Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2022/03062

 

 

 

 

 

 

 

 

2022 06 28 101/ШШ2022/03062

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.М-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.З-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 116,480,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.М, өмгөөлөгч А.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019-01-31-ний өдөр хариуцагчийн хүсэлтээр 72.000.000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэйгээр, 1 жилийн хугацаатайгаар тохиролцож зээлсэн. Үндсэн зээл 72.000.000 төгрөг, зээлийн хүү 8,480,000 төгрөг, aлданги 36.000.000 төгрөг, нийт 116.480.000 төгрөгийн өр төлбөртэйгөөр зээлээ барагдуулж дуусгаагүй. 2019-07-05-ны өдөр манайх уруу орж ирсэн дансны баримтаар хариуцагчийн Х банкнаас 4.320.000 төгрөг нэг удаа орж ирсэн. Голомт банкнаас шилжүүлсэн мөнгөн дүн орж ирээгүй. Голомт банк дахь хариуцагчийн дансанд буцаад 16 цаг 14 минут 18 секундэд НДЗ товчилсон нэрээр буюу нэр данс зөрүүтэй гэсэн агуулгаар буцаж З-ийн дансанд орсон нь шүүхийн журмаар гаргуулсан баримтаар нотлогдож байна. Данс эзэмшигчийг М буруу бичсэн байсан. Голомт банкаар мөнгийг шилжүүлэхдээ Голомт банкнаас над уруу 3 удаагийн шилжүүлгийн өмнөх хоёр нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр орж ирсэн. Данс эзэмшигчийн нэрийг М.М гэсэн байдаг. Хэн нэгэн эзэмшигчийн данс уруу ороогүй, шилжүүлсэн банкнаас буцаад хариуцагчийн данс уруу орсон гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар харагдаж байгаа.

З-г мөнгө зээлдүүлээч хүсэлт тавихад нь би 10 хувь гэж байсан хэдий ч 6 хувь гэдэг саналыг тавихаар нь түүний хүсэлтээр зээлдүүлсэн. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрвөл 3 сая төгрөгөөр багасгаж болно, бусдаар эвлэрэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ гэв.

Хариуцагч Б.З, түүний төлөөлөгч Ж.Б-аас шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээг 2019-01-31-ний өдөр байгуулж 72.000.000 төгрөгийг зээлж авсан, 43,360,000 төгрөгийг буцааж төлсөн гэдэг дээр маргах зүйл байхгүй. Зээлийн гэрээ хийгдсэн өдөр М.М-аас Б.З-д мөнгө орж ирээд хариуцагч цаашаа хүнд өгсөн гэдгийг нотлох баримтыг өнөөдөр шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас мөнгө авсан гэдэг хүн хэд хэдэн эрүүгийн маргаанд нэг тал болоод оролцож байгаа гэдэг. Талуудын хооронд зээлийн гэрээгээр сарын 6 хувийн хүүг тохирсоны дагуу нэг жилийн хугацаанд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид төлөх ёстой хүүгийн асуудлаа өөрийнхөө зүгээс шалтгаалах бүрэн боломжоор төлж байгаа. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлын дагуу шүүхээс зээлдэгчийн эрх ашиг илт хохирсон нөхцөл байдал байгаа учир зээлийн хүүг багасгаж өгөөч, 1 жилийн хугацаанд төлсөн хүүний төлбөрөөс зээлээр тооцож шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Нэр болон данс андуурагдсан зүйл харагдахгүй байгаа. Орлого зарлагын лавлагааг харах юм бол нэхэмжлэгчийн хэлснээр буцаалт хийсэн нь харагдахгүй, товчилсон нэр агуулгатай, ойлгомжгүй байгаа гэв.

Нэхэмжлэгчээс: Зээлийн гэрээ /хх-ийн 4 тал/, дотоод шилжүүлгийн маягт /хх-ийн 5 тал/, Х банк ХХК-ийн дансны хуулга /хх-ийн 44-52 тал/,

Хариуцагчаас: Х банк ХХК-ийн дансны хуулга /хх-ийн 16-20, 101 тал/, Голомт банк ХХК-ийн дансны хуулга /хх-ийн 21, 32-34 тал/, Хаан банк ХХК-ийн дансны хуулга /хх-ийн 22-31 тал/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гарган өгсөн

Шүүхээс: Голомт банк ХХК-ийн дансны хуулга, гүйлгээний дэлгэрэнгүй тайлан /хх-ийн 70, 73, 89 тал/, Х банк ХХК-ийн дансны хуулга /хх-ийн 91 тал/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Б.З-аас зээлийн гэрээний үүрэгт зээл 72,000,000 төгрөг, зээлийн хүү 8,480,000 төгрөг, aлданги 36.000.000 төгрөг, нийт 116.480.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас алданги 18,000,000 төгрөгөөр багасгаж, 98,480,000 төгрөгний хэмжээнд нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч М.М 2019-01-31-ний өдөр хариуцагчийн хүсэлтээр 72.000.000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, зээлийн гэрээний 2.7-д Иргэний хуулийн 232.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх цөхцөлтэйгээр гэрээг байгуулсан, үндсэн зээл 72,000,000 төгрөг, 2 сарын зээлийн 8,480,000 төгрөг, алданги 36,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч Б.З 2019-01-31-ний өдөр зохигчийн хооронд хийгдсэн зээлийн гэрээний хүү нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхолд илт хохиролтойгоор байгуулагдсан тул шүүхээс зээлийн хүүг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд бууруулж зээлийн хүүнд төлсөн 43,360,000 төгрөгнөөс үндсэн зээл тооцуулна гэж маргасан.

4. Зохигчийн хооронд 2019 оны 01 сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн хүүг сарын 6 хувь, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх нөхцөлтэйгээр байгуулж, 72,000,000 төгрөгийг авсан, зээлийн хүүнд сард 4,320,000 төгрөгөөр тооцож, нийт хүүнд 43,360,000 төгрөг төлсөн гэх үйл баримтын талаар маргаагүй.

5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсэн байна.

Нэхэмжлэгч М.М Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар 232.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч Б.З нь зээлийн гэрээнд заасны дагуу 2019 оны 1-р сараас хойш зээлийн хүүнд нийт 43,360,000 төгрөгийг зөвшөөрч төлж байсан, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхолд илт хохиролтойгоор байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

Харин хариуцагч Б.З-гийн зээлийн гэрээний үүргээ зохих хэмжээнд биелүүлж байсан, цаг хугацааны хувьд дэлхий нийтэд Ковид 19 халдварын цар тахал үүссэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийг баримтлан алдангийг тал хувиар бууруулж 18,000,000 төгрөг, хариуцагч Б.З-гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 98,480,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 740,350 төгрөгийг улсын орлого болгож, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 10,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн хариуцагч Б.Згаас 98,480,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 650,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.З-гаас 98,480,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 740,350 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.З-гаас 650,350 төгрөгийг нэхэмжлэгч М.М-т олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 10,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс буцаан гаргуулж нэхэмжлэгч М.М-т олгосугай.

4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА