Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 216/МА2021/00013

 

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч О.Однямаа, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 134/ШШ2021/00151 дугаар шийдвэртэй, *******ийн нэхэмжлэлтэй*******,******* нарт холбогдох Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны 50 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууц хөлслөх хэлцлийн дагуу нийт 18 000 000 төгрөг гаргуулах болон 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн *******,******* нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах тухай амлалт тохиролцоо бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай, нэхэмжлэгч *******ээс засварын зардал 8 000 000 төгрөг, орон сууц худалдах, худалдан авах тухай амлалт, тохиролцоо бүхий хэлцлийг үндэслэн 8 000 000 төгрөг, нийт 16 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч *******, хариуцагч*******, өмгөөлөгч П.Н нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, өмгөөлөгч Э.Сайханаа, хариуцагч*******, өмгөөлөгч П.Н, Ц.Г /онлайнаар/, нарийн бичгийн дарга Б.Хантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 7 дугаар байрны 5 дугаар орцны 50 тоот, 40 м2 талбайтай, 2 өрөө байрны хууль ёсны өмчлөгч нь мөн. 2010 оны 10 дугаар сарын 17-нд Ц.П үл хөдлөх хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээ хийгээд уг байрыг өөрийнхөө өмчлөл болгож, 2011 оны 02 дугаар сарын 15-нд гэрчилгээгээ гаргуулж авсан. Бид эдгээр хүмүүсээс нэг ч төгрөг аваагүй.*******,******* нь 50 тоот байрыг 2015-2020 оны 06 дугаар сар хүртэл суулгаж байна.******* нь миний нөхрийн дүү учраас нөхрийнхөө гуйлтаар*******ыг эхнэр, хүүхдийн хамт түр хугацаагаар амьдруулсан.

Жил гарангийн хугацаанд өмгөөлөгч маань бүх нотлох баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Иймд миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. Би эвлэрэхгүй гэдгийг өмнөх хурлуудад хэлж байсан. П.Н өмгөөлөгчийн бичсэн зүйлүүдийг өөрөө зохиож бичсэн. Гэрч П.А мөн хэлсэн байдаг. П.Н үг, үсэг, өгүүлбэр, утга санаа илэрхийлж бичсэн гэж хэлсэн. Мөн 9 000 000 төгрөг, 14 850 000 төгрөгийг бид нар төлөөд дууссан. Эдгээр хүмүүст өргүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч*******,******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны 5 дугаар орц 50 тоот орон сууцыг анх худалдан авахдаа******* миний бие өөрийн төрсөн ах Б.М хамт мал худалдаж, худалдан борлуулж олсон орлогоороо тус байрыг худалдаж авсан. Ах Б.М худалдаж авахдаа эхнэр *******ийн нэр дээр гэрчилгээг гаргуулан авсан. Үүнийгээ тайлбарлахдаа банкнаас зээл авахад барьцаа хөрөнгө хэрэгтэй байна гэж хэлж байсан. Анх 11 000 000 төгрөгөөр 2 байр авна гээд авсан. Нэг байрын манай эгчийн хүүхэд У өгсөн. Одоо яриаг нь сонсохоор нэг байрыг 8 000 000 төгрөгөөр авсан байна. Тэгэхээр нэг байрнаас 3 000 000 төгрөг унагаасан байна. Ээжийг маань өнгөрснөөс хойш манай ах дүү нар ярилцаад Ц наад байрандаа амьдар гээд өгсөн. Байрны ордерыг шилжүүлж авъя гэхээр банкны барьцаанаас гараагүй байна гэдэг байсан. Барьцаанаас гарлаа л бол нэр дээр чинь шилжүүлж өгнө гэдэг. 2019 онд банкны мөнгө дутаад байна гэрчилгээг чинь шилжүүлж өгнө гэж хэлээд 9 000 000 төгрөг биднээс зээлж аваад буцааж өгөхгүй бас гэрчилгээг өгөхгүй өдий хүрлээ. ******* нь биднийг байрнаас гаргахгүй байгаа, гар гэж хэлэхээр агсам тавьдаг гэж худлаа хэлсэн байна. Манайх тус байрыг худалдаж авснаас хойш ах, ээжийнхээ хамт амьдардаг байсан. Энэ хугацаанд цахилгаан, ус, дулаан, СӨХ-ны мөнгийг бүрэн төлж байсан. Өөрийн байр болохоор бүрэн засвар хийсэн. Тус байр бидний өмч хөрөнгө юмаа.

Эвлэрлийн гэрээ хийсэн. Тэгэхэд би таныг чирээд, хоёулаа явъя гээд гуйгаад байсан юм уу?, хоёулаа үг хэлээ нийлүүлээд энэ хэдэн ах, дүү нар байрнаас болж бөөн юм боллоо, хоёулаа эндээ зохицуулъя, тэгэхгүй бол эвлэрэхгүй хэцүү байна гэж хэлсэн. Байрыг нэр дээрээ гаргуулаад авсан хүн. Яагаад бид нарт өс санаад байгаа вэ? бид 2 малыг нь харж байгаад муудсан. Энэ хүн цалин мөнгөө өгөхөө больсон. 2-3 сарын мөнгө хийсэн байдаг. Тэрнээс хойш 2 жил бүтэн малыг нь харсан. Бид нар амьдарч байгаа хүмүүс учраас мөнгөө өгөхгүй, ах, дүү 2 муудалцаад шүүхдэлцсэн. Шүүх дээр бид 2 цалин хөлсөө авъя гэж хэлээд 14 800 000 төгрөг гаргуулахаар болсон. Үүнд өс санаад, нөхөр нь чиний нэр дээр байгаа юм чинь, чи шүүхэд өг гээд шахаж шаардаад байгаа учраас л энэ хүн шүүхээр явж байгаа. Нотариатч дээр очихдоо энэ хүн хоёулаа ерөөсөө л болъё. Энэ хэдийг эвлэрүүлэхгүй бол болохгүй, энэ нэг байрнаас болоод алаан болох нь гэсэн. Тэгэхээр тухайн үед бид байрыг маань тэр чигт нь үлдээнэ, та хоёрын нэр дээр үлдээнэ гэх юм бол 14 800 000 төгрөгийг авахаа болъё гэж хэлсэн. Тэгэхэд тэгье, ёстой болъё, ингэж л хэл амаа ололцъё гэхээр нь бид хоёр хамт нотариатч дээр очоод ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулсан. Нотариатч нэг бүрчлэн уншиж танилцаад гарын үсэг зураарай гэсэн. Тэгээд уншиж, танилцаад гарын үсэг зурсан. Тэгснээ одоо болохоор албан хүчээр ийм зүйл хийсэн гэж яриад байхын. Албан хүчээр ийм зүйл хийлгэсэн бол хэзээ ч бид 2-ыг дагаж явах хүн биш, би эвлэрэхгүй гээд байж байх ёстой хүн. Одоо болохоор ингээд худлаа хэлээд байх юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэжээ.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... Миний бие нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байр, 50 тоот, 40 м2 2 өрөө орон сууцыг 8 000 000 төгрөгөөр худалдаж авахаар С.Пэнъянчулуунтай тохиролцож, байрны урьдчилгааг анх:

2010 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 1 400 000 төгрөг,

2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1 000 000 төгрөг,

2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 2 000 000 төгрөг,

2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 3 000 000 төгрөг,

2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 600 000 төгрөг нийт 8 000 000 төгрөгийг бэлнээр өгч, 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр С.П үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өөрийн нэр дээр гаргаж авсан. 2011 онд хадам ээж Л.П бие тааруу байсан тул хадам ээжийгээ жил шахуу өөрийн байранд амьдруулсан. Тэгээд хадам ээж маань бага охин болох Б.С төмөр замд амьдарч байгаад 2013 оны хавар нас барсан. Үүнээс хойш нөхрийн дүү Б.О манай байранд ганцаараа амьдарч байгаад 2015 онд нас барсан. 2015 оны 08 дугаар сард*******, эхнэр*******ын хамт ирж эхнэр жирэмсэн, хүүхэд цэцэрлэг, сургуульд орох гээд байна байранд чинь сууя гэхээр нь уул нь манайх хөлслүүлэх гэж байгаа гэхэд, манайх сарын 300 000 төгрөгөөр хөлсөлж сууя гээд гуйгаад байхаар нь зөвшөөрч суулгасан. Гэтэл өнөөдрийг хүртэл манай орон сууцыг хөлсөлчихөөд 5 жилийн хугацаанд сарын 300 000 төгрөг, нийт 18 000 000 төгрөг өгөөгүй болно. Орон сууц хөлслөх гэрээний дагуу 3 жил хүний байранд амьдарч байж нэг ч төгрөг өгөхгүй байхаар нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 7 сарын мөнгө болох 2 300 000 төгрөг авсан. Гэтэл 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд*******,******* нар нь манай нөхөр Б.М бид хоёроос манай малыг малласаны хөлс болох нийт 12 сарын ажлын хөлс 13 200 000 төгрөг зээлж авсан. 2 300 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие нь шүүх хуралдаан дээр болон тайлбартаа 2 300 000 төгрөг нь манай байрыг хөлсөлсний мөнгө гэж үнэн зөвөөр нь хэлсэн боловч шүүх нь намайг*******аас 2 300 000 төгрөгийг авсан нь дансны хуулга болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна гэж үзэж,*******т 2 300 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Нэгэнт шүүх ингэж шийдвэрлэсэн тул миний бие нь*******,******* нараас 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарыг хүртэлх 5 жилийн хугацааны сарын 300 000 төгрөгөөр орон сууц хөлслөх хэлцлийн дагуу нийт 18 000 000 төгрөгийг гаргуулах, мөн миний өмчлөлийн орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч*******,******* нарын өмгөөлөгч П.Н нь надтай уулзаж та нарыг эвлэрүүлмээр байна, ах дүү улсууд хоорондоо эвлэр гээд*******,******* нарыг дуудсан боловч******* нотариат дээр ирээгүй болно. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах амлалт, тохиролцоо бүхий хэлцэлд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7-5-50 тоот, 40 м2 2 өрөө, Ү-1902000246 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны иргэн *******ээс иргэн*******т худалдахаар амласан байсаныг энэхүү тохиролцоогоор баримтжуулж байна. Орон сууцыг нийт 26 000 000 төгрөгөөр худалдсанаар тооцож, эдгээр үнийн дүнд анх худалдаж авсан 8 000 000 төгрөгийг худалдан авагч тал гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Тус байрыг засварласан 8 000 000 төгрөгийг гэрээний үнэд багтаан төлснөөр тооцсон түүнчлэн байрны үнэд тооцуулсан 9 000 000 төгрөгийг худалдагч нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн хүү М.М ХААН банк ХХК-ийн 5990205639 тоот данс руу дансаар дамжуулан 9 000 000 төгрөгийг хүлээн авсан болно. Нийт 26 000 000 төгрөгийг бүгдийг төлж дууссан. Одоогоор энэхүү орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр ******* бүртгэлтэй байгаа бөгөөд ХААН банкны бизнисийн зээлийн гэрээний барьцаанд тавьсан, барьцаанд байгаа, худалдан авагч тал нь дээрх орон сууцанд анх 2010 оноос гэр бүлээрээ амьдарсан бөгөөд өнгөрсөн хугацаанд орон сууц хөлслөх гэрээ хийгээгүй, цаашид өмчлөх эрхээ шилжүүлэх хугацаанд хөлслөх гэрээ байгуулахгүй, төлбөр тооцоогүй гэдгийг тохиролцлоо. ХААН банк ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сард ХААН банкны зээлийн гэрээний төлөлт бүрэн төлөгдөж дууссаны дараа өмчлөх эрхийг үл маргах журмаар шилжүүлж өгнө гэдгийг ******* амлаж байгаа болно гэсэн хэлцлийг нэхэмжлэгч ******* миний бие нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь, миний бие нь*******тай байгуулсан эвлэрлийн гэрээ болох орон сууц худалдах, худалдан авах тухай амлалт, тохиролцоо бүхий хэлцлийн агуулга хууль зүйн үр дагаврыг ойлгоогүй, өмгөөлөгч П.Н нь нотариатч П.А хэлж,*******ын гарын үсэг зуруулсан болно. Тухайн эвлэрлийн гэрээ хийх үед хариуцагч******* нотариат дээр ирээгүй бөгөөд дараа нь нөхөж гарын үсэг зурсан байсан. Үүнийг нотариатч П.А нотлох болно. Дээрх хэлцэлд дурдснаар миний бие*******т маргаан бүхий орон сууцыг худалдахаар амласан асуудал нэг ч байхгүй. Миний бие нь өөрийн өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, 7-5-50 тоот орон сууцыг С.П 8 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Дээрх орон сууцыг худалдаж авахад******* нь нэг ч төгрөг гаргаагүй байхад хэлцэлд худалдан авагч******* нь гаргасныг хүлээн зөвшөөрч байна гэж бичсэн нь хууль мэдэхгүй намайг төөрөгдөлд оруулж, хүсэл зорилгоос минь өөр хэлцэлд гарын үсэг зуруулсан байсан гэж ойлгож байна. Байрны үнэд тооцуулан 9 000 000 төгрөгийг худалдагч нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн хүү М.М ХААН банк ХХК-ийн 5990205639 тоот дансаар дамжуулан 9 000 000 төгрөгийг хүлээн авсан гэж бичсэн байна. Миний бие нь хүү М.М дамжуулан байрны үнэд тооцож*******аас 9 000 000 төгрөг аваагүй болно. Мөн хариуцагч******* нь М.М 9 000 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд өгч шүүгчийн захирамж гарсан байсан болно.

Иймд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ******* болон******* нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах тухай амлалт, тохиролцоо бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч*******,******* нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: *******ийн нэхэмжлэлтэй,*******,******* нарт холбогдох орон сууцыг албадан чөлөөлүүлэх, орон сууц хөлслөх гэрээний дагуу 18 сая төгрөг гаргуулах шаардлагатай, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч тал сөрөг нэхэмжлэлээ өөрчилж байна. Талууд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр маргаж буй асуудлын талаар харилцан тохиролцож, гэрээ байгуулан түүнийгээ нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Агуулга нь:

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 7 дугаар байр, 5 дугаар орц, 50 тоот 40 м.кв, 2 өрөө, Ү-1902000246 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг иргэн *******ээс*******т худалдахаар амласан байсныг энэхүү тохиролцоогоор баримтжуулсан байна. Орон сууцыг нийт 26 000 000 төгрөгөөр худалдсанаар тооцож, эдгээр үнийн дүнд анх худалдаж авсан 8 000 000 төгрөгийг худалдан авагч тал гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Мөн тус байрыг засварласан 8 000 000 төгрөгийг гэрээний үнэд багтаан төлснөөр тооцсон. Түүнчлэн байрны үнэд тооцуулан 9 000 000 төгрөгийг худалдагч нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мөн хүү М.М ХААН бакны 5990205639 тоот дансаар дамжуулан 9 000 000 төгрөгийг хүлээн авсан болно. Нийт 26 000 000 төгрөгийг бүгдийг төлж дууссан. Одоогоор энэхүү орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр ******* нь бүртгэлтэй байх бөгөөд Хаан банкны бизнесийн зээлийн гэрээний барьцаанд тавьсан, барьцаанд байгаа. Худалдан авагч тал нь дээрх орон сууцанд анх 2010 оноос гэр бүлээрээ амьдарсан бөгөөд өнгөрсөн хугацаанд орон сууц хөлслөх гэрээ хийгдээгүй, цаашид өмчлөх эрхээ шилжүүлэх хүртэлх хугацаанд хөлслөх гэрээ байгуулахгүй, төлбөр тооцохгүй гэдгийг тохиролцлоо. ХААН банкны 2023 оны 09 дүгээр сард ХААН банкны зээлийн гэрээний төлөлт бүрэн төлөгдөж дууссаны дараа өмчлөх эрхийг үл маргах журмаар шилжүүлж өгнө гэдгийг ******* амлаж байгаа болно. Энэхүү тохиролцоог байгуулахад нэхэмжлэгч *******, хариуцагч******* нар байлцсан бөгөөд нотариатчийн зүгээс агуулга, хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгснөөс гадна бусдын дарамт шахалт бусад хүчин зүйлд автахгүйгээр хүсэл зоригоо илэрхийлэн бичсэн эсэхийг асууж лавласан байдаг. Үүний дараа нэхэмжлэгч *******, хариуцагч*******,******* нар эвлэрлийн гэрээ байгуулж түүнийгээ шүүхэд гаргаж өгсөн.

Агуулга нь: Энэхүү эвлэрлийн гэрээг Говьсүмбэр аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй *******ийн нэхэмжлэлтэй,*******,******* нарт холбогдох иргэний хэргийн талууд дараахь зүйлсийг харилцан тохиролцож, эвлэрэв.

1. Нэхэмжлэгч ******* нь Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 7-5-50 тоот, 40 м.кв, 2 өрөө, Ү-1902000246 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг хариуцагч*******т худалдан борлуулахаа амлаж, хэлцэл хийн 2021.01.18-ны өдөр нотариатаар гэрчлүүлэв.

2. Хэлцлийг нотариатаар гэрчлүүлсэнтэй холбоотой хэргийн оролцогч нар харилцан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж, харилцан ойлголцож, хэлцэл хийж, эвлэрэв.

Говьсүмбэр аймгийн тойргийн нотариатч П.А 2021.01.18-ны өдрийн нотариатын гэрчлэл хийсэн хэлцэл нь энэхүү эвлэрлийн гэрээний салшгүй хэсэг бөгөөд агуулга болно. Эвлэрлийн гэрээг талууд садан төрлийн холбоог харгалзан биесээ хүндэтгэж, харилцан ойлголцон, сайн дурын үндсэн дээр хийсэн болно. Нэхэмжлэгчийн хүү болох М.М ХААН банкны 5990205639 тоот дансаар дамжуулан өгсөн гэх 9 000 000 төгрөгтэй холбоотой хэрэг маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл М.М 9 000 000 төгрөг гаргуулж,*******т олгохоор шийдвэрлэсэн.*******,******* нар нь маргаж буй орон сууцыг нэхэмжлэгч талаас худалдаж авахын тулд өгсөн төлбөрөөсөө 9 000 000 төгрөгийг буцаан авахаар болсон. Нэхэмжлэгч тал хариуцагч нарын амьдарч байгаа байрыг худалдаж авахаас татгалзсан тул байрны төлбөрийн үлдэгдэл 8 000 000 төгрөг, засварын 8 000 000 төгрөг, нийт 16 000 0000 төгрөгийг нэхэмжлэгч талаас гаргуулахаар нэхэмжлэлийг өөрчилж байна. Нэхэмжлэгч ******* нь маргаж буй орон сууцыг анх худалдаж авахад хариуцагч талыг 8 000 000 төгрөг гаргасан болохыг хүлээн зөвшөөрдөг. Мөн байрны засварт 8 000 000 төгрөг зарцуулсан талаар маргадаггүй болно. Хэрэв нэхэмжлэгч тал энэхүү 16 000 000 төгрөгийг гарган*******,******* нарт өгсөн тохиолдолд маргаж буй 50 тоот орон сууцыг чөлөөлж өгөхөд татгалзах зүйл байхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны 50 тоот орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч*******,******* нарт даалгаж,

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч*******,******* нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хийгдсэн Орон сууц худалдах, худалдан авах тухай амлалт, тохиролцоо бүхий хэлцлийг хийгдээгүйд тооцож,

Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д зааснаар нэхэмжлэгч *******ээс орон сууцыг засан сайжруулсаны зардалд 8 000 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч*******,******* нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 317 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цогтсайхан,******* нараас 317 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож,

18 000 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн шаардлагад нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,

Орон сууц худалдах, худалдан авах тухай амлалт, тохиролцоо бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******,******* нараас 287 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож,

Анхны сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч*******,******* нар улсын тэмдэгтийн хураамжид 317 950 төгрөг төлсөн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 16 000 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 237 950 төгрөг төлсөн ба, зөрүү 80 000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч*******,******* нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 142 950 төгрөгийг нэхэмжлэгч *******ээс гаргуулж, хариуцагч*******,******* нарт тус тус олгож, ... гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 134/ШШ2021/00151 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

... хариуцагч*******,******* нар нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээд буюу нэхэмжлэгч *******ээс Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т зааснаар шаардах эрхтэй. Учир нь хариуцагч*******,******* нар нь тухайн орон сууцыг эзэмшиж байхдаа засвар хийсэн, уг ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн, засварын материал худалдан авсан болох нь хэрэгт авагдсан зарлагын баримт /хх-102/, гэрч Д.Д, А.Э нарын мэдүүлэг, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургууд зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч *******ээс засварын зардалд 8 000 000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгох зүйтэй гэжээ.

ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Гэрч Д.Д мэдүүлэг /хх-189/ гал тогоо тусдаа оронгуут нэг ханатай, жижиг хаалгатай, цаана арктай байсан жижиг арк хана нураагаад том болгосон арк хоёрыг нураагаад нэг хэсэг болгосон. Гал тогоо байсан хэсгийг унтлагын өрөө болгосон, гэрч Ууганбаяр /хх-181/ 3 даацын хана нураасан ... том өрөөний голын хана 24 өрсөн, хар төмөртэй, нийлээн зузаан байсан учраас удсан, ...гал тогоо хэсгийг унтлагын өрөө болгосон, коридорийг гал тогоо болгосон гэжээ. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т шударга эзэмшигч эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж зохицуулсан байдаг бол хариуцагч*******,******* нар миний өмчлөлийн орон сууцыг засан сайжруулаагүй ба тус орон сууцыг миний болон зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй үндсэн хийц, бүтэц, төлөвлөлт зохицуулалтыг өөрчилсөн, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахуйц Барилгын тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан байна.

Хавтаст хэргийн 102-р талд авагдсан зарлагын баримтыг шүүх нотлох баримтаар үнэлэхдээ ИХШХШТХуулийн 40 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг ... үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүй. Тухайлбал тус зарлагын баримтын байгууллагын нэр гэсэн хэсэгт Mobi БМДэлгүүр гэсэн байх бол зарлагын баримтын доод хэсэгт Улаанбаатар хот Манал Оточ ХХК гэсэн тамгатай байгааг шүүх нягталж анхаарч үзээгүй илтэд үнэн зөв биш, эргэлзээтэй нотлох баримтанд үндэслэж хэрэг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй юм.

Иймд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 134/ШШ2021/00151 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалт Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ээс орон сууцыг засан сайжруулсаны зардалд 8 000 000 төгрөгийг гаргуулж хариуцагч*******,******* нарт олгох гэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч П.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 134/ШШ2021/00151 дугаартай шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна гэж үзэж, хүчингүй болгуулан, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд

Нэгдүгээрт: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 134/ШШ2021/00151 дугаартай шийдвэр нь шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн тодорхой үндэслэлүүдэд зохих дүгнэлт огтоос хийгээгүй байна. Тухайлбал: тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дугаар зүйлийн дүгнэлтээр ...үл хөдлөх шилжүүлэх гэрээ, хэлцлийг талууд бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлж, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох хуульд заасан шаардлагыг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн *******,******* нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах тухай амлалт, тохиролцоо бүхий хэлцэл нь хангаагүй байна. ... иймд энэхүү нэхэмжлэлийн /хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай/ нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгов гэжээ.

Гэтэл маргааны талууд тус хэлцлийг хэлцэл мөн, эсхүл биш тухай огтоос маргаагүй бөгөөд харин ч хоёр тал хэлцэл мөн гэж үзсэн. Ингэхдээ нэхэмжлэгч тал хийгдсэн хэлцлээ хүчингүйд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нь шүүх маргаанд хэлэлцэгдээгүй, мэтгэлцээнд дурдагдаагүй асуудлаар дүгнэлт хийснийг харуулна.

2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн *******,******* нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах тухай амлалт, тохиролцоонд иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2. энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан шаардлагыг үндсэндээ хангадаг, энэ талаар талууд шүүх хуралдаан дээр олон удаа ярьж мэтгэлцсэн. Тухайлбал нэхэмжлэгч ойлгоогүй байхдаа хийсэн хэлцэл учраас хүчингүй болгож өгнө үү гэж байр сууриа илэрхийлж байхад хариуцагч талаас хэлцлийг энгийн хүн ойлгох боломжгүй, эсхүл нэхэмжлэгч үйлдлээ ойлгох чадваргүй биш бол хэлцэл хийгдсэнд тооцно гэсэн байр суурьнаас маргасан. Гэвч шүүх тухайн мэтгэлцээний агуулгад огтоос дүгнэлт хийгээгүй байна.

Энэ нь шүүхийн шийдвэр хуульд нийцсэн бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгааг илтгэж байна.

Хоёрдугаарт: 134/ШШ2021/00151 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дүгээрт сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд дүгнэлт хийхдээ ...хариуцагч*******,******* нар нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээд буюу нэхэмжлэгч *******ээс Иргэний хуулийн 94.3-т зааснаар шаардах учир нь хариуцагч*******,******* нар нь тухайн орон сууцыг эзэмшиж байхдаа засвар хийсэн, уг ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн, засварын материал худалдан авсан болох нь хэрэгт авагдсан зарлагын баримт /хх-102/, гэрч Д.Д, А.Э нарын мэдүүлэг, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургууд зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч *******ээс засварын зардалд 8 000 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч нарт олгох нь зүйтэй байна.

Харин шүүхээс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах тухай амлалт, тохиролцоо хэлцлийг хийгдээгүйд тооцсон тул уг амлалт тохиролцоог үндэслэн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов гэжээ.

Шүүх 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн *******,******* нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах тухай амлалт, тохиролцоонд дурдагдаад байгаа засварын зардлын 8 сая төгрөгийг үнэн болохыг хүлээн зөвшөөрсөн хэрнээ үлдсэн 8 сая төгрөгийг хангахгүй орхисон нь шүүхийн шийдвэр үндсэндээ логикоо алдаж, үндэслэлгүй болсныг илтгэнэ.

Уг амлалт бүхий хэлцлийг Говьсүмбэр аймгийн тойргийн нотариатч П.А 2021.01.18-ны өдрийн гарын үсгийн баталгааны дардасаар тухайн хэлцлийг өнгөрсөнд болсон үйл баримтын шинжтэй, ирээдүйд үргэлжлэх үйл явдлыг урьдчилан амлаж буй тохиролцоо болохыг баталгаажуулсан.

Түүнээс биш улсын бүртгэлд бүртгүүлэхэд бэлэн болон стандарт гэрээ биш, тэрхүү гэрээг дахин шаардах нөхцлийг илтгэж байгаа иргэний аж амьдралд баялаг тохиолдох нэг хувилбар юм.

Шүүх иргэний хуулийг хэрэглэх өргөн боломжийг хуулийг буруу ойлгож, тайлбарлах байдлаар хязгаарлах нь эрх зүйт ёсонд нийцэхгүй юм.

Гуравдугаарт: Мөн шүүхийн 134/ШШ2021/00151 тоот шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт ... Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д зааснаар хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгээгүйд тооцно гэж заажээ.

Дээр хуулийн зохицуулалтаас үзэхэд хэрэв нэг талын хүсэл зоригийн илэрхийллийн агуулгыг тайлбарлах замаар тогтоогдохгүй бол эсхүл талууд гэрээний тодорхой агуулгын талаар тохирч чадаагүй бол хэлцэл хийгдсэн гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл хүсэл зоригийн агуулга нь тогтоогдох боломжгүй байх, эсхүл талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл нь хоорондоо нийцэхгүй байх, талууд хүсэл зоригоо нэгтгэж чадсан гэж өөрсдөө үзэх боловч үнэн хэрэгтээ чадаагүй байх тохиолдолд гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ.

... тодруулбал талууд хэлцлийн гол нөхцлийн болон агуулгыг тодорхойлж, тохирч чадаагүй, маргаж байгаа тул Орон сууц худалдах, худалдан авах амлалт тохиролцоо бүхий хэлцлийг хийгээгүйд тооцох нь хуульд нийцнэ. ... гэжээ.

1. Маргаж буй хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох шаардлагын жинхэнэ хариуцагч нь Цогтсайхан, Мэнд-Амар нар биш

Учир нь уг хэлцлийг Говьсүмбэр аймгийн тойргийн нотариатч П.А гэрчилсэн. Ингэхдээ:

Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.3, 25 дугаар зүйлийн 25.1.10, 44 дүгээр зүйлийн 1

Нотариатын үйлдэл хийх зааврын арван дөрөвт заасныг тус тус үндэслэсэн байдаг.

Энэ тохиолдолд Нотариатын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.6-д зааснаар Оюунбилэг нь нотариатч А холбогдуулан хэрэг маргаан үүсгэн шийдвэрлүүлэх ёстой байсан гэж үзэж байна.

2. Нотариатын үйлдэл хүчингүй болоогүй тохиолдолд маргаж буй хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох боломжгүй

Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д нотариатч хуульд нийцсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилнэ гэсэн байдаг. Өнөөдрийн байдлаар Орон сууц худалдах, худалдан авах тухай амлалт тохиролцоо гэх баримт бичгийг хуульд нийцээгүй, эсхүл хүчингүй болгосон эрх бүхий этгээдийн ямар нэг шийдвэр байхгүй.

Бодит байдал ийм байхад маргаж буй хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдохгүй.

3. Талууд хүсэл зоригоо сайн дураараа илэрхийлэн маргаж буй хэлцлийг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн

Тухайн үед нотариатч А нь Оюунбилэг болон Мэнд-Амар нарт хандан: бусдын дарамт шахалт, бусад хүчин зүйлд автахгүйгээр, өөрийн хүсэл зоригт бүрэн нийцсэн учраас уг хэлцлийг байгуулж гарын үсэг зурж байгаа эсэхийг асууж лавласан байдаг. Энэ талаар нотариатч А шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ тодорхой ярьсан, маргаж буй хэлцэлд энэ талаар тусгагдсан, хариуцагч Мэнд-Амар хүлээн зөвшөөрдөг, нэхэмжлэгч Оюунбилэг үүнийг үгүйсгэсэн нотлох баримт шүүхэд гарган өгөөгүй.

4. Оюунбилэг, Мэнд-Амар нарт маргаж буй хэлцлийн агуулга, хууль зүйн үр дагаврыг нотариатч А зүгээс тайлбарлаж зөвлөсний үндсэн гарын дагаврыг нотариатч А зүгээс тайлбарлаж зөвлөсний үндсэн гарын үсгүүдээ зурсан.

Нотариатч А шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг, маргаж буй хэлцэл, хариуцагч Мэнд-Амарын удаа дараагийн шүүх хуралдаан дээр хэлсэн үгнээс тухайн үед Оюунбилэг нь төөрөгдөлд ороогүй, хэлцлийн агуулга, хууль зүйн үр дагаврыг мэдэж байсан болох нь тогтоогддог. Мөн нэхэмжлэгч Оюунбилэг үүнийг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд гарган өгөөгүй.

Мөн хариуцагч талаас зохигчдын дунд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдаж, нотариатаар гэрчлүүлсэн гэх хэлцлийн агуулгыг: эрх зүйн бүрэн чадамжтай, бичиг үсэг тайлагдсан иргэн хүн уншаад ойлгох боломжтой эсэх, эсхүл хууль эрх зүйн тусгай мэдлэггүй иргэн хүн уншаад агуулгыг нь ойлгох боломжгүй эсэх талаар хэл шинжлэлийн шинжээч томилон дүгнэлт гаргуулах хүсэлт гомдлыг удаа дараа шүүхэд гаргасан.

Энэхүү хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон нь Оюунбилэг маргаж буй хэлцлийн агуулга, хууль зүйн үр дагаврыг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мэдэж байсны нотолгоо гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч Оюунбилэг, хариуцагч Мэнд-Амар, Цогтсайхан нар нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр маргаж буй хэлцлийг давхар баталгаажуулан Эвлэрлийн гэрээ байгуулж, шүүхэд өгсөн байдаг.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 2-т 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн *******, Мэнд-Амар нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах тухай амлалт тохиролцоо бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой үнэлэлт дүгнэлт хийхдээ хэрэгсэхгүй болгосон.

Харин ТОГТООХ хэсгийн 3-т хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл үндэслэлд дурдсанаас өөрөөр шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.

Иймээс Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 134/ШШ2021/00151 дугаар шийдвэрийг өөрчилж, сөрөг нэхэмжлэлийн хангагдаагүй үлдсэн хэсэг болох найман сая төгрөгийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******,******* нарт холбогдуулан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны 50 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэл гаргасан бөгөөд мөн орон сууц хөлслөх хэлцлийн дагуу нийт 18 000 000 төгрөг гаргуулах болон 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн *******,******* нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах тухай амлалт тохиролцоо бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг, хариуцагч нар нь анх Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны 50 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаснаа өөрчлөн *******ээс засварын зардал 8 000 000 төгрөг, орон сууц худалдах, худалдан авах тухай амлалт, тохиролцоо бүхий хэлцлийг үндэслэн 8 000 000 төгрөг, нийт 16 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гарган харилцан маргалджээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны 50 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг хангаж, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар орон сууц хөлслөх хэлцлийн дагуу нийт 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар *******,******* нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хийгдсэн Орон сууц худалдах, худалдан авах тухай амлалт тохиролцоо бүхий хэлцлийг хийгээгүйд тооцож, сөрөг нэхэмжлэлээс иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т зааснаар засварын зардал 8 000 000 төгрөгийг хангаж, орон сууц худалдах, худалдан авах тухай амлалт, тохиролцоо бүхий хэлцлийг үндэслэсэн 8 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс харахад шүүхээс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан ...амлалт, тохиролцоо гэх хэлцлийн тухай шийдвэрлэлтийн талаар дүгнэхдээ уг нэмэгдүүлсэн шаардлагыг хангах болон хэрэгсэхгүй болгохоор хоёр өөр буюу эсрэг тэсрэг дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байгаа ба шийдвэрийн тогтоох хэсэгт энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлвэл шүүх эхэндээ Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т заасан хуулийн зохицуулалтыг иш татан тайлбарлан шаардлагыг хангахаар буюу ...талууд хэлцлийн гол нөхцөлийн болон агуулгыг тодорхойлж, тохирч чадаагүй, маргаж байгаа тул ...хэлцлийг хийгээгүйд тооцох нь хуульд нийцнэ гэж дүгнэснээ дараа нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасныг тус тус иш татан тайлбарлаад Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов гэсэн нь ойлгомжгүй байна.

Мөн хавтаст хэргийн материалаас үзэхэд хариуцагч нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргасан ба сөрөг нэхэмжлэлийн нэг хувийг *******т гардуулсан байх боловч *******ийн зүгээс ямарваа нэгэн хариу тайлбар шүүхэд бичгээр ирүүлээгүй, шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад ******* нь шүүх хуралдааны үед сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбар хэлэхдээ сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан тайлбар гаргасан гэхэд эргэлзээтэй буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ******* нь ойлгосон эсэх нь тодорхойгүй байхад шүүх асууж тодруулаагүй байна.

Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн нэг шаардлага болох хэлцлийг үндэслэн 8.0 сая төгрөг гаргуулах гэсэн нь юунд зарцуулсан, ямар учиртай мөнгө болох нь ойлгомжгүй, энэ талаар талуудын хооронд ямар харилцаа үүссэн зэргийг тодруулаагүй, эрх зүйн дүгнэлт хийгээгүй, энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийн заалт баримтлаагүй, мөн шүүх хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ хэлцлийг хийгээгүйд тооцсон учраас гэсэн нь тус тус ойлгомжгүй болсон байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г ...гэрээ, хэлцэл хоёрын алийг нь хүчингүй болгуулах гэж байгаа вэ гэсэн асуултанд нэхэмжлэгч ******* хариулахдаа хоёуланг нь гэж хариулснаас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаан дээр өөрчилсөн үү, шүүх хэлцлийг хийгээгүйд тооцоод эвлэрлийн гэрээг орхигдуулсан уу гэдэг нь ойлгомжгүй бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу үнэлж чадаагүй, нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, мөн шийдвэрийн үндэслэл нь хуульд заасан шаардлагад нийцээгүйгээс давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Харин нэхэмжлэгч, хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүрийн 142950 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвөөс буцаан олгуулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1,168.1.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 134/ШШ2021/00151 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ээс төлсөн 142950 төгрөгийг, хариуцагч*******аас төлсөн 142950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАЙГАЛМАА

ШҮҮГЧ О.ОДНЯМАА

ШҮҮГЧ Г.ТЭГШСУУРЬ