Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00429

 

 

 

 

 

 

 

 

 

Б.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/03515 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.О-гийн хариуцагч У- ХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь У- ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2/328 дугаартай тушаалаар тус компанийн хүний нөөцийн менежерээр, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/264 дугаартай тушаалаар хүний нөөцийн албаны даргаар томилогдон ажиллаж байсан. Миний бие нь 1985-1993 онд 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1994-1995 онд 10 жилийн 33 дугаар дунд сургуулийг бүрэн дунд боловсрол, 1995-2001 онд Оточ манрамба АУДС-ийг Хүний их эмч мэргэжлээр бакалавр зэрэг, 2013-2015 онд ШУТИС-КтМС-ийг хүний нөөцийн менежмент мэргэжлээр магистр зэрэг тус тус дүүргэсэн, хүний нөөцийн менежмент мэргэжлээр 15 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд У- ХК-д ажиллаж байхдаа дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байсан. Хөдөлмөрийн дотоод журам шинэчилсэн, бизнесийн ёс зүйн дүрэм, ажлын цаг ашиглалтын журам, шинэ ажилтны гарын авлага, мэргэжил ур чадварын түвшин тогтоох шалгалтын журам, ТБХЭЦ-ийн ажилтнуудын цалин хөлсний журам, удирдлагын хорооны ажиллах журам, хүний нөөцийн төлөвлөлттэй холбоотой бичиг баримтууд компанийн зохион байгуулалтын бүтэц, ажил албан тушаалын жагсаалт, албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлалыг шинэчилсэн. Байгууллагын соёлыг хэвшүүлэх ажлын хүрээнд: Шинэ ажилтан ажилд ороход хөдөлмөрийн гэрээг хийж, компанийн дүрэм журам, ХАБЭА анхан шатны зааварчилгааг танилцуулж, чиглүүлэх сургалтыг явуулж хэвшсэн, Нийт ажилтнуудын хурлыг жилд 1 удаа зохион байгуулж, хүний нөөцийн бүртгэл, мэдээллийн судалгааг танилцуулдаг, Ажлын цаг ашиглалтын журмыг хэрэгжүүлж, нийт ажилтнуудад ирцийн урамшуулал олгодог болсон, мөн цагийн тайланг сар бүрээр гаргаж, цаг ашиглалтын мэдээг сар жилээр тооцдог болсон, спортын тэмцээн, хүүхдийн баяр, салбарын баяр, шинэ жилийн баярууд болон төрөл бүрийн аяныг байгууллагын зардлаар тогтмол чанартай зохион байгуулсан, Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын ажлаар: ШУТИС-ийн МТС-иас оюутнуудыг мэргэжлийн дадлага хийлгэх, шинэ төгсөгчийг ажлын байраар хангах чиглэлээрх манай компанийн хамтын ажиллагааг үнэлэн талархал олгосон, гадна нэр хүнд өсгөх ажил явагдсантай холбоотой компанийн хүний нөөцийн бүрдүүлэлтэнд оролцох хүсэлтэй ажил горилогчдын тоо жилээс жил ирэх тутам өссөн. Хөдөлмөрийн харилцааг Монгол Улсын хууль дүрмийн дагуу баримтлан ажиллаж, эдгээр жилүүдэд ямар нэгэн хөдөлмөрийн маргаангүй ажилласан. Гэвч гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/612 дугаартаи тушаалаар тодорхойгүй үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У- ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар тушаалаар нийт ажилчдын цалингийн хэмжээ нэмэгдсэн. 1 сарын жишиг цалингийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 1 сарын жишиг цалингийн хэмжээнд өөрчлөлт орж ажилчдын цалин хөлсийг тушаалаар нэмэгдүүлэхийг тушаалын 3 дах хэсэгт Б.О-д даалгасан байдаг. Улмаар үйлдвэрийн 100 гаруй ажилчдын цалин нэмэгдэх байсан. Зарим ажилчид үндсэн цалингаа 8 сарыг хүртэл авч чадаагүй. Түүнчлэн зөвхөн үйлдвэрийн нийт ажилчдын цалин нэмэгдээгүй юм уу гэхээр тийм биш бөгөөд цалингийн шатлалыг нэмэгдүүлэх тушаалыг боловсруулсан хүн нь Б.О- өөрөө байдаг. Тушаал боловсруулсан ажилтан нь ажилчдын тушаалын хавсралтад өөрчлөлт оруулж цалинг нэмэх үүргээ биелүүлээгүй. Тодорхой хэсэг ажилчдын цалинг нэмсэн. Хурууны хээгээр бүртгэгдээгүй ажлын цагийг ажилласанд тооцож бодсон ажилчдын дотор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Д.Ган-Эрдэнэ, н.Золбоо зэрэг ажилчдын цалин нэмэгдсэн. Бусад ажилчид өмнөх хөдөлмөрийн гэрээгээр тохирсон цалингаараа ажиллаж байсан. У- ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар хяналт, шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдаж, хүний нөөцийн албаны цаг бүртгэлтэй холбоотой бүртгэл хууль, журмын дагуу бүртгэгдэж байна уу гэдэгт хяналт шалгалт хийж ажлын хэсэг дүгнэлт гаргахад хүний нөөцийн алба ажилчдын цагийн бүртгэлийг хууль, журмын дагуу бүртгээгүй болох нь ажлын хэсгийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар тогтоогдсон. Хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байсан Б.О-гийн ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн гэрээтэй холбоотой ажлыг хууль дүрэмд нийцүүлэх, хууль дүрмийн өөрчлөлтүүдийг тухай бүр судлан хэрэгжүүлэх, хөдөлмөрийн харилцаатай холбоотой тушаал шийдвэрүүдийг төлөвлөх, хэрэгжүүлэх мөн хөдөлмөрийн харилцаатай холбоотой гэрээ хэлэлцээр боловсруулах, байгуулах хянуулах, батлуулах, хэрэгжүүлэх болон хөдөлмөрийн маргааныг тухай бүр албан тушаалтантай хамтран шийдвэрлэх үүрэгтэй байсан. Б.О-гийн ажлын байрны тодорхойлолтод хангалттай тодорхой эдгээр хүмүүсийн хөдөлмөрийн гэрээтэй холбоотой харилцааг зохицуулахаар заасан. Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас маш олон тооны буюу үйлдвэрийн ажилчид тэр чигээрээ хохирсон. Хавсралтаар ямар албан тушаалын ажилчид ямар хэмжээний цалин авах ёстой байсан болон Б.О- тушаал шийдвэрээ гаргуулаагүйгээс шалтгаалж хохирсон нь зөвхөн цалинтай холбоотой асуудал юм. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж заасан. У- ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс батлагдсан бүтэц орон тооны схемийн дагуу ажилчдын ажлын байрны тодорхойлолттой мөн түр ажиллах, туршилтын хугацаагаар ажиллах, байнгын ажлын байранд ажиллах ажилчидтай байгуулах хөдөлмөрийн гэрээний загвартай байдаг. Б.О- ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээр зогсохгүй байнгын ажлын байранд хөлсөөр ажиллах гэрээг байгуулж, У- ХК-ийн үйлдвэрийн ройаны дэд станцад цахилгааны инженерээр мэргэшсэн инженер зайлшгүй ажиллах байнгын ажлын байр мөн болохыг төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан байхад хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан. Бусад оффисын ажилчидтай дандаа хугацаатай ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан байнгын ажлын байранд ажиллах ажилчдын цалин хөлс урамшууллыг олгох боломжгүй нөхцөлд хүргэсэн. Байнгын ажлын байранд хугацааны хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан болох нь мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр батлагдсан. 2-3 жил хугацаатай гэрээгээр ажиллаж байнгын ажлын байранд ажиллах шаардлага, хүсэлт гаргахад хүсэлтийг хүлээн авч тушаал шийдвэр гаргуулахгүй байсан боловч мэргэжлийн хяналтын шалгалтаар Б.О-д алдаа дутагдал гарч ирэнгүүт хугацаатай гэрээ байгуулж ажиллаж байсан ажилчдаар хүчээр гарын үсэг зуруулсан. Тухайлбал гэрчээр оролцох М.Майжаргалыг тухайн үеийн тамгын дарга Б.Батчулуун, Б.О- нар дуудаж 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан мэтээр 2020 оны 7 сард гарын үсгийг хүчээр зуруулсан. Тухайн үед М.Майжаргал 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн огноог тавьж гарын үсгээ зурахад Б.Батчулуун яагаад хугацаа тавьж байгаа юм. Шинээр хөдөлмөрийн гэрээг хэвлэж ирээд 01 дүгээр сарын 01-ний өдрөөр огноог бич гэж дарамталж байсан талаар хэлдэг. Энэ мэтчилэн байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, тухайн ажилчны хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах дөхөхөөр элдэв шалтаг, шалтгаанаар дарамталж сэтгэл зүйн хувьд дарамт учруулдаг байсан. Хөдөлмөрийн гэрээний 7.2-д заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан. Ажилчны ажлын байрны тодорхойлолт болон бусад зохицуулалтаар өөрт нь үүрэг болгосон зохицуулалтыг удаа дараа зөрчиж үүнээс шалтгаалж иргэн, ажилтны хуулиар хамгаалагдсан эрх ашиг хөндөгдсөн. Байгууллагын оршин тогтнох эх үндэс болсон баталгаатай, мэргэшсэн, чадавхтай ажилтнууд байдаг. Гэтэл тэдгээр ажилтнуудын баталгаатай ажиллах боломжийг хүний нөөцийн алба буюу Б.О- олгоогүй нь У- ХК-д үнэлж баршгүй хохирол учруулсан байна. Хууль, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан олон баримтууд байгаа учир ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч У- ХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Б.О-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. У- ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/612 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг удирдлага болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хедөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажлаас чөлөөлөхөөр тусгасан байдаг. Б.О- нь У- ХК-д ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно. Хуулийн дээрх зохицуулалтаас харахад ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан байхыг шаардаж байна. Б.О- нь 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүний нөөцийн албаны даргаар томилогдсон бөгөөд тухайн өдрөө байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2-д ноцтой зөрчлүүдийг дурдаад хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцална гэж заасан. Хүний нөөцийн албаны даргын ажлын байрны тодорхойлолтод тусгасан хөделмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалт явуулах ажлыг хийгээгүй гэдгийг эс зөвшөөрч байна. Учир нь ажилтныг ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх тохиолдолд үйлдсэн зөрчил нь хөдөлмөрийн гэрзэнд тусгагдсан байх шаардлагатайг Хөдөлмөрийн тухай хуульд заасан байна. Б.О-гийн У- ХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2-д ноцтой зөрчлүүдийг тусгасан бөгөөд ажлаас чөлөөлсөн 2020 оны Б/612 дугаартай тушаалд 7.2.1, 7.2.4-ийг удирдлага болгосон. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалт явуулаагүй байх нь хөдөлмөрийн гэрээний 7.2.1,7.2.4-д ноцтой зөрчил гэж тусгагдаагүй. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалт явуулсан эсэх талаар анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дах хэсэгт Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэлэлцэгдээгүй баримтыг үндэслэн шийдвэр гаргасан тул энэхүү шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Б.О-гийн шууд удирдах албан тушаалтан болох үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Б.Батчулуун нь анхан шатны шүүхэд гэрчээр асуугдах үедээ дараах байдлаар тодорхой тайлбарласан. Зарим чиг үүрэг бүхий албан тушаалтнуудын ажлын онцлогоос шалтгаалж ажил олгогчийн зүгээс цаг бүртгэлийг хатуу бүртгэхгүй байхаар тохирсон зүйл байдаг. Тухайлбал худалдан авалтын менежер гадуур явж судалгаа хийн худалдан авалт хийх, хуульч хууль хяналтын байгууллагаар явах гэх мэт гэж тайлбарласан. Менежерээс дээш түвшний ажилтнуудын цагийн бүртгэлийг уян хатан нөхцөлөөр бүртгэж ажиллуулдаг. Сарын ажлын бүтээмжийг нь харж цалин олгодог. Манай компани хотын төвөөс зайтай байдаг учир дээрх ажилтнууд өглөө худалдан авалт, шүүх зэрэг төрийн байгууллагатай холбоотой ажпуудаа амжуулаад очих тохиолдол байдаг. Гэсэн хэдий ч ажлын түвшний дагуу бүтээмжид өөрчлөлт ордоггүй гэж тайлбарласан. Мөн энд нэр дурдаад байгаагаас гадна дүгнэлт гаргасан Ажлын хэсгийг ахалж ажилласан Д.Сувдаа, гишүүнээр ажилласан Н.Хунцэнгэл нарын ажлын цагийг ч уян хатан нөхцөлөөр бүртгэдэг байсан гэж тайлбарласан. Б.О- нь хэзээ, ямар үйлдлээр хаана хадгалагдаж буй хэдэн төгрөгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, цалингийн санг хэдэн төгрөгөөр хэтрүүлж, У- ХК-ийг хэдэн төгрөгөөр хохироосныг хариуцагч нотлоогүй. Хариуцагчаас хяналт шалгалт хийх ажлын хэсгийн дүгнэлтийг нотлох баримт гэж тайлбарладаг бөгөөд тухайн дүгнэлт нь эргэлзээтэй, түүнд дурдагдаж байгаа тоонууд нь хамгийн багадаа гэх мэтээр жишээлсэн байна. Мөн анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэгдэж байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь У- ХК-ийн 2020 оны цалингийн сан 1,5 тэрбум орчим төгрөгийн хэмнэлттэй байгаа тухай дурдаж байсан болно. Б.О-гийн ямар үйлдлийг хариуцагчийн хаана, хадгалагдаж байсан мөнгөн хөрөнгөд халдах оролдлого гаргасан гэж үзсэнээ баримтаар нотлоогүй, мөн ямар албан тушаалтай хэн гэх хүнд ийм оролдлого гаргахад нь тусалсан нь тодорхойгүй байна. Ямар бичиг баримтын бүрдэл будлиантуулсан, ямар эрх мэдлээ хэтрүүлсэн нь тодорхойгүй. Мөн хэдэн төгрөгийн бодит хохирол учруулсныг нотлоогүй. Хэн ямар үйлдэл гаргасныг хэзээ мэдээд ажил олгогчид мэдэгдээгүй нуун дарагдуулсан талаар хариуцагч нотлоогүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч У- ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч У- ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/264 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.О- нь тус компанийн хүний нөөцийн албаны даргаар томилогдон ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/612 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 7.2.1, 7.2.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, ажилд томилох тухай тушаал, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 10, 70-р тал/

 

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.О-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлээ цалингийн шатлалыг шинэчлэн батлах тухай тушаалын хүрээнд ажилтнуудын хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах үүргээ биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ажилтнуудын цагийн бүртгэлийг үнэн, зөв гаргаж

өгөх үүргээ биелүүлээгүй, байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, хамт олны уур амьсгал болон байгууллагын соёлд сөргөөр нөлөөлөхүйц үйлдэл гаргасан гэж тайлбарласан байна. /хх-ийн 21-24-р тал/

 

Хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А-01/20 дугаар эрх олгох тухай тушаалаар ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхийг тамгын газрын захирал Б.Батчулуунд олгожээ. /2хх-ийн 21-р тал/

 

Хүний нөөцийн албаны даргын ажлын байрны тодорхойлолтын 7.3, 7.4-т хөдөлмөрийн харилцаатай холбогдох тушаал, шийдвэр, гэрээ хэлэлцээрийг төлөвлөх, боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх чиг үүргийг заасан бөгөөд нэхэмжлэгч Б.О- нь цалингийн шатлалыг шинэчлэн батлах тухай тушаалын хүрээнд ажилтнуудын хөдөлмөрийн гэрээний төслийг боловсруулан бэлтгэж тамгын газрын захиралд хүлээлгэн өгч, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн болох нь гэрч Б.Батчулууны мэдүүлгээр тогтоогдсон байна. /2хх-ийн 14-21-р тал/

 

Талуудын байгуулсөн хөдөлмөрийн гэрээний 7.2-т ноцтой зөрчлийг заасан байх бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заасан ажилтнуудын цагийн бүртгэлийг үнэн, зөв гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэх зөрчил нь ноцтой зөрчилд тооцох үндэслэлд шууд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.О- нь хөдөлмөрийн гэрээний 7.2.1, 7.2.4-т заасан зөрчлийг гаргасан гэх үндэслэл баримтаар нотлогдоогүй гэж үзлээ. /хх-ийн 7-9-р тал/

 

Түүнчлэн, Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгаварт Байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтыг хэрэгжүүлж ажиллах-ыг хариуцагч компанид үүрэг болгожээ. /хх-ийн 91-р тал/

 

Дээрх баримтад үндэслэн, нэхэмжлэгч Б.О-г байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, хамт олны уур амьсгал болон байгууллагын соёлд сөргөөр нөлөөлөхүйц үйлдэл гаргасан гэж үзэх боломжгүй. Учир нь ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхийг тамгын газрын захирал Б.Батчулуунд олгосон байх тул нэхэмжлэгч нь ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах эрх бүхий албан тушаалтан биш байна.

 

Иймд хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгч Б.О-г ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул түүнийг хариуцагч У- ХК-ийн хүний нөөцийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 18 227 329 төгрөгийг хариуцагч У- ХК-иас гаргуулан, нэхэмжлэгч Б.О-д олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагч У- ХК-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцоход ажилтны сүүлийн 3 сарын цалин 2020 оны 6 сард 2 622 000 төгрөг, 7 сард 2 509 000 төгрөг, 8 сард 3 523 706 төгрөг, нийт 8 654 706 төгрөг байна. Дундаж цалин хөлс нь 1 сарын 2 884 902 төгрөг /8 654 706 : 3сар = 2 884 902/, 1 хоногийн 131 131 төгрөг /2 884 905 : 22хоног = 131 131/ байх ба ажлаас чөлөөлөх тушаал гарсан 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарах өдөр хүртэл буюу 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 6 сар 7 хоногийн цалин нийт 18 227 329 төгрөг /2 884 902 х 6 сар = 17 309 412, 131 131 х 7 хоног = 917 917, 17 309 412 + 917 917 = 18 227 329/-ийг хариуцагч У- ХК-иас гаргуулан, нэхэмжлэгч Б.О-д олгуулахаар шийдвэрлэсэн болно. /хх-ийн 13-р тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/03515 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.О-г У- ХК-ийн хүний нөөцийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 18 227 329 төгрөгийг хариуцагч У- ХК-иас гаргуулан, нэхэмжлэгч Б.О-д олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагч У- ХК-д даалгасугай гэж,

2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч У- ХК-иас 249 086 төгрөг гаргуулан, улсын төсвийн орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Г.ДАВААДОРЖ