Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2022/02783

 

 

 

 

 

 

 

2022 06 15 101/ШШ2022/02783

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-д холбогдох бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, түүний өмгөөлөгч Ө.С,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК-ийг 2011 онд гадаад худалдаа, бизнесийн зөвлөгөөний чиглэлээр байгуулсан бөгөөд 2013 онд СБД-ын тоот хаягт байрлах Т төвийн барилгыг худалдан авч үйл ажиллагаа явуулдаг. Хүүхдүүдийн эцэг Б.Бгийн гуйлтаар зээл авах зорилгоор байгууллагын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Б.Бгийн төрсөн ах болох Б-д бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлж өгсөн. Тухайн үед тухайн обьектийг худалдан авах зорилгоор банкнаас зээл авсан байсан тул хүүхдүүдийн эцэг байгууллагын үйл ажиллагааг дэмжих зорилгоор зээл авч өгнө гэж хэлсэн бөгөөд түүнд итгэж үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн. Т тухайн үед зээл авах боломжгүй байсан тул зээлийн барьцаанд тавих зорилгоор шилжүүлсэнээс өмчлөлд шилжүүлэх зорилгоор шилжүүлээгүй, Компанийн тухай хуульд заасан журмыг зөрчиж шилжүүлсэн нь санхүүгийн шалгалтаар тогтоогдсон.

Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа зээл гаргахаар бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, Х банканд зээлэнд тавьсан учраас хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлтэй гэж тайлбарладаг. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гэж үзнэ. Болохгүй байгаа зүйл нь Х банкны барьцаанд байгаа учраас хүчин төгөлдөр бус боломжгүй гэдэг. Талуудын хоорондын гэрээ нь Иргэний хуулийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл юм. н.Б-гийн хувьд би зээл аваад энэ байранд бүгдийг нь хөрөнгө оруулчихсан гээд байна. Яг үнэндээ хэлцэл хүчин төгөлдөр, хүсэл зориг нь үнэн байсан дүр үзүүлсэн хэлцэл. Талууд бэлгээ өмчлөлдөө шилжүүлж авах зорилго байгаагүй зээлийн барьцаанд тавих зорилгоор шилжүүлсэн. Тийм учраас Б.Бөөс н.Б уруу худалдах худалдан авах гэрээний дагуу 15.000.000 төгрөгөөр шилжсэн. Иргэний хуулийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл тул 2015-11-24-ний өдрийн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь  тоот барилгын 5-р давхрын хэсэг тоот хаягт байрлах 150 м,кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-220дугаар бүхий хөрөнгийг 2015-11-24-ний өдрийн Бэлэглэлийн гэрээгээр Н ХХК-иас шилжүүлэн авч, 2015-12-10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Б.Бд шилжүүлэн өгсөн. Б.Б нь нэхэмжлэгч Н ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал М.Тгийн нөхөр бөгөөд 2015 оноос Н ХХК болон хувьцаа эзэмшигч М.Тд өөрийн хувьцаа эзэмшигч П ХХК-иар дамжуулж зээл олгож, тухайн үл хөдлөхөд хөрөнгө оруулалтыг хийж мөн банкны өр төлбөрийг төлж байсан байдаг. Үүний улмаас П ХХК нь эргэлтийн хөрөнгөгүй болсон тул Х банкнаас эргэлтийн хөрөнгийн зээл авах шаардлага үүсэж зээлийн барьцаанд дээрх хөрөнгийг барьцаалсан. Нэхэмжлэгч зөрчигдсөн эрх ашгаа тайлбарлаж чадсангүй. Бэлэглээд өгсөн зүйлийг бэлэглэгчээс ямар нэг гомдол санал байхгүй бол түүнийг бусдад шилжүүлэх, хэн нэгэнд өгөх, түүний нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэх үү гэдгийг судална. Тэрний дагуу л Б.Бд шилжүүлээд өгсөн. Бэлгийг хүлээн авагч хүчингүй болгож болохгүй гэсэн байдаг. 2015-10-24-ний өдөр мэдсэн бол хүчин төгөлдөр бусд тооцуулах асуудлыг үүсгээгүй, 2022 онд гаргаж ирж маргаж байгаа нь зөрчилтэй байна. Хууль зүйн үндэслэлээ тайлбарлахдаа Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлээр тайлбарлаж байна. Иргэний хуулийн 57 дугаар зүйлд хүчин төгөлдөр бусад тооцуулах хэлцлийг төөрөгдсөн, бэлэглэгчийг гомдоосон, Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан аль нэг заалтыг зөрчсөн нь тогтоогдоход бэлэглэгч нь өөрөө мэдсэнээс хойш 1 жил гэж заасан. Нэхэмжлэл дээр Иргэний хуулийн 57 дугаар зүйлд зааснаар гэж байна. Энэ зүйлийн аль заалтаар нь гэдгээ тайлбарлаж чадсангүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П ХХК-г 2012 онд барилгын засал чимэглэлийн чиглэлээр байгуулсан бөгөөд барилгын дээвэр болон гадна фасадны угсралт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэгч Н ХХК-ний үл хөдлөх хөрөнгө болох т хаягт байрлах Т төв нь 1997 онд ашиглалтанд орсон цагаасаа түрээсийн үйл ажиллагаа явуулж байсны улмаас маш их элэгдэж хуучирсан байсан бөгөөд тухайн барилгыг 2014 онд анх хүлээн авахад барилгын бүх дулааны шугам муудсан, паарнууд нь цоорч ус алддаг барилгын дээд давхруудад нь дулаан очдоггүй, бүх цонх цуурсны улмаас дулаан алддаг, ажиллагсад болон түрээслэгчид нь гадуур хувцастайгаа ажлаа хийдэг, цахилгааны хуучны хөнгөн цагаан утас нь үргэлж тогны хүчин чадлын улмаас тасалддаг, ямар ч интернет болон харилцаа холбооны нэгдсэн шилэн кабелгүй, камержуулалт байхгүй, дээврээсээ ус алддаг, гаднах дулааны шугам нь хуучирсаны улмаас байнга хагарч задардаг зэрэг маш их цаг зардал орохуйц байсан. Манай П ХХК нь тус барилгын засвар, ашиглалт болон түрээсийг хариуцан 2014 оноос хойш подвалийн давхар, шатны хонгилыг засах, дулааны узель бойлертой болгож шинэчлэх, иж бүрэн цахилгааны монтаж, гадна дотор иж бүрэн дулааны шугам, барилгын дээвэр засвар, барилгын бүх цонхны шил солих, нэгдсэн шилэн кабель болон камержуулалт зэрэг ажлуудыг хийхэд 129.669,571 төгрөг зарцуулсан. Дээрх хугацаанд тухайн барилгын засаж сайжруулж түрээсийн орлогыг тогтмол өсгөж нийт 200,000,000 төгрөгт хүргэсэн ч 2014-2021 оны хоорондох ашиглалтын зардалд л гэхэд 119,305,827 /цахилгаан, дулаан, ус, хог, интернет, суурин утас/ мөн жижүүр, үйлчлэгчийн цалингийн хөлсөнд 165,752,734, төгрөгийг төлж нийт түрээсийн орлого нь урсгал зардлаа нөхдөггүй алдагдалтай байсан.

Тус барилгын 2-р давхарт 2018 оноос мөн барилгын ашигт байдлыг нэмэгдүүлэх үүднээс миний бие К гэх нэртэй кофе шопыг 104,785,427 төгрөгийн хөрөнгөөр байгуулан 2020 оноос түрээслүүлж нийт 39.000.000 орлого олсон бөгөөд тухайн түрээсийн орлогоо мөн л Тайм төвийн гадна дулааны шугамыг солих иж бүрэн засварын ажилд 37.500.000 зарцуулагдсан. Барилгын 3-р давхарт М.Тгийн үүсгэн байгуулсан "Э" ХХК-ийнС гэх сургалтын төвийн засварын зардлыг нь гаргах замаар 40.240.000 төгрөгний хөрөнгө оруулалт хийж тухайн компанийн 33 хувийг эзэмшиж байгаа болно.

Мөн Н ХХК-ийн хувьцаа эзэмшигч М.Т-гийн бизнесийг дэмжих зорилгоор миний бие 2017-02-09-ний өдөр П ХХК-ийн БЗД-ийн 25-р хорооны 155 байрны 71.04 м2 үл хөдлөх хөрөнгийг 128.470.000 төгрөгөөр худалдан борлуулж 80.000.000 төгрөгийг нь Ш ЕБС-д зээлдүүлж түрээсийн төлбөрийг нь хийсэн. Мөн тухайн ондоо өөрийн эзэмшлийн Шинэ Амгалан цогцолбор хорооллын байрнуудыг худалдан борлуулж М.Т-гийн Голомт банкны зээлийн төлбөрт 118.000.000 төгрөгийг хувийн данснаасаа шилжүүлж байсан.

Нэхэмжлэгч Н ХХК-ийн хувьцаа эзэмшигч М.Тд миний бие П ХХК-ийн ажил гүйцэтгэлээр орж ирсэн бүх үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулаад 2016-2017 онуудад, эдийн засаг хүнд байх үед зээл болгон өгсөн байхад, зээл огт өгөөгүй мэтээр бичсэн тайлбарыг би хувьдаа гайхаж байна. Улмаар манай компани эргэлтийн хөрөнгөгүй болж  тоот барилгын 5-р давхрын хэсэг тоот хаягт байрлах 150 м,кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Бөөс 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө Худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж авсан. Одоо тус барилгын 5-р давхар нь Х банкны зээлийн барьцаанд байгаа бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй. Нэгэнт эргэлтийн хөрөнгийн зээл авахаар тухайн хөрөнгийг шилжүүлсэн тул зээлийн гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө хөрөнгийг буцаан шилжүүлэх, Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй. Анх гаргасан нэхэмжлэлээ Иргэний хуулийн 57 дугаар зүйл гэсэн. Өөр үндэслэл гаргаад ирж байгаа. Хариуцагч болон гуравдагч этгээдийн байр суурь ямар нэг зээл авах зорилго байхгүй. Бэлэглэлийн гэрээний дагуу өмчид шилжүүлж авсан л зүйл байгаа. Мөн 56.2 дээр энэ хуулийн 56.1 заасан үндэслэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн бөгөөд өөр хэлцэлд нийцэж байгаа тохиолдолд талууд хүсвэл шаардлагатай хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ. Хэлцлийг хүчин төгөлдөр бус байх нөхцөлийг тухайн үед нь мэдсэн зөвшөөрөөд явж байсан. Иргэний хуулийн 56.1.2 байвал дараа нь хүлээн зөвшөөрснөөрөө хүчин төгөлдөр гэж харагдаж байна гэв.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа Б.Б нь П ХХК-ийн хувьцаа дангаараа эзэмшдэг бөгөөд уг компани Х Банк ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 0 дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ байгуулан 123,800,000 төгрөг, мөн өдөр 0 дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ байгуулан 76,200,00 төгрөгийг тус тус 36 сарын хугацаагаар, жилийн 9 хувийн тогтмол хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр барьцаалуулагч Б.Бтэй 0 дугаартай Ипотекийн гэрээ,  дугаартай Ипотекийн гэрээг байгуулан, түүний өмчлөлийн , 5 дугаар давхрын хэсэг хаяг байршилтай, улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, 150 м,кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Х Банк ХХК нь барьцаалуулагч Б.Б-тэй  дугаартай Ипотекийн гэрээ,  дугаартай Ипотекийн гэрээ тус бүрийг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хэлбэрээр байгуулахдаа маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий этгээдийн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд олгосон албан ёсны бусад баримт бичиг үндэслэсэн бөгөөд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцааны эрх үүсэж хүчин төгөлдөр болсон.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан ба  дугаартай Ипотекийн гэрээ,  дугаартай Ипотекийн гэрээг байгуулах үед маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Б.Б бүртгэлтэй байсан бөгөөд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа гэж аливаа этгээд шаардлага гаргаагүй, маргаагүй байсан тул Х Банк ХХК нь улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзэж  дугаартай Ипотекийн гэрээ,  дугаартай Ипотекийн гэрээг тус тус байгуулсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Ипотек нь үл хөдлөх эд хөрөнгөд хамааралтай, хөрөнгө дагалддаг эрх тул өмчлөгч өөрчлөгдөх нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэгдсэн хүчин төгөлдөр барьцааны эрх дуусгавар болох үндэслэл болохгүй юм. Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 153.4, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө нь барьцаагаар хангагдах үүргийн хамт өмчлөгчид шилждэг. Өөрөөр хэлбэл, өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны эрхэд нөлөөлөхгүй, эд хөрөнгөд ногдуулсан барьцаагаар хангагдах үүрэг хэвээр байх юм.

Иймд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х банк ХХК хүчин төгөлдөр барьцааны эрхтэй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой, 2015 оны дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Н ХХК болон Б.Б нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан шийдвэрлэхдээ Х банк ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй байх үүднээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан эсэхээс үл хамаарч шийдвэр нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэгдсэн хүчин төгөлдөр барьцааны эрхийг хөндөхгүй, дуусгавар болох үндэслэл болохгүй талаар шүүхийн шийдвэрт тухайлан дурдаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: 2025-11-24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ /хх-ийн 8 тал/,

Хариуцагчаас: 2015-12-10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Ү-22 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 23 тал/, Ү-220 дугаартай үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 24-25, 27 тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /1-р хх-ийн 26 тал/, Монголын боловсрол залуучууд солилцооны үндэсний ассоциаци төрийн бус байгууллагын 2017 оны 01 сарын 30-ны өдрийн 09 тоот Г банканд хүсэлт гаргах тухай албан бичгийн хуулбар /1-р хх-ийн 233 тал/

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Бгээс хөрөнгө оруулалт, зээл, засварын зардлын тооцоо /1-р хх-ийн 37 тал/,Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2022-03-16-ны өдрийн 5/337 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 1 тал/, Схаягт байрлах Т төвийн 2014-2015 оны засварын зардлын баримт 1 хавтас 113 хуудас,  хаягт байрлах Т төвийн 2016-2018 оны засварын зардлын баримт 1 хавтас 96 хуудас, Сүхбаатар дүүргийн  хаягт байрлах Т төвийн 2018 кофе шопын болон 2019 оны засварын зардлын баримт 1 хавтас 155 хуудас, Зээл төлсөн байрны гэрээ болон гэрээт ажлууд, П ХХК-ийн 2018, 2019 оны санхүүгийн тайлан, 2020 оны T төвийн засварын зардал, Э-д хөрөнгө оруулсан тухай баримт 1 хавтас 109 хуудас, T төвийн ажилчдын 2014-2021 оны цалингийн тооцоолол 1 хавтас 94 хуудас, Сүхбаатар дүүргийн хаягт байрлах Т төвийн 2014-2020 оны ашиглалтын зардлын баримт 1 хавтас 216 хуудас

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х банк ХХК-иас Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ /1-р хх-ийн 56-59, 64-67тал/, ипотекийн гэрээ /1-р хх-ийн 60-63, 68-72 тал/, Х банк ХХК-ийн дансны хуулга 1-р /хх-ийн 72-73 тал, 2-р хх-ийн 6-7 тал/, зэргийг тус тус баримтаар гарган өгсөн,

Шүүхээс:  хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, 150 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг /1-р хх-ийн 78-190 тал/, 2022-06-13-н өдрийн 14/хх/03-1589 дугаартай Г банк ХХК-ийн албан бичиг /1-р хх-ийн 249 тал/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Б.Бөд холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгох дараах үндэслэл тогтоогдож байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хүүхдүүдийн эцэг болох Б овогтой Бгийн гуйлтаар зээлийн барьцаанд тавих зорилгоор байгууллагын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Б.Бгийн төрсөн ах болох Бд шилжүүлэн өгсөн, зээл авах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул мөн өдрийн Бэлэглэлийн гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй гэж тайлбарласан.

3. Хариуцагч Б.Б нь үл хөдлөх хөрөнгийг Х банкнаас авсан урт хугацааны зээлийн гэрээний барьцаанд тавьсан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Н ХХК-ний захирал М.Т нь 2015-11-24-ний өдрийн Бэлэглэлийн гэрээний зорилго нь бэлэглэгч нь Сүхбаатар дүүргийн хаягт байрлах 150 м,кв талбайтай, 5 давхарын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бэлэг хүлээн авагч хариуцагч Б.Б-д хариу төлбөргүйгээр шилжүүлжээ. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220 гэрчилгээнд Б.Б-ийг өмчлөгчөөр 2015-12-01-ний өдөр бүртгэжээ.

Бэлэг хүлээн авагч Б.Б нь үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авч, 10 хоногийн дараа буюу 2015-12-11-ний өдөр Б.Бд худалдсан. Б.Б Сүхбаатар дүүргийн  хаягт байрлах 150 м,кв талбайтай, 5 давхарын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсанаас хойш буюу 2017-06-30-ны өдөр барьцаанд тавьсан байхад нэхэмжлэгч Н ХХКомпани энэ хугацаанд ямар нэг арга хэмжээг аваагүй ба үйлдлийг зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Мөн нэхэмжлэгч Н ХХК нь бэлэглэлийн гэрээг хийх цаг хугацаанд бусдаас зээл авах боломжгүй байсан гэх нөхцөл байдлаа нотлоогүй.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Н ХХК, Б.Б нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Б-д холбогдох 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА