Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 134/ШШ2022/00116

 

 

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 134/ШШ2022/00116

Говьсүмбэр аймаг

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******, *******

Нэхэмжлэлийн шаардлага: ******* албадан чөлөөлүүлэх, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн амлалт тохиролцоо бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны үнэ 8 000 000 төгрөг, засварын зардал 8 000 000 төгрөг нийт 16 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******, түүний өмгөөлөгч *******

Хариуцагч: *******, түүний өмгөөлөгч *******, *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:

(Хариуцагч *******, түүний өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд талуудын хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан ******* албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууц хөлсөлсөн 18 000 000 төгрөг, засварын зардал 4 000 000 төгрөг гаргуулах гэсэн шаардлагыг нэмэгдүүлсэн боловч амлалт тохиролцоо бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж өөрчилсөн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгчийн тайлбарт: Нэхэмжлэгч ******* миний бие хариуцагч *******, ******* нараас өөрийн өмчлөлийн 7 дугаар байрны 5 дугаар орцны 50 тоот 40м2 2 өрөө байраа албадан чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Нөхөр бид хоёр 2006 оноос эхэлж уул уурхай, жоншин дээр ажиллаж, олсон орлогоороо 2010 онд энэ байрыг худалдаж авсан. 2011 онд манай хадам ээжийн бие тааруу болоод хөдөөнөөс төвд орж, дулаан газар гээд байрандаа нэг жил амьдруулсан. 2012 оноос төмөр замд өөрийнхөө бага охин гийн гэрт амьдарч байгаад 2013 онд нас барсан. Мөн Отгонсайхан гээд нэг дүү нь байсан. Хөдөө мал малладаг болохоор төв орохдоо ирж усанд орж, хувцсаа угааж байг гээд нэг жил хэртэй манай байранд байсан. 2015 оны 8 сараас Д.Цогтсайханых дэнжид Малхын 06 тоотод хашаа байшинд амьдарч байхдаа эхнэр нь төрөх гэж байгаа, хүүхдүүд нь сургуульд орох гэж байгаа гээд манай малыг маллаж өгье, байранд чинь хүүхдүүдээ амьдруулъя, хүүхдүүд өвлийн хүйтэнд дэнжид зутраад байна гэхээр нь нөхөр бид хоёр ярилцаад байрандаа түр оруулсан. 2015 оноос өнөөдрийг хүртэл байрандаа энэ хүмүүсийг амьдруулахдаа нэг ч төгрөг аваагүй. Байраа худалдаж авахдаа ч энэ хүмүүсээс нэг ч төгрөг аваагүй. Тийм учраас өөрийнхөө байрыг энэ хүмүүсээс албадан чөлөөлүүлж өгөөч гэсэн хүсэлттэй байна. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүх хурал болоход манай өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар ирж чадаагүй. Намайг гадаа хувцсаа өмсөөд зогсож байхад ******* өмгөөлөгч та нар ах дүү хүмүүс, муудалцуулаад яахав, хооронд нь эвлэрүүлж өгье, би тэрэгт яваад *******, ******* нарыг аваад ирье, үдээс хойш та гурвыг уулзуулъя гэж надад хэлсэн. Тэр өдөр ******* ирсэн. ******* ирээгүй. Тухайн үед мал маллаж байх хугацаанд цалин мөнгө өгөөгүй гэж бид хоёрыг шүүхэд өгөөд 18 000 000 төгрөг нэхэмжилсэн байсныг эд нарт өгөөгүй байсан. Цагаан сар болох гэж байна, ах дүү хүмүүсийг хооронд нь муудалцуулаад яахав, эвлэрүүлж өгөх гэж байгаа юм байна гэж би итгэсэн. Гэтэл тэр нь худлаа байсан. Нийтдээ бид хоёр энэ хүмүүст 24-25 сая төгрөг өгсөн. Ер нь бол Дорноговийн зодооны хэргийг хэрэгсэхгүй болгоно, өргөдлөө татаж авна, цалин мөнгөний асуудал дээр тохиролцоно гэсэн боловч шүүх хурал болдогоороо болоод ах нь ял авсан, цалин мөнгийг нь бид хоёр шийдвэрлээд өгчихсөн, мөн 9 000 000 төгрөгийг нь өгчихсөн. Тухайн үед цагаан сар болох гээд нөхөр маань өвлийн хүйтэнд хүний нутагт цагдаагийн үүд сахиад яахав, үнэхээр эвлэрүүлж өгөх гэж байгаа бол эвлэрье гэж бодсон. Би хэлцлийн эхний хэсгийг уншиж, танилцсан. Сүүлийн хэсгийг нь эвлэрүүлнэ гэж итгэж байсан болохоор уншаагүй гарын үсэг зурсан гэв.

1.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарт: Нэгдүгээр шаардлагын хүрээнд маргаагүй гэж үзэж байна. *******ийн эрх зүйн мэдлэг чадваргүй, өмгөөлөгч нь байхгүй байдлыг далимдуулаад, иймэрхүү зүйл хийсэн. 8 000 000 төгрөгийг худалдан авагч тал гаргасан гэсэн зүйл байхгүй. Хариуцагч тал үүнийг баримтлаад манайх танайд 8 000 000 төгрөг өгсөн, чи хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан биз дээ гэсэн зүйлүүдийг ярьдаг. Өгсөн гэдгээ нотлох ёстой. Ийм баримт хэрэгт байхгүй. Ах дүү нар хоорондоо маргалдаад эрүүгийн шүүх хуралдаанаар орсон. Үүн дээр харилцан гомдолгүй гэх юм бол зарим нэг зүйл дээр тохиролцож болно гэсэн зүйлийг ярьсан гэдэг нь нотлох баримтаар хавтаст хэрэгт байгаа. Манай нөхөрт ******* гомдолгүй гэж хэлнэ гэсэн гол тохиролцоо байсан гэсэн. Хэрвээ гомдол саналгүй гэвэл энэ орон сууцаа эднийд шилжүүлье гэсэн бодол санал байсан. Сүүлд нь 9 000 000 төгрөгийг *******аас *******ийн хүүд нь малын ашиг шим гээд шилжүүлсэн. Үүнийгээ эд нар буцаагаад авчихсан байгаа. Мөн нөхөр нь энэ хэлцлийг хүлээн зөвшөөрөөгүй. Энэ хөрөнгө бол гэр бүлийн дундын өмч хөрөнгө. Хамт амьдарснаас хойш энэ хөрөнгө бий болсон байдаг. Үндэслэлгүй, хууль бус худлаа зүйлүүдийг тохиролцоо болгож хийсэн учраас энэ хэлцлийг хүчин төгөлдөр бус болгуулах шаардлагыг нэхэмжлэгч тал гаргаж байгаа. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол хэлцлийг хийгдээгүйд тооцно гэсэн үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

2.1.Хариуцагч ******* хариу тайлбартаа: 2010 онд манайх хөдөө байдаг байхдаа баахан мал зараад 11, 11 саяар 2 байр авсан. Гэтэл шүүх хуралдаан болоод ирэхээр 8 сая болчихсон. Тухайн үед 6 сая төгрөгийг бид хоёроос идчихсэн байсан. Бид бүгд хөдөө байдаг, эднийх ганцаараа төвд амьдардаг байсан. Наймаа хийдэг болохоор байрыг барьцаанд тавих хэрэгтэй байна, ордерийг нэр дээрээ авъя гэхээр нь бид нар зөвшөөрөөд нэр дээр нь гаргуулсан. Ордер гэдэг зүйлийг ямар зүйл байдаг гэдгийг ч мэддэггүй байж байгаад, одоо л мэдэж байгаа. Энэ маргаан нь бид хоёр малыг нь малладаг байж байгаад, ах нь цалин хөлс өгдөггүй, ах дүү нараа ч хардаггүй болохоор хоёулаа ажил хөдөлмөр хийе гээд малыг нь буцаагаад хүлээлгэж өгснөөс эхэлсэн. Тэгээд цалин мөнгөө нэхэмжилье гэхээр эд нар өширхөөд, байрны ордер энэ хүний нэр дээр болохоор энэ хэдийг байрнаас нь хөөгөөд гаргая, яасан их хүний малыг маллаж өгдөггүй юм гээд өширхсөн байдлаар энэ бүх зүйл эхэлсэн. Ер нь бол манай байр. Энэ хүний нэр байгаа болохоор өөрийнхөө давуу байдлыг ашиглаад бид нарыг хөөж байгаа. Тэгэхээр шүүхийн талаас нь бодоод үзэхээр яах ч аргагүй ордер энэ хүний нэр дээр байгаа учраас шийдвэр бид нарын талд гарах ямар ч нөхцөл байхгүй юм шиг байна. Тийм учраас энэ байрнаас гаргах шаардлага дээр маргаан байхгүй. Харин нотариат дээр хэлцэл хийсэн талаар хэлье. ******* өмгөөлөгч, та нар ах дүү хүмүүс уулзаад учраа ол гэхэд нь тэгье бид хоёр уулзаад ******* өмгөөлөгчийн өрөөнд ч тэр, нотариатын өрөөнд ч тэр хоёулаа уулзаад одоо болъё, хоорондоо өширхөөд ах дүү нар нэг нэгнийгээ алж ч магадгүй юм байна, энэ байрнаас болж алаан болох юм байна, энэ байрыг шилжүүлээд өгчихвөл болчих юм байна гэж ярьж тохироод, нотариат орж гэрчлүүлээд, бас нэг зүйл дээр гарын үсэг зураад, нийт 2 гарын үсэг зурсан. Эцэст нь хэлэхэд энэ хүн давуу байдлаа ашиглаж биднийг гэр оронгүй болгож байна. Иймд бид нарын хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр болгож өгнө үү гэв.

2.2.Хариуцагчийн өмгөөлөгч *******ийн тайлбарт: Хүчин төгөлдөр бус, эрх зүйн мэдлэггүй, өмгөөлөгчгүй хийсэн хэлцэл гэж тайлбарлаад байна. Тэгэхээр энэ асуудал дээр би шүүхэд хангалттай хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл тухайн нотариатаар гэрчлүүлсэн хэлцлийг энгийн бичиг үсэг тайлагдсан хүн уншаад ойлгох юм уу, эсхүл эрх зүйн тусгай мэдлэг шаарддаг хүн ойлгох уу гэдгийг тогтоож өгөөч гэхэд шүүх хүлээж аваагүй. Тэгэхээр тухайн хэлцлийг энгийн бичиг үсэг тайлагдсан хүн уншаад ойлгох юм байна гэдэгт шүүх үнэлэлт дүгнэлтээ хийсэн гэж миний хувьд харж байна. Дараа нь 8,000,000 төгрөг өгсөн, өгөөгүй гэсэн өгүүлбэр байгаа. Энэ нь нэхэмжлэгчийн өөрийнх нь бичээд гарын үсгээ зурсан өгүүлбэр байдаг. Мөн нэхэмжлэгч нь сэтгэцийн хувьд эрүүл үү, хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгохоор хүсэлт гаргахад хүлээж аваагүй. Хавтаст хэрэгт бичгийн нотлох баримтаар авагдсан мал тооллогын тоонууд байгаа. Яг байр авах тэр жил нилээн хэдэн зуун тоо толгойгоор миний үйлчлүүлэгчийн малын тоо буурсан. Өөрөөр хэлбэл ингэж малаа зараад тухайн байрны мөнгийг нэхэмжлэгчид өгсөн. Энэ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гээд байгаа энэ асуудлын жинхэнэ хариуцагч нь *******, ******* нар биш. Өөрөөр хэлбэл энэ гэрчлэлийг Говьсүмбэр аймгийн нотариатч гэдэг хүн гэрчилсэн. Ингэхдээ Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.3, 25 дугаар зүйлийн 25.1.10, 44 дүгээр зүйлийн 44.1, мөн нотариатын үйлдэл хийх зааврын 14-т заасныг тус тус үндэслээд энэхүү хэлцлийг гэрчилсэн. Энэ тохиолдолд Нотариатын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.6-т зааснаар ******* нь нотариатч д холбогдуулаад маргаан үүсгэх ёстой. Үүний дараа энэ хэлцлийг хүчин төгөлдөр бус уу гэдгийг шийдүүлэх боломж нь нээлттэй байсан. Нотариатын үйлдэл хүчин төгөлдөр байхад хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах ямар ч боломжгүй гэж харж байгаа. Мөн ******* өмгөөлөгч залилсан, мэхэлсэн гэсэн зүйлийг ярьдаг. Үнэхээр залилж мэхэлсэн бол үүнийгээ цагдаад өгч шалгуул. Бодит байдал ийм байхад хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэж харж байна. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүсэл зоригоо сайн дураараа илэрхийлээд, маргаж буй хэлцлийг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Хэлцлийн агуулга, хууль зүйн үр дагаврын талаар нотариатч гэдэг хүн тайлбарлаж, зөвлөгөөг нь аваад гарын үсгээ зурсан. Тухайн хэлцэл нь ямар нэгэн зөрчилгүй, хуульд заасан дүрэм журмынхаа дагуу явагдсан. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар ******* гэдэг хүн төөрөгдөлд ороогүй, хууль зүйн үр дагавар, агуулгыг мэдэж байсан нь тогтоогддог. Харин үүнийгээ үгүйсгэсэн баримтыг шүүхэд нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй. Хууль бус хүчин төгөлдөр бус гэж тогтоолгох гээд байгаа энэхүү хэлцлийг давхар нотолж баталсан дахин нэг баримт хавтаст хэрэгт байгаа. Үүн дээр нэхэмжлэгч, хариуцагч тал гарын үсэг зурсан. Яагаад гэхээр 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нотариатаар батлуулсан хэлцлээ баталгаажуулж, эвлэрлийн гэрээ байгуулж, шүүхэд өгсөн байгаа. Гэтэл өнөөдөр зөвхөн нотариатаар гэрчлүүлсэн хэлцлээ хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж яриад яваад байгаа. Хэрвээ эрүүгийн хэрэгтэй холбоотой тохиролцоо байсан юм бол яагаад энэ хэлцэл дээрээ тусгаагүй юм бэ? Өнөөдөр шүүхийн тодорхойлсноор энэ хүн эрх зүйн бүрэн чадамжтай, хэрэг хариуцах чадвартай, сэтгэцийн хувьд хэвийн ийм хүн байгаа. Харин байр албадан чөлөөлүүлэх шаардлагатай бид маргахгүй гэв.

2.3.Хариуцагчийн өмгөөлөгч *******гийн тайлбарт: Миний хувьд *******, *******, ******* нарын хэрэгт оролцоод 3 жилийн нүүрийг үзэж байна. Би тухайн үед ******* эгчийг дуу багатай, хэл ам багатай, заавал ах дүү нарын асуудалд оролцох сонирхолгүй байна гэж харж байсан. Миний үйлчлүүлэгч нар эвлэрчих юмсан гэсэн хүсэл сонирхлоо илэрхийлээд байсан болохоор ******* эгчтэй уулзсан. Өөрийнх нь хэлээд байгаа үнэн. Шүүх хуралдаанууд дээр ч би хэлж байгаа. ******* өмгөөлөгч эвлэрүүлэх ажиллагааг хийсэн юм уу гэхээр тийм гэж хэлдэг. Эвлэрээд энэ асуудал нэг тийшээ болчихно гэж хаана хаанаа бодсон. ******* эгчтэй уулзаад хэлсэн чинь тэгье, чи бид хоёр л энийг хийхгүй юм бол өөр хүн хийхгүй, ах дүү нар хоорондоо муудаад байна гэж хэлж байсан. ******* эгч эвлэрлийн асуудал дээр маш идэвхтэй, санаачлагатай байсан. Бид нар манай өрөөнд уулзаад, та нар хоорондоо ярилцчих, шаардлагатай зүйлийг надаас асууж зөвлөгөө аваарай гэсэн. Би энийг тэгээрэй, тэрийг тэгээрэй гэж уг хэлцэлд оролцоогүй. Тэр эвлэрэл нь маргааш нь татгалзал болсон. Нэхэмжлэгч талын нэгдүгээр шаардлагын хүрээнд хэлэхэд өнөөдөр яагаад маргахгүй байгаа вэ гэхээр маргахгүй байгаа болохоос биш, хүлээн зөвшөөрсөн асуудал биш. Яагаад гэвэл хэлцэл дотор байгаа 9 000 000 төгрөгийн үнийн дүнтэй асуудлаар Мөнх-Оргилтой маргаан үүсгээд, Мөнх-Оргилоос 9 000 000 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр 9 000 000 төгрөгөө авчихсан байгаа. Энэ хэлцлийн дүнд орчихсон 9 000 000 төгрөг хасагдаж байгаа учраас байраа авна гэдэг нь боломжгүй болчихсон. Ийм агуулгаар бид нар байраа авна гэж маргахгүйгээр явж байгаа. энэ хоёр маань эвлэрч байгаа юм байна гээд нотариат дээр очиход ******* өөрөө манай байр чинь 2023 он хүртэл барьцаанд байгаа, улсын бүртгэлд бүртгэгдчихсэн байгаа, одоо тэгээд шууд шилжүүлж болох юм уу гэж надаас асууж байсан. Тэгэхээр нь би барьцаанаас чөлөөлөгдөхөөр нь шилжүүлнэ гэсэн тохироог хийж болно гэж хэлээд тэр найруулгаар хэлцэлд туссан. Иргэний хуулийн 39, 40, 41, 42 дугаар зүйл дээр энэ асуудлыг зохицуулсан байгаа. Иргэний хуулийн 42 дугаар зүйл дээр энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. ******* нь 2 удаа гарын үсэг зурсан. Дараа нь юу гэж худлаа ярьсан байсан ч гэсэн тэр гарын үсэг нь хуулиар зохицуулагдана. Хэрвээ энэ хэлцлийг хүчин төгөлдөр бус гээд үзчихвэл хэлцэл хийгдээгүй, гарын үсэг зураагүй гэж үзнэ. Хүчин төгөлдөр бус болгуулъя гэж шаардлага гаргаж байгаа нь тэнд заасан мөнгөн дүнгүүдийг үгүйсгэхийг зорьж байна. Энэ үгүйсгэхийг зорьж байгаа хүсэл зорилго нь тухайн хэлцлийг хүчин төгөлдөр байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд хүчин төгөлдөр бус болгуулъя гэдэг логикоор нь хэлцэл хийгдснийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Нотариатын зардлыг хүртэл ******* төлж байсныг хариуцлагатайгаар хэлье. ...Тэгэхээр ирээдүйд орон сууц худалдах, худалдан авахаар тохиролцсон энэ хэлцлийг ******* өмгөөлөгчийн сонгон аваад байгаа Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т заасан хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцно гэсэн хууль зүйн нөхцөл байдалд огтоос хамаарахгүй гэж үзэж байна гэв.

3.Хариуцагч нар нэхэмжлэгчид холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гэсэн шаардлага гаргасан боловч байрны төлбөр 8 000 000 төгрөг, засварын зардал 8 000 000 төгрөг нийт 16 000 000 төгрөгийг гаргуулах гэж өөрчилсөн.

3.1.Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага: 16 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн гол үндэслэл болон гол нотлох баримт нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн нотариатаар гэрчлүүлсэн хэлцэл, мөн шүүхэд гаргаж өгсөн эвлэрлийн гэрээ. Мөн өөр бусад нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. 8 000 000 төгрөг нь юу юм бэ гэхээр анх хариуцагч 200 гаруй малаа зараад 11 000 000 төгрөг өгсөн. Үүний дагуу талууд тохиролцоод 8 000 000 төгрөг болгож, тухайн байрыг анх авсан 8 000 000 төгрөгийг хариуцагч тал гаргасныг буцаагаад өгье гэж нэхэмжлэгч тал хэлсэн. Харин хариуцагч тал тэгж шийдэж байгаа бол энэ байрыг чөлөөлж өгье гэсэн ийм зүйлийг хэлдэг. Үүнийг давхар юу нотлох вэ гэхээр малаа зараад мөнгийг нь нэхэмжлэгч болон түүний нөхөрт өгсөн ийм л асуудал байгаа. Дараачийнх нь байрны засварын мөнгө. Энэ байрыг өөрийнхөө өмч гэж үзсэн учраас ийм том хэмжээний засвар хийсэн. Үүнийг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн нотариатаар гэрчлүүлсэн хэлцэл, мөн эвлэрлийн гэрээ 2 дээр маш тодорхой дурдсан байгаа. Эвлэрлийн гэрээнд талууд садан төрлийн холбоог харгалзан биесээ хүндэтгэж, харилцан ойлголцон, сайн дурын үндсэн дээр хийсэн болно гэсэн өгүүлбэр байгаа. Яагаад энэ эвлэрлийн гэрээг сөрөг нэхэмжлэлтэй холбоод яриад байдаг вэ гэхээр 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн эвлэрлийн гэрээн дээр Говьсүмбэр аймгийн тойргийн нотариатч ын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн нотариатын гэрчлэл хийсэн хэлцэл нь энэхүү эвлэрлийн гэрээний салшгүй хэсэг бөгөөд агуулга нь болно гээд биччихсэн. Өөрөөр хэлбэл энэ нотариатаар гэрчлүүлсэн хэлцлийн дагуу эвлэрлээ гэдгээ талууд харилцан тохиролцсон асуудал. Тийм учраас *******ийн гарын үсэгтэй энэ үг, үсэг, өгүүлбэрээр 16 000 000 төгрөгийг гаргуулах ёстой. ...Мөн шинжээчийн дүгнэлт нь хууль зөрчсөн, хуульд заасан шаардлага хангахгүй учраас шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэв.

4.Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрөө байраа худалдаж авсан. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бид энэ хэлцлийг хийж байх үед бид хариуцагч нарт мөнгө төлөөгүй байсан. Дараа нь 9 000 000 төгрөг болон цалин мөнгөний асуудал бүгд шийдэгдчихсэн. Мөн байран дээр шинжээч томилоод шинжээчийн дүгнэлт гарсан. Байрны даацын хана болон коридорын хана буулгаж, гал тогоог нь коридорт нь байрлуулсан шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Би энэ хүмүүсийг байранд засвар хий гэж хэлээгүй. Надаас засвар хийх үү гэж асуугаагүй. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3-т зааснаар зөвшөөрөл авах ёстой. Миний байр стандарт засвартай. Зориулалтын 2 өрөө байр байсан. Зарлагын баримт 5 019 000 төгрөг гээд засвар хийсэн хүмүүс 3 000 000 төгрөг авсан нийт 8 000 000 төгрөг гээд байгаа. Энэ зарлагын баримтыг харахаар тамга нь ХХК гэсэн байгаа. Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авахад ийм барилгын компани байхгүй гэсэн лавлагаа ирсэн байдаг. Иймээс нотлох баримтыг хуурамч гэж үзэж нотлох баримтаас хасуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Энэ нотариатаар гэрчлүүлсэн зүйлийг ******* өмгөөлөгч өөрөө үг, үсэг, өгүүлбэрийг зохиож бичсэн. Надаас ******* эгчээ энийг ингэж бичвэл яах уу, тэрийг ингэж бичвэл яах уу гэж нэг ч удаа асуугаагүй. Тухайн үед нотариатч ын хажууд нь очиж зогсож байгаад өөрөө хэлж зааж зааварлаж бичүүлж байсан. Гэрч нотариатч гэрчээр асуухад нотолж хэлсэн. Угаасаа 8,000,000 төгрөгийг огт аваагүй. Гарын үсэг зурсан болохоороо 8 000 000 төгрөг авсан болохгүй. Тэгвэл 8 000 000 төгрөг өгсөн гэдгээ яаж нотлох юм бэ. Өгсөн гэдгээ л нотлох хэрэгтэй. Амлалт тохиролцоо гэсэн энэ зүйл агуулгын хувьд тодорхой биш, 2, 3 агуулга илэрхийлчихээд байгаа. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 578 дугаар тодорхойлолт, 000118857 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн гэрээ, 2010 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн итгэмжлэл, 000072472 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 134/ШШ2020/00177 дугаар шийдвэр, УСДУ ОНӨҮГ-н тодорхойлолт, Цахилгаан түгээх сүлжээний тодорхойлолт, *******ийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 34 дугаартай Говьсүмбэр аймгийн Архивын тасгийн малчин даалтгуулагчид олгох архивын лавлагаа, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах тухай амлалт тохиролцоо зэргийг,

хариуцагчаас УСДУ ОНӨҮГ-ын ус, дулааны 2014-2022 оны төлбөрийн хүснэгт, БЗӨБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1017 тоот тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 323 тоот тодорхойлолт, Моби БМ дэлгүүр 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн зарлагын баримт, *******ын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 01 дүгээр сарын18-ны өдрийн Эвлэрлийн гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах тухай амлалт тохиролцоо, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 134/ШЗ2021/00047 дугаар шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 134/ШШ2021/00067 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоол зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

6.Шүүх талуудын хүсэлтээр, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 493 дугаартай албан бичиг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг 2009 оны 05 дугаар сарын 11, Монгол шуудан банк, Хаан банкны орлогын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Үл хөдлөх эд хөрөнгийн газарт 2008.12.25-ны өдөр гаргасан өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 52 дугаар тогтоол, 0831 дугаартай Өмчлөгчийн эрхийн гэрчилгээ, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ 2007 оны 10 дугаар сарын 15, Монгол шуудан банкны 2008.12.18-ны өдрийн орлогын мэдүүлэг, -ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, , нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2008 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай Хамтран ажиллах гэрээ, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 35 дугаартай, орон сууцны гэрэл зургууд, 000072472 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг 2011 оны 02 дугаар сарын 15, хадгаламж банкны кассын орлогын 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн баримтууд, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн гэрээ, 2010 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн итгэмжлэл, , , ******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбарууд, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2020 оны 03 дугаар сарын 20, Төрийн банкны 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн орлогын мэдүүлгүүд, 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн болон барьцааны гэрээ, Барьцаалбар, гэрч мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 632 дугаартай албан бичиг, Хас банкны Чойр салбарын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12/595 дугаартай албан бичиг, Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 04/1234 дугартай албан бичиг, Говьсүмбэр аймгийн Архивын тасгийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 43 дугаартай Малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, ХААН банкны 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 5990/615 дугаартай хариу хүргүүлэх албан бичиг, *******, *******, нарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Төрийн банкны 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 48/463 дугаартай албан бичиг, *******ы депозит дансны харилцагчийн монгол хуулга, Хас банкны Чойр салбарын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/618 дугаартай албан бичиг, Төрийн банкны 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 48/495 дугаартай албан бичиг, гэрч ,, , , , , нарын мэдүүлэг, ХААН банкны 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5990/21/20 дугаартай албан бичиг, Орон сууцанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, , нарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч П.ын мэдүүлэг, гэрч мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Шинжээчийн дүгнэлт 2022 оны 04 дүгээр сарын 01-ний 01 тоот, шинжээчийн тэмдэглэл, гэрэл зургууд, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 24 дугаартай албан бичиг, Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 04/652 дугаартай албан бичиг, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, план зураг зэргийг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Өөрийн өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 7 дугаар байрны 5-50 тоот 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх, мөн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хийгдсэн орон сууц худалдах, худалдан авах амлалт тохиролцоо бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах. Үндэслэл нь: хэлцлийг хийх үед ******* нь манай нөхөртэй холбоотой эрүүгийн хэрэгт гомдолгүй гэж хэлнэ гэдэгт итгэсэн. Хэрвээ гомдолгүй гэж хэлвэл энэ байрыг шилжүүлье гэж бодсон. Хэлцэл агуулгын хувьд ойлгомжгүй, цаад үр дагаврыг нь ойлгоогүй, 16 000 000 төгрөг нь бусад нотлох баримтаар нотлогдоогүй тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т заасан хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэсэн үндэслэлээр хэлцлийг хийгдээгүйд тооцуулна гэж тайлбарлана.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Орон сууц албадан чөлөөлөх шаардлагын хувьд маргаан байхгүй, хүлээн зөвшөөрнө, орон сууц худалдах, худалдан авах амлалт тохиролцоо бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагын хувьд хэлцлийг эрх зүйн бүрэн чадамжтай хүнтэй хийсэн, хэлцлийг хийхэд бидний зүгээс ямар нэгэн шахалт дарамт учруулаагүй тул хэлцэл хүчин төгөлдөр гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 000118857 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн гэрээ, УСДУ ОНӨҮГ-н тодорхойлолт, Цахилгаан түгээх сүлжээний тодорхойлолт, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах тухай амлалт тохиролцоо бүхий хэлцэл, УСДУ ОНӨҮГ-ын ус, дулааны 2014-2022 оны төлбөрийн хүснэгт, БЗӨБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 134/ШЗ2021/00047 дугаар шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 134/ШШ2021/00067 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 9 000 000 төгрөгтэй холбоотой банкны дансны хуулгууд, гэрч , , П., нарын мэдүүлэг, Орон сууцанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, Шинжээчийн дүгнэлт 2022 оны 04 дүгээр сарын 01-ний 01 тоот, шинжээчийн тэмдэглэл, гэрэл зургууд, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, план зураг зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 7 дугаар байрны 5 дугаар орц 50 тоот 40 мкв талбайтай 2 өрөө орон сууц нь нэхэмжлэгч *******ийн өмчлөлийнх болох нь улсын бүртгэлээр тогтоогдсон.

Уг орон сууцыг 2015 оноос өмчлөгчийн зөвшөөрлөөр хэрэглээний зардлыг төлж, хариуцагч *******, ******* нар эзэмшиж байгаа.

Эзэмшигч нар нь уг орон сууцанд 2017 онд засвар хийсэн.

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 7 дугаар байрны 5 дугаар орц 50 тоот 40 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөгч ******* нь 26 000 000 төгрөгөөр тооцож 2023 оны 09 дүгээр сард *******т шилжүүлж өгөхөөр тохирч хэлцэл хийж, гарын үсгийн үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлсэн. Үүнд: Орон сууцыг нийт 26 000 000 төгрөгөөр худалдсанаар тооцож, эдгээр үнийн дүнд анх худалдан авсан 8000 000 төгрөгийг худалдан авагч тал гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Мөн тус байрыг засварласан 8000 000 төгрөгийг гэрээний үнэд багтаан төлснөөр тооцсон. Түүнчлэн байрны үнэд тооцуулан 9 000 000 төгрөгийг худалдагч нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн хүү ын Хаан банкны 5990205639 тоот дансаар дамжуулан хүлээн авсан болно. Нийт 26 000 000 төгрөгийг бүгдийг төлж дуусгасан гэжээ.

Уг хэлцлийн дараа хариуцагч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, оос 9 000 000 төгрөгийг шаардсныг хариуцагч хүлээн зөвшөөрч, төлсөн.

5.Талууд орон сууцны өмчлөлийн талаар маргаангүй. Талуудын маргааны зүйл нь хэлцлийн хүчин төгөлдөр байдал ба хэлцлийг үндэслэн шаардсан сөрөг нэхэмжлэлийн шаардлага байна.

Нэхэмжлэгчийн шаардлагын талаар:

6.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй., 106.2.Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. гэснээр нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхтэй.

Энэхүү шаардлагын хүрээнд нэхэмжлэгч ******* нь өмчлөгч болох нь улсын бүртгэлээр нотлогдсон, хариуцагч талаас маргаангүй учир хангаж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч ******* нь хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын үндэслэлээ хэлцэл хийх үедээ эрүүгийн хэрэгт гомдолгүй гэж хэлнэ гэдэгт итгэсэн, үр дагаврыг нь сайн ойлгоогүй гэж тайлбарласан ба Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т заасан Хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцно. гэж хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон.

Нэхэмжлэгч ******* нь ах дүү нарын хооронд үүсэн маргааныг таслан зогсооё гэдэг байр сууринаас сайн дурын үндсэн дээр хариуцагч *******тай тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д заасан Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ. 42.2.Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно., 43 дугаар зүйлийн 43.2.-т заасан Бичгээр хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ:, 43.2.1.-т заасан талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан; гэсэнд нийцжээ.

Хэлцлийн агуулгаас харахад нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн орон сууцаа *******т шилжүүлэхээр харилцан тохирсон байх бөгөөд гэрээний үнэ буюу орон сууцын үнэ 26 000 000 төгрөгийг худалдагч тал нь бүрэн төлсөн гэснийг илэрхийлж, хоёр тал харилцан гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байна. Хэлцэл хийх үйл явцыг гэрчилсэн нотариатч П.ын ...Тухайн үед 2-3 удаа найруулсан ба найруулгыг өмгөөлөгч Наранхүү хийж, энэ үйл баримтыг батлуулсан. Талууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, айсан, эмээсэн зүйл байгаагүй. Хоорондоо их эелдэгээр харилцаж байсан. Нотариатын тухай хуульд зааснаар талуудад ямар үр дагавартай талаар тайлбарлаж, ойлгож байгаа эсэхийг асуухад ойлгож байгаа гээд гарын үсэг зурсан. гэсэн мэдүүлгээс харахад Иргэний хуулийн 56-61 дүгээр зүйлд заасан анхнаасаа хууль зөрчиж хэлцэл хийсэн, мөн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох буюу гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн, хууран мэхэлсэн, хүч хэрэглэсэн, ноцтой төөрөгдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.-д зааснаар Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана.

Хэлцэл агуулгын хувьд ойлгомжгүй, тодорхойлох боломжгүй нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийн нөхцөл байдлаас харахад ах, дүүсийн хооронд үүссэн эрүүгийн болон иргэний хэрэг маргаан дуусгавар болгохыг хэн аль нь хүссэн, байранд засвар хийсэн үйл баримт үзлэгээр тогтоогдсон, 9 000 000 төгрөгийн маргаан шүүхээр шийдвэрлэгдсэн зэрэг нөхцөл байдлыг дүгнээд нэхэмжлэгч талын тодорхойлсноор Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т заасан хэлцлийг хийгдээгүйд тооцох үндэслэлгүй байна.

Нөгөө талаар шүүх, уг хэлцлийг үндэслэн байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулаагүй нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэх, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч, уг орон сууц нь гэр бүлийн гишүүдийн дундын өмч, *******ийн нөхөр нь энэ хэлцлийг хүлээн зөвшөөрөөгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэдэг бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.

Иймд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 7 дугаар байрны 5 дугаар орц 50 тоот 40 мкв талбайтай 2 өрөө орон сууцны үнэ 26 000 000 төгрөгийг бүрэн төлсөнд тооцож 2023 оны 09 дүгээр сард шилжүүлэхээр тохиролцсон хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэж, энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:

7.Хариуцагч талаас, дээрх хэлцэлд дурдаж, орон сууцны үнэд оруулан тооцсон 9 000 000 төгрөгийг буцаан авсан үндэслэлээр уг орон сууцыг шилжүүлэн авахаас татгалзаж, байрны үнэ 8 000 000 төгрөг, засварын зардал 8 000 000 төгрөг нийт 16 000 000 төгрөгийг шаардсныг хангах үндэслэлтэй.

8.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ... 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хийгдсэн орон сууц худалдах, худалдан авах амлалт тохиролцоо бүхий хэлцэл, эвлэрлийн гэрээ болон хэрэгт байгаа бусад баримтыг үндэслэн шаардсан гэжээ.

9.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг ...хэлцэл хүчин төгөлдөр бус, байрны үнэд 8 000 000 төгрөг аваагүй, засварыг хийхдээ бидэнд мэдэгдээгүй, ханыг хууль зөрчиж нураасан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон гэж маргасан.

10.Хэргийн үйл баримтаас харахад, гэрч , , нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр орон сууцанд засвар хийсэн болох нь нотлогдсон, хэлцэлд дурдснаар уг байранд 8 000 000 төгрөгөөр засвар хийсэн болохыг нэхэмжлэгч ******* нь хүлээн зөвшөөрч, худалдах худалдан авах гэрээний үнэ буюу орон сууцны үнэд оруулан тооцжээ.

Нөгөө талаар хариуцагч *******, ******* нар нь орон сууцыг өмчлөгчийн зөвшөөрлөөр шударгаар эзэмшиж байсан байх тул өөрийн хөрөнгөөр хадгалах, арчлах, засан сайжруулсан зардлаа өмчлөгчөөс шаардсан нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т нийцнэ.

Мөн орон сууцыг анх худалдаж авсан төлбөр 8 000 000 төгрөгийг хариуцагч *******, ******* нар төлсөн гэдгийг нэхэмжлэгч ******* нь хүлээн зөвшөөрч, хэлцэл хийж, гарын үсэг зурж баталгаажуулсан, хэлцлийг шүүх хүчин төгөлдөр гэж дүгнэсэн учир дээрх татгалзалтай холбоотойгоор буцаан шаардах эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч ******* нь орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаас татгалзснаар талуудын хооронд үүссэн орон сууц өмчлөх эрх шилжүүлэх үүрэг дуусгавар болно.

Хариуцагч нар нь эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг хүлээгээгүй тул засвар хийхдээ өмчлөгчөөс зөвшөөрөл авах шаардлагагүй байсан, мөн шинжээчийн дүгнэлтээр эзэмшигч нь орон сууцны ханыг нураасан нь барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөхийг хориглоно гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэсэн байх боловч нэхэмжлэгч талаас хохирол шаардаагүй тул засварын зардлыг харилцан тооцох, үгүйсгэх боломжгүй юм.

Иймд, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 16 000 000 төгрөгийг нэхэмжлэгч *******ээс гаргуулж, хариуцагч *******, ******* нарт олголоо.

11.Хэрэгт авагдсан, орон сууц *******ийн өмчлөлд шилжихээс өмнөх болон шилжсэний дараах холбогдох баримтууд, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 134/ШШ2020/00177 дугаар шийдвэр, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоол, 9 000 000 төгрөгтэй холбоотойгоос бусад банкны дансны хуулгууд, ы малын А данс зэргийг хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй үндэслэлээр, гэрч ,, , , , нар нь зохигч талуудын төрсөн хүүхэд, эгч, дүү, нөхөр зэрэг хамаарал бүхий этгээдүүд байх бөгөөд тэдний мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй үндэслэлээр тус тус шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Мөн хариуцагч талаас *******ы малын А дансны лавлагааг малаа зарж орон сууцны үнийг төлсөн гэдгийг нотлоно гэж 8 000 000 төгрөгийг шаардсныг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, Учир нь, өмнөх оноос малын тоо багассан нь малаа худалдан борлуулж, уг орон сууцны үнийг төлсөн гэдгийг шууд буюу хөдөлбөргүй нотлох баримт биш.

12.Нэхэмжлэгч орон сууц албадан чөлөөлүүлэх шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 317 950 төгрөгийг урьдчилан төлсөн байх ба үүнээс уг шаардлагад ногдох 7 0200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 247 750 төгрөгийг буцаан олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олголоо.

Мөн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул урьдчилан төлсөн 287 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсэн.

Хариуцагч тал 16 000 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул шаардлагад ногдох 237 950 төгрөгийг хариуцагч нараас нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчээс 237 950 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгоно.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг, засварын зардал 4 000 000 төгрөг гаргуулах, хариуцагч талаас орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг шаардлагуудыг гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, татгалзсан, шүүх уг шаардлагуудад тодорхой ажиллагаа явуулсан байх тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн нийт 326 900 төгрөг, хариуцагчаас төлсөн 317 950 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч *******, ******* нарын эзэмшлээс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 7 дугаар байрны 5 дугаар орц 50 тоот 40 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлсүгэй.

2.Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ээс байрны үнэ, засварын зардал нийт 16 000 000 төгрөгийг гаргуулж хариуцагч *******, ******* нарт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 644 850 төгрөгнөөс 247 750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, үлдэх 397 100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 237 950 төгрөгийг нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгчээс 237 950 төгрөгийг гаргуулж хариуцагч нарт олгож, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 317 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ