Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01029

 

Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/001291 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б- ХХК-ийн хариуцагч Ц- ХХК-д холбогдуулан гаргасан үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд нийт 292,000,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагчийн өмгөөлөгч Н.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Талууд бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 60 тонн арматур, 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 60 тонн арматур тус тус нийлүүлсэн. Хариуцагчийн нийлүүлсэн арматурыг Э- ХХК-ийн барилгын хашаанд буулгасан боловч арматур шаардлага хангахгүй байна гэж мэдэгдсэн. Энэ талаар хариуцагч компанийн захиралд хэлж, арматурыг үзээд шаардлага хангахгүй 53 тонн арматурын үнэ болох 86,390,000 төгрөгийг нэхэмжлэгч компанид буцаан төлсөн. Хариуцагч компани гэрээний үүргээ зөрчиж, чанар муутай арматур нийлүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж нэхэмжлэгч үзэж байгаа. Харин үлдсэн арматур Э- ХХК-ийн барилгад нэгэнт ашиглагдсан бөгөөд чанар муутай арматурт хүчдэл хийх шаардлага үүссэн. Э- ХХК нь тухайн хүчдэлийг хийж, 69,000,000 төгрөгийг манай компани бараа материалаар төлсөн. Нэхэмжлэгч компани болон Э- ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнүүд хэрэгжих боломжтой байсан. Гэвч хариуцагч компани чанар муутай арматур нийлүүлсэн учраас гэрээний үүрэг хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүсэж, Э- ХХК нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс тусгай мэдлэг бүхий шинжээчээр дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч компани болон Э- ХХК-ийн хооронд тухайн гэрээ хэрэгжсэн бол Б- ХХК нь 223,000,000 төгрөгийн орлого олох ёстой байсан гэсэн дүгнэлт гарсан учир өмнөх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 77,000,000 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн бараа материал худалдах, худалдан авах гэрээний үүргээс үүдэлтэй хохиролд хүчдэлийн ажлын зардалд 69,000,000 төгрөг, олох ёстой байсан орлого 223,000,000 төгрөг нийт 292,000,000 төгрөгийг гаргуулж, Б- ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч компани нь хариуцагч компаниас 2020 оны 4 сараас эхлэн арматур худалдан авалт хийдэг байсан. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болон 09-ний өдөр 120 тонн 12 диаметртэй арматур худалдан авсан. 2020 онд Б- ХХК-ийн худалдан авсан арматурын размер нь манайд байхгүй тохиолдолд өөр арматур зардаг, бусад компаниудаас худалдан авалт хийдэг байсан. 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Б- ХХК-аас холбогдоод танай компаниас авсан арматурт лаборторын шинжилгээ өгөхөд шаардлага хангасангүй. Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа Номингийн Вива сити барилга дээр ирээд уулзаадах гэсний дагуу худалдан авалт хийгээд хэд хоногийн дараа Ц- ХХК-д мэдэгдсэн байдаг. Тухайн худалдан авсан арматурыг хэрхэн Ц- ХХК-ийнх гэдгийг батлах юм бэ гэхээр барилга дээр арматур удаан хадгалдаггүй, маш их хэмжээний үнийн дүнтэй байдаг учир барилгын компаниуд хурдан эргэлтэд оруулдаг. Номин манайхаас гэрээгээ цуцлах гэж байгаа учир танай компани угаасаа арматур зардаг юм чинь зараад мөнгийн гаргаад өгөөч гэж холбогдсон байдаг. Үүнийг нь хариуцагч компанийн захирал зөвшөөрөөд 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 53 тонн арматурыг Вива сити компанийн хашаанаас Ц- ХХК-ийн хашаанд буулгасан. Нийт 53 тонн арматурын үнэ болон 86,390,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, 11 дүгээр сарын 09-ний өдөр нь 25,000,000 төгрөг мөн 11 дүгээр сарын 11-ний өдөр 25,000,000 төгрөгийг Б- ХХК-ийн Хаан банкны дансанд шилжүүлсэн. Тэгээд 2020 оны 11 сараас хойш Б- ХХК дахин нэг ч удаа утсаар холбогдоогүй, худалдан авалт хийлгүй сураггүй болсон. 2021 оны зун Б- ХХК-ийн өмгөөлөгч Батбаяр гэх хүн н.Мөнхбаатар захиралтай утсаар яриад Номингийн Вива ситигийн барилгад хүчдэл хийгдсэн, хүчдэлийн зардал 240,000,000 төгрөг болсон. Үүнээс танайх 100,000,000 төгрөгийг өгчихвөл ямар нэгэн асуудалгүй дуусгая гэж утсаар холбогдсон. Тухайн шинжэлгээний бичгүүд болон Ц- ХХК-аас худалдан авсан арматур гэдгийг нотлох нотолгоо тухайн үед байгаагүй. Мөн хүчдэл хийсэн актыг ч Ц- ХХК-д танилцуулаагүй, өгөөгүй. Одоо компанийн олох ёстой байсан ашиг нь санхүүгийн болон татварын тайлан тооцоогоор нотлогдсон зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар хариуцагч Ц- ХХК-аас гэрээний улмаас учирсан хохирол 69,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 223,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,807,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч 502,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах шатны журмаар дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгчээс шинжээчийн дүгнэлт, эрхийн гэрчилгээг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгсөн. Шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгсөн уг шинжээчийн дүгнэлт гаргах мэргэжлийн гэрчилгээг нягтлан тодруулж, нотлох баримтаар үнэлээгүй орхигдуулсан байгаагаас тухайн алдаатай дүгнэлтийг хийхэд хүргэсэн байна. Уг баримтаар шинжээч А.Раднаа нь шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий этгээд болох нь тогтоогдох ба уг эрхийнхээ хүрээнд мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргасан, дүгнэлт нь хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хариуцагч уг шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэн няцааж чадаагүй, түүнчлэн хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хариуцагч чанар муутай арматур нийлүүлсэн буруутай үйл ажиллагааны улмаас нэг талын санаачилгаар гэрээ цуцлагдсан нь нотлогддог. Гэтэл шүүх дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шударгаар, үнэн зөвөөр үнэлэлт дүгнэлтийг хийж чадаагүй, улмаар олох ёстой байсан орлого шаардсан хэсгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын олох ёстой байсан орлого болох 223,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талаас шинжээчийн дүгнэлт гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Энэхүү шинжээчийн дүгнэлт нь нэг талаас гаргасан баримт юм. Өөрөөр хэлбэл, шүүхээс томилсон шинжээч биш. Анхан шатны шүүх шинжээчийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд биш гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Мөн шинжээчийн дүгнэлт нь талуудыг байлцуулаагүй үндэслэл муутай дүгнэлт болсон. Анхан шатны шүүхийн дүгнэсэн дүгнэлт үндэслэлтэй гэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Б- ХХК анх нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо Э- ХХК нь Б- ХХК-аас 230,000,000 төгрөгийн барилгын хүчитгэл хийсэн зардлыг шаардсаныг бараа материалаар тооцож нөхөн төлсөн гэж тайлбарласан, мөн нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа ... Э- ХХК-аас хүчитгэлийн ажлыг Цамхаг-Өргөө бюлдинг ХХ-иар хийлгүүлсэн талаар мэдэгдэж уг хүчитгэлийн зардлыг төлөхийг шаардсан. Нэхэмжлэгч нь дээрх шаардлагын дагуу хүчитгэлийн ажлын зардлыг бараа материалаар тооцож нийт 192,409,600 төгрөгийг төлсөн ... гэж тайлбарлах боловч Б- ХХК-аас Э- ХХК-д хэдэн төгрөгийн бараа материал болон бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл барилгад арматурын доголдлоос шалтгаалж хүчитгэл хийсэн эсэх Б- ХХК нь хүчитгэлийн зардал гэхийг Э- ХХК-д ямар бараа материалыг хэдэн төгрөгт, хэрхэн тооцож өгсөн мөн бэлэн мөнгө өгснийг баримтаар нотлоогүй нэхэмжлэгчийн тайлбар мэдүүлэг зөрүүтэй байхад анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийгээгүй 69,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Учир нь: анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2021.09.27-ны өдрийн 8-131/21 дугаар төлбөр барагдуулах тухай албан бичиг .... баримтуудаар тогтоогдож байна ... гэж дүгнэсэн. Гэвч Э- ХХК-ийн 2021.09.27-ны өдрийн 8-131/21 дугаар төлбөр барагдуулах тухай албан бичигт бидний хооронд байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн арматур нийлүүлэх гэрээний дагуу танайхаас 2020 оны 10 сард худалдан авсан 120 тонн арматур чанарын шаардлага хангаагүй тул бид бүхэн тус асуудлаас болж 230,000,000 төгрөгийн хохирол амссан тул дээрх зардлыг гэрээний дагуу бид бүхэнд олгож өгнө үү гэх агуулгатай, мөн тус группийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 8-39/22 дугаартай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тодорхойлолт гаргах тухай албан бичигт Б- ХХК нь барилгын хүчитгэл хийхэд гарсан зардалд 230,000,000 төгрөгийг бараа материалаар тооцуулан, манай компанид төлж барагдуулсан үнэн болохыг үүгээр тодорхойлов гэх агуулагатай албан бичиг зэрэг баримтууд нь эргэлзээ бүхий агуулгын хувьд зөрүүтэй, нэхэмжлэгчийн тайлбар мэдүүлгээс зөрсөн, эх сурвалж нь тодорхойгүй, бусад баримтаар нотлогдохгүй байхад шийдвэрийн үндэслэл болгосон нь хуулийг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 Дугаар зүйлийн 76.1.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс Э- ХХК санхүүгийн тайлан, бусад баримтад хүчитгэлийн зардал хэрхэн тусгагдсан, мөн Б- ХХК-ийн санхүүгийн тайлан баримтад дээрх зардал хэрхэн тусгагдсаныг тодруулж удаа дараа шаардсан боловч анхан шатны шүүх дээрх баримтыг тодруулалгүй дүгнэлт хийсэн нь буруу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Сангийн сайдын 347 тоот тушаалаар баталсан зааврын дагуух санхүүгийн баримтаар нотлогдоогүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч худалдсан арматурын доголдлын талаар мэдсэн даруйд 50 тн буцаан авч ... гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Манай компанийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан Б.Мөнхбаатар нь Э- ХХК-ийн барилгын талбайд байсан 50 тонн арматурыг Б- ХХК-ийн хүсэлтээр зах зээлд борлуулж барааны үнэ 86,390,000 төгрөгийг Б- ХХК-д шилжүүлсэн байдаг. Дээрх худалдан борлуулсан 50 тн арматураас чанарын доголдол илрээгүй болно.Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч чанар муутай доголдолтой арматур нийлүүлснээс болж, Э- ХХК, Б- ХХК-тай байгуулсан гэрээ цуцлагдсан. Гэрээ цуцлагдсан учраас манай компанип хүчитгэл хийсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч компаниас удаа дараа хохирлоо шаарддаг. Энэ зардал 69,000,000 төгрөг болсон. Хоёр компани бараа материал хүлээлцсэн талаарх баримт байхад эх сурвалж нь тодорхойгүй, хүлээж авсан баримт байхгүй гэх гомдол нь үндэслэлгүй. Э- ХХК барилгын хүчитгэл хийсэн зураг төсөл, төсөв нь энэ хэрэгт ач холбогдолгүй. Харин хүчитгэл хийсэн үгүй нь ач холбогдолтой. Үүнтэй холбоотой барилгын хүчитгэл хийсэн компанитай байгуулсан гэрээ, дансны хуулга, гэрч н.Оргилын мэдүүлэг зэргээр хүчитгэл хийсэн болох нь нотлогддог. Тийм учраас хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гомдлыг хангаж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Б- ХХК нь хариуцагч Ц- ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд нийт 292,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Зохигчид 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Ц- ХХК нь 1 тонн нь 1,530,000 төгрөгийн үнэ бүхий, 120 тонн арматур худалдах, нэхэмжлэгч Б- ХХК нь барааг хүлээн авч, үнийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, бараа материал худалдах, худалдан авах гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. Зохигчийн хэн аль нь гэрээний үүргийг биелүүлсэн байх бөгөөд гэрээний зүйл болох арматур нь чанарын шаардлага хангасан эсэх талаар талууд маргажээ. /1-р хх-ийн 216-217-р тал/

 

3.а.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

3.б.Нэхэмжлэгч Б- ХХК нь хариуцагч Ц- ХХК-аас худалдан авсан арматурыг хамтран ажиллагч компани болох Э- ХХК-д гэрээний дагуу нийлүүлсэн боловч диаметртээ хүрээгүй, энэ талаар хариуцагч компанид мэдэгдэж, тэр даруй 53 тонн арматурыг буцаасан, харин үлдэх арматурыг барилгад ашиглаж, хүчитгэл хийх шаардлагатай болсон гэж тайлбарлажээ.

 

3.в.Гэрээний зүйл болох арматур нь чанарын доголдолтой болох нь Барилгын хөгжлийн төвийн барилгын материалын сорилт, шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн дүн, гэрч Г.Ганцэцэг, С.Пүрэвдорж нарын мэдүүлгээр тогтоогдсон ба үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хариуцагч Ц- ХХК нь 53 тонн арматурыг буцаан авч, төлбөрийг нэхэмжлэгч Б- ХХК-д шилжүүлсэн байна. /1хх-ийн 57, 185-208, 2хх-ийн 88-91-р тал/. Түүнчлэн, доголдлын талаар нэн даруй мэдэгдсэн үйл баримтыг хариуцагч Ц- ХХК зөвшөөрч тайлбар гаргасан. /1хх-ийн 25-26-р тал/.

 

3.г.Дээрхээс дүгнэвэл хариуцагч Ц- ХХК нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 251 дүгээр 251.1 дэх хэсэгт заасан тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг нийлүүлээгүй буюу гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн гэж үзэхээргүй байна. Иймд нэхэмжлэгч Б- ХХК нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирлыг хариуцагч Ц- ХХК-аас шаардах эрхтэй.

 

3.д.Хариуцагч Ц- ХХК нь чанарын шаардлага хангаагүй арматур нийлүүлсний улмаас нэхэмжлэгч Б- ХХК-ийн хамтран ажиллагч компани болох Э- ХХК нь барилгад хүчитгэл хийж, 69,000,000 төгрөгийн зардал гаргасан болох нь Б- ХХК, Э- ХХК-ийн хооронд байгуулагдсан арматур нийлүүлэх гэрээ, төмөр бетон хучилт хүчитгэх ажил гүйцэтгэх гэрээ, ажил хүлээлцсэн акт, гэрч Г.Ганцэцэг, Г.Чинаньдбонид, С.Пүрэвдорж, Г.Оргил нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон. /1хх-ийн 56-54, 2хх-ийн 164-168-р тал/

 

3.е.Иймд хариуцагч Ц- ХХК-аас 69,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б- ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

 

4.Олох байсан орлого 223,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч нь уг шаардлагын үндэслэлээ хариуцагч Ц- ХХК нь доголдолтой арматур нийлүүлсний улмаас Э- ХХК нь манай компанитай байгуулсан арматур худалдах, худалдан авах гэрээг цуцалж, олох байсан орлогоор хохирсон гэж тодорхойлсон.

 

4.а.Анхан шатны шүүх дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

 

4.б.Хөрөнгийн үнэлгээчин А.Раднаагийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлтэд ... Б- ХХК нь Ц- ХХК-аас гэрээнд тусгасан дүнгээр арматур худалдан авч барилгын үйлдвэрлэл эрхлэгч Э- ХХК-д нийлүүлэх гэрээнд заасан хугацаа, зохих нөхцөлийг ханган ажилласан бол 223,000,000 төгрөгийн ашиг хүртэхээр байжээ. Ц- ХХК нь бараа материал худалдах, худалдан авах гэрээнд тусгасан хугацаа болон гэрээний 2.1-2.4 дэх заалтыг зөрчсөн нь лабораторын шинжилгээний дүгнэлт, Б- ХХК-ийн нэхэмжлэхээр тогтоогдож байна гэжээ. /2хх-ийн 181-204-р тал/

 

4.в.Үнэлгээчин А.Раднаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдсон, дээрх үнэлгээ нь хууль зөрчсөн, худал буруу гарсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна хариуцагч тал дээрх шинжээчийн дүгнэлтийг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй байна. /2хх-ийн 221-р тал/.

 

4.г.Хариуцагч Ц- ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө нийлүүлэх үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч Б- ХХК нь олох байсан орлогоор хохирсон нь хариуцагч компанийн үүргийн зөрчилтэй шалтгаант холбоотой, мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолсон гэж үзэх үндэслэлтэй.

 

4.д.Иргэний хуулийн 228 дугаар зүйлд заасан гэм хорын хохирол гэдэг нь иргэний эрх зүйн харилцааны оролцогч хууль буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор бусдад учруулсан хохирлыг хэлдэг ба мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй тул 223,000,000 төгрөгийн шаардлагыг хангах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

4.е.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Ц- ХХК-аас нийт 292,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б- ХХК-д олгуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/01291 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 69 000 000 гэснийг 292,000,000 гэж, олгож, нэхэмжлэлийг шаардлагаас үлдэх 223 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэснийг олгосугай. гэж,

2 дахь заалтын 56.2 гэснийг 56.1 гэж, 502 950 гэснийг 1,617,950 гэж тус тус өөрчлийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б- ХХК-аас төлсөн 1,272,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч Ц- ХХК-аас төлсөн 502,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Г.ДАВААДОРЖ