Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00421

 

 

 

 

 

 

 

Н.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/03514 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Бийн хариуцагч МҮОНРТ холбогдуулан гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацааны цалин 2 100 000 төгрөг гаргуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяртогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түмэнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нямлхагва овогтой Билэгдэмбэрэл миний бие 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлгийн редакцид ассистент найруулагчаар хөдөлмөрийн гэрээ байгуулан 3 сарын хугацаатай туршилтын хугацаагаар ажилд орсон. Анх хөдөлмөрийн гэрээ байгуулахад сайн ажиллах юм бол туршилтын 3 сарын хугацаа дуусмагц үндсэн ажлын байранд хугацаагүй ажилд авна гэж тохиролцсон. Хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа нь 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болж, ажил олгогчийн зүгээс ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар асуудал тавьж, хөндөөгүй тул миний зүгээс анх хөдөлмөрийн гэрээ байгуулах үед тохиролцсон ёсоор үндсэн ажлын байранд хугацаагүй ажиллах болсон. Гэтэл 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирлын Б/266 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.3, 31.6.6 дахь заалт, МҮОНРТ-ийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4 дүгээр бүлгийн 4.5 дахь заалтыг тус тус үндэслэл болгож, хууль зөрчиж хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас үндэслэлгүй халсан. Миний хувьд ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргалгүй, ажлын байрны тодорхойлтод заасан ажлаа сайн хийж гүйцэтгэж байсан. Гэтэл тус байгууллага нь ажилтны ажлыг дүгнэн, үнэлгээ өгөлгүй, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай саналыг захиргаа, хүний нөөцийн асуудал эрхэлсэн салбар, нэгжид болон надад огт мэдэгдэлгүй 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэнэт ажлаа хүлээлгэж өг гэж тойрох хуудас зуруулж ажлаас үндэслэлгүй халсан. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр бүлгийн 4.5 дах заалтыг тус тус үндэслэл болгож хууль зөрчиж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Б/266 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөн бичүүлж, ажилгүй байсан хугацаан дахь олговор гаргуулж, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 48 хоног буюу нийт 5 сар ажилласан. Дээрх хугацааны цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 000 төгрөгөөр тооцож 2 100 000 төгрөгийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б нь МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/93 тоот тушаалаар ОНТ-ийн 1-р сувгийн Хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлгийн редакцад ассистент найруулагчаар 3 сарын туршилтын хугацаагаар ажиллаж эхэлсэн. Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улс орон даяар 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж одоог хүртэл цар тахал үргэлжилж байгаа. Үүнтэй холбогдуулан Н.Бийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сул зогсолтонд хамруулж үндсэн цалингийн 70 хувиар сул зогсолтын олговор олгосон. Ийнхүү гэнэтийн болон давагдашгүй онцгой нөхцөл байдал буюу дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас /ажил олгогч болон ажилтны аль алины буруу биш шалтгаан/ Н.Бийг сул зогсолтонд хамруулснаар түүнтэй байгуулсан туршилтын 3 сарын хугацаатай гэрээг 1 сараас сунгагдсан тооцох үндэслэлтэй. Н.Бтэй байгуулсан гэрээ онцгой нөхцөл байдлын улмаас 1 сараар сунгагдсанд тооцогдож туршилтын хугацаа 2020 оны 6 дугаар сарын 10-нд дуусах үндэслэлтэй. Гэсэн хэдий ч ажил олгогчийн зүгээс 2020 оны 5 дугаар сард Н.Бийг жинхлэх асуудлыг хэлэлцэх гэтэл редакцийн продюсер Д.Туулд “6 настай дүү нь түнхний мултралтай, гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж байгаа тул манай гэр бүл хуралдаад хамгийн бага цалинтай ажил хийдэг намайг ажлаасаа гарч дүүгээ харах ёстой гэдэг шийдвэр гаргасан тул ажлаасаа гармаар байна” гэж хэлж өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтээ өгөхөөр болсон тул жинхлэх асуудлыг хурлаар хэлэлцээгүй. Мөн редакцийн хамт олон нь Н.Бийн ар гэрт тохиолдсон асуудалд багахан ч гэсэн тус дэм болох үүднээс 5 дугаар сарын сүүлийн хагасын ажлыг нь хуваан хийж цалинг бүтнээр олгосон. Гэвч Н.Б нь 6 сар гарснаас хойш ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөхгүй, ажилдаа ирэхгүй явсаар 2020 оны 6 дугаар сарын 12-нд өмгөөлөгч гэх хүнтэй хамт МҮОНРТ дээр ирж, жинхлэх тушаал гаргах шаардлагыг тавьсан. Н.Бтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.5-д “Ажилтан өөрийн хүсэлтээр гэрээг цуцлахыг хүсвэл энэ талаарх саналаа Ажил олгогчид Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаагаар бичгээр мэдэгдэнэ” гэж зохицуулсан. Гэтэл Н.Б нь ажлаас өөрийн хүсэлтээр гарах өргөдлөө ажил олгогчид хүлээлгэж өгөөгүй, ажилдаа ирээгүй, энэ талаар мэдэгдэх гэхэд утас нь холбогдохгүй явж байгаад ирэхдээ ийм шаардлага тавьсныг хүлээж авах боломжгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасны дагуу хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацааны цалин 2 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу нэхэмжлэгч Н.Бийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлгийн редакцад ассистент найруулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 651 364 төгрөгийг хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс гаргуулан нэхэмжлэгч Н.Бд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч Н.Бийн ажилгүй байсан хугацааны Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Н.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс улсын тэмдэгтийн хураамжид 73 364 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Н.Б нь МҮОНРТ-ийн ерөнхий захирлын 2020 оны 2 сарын 12-ны өдрийн Б/93 тоот тушаалаар 1-р сувгийн Хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлгийн редакцад ассистент найруулагчаар 3 сарын туршилтын хугацаагаар ажиллаж эхэлсэн. Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улс орон даяар 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосноор манай байгууллагын үйл ажиллагааг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хязгаарлаж, Н.Б сул зогсолтонд хамрагдаж байсан бөгөөд туршилтын 3 сарын хугацаанд бүтэн ажиллаагүй. МҮОНРТ нь ажил олгогчийн хувьд туршилтын 3 сарын хугацаанд багтаан ажилтныг жинхлэх эсэх асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй. Гэвч гэнэтийн болон давагдашгүй онцгой нөхцөл байдал буюу Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаагаа хязгаарласны дагуу Н.Б нь ажиллаагүй тул түүнтэй байгуулсан туршилтын 3 сарын хугацаатай гэрээг ажиллагаагүй байсан хугацаагаар сунгагдсанд тооцох үндэслэлтэй бөгөөд жинхлэх эсэх асуудлыг хугацаанд нь шийдвэрлэх үүргээ зөрчөөгүй. Энэ талаар Иргэний хуулийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан. Эндээс туршилтын 3 сар нь заавал үргэлжилсэн, дараалсан байх ёстой гэсэн хуулийн зохицуулалт харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл туршилтын 3 сарын хугацаа нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дундаа тасарсан байх боломжтой бөгөөд харин нийт ажилласан хугацаа нь 3 сараас хэтрэхгүй байх ёстой. Иймд Н.Бтэй байгуулсан туршилтын гэрээ онцгой нөхцөл байдлын улмаас 1 сараар сунгагдаж 2020 оны 6 сарын 10-нд дуусах үндэслэлтэй гэж үзэж байна. Н.Б нь 2020 оны 5 сард редакцийн продюсер Д.Туулд “6 настай дүү нь түнхний мултралтай, гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж байгаа тул манай гэр бүл хуралдаад хамгийн бага цалинтай ажил хийдэг намайг ажлаасаа гарч дүүгээ харах ёстой гэдэг шийдвэр гаргасан тул ажлаасаа гармаар байна” гэсэн хүсэлт тавьж ажлаас гарах өргөдлөө өгөхөөр болж 5 сарын 18-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй. Ийнхүү ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөхгүй, ажилдаа ирэхгүй явсаар 2020 оны 6 сарын 12-нд өмгөөлөгчтэйгээ МҮОНРТ дээр ирж жинхлэх тушаал гаргах шаардлагыг тавьсан. Н.Бтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.5-д бичгээр мэдэгдэнэ гэж заасан. Гэтэл Н.Б нь ажлаас өөрийн хүсэлтээр гарах өргөдлөө ажил олгогчид хүлээлгэж өгөөгүй, ажилдаа ирээгүй, энэ талаар мэдэгдэх гэхэд утас нь холбогдохгүй явж байгаад ирэхдээ ийм шаардлага тавьсаныг хүлээж авах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцэж байна.

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацааны цалин 2 100 000 төгрөг гаргуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 21-23/

Хариуцагч байгууллагын захирлын 2020 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Б/93 дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.Бийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд Хүүхэд, танин мэдэхгүйн нэвтрүүлгийн редакцад ассистент найруулагчаар 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн туршилтын 3 сарын хугацаатай ажиллуулахаар томилж, мөн оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/266 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдсон. /хх6,40/

Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно”, 23.2 дах хэсэгт “Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна” гэж тус тус заасантай нийцсэн байна.

Хөдөлмөрийн гэрээний 5.1-т гэрээний хугацааг 2020 оны 02 сарын 10-ны өдрөөс 3 сарын хугацаатай байхаар тохиролцсон ба /хх24-27/ уг хугацаа 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дууссан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1  дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай болон хугацаагүй байгуулж болох бөгөөд туршилтын хугацаатай байгуулсан гэрээг дуусгавар болоход талууд түүнийг цуцлах санал тавиагүй, ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа тохиолдолд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дах хэсэгт заасан үр дагавар болох уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдах учиртай. Иймд 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс хойш гэрээний хугацаагаар сунгагдсан. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад ажил олгогч тал хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон үндэслэлээр 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гаргасан тушаал нь хуульд нийцээгүй. Нэхэмжлэгч Н.Б нь 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах санал гаргасан, саналыг хүлээж аваагүй тул хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулаагүй, өмнөх хөдөлмөрийн гэрээ хүчинтэй байна.

Хариуцагч байгууллага ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх тайлбар, гомдол гаргах боловч хэрэгт энэ талаар баримтгүй болно.

Иймд ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардах эрхтэй ба энэ шаардлага нь хариуцагчийн гаргасан буруу шийдвэрийн улмаас ажилтан ажилгүй байсан бүх хугацаанд хамаарна. Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тогтоохдоо сарын дундаж цалин 554 000 төгрөгийг ажилгүй байсан 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 6 сар, 13 хоногт тооцож 3 651 364 төгрөгөөр тодорхойлж хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв боловч техникийн алдаа гаргаж ажилгүй байсан хугацааг тоолж эхлэх хугацааг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэж буруу тодорхойлсныг “2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр” гэж буруу бичсэнийг дурдав.

Хариуцагчийн “Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улс орон даяар 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосноор хариуцагч байгууллагын үйл ажиллагааг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хязгаарлаж, Н.Б сул зогсолтонд хамрагдаж ажиллаагүй тул туршилтын 3 сарын хугацаатай гэрээг ажиллаагүй байсан хугацаагаар сунгагдсанд тооцох үндэслэлтэй” гэх хариуцагч байгууллагын гомдлыг хангах боломжгүй. Учир нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд хариуцагч байгууллагын үйл ажиллагаа буюу захирлын эрх хэмжээ хэрхэн хязгаарлагдсан талаар хариуцагч байгууллагаас баримтыг гаргаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан ажиллагааг хугацаанд нь хийх боломжгүй буюу гэрээг цуцлах эрхийг хэрэгжүүлээгүйг хүндэтгэн үзэх үндэслэлд хамааруулж дүгнэхээргүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/03514 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 372 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үнэдэсдэлээр Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

                                       ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

                                                                                       Б.НАРМАНДАХ