Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2022/02453

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2022/02453

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, .....дугаар хороо, ..... дугаар хороолол, ...... дугаар байр, ....... тоот хаягт оршин суух, Б овогт Шийн Э /РД: ......../,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ......дугаар хороо, ....... дугаар гудамж, ........ тоот хаягт оршин суух, Г овогт Ргийн Б /РД: ....../,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ......дугаар хороо, ......... дугаар гудамж, ......тоот хаягт оршин суух, Б овогт Шийн О /РД: ........./-нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ......дугаар гудамж,..........тоот хаягт оршин суух, Г овогт Ч-ын С /РД: ..../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн ..... дугаар хороо, ......дугаар гудамж, ..... тоотод байрлах хашааг Ч.Сгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Тайван,

Хариуцагч Ч.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.Э, Р.Б, Ш.О нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн ...... дугаар хороо, ....... дугаар гудамж, ......тоот хаягт байрлах 248 м/к талбай бүхий хашааг миний ээж Р.Б болон хойд эцэг Г.Ш нар 1985 онд худалдан авч амьдарч байгаад 2007 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар гэр бүлийн зориулалтаар өмчлөн авсан юм. Хойд эцэг Г.Шийн дүү Ч-ын охин З.Х гэр бүлийн гишүүн биш атал манай газартай холбоотой маргаан гаргасан ба Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000620242 дугаартай гэрчилгээг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Ш.Э, Р.Б, Ш.О нарт олгосон билээ. Нэхэмжлэгч Ш.Э, Р.Б, Ш.О бид 2007 оноос хашаандаа амьдрах боломжгүй болсон бөгөөд одоо шүүхийн шийдвэрээр өөрийн хашааг өмчлөх албан ёсны бичиг баримт, гэрчилгээ олгогдсон учир Баянгол дүүргийн ....... дугаар хороо, ... дугаар гудамж, ......тоот хаягт байрлах 248 м/к талбай бүхий хашааны газрыг Ч.Сгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Ч.Сгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Баянгол дүүргийн ..... дугаар хороо, .......дугаар гудамж, .....тоот хашааны байршилтай 18641311793440 нэгж талбарын дугаартай 248 м/кв талбайтай газрыг анх манай ээж Г.Ч болон түүний дүү Г.Ш нар 1987 онд 800 төгрөгөөр худалдан авч хамтран өмчилж байсан. Улмаар ээж маань өөд болж миний дүү болох З.Х болон ээжийн дүү болох Г.Ш нар нь 2010 оноос хойш хамтран өмчлөгч байсан. Эднийх очих газаргүй, хуучин байсан газар нь Өргөө кино театраас хойшоогоо А гэдэг газарт байсан юм. Тэр нь газарт орох болоод манай эмээд Ахынх чинь газарт ороод байж байна. Ахыгаа түр буулгахгүй юм уу гэж хэлсэн байсан. Тэгээд эднийх манай дараа нүүж ирсэн. Манай ах 2006 онд Солонгос улсаас ирэхэд манай аав, эмээ хоёр бурхан болсон. Тэгээд тэр жилдээ эднийх нүүгээд, ахыг минь амбаарт нь хаяад явсан юм. Ээж хоёр дүү дээрээ очоод 2006-2007 он хүртэл өвөлжөөд 2007 онд ах маань ...бүгдээрээ хашаандаа очъё гэж хэлээд бид нар 2007 онд энэ хашаандаа буцаж нүүж ирсэн. Эд нар манай ахыг минь Солонгост ажиллуулж олсон мөнгөөр нь 2 хүүхдийнхээ төлбөрийг төлүүлж дээд сургууль төгсгөсөн. Би 2007 оноос хойш тасралтгүй ээжийнхээ хамт энэ хашаанд амьдарч байгаа. Бид нар 2010 онд захиргааны хэргийн шүүх хурал болж байгааг мэдээгүй, бид нарт мэдэгдээгүй шүүх хурал болсон байсан. 2015 онд миний ах бурхан болсны дараа бичиг баримтных нь цүнхнээс 2010 оны шүүхийн шийдвэр гарч ирсэн, мөн эд нар ахыг маань зоддог байсан талаар тэрээр өөрийн гараараа бичиж үлдээсэн байсан. Манай ахын бие нь өвдөөд жилд 2 удаа эмнэлэгт хэвтдэг байсан тэр үед нь эд нар энэ хашаанд ахтай минь хамт байх нь яасан юм. Миний ахыг зуны амбаарт нь ганц ортой, өөрийнх нь олж ирсэн шүүгээтэй нь л үлдээгээд явсан. Миний ах надад хэлэхдээ би чиний гар дээр өнгөрнө шүү гэж хэлж байгаад л миний гар дээр өнгөрсөн. 1984 онд энэ Р.Б эгч Г.Ш ахтай суугаагүй байсан. Эд нар намайг энэ хашааны хууль ёсны өмчлөгч биш гэсэн байсан, би Г.Ч гэдэг ээжээрээ овоглож явдаг, би Гүрбазарын Ч, Гүрбазарын Ш гэх хүмүүсийн хамаарал бүхий хүн. Манай ах Г.Ш гэдэг хүн төрсөн 3 хүүхэдтэй, 1 хүүхэд нь өв залгамжлагч гээд хөөцөлдөөд явж байсан юм. Тэр хүүхдийг бас хасуулсан байсан. Манай дүүг байхгүй хойгуур хасуулж болдог л юм байхдаа гэж гайхаж байна. Тэр нэг өдөр намайг гаднаас яваад ороход ах маань нэг өргөдөл бичээд сууж байсан, намайг асуухад юм хэлээгүй, тэгээд би дараа нь өргөдлийг олж уншихад гэр бүл цуцлуулах тухай өргөдөл бичиж байсан юм билээ. Би 2007-оос 2015 он хүртэл ахыгаа харж, түлээ нүүрсийг ойртуулж, хамаг юмыг хийж өгч байсан. Ах маань 2015 онд зуурдаар өнгөрсөн юм. З.Хг байхгүй байхад гэрчилгээнээс хасуулж болдог юм уу? дуудаад ирүүлж болдоггүй юм байхдаа. Мөн Ш.Түвшинжаргал гэдэг хүнийг яаж хасуулсан юм. Миний ахын том охин нь нөгөө хоёр эгчдээ найдаад хөөцөлдөөгүй байх. Эд нар ахтай минь цагаан сараар ирж ганц ч золгоогүй байж өнгөрсөн хойно нь миний аав, миний аав гээд лам хүн байж ичихгүй худлаа яирад явж байдаг. Манай эмээ хэлэхдээ 1984-1986 онд эдний хамгийн бага дүү нь манай ахыг ааваа гэж хэлэхээр нь ах маань уяраад Р.Бтэй суучихсан гэж хэлсэн. Миний ахын гар бичмэл дээр бүгд бичээстэй байдаг. Ах Г.Ш мань нас барсны дараа газрын өмчлөлтэй холбоотой маргаан үүсэж 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр миний дүү болох З.Хг гэрчилгээнээс хасуулж, Ш.Э, Р.Б, Ш.О нарын нэр дээр гэрчилгээг гаргуулсан байсан. Гэвч уг газар ээжийн дүү Г.Ш болон миний ээж Г.Ч нарын хамтын өмчлөлийн газар байсан бөгөөд Р.Б нь нэг ч удаа уг газрыг өмчилж байгаагүй. Гэтэл уг нэхэмжлэлд зөвхөн Р.Б болон Г.Ш нарын өмч байсан мэт бичсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ иргэний үнэмлэхний хуулбар, Баянгол дүүргийн ...... дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 000620242 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотлох баримтаар хавсаргажээ.

 

4. Хариуцагч Ч.С нь шүүхэд 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хариу тайлбараа бичгээр гаргасан.

 

5. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШЗ2022/10249 дүгээр захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Баянгол дүүргийн ......дугаар хороо, .......дугаар гудамж,......... тоот хаягт байрлах газар, газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг гаргуулахаар захирамжилсаны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэж, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 6/5406 тоот албан бичгээр 133 хуудас нотлох баримтыг ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.Э, Р.Б, Ш.О нар нь хариуцагч Ч.Сд холбогдуулан Баянгол дүүргийн ..... дугаар хороо, ........ гудамж, ....... тоот хаягт байрлах газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Баянгол дүүргийн ....... дугаар хороо, ...... дугаар гудамж, ........ тоот хаягт байрлах 248 м/к талбай бүхий хашааг миний ээж Р.Б болон хойд эцэг Г.Ш нар 1985 онд худалдан авч амьдарч байгаад 2007 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар гэр бүлийн зориулалтаар өмчлөн авсан юм. Хойд эцэг Г.Шийн дүү Чын охин З.Х гэр бүлийн гишүүн биш атал манай газартай холбоотой маргаан гаргасан ба Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000620242 дугаартай гэрчилгээг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Ш.Э, Р.Б, Ш.О нарт олгосон билээ. Нэхэмжлэгч Ш.Э, Р.Б, Ш.О бид 2007 оноос хашаандаа амьдрах боломжгүй болсон бөгөөд одоо шүүхийн шийдвэрээр өөрийн хашааг өмчлөх албан ёсны бичиг баримт, гэрчилгээ олгогдсон гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь татгалзсан. Үүнд:. Баянгол дүүргийн ... дугаар хороо, Туулын ... дугаар гудамж,...... тоот хашааны байршилтай 18641311793440 нэгж талбарын дугаартай 248 м/кв талбайтай газрыг анх манай ээж Г.Ч болон түүний дүү Г.Ш нар 1987 онд 800 төгрөгөөр худалдан авч хамтран өмчилж байсан. Улмаар ээж маань өөд болж миний дүү болох З.Х болон ээжийн дүү болох Г.Ш нар нь 2010 оноос хойш хамтран өмчлөгч байсан. Эднийх очих газаргүй, хуучин байсан газар нь Өргөө кино театраас хойшоогоо А гэдэг газарт байсан юм. Тэр нь газарт орох болоод манай эмээд Ахынх чинь газарт ороод байж байна. Ахыгаа түр буулгахгүй юм уу гэж хэлсэн байсан. Тэгээд эднийх манай дараа нүүж ирсэн. Манай ах 2006 онд Солонгос улсаас ирэхэд манай аав, эмээ хоёр бурхан болсон. Тэгээд тэр жилдээ эднийх нүүгээд, ахыг минь амбаарт нь хаяад явсан юм. Ээж хоёр дүү дээрээ очоод 2006-2007 он хүртэл өвөлжөөд 2007 онд ах маань ...бүгдээрээ хашаандаа очъё гэж хэлээд бид нар 2007 онд энэ хашаандаа буцаж нүүж ирсэн. Ах Г.Ш мань нас барсны дараа газрын өмчлөлтэй холбоотой маргаан үүсэж 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр миний дүү болох З.Хг гэрчилгээнээс хасуулж, Ш.Э, Р.Б, Ш.О нарын нэр дээр гэрчилгээг гаргуулсан байсан. Гэвч уг газар ээжийн дүү Г.Ш болон миний ээж Г.Ч нарын хамтын өмчлөлийн газар байсан бөгөөд Р.Б нь нэг ч удаа уг газрыг өмчилж байгаагүй. Гэтэл уг нэхэмжлэлд зөвхөн Р.Б болон Г.Ш нарын өмч байсан мэт бичсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэр /Г.Ш/, Гүрбазар овогтой Шийн өмчилж байгаа Баянгол дүүргийн .... дугаар хороо, ............дугаар гудамжны ........тоот хаягт байрлах 248 м/к талбай бүхий газрын байрлалын кадастрын зураг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 000025351 тоот гэрчилгээ /Г.Ш, З.Х/, Г.Ш, Р.Б нарын гэрлэлтийн 1426 дугаар гэрчилгээ, Нийслэлийн засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 846 дугаар захирамж, Р.Б, Ш.О нарын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, тус шүүхэд улсын бүртгэгч М.Бат-Амгалангийн гаргасан хариу тайлбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12/ШШ2018/0798 дугаар шийдвэр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2020/0639 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 47 дугаар магадлал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2021/4689 дүгээр захирамж, мөн өдрийн 128/ГХ2021/0181 дүгээр гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 4-148/14283, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4-148/19113 дугаар мэдэгдэл, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд,

 

Нийслэлийн засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрээр Баянгол дүүргийн.......... дугаар хорооны нутаг дэвсгэрт 248 м/к талбай бүхий 3,273,600 төгрөгийн үнэ бүхий газрыг Гүрбазарын Шид өмчлүүлэхээр шийдвэрлэжээ. Улмаар 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Г.Ш, З.Х нарын нэр дээр дээрх газрыг бүртгэж Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000025351 тоот гэрчилгээг олгосон байна. Г.Ш, Р.Б нар нь 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэртгэж 1426 дугаар гэрчилгээ олгосон. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0798 дугаар шийдвэрээр Нийслэлийн засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн З.Хд холбогдох хэсгийг шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлсний дагуу Нийслэлийн засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/884 дүгээр захирамжаар 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0798 дугаар шийдвэрээр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 6 дугаар гудамжны 158 тоот хаягт байрлах газарт өмчлөх эрх олгосон Нийслэлийн засаг даргын 2007 оны 523 дугаар захирамжийн З.Хд холбогдох хэсгийг шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлсэнтэй холбоотойгоор иргэн Г.Шийн өмчилсөн газрын бүртгэлд өөрчлөлт оруулж Р.Б, Ш.О нарт хамтран өмчлүүлсүгэй гэж шийдвэрлэсэн. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2020/0639 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 47 дугаар магадлалаар Р.Б, Ш.О нарын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр, 09 дүгээр сарын 05-ны өдрийн мэдүүлгээр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2205003323 дугаартай бүртгэлд шүүхийн шийдвэр, эрх бүхий этгээдийн шийдвэрээр өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэхээс татгалзсан Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 09 дүгээр сарын 04, 09 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэр /мэдэгдэл/-ийг хууль бус болохыг тогтоож, шүүхийн шийдвэр, эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн газар өмчлөлх эрхийн улсын бүртгэлийн Г-2205003323 дугаартай бүртгэлд З.Хг хамтран өмчлөгчөөс хасаж, Р.Б, Ш.О нарыг хамтран өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэжээ. Улмаар 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Г.Ш, Р.Б, Ш.О нарын өмчлөлд дээрх газрыг бүртгэж Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000619955 тоот гэрчилгээг олгосон. Нийслэлийн тойргийн нотариатч Б.Дэлгэрмаагийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Өвлөх эрхийн 0004 тоот гэрчилгээгээр дээрх газрын Г.Шийн 33.33 хувийн өмчлөх эрхийг өвлөх эрхийг Ш.Эт олгосны дагуу 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргий............ дугаар хороо, .......дугаар гудамжны.......тоот хаягт байрлах 248 м/к талбай бүхий газрыг Ш.Э, Р.Б, Ш.О нарын өмчлөлд бүртгэж, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000620242 тоот гэрчилгээг олгожээ.

 

5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн 106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна. гэж хуульчилснаар нэхэмжлэгч Ш.Э, Р.Б, Ш.О нь шаардах эрхтэй ба маргаан бүхий газар нь хариуцагч Ч.Сгийн эзэмшилд байгаа болох ... дээрх газар дээр би 2007 оноос хойш тасралтгүй амьдарч байна гэх түүний хариу тайлбараар тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянгол дүүргийн ..... дугаар хороо, ....... гудамжны ........ тоот хаягт байрлах 248 м/к талбай бүхий газрыг хариуцагч Ч.Сгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасныг баримтлан Баянгол дүүргийн .....дугаар хороо, ....... дугаар гудамжны ...... тоот хаягт байрлах 248 м/к талбай бүхий газрыг хариуцагч Ч.Сгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР