Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2020/00148

 

Ч.М., З.Т. нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00036 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 692 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Ч.М.

          Нэхэмжлэгч: З.Т.

          Хариуцагч: Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох

          Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Т., нэхэмжлэгч Ч.М.гийн төлөөлөгч М.Ганцэцэг, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Одончимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, Д.Эрдэнэцогт, нарийн бичгийн даргад А.Энхжаргал нар оролцов.

      Нэхэмжлэгч З.Т. нэхэмжлэлдээ: Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 70-р тушаалаар ИНЕГ-ын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулсан гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн. Гэвч бүтцийн өөрчлөлт нь зөвхөн хэлбэр төдий бүтцийн нэгжүүдийн нэрийг өөрчилсөн бөгөөд хууль тогтоомжоор тус газрын чиг үүрэгт өөрчлөлт ороогүй, бидний хариуцсан ажил үүрэг хэвээр байгаа. Хууль эрх зүйн газар нь ИНЕГ-ын удирдлагад хууль, эрх зүйн дэмжлэг үзүүлэх, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоод аудит хийх үндсэн чиг үүрэгтэй ба би энэхүү арга хэмжээнүүдийг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй ажиллаж байсан. Дээр дурдсан сайдын тушаалаар бүтцийг шинэчлэн батлахдаа Хууль, эрх зүйн газрыг үгүй болгосон боловч хууль эрх зүйн асуудал, хяналт-шинжилгээ хийх чиг үүрэг нь Захиргаа удирдлагын газарт шилжсэн. Харин дотоод аудитын чиг үүргийг хариуцсан бие даасан алба бий болгосон. Миний бие ИНЕГ-т дотоод аудитын ажлыг удирдан зохион байгуулах хугацаандаа энэ чиглэлээр аливаа зөрчил дутагдал гаргаагүй. Өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэн холбогдох сургалтад хамрагдан ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлагыг ханган ажиллаж байсан. Гэтэл миний эрхэлж байсан ажлыг хэдэн хэсэгт хуваан зарим чиг үүргийг тусад нь гарган тухайн албан тушаалд сонгон шалгаруулалтгүй өөрийнхөө найзыг томилсон нь Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн Төсвийн тухай хуулийн 69-т зааснаар аудитын албыг зөвхөн сайдын хэмжээнд яамны бүтэц байгуулах байтал агентлаг нь албыг өөрчлөн зохион байгуулсан. Монгол Улсын хэмжээнд 438-р тушаалаар баталсан Дотоод аудитын дүрмийн 4.3, 4.4-т заасныг зөрчсөн. ИНЕГ-ын даргын Ажлаас чөлөөлөх тухай 2016-11-04-ний өдрийн Б/174-р тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг үндэслээгүй, мөн хуулийн 40.5, 42.1-г зөрчсөн хууль бус тушаал болсон. Захиргааны удирдлагын газарт шилжүүлсэн тушаалыг нөхөж хийсэн. 2016-11- 04-ний өдрийн Бүтэц зохион байгуулалтын талаар авч хэлэлцүүлэх арга хэмжээний тухай тушаал гаргаад 2016 оны А/728-р тушаалын 2-г хэрэгжүүлэх зорилгоор бүтцийн өөрчлөлтөөр ажилтны тоог цөөрүүлсэн, орон тоо хасагдсан нэр бүхий ажилтнуудыг захиргаа удирдлагын газрын мэдэлд түр хугацаагаар шилжүүлэх тушаал гаргасан. 6 хүний энэ тушаалыг нөхөж гаргасан. 2016 оны А/728-р тушаалаар ИНЕГ-ын орон тоог шинэчлэн баталсан. А/174 тушаалын доод талд дугаарлагч байдаг энэ нь 081992 гэсэн байхад сүүлд дахин энэ тушаалыг 081994 гэж нөхөж гаргажээ. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар тухайн бүтцийн ерөнхий зохион байгуулалтын дагуу ИНЕГ-ын энэхүү чиг үүрэгт үндэслэлээ баталсан журмын дагуу Зам, тээврийн сайд бүтцийн өөрчлөлт оруулах ёстой байсан. Гэтэл батлагдаагүй бүтцийн дагуу өөрчлөлт ороогүй байхад орон тоог батлаад байгаа нь үндэслэлгүй. 2016-07-27-ны 04-р тогтоолоор 106 орон тоотойгоор баталсан. ИНЕГ нь өмнө энэ орон тоотой батлагдсан байсан одоо ч энэ орон тоо хэвээрээ байна. Иймд ажлаас үндэслэлгүй халсныг тогтоож, ИНЕГ-ын Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016-12-01-с 2018-10-01-ний өдөр хүртэлх хугацааны цалин 73,845,663 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

   Нэхэмжлэгч Ч.М. нэхэмжлэлдээ: Миний бие Зам, тээврийн яамны Стратегийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газарт иргэний нисэхийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. 2015-11-05-ны өдрөөс ИНЕГ-ын Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан. 2016 оны 7 сард ЗГ шинэчлэн байгуулагдаж, ИНЕГ-ын дарга өөрчлөгдөн томилогдож, 2016-11- 04-ний өдрийн Б/174-р тушаалаар хууль бусаар ажлаас халагдсан. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 70-р тушаалаар ИНЕГ-ын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулснаар Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын даргын орон тоо хасагдсан гэж ажлаас чөлөөлсөн.Гэвч чиг үүрэгт өөрчлөлт ороогүй, нэр нь Агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтэс болж өөрчилсөн. Миний эрхэлж байсан ажлын чиг үүрэг, газрын 11 орон тоо хэвээр хадгалагдаж, 10 мэргэжилтэн нь тус тусын ажлаа чиг үүргийн дагуу хийсээр байтал тухайн албан тушаалд өөр хүн томилсон нь Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. ИНЕГ-ын даргын Ажлаас чөлөөлөх тухай 2016-11- 04-ний өдрийн Б/174-р тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн заалт үндэслээгүй, мөн хуулийн 40.5, 42.1-г зөрчсөн. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016-12-01-с 2018-10-01-ний өдөр хүртэл хугацааны цалин 65,977,271 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

     Хариуцагч тайлбартаа: ИНЕГ бол Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, нөгөө талаар Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэсэн 2 статустай. Нарийвчилсан зохицуулалтаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль үйлчилдэг тул энэ хуулийг үндэслээд Б/174-р тушаал гарсан. Зам тээврийн хөгжлийн яамны сайд нь Иргэний нисэхийн тухай хуулийн 7.1.7-р иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ИНЕГ-ын зохион байгуулалтын бүтцийг шинэчилж баталсан. Энэ бүтцээр Хууль эрх зүйн газар байхгүй болсон, Агаарын бодлого, зохицуулалтын хэлтэс өөрчлөгдсөн. Энэ тушаалыг үндэслэн бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус газрын даргын 2016-11- 04-ний өдрийн А/728-р тушаалаар агентлагийн орон тоо шинэчлэн батлагдаж, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид зааснаар зохион байгуулалтын арга хэмжээ авах буюу бүтцийн өөрчлөлтөөр орон тоо хасагдсан ажилтнуудад ажлын байр санал болгохыг А/729-р тушаалаар Захиргаа, удирдлагын газарт даалгасан тушаал хүчин төгөлдөр байгаа. А/729-р тушаалаар Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга орон тоо хасагдсан ажилтнуудтай Хөдөлмөрийн тухай хуульд заасан арга хэмжээ авахаар уулзалт хийх санал тавьсан ч нэхэмжлэгч нар хүлээж аваагүй .Захиргаа, удирдлагын газрын даргатай уулзахаас татгалзсан. Нэгэнт албан тушаал нь байхгүй болсон, өөр ажил санал болгох хүсэлтийг хүлээж аваагүй учраас нэхэмжлэгч З.Т.д 1 сарын өмнө мэдэгдэх хуудсаа албан ёсоор гардуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-р 2016-12- 12-ны өдрийн Б/236-р тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Б/174-р тушаалаар бол бүх ажилтнуудаа чөлөөлөөд буцаагаад томилсон. Энэ тушаалд ороогүй хүмүүс захиргааны мэдэлд үлдсэн буюу өөр ажил санал болгохоор үлдсэн хүмүүс юм. 2016-11-04 -ний өдрөөс 2016-12-12 -ны өдөр хүртэл нэхэмжлэгч нарт хуучин эрхэлж байсан ажлынхаа цалинг авч өөр ажил санал болгохоор үлдээсэн. Б/235-р тушаалаар Ч.М.д 12сая төгрөг, З.Т.д 12.040.000 төгрөг олгогдсон. 2016-11-04 -ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн гэж тайлбарладаг ч ажилгүй хугацааны мөнгөө 2016-11-04 -ний өдрөөс нэхэмжлээгүй, 2017-01-01-ний өдрөөс нэхэмжилж байгаа нь ажиллаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Учир нь 2016 оны 11 дүгээр сарын цалин бүтэн, 2016-12-12 -ны өдөр хүртэлх цалин, 6 сарын ажилгүй байсан хугацааны тэтгэмжээ авсан. Нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө нэхэмжилж байгаа агуулгатайгаа зөрчилдөж байна. 2016-11-14-ний өдөр Ч.М.д шуудангаар мэдэгдэх хуудас гардуулсан. Ч.М.гийн хувьд адил Сургалтын төвд ажиллах өөр ажил санал болгосон ч хүлээн зөвшөөрөөгүй, З.Т. дарга хүлээн авч Чингис Хаан Олон Улсын нисэх буудлын Хууль эрх зүйн газрын даргад ажиллахыг санал болгосон тухай албан ёсоор тодруулга өгч, хэлж байсан. Түр чөлөөлсөн хугацаанд тохиролцоонд хүрээгүй учраас хуулийн дагуу мэдэгдэх хуудас өгч гэрээг дуусгавар болгосон. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 183/ШШ2019/00036 дугаартай шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан З.Т.г ИНЕГ-н Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын даргын, Ч.М.г ИНЕГ-н Агаарын тээврийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын ажилд тус тус эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ИНЕГ-с З.Т.д 50,335,909 төгрөг, Ч.М.д 53,329,415 төгрөг тус тус гаргуулан олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалган, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 834,226 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 692 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2018/00036 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас төлсөн 834,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Иргэний хуулийн 3.3-т  Иргэний хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасан. ИНЕГ даргын 2016 оны Б/174-р тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.5-д заасан ИНЕГ дарга хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, түр чөлөөлөх, халах бүрэн эрхтэй гэж заасны дагуу гарсан тушаал болно. Гэтэл шүүх хэрэгт байгаа уг тушаалыг хуульд нийцүүлэн үнэлж дүгнээгүй. Иргэний нисэхийн тухай хуулийн 7.1.7-д “Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ИНЕГ зохион байгуулалтын бүтцийг батлах эрхтэй гэж заасны дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 70 –р тушаалаар ИНЕГ бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Энэхүү тушаалыг үндэслэн ИНЕГ даргын 2016-11-04-ний өдрийн А/728-р тушаал гарч тус газрын орон тоог баталж, тушаалын 2 дахь хэсэгт “тус агентлагийн орон тоо, шинэчлэн батлагдсантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль, тогтоомжид заасны дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Захиргаа, удирдлагын газар /Т.Батжаргал/- т үүрэг болгосон. 2016-11-04-ний өдрийн А/729-р тушаалаар “Бүтцийн өөрчлөлтөөр ажилтны тоог цөөрүүлсэн, орон тоо нь хасагдсан ажилтнуудыг Захиргаа, удирдлагын газрын мэдэлд түр хугацаагаар шилжүүлсэн. Ийнхүү Захиргаа, удирдлагын газрын дарга дээрх ажилтнуудтай уулзаж, тохирох ажлын байраар хангах, хуулийн дагуу мэдэгдэх хуудас гардуулах арга хэмжээ авах үүргийг хүлээсэн. Нэхэмжлэгч нарыг Захиргаа, удирдлагын дарга хүлээн авч “ажлын санал” тавихаар тус газрын менежер Д.АриунТ.гаар З.Т., Ч.М. нарыг дуудуулсан боловч тэд Захиргаа, удирдлагын газрын даргатай уулзахаас татгалзсан. 2016-11-11-ний өдрийн 14: 36цагт З.Т., 2016-11-14-ний өдрийн 11:25 цагт Ч.М. нарт мэдэгдэх хуудсыг тус тус гардуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасны дагуу 2016-12-12-ны өдрийн Б/236-р  тушаалаар З.Т.тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж 6 сарын тэтгэмж олгосон. Ч.М.тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016-12-12-ны Б/235-р тушаалаар цуцалж 6 сарын тэтгэмж олгосон. 2016 оны ажлын үр дүнгийн урамшуулал 500,000 төгрөгийг тус бүр олгосон. Ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ цуцалсан Б/235, Б/236-р тушаал нь одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа. Энэ эрх зүйн актын дагуу нэхэмжлэгч нар тэтгэмж авсан болохоо хүлээн зөвшөөрдөг. Гэтэл шүүх бүх ажилтныг чөлөөлсөн Б/174-р тушаалыг хууль бус гэж үзэж хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд оруулан дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй. Түүнчлэн, шүүх ХХША-ны журам зөрчсөн. ИХШХШТХ-н 71.1-т “давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заасан гэтэл анхан шатны шүүх 2018-12-25-ны өдөр хуралдсан боловч шүүхийн шийдвэр болон шүүх хуралдааны тэмдэглэл нь 63 хоногийн дараа буюу 2019-02-28-ны өдөр албажсан байдаг. Энэ нь хариуцагч талын зүгээс арга буюу тус дүүргийн шүүхэд “шүүхийн шийдвэр албажихгүй 2 сар боллоо, тухайн шийдвэр нь улсын дээд шүүхээр хянагдаж хэвээр үлдсэн тохиолдолд "нэхэмжлэгчийн энэ хугацаанд ажилгүй байсан цалинг манай байгууллага хариуцахгүй” гэж хүсэлт өгч байсан хүсэлтээр нотлогдоно. Гэтэл 63 хоногийн дараа гаргасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй, бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдаагүй асуудлаар шүүхийн шийдвэр гарсан шийдвэр нь бодит байдалд нийцээгүй юм. Учир нь шүүхийн шийдвэрт дурдагдсан Хууль эрх зүйн дүрмийн боловсруулалтын газар нь нэхэмжлэл гаргаснаас хойш 1 жил 8 сарын дараа буюу 2018-07 –р сард батлагдсан бүтцээр бий болсон албан тушаал байсан бөгөөд уг албан тушаал дараа бий болох эсэх нь маргаан болох үед буюу 2016 онд тодорхой байгаагүй. Тиймээс З.Т. “нэхэмжлэлийн шаардлагаа дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилж өгнө үү" гэж гаргасан. Гэтэл шүүх “дотоод аудитын газрын даргын ажилд томилох боломжгүй тул Хууль, эрх зүй дүрмийн боловсруулалтын газрын даргын албан тушаалд “томилохоор гаргасан. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгох явцад “хариуцагч талын зүгээс “нэхэмжлэлийн шаардлагад байхгүй асуудлаар шийдвэр гаргаж байгааг ойлгохгүй байна, итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие “төлөөлүүлж буй байгууллагын удирдлагад нэхэмжлэгч нь “дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилогдох нэхэмжлэл гаргасан” гэж танилцуулж, энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг няцаах нотлох баримтыг бүрдүүлсэн, талууд шүүх хуралдааны явцад зөвхөн энэ талаар мэтгэлцсэн” гэж тайлбарлахад шүүгч “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан учраас би ингэж шийдвэрлэсэн” гэж тайлбарладаг. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч нь “шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар болон бичгээр гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлагадаа З.Т. намайг Дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилж өгнө үү гэж тайлбарлаж, бичиж өгсөн байдаг. ИХШХШТХ-н 6.6-д “нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана гэж заасан гэтэл шүүгч нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гаргасан. Энэ нь шүүхийн шийдвэрийн 4 дэх тал дээрээсээ 2 дахь өгүүлбэрт “...тиймээс дахин дахин бүтцийн өөрчлөлт хийж, аль ч албан тушаалд томилох боломжгүй гээд байгаа тул урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргаж байна” гэж шүүх хуралдааны явцад яригдаагүй асуудлыг дурдаж бичсэн. Мөн шүүхийн шийдвэрийн 12 дахь тал дээрээсээ 6 дахь талд “З.Т. нь урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтооход татгалзахгүй гэж тайлбарласан тул түүнийг хууль эрх зүй дүрмийн боловсруулалтын газрын даргаар эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна” гэж үзэв гэдэг. Энэ тайлбар нь үндэслэлгүй болохыг тухайн өдрийн шүүх хуралдааны бичлэгээр нотлогдоно. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нарыг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэхгүй байгаа учраас нэхэмжлэгч нарт олгосон тэтгэмжийг сөрөг нэхэмжлэл болгож шаардаагүй. Гэтэл шүүх санаачилгаараа нэхэмжлэгч нарт олгох ажилгүй байсан хугацааны олговроос нэхэмжлэгч нарт олгосон тэтгэмжийг хасч тооцсон байгаа нь хууль бус үйлдэл юм. Анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэлийн шаардлагад байхгүй асуудлаар гарсан нь ИХШХШТХ-н 25.1.1-д “нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, тайлбар өгөх эрх”, 42.2.3охигч нэг талын гаргасан тайлбартай танилцаад өөрийн тайлбараа гаргах эрхтэй гэсэн заалтуудыг тус тус зөрчиж мөн хуулийн 168.1.3 дахь хэсэгт заасан шүүх хуралдаанд оролцож буй хариуцагчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн. Ажил олгогчийн “...газрын бүтцэд өөрчлөлт орж, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан ажилтнуудыг үүрэгт ажлаас чөлөөлөх...” 2016-11-04-ний өдрийн Б/174-р тушаал, эсхүл “...орон тоо хасагдсантай холбогдуулан хөдөлмөрийн гэрээ цуцалсан 2016-12-12-ны өдрийн Б/235, Б/236-р тушаалын алинаар нь нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэх талаар зохигч талууд маргасан. Гэтэл шүүх хэрэгт нотлох баримтаар байгаа, одоо ч хүчин төгөлдөр иргэний нисэхийн ерөнхий газрын даргын Б/235, Б/236-р тушаалуудыг үнэлж, дүгнээгүй. Нэхэмжлэгч нар 2016-11-04-ний өдөр бүх ажилтнуудыг ажлаас чөлөөлөгдөх үед захиргааны мэдэлд түр байлгаж, хуульд заасны дагуу өөр ажил санал болгоход тухайн саналыг дэмжээгүй тул арга буюу мэдэгдэх хуудас гардуулсан, мэдэгдэх хуудсыг гардаж авсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан, хөдөлмөрийн гэрээ цуцалсан Б/235, Б/236-р тушаалыг тус тус гардаж авсан хэдий ч гомдол гаргаагүй зэрэг үйл баримтыг шүүх үнэлж дүгнээгүй хэт нэг талыг барьж хариуцагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан байх тул ИХШХШТХ-н 167.1.4-т заасны дагуу шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

    З.Т., Ч.М. нар 2016-12-02-ны өдөр Иргэний нисэхийн Ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгахыг шаардсан байна. 

      Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “..хуульд заасан журмын дагуу ажлаас нь чөлөөлсөн ..өөр ажил санал болгосон боловч хүлээж аваагүй..” гэж маргасан байна.

     Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.   

     Иргэний нисэхийн Ерөнхий газар хяналтын шатны шүүхэд 2019-05-17-ны өдөр гомдол гаргасан боловч зохигч нар эвлэрсэн байна. 

     Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчихгүй юм. 

1/. Ч.М. болон Иргэний нисэхийн Ерөнхий газрын хооронд 2019-05-31-ний өдөр байгуулсан 47/19 дугаар эвлэрлийн гэрээнд 

“.... НЭГ. 1.1.3охигчид дараах асуудлаар эвлэрч, нэгдсэн тохиролцоонд хүрэв. Талуудын хэн аль нь нөгөөгийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх хүсэл зоригтоо үндэслэн Эвлэрлийн гэрээ байгуулахаар тохиролцсон болно. 1.2. Нэхэмжлэгч энэ гэрээний 2.2 дахь заалтыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн “Агаарын тээврийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлагынхаа зарим хэсгээс татгалзахаар талууд харилцан тохиролцов.

ХОЁР. 2.1. Талуудын хэн аль нь нөгөөгийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх хүсэл зоригтоо үндэслэн, талуудын чөлөөт байдлыг ханган Эвлэрлийн гэрээ байгуулсан болно. 2.2. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор 53.329.415 /тавин гурван сая гурван зуун хорин есөн мянга дөрвөн зуун арван таван /төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 3 сараар төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна. 2.3.Нэхэмжлэгч нь Иргэний нисэхийн ерөнхий газрын “Агаарын тээврийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын ажилд томилогдохоос татгалзаж, цаашид 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс гэрээ байгуулагдах өдрийг хүртэлх хугацааны цалин олговрыг нэхэмжлэхгүй. 2.4. ИНЕГ-ын даргын 2019-05-29-ний өдрийн А/424 дүгээр тушаалаар олгохоор шийдвэрлэсэн Б.Золбоогийн сургалтын төлбөрөөс нөхөж олгох 2,386 ам.долларыг Ч.М.д нөхөж олгоно. 2.5. Энэхүү гэрээ байгуулагдсанаар талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр талууд харилцан тохиролцсон.

ГУРАВ. 3.1. Гэрээний цогц байдал: Гэрээ хүчин төгөлдөр болсноор энэхүү гэрээ нь талууд хоорондын бүхий л ойлголт ба тохиролцоог төлөөлөх ба талууд хоорондын бүх, тохиролцоо, амлалт, ойлголтыг орлоно гэдгийг талууд хүлээн зөвшөөрөв. 3.2. Гэрээ хүчин төгөлдөр байх: Энэхүү гэрээ Талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Энэхүү гэрээгээр тохиролцсон тохиролцоо бүр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасан үр дагаврыг үүсгэнэ...” гэх зэргээр талууд тохиролцжээ.

2019-05-31-ний өдрийн 47/19 дугаартай эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул  Ч.М. болон Иргэний нисэхийн Ерөнхий газрын эвлэрлийг батлах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.   

2/. З.Т. болон Иргэний нисэхийн Ерөнхий газрын хооронд 2020-04-01-ний өдөр байгуулсан 22/20 дугаар эвлэрлийн гэрээнд 

"... НЭГ. Зохигчид Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-12- 25-ны өдрийн 183/ШШ2019/00036 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж шатны шүүхийн 2019-04-17-ны 692 дугаар магадлал бүхий иргэний хэрэг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй З.Т.гийн төрсөн охин болох Л.Н-н гадаад сургалтын зардал гаргуулах шаардлагатай холбоотой асуудлаар эвлэрч, нэгдсэн тохиролцоонд хүрч, Талуудын хэн аль нь нөгөөгийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх хүсэл зоригтоо үндэслэн Эвлэрлийн гэрээ байгуулсан болно. 1.2. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гаргасан охин Л.Н-ийн гадаад сургалтын зардал гаргуулах шаардлагаасаа татгалзсан, хариуцагч нь нэхэмжлэгчийн Л.Н-ийн сургалтын төлбөрийн барьцаанд барьцаалсан барьцаа хөрөнгийг ажилд орсон холбогдох баримт бичгийг үндэслэн чөлөөлөхөө баталсан болохыг тус тус дурдаж байна.

ХОЁР. 2.1. Зохигчид шүүхийн шийдвэрээр тогтоосон дараах асуудлаар дор дурдсан тохиролцоонд хүрч, эвлэрэв: 2.1.1. Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн заалтаар Нэхэмжлэгчийг ИНЕГ-ын Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын даргын ажилд эгүүлэн тогтоосон ба нэхэмжлэгч нь хариуцагчийн Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвд Хуулийн хэлтсийг бий болгож, 2020-04-24-ний өдрийн дотор тус нэгжийн даргаар нэхэмжлэгчийг томилох саналыг хүлээн зөвшөөрч, эвлэрч байна. 2.1.2. Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь хэсгийн заалтаар хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор 50,335,909 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба хариуцагчийн тус олговрыг бүхэлд нь, мөн шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацаанд буюу 2019-12- 31-ний өдрийг дуустал ажилгүй байсан 12 сарын хугацааны олговрыг тус тус тооцон 2020-04-15-ны өдрийн дотор нэхэмжлэгчид олгох саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, эвлэрч байна. /6 сарын олговрыг төлсөн болно./ 2.1.3. Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь хэсгийн заалтаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг, нөхөн бичилт хийхийг ИНЕГ-т даалган шийдвэрлэсэн ба хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.4-т заасны дагуу эвлэрлийн гэрээг шүүхийн шийдвэрээр баталгаажуулсны дараа нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон төлж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх санал гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, эвлэрч байна.

ГУРАВ. 3.1. Гэрээний цогц байдал: Гэрээ хүчин төгөлдөр болсноор энэхүү гэрээ нь талууд хоорондын бүхий л ойлголт ба тохиролцоог төлөөлөх ба талууд хоорондын бүх, тохиролцоо, амлалт, ойлголтыг орлоно гэдгийг талууд хүлээн зөвшөөрөв. Энэхүү гэрээг байгуулан хүчин төгөлдөр болгосноор Талуудын хооронд өмнө 2019-07-10-ны өдөр байгуулсан 66/19 дугаар “Эвлэрлийн гэрээ” хүчин төгөлдөр бус болно...” гэх зэргээр тус тус заажээ.

2020-04-01-ний өдрийн 22/20 дугаартай эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Түүнчлэн, талууд энэ хэргийн талаар эвлэрэх болсон нэг шалтгаан нь З.Т.гийн охины сургалтын зардалтай холбоотой тохиролцоо байсан нь эвлэрлийн гэрээний агуулгаас тодорхой байх бөгөөд энэ нь талуудын болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг зөрчсөн гэх нөхцөл тогтоогдоогүй болно.    

Иймд З.Т. болон Иргэний нисэхийн Ерөнхий газрын эвлэрлийг батлах нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчихгүй гэж үзлээ. 

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00036 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 692 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Ч.М., Иргэний нисэхийн Ерөнхий газрын хооронд 2019-05-31-ний өдөр байгуулагдсан 47/19 дугаартай эвлэрлийн гэрээ, З.Т., Иргэний нисэхийн Ерөнхий газрын хооронд 2020-04-01-ний өдөр байгуулагдсан 22/20 дугаартай эвлэрлийн гэрээг тус тус баталж, Иргэний нисэхийн Ерөнхий газарт холбогдох “...ажилд эгүүлэн  тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгах...” тухай З.Т., Ч.М. нарын  нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.                    

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                         Б.УНДРАХ