Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01663

 

 

 

 

 

 

 

2022 09 05 210/МА2022/01663

 

 

 

Д ц г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2022/02410 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д ц г ХХК-ийн хариуцагч Х н ХХК-д холбогдуулан гаргасан 243,935,835 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Амгалан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Түвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Анударь, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Атарболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Д ц г ХХК нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны захиалгаар 2014 оны 08 дугаар дугаар сарын 08-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянбулаг багийн 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралт, зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэхээр Х н ХХК-тай гэрээ байгуулж, 2020 он хүртэл ажлыг гүйцэтгэсэн.

1.1. Захиалагч Х н ХХК нь улсын төсвийн санхүүжилтийг авсан хэдий ч манай компани руу тухай бүр бүрэн шилжүүлээгүй тул ажил гүйцэтгэхэд саад учирч, өртөг зардал нэмэгдсэн ба тус компанийн буруугаас Д ц г ХХК өрийн дарамтанд орсон. Тухайлбал, Т х ХХК-д төлөх улаан тоосгоны төлбөр байна. Энэ компаниас барилга угсралтын ажилд шаардагдах улаан тоосго авч төлбөрөө төлөөгүйгээс 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 15,700,000 төгрөгийг Т х ХХК-д төлөхөөр болсон ба тус шийдвэрт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Үүнтэй холбогдуулан Х н ХХК нь улсын төсвөөс санхүүжилт авсан дариуд Т х ХХК-ийн төлбөрийг төлж барагдуулахыг зөвшөөрсөн албан бичгийг Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн ба 2021 оны 12 дугаар сард яамнаас санхүүжилт авсан боловч Т х ХХК-ийн төлбөрийг төлөөгүй. Иймд хариуцагч Х н ХХК-ийн төлбөр төлөх тухай бичгийг үндэслэн Т х ХХК-д төлбөл зохих 15,700,000 төгрөг хариуцагчаас гаргуулна.

1.2. Д ц г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Амгалан нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны захиалгатай дээрх 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралт, зураг төсөл боловсруулах ажлын захиалгыг авах зорилгоор 5 хувийн шимтгэлтэй Х н ХХК-ийн тусгай зөвшөөрлийг ашиглах санал тавьснаар манай хоёр компанийн хамтын үйл ажиллагаа эхэлсэн.

Ингээд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Х н ХХК-ийн хооронд 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу барилга угсралт, зураг төсөл боловсруулах ажлыг Д ц г ХХК хариуцан гүйцэтгэсэн.

Харин Д ц г ХХК, Х н ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээг бичгээр 2015 оны 08 дугаар сард баталгаажуулахдаа тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр огноолсон. Уг барилгын төсөвт өртөг анх 2014 онд 1,077,759,919 төгрөг, 2016 онд 172,240,081 төгрөгөөр нэмэгдэж 1,250,000,000 төгрөг, 2017 онд 184,900,000 төгрөгөөр нэмэгдэж 1,434,900,000 төгрөг, 2019 онд 191,758,857 төгрөгөөр нэмэгдэж 1,626,658,867 төгрөг болсон.

Д ц г ХХК нь уг цэцэрлэгийн барилгын ажлын 90 хувийг хийж гүйцэтгэсэн ч санхүүжилтийг бүрэн авч чадаагүй. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хариуцагч Х н ХХК руу шилжүүлсэн нийт 1,394,225,283 төгрөгийн санхүүжилтээс нэхэмжлэгч компани руу 1,171,360,000 төгрөгийг шилжүүлж, үлдэх 215,865,283 төгрөгийн 8 хувь болох 111,538,022 төгрөгийг хасвал 104,327,260 төгрөг болно. Г.Бат-Амгалангийн яриагаар бол тусгай зөвшөөрөл ашигласны хөлсийг 8 хувиар биш 5 хувиар тохирсон гэдэг.

1.3. Барилгын ажлын дутуу шилжүүлсэн 104,327,260 төгрөгийн 50 хувь буюу алдангид 52,163,575 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

1.4. Мөн яамтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахад шаардагдсан гэрээний гүйцэтгэлийн баталгаа болох 71,745,000 төгрөгийг гаргуулна. Ингээд ажлын хөлс 104,327,260 төгрөг, алданги 52,163,575 төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу Т х ХХК-д төлбөл зохих тоосгоны үнэ 15,700,000 төгрөг, гүйцэтгэлийн баталгааны 71,745,000 төгрөг нийт 243,935,835 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Х н ХХК-ийн зүгээс Д ц г ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, Орхон аймаг, Баян-Өндөр суманд 150 хүүхдийн ор бүхий цэцэрлэгийн барилгыг зураг, төсвийн дагуу хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон.

2.1. Гэрээгээр тохирсон үүргээ бид цаг тухайд нь гүйцэтгэж, гэрээний 2.3-т заасны дагуу ажлын хөлсийг гүйцэтгэлээр нь олгож байсан бөгөөд төрийн байгууллага буюу энэ гэрээний ерөнхий захиалагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны санхүүжилтээс болж зарим үед санхүүжилт хоцрох үе байсан боловч тухайн бүрт нь гүйцэтгэлийг нөхөн олгож ажлыг явуулж ирсэн болно. Улмаар Д ц г ХХК-ийн зүгээс 2019 оны 12 дугаар сард ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгож, ажлаа орхиж явсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Ийнхүү орхин явахад ямарваа нэгэн байдлаар хоёр компанийн хооронд өр төлбөрийн асуудал бүгд дууссан.

2.2. Нэхэмжлэгчийн шаардаж буй 15,700,000 төгрөгийн төлбөрийг бид ажлын гүйцэтгэлдээ багтаан шилжүүлж байсан бөгөөд ямарваа нэгэн байдлаар бид хариуцах ёсгүй төлбөр юм. 2016 оны 07 дугаар сарын 01-нд Д г ц ХХК нь Т х ХХК-тай тоосго зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Тухайн үед Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2015 оны 08 дугаар сарын 10-нд анхны санхүүжилт орж ирсэн, түүний дараа 2015 оны 11 дүгээр сарын 26-нд, 2016 оны 09 дүгээр сарын 08-нд санхүүжилт тус тус орж ирсэн. Уг санхүүжилтээс Д г ц ХХК нь өөрсдөө гүйцэтгэлийн хэмжээгээр мөнгөө авч байсан боловч тоосгоны төлбөрөө Т х ХХК-д төлөлгүй өөрсдийг өрийн дарамтанд оруулсан. Нэхэмжлэгч талаас Х н ХХК-ийн албан бичгийг үндэслээд байгаа, тэр албан бичиг нь ямар нэгэн он, сар, өдөргүй, төлнө гэдэг асуудал алга. Зөвхөн мөнгө шилжсэн тохиолдолд л шилжүүлнэ гэдэг л асуудал байсан.

Нэхэмжлэгч тал тусгай зөвшөөрлийг нь ашиглуулахаар тохиролцсон гэх тайлбар талуудын байгуулсан гэрээнд тусгагдаагүй ба тус ажил гүйцэтгэх гэрээ нь тусгай зөвшөөрөл ашиглуулахаар тохиролцсон гэрээ биш.

2.3. Баталгааны 71,000,000 төгрөгийг Д г ц ХХК-аас байршуулсан. Барилгын ажлыг 100 хувь гүйцэтгэж дуусгаад байршуулсан мөнгөө яамнаас авах ёстой, энэ мөнгийг манайд дансанд шилжиж ирээгүй яамны дансанд байгаа.

2.4. 2015 оны 01 дүгээр сарын 01-нд хоёр тал ажил гүйцэтгэх гэрээг байгуулснаас хойш Д ц г ХХК ажлаа хаяж явсан 2019 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд Х н ХХК нь Д г ц ХХК-д 1,265,405,000 төгрөгийг шилжүүлсэн. Харин барилгын ажлын ерөнхий захиалагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас өнөөдрийн байдлаар 1,301,610,698 төгрөгийг 11 удаагийн гүйлгээгээр Х н ХХК-ийн данс руу шилжүүлсэн байна. Гэрээний 2.3-т зааснаар ажлын хөлсийг гүйцэтгэлээр тооцож төлөх бөгөөд энэ нь ажлын 30 хувийн гүйцэтгэлийг хийж гүйцэтгэсний дараа эхний санхүүжилтийг нэхэмжлэх эрхтэй, 2.7-д зааснаар ажлын хөлсийг төлөхдөө ерөнхий захиалагч буюу БСШУЯ-аас мөнгө шилжүүлмэгц ажлын гүйцэтгэлийг удирдлага болгон талуудын тохиролцсон хэлбэрээр буюу барьцаа 10 хувийг /НӨАТ-ын 3 хувь, гэрээний төлбөр 8 хувь/ шимтгэл суутгалыг суутган авч бодит гүйцэтгэлийн төлбөрийн үлдэгдлийг шилжүүлээгүй тохиолдолд өдрийн 0.3 хувийн торгууль тооцогдоно.

Эдгээр шимтгэлүүдийг тухай бүрд нь суутгаад л явж байсан. Тийм учраас хэлж байгаа зүйл болон нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д ц г ХХК-ийн хариуцагч Х н ХХК-д холбогдуулан гаргасан 243,935,835 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,021,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэх хуульд нийцээгүй. Д ц г ХХК-аас улаан тоосгын үнэ 15,700,000 төгрөгийг гаргуулж Т х ХХК-д олгохоор шүүхийн шийдвэр гарсан талаар зохигчид маргаагүй ба энэ талаар шүүхийн хийсэн дүгнэлт нь хоорондоо авцалдаагүй байна. Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Х н ХХК нь Д ц г ХХК-ийн Т х ХХК-д төлөх төлбөрийг төлөх талаараа хүсэл зоригоо илэрхийлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн хэргийг материалаас хуулбарлав гэсэн тэмдэг дарсан шүүгчийн захирамжийг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж байна.

4.2. Нэхэмжлэлийн ажлын хөлсний төлөөгүй үлдэгдэл 104,327,260 төгрөг, баталгаа 73,596,150 төгрөг гаргуулах шаардлагын нотлох баримтаар 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, 2014 оны 08 дугаар сарын 08-ний өдрийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, мөнгөн гүйлгээний түүврийг шүүхэд өгсөн, хариуцагчийн энэ талаарх тайлбар болон банкны гүйлгээний баримт хэрэгт авагдсан. Үүнээс үзвэл шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтууд тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй.

4.3. Шүүх нэхэмжлэгч миний өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй байхад шүүх хуралдааныг эхлүүлж хурлын явц дунд гэнэт өмгөөлөгч ирээгүйг мэдэж, өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг зөвшөөрч байна уу гэж асуугаад хурлаа үргэлжлүүлсэн. Зүй нь шүүх хуралдааны эхний явцад өмгөөлөгчийн талаар асуусан бол нэхэмжлэгч миний бие шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргах байсан. Ийм боломжоор хангаагүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нар хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтыг гаргаж өгөх ёстой. Хариуцагч нь нэхэмжлэгчид 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 1,265,405,999 төгрөг шилжүүлсэн.

Талууд гүйцэтгэл бүрээрээ санхүүжилт авахаар тохиролцсон ба талаас тоосго бараа материалын үнэ 15,700,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нотлох баримтын хүрээнд шаардах эрх үүсэх ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт гаргаж өгөөгүй. Хариуцагч нь ажлын гүйцэтгэл бүрд оролцож байсан 3 жилийн хугацааны Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай холбоотой болон гүйцэтгэлтэй холбоотой дансны хуулга гаргаж өгсөн.

2020 оны 12 дугаар сард нэхэмжлэгч тал ажлаа орхиод явсан бөгөөд өнөөдрийг хүртэл тухайн маргаж буй барилгыг улсын комисс хүлээж аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Д ц г ХХК нь хариуцагч Х н ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 104,327,260 төгрөг, алданги 52,163,575 төгрөг, тоосгоны үнэ 15,700,000 төгрөг, гүйцэтгэлийн баталгааны 71,745,000 төгрөг нийт 243,935,835 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.а. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Х н ХХК-ууд нь 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй цэцэрлэгийн барилга, 150 ор /Орхон аймаг, Баян-Өндөр сум/ ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч Х н ХХК нь 150 ортой цэцэрлэгийн барилгын ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 1,077,759,919 төгрөгөөр гүйцэтгэх, захиалагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь гэрээний дагуу гүйцэтгэгчийн хийх ажил болон зөрчил гологдол арилгах үйлчилгээг үндэслэн гэрээний төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх125-126/

 

Дээрх гэрээг талууд 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр сунгаж, хугацааг 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөр тогтоосон, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, барилга угсралтын нэмэлт ажлын үнийн дүнг 172,240,081 төгрөгөөр нэмэгдүүлсэн, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн нэмэлт гэрээгээр хугацааг сунгаж 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр болгон тогтоосон, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж, барилга угсралтын ажлын төсвийг 184,900,000 төгрөгөөр нэмэгдүүлж 1,434,900,000 төгрөг болгосон 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн нэмэлт гэрээгээр хугацаа сунгаж, 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусгахаар тогтоосон болох нь хэргийн 125-131 дүгээр тал дахь баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

3.б. Эдгээр гэрээнээс гадна Х н ХХК нь дээрх гэрээгээр хүлээсэн ажлыг гүйцэтгэхээр Д ц г ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч Д ц г ХХК нь Орхон аймаг, Баян-Өндөр суманд баригдах 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг өөрийн материалаар ерөнхий гэрээнд заасан хугацаанд буюу 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хийж гүйцэтгэх, уг гэрээгээр тохирсон ажлын хөлс авахдаа захиалагч Х н ХХК-д ерөнхий гэрээний төлбөрийн 8 хувийг шимтгэлд суутган төлөх, үлдэх хөлсийг авахаар харилцан тохиролцжээ. /хх6-9/

 

Анхан шатын шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

3.в. Нэхэмжлэгч нь хариуцагчийн дутуу төлсөн ажлын хөлсөнд 104,327,260 төгрөг, алданги 52,163,575 төгрөг гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

4.а. Дээрх ажил гүйцэтгэх гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон буюу 2020 оны 12 дугаар сараас хойш уг барилгад гүйцэтгэл хийгдээгүй үйл баримт талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй. Ийнхүү ажил дуусахаас өмнө захиалагч гэрээг цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Иймд гүйцэтгэгч Д ц г ХХК нь гүйцэтгэсэн ажлыг хөлсийг хариуцагчаас Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

4.б. Талууд гүйцэтгэсэн ажлын хэмжээний талаар акт үйлдээгүй боловч ерөнхий захиалагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас шилжүүлсэн санхүүжилтээр нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг тооцох боломжтой байна. Хэргийн 70-83 дахь талд авагдсан Г б ХХК дахь Х н ХХК-ийн эзэмшлийн дансны хуулгаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Х н ХХК-д цэцэрлэгийн барилгын ажлын санхүүжилтэд 1,394,225,283 төгрөг шилжүүлснийг хүлээн авсан болох нь тогтоогдсон.

 

Мөн дээрх дансны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулгаар Х н ХХК-д 20,765,637 төгрөгийн орлого орсныг сүүлийн 2 жилийн хугацааны санхүүжилт гэж үзвэл 10,000,000 төгрөг нь нэхэмжлэгч Д ц г ХХК-д олгогдох байжээ.

 

Иймд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Х н ХХК-ийн хийж гүйцэтгэх ажлын санхүүжилтэнд шилжүүлсэн 1,394,225,283 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг хасаж 1,384,225,383 төгрөгийн санхүүжилттэй ажлыг Д ц г ХХК хийж гүйцэтгэхээр тохиролцсон гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн ажлын 90 хувийг гүйцэтгэсэн гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч 85 хувийн ажлын гүйцэтгэлтэй байсан гэж маргаж байх бөгөөд талуудын хэн аль нь тайлбараа баримтаар нотлоогүй. Иймд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн хийсэн ажлыг 92 хувиар тооцон, 1,384,225,383 төгрөгийн ажил хийсэн гэж дүгнэв. Талууд гэрээгээр тохиролцсоны дагуу хариуцагч Х н ХХК-ийн ажлын хөлснөөс 8 хувийг хасаж тооцоход нэхэмжлэгч 1,273,487,352 төгрөг шаардах эрхтэй.

 

4.в. Нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчаас 1,171,360,000 төгрөгийг ажлын хөлсөнд авсан гэх тайлбар гаргасныг хариуцагч няцааж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй. Иймд нэхэмжлэгчийн хүлээн авсан ажлын хөлсийг түүний зөвшөөрсөн хэмжээнд үнэлж, гүйцэтгэсэн ажлын хөлс 1,273,487,352 төгрөгөөс 1,171,360,000 төгрөгийг хасаж 102,127,260 төгрөгийн ажлын хөлс үлдсэн байна.

 

Иймд нэхэмжлэгчийн ажлын хөлсөд шаардсан 104,327,260 төгрөгөөс 102,127,260 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

5.а. Нэхэмжлэгч Д ц г ХХК дээрх ажлыг бүрэн гүйцэтгэлгүй орхин явснаар талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2, 225 дугаар зүйлийн 225.3 дахь хэсэгт зааснаар цуцлагдсан гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.6-д ажлын хөлсийг төлөхдөө ерөнхий захиалагч буюу БСШУЯ-аас мөнгө шилжүүлмэгц ажлын гүйцэтгэлийг удирдлага болгон ... бодит гүйцэтгэлийн төлбөрийн үлдэгдлийг шилжүүлээгүй тохиолдолд 0.3 хувийн торгууль тооцогдоно гэж тодорхойлжээ. Талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолтод нийцсэн. Гэрээг бичгээр байгуулж хугацаа тогтоосон боловч үүрэг гүйцэтгүүлэгч үүргээ зөрчсөн байна.

 

Иймд талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэгч нь ажлыг дутуу гүйцэтгэсэн, захиалагч хөлс төлөх үүргээ тус тус биелүүлээгүй тохиолдолд Д ц г ХХК нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар гэрээний нөгөө талаасаа алданги шаардах эрхээ алджээ.

 

6.а. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх явцад санхүүжилт хоцроосны улмаас Т х ХХК-аас авсан тоосгоны үнэ 15,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг хөлсийг санхүүжилт орох тухай бүр төлж байсан гэх тайлбараа хэрэгт авагдсан мөнгөн гүйлгээний баримтуудаар нотолсон тул Д ц г ХХК-ийн Т х ХХК-аас зээлээр худалдан авсан тоосгоны үнэ болох 15,700,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөгдсөн гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын 15,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

7.а. Нэхэмжлэлийн шаардлагын гүйцэтгэлийн баталгааны 71,745,000 төгрөгийг шаардах эрх үүсээгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.5.5-д ерөнхий захиалагчтай байгуулсан гэрээний дагуу барилгын чанарын баталгааг хангах зорилгоор нийт үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний баталгааг 3 жилийн хугацаанд байршуулна гэж заажээ. Энэ нь гүйцэтгэсэн ажил ашиглалтад орж, баталгаат хугацаа тоологдсоноос хойш 3 жилийн дараа гүйцэтгэлийн баталгааг авах агуулгатай тохиролцоо байна.

 

Гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан нь урьд гүйцэтгээд санхүүжилт төлбөрийг авсан ажлын баталгааны мөнгийг буцаан шаардах эрхийг олгохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

8. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагч Х н ХХК-аас ажлын хөлс 102,127,260 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д ц г ХХК-д олгох нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2, 225 дугаар зүйлийн 225.3 дахь хэсэгт тус тус заасанд нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2022/02410 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.3 дахь хэсэгт заасныг баримтлан 102,127,260 төгрөгийг хариуцагч Х н ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Д ц г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 141,808,575 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д ц г ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,021,800 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х н ХХК-аас 668,586 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д ц г ХХК-д олгоусгай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д ц г ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,377,629 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ