажлаас үндэслэлгүй халсныг тогтоож, түүнийг ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны цалин 65 977 271 төгрөг гаргуулах, ажилгүй байсан тус хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалган шийдвэрлэж өгнө үү. Шүүхэд гаргасан Ч.М-г агаарын тээврийн бодлого төлөвлөлтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Хэргийн үйл баримтыг цаг хугацааны хувьд дүгнэж гаргахад Б174 тоот тушаал нь хууль зүйн үндэслэл бүхий гарч чадаагүй. Яагаад гэвэл бүтэц орон тоо батлагдаагүй байхад нэхэмжлэгч нарын ажлын байрны тодорхойлолтыг өөрчлөн баталсан. Энэ нь тухайн тушаалыг гаргах хууль зүйн үндэслэл болж харагдахгүй байгаа юм. Нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлөх үндэслэл байхгүй байхад ажлаас нь чөлөөлсөн. Иргэний нисэхийн Ерөнхий газар нь эрх бүхий байгууллагын шийдвэрийг биелүүлэх, ажлыг зохион байгуулах, түүнд хяналт тавих үүрэгтэй. Гэтэл эрх бүхий байгууллагаас тухайн ажилтныг ажлаас чөлөөлөх чиглэл өгөөгүй буюу нэхэмжлэгч нарыг ажлаас нь чөлөөлөх чиг үүрэг өгөөгүй. Агентлагын дарга нь энэ хууль болон холбогдох хуульд заасны дагуу бүтцийг баталж тушаал гаргасан нь сайдын эрх хэмжээнд халдсан хэрэг болно. Бүтцэд өөрчлөлт орсон эсэхийг харахад бүтэц орон тоо өөрчлөгдөөгүй байдаг. Ажлын байрны тодорхойлолтоос гагцхүү нэршил, ажлын байрны шаардлагад өөрчлөлт гарсан болохоос чиг үүрэгт нь өөрчлөлт ороогүй гэдгийг тайлбарлаж хэлдэг. ИНЕГ-ын дарга нь Б235, Б236 дугаар тушаалыг гаргаж байгаа бөгөөд уг тушаалын үндэслэлд орон тоо хасагдсан гэдэг боловч орон тоо хасагдаагүй. Ч.М-ийн ажлын байрны тодорхойлолтод огт өөрчлөлт ороогүй. Мөн хариуцагчийн зүгээс бүтцийг зураг өөрчлөгдсөн гэж тайлбарладаг боловч тухайн нэгж нь хаана байх нь ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөн гэдгийг нотлохгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ИНЕГ-ын зохион байгуулалтын бүтцийг батлах эрхтэй гэж заасны дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 70 дугаар тушаалаар ИНЕГ-ын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Энэхүү тушаалыг үндэслэн ИНЕГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/728 дугаар тушаал гарч тус газрын орон тоог баталж, тушаалын 2 дахь хэсэгт тус агентлагийн орон тоо, шинэчлэн батлагдсантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль, тогтоомжид заасны дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Захиргаа, удирдлагын газарт үүрэг болгож 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/729 дүгээр тушаалаар бүтцийн өөрчлөлтөөр ажилтны тоог цөөрүүлсэн, орон тоо нь хасагдсан ажилтнуудыг Захиргаа, удирдлагын газрын мэдэлд түр хугацаагаар шилжүүлсэн. Ийнхүү Захиргаа, удирдлагын газрын дарга дээрх ажилтнуудтай уулзаж, тохирох ажлын байраар хангах, хуулийн дагуу мэдэгдэх хуудас гардуулах арга хэмжээ авах үүргийг хүлээсэн. Нэхэмжлэгч нарыг Захиргаа, удирдлагын дарга хүлээн авч ажлын санал тавихаар тус газрын менежер Д.Ариунтуяагаар З.Т, Ч.М нарыг дуудуулсан боловч тэд Захиргаа, удирдлагын даргатай уулзахаас татгалзсан учраас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цаг 36 минутад нэхэмжлэгч З.Т, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цаг 25 минутад нэхэмжлэгч Ч.М нарт тус тус мэдэгдэх хуудсыг нь гардуулсан. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/236 дугаар тушаалаар З.Т-иай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж 6 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон, Мөн Ч.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 12-ны Б/235 дугаар тушаалаар цуцалж 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг тус тус олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын хувьд 235, 236 дугаартай тушаалын хувьд хөдөлмөрийн маргаан үүсгэхгүйгээр хүлээн зөвшөөрсөн мэт боловч нэхэмжлэлийн агуулга нь зөрүүтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй. Бүтэц орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотой удирдлагын зүгээс өөр ажил албан тушаал санал болгох үүрэгтэй болохоос тухайн хүмүүсийг хүссэн албан тушаалд нь томилох үүргийг хүлээхгүй. Нэхэмжлэгч З.Т-ийн хувьд 2016 оны 02 дугаар сараас эхлэн үндсэн цалингийн 40 хувийн нэмэгдэл буюу Захиргаа удирдлагын газрын даргын ажлыг хавсарч гүйцэтгэж байсан учраас дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу бодож үзэхэд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй гэж үзэж байгаа тул 40 хувийн нэмэгдэлтэй байсан цалинг бодох нь буруу юм. Ажил хийлгээгүй ажилтанд үр дүнгийн урамшууллыг олгох боломжгүй, мөн хоолны мөнгө олгох боломжгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагын цалин хөлстэй холбоотой хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь Б174 дүгээр тушаалыг үндэслэн маргаж байгаа тул 235, 236 дугаар тушаал өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа гэж ойлгож байна. Харин шинэчлэн батлагдсан ажлын байрны тодорхойлолт нь өмнөх ажлын байрны тодорхойлолтоос өөр байдаг юм. ИНЕГ-ын даргын 235, 236 дугаар тушаалтай холбоотой гомдол гаргаагүй уг тушаалууд нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Зам тээврийн яамны сайд нь батлагдсан бүтцэд хамаарахгүйгээр өөрийн эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилуулна гэж байгаа шаардлага нь өөрөө үндэслэлгүй. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй буюу агуулгын хувьд зөрүүтэй. Шаардлагаа өөрчилсөн байсан ч нэхэмжлэгч нарыг аль ч ажил, албан тушаалд эгүүлэн томилох боломжгүй. Б174 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Манай зүгээс нэхэмжлэгч нарыг 235, 236 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн гэж маргадаг. Манай зүгээс тайлбарыг ингэж хэлсээр байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэд хэдэн удаа өөрчилж, хэд хэдэн удаа нэмэгдүүлсэн. Гэтэл манай гаргасан Б174 дүгээр тушаалаар нэхэмжлэгч нарыг ажлаас нь халсан зүйл байхгүй. Сүүлд гаргасан 235, 236 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Б хариу тайлбартаа: З.Т-д өөр ажлын байрны санал тавьсан боловч хүлээж аваагүй. Мөн тус газрын Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Ч.М-ийн орон тоо хасагдаж байгаатай холбогдуулан Захиргаа, удирдлагын газрын дарга Т.Батжаргал Нисэхийн сургалтын төвд ажиллах талаар санал тавьсан боловч тэрээр Зам, тээврийн хөгжлийн яаманд бодлого хэрэгжүүлэх түвшинд ажиллахын зэрэгцээ тус яамны Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албанд шинжээчээр давхар ажил эрхэлнэ гэж саналыг хүлээж аваагүй бөгөөд өнөөдрийн байдлаар Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газарт ахлах мэргэжилтнээр ажиллахаар болсон байна. 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр З.Т-г ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом албан өрөөндөө хүлээн авч уулзаж эвлэрлийн гэрээ байгуулах санал тавьсан байна. Зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр орон тоо хасагдсантай холбогдуулан зохих арга хэмжээ авахыг Захиргаа, удирдлагын газрын дарга аргалд үүрэг болгосны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажлын байрны талаар санал солилцохоор З.Т, Ч.М нарыг тус газрын Захиргаа, нөөцийн менежер Д.А-гаар дуудуулсан боловч уулзахаас татгалзсан болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ИНЕГ-ын даргын 174 дүгээр тушаал бол ажлаас чөлөөлсөн тушаал биш юм, захиргааны мэдэлд л түр хугацаагаар шилжүүлсэн. Дараа нь бүгдийг нь эргүүлэн томилсон. Гэхдээ нэхэмжлэгч нарыг томилоогүй үндэслэл нь ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар З.Т-г ИНЕГ-ын Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын даргын, Ч.М-г ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын ажилд нь тус тус эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ИНЕГ-аас З.Т-ийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 50 335 909 төгрөг, Ч.М-ийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 53 329 415 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ИНЕГ-т даалган, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ИНЕГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 834 226 төгрөг гаргуулж, улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ.  

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт "давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ" гэж заасан атал анхан шатны шүүх хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хуралдсан боловч шүүхийн шийдвэр болон шүүх хуралдааны тэмдэглэл нь 63 хоногийн дараа буюу 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр албажсан. Хариуцагч тал арга буюу тус дүүргийн шүүхэд "шүүхийн шийдвэр албажихгүй 2 сар боллоо, тухайн шийдвэр нь улсын дээд шүүхээр хянагдаж хэвээр үлдсэн тохиолдолд нэхэмжлэгчийн энэ хугацаанд ажилгүй байсан цалинг тус газар хариуцахгүй" гэж хүсэлт өгч байсан. Гэтэл 63 хоногийн дараа гаргасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй, бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлаар шүүхийн шийдвэр гарсан бөгөөд мөн шийдвэр нь бодит байдалд нийцээгүй. Учир нь шүүхийн шийдвэрт дурдагдсан тус газрын Хууль эрх зүйн дүрмийн боловсруулалтын газар нь нэхэмжлэл гаргаснаас хойш 1 жил 8 сарын дараа буюу 2018 оны 7 дугаар сард батлагдсан бүтцээр бий болсон албан тушаал байсан бөгөөд уг албан тушаал дараа бий болох эсэх нь маргаан болох үед буюу 2016 онд тодорхой байгаагүй. Тиймээс нэхэмжлэгч З.Т "нэхэмжлэлийн шаардлагаа дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилж өгнө үү" гэж гаргасан. Гэтэл шүүх "Дотоод аудитын газрын даргын ажилд томилох боломжгүй тул Хууль, эрх зүй дүрмийн боловсруулалтын газрын даргын албан тушаалд томилох" гэж гарсан. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгох явцад хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлаар шийдвэр гаргаж байгааг ойлгохгүй байна, итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие "төлөөлүүлж буй байгууллагын удирдлагад нэхэмжлэгч нь "дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилогдох нэхэмжлэл гаргасан" гэж танилцуулж, энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг няцаах нотлох баримтыг бүрдүүлсэн, талууд шүүх хуралдааны явцад зөвхөн энэ талаар мэтгэлцсэн" гэж тайлбарлахад "шүүгч" урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан учраас би ингэж шийдвэрлэсэн" гэж тайлбарладаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч нь "шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар болон бичгээр гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлагадаа "З.Т намайг Дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилж өгнө үү" гэж тайлбарлаж, бичиж өгсөн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт "нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана гэж заасан гэтэл шүүгч "нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбар гаргасан нь шүүхийн шийдвэрийн 4 дэх тал дээрээсээ 2 дахь өгүүлбэрт "... тиймээс дахин дахин бүтцийн өөрчлөлт хийж, аль ч албан тушаалд томилох боломжгүй гээд байгаа тул урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргаж байна" гэж шүүх хуралдааны явцад яригдаагүй асуудлыг дурдаж бичсэн. Мөн шүүхийн шийдвэрийн 12 дахь тал дээрээсээ 6 дахь талд "З.Т нь урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтооход татгалзахгүй гэж тайлбарласан тул түүнийг хууль эрх зүй дүрмийн боловсруулалтын газрын даргаар эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна" гэж үзэв гэдэг. Энэ тайлбар нь үндэслэлгүй болохыг тухайн өдрийн шүүх хуралдааны бичлэгээр нотлогдоно. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нарыг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэхгүй тул нэхэмжлэгч нарт олгосон тэтгэмжийг шаардаагүй. Гэтэл шүүх санаачилгаараа нэхэмжлэгч нарт олгох ажилгүй байсан хугацааны олговроос нэхэмжлэгч нарт олгосон тэтгэмжийг хасч тооцсон байгаа нь шүүгчийн санаачилгаараа хийсэн үйлдэл юм. Анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэлийн шаардлагад байхгүй асуудлаар гарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан "нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, тайлбар өгөх эрх", 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг Зохигч нэг талын гаргасан тайлбартай танилцаад өөрийн тайлбараа гаргах эрхтэй гэсэн заалтуудыг тус тус зөрчиж мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтад шүүх хуралдаанд оролцож буй хариуцагчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн. Ажил олгогчийн "... газрын бүтцэд өөрчлөлт орж, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан ажилтнуудыг үүрэгт ажлаас чөлөөлөх..." 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/174 дугаар тушаал, эсхүл "... орон тоо хасагдсантай холбогдуулан хөдөлмөрийн гэрээ цуцалсан 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/235, Б/236 дугаар тушаалын алинаар нь нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэх талаар зохигч талууд маргасан. Гэтэл шүүх хэрэгт нотлох баримтаар байгаа, одоо ч хүчин төгөлдөр ИНЕГ-ын даргын Б/235, Б/236 дугаар тушаалуудыг үнэлж, дүгнээгүй. Нэхэмжлэгч нар 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бүх ажилтнуудыг ажлаас чөлөөлөгдөх үед захиргааны мэдэлд түр байлгаж, хуульд заасны дагуу өөр ажил санал болгоход тухайн саналыг дэмжээгүй тул арга буюу мэдэгдэх хуудас гардуулсан, мэдэгдэх хуудсыг гардаж авсаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан, хөдөлмөрийн гэрээ цуцалсан Б/235, Б/236 дугаар тушаалыг тус тус гардаж авсан хэдий ч гомдол гаргаагүй зэрэг үйл баримтыг шүүх үнэлж дүгнээгүй хэт нэг талыг барьж хариуцагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч З.Т, Ч.М нар нь хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ байгууллагын зохион байгуулалт, бүтцийн нэгжийг өөрчилсөн боловч ажлын байрны чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан, орон тоо хасагдаагүй, нэрийг өөрчилсөн нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэж, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр нэхэмжлэгч нарын ажиллаж байсан нэгж, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөж, орон тоо хасагдсан учраас хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр цуцалж, тэтгэмж олгосон, тушаал хууль зөрчөөгүй гэж маргасан байна.

            Шүүх нэхэмжлэгч З.Т-г ИНЕГ-ын Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын даргын, Ч.М-г ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэл бүхий болжээ.

            Зам тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 70 дугаар тушаалаар ИНЕГ-ын бүтцийг шинэчлэн батлахдаа мөн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 239 дүгээр тушаалаар баталсан өмнөх бүтэц дэх “хууль эрх зүйн газар”-г “дотоод аудитын алба” болгож, “агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газар”-ыг “агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтэс” болгон тус тус өөрчилсөн байна.

            Бүтэц доторхи газар, хэлтэс, албадын нэр нь дээрх байдлаар өөрчлөгдсөн ч 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр баталсан Хууль эрх зүйн газрын даргын ажлын байрны тодорхойлолтод /хх1-31-34/ “байгууллагын удирдлагад эрх зүйн дэмжлэг үзүүлэх, бодлогын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоод аудит хийх болон салбарын хууль тогтоомж, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад хяналт шалгалт хийх ажлыг удирдан зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх” гэж тодорхойлогдсон ажлын байрны үндсэн зорилго нь 2016 оны 11 дүгээр сарын 2-нд баталсан Дотоод аудитын албаны даргын ажлын байрны тодорхойлолтод /хх3-54-56/ агуулгын хувьд адил тусгагдсан, ажлын байрны үндсэн зорилт, гол үйл ажиллагаанууд нь өөрчлөгдөөгүй байна.

            Мөн “агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтэс”-ийн даргын ажлын байрны “Монгол Улсын иргэний нисэхийн салбарт эдийн засгийн үр ашигтай, тэнцвэртэй ажиллагаанд тулгуурласан хяналт зохицуулалттай бодлогыг хэрэгжүүлэх, эрх зүйг боловсронгуй болгох, хяналт тавих” гэсэн үндсэн зорилго нь /хх1-55-57/ 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр баталсан “агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газар”-ын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан /хх1-27-29/ үндсэн зорилготой агуулгын хувьд зөрүүгүй, ажлын байрны зорилго, гол үйл ажиллагаа ч мөн өөрчлөгдөөгүй байна.  

Нэхэмжлэгч нарын ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг нь шинээр баталсан бүтцэд хадгалагдаж үлдсэн байх бөгөөд тухайн нэгжийн  нэрийг алба, хэлтэс болгож өөрчилснөөр орон тоо хасагдсан гэж үзэх үндэслэлгүй болно.

            Батлагдсан орон тооны тухайд ИНЕГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн А/728 дугаар тушаалын хавсралтад дотоод аудитын алба нь дарга, бусад 6, нийт 7 орон тоотой, агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтэс нь дарга, бусад 11, нийт 12 орон тоотой ажиллана гэж тогтоожээ. /хх1-93, 94/

            Үүнийг ИНЕГ-ын даргын 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/593 дугаар тушаалын хавсралтаар баталсан тус агентлагийн хуучин /нэхэмжлэгч нарыг ажилд томилогдох үед/ мөрдөж байсан орон тоотой /хх2-207, 208/  харьцуулж үзвэл  хууль эрх зүйн газар нийт 7 /1+6/ орон тоотой, агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газар нийт 13 /1+12/ орон тоотой, нэгжийн даргын орон тоо хэвээр хадгалагдсан байна. 

            Дээрхээс дүгнэвэл хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах “орон тоо хасагдсан” үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд Хууль эрх зүйн газрын дарга З.Т, Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.М нарыг орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т нийцэхгүй байна.

            Нэхэмжлэгч З.Т, Ч.М нар нь ажил олгогч буюу хариуцагч ИНЕГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/174 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн, ажилтнуудыг мөн өдрийн Б/175 дугаар тушаалаар  эргүүлж томилохдоо тэднийг томилолгүй үлдээж, мөн өдрийн А/729 дүгээр тушаалын хавсралтад “орон тоо нь хасагдсан” ажилтнуудын жагсаалтад нэрсийг оруулсан баримт хэрэгт авагдсан байна. /хх1-90-91/

Иймд шүүх нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх эрхийг  2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 174 дүгээр тушаалаар хязгаарлагдсан гэж үзэж, ажилгүй байсан хугацааг тооцсон нь зөв, нэгэнт чөлөөлөгдсөн ажилтнуудыг 2016 оны 12 дугаар сарын 12-нд дахин тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үр дагавар үүсгэхгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Дээрх байдлаар орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан ажилд буцаан тогтоох нь зүйтэй.

Хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч З.Т нь дотоод аудитын газрын даргын, Ч.М нь агаарын тээврийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгохыг шүүхээс хүсч шаардлагаа тодруулжээ.

Хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх хугацаанд ИНЕГ-ын зохион байгуулалтын бүтцийг газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн А/366 дугаар тушаалаар шинэчлэн тогтоож, хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын газар, агаарын тээврийн бодлого, төлөвлөлтийн газар нэртэй нэгж бий болсон, тус 2 газрын даргын ажлын байрны тодорхойлолт шинэчлэн батлагджээ./хх2-225-227, 242-243/ Нэхэмжлэгч нарын урьд ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг эдгээр ажлын байрны чиг үүрэгт уламжлагдсан байна.

Иймд шүүх нэхэмжлэгч З.Т-г Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын даргын, нэхэмжлэгч Ч.М-г Агаарын тээврийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан тушаалд тус тус эгүүлэн тогтоосныг буруутгах үндэслэлгүй, хариуцагчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

Хариуцагч байгууллагын шийдвэр нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар хязгаарласан нь тогтоогдсон тул ажилгүй байсан хугацааны олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нарт олгогдсон тэтгэмжийг олговроос хасч тооцсон нь хариуцагчийн эрхийг зөрчихгүй тул хариуцагчийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтыг маргаанд хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитоор харьцуулан хуулиар тогтоосон журамд нийцүүлэн үнэлж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангасан нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2018/00036 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 834 230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.О

                        ШҮҮГЧИД                                           Б.Н

                                                                                    А.О