Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2022/02410

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2022/02410

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .... дугаар баг, ............. тоот хаягт байрлах, ДЦГ ХХК /РД: ...../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,..... дугаар хороо, ....... дугаар хороолол, .....тоот хаягт байрлах, ХН ХХК /РД: ......./-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 243,935,835 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, С.Энхжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Анударь,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Атарболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ДЦГ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, С.Энхжаргал нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч ДЦГ ХХК нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны (хуучин нэрээр) захиалгаар ХААГ-2014/Х\/11.1.1.185 тоот гэрээний дагуу 2014 оны 08 дугаар дугаар сарын 08-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Орхон аймаг, .......... сум, ....... багийн 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралт, зураг төсөл боловсруулах ажлыг ХН ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгэж ирсэн. Барилга угсралтын ажлыг өөрийн хөрөнгөөр эхлүүлж, 2020 он хүртэл гүйцэтгэсэн. Энэ хугацаанд захиалагч ХН ХХК нь улсын төсвийн санхүүжилтийг авсан хэдий ч манай компани руу цаг тухай бүрд нь бүрэн шилжүүлдэггүй байсан нь ажил гүйцэтгэхэд саад учруулж, өртөг зардал нэмэгдэхэд нөлөөлсөн. Үүссэн нөхцөл байдал буюу мөнгө санхүүгийн асуудлыг мэдэгддэг боловч харилцан тохиролцоонд хүрч чаддаггүй, байнга маргаан үүсгэх болсон. Энэ нөхцөл байдал ажилд сөргөөр нөлөөлж ХН ХХК-ийн буруугаас болж манай ДЦГ ХХК нь өрийн дарамтанд орсон. Үүний нэг нь ТХ ХХК-д төлөх улаан тоосгоны төлбөр байна. Энэ компаниас барилга угсралтын ажилд шаардагдах улаан тоосго авч төлбөрөө төлөөгүйгээс 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 15,700,000 төгрөгийг ДЦГ ХХК-иас гаргуулж ТХ ХХК-д олгохоор шийдвэрлэж одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Үүнтэй холбогдуулан ХН ХХК нь улсын төсвөөс санхүүжилт авсан дариуд ТХ ХХК-ийн төлбөрийг төлж барагдуулахыг зөвшөөрсөн албан бичгийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн. Хариуцагч ХН ХХК нь 2021 оны 12 дугаар сард яамнаас санхүүжилт авсан боловч ТХ ХХК-ийн төлбөрийг төлөхгүй байна. Иймд хариуцагч ХН ХХК-ийн төлбөр төлөх тухай бичгийн үндсэн дээр ТХ ХХК-д төлбөл зохих 15,700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаал нэмэгдүүлсэн болно. Үүнд,

 

ДЦГ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б би Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны захиалгатай Орхон аймгийн ...... сумын ...... багийн 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралт, зураг төсөл боловсруулах ажлын захиалгыг авах зорилгоор 5 хувийн шимтгэлтэй ХН ХХК-ийн тусгай зөвшөөрлийг ашиглах саналыг тус компанид тавьснаар манай хоёр компанийн хамтын үйл ажиллагаа эхлэсэн. Ингээд зохих материалыг бүрдүүлэн дээрх барилгын ажлыг гүйцэтгэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, ХН ХХК-ийн хооронд 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ХААГ-2014/ХҮИ.1.1.185 тоот гэрээг байгуулсны дагуу барилга угсралт, зураг төсөл боловсруулах ажлыг гардан өөрийн биеэр хариуцан гүйцэтгэсэн. Харин ДЦГ ХХК, ХН ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээг бичгээр 2015 оны 08 дугаар сард баталгаажуулахдаа тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр огноолсон байдаг. Уг барилгын төсөвт өртөг анх 2014 онд 1,077,759,919 төгрөг, 2016 онд 172,240,081 төгрөгөөр нэмэгдэж 1,250,000,000 төгрөг, 2017 онд 184,900,000 төгрөгөөр нэмэгдэж 1,434,900,000 төгрөг, 2019 онд 191,758,857 төгрөгөөр нэмэгдэж 1,626,658,867 төгрөг болсон байгаа. ДЦГ ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг ХН ХХК-ийн захиалгаар гүйцэтгэж байгаа мэтээр хандаж байгаа нь хоёр компанийн хооронд тохирсон тохиролцоог алдагдуулж ажил хийхэд хүндрэлтэй байсан ч өөрсдийн нөөц бололцоо, бусдын тусламж дэмжлэгээр ДЦГ ХХК нь уг цэцэрлэгийн барилгын ажлын 90 хувийг хийж гүйцэтгэчихээд санхүүжилтийг бүрэн авч чадахгүй хохирч байна. Энэ хугацаанд ХН ХХК-аас нэг ч төгрөг гаргаагүй болно. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хариуцагч ХН ХХК руу нийт шилжүүлсэн санхүүжилт болох 1,394,225,283 төгрөгөөс манай компани руу шилжүүлсэн 1,150,360,000 төгрөгийг хасаад шилжүүлээгүй үлдсэн 169,159,700.75 төгрөг, гэрээний дагуу алдангид 84,578,350.38 төгрөг, мөн яамтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахад шаардагдсан гэрээний гүйцэтгэлийн баталгаа болох 71,745,000 төгрөг, нийт 325,483,051.13 төгрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

 

Гэвч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа мөн багасгаж байна. Үүнд, нэхэмжлэгч ДЦГ ХХК, хариуцагч ХН ХХК-иуд Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2-т заасан гэрээ байгуулсан, уг гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийн байдлаар барилгын ажлын ерөнхий захиалагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хариуцагч ХН ХХК нь 1,394,225,283 төгрөг шилжүүлж авснаас ДГЦ ХХК руу 1,171,360,000 төгрөгийг шилжүүлж, үлдэх 147,192,300 төгрөгийг шилжүүлээгүй байдаг. Энэ хоёр компанийн хооронд хийсэн гэрээний хөлс гэдэг зүйлийг ярьдаг. Ажил гүйцэтгэх гэрээний 2.4, 2.7-т байж байгаа. Үүнтэй бас маргаантай байдаг. Г.Бгийн яриагаар бол тусгай зөвшөөрөл ашигласны хөлсийг 8 хувиар биш 5 хувиар тохирсон гэдэг. Одоогийн байдлаар төлөгдөөгүй мөнгө буюу ХН ХХК аваад өөрийн болгочихоод өгөхгүй байгаа мөнгө нь 104,327,260 төгрөг. Тооцоо зөрж байгаа яагаад гэхээр Г.Б тайлбар бичээд тооцоо гаргаж өгснөөс хойш тооцоонд өөрчлөлт орсон. Ингээд барилгын ажлын дутуу шилжүүлсэн 104,327,260 төгрөгийн 50 хувь буюу алдангид 52,163,575 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүн дээр өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлага 15,700,000 төгрөг буюу ТХ ХХК-иас барилгын материал авсан мөнгийг хариуцагч ХН ХХК нь цаг хугацаандаа өгөөгүйгээс болоод шүүхийн шийдвэр гарч, шийдвэрийн ажиллагаа хийгээд явж байгаа, үүнийг төлбөрт 15,700,000 төгрөг нэхэмжилнэ. Мөн яамтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахад шаардагдсан гэрээний гүйцэтгэлийн баталгаа болох 71,745,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Манай ДЦГ ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу Орхон аймаг, ...... сумын нутаг дэвсгэрт баригдсан 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын угсралтын ажилд өнгөрсөн хугацаанд нийт 1,394,225,283 төгрөгийн ажил хийж гүйцэтгэснээс 1,178,360,000,000 төгрөгийг хариуцагч ХН ХХК-иас авсан, аваагүй үлдэгдэл нь 215,865,283 төгрөг болж байгаа. Гэрээний төлбөрийн 8 хувийн суутгал нь 111,538,022 төгрөг болж байгаа. Учир нь бид 1,394,225,283 төгрөгийн ажил гүйцэтгэсэн ба үүний 8 хувь гэсэн үг л дээ. Тэгээд аваагүй үлдсэн 215,865,283 төгрөгөөс энэ 8 хувийн суутгалын 111,538,022 төгрөгийг хасч тооцохоор хариуцагч ХН ХХК-ийн манайд төлбөл зохих ажлын хөлс 104,327,260 төгрөг болж байгаа юм. Тэгээд гэрээгээр тохиролцсон алдангид 52,163,575 төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу ТХ ХХК-д төлбөл зохих тоосгоны үнэ 15,700,000 төгрөг, гүйцэтгэлийн баталгааны 71,745,000 төгрөг, нийт 243,935,835 төгрөгийг хариуцагч ХН ХХК-иас гаргуулж өгнө үү. Өөрөөр хэлбэл өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

 

2. Хариуцагч ХН ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Анударь, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Атарболд нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай ХН ХХК-ийн зүгээс ДЦГ ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж Орхон аймаг, ...... суманд 150 хүүхдийн ор бүхий цэцэрлэгийн барилгыг зураг, төсвийн дагуу хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон. Гэрээгээр тохирсон үүргээ бид цаг тухайн нь гүйцэтгэж гэрээний 2.3 дугаар зүйлд заасны дагуу ажлын хөлсийг гүйцэтгэлээр нь олгож байсан бөгөөд төрийн байгууллага буюу энэ гэрээний ерөнхий захиалагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны санхүүжилтээс болж зарим үед санхүүжилт хоцрох үе байсан боловч тухайн бүрт нь гүйцэтгэлийг нөхөн олгож ажлыг явуулж ирсэн болно. Улмаар ДЦГ ХХК-ны зүгээс 2019 оны 12 дугаар сард ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгож ажлаа орхиж явсан бөгөөд гэрэээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Ийнхүү орхин явахад ямарваа нэгэн байдлаар хоёр компанийн хооронд өр төлбөрийн асуудал бүгд дууссан. Нэхэмжлэгчийн шаардаж буй 15,700,000 төгрөгийн төлбөрийг бид ажлын гүйцэтгэлдээ багтаан шилжүүлж байсан бөгөөд ямарваа нэгэн байдлаар бид хариуцах ёсгүй төлбөр юм. ДЦГ ХХК-д төлөх төлбөргүй бөгөөд одоо энэхүү өр төлбөрийн асуудлаа өөрсдөө бие даан шийдвэрлэх ёстой бөгөөд бид ажил гүйцэтгэх гэрээний дагуу тухай бүрт ажлын гүйцэтгэлээр нь өгөх төлбөрөө бүрэн төлж барагдуулсан болно. Бид улмаар өөрсдийн нөөц бололцоогоор 2021 оны 06 дугаар сард барилгын ажлыг бүрэн дуусгаж улсын комисст хүлээлгэн өгч өнөөдрийн байдлаар тухайн барилгыг улсын комисс хүлээн авах хянан шалгах ажиллагаа явагдаж байгаа болно. Нэхэмжлэгч тал тусгай зөвшөөрлийг нь ашиглуулахаар тохиролцсон гэж тайлбарлаад байна, 2 компанийн хооронд байгуулсан гэрээн дээр ийм зүйл тусгагдаагүй. Манай хоёр компанийн дунд хийгдсэн гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ болохоос биш ямар нэгэн байдлаар тусгай зөвшөөрлөө ашиглуулахаар тохиролцсон гэрээ биш. Манайх захиалагч, эднийх гүйцэтгэгч. Хэрвээ тухайн үедээ үүнийг нь зөвшөөрөхгүй байсан бол гэрээ контрактаа өөрөөр үйлдээд тусгай зөвшөөрлөө ашиглуулахаар гэсэн гэрээ хийсэн бол өнөөдөр ийм байдалд тулахгүй байсан байх. Баталгааны 71,000,000 төгрөгийг ДГЦ ХХК-аас байршуулсан. Барилгын ажлыг 100 хувь гүйцэтгэж дуусгаад байршуулсан мөнгөө яамнаас авах ёстой, энэ мөнгийг манайд дандсанд тушаагаагүй, яамны дансанд байгаа.

 

Манай ХН ХХК нь анх Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай 2014 оны 08 дугаар сарын 08-ний өдөр Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй, 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын /Орхон аймаг, ...... сум/ ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх ХААГ-2014/XYII.1.1.185 тоот гэрээ байгуулсан. Гэрээ сунжраад 2022 он хүртэл явсан шалтгаан нь хөрөнгө оруулалт нь улсын төсөвт суугдах ёстой жилдээ суугдаагүй тул гэрээний хугацааг сунгаж, төсвийг нь дараа жилд суулгаж байсантай холбоотой юм. 2016 оны 07 дугаар сарын 01-нд ДГЦ ХХК нь Тэгш ган ХХК-тай тоосго зээлээр худалдах- худалдан авах гэрээ хийсэн. Тухайн үед Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2015 оны 08 дугаар сарын 10-нд анхны санхүүжилт орж ирсэн, түүний дараа 2015 оны 11 дүгээр сарын 26-нд, 2016 оны 09 дүгээр сарын 08-нд санхүүжилт тус тус орж ирсэн. Уг санхүүжилтээс ДГЦ ХХК нь өөрсдөө гүйцэтгэлийн хэмжээгээр мөнгөө авч байсан боловч тоосгоны төлбөрөө ТХ ХХК-д төлөлгүй өөрсдийг өрийн дарамтанд оруулсан. Нэхэмжлэгч талаас манай ХН ХХК-ийн албан бичгийг үндэслээд байгаа, тэр албан бичиг нь ямар нэгэн он, сар, өдөргүй, төлнө гэдэг асуудал алга. Зөвхөн мөнгө шилжсэн тохиолдолд л шилжүүлнэ гэдэг л асуудал байсан.

 

2015 оны 01 дүгээр сарын 01-нд хоёр тал ажил гүйцэтгэх гэрээг байгуулснаас хойш ДЦГ ХХК ажлаа хаяж явсан 2019 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд ХН ХХК нь ДГЦ ХХК-д хичнээн төгрөгийг шилжүүлсэн гэхээр манай талаас гаргаж өгсөн баримтаар бол 1,265,405,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Харин барилгын ажлын ерөнхий захиалагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас өнөөдрийн байдлаар 1,301,610,698 төгрөгийг 11 удаагийн гүйлгээгээр ХН ХХК-ийн данс руу шилжүүлсэн байна. Гэрээний 2.3-т ажлын хөлсийг гүйцэтгэлээр тооцож төлөх бөгөөд энэ нь ажлын 30 хувийн гүйцэтгэлийг хийж гүйцэтгэсний дараа эхний санхүүжилтийг нэхэмжлэх эрхтэй гэж, мөн 2.7-д Ажлын хөлсийг төлөхдөө ерөнхий захиалагч буюу БСШУЯ-аас мөнгө шилжүүлмэгц ажлын гүйцэтгэлийг удирдлага болгон талуудын тохиролцсон хэлбэрээр буюу барьцаа 10 хувийг /НӨАТ-ын 3 хувь, гэрээний төлбөр 8 хувь/ шимтгэл суутгалыг суутган авч бодит гүйцэтгэлийн төлбөрийн үлдэгдлийг шилжүүлээгүй тохиолдолд өдрийн 0.3 хувийн торгуул тооцогдоно гэж тус тус заасан. Эдгээр шимтгэлүүдийг тухай бүрд нь суутгаад л явж байсан. Тийм учраас хэлж байгаа зүйл болон нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, ХН ХХК-ийн /огноо дугааргүй/ албан бичиг, ДЦГ ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/147 тоот албан бичгийг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2018/00299 дүгээр захирамж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 747 дугаар шийдвэр, Монгол улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 14-07-025/76 дугаар албан шаардлага, Хаан банк ХХК дахь ..........., ............ тоот дансны хуулга, Голомт банк ХХК дахь ........, .......тоот дансны хуулга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, ХН ХХК-ийн хооронд 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй цэцэрлэгийн барилга, 150 ор /Орхон аймаг, ...... сум/ ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх ХААГ-2014/XYII.1.1.185 тоот гэрээ, мөн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Цэцэрлэгийн барилга, 150 ор /Орхон аймаг, ...... сум/ барилга угсралтын ажлын хугацаа сунгах ХААГ-2014/XYII.1.1.185 тоот гэрээ, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Цэцэрлэгийн барилга, 150 ор /Орхон, ...... сум/ барилга угсралтын ажлын ХААГ-2014/XYII.1.1.185+2 тоот нэмэлт гэрээ, мөн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Цэцэрлэгийн барилга, 150 ор /Орхон аймаг, ...... сум/ барилга угсралтын ажлын хугацаа сунгах ХААГ-2014/XYII.1.1.185+3 тоот гэрээ, мөн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Цэцэрлэгийн барилга, 150 ор /Орхон аймаг, ...... сум/ барилга угсралтын ажлын хугацаа сунгах ХААГ-2014/XYII.1.1.185+4 тоот гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Цэцэрлэгийн барилга, 150 ор /Орхон аймаг, ...... сум/ барилга угсралтын ажлын хугацаа сунгах ХААГ-2014/XYII.1.1.185+5 тоот гэрээ, ДЦГ ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101 тоот албан бичиг, Хаан банк ХХК-ийн 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 14/8451 тоот, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 15/12132 тоот албан бичгүүд, ажил гүйцэтгэгч Г.Бгийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн бичиг, Орхон аймгийн 150 хүүхдийн цэцэрлэг Бтай хийх тооцоо гэх баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгчээ.

 

4. Хариуцагч нь шүүхэд хариу тайлбарын хамт Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хуулийн этгээдийн хаягийн лавлагаа, Хаан банк ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Голомт банк ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн төлбөрийн баримт, мөн Голомт банк ХХК дахь 1410001788 тоот дансны хуулгыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн.

 

Шүүх зохигчдын тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ДЦГ ХХК нь хариуцагч ХН ХХК холбогдуулан хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 104,327,260 төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу бусдад төлбөл зохих тоосгоны үнэ 15,700,000 төгрөг, гүйцэтгэлийн баталгааны 71,745,000 төгрөг, нийт 243,935,835 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч ДЦГ ХХК нь хариуцагч ХН ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Орхон аймаг, ...... сумын нутаг дэвсгэрт баригдсан 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын угсралтын ажилд өнгөрсөн хугацаанд нийт 1,394,225,283 төгрөгийн ажил хийж гүйцэтгэснээс 1,178,360,000,000 төгрөгийг хариуцагч ХН ХХК-иас авсан, аваагүй үлдэгдэл нь 215,865,283 төгрөг болж байгаа. Гэрээний төлбөрийн 8 хувийн суутгал нь 111,538,022 төгрөг болж байгаа. Учир нь бид 1,394,225,283 төгрөгийн ажил гүйцэтгэсэн ба үүний 8 хувь гэсэн үг л дээ. Тэгээд аваагүй үлдсэн 215,865,283 төгрөгөөс энэ 8 хувийн суутгалын 111,538,022 төгрөгийг хасч тооцохоор хариуцагч ХН ХХК-ийн манайд төлбөл зохих ажлын хөлс 104,327,260 төгрөг болж байгаа юм. Тэгээд гэрээгээр тохиролцсон алдангид 52,163,575 төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу ТХ ХХК-д төлбөл зохих тоосгоны үнэ 15,700,000 төгрөг, гүйцэтгэлийн баталгаанд манай компанийн төлсөн 71,745,000 төгрөг, нийт 243,935,835 төгрөгийг хариуцагч ХН ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч ХН ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Манай ХН ХХК-ийн зүгээс ДЦГ ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж Орхон аймаг, ...... суманд 150 хүүхдийн ор бүхий цэцэрлэгийн барилгыг зураг, төсвийн дагуу хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон. Гэрээгээр тохирсон үүргээ бид цаг тухайн нь гүйцэтгэж гэрээний 2.3 дугаар зүйлд заасны дагуу ажлын хөлсийг гүйцэтгэлээр нь олгож байсан бөгөөд төрийн байгууллага буюу энэ гэрээний ерөнхий захиалагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны санхүүжилтээс болж зарим үед санхүүжилт хоцрох үе байсан боловч тухайн бүрт нь гүйцэтгэлийг нөхөн олгож ажлыг явуулж ирсэн болно. Улмаар ДЦГ ХХК-ны зүгээс 2019 оны 12 дугаар сард ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгож ажлаа орхиж явсан бөгөөд гэрэээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Ийнхүү орхин явахад ямарваа нэгэн байдлаар хоёр компанийн хооронд өр төлбөрийн асуудал бүгд дууссан. Нэхэмжлэгчийн шаардаж буй 15,700,000 төгрөгийн төлбөрийг бид ажлын гүйцэтгэлдээ багтаан шилжүүлж байсан бөгөөд ямарваа нэгэн байдлаар бид хариуцах ёсгүй төлбөр юм. ХН ХХК нь анх Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай 2014 оны 08 дугаар сарын 08-ний өдөр Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй, 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын /Орхон аймаг, ...... сум/ ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх ХААГ-2014/XYII.1.1.185 тоот гэрээ байгуулсан. Гэрээ сунжраад 2022 он хүртэл явсан шалтгаан нь хөрөнгө оруулалт нь улсын төсөвт суугдах ёстой жилдээ суугдаагүй тул гэрээний хугацааг сунгаж, төсвийг нь дараа жилд суулгаж байсантай холбоотой юм. Нэхэмжлэгч талаас манай ХН ХХК-ийн албан бичгийг үндэслээд байгаа, тэр албан бичиг нь ямар нэгэн он, сар, өдөргүй, төлнө гэдэг асуудал алга. Зөвхөн мөнгө шилжсэн тохиолдолд л шилжүүлнэ гэдэг л асуудал байсан. 2015 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 2.3-т ажлын хөлсийг гүйцэтгэлээр тооцож төлөх бөгөөд энэ нь ажлын 30 хувийн гүйцэтгэлийг хийж гүйцэтгэсний дараа эхний санхүүжилтийг нэхэмжлэх эрхтэй гэж, мөн 2.7-д Ажлын хөлсийг төлөхдөө ерөнхий захиалагч буюу БСШУЯ-аас мөнгө шилжүүлмэгц ажлын гүйцэтгэлийг удирдлага болгон талуудын тохиролцсон хэлбэрээр буюу барьцаа 10 хувийг /НӨАТ-ын 3 хувь, гэрээний төлбөр 8 хувь/ шимтгэл суутгалыг суутган авч бодит гүйцэтгэлийн төлбөрийн үлдэгдлийг шилжүүлээгүй тохиолдолд өдрийн 0.3 хувийн торгуул тооцогдоно гэж тус тус заасан. Эдгээр шимтгэлүүдийг тухай бүрд нь суутгаад л явж байсан гэжээ.

 

4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

5. Нэхэмжлэгч ДЦГ ХХК, хариуцагч ХН ХХК-ийн хооронд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр ХН ХХК нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас зарласан тендерийн дагуу Орхон аймгийн ...... суманд баригдах 150 хүүхдийн ор бүхий цэцэрлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх үүргээ Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2-т зааснаар ДЦГ ХХК-иар гүйцэтгүүлэх, гэрээний хугацаа ерөнхий захиалагч болон захиалагч нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хугацаа байна, ажлын хөлсийг төлөхдөө ерөнхий захиалагч буюу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас мөнгө шилжүүлмэгц талуудын тохиролцсон хэлбэрээр шимтгэл суутгалыг суутган авч үлдэгдэл төлбөрийг саадгүй шилжүүлэх үүргийн хариуцагч ХН ХХК хүлээсэн, ажил гүйцэтгэгч нь 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг нэхэмжлэгч ДЦГ ХХК хүлээхээр тохиролцсоноос үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна, нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

6. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, ХН ХХК-ийн хооронд 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй цэцэрлэгийн барилга, 150 ор /Орхон аймаг, ...... сум/ ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх ХААГ-2014/XYII.1.1.185 тоот гэрээ, мөн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Цэцэрлэгийн барилга, 150 ор /Орхон аймаг, ...... сум/ барилга угсралтын ажлын хугацаа сунгах ХААГ-2014/XYII.1.1.185 тоот гэрээ, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Цэцэрлэгийн барилга, 150 ор /Орхон, ...... сум/ барилга угсралтын ажлын ХААГ-2014/XYII.1.1.185+2 тоот нэмэлт гэрээ, мөн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Цэцэрлэгийн барилга, 150 ор /Орхон аймаг, ...... сум/ барилга угсралтын ажлын хугацаа сунгах ХААГ-2014/XYII.1.1.185+3 тоот гэрээ, мөн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Цэцэрлэгийн барилга, 150 ор /Орхон аймаг, ...... сум/ барилга угсралтын ажлын хугацаа сунгах ХААГ-2014/XYII.1.1.185+4 тоот гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Цэцэрлэгийн барилга, 150 ор /Орхон аймаг, ...... сум/ барилга угсралтын ажлын хугацаа сунгах ХААГ-2014/XYII.1.1.185+5 тоот гэрээгээр дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, хариуцагч ХН ХХК нь ерөнхий захиалагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны захиалгаар Орхон аймгийн ...... суманд 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын иж бүрэн ажлыг 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор батлагдсан зураг, төсвийн дагуу хийж гүйцэтгэх, уг ажлыг хийж гүйцэтгэхэд ДЦГ ХХК-г туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулжээ.

 

6.1. Нэхэмжлэгч ДЦГ ХХК нь ... 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд ХН ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Орхон аймаг, ...... сумын нутаг дэвсгэрт баригдах 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажилд нийт 1,394,225,283 төгрөгийн ажил хийж гүйцэтгэснээс 1,178,360,000,000 төгрөгийг хариуцагч ХН ХХК-иас авсан, аваагүй үлдэгдэл нь 215,865,283 төгрөг болж байгаа. Гэрээний төлбөрийн 8 хувийн суутгал нь 111,538,022 төгрөг болж байгаа. Учир нь бид 1,394,225,283 төгрөгийн ажил гүйцэтгэсэн ба үүний 8 хувь гэсэн үг л дээ. Тэгээд аваагүй үлдсэн 215,865,283 төгрөгөөс энэ 8 хувийн суутгалын 111,538,022 төгрөгийг хасч тооцохоор хариуцагч ХН ХХК-ийн манайд төлбөл зохих ажлын хөлс 104,327,260 төгрөг гэж хариуцагч ХН ХХК-иас гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэлийн энэ шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар ДЦГ ХХК нь 1,394,225,283 төгрөгийн үнэлгээ бүхий барилгын ажил хийж гүйцэтгэсэн, хийж гүйцэтгэсэн ажлын төлөгдөөгүй хөлс 104,327,260 төгрөг болох нь нотлогдохгүй байна.

 

6.2. Мөн нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу ТХ ХХК-д төлбөл зохих тоосгоны үнэ 15,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан ба шаардлагын үндэслэлээ хариуцагч нь яамнаас орж ирсэн санхүүжилтийг цаг тухайд нь манай компани руу шилжүүлээгүйгээс өр төлбөр үүсч, ТХ ХХК-д төлөх шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа. Ажил гүйцэтгэх гэрээний 5.3-т Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс бусдад учруулсан хохирлыг гэм буруутай тал нь нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан, мөн тул энэ төлбөрийг төлөх талаар ХН ХХК нь Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан бичиг бичиж өгсөн гэж тайлбарласан ба Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж хуульчилсан боловч нэхэмжлэгч энэ шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нэхэмжлэгч ДЦГ ХХК нь ТХ ХХК-д 15,700,000 төгрөг төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан, шийдвэрийн дагуу төлбөрийг нэхэмжлэгч төлсөн болох нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн энэ шаардлагаа нотлохоор Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1905 дугаар захирамжийг гаргаж өгсөн боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй баримт болно.

 

6.3. Нэхэмжлэгч нь гүйцэтгэлийн баталгаанд төлсөн 71,745,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан ба нэхэмжлэгч ДЦГ ХХК нь энэ шаардлагаар нотлохоор Хаан банк ХХК-ийн 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 14/8451 тоот, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 15/12132 тоот албан бичгүүдийг гаргажээ. Дээрх албан бичгүүдийн ... банк нь гүйцэтгэгчийн өмнөөс 53,887,845 төгрөгөөс хэтрэхгүй мөнгөн дүнтэй төлбөрийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны өмнө хариуцаж, гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн тухай захиалагчийн бичгээр гаргасан анхны шаардлагыг хүлээн авсан даруй үл маргалдах журмаар энэхүү төлбөрийг хийх үүргийг хүлээж байна гэснээс үзвэл Хаан банк ХХК нь хариуцагч ХН ХХК, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд гүйцэтгэлийн баталгаа гаргаж өгсөн байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч ДЦГ ХХК нь 71,745,000 төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа төлсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч ДЦГ ХХК-ийн хариуцагч ХН ХХК-д холбогдуулан гаргасан ажлын хөлс 104,327,260 төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу бусдад төлбөл зохих тоосгоны үнэ 15,700,000 төгрөг, гүйцэтгэлийн баталгааны 71,745,000 төгрөг, нийт 243,935,835 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 685,660 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,021,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1заасныг баримтлан нэхэмжлэгч ДЦГ ХХК-ийн хариуцагч ХН ХХК-д холбогдуулан гаргасан 243,935,835 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,021,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР