Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01809

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01809

 

 

 

 

 

 

 

2022 09 26 210/МА2022/01809

 

Ш.Э-, Р.Б-, Ш.О-

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/02453 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Э-, Р.Б-, Ш.О- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.С-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 111111 тоотод байрлах газрыг Ч.С-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Э-, түүний өмгөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.Э-, Р.Б-, Ш.О- нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 111111 тоот хаягт байрлах 248 м/к талбай бүхий газрыг миний ээж Р.Б- болон хойд эцэг Г.Ш- нар 1985 онд худалдан авч амьдарч байгаад 2007 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар гэр бүлийн зориулалтаар өмчлөн авсан. Хойд эцэг Г.Ш-ийн дүү Г.Ч-ын охин З.Х- гэр бүлийн гишүүн биш атал манай газартай холбоотой маргаан үүсгэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000620242 дугаартай гэрчилгээг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Ш.Э-, Р.Б-, Ш.О- нарт олгосон. Маргаан бүхий газарт Ч.С- өнөөдрийг хүртэл амьдарч байгаа тул түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Маргаан бүхий газрыг анх манай ээж Г.Ч- болон түүний дүү Г.Ш- нар 1987 онд 800 төгрөгөөр худалдан авч хамтран өмчилж байсан. Улмаар ээж маань өөд болж миний дүү болох З.Х- болон ээжийн дүү болох Г.Ш- нар нь 2010 оноос хойш газрын хамтран өмчлөгч байсан. Би 2007 оноос хойш тасралтгүй ээжийнхээ хамт энэ хашаанд амьдарч байгаа. Манай ах Г.Ш- нь 3 хүүхэдтэй, ах нас барсны дараа газрын өмчлөлтэй холбоотой маргаан үүсэж 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр миний дүү болох З.Х-г хамтран өмчлөгчөөс хасаж, Ш.Э-, Р.Б-, Ш.О- нарын нэр дээр гэрчилгээг гаргуулсан байсан. Гэвч уг газар нь Г.Ш-, Г.Ч- нарын хамтын өмчлөлийнх байсан. Р.Б- нь уг газрыг өмчилж байгаагүй. Гэтэл уг нэхэмжлэлд зөвхөн Р.Б- болон Г.Ш- нарын өмч байсан мэт бичсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасныг баримтлан 111111 тоот хаягт байрлах 248 м/к талбай бүхий газрыг хариуцагч Ч.С-гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож. шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Тус газрыг анх 1987 онд миний ээж Г.Ч- худалдан авч байсан. Ээжийн дүү Г.Ш-ийг түр амьдруулахаар болсон. Г.Ш- Р.Б-тэй гэр бүлийн харилцаатай болсон тул тус газарт хамт амьдрах болсон. Би гэр бүлийн хамт 2007 оноос тус газарт амьдарч байгаа. Газрыг Г.Ш-, миний дүү З.Х- нар хамтран өмчилдөг. Гэтэл Р.Б- захиргааны шүүхэд хандан З.Х-гийн өмчлөх эрхийг хасуулсан. Өмгөөлөгч н.О гадаад явснаас болж товлогдсон шүүх хуралд ирж амжаагүй. Иймд миний эрх зүйн туслалцаа авах эрх хөндөгдсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй. Шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Мөн 2010 оноос хойш газрын маргаантай холбоотой асуудлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн. Хариуцагчийн төрсөн дүү н.Х-г өөрийн эхнэр гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж газар өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Өмчлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар бүртгүүлсэн гэж үзээд Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч 3 өмгөөлөгчтэй, анхан шатны шүүх өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаж, хугацаа олгосон. Мөн шүүх хуралдаан 3 удаа хойшилсон. 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч өмгөөлөгчгүй оролцохыг хүлээн зөвшөөрсөн. Шүүхийн шийдвэрийн 5 дугаар талд нэхэмжлэлийг хангалаа гэж тусгасан атлаа 6 дугаар талд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосон гэх үг тусгагдсан нь техникийн алдаа гарсан тул давж заалдах шатны шүүх уг алдааг залруулж өгнө үү. Мөн хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Ш.Э-, Р.Б-, Ш.О- нар нь хариуцагч Ч.С-д холбогдуулан 111111 тоот хаягт байрлах газрыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Р.Б- нь Г.Ш-тай 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсноо 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, 1426 дугаар гэрчилгээ авсан. /хх61/

 

4. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрээр Г.Ш-ид маргаан бүхий газрыг өмчлүүлж, улмаар 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Г.Ш-, З.Х- нарын нэр дээр уг газрыг бүртгэж Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000025351 тоот гэрчилгээг авчээ. /хх 47, 52/

 

4.а. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 222222 дүгээр шийдвэрээр Р.Б-, Ш.О- нарын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр, 09 дүгээр сарын 05-ны өдрийн мэдүүлгээр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-000000 дугаартай бүртгэлд шүүхийн шийдвэр, эрх бүхий этгээдийн шийдвэрээр өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэхээс татгалзсан Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 09 дүгээр сарын 04, 09 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэр /мэдэгдэл/-ийг хууль бус болохыг тогтоож, шүүхийн шийдвэр, эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-000000 дугаартай бүртгэлд З.Х-г хамтран өмчлөгчөөс хасаж, Р.Б-, Ш.О- нарыг хамтран өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 47 дугаар магадлалаар хэвээр үлдээжээ. /хх,133-158/

 

4.б. Улмаар 111111 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18641311793440 дугаарт бүртгэгдсэн, 248 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр Р.Б-, Ш.О-, Ш.Э- нарыг бүртгэж, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000619955 тоот гэрчилгээг олгосон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх170, 174/

 

5. Хариуцагч нь  111111 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18641311793440 дугаарт бүртгэгдсэн, 248 м.кв талбайтай газрын эзэмшлийг хуулийн дагуу болохоо баримтаар нотлоогүй тохиолдолд түүний эзэмшлийг хууль бус гэж үзнэ.

 

6. Маргаан бүхий газрын өмчлөгч нар нь бусдын хууль бус эзэмшлээс өмчлөлийн зүйлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байх тул 111111 тоот хаягт байрлах 248 м.кв талбайтай газрыг Ч.С-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.

7. Хариуцагчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг шүүх хангаж, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулсан байх тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй гэж үзнэ. /хх 23, 26/

 

Түүнчлэн, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг гаргаснаас хойш шүүх маргааныг шийдвэрлэх хүртэл сарын хугацаанд өмгөөлүүлж, эрх зүйн туслалцаа авах боломжтой байсан тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь буруу боловч, энэ нь анхан шатны шүүхийн шийдэлд нөлөөлөхгүй болохыг дурдав.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/02453 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

С.ЭНХБАЯР