Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01605

 

 

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01605

 

 

М.М-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/03062 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.З-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 116,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Хариуцагч нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 72,000,000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэйгээр, 1 жилийн хугацаатайгаар зээлсэн.

Гэтэл зээл 72,000,000 төгрөгөөс огт төлөлт хийгээгүй, зөвхөн хүүд 43,360,000 төгрөг төлсөн. Хариуцагч нь зээл 72,000,000 төгрөг, алдангид 36,000,000 төгрөг, хүүд 8,480,000 төгрөг, нийт 116,480,000 төгрөгийн төлбөртэй байх тул гаргуулж өгнө үү.

 

2.    Хариуцагч талын тайлбарын агуулга:

Зээлийн гэрээ байгуулж 72,000,000 төгрөгийг зээлж авсан, 43,360,000 төгрөгийг төлсөн талаар маргахгүй. Зээлийн гэрээ хийгдсэн өдөр М.М-аас Б.З-д мөнгө орж ирээд хариуцагч цаашаа хүнд өгсөн гэдгийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас мөнгө авсан хүн нь эрүүгийн маргаанд нэг тал болоод оролцож байгаа.

Зээлдэгчийн эрх ашиг илт хохирсон нөхцөл байдал байгаа учир зээлийн хүүг багасгаж, 1 жилийн хугацаанд төлсөн хүүгийн төлбөрөөс зээлд тооцож шийдвэрлүүлэх хүсэлттэй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.З-гаас 98,480,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 740,350 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.З-гаас 650,350 төгрөгийг нэхэмжлэгч М.М-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 10,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс буцаан гаргуулж нэхэмжлэгч М.М-т олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

 

Б.З- нь М.М-аас зээлсэн мөнгийг М- гэдэг хүний данс руу тэр даруй шилжүүлсэн, М- өнөөдрийг хүртэл Б.З-гаас авсан мөнгөө буцааж төлөөгүй, зайлсхийж байгаа ба хэд хэдэн хүнээс мөнгө аваад залилангийн хэргээр шалгагдаж байгаа. Сарын 6 хувийн хүү нь хэт өндөр хүү тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар шүүх зээлийн хүүг багасгаж болох байсан. Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийг үндэслэн 18,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч М.М- нь хариуцагч Б.З-д холбогдуулан

1.1. зээл 72,000,000 төгрөг,

1.2. хүү 8,480,000 төгрөг,

1.3. алданги 36,000,000 төгрөг, нийт 116,480,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

2.а. Талууд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч нь 72,000,000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй,1 жилийн хугацаатай зээлсэн. /хх4/

 

2.б. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу хариуцагчийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь 456099010 тоот дансанд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 72,000,000 төгрөгийг шилжүүлсэн. /хх5/

 

2.в. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 43,360,000 төгрөг төлсөн нь нэхэмжлэгчийн дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд талууд зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй.

 

2.г. Алдангиас 18,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

3. Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:

 

3.а. Хариуцагч нь сарын 6 хувийн хүү нь хэт өндөр гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

 

Харин шүүх хариуцагч нь зээлийн хүүг зөвшөөрөн зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлж байсан гэж үзэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг хэрэглэхтэй шууд хамааралгүй нөхцөл байдлыг дүгнэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан шүүх хуралдаан дээр зээлийн хүүгийн хэмжээг багасгах талаар хүсэлт гаргасан байх бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт талуудын хэн нэг нь хүсэлт гаргасныг үндэслэн шүүх зээлийн хүүг багасгаж болохоор хуульчилсан байна.

 

Зээлдүүлэгч нь мөнгө хүүлэх тусгай зөвшөөрөлгүй, иргэн байх бөгөөд гэрээний нэг тал нөгөө талдаа илтэд хохиролтой тухайн салбарт тогтсон жишгээс хазайсан, банк санхүүгийн байгуулагын хүүгээс өндөр хүү тогтоосон байгааг харгалзан сарын хүү 6 хувийн хүүг зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэж, хүүгийн хэмжээг 3 хувь болгож багасгах боломжтой гэж үзлээ.

 

Хариуцагч нь зээл 72,000,000 төгрөг, уг дүнгээс сарын 3 хувийн хүүгээр тооцож хүүд 25,920,000 төгрөг /12 сар*2,160,000/, нийт 97,200,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт төлөх үүрэгтэй байх бөгөөд үүнээс түүний төлсөн 43,360,000 төгрөгийг хасахад 54,560,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас алдангид 18,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон асуудлаас гомдол гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын зарчмын түүнийг хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн болно. Иймд хариуцагчаас нийт 72,560,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Б.З-гаас 72,560,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 43,920,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ202022/03062 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.З-гаас 72,560,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 43,920,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын ... 650,350 гэснийг ...520,750 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 374,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ш.ОЮУНХАНД