Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2022/02477

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2022/02477

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн... дугаар хороо, ......гудамж, Туушин тауэр, ...... тоот, регистр .........., Б ХХК,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, .......гудамж, өөрийн байр, регистр ....., ЦГХХК,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний улмаас учирсан хохирол 530,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Онон,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Жамъян,

Гэрч Б.Т, С.П, Г.Г, Г.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаярын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Б ХХК нь 2020 оны 10 дугаар сард хариуцагч ЦГХХК-иас 120 тонн барилгын арматур худалдаж авсан. Худалдаж авсан арматурыг ЭСД групп ХХК-д 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Арматур нийлүүлэх гэрээ-ний дагуу худалдан борлуулсан. Гэтэл бидний ЦГХХК- иас худалдан авч цааш нь борлуулсан арматур нь чанарын щаардлага хангахгүй талаар ЭСД групп ХХК-иас манай компанид мэдэгдсэн. Иймд худалдагч тал болох ЦГХХК-ийн захирал н.Мт танай нийлүүлсэн арматур чанарын шаардлага хангахгүй байна гэдгийг мэдэгдсэн. Үүний дагуу ЦГ" ХХК-ийн захирал Б.М нь өөрөө биечлэн ирж уулзаад арматурыг Барилгын хөгжлийн төвийн Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд 2 удаа оруулсан. Шинжилгээ хийлгэхэд ЦГХХК-ийн захирал Б.М, манай компаниас менежер Г.Г, ЭСД групп ХХК-ийн инженерүүд байсан. Хоёр удаагийн шинжилгээгээр арматурын чанар Муу гарсан. Өөрөөр хэлбэл ЦГХХК-ийн нийлүүлсэн 12 мм-ийн диаметртэй арматур нь хэмжээндээ хүрэхгүй буюу 10 мм-ийн диаметртэй байсан нь Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвийн Барилгын материалын сорилт, шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн RE1303 дугаартай сорилт, шинжилгээний дүнгээр тогтоогдосон. Үүнийг ЦГХХК-ний захирал Б.М нь өөрөө хүлээн зөвшөөрөөд үлдэгдэл болох 50 тонн арматурыг ЭСД групп ХХК-иас ачиж авч яваад манай Б ХХК-нд 50 тонн арматурын үнэ болох 86,390,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 36,930,000 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 25,000,000 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 25,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Нэгэнт ЭСД групп" ХХК-д нийлүүлсэн 120 тонн арматураас 70 тонн арматур нь ЭСД групп ХХК-ийн баригдаж байгаа барилгад орж шингэсэн. ЭСД групп ХХК нь чанарын шаардлага хангахгүй 70 тонн арматур орсон барилгад барилгын эрх бүхий Цамхаг өргөө бюлдинг ХХК-иар барилгын хүчитгэл хийлгэсэн, дээрх байдлыг ЦГХХК-ийн захирал Б.Мт хэлтэл асуудлаа шийднэ гэж явсаар байгаад өдийг хүртэл манай компанид учруулсан хохирлыг нөхөн төлөхгуй байна. ЭСД групп ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн албан тоот бичгээр манай компанид холбогдуулан 230,000,000 төгрөгийн барилын хүчитгэл хийсэн зардлыг биднээс шаардсан ба үүний дагуу манай компанийн зүгээс ЭСД групп ХХК-д хохиролд 230,000,000 төгрөгийг арматур болон барилгын бусад материалаар төлж барагдуулсан. Тухайлбал, Б ХХК нь аргагүйн эрхэнд ЭСД групп ХХК-д 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 20 мм-ийн диаметртэй 30 тонн арматурыг 96,089,600 төгрөгөд тооцуулж, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 12 мм-ийн диаметртэй болон 16 мм-ийн диаметртэй 30 тонн арматурыг 96,324,000 төгрөгөд тооцуулж, нийтдээ 192,409,600 төгрөгийн хохирлыг арматураар төлсөн. Дээрх ЦГХХК-ийн чанарын шаардлага хангахгүй арматур нийлүүлснээс болж ЭСД групп" ХХК нь манай компанитай байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн "Арматур нийлүүлэх гэрээ-г цуцалсан. Олох байсан орлогод 300,000,000 төгрөгийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа юм бэ гэхээр манай компани нь хариуцагч ЦГХХК-иас 1 тонн арматурыг 1,640,000 төгрөгөөр худалдаж аваад цааш нь ЭСД групп ХХК-д 1 тонн арматурыг 1,750,000 төгрөгөөр буюу 1 тонн дээр 110,000 төгрөг нэмж борлуулсан. ЭСД групп ХХК-д манай компани нийт 2,300 тонн арматур нийлүүлэх гэрээтэй байсан, энэ гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж 2,300 тонн арматураа бид нийлүүлсэн бол тонн тутмаас 110,000 төгрөгийн орлого, нийт 2,300 тонноос 253,000,000 төгрөгийн орлого олох ёстой байсан. Гэвч бид нэхэмжлэлийн шаардлагадаа олох байсан орлогоо 300,000,000 төгрөгөөр шаардсан, нотлогдсон хэмжээнд нь энэ шаардлагыг хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, шаардлагаа дэмжиж байгаа. Манай компанитай байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн гэрээгээ ЭСД групп ХХК нь цуцалсан бөгөөд үүнд ЦГХХК нь буруутай. Иймд ЦГХХК-иас манай компанид учруулсан хохиролд 230,000,000 төгрөг, гэрээний дагуу олох ёстой байсан ашиг 300,000,000 төгрөг, нийт 530,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ЦГХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Онон, хариуцагчийн өмгөөлөгч М.Жамъян нарын гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Б ХХК нь ор үндэслэлгүй, болоогүй асуудлыг болсон мэтээр худал тайлбар гаргаж байна. Б ХХК нь 2020 оны 04 дүгээр сараас эхлэн манай компаниас арматур төмөр худалдан авдаг байсан. 2020 оны 10 дугаар сард 12-ын арматур худалдаж авсан. Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 06-нд Б ХХК-иас утсаар ярьж Танайхаас авсан арматурыг лабораторын шинжилгээнд өгөхөд шаардлага хангасангүй, Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа НВС-гийн барилга дээр М захирлыг хүрээд ир гэж дуудаад уулзсан. Тэгээд яагаад худалдан авалт хийгээд хэд хоногийн дараа хэлж байгаа юм бэ, манай худалдсан арматур гэж хэрхэн батлах юм бэ гэж асуухад, барилга дээр арматур удаан хадгаладаггүй, их хэмжээний өндөр дүнтэй байдаг учраас барилгын компаниуд хурдан эргэлтэд оруулдаг. Н манайхаас гэрээгээ цуцлах гээд байна, энэ арматурыг буцааж ав гээд байна, танай компани арматур зардаг юм чинь үлдэгдэл арматурыг зараад мөнгийг нь гаргаад өгөөч гэж гуйгаад байсан тул хүнд тус больё гэж бодоод манай компани зөвшөөрсөн. 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 53 тонн арматур Вега сити-ээс манай хашаанд буулгасан. Нийт 53 тонн арматурын үнэд 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 36,390,000 төгрөг, мөн 11 дүгээр сарын 09-нд 25,000,000 төгрөг, мөн 11 дүгээр сарын 11-нд 25,000,000 төгрөг, нийт 86,390,000 төгрөгийг Б ХХК-ийн Хаан банкин дахь ......... тоот данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш утсаар яриагүй, худалдан авалт хийгээгүй. Гэтэл 2021 оны зун Б ХХК-ийн өмгөөлөгч Г.Батбаяр гэх хүн холбогдоод НВС хотхоны барилгад хүчитгэл хийсэн ажлын зардал 240,000,000 төгрөг болсон, үүнээс 100,000,000 төгрөгийг өгчих гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс ЦГХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Захирлын тушаал, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Бараа нийлүүлэх гэрээ, БН/20/0001 тоот гэрээний өөрчлөлт, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай албан бичиг, Депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргасан.

 

4. Хариуцагчаас 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0003447, 2020 оны 08 дугаар сарын 26-ны Сорилт шинжилгээний дүн 0003448, 0003452, 0003449, 0003450, 0003451, 0003446, 0003442, 0003440, 0003444, 0003446, Чанарын гэрчилгээ, 2020 оны 04-р сарын 23-ны өдрийн Бараа материал худалдах, худалдан авах гэрээ, Чанарын гэрчилгээний хуулбар, албан ёсны орчуулга зэргийг нотлох баримтаар гаргасан.

 

5. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0005397, 0005398, 0005399, 0005453, 0005454, 2020 оны 10-р сарын 05-ны өдрийн Нэхэмжлэх, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Нэхэмжлэх, мөн Барилгын хөгжлийн төвөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хийгдсэн RE 1303 кодтой ган туйвангийн шинжилгээний хариу болон дээжийг хүлээн авсан бүртгэлийн дэвтрийн хуулбар зэрэг баримтыг бүрдүүлсэн,

 

6. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтээр гэрч Б.М, А.Буд, Г.Г, Г.Ч, С.П, Б.Т нараас шүүх хуралдаанд мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч ЦГХХК-д холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 230,000,000 төгрөг, олох байсан орлогод 300,000,000 төгрөг, нийт 530,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б ХХК нь ЭСД групп ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Арматур нийлүүлэх гэрээ байгуулсан, уг гэрээнд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нийлүүлэх арматурын хэмжээг 2300 тонн болгож өөрчлөлт оруулсан. Б ХХК нь 2020 оны 10 дугаар сард ЦГХХК-иас 120 тонн барилгын арматур худалдаж авсан. Тухайн арматураа ЭСД групп ХХК-д дээрх гэрээний дагуу худалдан борлуулсан. Гэтэл арматур нь чанарын шаардлага хангахгүй талаар ЭСД групп ХХК-иас манайд мэдэгдсэн тул ЦГХХК-ийн захирал Б.Мт арматур чанарын шаардлага хангахгүй байна гэдийг мэдэгдсэн. Үүний дагуу ЦГХХК нь Барилгын хөгжлийн төвийн Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторит арматурыг 2 удаа шинжилгээ хийлгэсэн, шинжилгээгээр арматурын шинжилгээ муу гарсан. ЦГХХК нь 120 тонн арматураас барилгад ороогүй үлдэгдэл болох 53 тонн арматурыг ЭСД групп ХХК-иас ачаад явсан. Харин 70 тонн арматур ЭСД групп ХХК-ний баригдаж байгаа барилгад орж баригдсан. ЭСД групп ХХК нь чанарын шаардлага хангахгүй 70 тонн арматур орсон барилгадаа Цамхаг өргөө бюлдинг ХХК-иар барилгын хүчитгэл хийлгэсэн. ЦГХХК-ийн чанаргүй арматураас болж ЭСД групп ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн албан тоот бичгээр Б ХХК-иас 230,000,000 төгрөгийн барилгын хүчитгэл хийсэн зардлыг шаардсан тул манай компани дээрх хохирлыг бараа материалаар нөхөн тооцож төлсөн. Хариуцагч ЦГХХК-ийн чанаргүй арматураас болж ЭСД групп ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Арматур нийлүүлэх гэрээ-гээ цуцалсан. Гэрээ цуцлагдсанаас бид 300,000,000 төгрөгийн олох байсан орлогоо олж чадаагүй гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь татгалзсан ба үндэслэлээ Б ХХК нь 2020 оны 10 дугаар сард 12 мм-ийн диаметртэй 120 тонн арматур худалдаж авсан. Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 06-нд Б ХХК-иас утсаар ярьж Танайхаас авсан арматурыг лабораторын шинжилгээнд өгөхөд шаардлага хангасангүй, Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа НВС-гийн барилга дээр М захирлыг хүрээд ир гэж дуудаад уулзсан. Тэгээд яагаад худалдан авалт хийгээд хэд хоногийн дараа хэлж байгаа юм бэ, манай худалдсан арматур гэж хэрхэн батлах юм бэ гэж асуухад, барилга дээр арматур удаан хадгаладаггүй, их хэмжээний өндөр дүнтэй байдаг учраас барилгын компаниуд хурдан эргэлтэд оруулдаг. Номин манайхаас гэрээгээ цуцлах гээд байна, энэ арматурыг буцааж ав гээд байна, танай компани арматур зардаг юм чинь үлдэгдэл арматурыг зараад мөнгийг нь гаргаад өгөөч гэж гуйгаад байсан тул хүнд тус больё гэж бодоод манай компани зөвшөөрсөн. 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 53 тонн арматур Вега сити-ээс манай хашаанд буулгасан. Нийт 53 тонн арматурын үнэд 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 36,390,000 төгрөг, мөн 11 дүгээр сарын 09-нд 25,000,000 төгрөг, мөн 11 дүгээр сарын 11-нд 25,000,000 төгрөг, нийт 86,390,000 төгрөгийг Б ХХК-ийн Хаан банкин дахь ......... тоот данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш утсаар яриагүй, худалдан авалт хийгээгүй. Гэтэл 2021 оны зун Б ХХК-ийн өмгөөлөгч Г.Батбаяр гэх хүн холбогдоод НВС хотхоны барилгад хүчитгэл хийсэн ажлын зардал 240,000,000 төгрөг болсон, үүнээс 100,000,000 төгрөгийг өгчих хэмээн хэлсэн гэж тайлбарлажээ.

 

4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Нэхэмжлэгч Б ХХК, хариуцагч ЦГХХК-иудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж 1 тонн арматурыг 1,530,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон, гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сард хариуцагчид 12 мм-ийн диаметртэй /дүгнэлтээр 10 мм-ийн диаметртэй/ 120 тонн арматурыг худалдсан ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

6. Зохигчид гэрээ байгуулагдсан талаар болон 120 тонн арматурыг нийлүүлсэн болон хариуцагч 53 тонн арматурыг буцаан авч 86,390,000 төгрөгийг нэхэмжлэгчид эргүүлэн шилжүүлсэн талаар маргаагүй болно. Харин шаардлага хангаагүй арматур нь хариуцагчийн нийлүүлсэн арматур мөн эсэх, 53 тонн арматурыг ямар үндэслэлээр буцаан авсан талаар зохигчид маргажээ.

 

7. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд,

 

7.1. Нэхэмжлэгч Б ХХК, хариуцагч ЦГХХК-иудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж 1 тонн арматурыг 1,530,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон, зохигчид энэхүү гэрээний дагуу 2020 оны 10 дугаар сард 120 тонн 12 мм-ийн диаметртэй арматурыг /ган туйван/ худалдсан, улмаар нэхэмжлэгч Б ХХК нь арматур хэмжээндээ хүрээгүй, доголдолтой гэх шалтгаанаар гэрээний зарим хэсгээс татгалзсанаар хариуцагч ЦГХХК нь 53 тонн арматурыг буцаан авч Б ХХК-ийн Хаан банкин дахь ......... тоот данс руу 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 36,390,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 25,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 25,000,000 төгрөг, нийт 86,390,000 төгрөгийг шилжүүлсэн нь Б ХХК-ийн ддепозит дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 57 дугаар хуудас/-аар,

 

7.2. Хариуцагч ЦГХХК нь 120 тонн арматурыг ЭСД групп ХХК-д нийлүүлсэн, улмаар ЭСД групп ХХК нь Хан-Уул дүүргийн ........ дугаар хорооны нутагт хэрэгжүүлж буй ......төслийн..... дугаар барилгы.........дүгээр давхрын хучилт, хананд тухайн арматурыг хэрэглэсэн. Гэвч хариуцагч ЦГХХК-ний нийлүүлсэн энэ арматур нь чанарын шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл 12 мм-ийн диаметртэй биш 10 мм-ийн диаметртэй байсан нь Барилгын хөгжлийн төвийн Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Код-RE1303 дугаартай Сорилт, шинжилгээний дүнгээр,

 

7.3. Мөн доголдолтой арматур нь ЦГХХК-ийн нийлүүлсэн арматур мөн болох нь гэрч Г.Чийн шүүх хуралдаанд гаргасан ... би ЭСД групп ХХК-д инженерээр ажилладаг, ЦГХХК-иас нийлүүлсэн 12 мм-ийн диаметртэй арматурыг шинжилгээнд өгөөд хариу гарахад хугацаа шаардлагатай байсан, бид хариуг хүлээх боломжгүй байсан тул тухайн арматурыг 103 дугаар барилгын 9 дүгээр давхрын хучилтанд хэрэглэсэн. Үүний дараа арматурын шинжилгээний хариу муу гэх хариу ирсэн гэх, гэрч С.Пийн ... би ЭСД групп ХХК-ийн худалдан авах ажиллагааны ахлах менежерээр ажилладаг, ЦГХХК-иас 2020 оны 10 дугаар сард 120 тонн арматур худалдаж авсан гэх, гэрч Г.Гийн ... би 2020 оны 05 дугаар сараас 2021 оны 03 дугаар сарын дунд хүртэл менежерээр ажиллаж байсан. Б ХХК нь ЦГХХК-иас 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 12 диаметрийн арматурыг худалдаж авсан гэх мэдүүлгээр,

 

7.4. Улмаас ЭСД групп ХХК нь тухайн хэмжээндээ хүрэхгүй, доголдолтой арматур шингэсэн 103 дугаар барилгадаа хүчитгэл хийлгэсэн болох нь гэрч Г.Ч, С.П нарын ... барилгад хүчитгэл хийлгэсэн гэх мэдүүлэг, ЭСД групп ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 8-131/21 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байна.

 

8. Хэдийгээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-д Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зааснаар хариуцагч ЦГХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол, зайлшгүй орох байсан орлогоо шаардах эрхтэй боловч нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

 

8.1. Нэхэмжлэгч Б ХХК нь доголдолтой арматур орсон ЭСД групп ХХК-ийн барилгад хүчитгэл хийлгэсэн зардалд 230,000,000 төгрөгийг арматур болон барилгын бусад материалаар төлсөн гээд нэхэмжлэлийн энэ нь шаардлагаа нотлохоор Б ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 11, 17-ны өдрийн зарлагын баримт болон ЭСД групп ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 8-39/22 тоот албан бичгийг шүүхэд нотлох баримтаар гаргажээ. Гэвч Б ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 25 мм-ийн арматур, 96,089,600 төгрөг гэх зарлагын баримт, мөн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12 мм-ийн арматур, 16 мм-ийн арматур, 96,320,000 төгрөг гэх зарлагын баримтуудад ЭСД групп ХХК-ийн тэмдэг дарагдаагүй, дээрх арматурыг хэнд, ямар зорилгоор худалдсан, эсхүл төлбөртөө тооцож өгч буй эсэх нь тодорхойгүй, нэг талын баримт байх тул ЭСД групп ХХК-ийн хэрэгжүүлж буй Хан-Уул дүүргийн .......дугаар хорооны нутагт баригдаж буй .... төслийн ......дугаар барилгад хүчитгэл хийсэн төлбөрт ЦГХХК-иас дээрх арматурыг өгсөн гэж үзэх үндэслэлгүй. Мөн ЭСД групп ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 8-39/22 тоот албан бичиг нь 103 дугаар барилгын хүчитгэлийн ажлын санхүүгийн анхан шатны баримт биш бөгөөд мөн нэхэмжлэлийн энэ шаардлагыг нотлох баримт биш болно.

 

8.2. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч ЦГХХК-ийн нийлүүлсэн доголдолтой арматурын улмаас ЭСД групп ХХК нь манай компанитай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн HRB400E маркын арматур нийлүүлэх тухай БН/19/0001 тоот гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн БН/20/0001 тоот гэрээний өөрчлөлт гэрээнүүдээ цуцалсан бөгөөд бид дээрх гэрээний дагуу ЭСД групп ХХК-д нийт 2,300 тонн арматур нийүүлэх үүрэгтэй байсан бөгөөд 1 тонн арматураас 110,000 төгрөгийн ашиг олж байсан, гэрээ цуцлагдсанаар бид 300,000,000 төгрөгийн олох байсан орлогоо алдсан гэж шаардсан. Гэвч нэхэмжлэгч нэхэмжлэлийн энэ шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй болно. Өөрөөр хэлбэл энэ иргэний хэргийн хариуцагч ЦГХХК болон ЭСД групп ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн HRB400E маркын арматур нийлүүлэх тухай БН/19/0001 тоот гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн БН/20/0001 тоот гэрээний өөрчлөлт гэрээнүүд цуцлагдсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

9. Хэрэгт авагдсан 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0003440, 0003442, 0003444, 0003446, 0003447, 0003448, 0003449, 0003450, 0003451, 0003452, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0005397, 0005399, чанарын гэрчилгээ, чанарын гэрчилгээний хуулбар, орчуулга зэрэг баримтууд нь энэ хэрэгт хамааралгүй байна.

 

10. Нэхэмжлэгч шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2,807,950 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан ЦГХХК-иас 530,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,807,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР