Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2019/00397

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “Л”ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Т”ХХК -д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 456,000,000 төгрөг гаргуулж, үл хөдлөх болон хөдлөх барьцаа хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн, нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг даалгах, хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн өмгөөлөгч П.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Л”ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...”Л”ХХК нь “Т”ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 297 дугаар Зээлийн гэрээ байгуулж 200,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 30 хоногийн 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн болно. Уг Зээлийн гэрээ-ний үүргийг хангуулахаар мөн өдөр Барьцааны гэрээ байгуулж зээлдэгч “Т”ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон /16101/, Москвагийн гудамж, 8 дугаар байрны ,, тоот, 48.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Мөн “Т”ХХК нь өр төлбөрийг бүрэн барагдуулна гэсэн баталгаа болгож үл маргах журмаар өөрсдөө бүртгэлийн байгууллагад очиж 2010 онд үйлдвэрлэгдсэн, арлын JTMDV09JXB051421 дугаартай Тоуоta Land Cruser 200 маркийн ,,УНБ улсын дугаартай суудлын автомашин болон 2012 онд үйлдвэрлэгдсэн, арлын 1FTFW1EF8CFA81973 дугаартай Ford F-150 ачааны автомашины эрхийг шилжүүлсэн. Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4-т ...зээл олгох хэлбэр: дансаар... гэж заасан бөгөөд зээлдүүлэгч нь зээлийн мөнгийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зээлдэгч “Т”ХХК-ийн Төрийн банкны ,, тоот дансанд 100,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мөн дансаар 80,000,000 төгрөг, 20,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Талууд 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-г байгуулж зээлийг эргүүлэн төлөх эцсийн хугацааг 2017 оны  дугаар сарын 21-ний өдөр хүртэл сунгасан. Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т ...Зээл олголтыг зээлдэгч зээлийг бэлнээр хүлээн авсан өдрөөс эхлэн хүү тооцож эхэлнэ... гэж заасан ба зээлдэгч нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 40,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд энэ хугацаанаас хойш төлбөр төлөхгүй явсаар талууд 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Тооцоо нийлсэн акт үйлдэж Зээлдэгч нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 200,000,000 төгрөг, зээлийн хүүнд 104,000,000  төгрөг, нийт 304,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг харилцан баталсан.

Гэтэл Зээлдэгч нь талууд тооцоо нийлснээс хойш мөн л төлбөр төлөхгүй 3 сарын хугацаа өнгөрөөд байна. Зээлийн гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.2.1-т заасны дагуу ...Үндсэн зээл, зээлийн хүүний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх... үүрэгтэй боловч Зээлдэгч нь өнөөдрийг хүртэл энэхүү үүргээ биелүүлэхгүй, гэрээнд заасан хугацаанд зээл болон зээлийн хүүг төлөхгүй биднийг ихээхэн хохироож байна. Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.4-т ...Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлнө, 5 дугаар зүйлийн 5.2-т ...Зээлийн гэрээний хугацаа дууссан нь үүргээ биелүүлээгүй зээлдэгчийг төлөгдөөгүй зээл, зээлийн хүү, алданги бусад төлбөр тооцоог төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй... " гэж талууд харилцан тохиролцсон.

Иймд зээлийн үндсэн төлбөр 200,000,000 төгрөг, зээлийн хүү 104,000,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх 429 хоногийн алданги буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 152,000,000 төгрөг, нийт 456,000,000 төгрөгийг хариуцагч “Т”ХХК-иас гаргуулж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000248396 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205048727 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон /16101/, Москвагийн гудамж, 8 дугаар байрны ,, тоот, 48.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах 2010 онд үйлдвэрлэгдсэн, JTMDV09JXB051421 арлын дугаартай, Тоуоta Land Cruser 200 маркийн ,, УНБ улсын дугаартай суудлын авто машин болон 2012 онд үйлдвэрлэгдсэн, 1FTFW1EF8CFA81973 арлын дугаартай, Ford F-150 маркийн ,, УНЧ улсын дугаартай ачааны автомашины үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 Хариуцагч “Т”ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

...”Т”ХХК нь “Л”ХХК-тай 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж Ү-тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Нэхэмжлэлд зээлийн төлбөрт 456,000,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээг зээлийн хүүтэй дүнгээс тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн хүү хэт өндөр байгааг харгалзан үзэж шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд зээлийн хүүг бууруулан тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

...”Т”ХХК нь “Л”ХХК-тай 2016 онд 3 удаа Зээлийн гэрээ байгуулсан. Анх 2016 оны 07 дугаар сарын 7-нд 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан, дараа нь 2016 оны 7 дугаар сарын 20-нд Барьцаат зээлийн гэрээ байгуулж 60,000,000 төгрөг зээлсэн ба энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ү-...8726 тоот үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Гурав дахь удаагаа зээлийн гэрээ байгуулахдаа 200,000,000 төгрөг зээлж авсан ба уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ямар нэг барьцааны гэрээ талууд байгуулаагүй. 2016 оны 7 дугаар сарын 20-нд үл хөдлөх хөрөнгө барьцаалж Барьцаат зээлийн гэрээ байгуулж 60,000,000 төгрөг зээлсэн зээлийг “Т”ХХК бүрэн төлж барагдуулсан. Харин сүүлд хийсэн 200,000,000 төгрөгийн зээлд барьцааны гэрээ бичгээр хийгээгүй атлаа барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч байна.

2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 200,000,000 төгрөгийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэний хуулийн 156.3-т зааснаар барьцааны гэрээг бичгээр хийгээгүй, үл хөдлөх хөрөнгийн барьцааг улсын бүртгэлд бүртгүүлээгүй харин 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 60,000,000 төгрөгийн Барьцаат зээл төлөгдөж дууссан тул Иргэний хуулийн 160.1.1-д заасан үндэслэлээр Баянгол дүүргийн 20-р хороо, Шинэ хотхон /16101/ Москва гудамж 8 байр 28 тоот 48.5 мкв Ү-...8726 тоот бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг "“Л”ХХК-д даалгаж өгнө үү.

Хоёрдугаарт Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5-д зааснаар Фидуцийн гэрээг бичгээр байгуулах ёстой талаар хуулийн шаардлага байдаг. Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар бичгээр хийсэн Фидуцын гэрээ байгуулаагүй боловч Land cruiser 200 маркийн ,,,УНБ улсын дугаартай автомашин болон Ford F-150 маркийн ,,, УНЧ улсын дугаартай автомашинуудын өмчлөх эрхийг Ланд стар ложистикс" ХХК өөртөө шилжүүлж авсан. Эдгээр машинуудыг Ланд стар ложистикс' ХХК худалдаж аваагүй бэлэг болгон хүлээж аваагүй, талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор өмчлөлд шилжүүлсэн буюу Фидуцийн гэрээний агуулгаар хийсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах Барьцааны гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар Land cruiser 200 маркийн ,,УНБ улсын дугаартай автомашин болон Ford F-150 маркийн ,,УНЧ дугаартай  автомашинуудын өмчлөх эрхийг Танан импкекс ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг  ”Л”ХХК-д даалгаж өгнө үү. Нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд Ланд-200 маркийн автомашины улсын дугаарын УНВ гэснийг УНБ гэж үсгийг андуурсан байна гэжээ.

 Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

...Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээг зээлийн хүүтэй дүнгээс тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ. Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдгийг үндсэн зээл, гэрээгээр тогтоосон бол зээлийн хүүний нийлбэр болохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт хуульчлан заасан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу зээл, зээлийн хүүний дүнгээс тооцох үндэслэлтэй. Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т ...Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлнө, 3 дугаар зүйлийн 3.2.2-т ...зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд 2.4-т заасан алдангийг үл маргах журмаар төлөх... гэж тохиролцсон байх тул талууд харилцан тохиролцож 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Тооцоо нийлсэн акт-аар үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 104,000,000 төгрөг, нийт 304,000,000 төгрөгөөс буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох үндэслэлтэй бөгөөд алданги тооцох тухай талуудын тохиролцоог хуулиар хориглоогүй болно. Хариуцагч ...Зээлийн хүү хэт өндөр байгааг харгалзан үзэж шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд зээлийн хүүг бууруулан тооцуулах... гэж Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т ...Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоо тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно... гэж заасны дагуу зээлийн хүүг бууруулах тухай тайлбарыг гаргажээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 ...Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно..., 286 дугаар зүйлийн 286.2-т Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд харилцан тогтооно..." гэж заасны дагуу талууд харилцан тохиролцож зээлийн хүүг тогтоосон. Учир нь талууд 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 297 дугаар Зээлийн гэрээг хүсэл сонирхлоо харилцан тэгш эрхтэйгээр илэрхийлсний үндсэн дээр зээлийн хүүг 30 хоногийн 4 хувийн хүүтэйгээр байгуулсан байх бөгөөд уг гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т ...талууд гэрээний бүх нөхцөлийн талаар харилцан илэрхийлж тохиролцсон бөгөөд бүрэн дүүрэн ойлголтыг авсан болно. Зээлдэгч нь сайн дурын үндсэн дээр өөрийн саналаар энэхүү гэрээг байгуулж байгаа... гэжээ. Энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т ...Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй... гэж заасантай бүрэн нийцнэ. Учир нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх нөхцөлд хүүгийн хэмжээг хэт өндөр тогтоосон байхыг хамааруулах бөгөөд талууд харилцан тохиролцож 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-г бичгээр байгуулж, мөн зээлийн хүүг сарын 4 хувь байхаар тохиролцсон  байх ба зээлдэгчийн зүгээс зээлийн хүүг хэт өндөр гэж үзэж багасгаж бууруулах талаар ямар нэгэн хүсэлт, гомдол, санал гаргаж байгаагүй болно. 

Зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгчээс зээлийн хүүний талаар санал гаргах, тохиролцох эрхийг хязгаарлаагүй бөгөөд хариуцагч Зээлийн гэрээ болон зээл, зээлийн хүүг төлөх хуваарь, тооцоо нийлсэн акт зэрэгт гарын үсэг зурж, зээлийн хүүг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хүлээн зөвшөөрч төлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлдүүлэгчийн дансны хуулгаар нотлогдож байх тул зээлийн хүүг хэт өндөр буюу зээлдэгчийн эрх, ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн зээлдэгчийн төлбөрийн чадварыг тодруулбал хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн дансны хуулгаас үзвэл 3 сарын хугацаанд 1 тэрбум гаруй төгрөгийн орлоготой байх тул зээлдэгчийг төлбөрийн чадваргүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүү хэт өндөр, илт хохиролтойгоор тогтоогдсон гэдгийг баримтаар нотолж чадаагүй болно. Дээрх зүйлээс үндэслэн хариуцагчийн тайлбарт дурдагдсан зээлийн хүүний хэмжээг багасгах хүсэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага ...Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 60,000,000 төгрөгийн Барьцаат зээл нь төлөгдөж дууссан тул Иргэний хуулийн 160.1.1-д заасан үндэслэлээр 28 тоот 48.5 м.кв Ү-...8726 тоот бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг “Л”ХХК-д даалгаж өгнө үү гэсний тухайд хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 200,000,000 төгрөгийн зээлд барьцааны гэрээ бичгээр хийгээгүй гэх боловч хавтаст хэрэгт 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ...2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 200,000,000 төгрөг, зээлийн гэрээний барьцаанд 150,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцаа барьцаалж байна гэж талууд барьцааны гэрээг бичгээр хийсэн байдаг. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ бөгөөд зээлдэгчийн зүгээс энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар мөн өдөр дээрх Барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлийн Ү-2205048727 дугаартай Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон москва гудамж, 8 байр, ,, тоот, 48.5 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т ...Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд .. сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй... гэж заасны дагуу хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргасан ба мөн зүйлийн 73.2-т ...Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал хамт шийдвэрлэнэ... гэж хуульчлан заасан.

Гэтэл хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон москва гудамж, 8 байр, 28 тоот, 48.5 м.кв улсын бүртгэлийн Ү-8726 дугаартай 3 өрөө орон сууц нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох боломжгүй байх тул уг шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээний дагуу барьцаалагдсан гэх Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон москва гудамж, 8 байр, 28 тоот, 48.5 м.кв дугаартай 3 өрөө орон сууц нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох боломжгүй байх тул уг шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээний дагуу барьцаалагдсан гэх Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон москва гудамж, 8 байр, 28 тоот, 48.5 м.кв дугаартай 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

...Барьцааны гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар Land cruiser 200 маркийн ,,УНБ улсын дугаартай автомашин болон Ford F-150 маркийн ,,УНЧ дугаартай  автомашинуудын өмчлөх эрхийг Танан импкекс ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг  ”Л”ХХК-д даалгаж өгнө үү гэсэн шаардлагын тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчийн тайлбар нотлох баримт болох бөгөөд хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ Фидуцийн гэрээг байгуулаагүй гэх боловч 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд тайлбараар ...2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 297 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож “Т”ХХК Баянгол дүүргийн 20 дугаар хороонд орших Ү- дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан бөгөөд хөдлөх хөрөнгө болох автомашинуудыг “Л”ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болохоо хүлээн зөвшөөрсөн. Мөн тайлбарт ...Барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд автомашинуудын өмчлөл тус компанид бүртгэлтэй байгаа юм гэжээ. Фидуцийн гэрээг хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5-т ...Хуульд өөрөөр заагаагүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр хийнэ гэж зохицуулсан бөгөөд энэхүү зохицуулалтын үр дагавар нь мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.11 дэх хэсэгт зааснаар нотолгооны бусад хэрэгслээр нотлогдвол фидуцийн гэрээ байгуулсанд тооцож болохоор хуульчлан заасан. Дээр дурдсан хариуцагч талын шүүхэд гаргасан үндэслэл бүхий тайлбараар хөдлөх хөрөнгө болох автомашинуудыг шилжүүлсэн болох нь нотлогдох бөгөөд мөн хавтаст хэрэгт авто тээврийн гэрчилгээнүүд авагдсан болно. Хариуцагчийн зүгээс ,, УНВ улсын дугаартай Ланд Круйзер 200 маркийн автомашин болон ,, УНЧ улсын дугаартай Ford F-150 маркийн автомашинуудыг нэхэмжлэгч Ландстар ложистикс ХХК-д шилжүүлсэн нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу хүсэл зоригоо үйлдлээр илэрхийлсэн гэж үзнэ. Фидуцийн гэрээний хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгэгчийн өмчлөлд шилжүүлэх шинжийн хувьд шилжүүлсэн хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар гэрээ дуусгавар болох хууль зүйн үр дагаврын хувьд бодит бус хийсвэрээр тодорхойлогдох бөгөөд фидуцийн зүйл өмчлөлд шилжсэн ч түүнийг ашиглах эрхгүй байх, захиран зарцуулах эрхгүй байх үр дагаврууд нь уг хөрөнгийн өмчлөх эрх хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар бодитойгоор шилжих хүртэл хугацаанд хийсвэр байх агуулгыг илэрхийлэх тул үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу ямар нэгэн хэлбэрээр үүр дагавраа тодорхойлон хүсэл зоригоо илэрхийлэх боломжтой байна. 

Фидуцийн гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийг худалдан борлуулж, үнийн дүнгээс хангуулах, үлдэх төлбөрийг буцаан өгөх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэл зориг тул нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг хөдлөх эд хөрөнгийн үнээс хангуулах шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй болно. Иймд талуудын хооронд фидуцийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Дээрх зүйлээс үндэслэн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хуралдааны явцад үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ланд стар ложистик ХХК нь хариуцагч “Т”ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 456,000,000 төгрөг гаргуулж, улсын бүртгэлийн 000248396 дугаар гэрчилгээтэй, Ү- дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон /16101/, Москвагийн гудамж, 8 дугаар байрны ,, тоот, 48.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон 2010 онд үйлдвэрлэгдсэн, JTMDV09JXB051421 арлын дугаартай, Тоуоta Land Cruser 200 маркийн ,,УНВ дугаартай суудлын авто машин, 2012 онд үйлдвэрлэгдсэн, 1FTFW1EF8CFA81973 арлын дугаартай, Ford F-150 маркийн ,,УНЧ дугаартай ачааны автомашины үнээс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан Баянгол дүүргийн 20-р хороо, Шинэ хотхон /16101/ Москва гудамж 8 байр ,, тоот 48.5 мкв Ү-...8726 тоот бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг, Land cruiser 200 маркийн ,, УНВ улсын дугаартай автомашин, Ford F-150 маркийн ,, УНЧ улсын дугаартай автомашинуудын өмчлөх эрхийг шилжүүлэхийг тус тус “Л”ХХК-д даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүхээс доор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч талаас ...хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл, хүүг алдангийн хамт гаргуулна, зээлийн үлдэгдэл харилцан тооцож тооцоо нийлсэн акт үйлдсэн, хариуцагч талын хүсэл зоригоор хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүд барьцаалагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан гэсэн тайлбарыг, хариуцагч талаас ...Зээлийн хүү өндөр байгаа, шаардаж буй нэхэмжлэлийн үнийн дүн үндэслэлгүй, барьцаа хөрөнгийн хэлцэл хүчин төгөлдөр бус тул автомашины эзэмших эрхийг шилжүүлэх, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагатай гэсэн тайлбарыг гарган мэтгэлцдэг.

 Хэрэгт “Л”ХХК, “Т”ХХК нарын хооронд байгуулагдсан 2016 оны 11 сарын 21-ний өдрийн 297 дугаартай зээлийн гэрээ авагдсан байх ба уг хэлцлээр зээлдүүлэгчээс 200,000,000 төгрөгийг 30 хоногийн 4% хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдэгчид зээлүүлэхээр, зээлийг эргүүлийн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5% алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцсон, тухайн зээлийг авсан, өгсөн асуудалд талууд маргаагүй учир тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ нь хуульд заасан бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 Нэгэнт талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн учир зээлдэгч буюу хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүргийг дээрх хуулийн зүйл, заалтын дагуу шаардах эрхтэй.

 Нэхэмжлэгч талын ...2016 оны 11 сарын 21-нд зээлийн гэрээ байгуулсан, 2017 оны 1 сарын 21-нд гэрээний хугацаа дууссан, тухайн өдөр зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгаж зээл эргүүлэн төлөх эцсийн хугацааг 2017 оны 7 сарын 21-ний өдрөөр тогтоосон, 2018 оны 5 сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээлээс төлөгдсөн төлбөр байхгүй, зээлийн хүүнд 40,000,000 төгрөг төлөгдсөн ба үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 104,000,000 төгрөг, нийт 304,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар тооцоо нийлсэн гэх тайлбар нь 297 дугаартай зээлийн гэрээ /хх 7/, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хх 14/, 2018 оны 6 сарын 4-ний өдрийн тооцоо нийлсэн актаар /хх 15/ нотлогдож байна. Дээрх хугацаанд зээлдэгч 40,000,000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй хэдий ч уг төлбөр нь үндсэн зээлээс хасагдах ёстой, хүүг өндөр тогтоосон, алданги төлөх эдийн засгийн чадвар, боломж байхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.   

 Тодруулбал, Гэрээний талууд болох нэхэмжлэгч, хариуцагч нар нь зээлийн гэрээний 2.1.1-т 30 хоногийн хүү 4% гэж, 2.4-т зээл эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5% алданги тооцно гэж, 2.5-д зээлийн төлбөрийг алданги, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлүүлнэ гэж, 3.2.2-т зээлдэгч нь зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд алдангийг үл маргах журмаар төлөх үүрэгтэй гэж өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж сайн дурын үндсэн дээр, өөрсдийн саналаар хэлцлийг байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн заалттай нийцэж байх бөгөөд хариуцагч талаас хүсэл зориг хязгаарлагдмал илэрхийлэгдсэн, зээлийн хүү өндөр байсан гэх санал, хүсэлтийг гаргаж байгаагүй, хууль зөрчиж буюу хуулийн хүрээнээс гадна гэрээг байгуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хүү, алдангийн талаар буюу үндсэн зээлээс бус хүү, алдангиас эхлэн төлбөрийг барагдуулна гэж талууд харилцан тохиролцсон ба хариуцагч өөрийн хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор хүү тогтоосон гэх тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй, үндсэн зээл болон хүүгийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн тул үндсэн зээл 200,000,000 төгрөг, хүү 104,000,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон алданги 152,000,000 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 456,000,000 төгрөгийг хариуцагч “Т”ХХК хариуцах хуулийн үндэслэлтэй, энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2 Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно, 282 дугаар зүйлийн 282.3 ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, 232 дугаар зүйлийн 232.3 ...анзын /торгууль, алданги/ гэрээг бичгээр хийнэ гэсэн зүйл, заалтуудад нийцнэ.

 Харин нэхэмжлэгч талын үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийн үнээс гүйцэтгүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Учир нь, нэхэмжлэгч талаас энэхүү шаардлагаа нотолж ирүүлсэн баримт болох 2016 оны 11 сарын 21-ний өдрийн барьцааны гэрээнд барьцаалуулагч “Т”ХХК нь 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд 150,000,000 төгрөгийн үнэ бүхий өөрийн өмчлөлийн БГД-ийн 20-р хороо, Шинэ хотхон /16101/ Москва гудамж, 8-р байр, ,, тоот, 48,5 м2, 3 өрөө орон сууцаа барьцаалсан байна. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан үйл баримтын талаар талууд маргаагүй ч хуульд заасны дагуу тухайн хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн тайлбарыг хариуцагч талаас гаргасан, нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны явцад үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үүргийг хангуулах шаардлагаас татгалзаж буй тайлбарыг гаргасан.

 Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т ...барьцааны гэрээг бичгээр байгуулна, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ, 156.3-т энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заажээ.

 Дээрх орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй учир талуудын маргаж буйгаас үл хамааран анх хэлцэл хийгдсэн үеэс хүчин төгөлдөр бус тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч буюу барьцаалагч орон сууцыг барьцаанаас чөлөөлөх үүрэгтэй болно. Нөгөө талаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-т заасанчлан хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийг хэлцэл хийснээс хойш талууд мэдээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн нөхцөл байдал, үйл баримт тогтоогдохгүй байна.

 Нэхэмжлэгч тал хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийн хүрээнд үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаас татгалзаж байгаа хэдий ч түүний татгалзал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д ...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасантай нийцэхгүй байна. Тухайн шаардлага нь барьцаа хөрөнгийн өмчлөгчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөж байгаа болно.

 Нэхэмжлэгч талын хариуцагчаас барьцаалсан хөдлөх эд хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагын хувьд мөн хуулийн үндэслэлгүй гэж дүгнэв.

 Хэрэгт тухайн хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан барьцааны гэрээг бичгээр байгуулаагүй ба нэхэмжлэгч талын ...”Т”ХХК нь өөрийн өр төлбөрийг барагдуулах баталгаа болгож Авто тээврийн бүртгэлийн байгууллагад очин хүсэл зоригоо илэрхийлэн 2010 онд үйлдвэрлэгдсэн, арлын JTMDV09JXB051421 дугаартай Тоуоta Land Cruser 200 маркийн ,,УНВ улсын дугаартай суудлын автомашин болон 2012 онд үйлдвэрлэгдсэн, арлын 1FTFW1EF8CFA81973 дугаартай Ford F-150 ачааны автомашины эрхийг шилжүүлсэн гэх тайлбар, үйл баримт нь Автотээврийн үндэсний төвийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бүртгэлийн маягт, нэр шилжүүлэх тухай хүсэлт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 Хэдий нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй ч барьцаа хөрөнгийн эзэмшлийг бусдад шилжүүлж байгаа нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /фидуци гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасанчлан барьцаалж буй гэх хөдлөх хөрөнгийг зээлдэгчийн ашиглалтад үлдээж, өмчлөх эрхийг зээлдүүлэгчид шилжүүлж буй үйл баримт гэж үзэв.

 Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5-д Хуульд өөрөөр заагаагүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр хийнэ гэж заасан тул бичгээр байгуулах тухай хуульд заасан журмыг зөрчсөн үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар мөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно.

 Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, хөдлөх эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэсэн аргаар хангахаар зээлдэгч буюу хариуцагч талтай тохиролцсон үйл баримт тогтоогдож байгаа ч тухайн хэлцлүүдийг хуульд заасан журмын дагуу байгуулаагүй тул уг үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож байгаатай холбоотойгоор хариуцагч “Т”ХХК-ийн Land cruiser 200 маркийн ,,УНВ улсын дугаартай автомашин болон Ford F-150 маркийн ,,УНЧ дугаартай  автомашинуудын өмчлөх эрхийг “Т”ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг  ”Л”ХХК-д даалгаж өгнө үү гэх сөрөг шаардлага хангагдана.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж заажээ.

Хариуцагч талын ...2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 60,000,000 төгрөгийн Барьцаат зээл төлөгдөж дууссан тул Иргэний хуулийн 160.1.1-д заасан үндэслэлээр Баянгол дүүргийн 20-р хороо, Шинэ хотхон /16101/ Москва гудамж 8 байр ,, тоот, 48.5 м2, Ү-...8726 тоот бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг "“Л”ХХК-д даалгаж өгнө үү гэх сөрөг шаардлага нь үндсэн нэхэмжлэл болох 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205048727 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон /16101/, Москвагийн гудамж, 8 дугаар байрны ,, тоот, 48.5 м.2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай хамааралгүй, харилцан тооцогдох үүрэг биш. Учир нь хариуцагчаас сөрөг шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа ...2016 оны 7 сарын 20-ны зээлийн гэрээ байгуулж 60,000,000 төгрөг зээлсэн, уг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Ү-...8726 тоот үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, гурав дахь удаагаа зээлийн гэрээ байгуулж 200,000,000 төгрөгийн зээлийг авахдаа барьцааны гэрээг байгуулаагүй гэж илэрхийлсэн нь үндсэн нэхэмжлэл буюу зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй, холбоогүй асуудал байх учир дээрх сөрөг шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас талуудын маргаагүй үйл баримтыг нотлож буй баримт болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг тэмдэглэхийн зэрэгцээ нэхэмжлэгч болон хариуцагчаас урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн төлөөлөгч Ц.Цогнэмэх шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлээс зээлийн гэрээний үүрэгт 456,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлээс хөдлөх эд хөрөнгө автомашинуудын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах гэсэн хэсгийг хангаж, үндсэн болон сөрөг шаардлагын үлдэх бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ”Т”ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 456,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ”Л”ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 156 дугаар зүйлийн 156.2, 156.3, 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагын улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон /16101/, Москвагийн гудамж, 8 дугаар байрны ,, тоот, 48.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон 2010 онд үйлдвэрлэгдсэн, JTMDV09JXB051421 арлын дугаартай, Тоуоta Land Cruser 200 маркийн ,,УНВ дугаартай суудлын авто машин, 2012 онд үйлдвэрлэгдсэн, 1FTFW1EF8CFA81973 арлын дугаартай, Ford F-150 маркийн ,,УНЧ дугаартай ачааны автомашины үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн хэсгийг, сөрөг шаардлагын улсын бүртгэлийн Ү-...8726 дугаартай Баянгол дүүргийн 20-р хороо, Шинэ хотхон /16101/ Москва гудамж 8 байр ,, тоот 48.5 мкв 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах гэсэн хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Land cruiser 200 маркийн ,, УНВ улсын дугаартай автомашин, Ford F-150 маркийн ,, УНЧ улсын дугаартай автомашинуудын өмчлөх эрхийг хариуцагч “Т”ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг, мөн  улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон /16101/, Москвагийн гудамж, 8 дугаар байрны ,, тоот, 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгч “Л”ХХК-д  даалгасугай.

  3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,437,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 70,200 төрөг гаргуулж хариуцагчид олгож, урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж нэхэмжлэгчийн 2,578,350 төгрөг, хариуцагчийн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.АМИН-ЭРДЭНЭ