Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2022/0966

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б** Ү***** Э******* ХХК /РД:*******/,                                           

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Э***** П******* ХХК /РД:*******/-д холбогдох Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газартай давхцуулан гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М******** /цахимаар/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С*********, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Б******** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Б** Ү***** Э******* ХХК нь тус шүүхэд хандан анх Нийслэлийн Засаг даргын 2021.03.22-ны өдрийн А/181 дугаар захирамжийн Б** Ү***** Э******* ХХК-ийн газартай давхцуулан Э***** П******* ХХК-д амины орон сууцны зориулалтаар олгосон хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2. Нэхэмжлэгч 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/81 дугаартай захирамжийн Б** Ү***** Э******* ХХК-ийн газартай давхцуулан Э***** П******* ХХК-д амины орон сууцны зориулалтаар олгосон хэсгийг хүчингүй болгуулах тухай[1] гэжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Б** Ү***** Э******* ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/378 дугаартай тушаалаар[2] Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам гэх нэртэй 2 га талбайг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхтэй болсон.

2.2. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас нэхэмжлэгчид 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон.[3]

2.3. Нэхэмжлэгч ийнхүү Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглах эрхтэй болсон боловч дэлхий нийтийг хамарсан цар тахлын хөл хорионы улмаас газраа ашиглахтай холбоотой үйл ажиллагаа явуулж чадаагүй байх бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр egazar.gov.mn сайтаар орж тухайн газар дээр өөр этгээд хашаа хатгасан эсэхийг үзэхэд 2021 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар тус компанийн газартай давхцуулан Э***** П******* ХХК-д амины орон сууцны зориулалтаар 11900 м.кв газар олгосныг мэджээ.[4]

2.4. Гуравдагч этгээд Э***** П******* ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/81 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжаар[5] Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/988 дугаартай захирамжаар олгосон нэр бүхий 17 иргэний нэр дээр[6] амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших нийт 11900 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлжээ.

2.5. Шүүхээс шаардсан нотлох баримт гаргуулах тоотуудын дагуу холбогдох эрх бүхий байгууллагуудын лавлагаагаар, тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09/3755 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа[7], Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/2145 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа[8], тус шүүхээс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын мэдээллийн санд хийсэн үзлэгээр[9] бэхжүүлэн авсан зургаас үзэхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар хоорондоо давхцалтай гарсан.

2.6. Мөн шүүхээс шаардсан нотлох баримт гаргуулах тоотуудын дагуу холбогдох эрх бүхий байгууллагуудын лавлагаагаар, тодруулбал, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/3678 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа[10], Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/2145 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар[11] нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд давхцуулан олгосон газар нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа талаар тайлбар ирсэн.

2.7. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 09/4014 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа[12], 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 09/4862 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа[13], мөн тус яамны гаргасан нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газрын лавлагаагаар[14] нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн давхцалтай газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа талаар тайлбар ирсэн.

2.8. Нэхэмжлэгчийн зүгээс ... Нэр бүхий 17 иргэн 2018 онд маргаан бүхий газрыг авсан гэх боловч тухайн иргэд газраа зориулалтын дагуу огт ашиглаагүй, мөн уг газарт нийслэлээс газар олгосон нь хууль бус. Тодруулбал, уг газрыг дээрх A/81 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь өмнө нь "Б** Ү***** Э*******" ХХК-д олгосон газартай давхцуулан олгосон нь хууль бус байна. "Б** Ү***** Э*******" ХХК-ийн хувьд хууль заасан зохих шаардлагыг хангаж, холбогдох бичиг баримтаа бүрдүүлж, холбогдох хураамжаа төлж, зохих зардал гаргаж уг газрыг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газарт зохих зориулалтын дагуу газрыг авсан, тушаал, гэрчилгээ, кадастр нь гарсан. Бид тус газартаа аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан хийлгэж, төсөл, загвар зургаа зохих зардал гарган хийлгэсэн. Ийнхүү зориулалтын дагуу газраа ашиглах гэтэл гуравдагч этгээдэд бидний газрыг давхцуулан олгосноор бидний газар эзэмших, ашиглах эрхийг зөрчиж байна ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.9. Хариуцагчийн зүгээс ... нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд эзэмшүүлсэн бусдын газар эзэмших эрхийг шилжүүлж 11900 газрыг Э***** П******* ХХК-д 15 жилийн хугацаатайгаар шийдвэрлэсэн нь Б** Ү***** Э******* ХХК-ийн газар эзэмших эрхийг хязгаарлаж, хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй байгаа нь Газрын кадастрын мэдээллийн сан дахь зургаар буюу суурин судалгаагаар нотлогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтад нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд мөн бөгөөд 54.1.3 дахь заалтад гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглээгүй байх тул дээрх хоёр үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

2.10. Гуравдагч этгээдийн зүгээс ... Бид Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах Нийслэлийн газар нутагт харьяалагддаг газрыг 2018 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн А/988 дугаар захирамжтай нэр бүхий 17 иргэнээс 2019.04.03-ний өдөр "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ээр шилжүүлэн авах хүсэлтээ Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өгсний дагуу Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн A/81 дугаар захирамжаар "Э***** П******* ХХК-нд хууль ёсны дагуу шилжүүлэн авсан. Нийслэлийн Засаг даргын дээрх тоот захирамж нь ковидын үеийн нөхцөлөөс шалтгаалж бүтэн хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр А/81 тоот захирамж гарсан. Гэтэл "Б** Ү***** Э*******" ХХК нь манай компанийн захирамжтай Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах 11900 м.кв амины орон сууцны зөвшөөрөлтэй газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын 2020.05.21-ний өдрийн А/378 дугаар бүхий тушаалаар авсан нь хууль зөрчсөн төдийгүй Нийслэлийн газар нутагт харьяалагддаг газрыг авсан нь газар эзэмших, ашиглах эрхийг ноцтой зөрчиж байна ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар

3.1. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б** Ү***** Э******* ХХК-аас тус шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А181 дугаар захирамжийн Э***** П******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан. Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодруулсан байна. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны А/81 дугаар захирамжийн Э***** П******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж өөрчилсөн.

Б** Ү***** Э******* ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020.05.21-ний өдрийн А/378 дугаар тушаалаар Хан-уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Жаргалантын ам нэртэй газарт 2 га талбай бүхий газрыг Аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, оторлох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах 1 зориулалтаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу зөвшөөрөл авч 6208754 тоот гэрчилгээг 5 жилийн хугацаатай авсан болно. Ийнхүү бид газраа авсан боловч нийтийн хамарсан хөл хорионы улмаас нэг хэсэгтээ үйл ажиллагаагаа явуулж чадаагүй бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах хүсэлтээ өгч, гэрээнд тус байгууллага гарын үсэг зурсан бөгөөд одоо Хануул дүүргийн Засаг даргаар гурвалсан гэрээнд гарын үсэг зуруулахаар хүргүүлээд манай компани тус газартаа аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан хийлгэж, концепц төсөл, загвар зургаа зохих зардал гарган хийлгэсэн. Гэтэл бидний авсан дээрх газарт давхцуулан хашаа хатгасан байсныг бид хэн, ямар зорилгоор ийнхүү хашаа хатгасныг олж мэдэж чадаагүй бөгөөд сүүлд 2022 дугаар сарын 03 дугаар сарын 28-ны өдөр e.gazar.gov.mn сайтаар орж хашаа хатгасан хэсгийг үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2021.03.22-ны өдрийн А/181 дугаар захирамжаар дээрх манай авсан газарт давхцуулан Хануул дүүрэг, 8-р хороо, "Э***** П******* ХХК-д амины орон сууцны зориулалтаар 11900 м кв газар олгосныг мэдсэн. Нийслэлийн Засаг даргаас ийнхүү бусдын эзэмшил бүхий газарт давхцуулан газар олгосон нь Газрын тухай хуулийн 31.3. Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.." гэсэн заалтыг шууд зөрчиж, манай компанийн газар эзэмших, ашиглах эрхийг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2021.03.22-ны өдрийн А/181 дугаар захирамжаар манай газарт давхцуулан "Э***** П******* ХХК-д амины орон сууцны зориулалтаар 11900 м кв газар олгосон хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаад энэхүү шийдвэрийг хүчингүй болгосноор компанийн газар эзэмших эрх хамгаалагдах болно. Нэгэнт бидний анх авсан газарт дараа нь Нийслэлийн Засаг даргаас давхцуулан олгосноор бидний эрхийг зөрчиж байна. Энэхүү маргаан бүхий захирамжийг манай компанид Нийслэлээс мэдэгдээгүй бөгөөд бид egazar.gov.mn сайт дээрээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7 дахь хэсэгт зааснаар аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан.

Нэр бүхий 17 иргэн 2018 онд маргаан бүхий газрыг авсан гэх боловч тухайн иргэд газраа зориулалтын дагуу огт ашиглаагүй, мөн уг газарт нийслэлээс газар олгосон нь хууль бус юм. Гэтэл уг газрыг дээрх A/81 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь өмнө нь "Б** Ү***** Э*******" ХХК-д олгосон газартай давхцуулан олгосон нь хууль бус байна. "Б** Ү***** Э*******" ХХК-ийн хувьд хууль заасан зохих шаардлагыг хангаж, холбогдох бичиг баримтаа бүрдүүлж, холбогдох хураамжаа төлж, зохих зардал гаргаж уг газрыг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газарт зохих зориулалтын дагуу газрыг авсан, тушаал, гэрчилгээ, кадастр нь гарсан. Бид тус газартаа аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан хийлгэж, концепц төсөл, загвар зургаа зохих зардал гарган хийлгэсэн. Ийнхүү зориулалтын дагуу газраа ашиглах гэтэл гуравдагч этгээдэд бидний газрыг давхцуулан олгосноор бидний газар эзэмших, ашиглах эрхийг зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Б** Ү***** Э******* ХХК нь нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нийслэлийн Засаг даргын нийслэлийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/81 дүгээр захирамжийн Э***** П******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дээрх нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд эзэмшүүлсэн бусдын газар эзэмших эрхийг шилжүүлж 11900 газрыг Э***** П******* ХХК-д 15 жилийн хугацаатайгаар шийдвэрлэсэн нь Б** Ү***** Э******* ХХК-н Газар эзэмших эрхийг хязгаарлаж, хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй байгаа нь Газрын кадастрын мэдээллийн сан дахь зургаар буюу суурин судалгаагаар нотлогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтад нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд мөн бөгөөд 54.1.3 дахь заалтад зааснаар гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглээгүй байх тул дээрх хоёр үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3.3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... "Э***** П*******" ХХК нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан "Б** Ү***** Э******* ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу манай компанийн нэр дээр Нийслэлийн Засаг даргын 2021.02.10-ний өдрийн А/81 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11900 м.кв амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамж гарсан.

Бид Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах Нийслэлийн газар нутагт харьяалагддаг газрыг 2018 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн А/988 дугаар захирамжтай нэр бүхий 17 иргэнээс 2019.04.03-ний өдөр "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ээр шилжүүлэн авах хүсэлтээ Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өгсний дагуу Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн A/81 дугаар захирамжаар "Э***** П******* ХХК-нд хууль ёсны дагуу шилжүүлэн авсан. Нийслэлийн Засаг даргын дээрх тоот захирамж нь ковидын үеийн нөхцөлөөс шалтгаалж бүтэн хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр А/81 тоот захирамж гарсан. Гэтэл "Б** Ү***** Э*******" ХХК нь манай компанийн захирамжтай Хан-Уул дүүргийн 8 Дугаар хороонд байрлах 11900 м.кв амины орон сууцны зөвшөөрөлтэй газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын 2020.05.21-ний өдрийн А/378 дугаар бүхий тушаалаар авсан нь хууль зөрчсөн төдийгүй Нийслэлийн газар нутагт харьяалагддаг газрыг авсан нь Газар эзэмших, ашиглах эрхийг ноцтой зөрчиж хууль бус тушаал шийдвэр гаргуулсныг тус шүүхэд өгч Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/81 тоот бүхий 5 хуудас бүхий нотлох баримтууд хуулбар үнэн даруулж өгсөн. Бид өөрсдийн эзэмшлийн газартаа 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хашаа хатгаж газраа баталгаажуулсан байхад "Б** Ү***** Э*******" ХХК нь 2022.03.28-ний өдөр мэдсэн гэж хэлсэн. 17 иргэнээс Э***** П******* ХХК руу газар шилжих үйл явц үргэлжилж байхад тус компани Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас А/378 тоот шийдвэр гаргуулсан нь ноцтой үйлдэл бөгөөд Нийслэлийн газар нутагт харьяалагддаг газрыг Тусгай хамгаалалтын газар нутаг хэмээн авч бусдын өмч рүү дайрч, дээрэнгүй байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль бус үйлдэл юм. Тиймээс манай компани хуулийн дагуу авсан 11900 м.кв газрыг "Б** Ү***** Э******* ХХК цуцлуулах хүсэлт өгснийг бид хүлээн зөвшөөрөөгүй. Энэ талаар шүүх хуралд хариуцагчаар оролцох Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын алба тодорхой тайлбаруудыг тайлбарлах учраас бусад тайлбарыг орхигдуулсан. Манай газрын авсан эргэн тойронд Улаанбаатар хотын Засаг даргын захирамжтай газар дотор манай газар дархан цаазат газар оров гэдэг нь миний анхаарлыг татаж байна. Үүн дээр шүүх онцгой анхаараарай гэж хүсэж байна. гэжээ.

3.4. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөж гуравдагч этгээдээр оролцож байгаа. Үндсэн хуульд заасан газар эзэмших ашиглах эрх маань зөрчигдсөн. Газар эзэмших эрх төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр захиргааны актыг үндэслээд газар эзэмших эрх үүсэж байгаа юм. Цаг хугацааны хувьд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А988 дугаар захирамжаас эхлээд газартай холбоотой эрх зүйн харилцаа үүссэн. Энэ газар дээр байсан 17 иргэн газар эзэмших гэрээгээ Э***** П******* ХХК руу шилжүүлэн өгч хуулийн этгээдийн зохион байгуулалт доор газраа эдийн засгийн эргэлтэд орж тодорхой төсөл хэрэгжүүлэх зорилгын хүрээнд хууль ёсны дагуу шилжүүлэн өгсөн байдаг. Ямар процесс болсон талаар Захиргааны хэргийн шүүхэд холбогдох баримтууд ирсэн. 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр А81 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны амины орон сууцны зориулалттай газар эзэмших гэрчилгээг Э***** П******* ХХК нь 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газрын байршил болон маргаан бүхий мэдээллийг ирүүлсэн. Түүнээс гадна шүүхээс 17 иргэний 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлүүлэх газрын баталгаажилт болон хувийн хэрэгт холбогдох нотлох баримтыг ирүүлсэн. 2018 оноос хойш эзэмшиж байсан газрууд маань ямар хууль дүрмийн дагуу шилжсэн талаар нотлох баримт ирсэн байгаа. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа удаашралд орсон. Иргэний өргөдөл гомдол шийдвэрлэх хуулийн дагуу эрчимтэй ажиллаагүй сөрөг үр дагавар харагдаж байгаа. 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А81 дугаар захирамжаар хууль ёсны дагуу газрыг эзэмшүүлэх эрх зүйн акт гаргадаг. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй байна гэж Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд захирамжаа гаргасан гэдэг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас харагдаж байна. Цар тахалтай холбоотойгоор газар эзэмших ашиглах ажиллагаанд орж чадаагүй хашаагаа хатгасан байсан. Өнөөдрийн маргаан бүхий байдал нь тус компанитай хамаагүй юм. Өөрөөр хэлбэл эрх бүхий субъектийн гаргасан шийдвэрийн хүрээнд газраа эзэмших ашиглах явцад өөр төрийн захиргааны байгууллагаас давхцуулан олгож байгаа үйл баримтын хохирогч нь Э***** П******* ХХК юм. Тэгэхээр аливаа эрх зүйн харилцаа цаг хугацаагаар тодорхойлогддог. Тэгэхээр 2018 онд газрыг эзэмшүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн гаргасан захирамжийн хүрээнд харилцаа маань эхэлсэн байгаа. Гэтэл Байгаль орчин яам нэлээн цаг хугацааны дараа газрыг давхцуулан олгосон нь яамны хууль бус шийдвэр захиргааны актыг хүчингүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Тийм учраас төрийн байгууллагын давхцуулан олгосон шийдвэртэй холбогдуулан манай гуравдагч этгээдийн хууль ёсны эрх зөрчигдөж байгаа учраас түүхчилсэн баримтыг үндэслэж шийдвэр гаргах байх гэж найдаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Хариуцагчийн эрх хэмжээний асуудлыг дүгнэсэн тухайд:

1.1. Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад заасан холбогдох захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн төрлийг сонгож маргасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/81 дугаартай захирамжийн Б** Ү***** Э******* ХХК-ийн газартай давхцуулан Э***** П******* ХХК-д амины орон сууцны зориулалтаар олгосон хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын хэлсэн тайлбар зэргээс үзэхэд, энэхүү маргааны гол үйл баримт нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд олгосон давхцал бүхий газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэст хамаарах уу, эсхүл нийслэлийн газар нутгийн хилийн цэст хамаарах уу, түүнчлэн, хууль зүйн агуулгаараа хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь эрх хэмжээний хувьд маргаж буй 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/81 дугаартай захирамжийг гаргаж, газар эзэмших эрх шилжүүлэх нь үндэслэлтэй байсан эсэхэд оршиж байна.

1.3. Шүүхээс маргаан бүхий газарт холбогдох давхцалын талаарх лавлагааг зохих эрх бүхий байгууллагаас гаргуулахад дараах тайлбарууд ирсэн. Тодруулахад,

1.4. Шүүхээс шаардсан нотлох баримт гаргуулах тоотуудын дагуу холбогдох эрх бүхий байгууллагуудын лавлагаагаар, тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09/3755 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа[15], Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/2145 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа[16], тус шүүхээс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын мэдээллийн санд хийсэн үзлэгээр[17] бэхжүүлэн авсан зургаас үзэхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар хоорондоо давхцалтай болох нь тогтоогдож байна.

1.5. Харин шүүхээс маргаан бүхий газарт холбогдох хилийн цэсийн талаарх лавлагааг зохих эрх бүхий байгууллагуудаас гаргуулахад дараах зөрүүтэй тайлбарууд иржээ.

1.6. Тодруулбал, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/3678 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа[18], Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/2145 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар[19] нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд давхцуулан олгосон газар нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа талаар тайлбар ирсэн.

1.7. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 09/4014 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа[20], 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 09/4862 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа[21], мөн тус яамны гаргасан нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газрын лавлагаагаар[22] нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн давхцалтай газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа талаар тайлбар ирсэн.

1.8. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон ашиглах эрхтэй газар болон гуравдагч этгээдэд Нийслэлийн Засаг даргаас олгосон эзэмших эрхтэй газар нь хоорондоо давхцалтай талаарх үйл баримт маргаангүй, харин энэ газар нь хилийн цэсийн хувьд нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах эсэх үйл баримт маргаантай байна.

1.9. Энэ тохиолдолд шүүх хариуцагч Нийслэлийн Засаг даргын болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эрх хэмжээ, чиг үүргийг тодруулах замаар уг маргаан бүхий үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

1.10. Тодруулбал, захиргааны эрх зүйд аливаа нийтийн захиргааны байгууллагын эрх хэмжээ, чиг үүргийг тодруулан тогтоохдоо субординацийн онол буюу захирах захирагдах ёсны онол, эрх зүйн эх сурвалжийн шатлалын онолыг хэрэглэдэг.

1.11. Захирах захирагдах ёсны онолын дагуу захиргааны байгууллагын эрх хэмжээ, чиг үүрэг нь шатлан захирах ёс дээр тулгуурлах, дээд шатны захиргааны байгууллагын эрх хэмжээ, чиг үүрэгт доод шатны захиргааны байгууллага халдахгүй байх, хуулиар аль захиргааны байгууллагад эрх хэмжээ, чиг үүрэг олгосон байгаагаас хамаарч тухайн захиргааны байгууллага нь чиг үүргээ хэрэгжүүлэх учиртай.

1.12. Эрх зүйн эх сурвалжийн шатлалын онолын дагуу хуулиар тусгайлан эрх олгосон асуудлын хүрээнд гаргасан захиргааны байгууллагын шийдвэр нь бусад захиргааны байгууллагын шийдвэрээс эрх зүйн хувьд илүү хүчин чадалтай гэж үзнэ.

1.13. Дээрх онолуудын үзэл баримтлал холбогдох хуульд тусгалаа олжээ. Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 8 дугаар зүйлд Дархан цаазат газрыг байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс, ус, ургамал, амьтны аймгийн онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх байдал зэргийг харгалзан дараахь бүсэд хуваана: гээд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хязгаарлалтын бүс. гэжээ.

1.14. Мөн хуулийн 25 дугаар зүйлд Улсын Их Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд мөн зүйлийн 2 дахь хэсэгт ... дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх. гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлд Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд мөн зүйлийн 9 дэх хэсэгт тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам, уг газарт байлгаж болох малын төрөл, тоог тогтоох; гэж, түүнчлэн, тус хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана. гэж тус тус заажээ.

1.15. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, аливаа дархан цаазат газар нь тодорхой бүсүүдэд хуваагдах бөгөөд дархан цаазат газарт хамаарах хилийн заагийг Улсын Их Хурлын баталснаар тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журмыг тогтоох, мөн дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг гаргах эрх хэмжээ, чиг үүргийг хууль тогтоогч тогтоожээ.

1.16. Өөрөөр хэлбэл, шатлан захирах ёсны хамаарал болон эрх зүйн эх сурвалжийн шатлалын хувьд дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх эрх хэмжээг зөвхөн Улсын Их Хуралд, түүнийг үндэслэн дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг гаргах эрх хэмжээг зөвхөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамд хуулиар олгожээ.

1.17. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар[23] дархан цаазат газрын хилийн заагийг тогтоосон байх бөгөөд энэхүү тогтоол нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна.

1.18. Тус 1 дүгээр хавсралтын 3-т Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг-ийг тогтоохдоо арга зүйн хувьд уулын өндөрлөгөөр баримжаалан хилийн заагийг тогтоосон байх бөгөөд түүнд ... Айц уул /1735,2/, түүнээс хойш оргих 1624,0, 1338,0 тоотууд, 1338,0 тоотоос зүүн хойш орших Яармаг, Нисэхийн чиглэлээс Нүхэтийн ам руу салсан засмал замын уулзварын баруун урд талын 1 тоот шон, Нүхтийн засмал замыг гатлан засмал замын урьд захаар Яармагийн гүүрийн зүүн урд үзүүр, түүнээс зүүн тийш Туул голын урд эргээр Баянзүрхийн авто замын Гүүрийн баруун урд 21 тоот шон ... гэх зэргээр заажээ.

1.19. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/429 дугаартай Тусгай хамгаалалтын газар нутгийн дотоод бүсийг шинэчлэн батлах тухай тушаал[24], мөн тус яамны сайдын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаартай Дотоод бүсийг шинэчлэн батлах тухай тушаал[25] гарч, уулын өндөрлөгөөр баримжаалан тогтоосон хилийн заагийг арга зүйн хувьд координацийн утгаар нь хязгаарлалтын бүс, онгон бүс гэх зэрэг ангиллаар тогтоосон байна.

1.20. Тиймээс энэ тохиолдолд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээ, чиг үүргийг хэрэгжүүлж Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийг тогтоож, тухайн бүсэд хуулийн этгээдэд газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэр, үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй байх бөгөөд тус яамнаас тогтоосон хязгаарлалтын бүсэд аливаа иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх эрх хэмжээ Нийслэлийн Засаг даргад олгогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

1.21. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 09/4014 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа[26], 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 09/4862 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа[27], мөн тус яамны гаргасан нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газрын лавлагаагаар[28] нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн давхцалтай газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа талаар тайлбарлаж байгаа нь хуульд нийцсэн үндэслэл бүхий тайлбар гэж үзлээ.

1.22. Түүнчлэн, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна. гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргаас 2018 оны А/988 дугаартай захирамжаар нэр бүхий 17 иргэнд газар эзэмшүүлэхэд, түүний дараа маргаж буй 2021 оны А/81 дугаартай захирамжаар тэдгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гуравдагч этгээд Э***** П******* ХХК-д шилжүүлэхдээ тухайн газар нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан газар байсан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоогүй, энэ талаар хариуцагчийн зүгээс нотлох баримт гаргаж өгөөгүй, мөн зүйлийн 31.3 дахь хэсэгт Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргаас Э***** П******* ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ тус газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхацсан эсэхийг нягтлан тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй байгаа энэ тохиолдолд Нийслэлийн Засаг даргын гаргасан 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/81 дугаартай захирамжийн Э***** П******* ХХК-д холбогдох хэсгийг зөвтгөх үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

1.23. Гуравдагч этгээд Э***** П******* ХХК-иас Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлан хариуцагчаас хохирол шаардах эрхийг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.

1.24. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хоёр. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай үндэслэлийн талаар:

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтад нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж заасны дагуу Б** Ү***** Э******* ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, мөн тус хуулийн 54.1.3 дахь заалтад зааснаар гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглээгүй байх тул дээрх хоёр үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй ... гэх агуулгаар тайлбар гаргасан.

2.2. Нэхэмжлэгч Б** Ү***** Э******* ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/378 дугаартай тушаалаар Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам гэх нэртэй 2 га талбайг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхтэй гэх үйл баримт тогтоогдсон, тухайн газар нь бусдын эзэмших эрхтэй газартай давхацсан гэж маргаж байгаа энэ тохиолдолд түүнийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй.

2.3. Мөн нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжтай маргаж байгаа энэ тохиолдолд түүнийг шууд харьяалах дээд шатны байгууллага байхгүй гэсэн үндэслэлээр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.

2.4. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг шүүх үндэслэл бүхий гэж үзээгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3, 25 дугаар зүйлийн 2, 27 дугаар зүйлийн 9, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б** Ү***** Э******* ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/81 дугаартай захирамжийн Б** Ү***** Э******* ХХК-ийн газартай давхцуулан Э***** П******* ХХК-д амины орон сууцны зориулалтаар олгосон хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ