Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2022/0898

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З.Б*******/РД:**********/,                                           

Хариуцагч: Мал эмнэлгийн ерөнхий газарт холбогдох Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дугаартай З.Б*********** шилжүүлэн ажиллуулах тухай тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгэхтэй холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Монгол Улсын иргэн З.Б*******нь тус шүүхэд хандан Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дугаартай З.Б*********** шилжүүлэн ажиллуулах тухай тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Мал эмнэлгийн ерөнхий газрын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын хууль, эрх зүйн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1 Нэхэмжлэгч З.Б*******нь Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаартай тушаалаар[1] тус газрын Төрийн захиргаа, удирдлагын газарт Хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон.

2.2. Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 193 дугаартай[2] Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай тогтоолоор З.Б*********** Дэс түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн.[3]

2.3. Түүний дараа нэхэмжлэгч З.Б********* Мал эмнэлгийн ерөнхий газрын даргад хандан 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ... эрүүл мэндийн байдлын улмаас урт хугацаанд эмчлүүлэх шаардлагатай болсон тул 3 сарын хугацаатай чөлөө олгож өгнө үү гэх агуулгатай Чөлөө хүсэх тухай хүсэлт[4] гаргасан.

2.4. Тус хүсэлтийн доод хэсэгт Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаас Б*********, Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжүүлэх гэсэн цохолтоор шийдвэрлэж, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дугаартай З.Б*********** шилжүүлэн ажиллуулах тухай тушаалыг гаргасан.[5]

2.5. Нэхэмжлэгч нь дээрх Б/69 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байх бөгөөд тус тушаалаар З.Б*********** Төрийн захиргааны удирдлагын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажил албан тушаалаас чөлөөлж, Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжүүлсэн.

2.6. Уг тушаалын эрх зүйн голлох үндэслэлийг авч үзэхэд, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг байна.

2.7. Нэхэмжлэгч дээрх тушаалын дагуу Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжин очиход тус газрын Захиргаа, санхүүгийн албаны даргын тушаалд өмнө ажиллаж байсан Ц.Б*********албан үүргээ гүйцэтгэж байсан тул түүний тухайн албан тушаалд томилох боломж байгаагүй.

2.8. Нэхэмжлэгчээс 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дугаартай З.Б*********** шилжүүлэн ажиллуулах тухай тушаалыг биелүүлэхгүй байгаа буюу Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн албаны даргын албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн албаны даргын албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргад даалгах ... тухай нэхэмжлэлийг гаргасан.[6]

2.9. Ховд аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс уг маргааныг шийдвэрлэж, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаар шийдвэрээр[7] нэхэмжлэгч З.Б********* гаргасан дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.10. Уг шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор хянаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 89 дүгээр магадлалаар[8] анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2.11. Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс уг захиргааны хэрэгт ... маргаж буй Б/69 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, ингэхдээ тухайн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, 47.1.7 дахь заалтуудад заасан илт хууль бус байх үндэслэлийг агуулсан ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.12. Хариуцагчийн зүгээс ... Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын Б/69 дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, 47.1.7 дахь заалтуудад заасан илт хууль бус байх зөрчлийг огт агуулаагүй, нэхэмжлэгч нь анхнаасаа Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/1259 тоот Гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичгийг[9] хүлээж аваад Б/69 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар маргах эрх нээлттэй, тийм боломжтой байсан боловч тэгж маргаагүй хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан, энэ талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 89 дүгээр магадлалын Хянавал хэсгийн 2.9-д дүгнэсэн байгаа ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...З******* Б****** миний бие мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар тус газрын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын Хууль, эрх зүйн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар тус албан тушаалд томилогдож ажиллаж, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн, төрийн захиргааны албан хаагч, Т3-7 зэрэглэлийн 2 дугаар шатлалаар цалинжиж байсан.

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дүгээр тушаалаар 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс ажлаас чөлөөлж, Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжүүлж, тушаалыг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 01/1068 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

Ховд аймгийн мал эмнэлгийн газрын дарга Мал эмнэлгийн ерөнхий газарт 3.Б******ийг ажилд томилох боломжгүй гэсэн хариу өгөөгүй харин ажилд томилно хүлээж бай гэсэн атлаа намайг ажилд томилохгүй бүтэн 6 сар амаар ажилд томилно хүлээж бай гэж хүлээлгэсэн тул миний бие 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн мал эмнэлгийн газарт бичгээр өргөдөл гаргасан.

Гэтэл Ховд аймгийн мал эмнэлгийн газраас миний өргөдлийн хариуг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 112 дугаартай "Өргөдлийн хариу хүргүүлэх тухай" албан бичиг ирүүлж уг албан бичигт " ... Ховд аймгийн мал эмнэлгийн газрын Захиргаа санхүүгийн албаны даргын албан тушаалд Төрийн албаны зөвлөл, Аудитын байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу сул орон тоог зарлаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг авч ажиллуулах тул таныг тухайн албан тушаалд томилон ажиллуулах боломжгүй болохыг үүгээр мэдэгдье" гэсэн.

Ховд аймгийн мал эмнэлгийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 112 дугаартай "Өргөдлийн хариу хүргүүлэх тухай" албан бичиг нь хууль бус бөгөөд миний эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж миний бие Төрийн албаны зөвлөлд 2021 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөл 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 01/1259 дугаартай "Гомдлын хариу хүргүүлэх тухай" албан бичгээр ... дээрхи асуудлаар шүүхийн байгууллагад хандах эрхтэй болохыг танд зөвлөе" гэсэн хариу ирүүлсэн тул миний бие Ховд аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан.

Хууль, тогтоомж болоод зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон акт хуульд заасан журмын дагуу хэрэгжих учиртай атал Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дүгээр тушаал нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, ойлгомжгүй, тодорхойгүй байдлаас үүдэн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл ажилгүй, цалингүй хохирч байна.

Иймд Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дугаартай "З.Б*********** шилжүүлэн ажиллуулах тухай" тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Мал эмнэлгийн ерөнхий газрын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын хууль, эрх зүйн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Мал эмнэлгийн ерөнхий газарт даалгаж өгнө үү. гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....З.Б********* ажиллаж байсан албан тушаалын нэршил өөрчлөгдсөн учраас тухайн ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулж байна. Нэхэмжлэгч нь 2018 оны 08 сарын 01-ний өдрийн Б/06 тушаалаар Мал эмнэлгийн ерөнхий газарт төрийн захиргаа санхүү удирдлагын газрын хууль эрх зүйн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтний албан тушаалд түр томилогдоод 2019 онд жинхлэн томилогдоод 2019 оны 12 сарын 30-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж ТЗ7-2 шатлалаар цалинжиж байсан. 2020 оны 10 сарын 05-ны өдрийн Б/69 тушаалаар 2020 оны 12 сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлөгдөн Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжих тушаалыг 01/1068 дугаартай албан бичгээр хүргүүлсэн. Ховд аймгийн Мал эмнэлгийн газар гаргасан 2021 оны 04 сарын 22-ны өдрийн өргөдлийн хариуг 2021 оны 04 сарын 30-ны 112 дугаар албан бичгээр тухайн албан тушаалд томилох боломжгүй гэсэн байгаа. Энэ албан тушаалд сонгон шалгаруулалт хийж байж томилно гэсэн хариуг өгсөн байдаг. Б****** хариуг аваад Төрийн албаны зөвлөлд хандсан. Төрийн албаны зөвлөл 2021 оны 05 сарын 20-ны өдрийн 01/1259 дугаартай гомдлын хариуг хүргүүлэх албан бичгээр холбогдох гомдлоо шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсан. Тухайн үед З.Б*******энэ тушаал хууль ёсных үүнийг биелүүлэхгүй байгаа Ховд аймгийн Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус гэж үзээд Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ гомдлын дагуу 3 шатны шүүхээр хэрэг хэлэлцэгдсэн. Анхан шатны шүүх 2021 оны 12 сарын 29-ний өдрийн 28 дугаар шийдвэрийг гарсан. Энэ шийдвэрээр Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаал хууль бус учраас хууль бус тушаал шийдвэрийг биелүүлэх боломжгүй, биелүүлэхийг шаардах үндэслэлгүй. Энэ тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан Төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах хууль болон шилжүүлэн ажиллах журмыг ноцтой зөрчсөн байна. Хэрэгжүүлэх боломжгүй тушаал байна гэж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдсэн. Давж заалдах шатны шүүх 2022 оны 01 сарын 26-ны өдрийн 69 дугаартай магадлал гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийг үндэслэсэн. Уг зүйл заалтыг тайлбарлахдаа Төрийн албаны тухай хуульд заасан урьдчилсан нөхцөл шаардлага нь ажлын зайлшгүй шаардлагатай байх, төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсон байх гэдэг 2 нөхцөлийг зэрэг биелүүлсний эцэст 2 байгууллагын удирдлага харилцан тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэх ёстой байдаг. Гэтэл хуулийн энэ шаардлагыг биелүүлэхгүйгээр тушаал шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн байна. Ямар албан тушаалд шилжүүлсэн нь тодорхойгүй байх тул хэрэгжүүлэх боломжгүй байна гэж дүгнэсэн. Улсын Дээд шүүхийн гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдсэн. Уг маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардсан. Ховд аймгийн Мал эмнэлгийн ерөнхий газрын даргатай тохиролцоогүй байж шууд шилжүүлэн ажиллуулахыг даалгах шаардлага гаргачихсан. Гэрчийн мэдүүлгүүдэд үүрэг болгон ирүүлсэн ч гэсэн ажиллах ажлын шаардлага байгаагүй. Тухайн үед даргынхаа үүргийг биелүүлээд ажилд томилох боломжгүй байсан учраас томилоогүй гэсэн байдаг. Тохиролцсон талаарх албан бичиг хэрэгт байдаггүй. Хуулийн дагуу тохиролцоо хийгээгүй байж хууль бус шийдвэр гаргасан. 47.1.6 дахь хэсэгт иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн. З.Б*******2020 оны 10 сарын 01-ний өдөр өвчний улмаас чөлөө өгөхийг хүссэн хүсэлт өгсний хариуд чөлөөний хүсэлт дээр үндэслээд тухайн хүнийг шилжүүлэн ажиллуулах тушаал гаргасан. Нэгэнт ийм тушаал гарсан учраас шилжин ажиллая гэсэн. Мөн хуулийн 47.1.7 дахь хэсэгт түүнийг бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй гэж заасан. Б/69 тушаалыг биелүүлээд өгөөч гэж явсан боловч хэрэгжүүлэх ёстой байсан дарга нь биелүүлээгүй. Үүнийгээ шүүх дээр ч нотолсон. Энэ шилжүүлсэн илт хууль бус захиргааны актын улмаас 2020 оны 10 сараас хойш ажилгүй, орлогогүй хоёр байгууллагын хооронд гүйгээд явж байна. Гомдолтой байна гээд яваад байхад ямар нэг арга хэмжээ аваагүй. Эрх ашиг зөрчигдсөн тал дээр арга хэмжээ аваагүй. Өнөөдрийг хүртэл гомдол, нэхэмжлэл гаргаад 2 жилийн хугацаанд шүүхийн байгууллагаар явж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус актад энэ нэхэмжлэлийн шаардлага дээрх захиргааны акт хамаарахгүй.

З.Б*******Мал эмнэлгийн ерөнхий газрын хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн бөгөөд ганцхан албан тушаалд ажиллаж байсан. Нэхэмжлэгч Б/69 тушаалыг гаргуулах болсон үндэслэл бол Ховд аймагт эхнэр нь эмнэлэг байгуулсан. Зайлшгүй шилжмээр байна гээд явж байсныг Б******* нотолно. Холбогдох газраас санал авах, хянах үүргийг яагаад биелүүлээгүй вэ гэвэл Б******, Т************* хоорондын асуудал. Өнөөдрийн байдлаар өөрөө хүсэж гуйж гаргуулсан тушаалаа илт хууль бус, намайг мэдээгүй байхад шилжүүллээ гэж байгаа нь шүүхийн өмнө үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх үүргээ зөрчиж байна. Тохиролцож шилжүүлээгүй даргын тушаалтай маргадаг болохоос эс үйлдэхүйтэй маргадаг ямар юм байдаг юм бэ. Б****** өмнө нь өмгөөллийн фирмд ажиллаж байсан. Хууль зүйн өндөр мэдлэгтэй. Хариуг уншаад үзэх юм бол хаашаа явах нь 2021 онд шийдэгдсэн байсан. Төрийн албаны зөвлөлөөс хариу ирэхэд нь Мал эмнэлгийн ерөнхий газрын даргад хандах ёстой байсан. Тэгсэн бол 2021 оны 05 сарын 20-ны өдөр хандсан бол асуудал аль хэдийн шийдэгдэх байсан. Гэтэл энэ тушаал хуульд нийцсэн гээд 3 шатны шүүхээр явчихсан. Тушаал шийдвэрийг хүчингүй болсныг хэзээ мэдсэн бэ гэвэл 10 сарын 05-ны өдөр ирэхэд нь тушаал хэрэгжих боломжгүй гэж тэр даруйд нь Б******эд мэдэгдсэн гэсэн. Тушаалын хэрэгжилт биелэх боломжгүйг Б****** мэдэж байсан. Б/69 тушаал хэрэгжихгүй байгаа талаар даргадаа нэг ч удаа хэлж байгаагүй. Захиргааны акт эрхийг нь зөрчсөн гэдгийг хэзээ мэдсэн бэ гэдэг нь чухал. Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 03 сарын 23-ны өдрийн 6 хавсралтаар батлагдсан албан тушаалын тодорхойлолт зорилго нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэсэн байгаа. Хэнд туслалцаа үзүүлэх вэ гэвэл даргадаа тусална. Эцсийн үр дагаврыг даргынхаа өмнө хариуцахаар хуульчилсан. 1 дүгээр зорилтын 3 дугаар хэсэгт байгууллагаас гаргаж буй захиргааны акт, эрх зүйн хэм хэмжээний актын үндэслэлийг хянаж санал дүгнэлт өгөх гэж үүрэг болгосон. 2 дугаар зорилт нь хууль тогтоомж ерөнхийлөгчийн зарлиг, засгийн газрын шийдвэр, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээгээр тогтоосон болон байгууллагын дотоодод мөрдөгдөж буй эрх зүйн актыг өөрийн байгууллагын албан хаагчдад сурталчлах, сургалт зохион байгуулах гэсэн байна. Эрхэлсэн ажлынхаа албан тушаалын тодорхойлолтоор Б/69 дугаартай тушаалыг хянах үүрэгтэй. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийг үндэслэн шилжүүлэхээр бол ямар нөхцөлүүдийг бүрдүүлдэг талаар маш сайн мэдэж байх үүрэгтэй. Хуульд заасан зайлшгүй шаардлага үүссэн үү гэдгийг шалгах ёстой байсан. төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож шилжих хүсэлтээ тодорхой бичиг өгөх, нөгөө байгууллагаас орон тоо байгаа эсэхийг нягтлах, санал хүсэлт авах, үүнтэй холбоотой албан бичгийг төлөвлөх үүрэгтэй байсан. Өөрийнхөө ашиг сонирхлыг давуу болгож байгууллагыг хохироох эрхгүй. Ховд аймаг руу эхнэр дээрээ очих гэсэн өөртөө давуу байдал олгоод холбогдох хууль журмыг санаатайгаар зөрчсөн. Ховд аймаг руу шилжих нөхцөлийг өөрөө бүрдүүлсэн. Т********** мэдүүлэгтээ өвчний учир чөлөө хүссэн гэдэг. Энэ хүнтэй нэг нутгийнх гэсэн ийм байдлаа ашиглан тушаал гаргуулсан. Уг нь Т**********ийг гэрчээр оролцуулсан бол арай өөр байдлаар мэдүүлэг өгөх байсан байх. Зайлшгүй шаардлагаа гарлаа энэ тушаал хууль ёсных байна гэж явсан. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тушаалтай маргаагүй, хөөн хэлэлцэх хугацаагаа сэргээлгэхээр заасан. Хөөн хэлэлцэх хугацаа хэзээ гэдгээс шалтгаалан ажилгүй байсан хугацааны хохирол гэдэг зүйл тодорхой болно. Тухайн тушаал ажлын байраар хангах гэж гарсан байна. Тэгээд Б******тэй тохиролцоод Ховд аймгийн ******* суманд улсын байцаагчаар томилсон байсан. Тэгэхээр энэ тушаал биелэгдсэн байна. Тушаалын хэрэгжилт биелэхгүй гэдгийг мэдээд Т**********ээс сүүлдээ гуйсан байгаа юм. Түүнийг биелүүлсэн боловч өөрөө очиж ажиллаагүй. 04 сарын 20-ны өдөр тушаал биелэгдэх боломжгүй гэхэд Төрийн албаны зөвлөлд хандсан. Байгууллагад нэг ч хандаж байгаагүй. 03 сарын 20-ны өдрөөс өмнө буюу даргыг өөр албан тушаалд очихоос өмнө хандсан бол шийдвэрлүүлэх боломжтой байсан. Хохирол мөн хэдэн сарын хэднээс хэдэн сар хүртэлх цалин хөлс гаргуулах нь тодорхойгүй. 05 сарын 20-ны өдөр Б/69 тушаал Б******ийн эрх ашигт нийцэж гарсан. Өөрийнх нь хянах боловсруулах ёстой энэ тушаалын илт хууль бус гэдгийг хэзээ мэдсэн бэ? 05 сарын 20-ны өдөр Ховд аймгийн шүүхэд хандах байсан уу, Улаанбаатар хотын Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хандах байсан уу үүнээс шалтгаалаад хохирлын гэм буруу яригдана. 1 жил 7 сарын цалинг Т**********ээс нэхэх эрхтэй юу гэдэг асуудал яригдана. 3 өндөр хуулийн мэргэжилтэй хүмүүс зөвлөлдөө буруу явсны үр дагаврыг хэн хариуцах вэ? Т**********ийг шаардлагатай бол гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргах байсан. Эхлээд гэрчээр оролцвол нөхцөл байдал тодорхой болчихно. Тэгээд нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай болох байх гэж бодсон ч энэ боломжийг шүүх олгоогүй. 2021 оны 04 сарын 26-ны өрийн 89 тоот магадлалын хянавал хэсгийн 2.2 дахь хэсэгт ..нэхэмжлэгчээс Б/69 тушаалтай маргаагүй бөгөөд уг тушаалыг үндэслэн тохирох албан тушаалд томилохгүй байгаа Мал эмнэлгийн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тохирох албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны.. гэсэн байна. 2.9 дэх хэсэгт ..харин нэхэмжлэгч Мал эмнэлгийн даргын 2020 10 05 Б/69 тушаалаар тус газрын төрийн захиргаа удирдлагын газрын хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтнээс чөлөөлж Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжүүлсэн өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх тохиолдолд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны асуудлаа шийдвэрлүүлэхэд энэхүү шийдвэр магадлал саад учруулахгүй.. гэсэн байна. Хууль бус гэдгийг хэзээ мэдсэн бэ гэдгийг шүүх шаардсан байна. Б****** бол 10 сар очоод 11 сард тушаал хэрэгжих боломжгүй болсныг мэдсэн байсан. Тэгэхээр энэ хугацааны цалин хөлсийг нэхэх эрхтэй юу гэдэг асуудал яригдана. Үүнээс хойш Төрийн албаны зөвлөлийн хариуг аваад Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан нь буруу явж байгааг илэрхийлж байна. Б****** нь төрийн албан хаагчийн ёс зүйг ноцтой зөрчиж, өөртөө давуу байдал олгон хууль зүйн туслалцаа үзүүлэх зарчим, хуульд нийцсэн тушаалын төсөл боловсруулах зарчмаа зөрчиж тушаал гаргасан. Ажилгүй сул гэртээ хэвтэж байгаад өндөр цалин хөлсийг сул авч байгаад 04 сард Төрийн албаны зөвлөлд хандсан байна. Хүсэл зоригийн илэрхийллийг анхаарч хараасай гэж хүсэж байна. Хөөн хэлэлцэх хугацаа энэ хэрэгт яригдана. Эдгээр байдлыг харахад Б/69 илт хууль бус акт биш, Б******ийн өөрийнх нь ажил үүргийн хүрээнд очих байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр хийсэн акт учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Илт хууль бус акт юм бол хохирлын асуудал тодорхойгүй. Тушаалаа зөв гэж авч явчхаад буруу байна намайг томилохгүй байна гэж даргадаа нэг ч удаа хандаж байгаагүй. Хохирлын хэмжээг өөрөө ихэсгэсэн, тушаал шийдвэр хэрэгжих боломжгүй гэдгийг 2020 ондоо мэдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Маргаж буй тушаалыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэл тогтоогдохгүй байгаа талаар:

1.1. Маргаж буй Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дугаартай тушаалын эрх зүйн голлох үндэслэлүүдийг үзвэл, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг байна.

1.2. Нэхэмжлэгчийн зүгээс тус тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, 47.1.7 дахь заалтад заасан илт хууль бус байх зөрчлийг агуулсан тул илт хууль бус болохыг тогтоох үндэслэлтэй гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргаж байна.

1.3. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. гээд тус эрх зүйн хэм хэмжээнд хууль тогтоогчийн аутентик тайлбарыг Тайлбар: Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно. гэж тайлбарласан байна.

1.4. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7 дахь хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална. гэж заасны дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтран баталсан 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дугаартай тушаалын хавсралт дахь Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын 2.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна. гэж заажээ.

1.5. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: гээд мөн зүйлийн 47.1.5 дахь заалтад хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан;, 47.1.6 дахь заалтад иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;, 47.1.7 дахь заалтад түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй. бол захиргааны акт илт хууль бус байхаар тоочин заасан байна.

1.6. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар зэргээс судлан үзэхэд, маргаж буй Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дугаартай тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, 47.1.7 дахь заалтад заасан үндэслэлээр илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Тодруулахад:

1.7. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 дахь заалтад зааснаас үзэхэд, тухайн захиргааны акт буюу маргаж буй тушаалаар нэхэмжлэгч З.Б******эд хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан байвал түүнийг илт хууль бус гэж үзэх бөгөөд маргаж буй тушаалаар З.Б*********** Мад эмнэлгийн ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажил албан тушаалаас чөлөөлж, Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байгаа нь түүнд хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэж үзэх боломжгүй.

1.8. Энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.

1.9. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад зааснаас үзэхэд, маргаж буй тушаалд З.Б*********** шилжүүлэн ажиллуулахдаа хуульд заасан үндэслэлийг дурдаагүй буюу заагаагүй байхыг шаардана.

1.10. Хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий тушаалаар З.Б*********** Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг үндэслэсэн байгааг иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж буруутгах боломжгүй.

1.11. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан ... албан ажлын зайлшгүй шаардлага байх ёстойг тогтоогоогүй, хоёр байгууллагын удирдлага хоорондоо зөвшилцөж тохиролцсон байх шаардлагыг хангаагүй ... гэх агуулгатай үндэслэлүүд нь тухайн маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болгох бус, харин хууль бус шинжийг агуулж, хүчингүй болгох эрх зүйн үр дагаварт хүргэдэг.

1.12. Хэрэгт нотлох баримтаар татан авсан Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт ... шилжин ажиллах боломжтой хэдий ч 2 байгууллагын удирдлага харилцан тохиролцсоныг бичгээр баталгаажуулсан байх учиртай ... Дээрх тохиолдолд шилжүүлэн ажиллуулах нөхцөл бүрдээгүй буюу шилжин ажиллах байгууллагын удирдлагатай тохиролцохгүйгээр нэхэмжлэгчийг шилжүүлсэн байх тул ...[10] гэж З.Б*********** Мал эмнэлгийн ерөнхий газраас Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжүүлэхдээ Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан хоёр байгууллагын удирдлагын тохиролцоог бичгээр баталгаажуулахгүйгээр шилжүүлсэн талаарх үйл баримтыг дүгнэсэн байна.

1.13. Гэсэн хэдий ч уг үйл баримт нь энэхүү шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1.11-д дурдсанчлан маргаж буй Б/69 дугаартай тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтын дагуу илт хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд харин хууль бус захиргааны актын агуулгаар түүнийг хүчингүй болгуулах үндэслэл болж болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 89 дугаар магадлалын Хянавал хэсгийн 2.9-д Харин нэхэмжлэгч нь ... Б/69 дүгээр тушаалаар тус газрын Төрийн захиргааны удирдлагын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээс чөлөөлж, Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжүүлсэн нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж буй тохиолдолд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаа шийдвэрлүүлсний үндсэн дээр дээрх акттай маргахад энэхүү шүүхийн шийдвэр, магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.[11] гэж нэгэнт дүгнэжээ.

1.14. Тиймээс энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дэвшүүлж маргасан тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

1.15. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь заалтад зааснаас үзэхэд, маргаан бүхий Б/69 дугаартай тушаалыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байх ёстой.

1.16. Өөрөөр хэлбэл, Б/69 дугаартай тушаал нь обьектив утгаараа хэрэгжих боломжгүй, түүнийг биелүүлэх боломжгүй байсан нөхцөл байдлыг шаардана.

1.17. Гэвч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын Б/69 дугаартай тушаал гарсны дараа нэхэмжлэгч З.Б*******нь тухайн актыг биелүүлэхээр Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт очсон, тус газрын Захиргаа, санхүүгийн удирдлагын албаны даргаар ажиллах хүсэл зоригтой гэдгээ илэрхийлсэн боловч тухайн албан тушаалдЦ.Б*********гэх хүн ажиллаж байсан бөгөөд хожим нь 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар[12] өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн тул нэхэмжлэгчээс тус албан тушаалд ажиллахаар өргөдөл гаргасныг Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргаас Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоолын[13] 1.2-т зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүй байхыг үүрэг болгосон тул З.Б*********** томилох боломжгүй болж, энэ тухай хариуг өгч байжээ.

1.18. Дээрх үйл баримтыг авсан Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт[14] нэгэнт дүгнэсэн байх бөгөөд үүнээс үзэхэд маргаж буй Б/69 дугаартай тушаалыг Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга хэрэгжүүлэхээр ажилласан боловч Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоолын дагуу З.Б*********** Ц.Б*******ын оронд томилох боломжгүй болсон байгааг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэхгүй.

1.19. Түүнчлэн, Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/39 дугаартай тушаалаар[15] З.Б*********** 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ******* сум дахь Мал эмнэлгийн тасгийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн үүрэгт ажилд 6 сарын туршилтын хугацаагаар томилсон боловч нэхэмжлэгч З.Б*******нь тухайн албан тушаалд ажиллаагүй байна.

1.20. Дээрхээс үзэхэд Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга нь Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын гаргасан Б/69 дугаартай тушаалыг хэрэгжүүлэхээр ажилласан, мөн тус газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/1068 тоот албан бичигт[16] дурдсан ... З.Б*********** ажлын байраар хангаж ажиллах ... тухай чиглэлийг хэрэгжүүлэхээр ажилласан байгааг буруутгах үндэслэлгүй байх бөгөөд дээрх агуулгуудаар маргаан бүхий Б/69 дугаартай тушаалыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байсан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

1.21. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн талаар:

2.1. Шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх үе шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гэрчээр Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар ажилласан байсан Д.Т**********, Мал эмнэлгийн ерөнхий газарт ажиллаж байсан Н.Б********* нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан.

2.2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн маргаанд Д.Т********** гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан, түүнээс дахин тодруулах шаардлагагүй гэдэг үндэслэлээр, Н.Б*********оос асуухыг хүссэн асуудал нь хэрэгт ач холбогдолгүй, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамааралгүй байх тул гэрчээр оролцуулах шаардлагагүй гэдэг үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 44 дүгээр зүйлийн 44.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.1.5, 47.1.6, 47.1.7 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Б********* Мал эмнэлгийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дугаартай З.Б*********** шилжүүлэн ажиллуулах тухай тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Мал эмнэлгийн ерөнхий газрын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын хууль, эрх зүйн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ