Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 737

 

 

 

 

 

 

 

 

 

“Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.О даргалж, шүүгч Г.Д, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2019/00397 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Л” ХХК-ийн хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 456 000 000 төгрөг гаргуулж, үл хөдлөх болон хөдлөх барьцаа хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн, нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх, хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг тус тус даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.О-Н илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, хариуцагчийн өмгөөлөгч П.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 200 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 30 хоногийн 4 хувийн хүүтэй зээлэхээр гэрээ байгуулж, барьцаанд “Т” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000248396 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-1:5048727 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон /16101/, Москвагийн гудамж, 8 дугаар байрны 88 тоот, 48.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Мөн “Т” ХХК нь өр төлбөрийг бүрэн барагдуулах баталгаа болгож үл маргах журмаар 2010 онд үйлдвэрлэгдсэн, арлын JTMDV09JXB051421 дугаартай Тоуоta Land Cruser 200 маркийн 9299 УНБ улсын дугаартай суудлын автомашин болон 2012 онд үйлдвэрлэгдсэн, арлын 1FTFW1EF8CFA81973 дугаартай Ford F-150 ачааны автомашины эрхийг шилжүүлсэн. Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4-т зээлийг дансаар олгохоор заасан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зээлдэгчийн Төрийн банкны 108400672928 тоот дансанд 100 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мөн дансаар 80 000 000 төгрөг, 20 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Талууд 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж зээлийг төлөх эцсийн хугацааг 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл сунгасан. Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т зээлийг зээлдэгч бэлнээр хүлээн авсан өдрөөс эхлэн хүү тооцохоор заасан ба зээлдэгч нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 40 000 000 төгрөгийг төлсөн, харин энэ хугацаанаас хойш төлбөр төлөөгүй. Талууд 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр тооцоо нийлсэн актаар 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 200 000 000 төгрөг, зээлийн хүүд 104 000 000 төгрөг, нийт 304 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг харилцан баталсан. Гэтэл тооцоо нийлснээс хойш зээлдэгч төлбөр төлөхгүй 3 сарын хугацаа өнгөрч байна. Зээлийн гэрээний 3.2.1-т заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй боловч уг үүргээ биелүүлээгүй. Талууд гэрээгээр зээлдүүлэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно, зээлийн гэрээний хугацаа дууссан нь үүргээ биелүүлээгүй зээлдэгчийг төлөгдөөгүй зээл, зээлийн хүү, алданги бусад төлбөр тооцоог төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тохиролцсон. Иймд зээлийн үндсэн төлбөр 200 000 000 төгрөг, зээлийн хүү 104 000 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх 429 хоногийн алданги буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 152 000 000 төгрөг, нийт 456 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000248396 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205048727 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон /16101/, Москвагийн гудамж, 8 дугаар байрны 88 тоот, 48.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 2010 оны  JTMDV09JXB051421 арлын дугаартай, 9299 УНБ улсын дугаартай, Тоуоta Land Cruser 200 маркийн суудлын автомашин, 2012 онд үйлдвэрлэгдсэн, 1FTFW1EF8CFA81973 арлын дугаартай, 3333 УНЧ улсын дугаартай Ford F-150 маркийн ачааны автомашин зэрэг эд хөрөнгүүдийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Талууд 200 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, Ү-2205048726 тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлийн төлбөрт 456 000 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээг зээлийн хүүтэй дүнгээс тооцсоныг зөвшөөрөхгүй. Зээлийн хүү хэт өндөр байх тул бууруулан тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Л” ХХК-тай 2016 онд 3 удаа зээлийн гэрээ байгуулсан. Анх 2016 оны 7 дугаар сарын 7-нд 100 000 000 төгрөгийн гэрээ, 2016 оны 7 дугаар сарын 20-нд барьцаат зээлийн гэрээ байгуулж 60 000 000 төгрөг зээлсэн ба энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ү-...8726 тоот үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Гурав дахь гэрээгээр 200 000 000 төгрөгийг зээлсэн, харин барьцааны гэрээ байгуулаагүй. 2016 оны 7 дугаар сарын 20-н ы өдөр үл хөдлөх хөрөнгө барьцаалж 60 000 000 төгрөгийг зээлсэн ба уг зээлийг бүрэн төлсөн. Харин с 200 000 000 төгрөгийн зээлд барьцааны гэрээ бичгээр хийгээгүй атлаа барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулаагүй, үл хөдлөх хөрөнгийн барьцааг улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Харин 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 60 000 000 төгрөгийн барьцаат зээл төлөгдөж дууссан тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасан үндэслэлээр Баянгол дүүргийн 20-р хороо, Шинэ хотхон /16101/ Москва гудамж 8 байр 28 тоот 48.5 мкв Ү-...8726 тоот бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг "Л” ХХК-д даалгаж өгнө үү. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт зааснаар фидуцийн гэрээг бичгээр байгуулах ёстой. Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар бичгээр фидуцын гэрээ байгуулаагүй боловч Land cruiser 200 маркийн 92-99 УНБ улсын дугаартай автомашин, Ford F-150 маркийн 33-33 УНЧ улсын дугаартай автомашинуудын өмчлөх эрхийг “Ланд стар ложистикс" ХХК өөртөө шилжүүлж авсан. Эдгээр машинуудыг “Л” ХХК худалдаж аваагүй бэлэг болгон хүлээж аваагүй, талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор фидуцийн гэрээний дагуу өмчлөлд шилжүүлсэн. Барьцааны гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар Land cruiser 200 маркийн 92-99 УНБ улсын дугаартай автомашин болон Ford F-150 маркийн 33-33 УНЧ дугаартай  автомашинуудын өмчлөх эрхийг хариуцагчийн нэр дээр шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгаж өгнө үү. Нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд Land cruiser 200 маркийн автомашины улсын дугаарын УНВ гэснийг УНБ гэж үсгийг андуурсан байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдгийг үндсэн зээл, гэрээгээр тогтоосон бол зээлийн хүүний нийлбэр болохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу зээл, зээлийн хүүний дүнгээс тооцох үндэслэлтэй. Талуудын зээлдүүлэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлнө, зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд 2.4-т заасан алдангийг үл маргах журмаар төлөхөөр гэрээгээр тохиролцсон. 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн тооцоо нийлсэн актаар үндсэн зээл 200 000 000 төгрөг, зээлийн хүү 104 000 000 төгрөг, нийт 304 000 000 төгрөг байгааг тооцож, уг үнийн дүн буюу гүйцэтгээгүй үүргээс алданги тооцох үндэслэлтэй, алданги тооцох тухай талуудын тохиролцоог хуулиар хориглоогүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсэгт барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд харилцан тогтооно" гэж заасны дагуу талууд харилцан тохиролцож зээлийн хүүг тогтоосон. Учир нь талууд 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 297 дугаар зээлийн гэрээг хүсэл сонирхлоо харилцан тэгш эрхтэйгээр илэрхийлсний үндсэн дээр 30 хоногийн 4 хувийн хүүтэйгээр тохиролцсон байх бөгөөд уг гэрээний 6.3-т “талууд гэрээний бүх нөхцөлийн талаар харилцан илэрхийлж тохиролцсон бөгөөд бүрэн дүүрэн ойлголтыг авсан болно. Зээлдэгч нь сайн дурын үндсэн дээр өөрийн саналаар энэхүү гэрээг байгуулж байгаа” гэжээ. Энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцнэ. Учир нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх нөхцөлд хүүгийн хэмжээг хэт өндөр тогтоосон байхыг хамааруулах бөгөөд талууд харилцан тохиролцож 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг бичгээр байгуулж, мөн зээлийн хүүг сарын 4 хувь байхаар тохиролцсон байх ба зээлдэгчийн зүгээс зээлийн хүүг хэт өндөр гэж үзэн, багасган бууруулах талаар хүсэлт, гомдол, санал гаргаагүй. Зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгчээс зээлийн хүүгийн талаар санал гаргах, тохиролцох эрхийг хязгаарлаагүй бөгөөд хариуцагч зээлийн гэрээ болон зээл, зээлийн хүүг төлөх хуваарь, тооцоо нийлсэн акт зэрэгт гарын үсэг зурж, зээлийн хүүг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хүлээн зөвшөөрч төлж байсан нь хэрэгт авагдсан зээлдүүлэгчийн дансны хуулгаар нотлогдож байх тул зээлийн хүүг хэт өндөр буюу зээлдэгчийн эрх, ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагчийн дансны хуулгаас үзвэл 3 сарын хугацаанд 1 тэрбум гаруй төгрөгийн орлоготой байх тул зээлдэгчийг төлбөрийн чадваргүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүү хэт өндөр гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул зээлийн хүүгийн хэмжээг багасгах хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 200 000 000 төгрөгийн зээлд барьцааны гэрээ бичгээр байгуулаагүй гэх боловч хэрэгт 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 200 000 000 төгрөг, зээлийн гэрээний барьцаанд 150 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцаа барьцаалсан талаар барьцааны гэрээг бичгээр байгуулсан. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ бөгөөд зээлдэгчийн зүгээс энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар мөн өдөр дээрх барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлийн Ү-2205048727 дугаартай Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон Москва гудамж, 8 дугаар байр, 88 тоот, 48.5 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан, мөн зүйлийн 73.2 дахь хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал хамт шийдвэрлэнэ гэж хуульчлан заасан. Гэтэл хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон Москва гудамж, 8 байр, 28 тоот, 48.5 м.кв улсын бүртгэлийн Ү-8726 дугаартай 3 өрөө орон сууц нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул хамт тооцогдох боломжгүй, уг шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх байна. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний дагуу барьцаалагдсан гэх Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон Москва гудамж, 8 байр, 28 тоот, 48.5 м.кв дугаартай 3 өрөө орон сууц нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хамт тооцогдох боломжгүй тул уг шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагад хамааралгүй тул сөрөг нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчийн тайлбар нотлох баримт болох бөгөөд хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ фидуцийн гэрээг байгуулаагүй гэх боловч 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд тайлбарлахдаа 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 297 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож “Т” ХХК Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах Ү-2205048727 дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан бөгөөд хөдлөх хөрөнгө болох автомашинуудыг “Л” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болохоо хүлээн зөвшөөрсөн. Мөн тайлбарт “барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд автомашинуудын өмчлөл тус компанид бүртгэлтэй байгаа юм” гэжээ. Фидуцийн гэрээг хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр хийнэ гэж зохицуулсан бөгөөд энэхүү зохицуулалтын үр дагавар нь мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.11 дэх хэсэгт зааснаар нотолгооны бусад хэрэгслээр нотлогдвол фидуцийн гэрээ байгуулсанд тооцож болохоор заасан. Дээр дурдсан хариуцагч талын шүүхэд гаргасан үндэслэл бүхий тайлбараар хөдлөх хөрөнгө болох автомашинуудыг шилжүүлсэн болох нь нотлогдох бөгөөд мөн хэрэгт авто тээврийн гэрчилгээнүүд авагдсан болно. Хариуцагчийн зүгээс 9299 УНВ улсын дугаартай Ланд Круйзер 200 маркийн автомашин болон 3333 УНЧ улсын дугаартай Ford F-150 маркийн автомашинуудыг нэхэмжлэгчид шилжүүлсэн нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу хүсэл зоригоо үйлдлээр илэрхийлсэн гэж үзнэ. Фидуцийн гэрээний хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгэгчийн өмчлөлд шилжүүлэх шинжийн хувьд шилжүүлсэн хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар гэрээ дуусгавар болох хууль зүйн үр дагаврын хувьд бодит бус хийсвэрээр тодорхойлогдох бөгөөд фидуцийн зүйл өмчлөлд шилжсэн ч түүнийг ашиглах эрхгүй байх, захиран зарцуулах эрхгүй байх үр дагаврууд нь уг хөрөнгийн өмчлөх эрх хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар бодитойгоор шилжих хүртэл хугацаанд хийсвэр байх агуулгыг илэрхийлэх тул үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу ямар нэгэн хэлбэрээр үр дагавраа тодорхойлон хүсэл зоригоо илэрхийлэх боломжтой байна. Фидуцийн гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийг худалдан борлуулж, үнийн дүнгээс хангуулах, үлдэх төлбөрийг буцаан өгөх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэл зориг тул нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг хөдлөх эд хөрөнгийн үнээс хангуулах шаардлага нь үндэслэлтэй болно. Иймд талуудын хооронд фидуцийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Дээрх зүйлээс үндэслэн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүх хуралдааны явцад үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 456 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 156 дугаар зүйлийн 156.2, 156.3, 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагын улсын бүртгэлийн Ү-2205048727 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон /16101/, Москвагийн гудамж, 8 дугаар байрны 88 тоот, 48.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон 2010 онд үйлдвэрлэгдсэн, JTMDV09JXB051421 арлын дугаартай, Тоуоta Land Cruser 200 маркийн 9299УНВ дугаартай суудлын авто машин, 2012 онд үйлдвэрлэгдсэн, 1FTFW1EF8CFA81973 арлын дугаартай, Ford F-150 маркийн 3333УНЧ дугаартай ачааны автомашины үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн хэсгийг, сөрөг шаардлагын улсын бүртгэлийн Ү-…8726 дугаартай Баянгол дүүргийн 20-р хороо, Шинэ хотхон /16101/ Москва гудамж 8 байр 28 тоот 48.5 мкв 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах гэсэн хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Land cruiser 200 маркийн 9299 УНВ улсын дугаартай автомашин, Ford F-150 маркийн 3333 УНЧ улсын дугаартай автомашинуудын өмчлөх эрхийг хариуцагч “Т” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг, мөн  улсын бүртгэлийн Ү-2205048727 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон /16101/, Москвагийн гудамж, 8 дугаар байрны 88 тоот, 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгч “Л” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2 437 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 70 200 төрөг гаргуулж хариуцагчид олгож, урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж нэхэмжлэгчийн 2 578 350 төгрөг, хариуцагчийн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зээлийн гэрээний үүрэгт 456 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Хэдийгээр зээлийн гэрээнд эхлээд хүү, алдангийг төлөхөөр заасан мөн тооцоо нийлсэн актад төлсөн дүнг хүүд тооцохоор тохирсон боловч энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байхад энэ талаар шүүх дүгнээгүй. Зээлдэгчийн төлсөн төлбөр нь эхлээд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн үүрэг, дараа нь хүүгээс хасагдах учиртай. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг нэхэмжлэгчийн тодорхойлсноор 40 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасаагүйд гомдолтой байна. Хэрэв үндсэн зээлээс хасвал 160 000 000 төгрөгийн үндсэн зээл, хүү 70 400 000 төгрөг, нийт 230 400 000 төгрөг болно. Үүнээс алданги 115 000 000 төгрөг, нийт 345 600 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч “Л” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 456 000 000 төгрөг гаргуулж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205048727 дугаартай Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон /16101/, Москвагийн гудамж, 8 дугаар байрны 88 тоот байр болон JTMDV09JXB051421 арлын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн Land Cruiser 200 маркийн автомашин, 1FTFWEF8CFA81973 арлын дугаартай 2012 онд үйлдвэрлэгдсэн Ford F-150 маркийн автомашины үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн төлбөрт хүү алданги өндөр тооцож байгааг болон үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа хөрөнгийг барьцаалахдаа хуульд заасан шаардлагад нийцүүлэн гэрээ байгуулаагүй тул барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах үндэслэлгүй гэж сөрөг шаардлага гарган маргажээ.

            Зохигчдын хооронд хийгдсэн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 297 дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч “Ланд стар ложистик” ХХК нь 200 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч “Т” ХХК нь зээлийг гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу хүүгийн хамт эргүүлэн төлөх үүрэг хүлээж, талууд гарын үсгээр баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд шүүх талуудад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн талаар зөв дүгнэжээ.

            Зээлдүүлэгч 200 000 000 төгрөгийг 3 удаагийн шилжүүлгээр зээлдэгчид шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн ба зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг талууд харилцан тохиролцож 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл сунган, гэрээний бусад нөхцлийг хэвээр хадгалсан нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ /хх-14/ хэрэгт авагджээ.

Хариуцагч буюу зээлдэгч нь 40 000 000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд гэрээний хугацааг 7 дугаар сарын 21-нээс хойш дахин сунгаагүй гэж тайлбарлаж байна.

            Иймд үндсэн зээл 200 000 000 төгрөгийг 8 /2+6/ сарын хүү 64 000 000 төгрөгийн хамт төлөх үүрэг зээлдэгчид үүссэнээс 40 000 000 төгрөгийн хүүг төлсөн  тул зээлийн төлбөрийн үлдэгдэл нийт 224 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх нэхэмжлэгчид үүсчээ.

Талууд зээлийн гэрээний 2.4 дэх заалтаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байх тул гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар хязгаарлаж 112 000 000 төгрөгийн алданги шаардах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт нийцнэ.Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 336 000 000 төгрөгийг хангах үндэслэлтэй байх боловч хариуцагч тал 345 600 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул нэхэмжлэлийг уг хэмжээгээр хангах нь нь зүйтэй.

Зохигчдын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр баталгаажуулсан тооцоо нийлсэн акт нь зээлийн гэрээний хугацааг сунгасан болон зээлийн хүүг мөн өдрийг хүртэл хэвээр үргэлжлүүлж төлөх агуулгагүй байх тул  Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгийн хүү тогтоосон бол гэрээг бичгээр байгуулах шаардлага хангагдаагүй гэж үзнэ.

Иймд тооцоо нийлсэн актыг үндэслэн хүүгийн төлбөрийг мөн өдрийг хүртэл 144 000 000 төгрөгөөр тооцож, төлөгдсөн 40 000 000 төгрөгийг хасч, зээлийн төлбөрийн нийт үлдэгдлийг 304 000 000 /200 000 000 +104 000 000 000/ төгрөг гэж тогтоосон нь хуульд нийцэхгүй бөгөөд уг дүнгээс алданги тооцож 456 000 000 төгрөг нэхэмжилснийг шүүх бүхэлд нь хангасан нь буруу тул уг алдааг дээр дурдсанаар залруулах нь зүйтэй.

Харин үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож, барьцааны гэрээг мөн өдрөө байгуулан, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205048727 дугаартай Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон /16101/, Москвагийн гудамж, 8 дугаар байрны 88 тоот байрыг барьцаалсан боловч уг гэрээ нь бүртгэлд бүртгэгдээгүй, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгийн бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх хэлбэрийн шаардлагыг хангаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болно.

Мөн “Т” ХХК нь өөрийн зээлийн үүргийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн JTMDV09JXB051421 арлын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн Land Cruser 200 маркийн 9299 УНВ улсын дугаартай автомашин, 1FTFWEF8CFA81973 арлын дугаартай 2012 онд үйлдвэрлэгдсэн Ford F-150 маркийн 3333 УНЧ улсын дугаартай автомашиныг “Ланд стар ложистик” ХХК-ийн нэр дээр шилжүүлж авто тээврийн улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээний агуулгатай уг үйлдэлд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигдана.

Гэвч фидуцийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдоно.

Иймд дээрх хэлцлүүдийг анхнаасаа хүчин төгөлдөр бус, үр дагавар үүсгээгүй гэж үзэх тул  шүүх орон сууц, автомашины үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Түүнчлэн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205048727 дугаартай Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон /16101/, Москвагийн гудамж, 8 дугаар байрны 88 тоот байрыг барьцаанаас чөлөөлөхийг, мөн JTMDV09JXB051421 арлын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн Land Cruser 200 маркийн автомашин болон  1FTFWEF8CFA81973 арлын дугаартай 2012 онд үйлдвэрлэгдсэн Ford F-150 маркийн автомашиныг “Т” ХХК-д шилжүүлэхийг нэхэмжлэгч “Ландстар ложистик” ХХК-д даалгахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт нийцсэн байна.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлд дурдсан барьцааны орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлийн болон 8 дугаар байрны 88 тоот гэх дугаарыг 8-28 гэж алдаатай тодорхойлсноо шүүх хуралдаанд зөвтгөж тайлбарласан байна. /хх-166/

Гэтэл шүүх хариуцагчийн дээрх тайлбарыг анхааралгүйгээр сөрөг нэхэмжлэлийн “улсын бүртгэлийн Ү-...8726 дугаартай Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон /16101/, Москвагийн гудамж, 8 дугаар байрны 28 тоот 48.5 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхийг даалгуулах” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь алдаатай, орон сууцыг барьцаанаас чөлөөлж шийдвэрлэсэнтэй зөрчилтэй болсон байх тул уг алдааг зөвтгөж, зөрчилтэй заалтыг хассан өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2019/00397 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх  заалтын  “456 000 000 төгрөгийг” гэснийг “345 600 000 төгрөгийг” гэж, “олгосугай” гэснийг олгож, үлдэх 110 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 2, 3 дахь заалт болгон “2. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205048727 дугаартай Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон /16101/, Москвагийн гудамж, 8 дугаар байрны 88 тоот байр болон JTMDV09JXB051421 арлын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн Land Cruser 200 маркийн автомашин, 1FTFWEF8CFA81973 арлын дугаартай 2012 онд үйлдвэрлэгдсэн Ford F-150 маркийн автомашины үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

“3. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205048727 дугаартай Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон /16101/, Москвагийн гудамж, 8 дугаар байрны 88 тоот байрыг барьцаанаас чөлөөлөхийг, мөн JTMDV09JXB051421 арлын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн Land Cruser 200 маркийн автомашин болон  1FTFWEF8CFA81973 арлын дугаартай 2012 онд үйлдвэрлэгдсэн Ford F-150 маркийн автомашиныг “Т” ХХК-д шилжүүлэхийг нэхэмжлэгч “Ландстар ложистик” ХХК-д даалгасугай” гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын “2 437 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид” гэснийг “1 885 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид” гэж,  дугаарын “3” гэснийг “4”, “4” гэснийг “5” гэж  тус тус өөрчлөн  шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсгийг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 709 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.О

                        ШҮҮГЧИД                                           Г.Д

                                                                                    А.О