Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2020/03514

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, .... дүгээр гудамж, .... тоотод оршин суух, З ургийн овогтой, Н Б /РД:......./-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ..... өөрийн байранд байрлах, М ХМХ /РД:...../-д холбогдох,

 

2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацааны цалин 2,100,000 төгрөг гаргуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н овогтой Б миний бие 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлгийн редакцад ассистент найруулагчаар хөдөлмөрийн гэрээ байгуулан 3-н сарын хугацаатай туршилтын хугацаагаар ажилд орсон. Анх хөдөлмөрийн гэрээ байгуулахад хэрвээ сайн ажиллах юм бол туршилтын 3 сарын хугацаа дуусмагц үндсэн ажлын байранд хугацаагүй ажилд авна гэж тохиролцож, хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа нь 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болж, ажил олгогчийн зүгээс ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар асуудал тавьж, хөндөөгүй тул миний зүгээс анх хөдөлмөрийн гэрээ байгуулах үед тохиролцсон ёсоор үндсэн ажлын байранд хуганаагүй ажиллах болсон. Гэтэл 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр М ийн ерөнхий захирлын Б/266 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.3, 31.6.6 дахь заалт, ...... -ийн Хөдөлмөрийн дотоод журмын'-ын 4 дүгээр бүлгийн 4.5 дахь заалтыг тус тус үндэслэл болгож хууль зөрчиж, хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас үндэслэлгүй халсан. Минии хувьд ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргалгүй ажлын байрны тодорхойлтод заасан ажлаа сайн хийж гүйцэтгэж байсан. Гэтэл тус байгууллага нь ажилтны ажлыг дүгнэн, үнэлгээ оголгүй, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай саналыг захиргаа, хүний нөөцийн асуудал эрхэлсэн салбар, нэгжид болон надад огт мэдэгдэлгүй 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэнэт ажлаа хүлээлгэж өг гэж тойрох хуудас зуруулж ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. М ийн Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр бүлгийн 4.5 дах заалтыг тус тус үндэслэл болгож хууль зөрчиж, хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас үндэслэлгүй халсан. Иймд 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр М ийн ерөнхий захирлын Б/266 тоот тушаалыг хүчингүй болгож, урд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэсэн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн зүгээс бүрэн дэмжиж байна. Мөн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 2,100,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхэлж хөдөлмөрийн гэрээ байгуулалгүйгээр Монгол үндэсний олон нийтийн радио телевизийн хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлгийн редакцад ассент найруулагчийн албан тушаалд ажиллаж байсан. Иймд 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Б/266 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөн бичүүлж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 48 хоног буюу нийт 5 сар ажилласан. Дээрх хугацааны цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөгөөр тооцуулж 2,100,000 төгрөгийг М ээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Н овогтой Б миний бие нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн хүүхэд танин мэдэхүйн нэвтүүлгийн редакцад ассистент найруулагчаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон билээ. Миний бие тус байгууллагад 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дээрх албан тушаалд ямар нэгэн хөдөлмөрийн гэрээгүй, мөн цалин хөлс авалгүй 2020.02.12-ны өдрийг хүртэл ажиллаж ирсэн. Намайг анх 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажилд аваад туршилтын хугацаагаар ажиллуулж байгаа юм байна гэж ойлгоод явж байтал 2020.02.12-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ хийж туршилтын хугацаагаар ажиллуулах болсон гэхэд их гайхаж холбогдох албан тушаалтанд хэлтэл одоо албан ёсоор Хөдөлмөрийн гэрээ" байгуулж байгаа юм. Энэ туршилтын хугацаа дуусаад үндсэн ажлын байрны орон тоон дээр ажиллана гэж хэлсэн, миний зүгээс тухайн үед хууль, дүрэм, журам сайн мэдэхгүй учир тухайн үед тэгсгээд орхисон юм. Гэтэл тус байгууллага нь надад худлаа хэлж, хууль зөрчиж 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 148 хоног буюу 5 сарын турш надтай хөдөлмөрийн гэрээ хийхгүй, цалин хөлс олгохгүй миний эрхийг зөрчсөн байна. 2019 оны 09 сарын 17-ны өдрөөс 2020 оны 02 сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны миний ажиллаж байсан цагийн бүртгэлийн дэвтэр болон Улсын онцгой объект руу нэвтэрэхэд бүртгэж авдаг бүртгэлийн дэвтэр зэрэг нь намайг тухайн байгууллагад ажиллаж байсан эсэхийг хангалттай нотолж байгаа. Иймд 5 сарын хөдөлмөрийн хөлс болох 2,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б нь ...... -ийн Ерөнхий захирлын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/93 тоот тушаалаар ....-ийн 1-р сувгийн Хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлгийн редакцад ассистент найруулагчаар 3 сарын туршилтын хугацаагаар ажиллаж эхэлсэн. Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улс орон даяар 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж одоог хүртэл үргэлжилж байгаа. Үүнтэй холбогдуулан Н.Б ийг 2020 оны 4 дүгээр 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сул зогсолтонд хамруулж үндсэн цалингийн 70 хувиар сул зогсолтын олговор олгосон. Ийнхүү гэнэтийн болон давагдашгүй онцгой нөхцөл байдал буюу дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас /ажил олгогч болон ажилтны аль алины буруу биш шалтгаан/ Н.Б ийг сул зогсолтонд хамруулснаар түүнтэй байгуулсан туршилтын 3 сарын хугацаатай гэрээг 1 сараас сунгагдсан тооцох үндэслэлтэй. Н.Б тэй байгуулсан гэрээ онцгой нөхцөл байдлын улмаас 1 сараар сунгагдсанд тооцогдож туршилтын хугацаа 2020 оны 6 дугаар сарын 10-нд дуусах үндэслэлтэй. Гэсэн хэдий ч ажил олгогчийн зүгээс 2020 оны 5-р сард Н.Б ийг жинхлэх асуудлыг хэлэлцэх гэтэл редакцийн продюсер Д.Т 6 настай дүү нь түнхний мултралтай, гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж байгаа тул манай гэр бүл хуралдаад хамгийн бага цалинтай ажил хийдэг намайг ажлаасаа гарч дүүгээ харах ёстой гэдэг шийдвэр гаргасан тул ажлаасаа гармаар байна гэж хэлж өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтээ өгөхөөр болсон тул жинхлэх асуудлыг хурлаар хэлэлцээгүй. Мөн редакцийн хамт олон нь Н.Б ийн ар гэрт тохиолдсон асуудалд багахан ч гэсэн тус дэм болох үүднээс 5-р сарын сүүлийн хагасын ажлыг нь хуваан хийж цалинг бүтнээр олгосон. Гэвч Н.Б нь 6 сар гарснаас хойш ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөхгүй, ажилдаа ирэхгүй явсаар 2020 оны 6 дугаар сарын 12-нд өмгөөлөгч гэх хүнтэй хамт ...... дээр ирж жинхлэх тушаал гаргах шаардлагыг тавьсан. Н.Б тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.5-д Ажилтан өөрийн хүсэлтээр гэрээг цуцлахыг хүсвэл энэ талаарх саналаа Ажил олгогчид Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаагаар бичгээр мэдэгдэнэ гэж тус тус зохицуулсан. Гэтэл Н.Б нь ажлаас өөрийн хүсэлтээр гарах өргөдлөө ажил олгогчид хүлээлгэж өгөөгүй, ажилдаа ирээгүй, энэ талаар мэдэгдэх гэхэд утас нь холбогдохгүй явж байгаад ирэхдээ ийм шаардлага тавьсныг хүлээж авах боломжгүй байсан. Иймд энэхүү асуудлыг ...... -ийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.5-д заасны дагуу хамт олны хурлаар хэлэлцэж жинхлэхгүй байх санал гаргасан. Энэхүү саналын дагуу ...... -ийн Ерөнхий захирлын 2020 оны Б/266 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал гарсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажлаа хэвийн үргэлжлүүлж байсан гэж тайлбарлаж байгаа боловч Н.Б нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ... би өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа гарлаа... гэж хүүхэд танин мэдэхүйн редакцыг хариуцан ажилладаг продюсерт хэлж 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ирж ...миний үндсэн ажилтны тушаалыг гаргаж өгнө үү... гэсэн шаардлага тавьсан. 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл огт ажиллаагүй. Туршилтын 3 сарын хугацаанд ажиллаж байхад Ковид-19 цар тахалтайгаар холбоотойгоор Монгол улсын засгийн газрын тогтоолын дагуу Улсын онцгой комиссын даргын тушаалын 10 дугаар хэсэгт зүйлд ажлын тусгай горимд шилжиж ажиллуулах үүрэг өгсөн. Уг тогтоолын дагуу М ийн хувьд бүх сувгийн ажилтнуудыг сул зогсолтод хамруулж, мэдээний сувгаас бусад бүх сувгийн ажилтнуудыг ажиллуулаагүй. 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/24 тоот М ийн ерөнхий захирлын тушаалын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 1 дүгээр сувгийн бүх ажилтнуудыг сул зогсолтод хамруулж, зөвхөн Монголын мэдээ агентлагийн мэдээ бэлтгэдэг ажилтнууд ажилласан. Н.Б нь туршилтын хугацааны тушаал гарснаас хойш цагийн бүртгэлд бүртгэгдсэнээр 1 сар 15 хоног орчим ажилласан. Туршилтын хугацаа дуусаагүй боловч жинхэлж ажиллуулах асуудлыг хэлэлцэх болоход ... би ажлаасаа гарахаар болсон. Манай дүү төрөлхийн түнхний мултралттай, манай гэрийнхэн ярилцаад хамгийн бага цалинтай намайг ажлаасаа гарж дүүгээ асар... гэсэн гэж хэлсэн. Чөлөө авах боломжгүй юм уу? гэхэд ...чөлөө авах боломжгүй ажлаасаа гарна... гэж хэлсэн. Өргөдлөө авч ирж өгнө гэсэн боловч 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл холбоо барихгүй эсвэл утас нь холбогдсон тохиолдолд удахгүй очно гэж хэлдэг байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сарыг хүртэл цалингүй ажиллуулсан гэж тайлбарласан. Н.Б 2019 оны 09 дүгээр сард их сургуулийн оюутан байсан. Хичээлийн бус цагаар хүүхэд танин мэдэхүйн редакцын ажилтай танилцаж, өөрийн сайн дурын үндсэн дээр ажилд тусалж байсан. Ямар нэгэн байдлаар гэрээ байгуулах, ажилд авсан цалин хөлс олгоно гэж амаар хэлж тохирсон зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч М эд холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацааны цалин 2,100,000 төгрөг гаргуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацааны цалин 2,100,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч М эд 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ажилласан хугацааны цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөгөөр тооцож нийт 2,100,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Н.Б нь М эд Хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлгийн редакцад ассистент найруулагчаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс туршилтын 3 сарын хугацаатай ажиллахаар харилцан тохиролцож, Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн Б/93 дугаар тушаалаар Н.Б ийг М эд Хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлгийн редакцад ассистент найруулагчаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн туршилтын 3 сарын хугацаатай ажиллуулахаар шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбар, шүүхэд гэрч Д.Туулын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

Харин нэхэмжлэгч Н.Б нь М эд 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдохгүй байна.

 

Ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хөдөлмөрийн нөхцөлөөр хангах талаар харилцан тохиолцсоноор хөдөлмөрийн гэрээний талуудын хоронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүснэ. Ийнхүү хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсч ажилтан хөдөлмөрлөж харилцан тохиролцсон үүргээ биелүүлсэн бол ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан цалин хөлсийг олгох үүрэгтэй.

 

Иймд хариуцагч М ээс 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан ажлын цалин хөлтэй тэнцэх олговор буюу 2,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Н.Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагын тухайд

 

Нэхэмжлэгч Н.Б нь М ийн Хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлгийн редакцад ассистент найруулагчаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн туршилтын 3 сарын хугацаанд ажилласан байх бөгөөд Хүүхэд, танин мэдэхгүйн нэвтрүүлгийн редакцын хамт олны 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хурлаас Н.Б ийг цаашид ажиллуулах саналыг дэмжээгүй тул М ийн захирлын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/266 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгахгүй болсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс дуусгавар болгохоор шийдвэрлэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно., 231.2-т Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна. гэж тус тус заасан.

 

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу ажил олгогч нь туршилтын хугацаанд ажилтны мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгаж, тэнцэхгүй гэж үзвэл ажиллуулахаас татгалзаж хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй.

 

Талуудын гэрээгээр тохиролцсон туршилтын 3 сарын хугацаа 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дууссан боловч ажил олгогч хуульд заасны дагуу цаашид ажиллуулах, эсхүл хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар шийдвэр гаргаагүй байна. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч Н.Б 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах шаардлагыг ажил олгогчид гаргасан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д зааснаар хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно. Туршилтын хугацаатай гэрээгээр ажиллаж буй ажилтантай байгуулсан гэрээний хувьд мөн хуулийн 231.2-д заасны дагуу туршилтын хугацаа гурван сар хүртэл байх бөгөөд цаашид туршилтын хугацааг сунгах хуулийн үндэслэлгүй тул туршилтын хугацаа дуусмагц ажил олгогч ажилтныг жинхлэн ажиллуулахаас татгалзаж, ажилтантай байгуулсан гэрээг дуусгавар болгоогүй бол хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаан дуусмагц хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоогүй тул хожим хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дууссан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй байна гэж үзэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч олгох үүрэгтэй.

 

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа буюу 6 сар 13 хоногт Хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон нэг сарын цалин 554,000 төгрөгөөс тооцож, ажилгүй байсан хугацаанд олгох цалин 3,651,364 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-т ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүргийг хүлээнэ.

 

Иймд нэхэмжлэгч Н.Б ийг М ийн Хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлгийн редакцад ассистент найруулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,651,364 төгрөгийг хариуцагч М ээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасны дагуу хариуцагч М ээс 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацааны цалин 2,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу нэхэмжлэгч Н.Б ийг М ийн Хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлгийн редакцад ассистент найруулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,651,364 төгрөгийг хариуцагч М ээс гаргуулан нэхэмжлэгч Н.Б д олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч Н.Б ийн ажилгүй байсан хугацааны Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч М эд даалгасугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Н.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М ээс улсын тэмдэгтийн хураамжид 73,364 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР