Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2020/03515

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .... дүүрэг,.... дугаар хороо, ..... гудамж, ... байр,... тоотод оршин суух, Б овогтой, Б О /РД:......./-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Баянгол дүүрэг, .... дугаар хороо, ...... эрэг, өөрийн байранд байрлах, У  ХК /РД:......./-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, гэрч Б.Б, Д.С, М.М, Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Б О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б О миний бие нь У  ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ..... дугаартай тушаалаар тус компанийн Хүний нөөцийн менежерээр, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ....дугаартай тушаалаар Хүний нөөцийн албаны даргаар томилогдон ажиллаж байсан. Миний бие нь 1985-1993 онд 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1994-1995 онд 10 жилийн 33 дугаар дунд сургуулийг бүрэн дунд боловсрол, 1995-2001 онд ............ А Хүний их эмч мэргэжлээр бакалавр зэрэг, 2013-2015 онд ........ Хүний нөөцийн менежмент мэргэжлээр магистр зэрэг тус тус дүүргэсэн, хүний нөөцийн менежмент мэргэжлээр 15 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд У  ХК-д ажиллаж байхдаа дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байсан. Шинээр боловсруулан, хэрэгжүүлсэн журмууд Хөдөлмөрийн дотоод журам шинэчилсэн, Бизнесийн ёс зүйн дүрэм, Ажлын цаг ашиглалтын журам, Шинэ ажилтны гарын авлага, Мэргэжил ур чадварын түвшин тогтоох шалгалтын журам, ....ийн ажилтнуудын цалин хөлсний журам, Удирдлагын хорооны ажиллах журам, Хүний нөөцийн төлөвлөлттэй холбоотой бичиг баримтууд компанийн зохион байгуулалтын бүтэц, Ажил албан тушаалын жагсаалт, Албан тушаалын зэрэглэл, Цалингийн шатлал, Хэвийн бус нөхцөлд ажиллаж буй ажилтнуудын ажил мэргэжлийн нэрийг 2004 оны 77 дугаар тоот тушаалын хавсралтад заасан ажил мэргэжлийн жагсаалттай нийцүүлэн шинэчилсэн. Байгууллагын соёлыг хэвшүүлэх ажлын хүрээнд: Шинэ ажилтан ажилд ороход хөдөлмөрийн гэрээг хийж, компанийн дүрэм журам, ХАБЭА анхан шатны зааварчилгааг танилцуулж, чиглүүлэх сургалтыг явуулж хэвшсэн, Нийт ажилтнуудын хурлыг жилд 1 удаа зохион байгуулж, хүний нөөцийн бүртгэл, мэдээллийн судалгааг танилцуулдаг, Ажлын цаг ашиглалтын журмыг хэрэгжүүлж, нийт ажилтнуудад ирцийн урамшуулал олгодог болсон, мөн цагийн тайланг сар бүрээр гаргаж, цаг ашиглалтын мэдээг сар жилээр тооцдог болсон, Спортын тэмцээн, хүүхдийн баяр, салбарын баяр, шинэ жилийн баярууд болон төрөл бүрийн аяныг байгууллагын зардлаар тогтмол чанартай зохион байгуулсан, 2017-2019 онд яам, салбарын шагналаар Салбарын тэргүүн-8 ажилтан, Жуух бичиг-25 ажилтан, Тэргүүний инженер-3 ажилтан, Тэргүүний залуу-2 ажилтан, Хөдөлмөрийн алдар тэмдэг-14 ажилтан, нийтдээ 52 ажилтан шагнагдсан байна. Мэдлэг хуваалцах өдөр Баасан гараг бүр оффисын ажилтнууд бие биедээ мэдлэгээ хуваалцдаг болсон. Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын ажлаар: ...... Сургуулиас оюутнуудыг мэргэжлийн дадлага хийлгэх, шинэ төгсөгчийг ажлын байраар хангах чиглэлээрх манай компанийн хамтын ажиллагааг үнэлэн Талархал олгосон, Гадна нэр хүнд өсгөх ажил явагдсантай холбоотой компанийн хүний нөөцийн бүрдүүлэлтэнд оролцох хүсэлтэй ажил горилогчдын тоо жилээс жил ирэх тутам өссөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар тогтоосон хувиас давсан хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авч, ........ дүүргийн ХХХ-с урамшуулал авсан. Тухайн жилийн батлагдсан бүтэц, ажил албан тушаалын жагсаалтын дагуу бүрдүүлэлтийг хийж байлаа. Сургалт хөгжлийн ажлаар: Урд жилүүдэд мэргэжлийн үнэмлэх сунгуулах зорилгоор сургалтууд явагддаг байсан бол сургалтыг хувь хүнийг хөгжүүлэх, манлайлах чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой зохион байгуулдаг болсон. У сургалтын төвийн үйл ажиллагааг Монгол улсын хууль, журмын дагуу зохион байгуулж, үнэлгээний ажилтан-4, багш-5 бэлтгэж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Чадамжийн гэрчилгээ олгож эхэлсэн. Хүний нөөцийн менежмент амжилттай хэрэгжиж байгааг илтгэх гол үзүүлэлтүүд: Байгууллагын соёл, хамт олны уур амьсгалыг илэрхийлэх гол судалгаа болох Сэтгэл ханамжийн судалгаа-г нийт ажилтнуудаас авсан ба энэ нь өмнөх оны байгууллагын соёлыг дүгнэсэн үзүүлэлт байдаг. 2017 онд 55.3%, 2018 онд 74.4%, 2019 онд 75.1%, 2020 онд 80.6% болж өссөн дүнтэй байлаа. Хөдөлмөрийн бүтээмж 2013 онд 41, 2014 онд 71, 2015 онд 43, 2016 онд 37, 2017 онд 36, 2018 онд 105, 2019 онд 126 байсан ба 2020 онд бүтээмжийг 177 байхаар төлөвлөсөн. Хөдөлмөрийн харилцааг Монгол улсын хууль дүрмийн дагуу баримтлан ажиллаж, эдгээр жилүүдэд ямар нэгэн хөдөлмөрийн маргаангүй ажилласан. Гэвч Гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/612 дугаартаи тушаалаар тодорхойгүй үндэслэлээр 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас чөлөөлсөн. Гүйцэтгэх захирал нь намайг ажлаас чөлөөлөх үндэслэл байхгүй байсан гэж үзэж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар гомдол гаргаж байгаа болно. Иймд Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б О нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхэлж У  ХК-ийн хүний нөөцийн мэргэжилтнээр, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс удирдах зөвлөлийн тушаалаар Хүний нөөцийн алба бий болж, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхэлж тус албаны даргаар томилогдож ажиллаж эхэлсэн. У  ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/612 дугаар тушаалаар Хүний нөөцийн албаны дарга Б О г 08 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй дугаар тушаалд дурдагдсан зөрчлүүдийг Б О гаргаагүй бөгөөд тушаал үндэслэлгүй байна гэж үзэж байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэж баталгаажилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: У ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар тушаалаар нийт ажилчдын цалингийн хэмжээ нэмэгдсэн. 1 сарын жишиг цалингийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 1 сарын жишиг цалингийн хэмжээнд өөрчлөлт орж ажилчдын цалин хөлсийг тушаалаар нэмэгдүүлэхийг тушаалын 3 дах хэсэгт Б О д даалгасан байдаг. Улмаар үйлдвэрийн 100 гаруй ажилчдын цалин нэмэгдэх байсан. Зарим ажилчид үндсэн цалингаа 08 дугаар сарыг хүртэл авч чадаагүй. Түүнчлэн зөвхөн үйлдвэрийн нийт ажилчдын цалин нэмэгдээгүй юм уу гэхээр тийм биш бөгөөд цалингийн шатлалыг нэмэгдүүлэх тушаалыг боловсруулсан хүн нь Б О өөрөө байдаг. Тушаал боловсруулсан ажилтан нь ажилчдын тушаалын хавсралтад өөрчлөлт оруулж цалинг нэмэх үүргээ биелүүлээгүй. Тодорхой хэсэг ажилчдын цалинг нэмсэн. Хурууны хээгээр бүртгэгдээгүй ажлын цагийг ажилласанд тооцож бодсон ажилчдын дотор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Д.Г, н.З зэрэг ажилчдын цалин нэмэгдсэн. Бусад ажилчид өмнөх хөдөлмөрийн гэрээгээр тохирсон цалингаараа ажиллаж байсан. У  ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдаж, Хүний нөөцийн албаны цаг бүртгэлтэй холбоотой бүртгэл хууль журмын дагуу бүртгэгдэж байна уу гэдэгт хяналт шалгалт хийж ажлын хэсэг дүгнэлт гаргахад; Хүний нөөцийн алба ажилчдын цагийн бүртгэлийг хууль, журмын дагуу бүртгээгүй болох нь ажлын хэсгийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар тогтоогдсон. Хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байсан Б О гийн ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн гэрээтэй холбоотой ажлыг хууль дүрэмд нийцүүлэх, хууль дүрмийн өөрчлөлтүүдийг тухай бүр судлан хэрэгжүүлэх, хөдөлмөрийн харилцаатай холбоотой тушаал шийдвэрүүдийг төлөвлөх, хэрэгжүүлэх мөн хөдөлмөрийн харилцаатай холбоотой гэрээ хэлэлцээр боловсруулах, байгуулах хянуулах, батлуулах, хэрэгжүүлэх болон хөдөлмөрийн маргааныг тухай бүр албан тушаалтантай хамтран шийдвэрлэх үүрэгтэй байсан. Б О гийн ажлын байрны тодорхойлолтод хангалттай тодорхой эдгээр хүмүүсийн хөдөлмөрийн гэрээтэй холбоотой харилцааг зохицуулахаар заасан. Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас маш олон тооны буюу үйлдвэрийн ажилчид тэр чигээрээ хохирсон. Хавсралтаар ямар албан тушаалын ажилчид ямар хэмжээний цалин авах ёстой байсан болон Б О тушаал шийдвэрээ гаргуулаагүйгээс шалтгаалж хохирсон нь зөвхөн цалинтай холбоотой асуудал юм. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж заасан. У  ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс батлагдсан бүтэц орон тооны схемийн дагуу ажилчдын ажлын байрны тодорхойлолттой мөн түр ажиллах, туршилтын хугацаагаар ажиллах, байнгын ажлын байранд ажиллах ажилчидтай байгуулах хөдөлмөрийн гэрээний загвартай байдаг. Б О ажлын  ХК-ийн үйлдвэрийн ройаны дэд станцад цахилгааны инженерээр мэргэшсэн инженер зайлшгүй ажиллах байнгын ажлын байр мөн болохыг төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан байхад хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан. Бусад оффисын ажилчидтай дандаа хугацаатай ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан байнгын ажлын байранд ажиллах ажилчдын цалин хөлс урамшууллыг олгох боломжгүй нөхцөлд хүргэсэн. Байнгын ажлын байранд хугацааны хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан болох нь мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр батлагдсан. 2-3 жил хугацаатай гэрээгээр ажиллаж байнгын ажлын байранд ажиллах шаардлага, хүсэлт гаргахад хүсэлтийг хүлээн авч тушаал шийдвэр гаргуулахгүй байсан боловч мэргэжлийн хяналтын шалгалтаар Б О д алдаа дутагдал гарч ирэнгүүт хугацаатай гэрээ байгуулж ажиллаж байсан ажилчдаар хүчээр гарын үсэг зуруулсан. Тухайлбал гэрчээр оролцох М.М тухайн үеийн тамгын дарга Б.Б, Б О нар дуудаж 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан мэтээр 2020 оны 07 дугаар сард гарын үсгийг хүчээр зуруулсан. Тухайн үед М.М 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн огноог тавьж гарын үсгээ зурахад Б.Б ...яагаад хугацаа тавьж байгаа юм. Шинээр хөдөлмөрийн гэрээг хэвлэж ирээд 01 дүгээр сарын 01-ний өдрөөр огноог бич... гэж дарамталж байсан талаар хэлдэг. Гэрчээр асуугдахдаа энэ талаар хэлэх байх. Энэ мэтчилэн байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, тухайн ажилчны хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах дөхөхөөр элдэв шалтаг, шалтгаанаар дарамталж сэтгэл зүйн хувьд дарамт учруулдаг байсан. Хөдөлмөрийн тухай хуульд заасан байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаа үндсэн конценц нь ажилчныг сэтгэл зүйн хувьд баталгаатай ажлын байраар хангагдах нөхцөлийг бүрдүүлэхийг зорьсон. Хууль тогтоогчийн хуульд заасан шаардлагаас давуулж хууль бус ажиллагаанууд хийж байсан. Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-д заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан. Ажилчны ажлын байрны тодорхойлолт болон бусад зохицуулалтаар өөрт нь үүрэг болгосон зохицуулалтыг удаа дараа зөрчиж үүнээс шалтгаалж иргэн, ажилтны хуулиар хамгаалагдсан эрх ашиг хөндөгдсөн. Байгууллагын оршин тогтнох эх үндэс болсон баталгаатай, мэргэшсэн, чадавхтай ажилтнууд байдаг. Гэтэл тэдгээр ажилтнуудын баталгаатай ажиллах боломжийг Хүний нөөцийн алба буюу Б О олгоогүй нь У  ХК-д үнэлж баршгүй хохирол учруулсан байна. Хууль хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан олон баримтууд байгаа учир ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Б О нь хариуцагч У  ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч Б О нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн У  ХК-ийн Захиргааны албанд хүний нөөцийн менежер, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс Хүний нөөцийн албаны даргаар ажилласан байна. УХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн  дугаар тушаалаар Хүний нөөцийн албаны дарга Б О г ажлын байрны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ноцтой алдаа гарган компанид хохирол учруулан бусадтай зүй зохисгүй харилцан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулсан байна. 

Нэхэмжлэгч Б О нь хариуцагч У  ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн  дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг үндэслэлгүй гэж үзэж, У  ХК-ийн Хүний нөөцийн албаны даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагыг гаргасан байна.

Хариуцагч У  ХК нь нэхэмжлэгч Б О г компанийн Хүний нөөцийн албаны даргаар ажиллахдаа дараах ноцтой зөрчлийг гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлажээ. Үүнд:

- У  ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тушаалаар нийт ажилчдын цалингийн хэмжээг нэмж өөрчилсөнтэй холбоотойгоор ажилчдын цалин хөлсийг тушаал гарган нэмэгдүүлэхийг Б О д даалгасан боловч үйлдвэрийн 100 гаруй ажилчдын цалин нэмэх тушаал боловсруулах үүргээ биелүүлээгүй. Зарим ажилчдын цалинг тушаал гарган батлуулахдаа цалингийн шатлалд байхгүй цалин тогтоосон, өөрийнхөө цалинг 2,000,000 төгрөгөөр тооцуулж тушаал гаргуулсан;

- Хөдөлмөрийн тухай хуульд байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахаар заасан бөгөөд У  ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс батлагдсан бүтэц орон тооны схемийн дагуу байнгын ажлын байранд ажиллах ажилчидтай хөлсөөр ажиллах гэрээ, хугацаатай, туршилтын хугацаагаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилтны цалин хөлс урамшуулал авах, тогтвор суурьшилтай ажиллах боломжгүй болгож, хугацаа дууссан ажилтны гэрээг сунгахгүй гэж дарамтлан ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан. Байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж зөрчил гаргасан нь мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр батлагдсан;

- Нэр бүхий ажилчид цаг бүртгэлийн системд ажилласан цагаа бүртгүүлээгүй байхад ажлын цагийг ажилласанд тооцож цалин олгохоор мэдээ гаргаж, илүү цалин олгосон зөрчил гаргасан нь У ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон.

Эдгээр зөрчил нь байгууллагын оршин тогтнох үндэс болсон баталгаатай, мэргэшсэн, чадавхтай ажилтантай байх, ажилтны баталгаатай ажиллах боломжийг алдагдуулсан үнэлж баршгүй хохирлыг У  ХК-д учруулсан гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан. 

Хуулийн дээрх зохицуулалтад тусгасан ноцтой зөрчил гэдэгт ажилтан ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагавар бий болгосон, ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байхыг ойлгох бөгөөд ажил олгогч нь ажилтны гаргасан зөрчлийг тогтоосон байх, хариуцлага нь зөрчилд нь тохирсон байхыг шаардана.

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 7.2-т Ажил олгогч дор дурдсан зөрчлийн аль нэгийг гаргасан ажилтнаас хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасанд тооцон өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцална. 7.2.1.-т Ажил олгогчийн болон харилцагчийн нууцыг задруулсан, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн гаргахад тусалсан, бичиг баримт бүртгэл будлиантуулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн зэрэг шалтгааны улмаас ажил олгогчид хохирол учирсан, мөн эдгээр үйлдэл гаргасан ажилтан мэдсээр байж ажил олгогчид мэдэгдээгүй нуун дарагдуулсан, 7.2.4-т Ажлын байранд болон ажлын бус цагаар албан үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа буюу мансууруулах бодис хэрэглэсэн, ажлын байранд согтуугаар ирсэн, жижгээр танхайран нийгмийн хэв журам, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, хов жив элдэв цуурхал байнга ярих, хамт олны уур амьсгал болон байгууллагын соёлд сөргөөр нөлөөлсөн үйлдэл гаргасан, эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, эсэргүүцсэн эсхүл гүйцэтгэхээс татгалзсан бол гэж тусгажээ. /хх-ийн 7-9/ 

Мөн нэхэмжлэгч Б О гийн ажлын байрны тодорхойлолтын 7 дугаар хэсгийн 7.1, 7.2-д Хүний нөөцийн холбоотой хууль дүрэмд нийцүүлэн ажиллах, хөдөлмөрийн харилцаатай холбоотой дүрэм, журам боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, 7-Б-1-д Ажилтны цаг ашиглалтыг тогтмол мөрдөж ажиллах, ажилтнуудын цагийн бүртгэл хөтөлж, сар бүрийн 1-нд ажилласан цагийн бүртгэл гаргаж өгөх чиг үүрэгтэйг тодорхойлсон байна.

Ажилтантай хөдөлмөрийн, хөлсөөр ажиллах гэрээ байгуулах эрхийг У  ХК-ийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А-01/20 дугаар тушаалаар тамгын газрын захирал /Б.Б/-д олгосон байх бөгөөд шүүхэд гэрч Б.Б нь ажилтантай байгуулах гэрээг өөрийн эрх мэдлийн хүрээд хэрэгжүүлж байсан, цалингийн өөрчлөлттэй холбоотойгоор Б О тушаал гаргаж батлуулахаар төсөл боловсруулж өөрт нь өгсөн талаар гэрчилсэн байна. Түүнчлэн Б О тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Б.Б өөрт олгосон эрхийн хүрээнд байгуулж баталгаажуулсан байх тул У  ХК-ийн ажилчдын цалин нэмэх тушаал боловсруулах үүргээ биелүүлээгүй, зарим ажилчдын цалинг тушаал гарган батлуулахдаа цалингийн шатлалд байхгүй цалин тогтоосон, өөрийнхөө цалинг 2,000,000 төгрөгөөр тооцуулж тушаал гаргуулсан гэх зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн улсын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай Эрх бүхий албан тушаалтны даалгавар-ын 3 дахь хэсэгт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17.2.2-т Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохин байгуулан, шалгалт авч байна заалт, 4 дэх хэсэгт хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй гэрээ байгуулах үүртэй болно хэсэг арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллахыг даалгасан байна.

Мөн У  ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-16/20 дугаартай тушаалын дагуу ажлын хэсэг байгуулан хяналт шалгалт хийсэн байх бөгөөд ажлын хэсэг хяналт шалгалтын дүгнэлтээ 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гаргажээ.

Ажлын хэсгийн дүгнэлтийн 2-т Хүний нөөцийн албаны дарга Б О нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээний 7.2-т дагуу ноцтой зөрчил гаргасан байна. Тухайлбал: 1.Холбогдох дүрэм журмыг ажилтнуудад танилцуулах, хүргэх, мэдээллээр хангах ажил хийгээгүй. 2.Зарим ажиллагсдын гүйцэтгээгүй ажлыг гүйцэтгэсэн мэтээр ялгавартай хандан тайлагнаж, ажилтнуудын ажилласан цагийн бүртгэлийг үнэн зөв гаргах үүргээ биелүүлээгүйн улмаас цалин завшуулах боломж олгосноос компанид их хэмжээний мөнгөн хохирол учруулсан зэрэг ноцтой зөрлүүдийг удаа дараа давтан гаргасан байна гэжээ.

Ажил олгогчоос ноцтой зөрчилд тооцсон дээрх үйл баримтыг нэхэмжлэгч өөрийн буруугаас болоогүй болохыг нотлох баримтаар нотлоогүй байх бөгөөд хүний нөөцийн албаны даргын ажлын байрны тодорхойлолтод тусгасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалт явуулах ажлыг хийгээгүй, цаг бүртгэлийн талаар үнэн зөв мэдээ гаргаж өгөөгүй зөрчил гаргасан нь Хөдөлмөрийн гэрээний 7.2.1-т заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан шийдвэр хууль бус, үндэслэлгүй гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагыг хангах үндэслэлгүй.

Иймд хариуцагч У  ХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Б О гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч У  ХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Б О гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б О нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР