Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2022/02084

 

 

 

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2022/02084

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Партизаны гудамж, өөрийн байранд байрлах, О.Б.Е.Г /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ДЦС-3 баруун тал, өөрийн байранд байрлах, Х.А.А.Д.С.А.А холбогдох

1.813.357.772,73 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.О, С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Онцгой байдлын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...О.Б.Е.Г нь гамшгаас хамгаалах тухай хуулийн хүрээнд гамшгийн өмнөх болон гамшгийн үеийн, гамшгийн дараах сэргээн босгох гурван үе шаттай үйл ажиллагаанд зориулж, улсын нөөцийн бараа бүтээгдэхүүнийг хадгалж, хамгаалж байдаг. Шаардлагатай үед улсын нөөцөөс тодорхой түвшний бараа материалыг Засгийн газрын тогтоолын дагуу гаргах чиг үүрэгтэй үйл ажиллагаа эрхэлдэг. Хүнс хөдөө ах ахуйн яамны сайдаас О.Б.Е.Г руу 2019, 2020 онуудад удаа дараа ирүүлсэн хүсэлтийг үндэслэж тухайн жилүүдэд нийт улсын хэмжээнд үрийн будаа хомсдол ихээр үүссэн байсан учир улсын нөөцөөс үрийн буудайг Хүнс Хөдөө Аж Ахуйн яамаар дамжуулж иргэдэд 30 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр үрийн буудайг олгосон. 2019 оны үнээр 2,9 тэрбум, 2020 онд 1,8 тэрбум нийт 3,7 тэрбум төгрөгийн үрийн буудайг нийт тариаланчдад олгосон үрийн буудайн үлдэгдэл төлбөр үүссэн. Энэ гэрээг Онцгой байдлын ерөнхий газраас хүнс хөдөө аж ахуйн яамны харьяа буюу хөдөө аж ахуйн дэмжих сантай хамтран ажиллах гэрээ байгуулсны хүрээнд сангаас иргэдтэй гэрээ байгуулж, уг гэрээ болон зөвшөөрлийн бичгийг үндэслэж манайхаас олгосон. Уг бараа олгосон үлдэгдэл төлбөртэй холбоотой баримтуудыг шүүхэд нотлох баримтаар өгсөн байгаа. Хариуцагч талаас одоогийн байдлаар нийт 1.024.000.000 төгрөгийн төлбөрийг манайд шилжүүлсэн. Мөн бид өөрсдөө иргэдтэй биечлэн уулзаж тариалан эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж, явж байж 2 тэрбум төгрөгийн төлбөрийг төлүүлсэн байгаа. Ингээд 2019 оны үлдэгдэл 814.021.906,50 төгрөг, 2020 оны үлдэгдэл 537.928.162,23 төгрөг, 2019 оны гэрээн дээр алданги тооцно гэж заасны дагуу 2019 оны гэрээний алданги 407.010.953,25 төгрөг нийт 1.758.961.021,98 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Онцгой байдлын ерөнхий газрын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эвлэрлийн асуудал яригдаж байх үед манайхаас гаргаж байсан санал 1.024.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь гэрээний үүргийг биелүүлсэн, мөн урамшууллаас орж ирсэн 488.991.705,62 төгрөгийг шилжүүлж болно. Гэхдээ уг төлбөрийг бэлэн мөнгөөр биш буудайгаар төлөх санал тавьж байсан. Яагаад буудайгаар төлье гээд байгаа вэ гэхээр аж ахуйн нэгжүүд нь хөдөө ах ахуйн дэмжих санд төлбөрийг буудайгаар авдаг, тушаагдсан буудайны урамшууллаас орж байгаа болохоор манайд бэлэн мөнгө орж ирээгүй учраас буудайгаар төлөх саналыг гаргаж байсан. 2019, 2020 онд байгуулагдсан улсын нөөцөөс бараа материал олгох хамтран ажиллах гэрээ гэж бий. Нэхэмжлэгч тал 2019 оны гэрээ алданги тооцох заалт байгаа гэж тайлбарладаг алданги тооцох журам нь гэрээний 6.1 дахь хэсэгт бий. Энэхүү гэрээ нь хүчинтэй хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй бол үлдэгдэл мөнгөн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,3 хувийн алданги тооцохыг тариаланчтай гэрээ байгуулахдаа заавал тусгаж үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж байгаа. Тариаланчтай байгуулсан гэрээн дээр тусгаад явсан байдаг. Хөдөө аж ахуй дэмжих сан тариаланчдаас эргүүлж зээлийг төлүүлэх үүргийг огт хүлээгээгүй харин дамжуулах үүргийг хүлээсэн. Хамтран ажиллах гэрээ гэдэг нь өөрөө 2 ба түүнээс дээш хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг сонирхлоор болон бусад зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллана гэж иргэний хуульд заасан байгаа. Тэгэхээр зөвхөн Хөдөө аж ахуйн дэмжих сан нь эргэн төвлөрүүлэлтийг хариуцах үүрэг байхгүй. 2020 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн 10 дугаартай гэрээ ямар нэгэн алдангийн асуудал огт заагаагүй. Хөдөө аж ахуйн дэмжих сан нь иргэдтэй гэрээ байгуулахдаа 30 хувийн урьдчилгаа төлбөрийг Онцгой байдлын ерөнхий газрын тоот дансанд төвлөрүүлнэ. Харин үлдэгдэл 70 хувийн мөн нэхэмжлэгч талын тоот дансанд төвлөрүүлнэ гэсэн болохоос хариуцагч талын тоот дансанд төвлөрүүлнэ гэсэн заалт байхгүй. Тийм учраас эргэн төвлөрүүлэх ажиллагааг нэхэмжлэгч тал өөрсдөө хийх үүрэгтэй гэж үзэж байна. Хамтран ажиллах гэрээний хувьд хариуцагч тал намар боловсруулалтын үед аймаг, орон нутгуудаар боловсруулалт болон авлагатай аж ахуй нэгжүүдтэй тооцоо нийлэх ажлуудыг хийдэг. Нэгэнт 488.991.705,62 төгрөг нэхэмжлэгч талаас ороод ирсэн учир уг төлбөрийг О.Б.Е.Гт барагдуулна. Харин үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн алданги нэхэмжилж байгаа боловч алдангийн заалт байхгүй. 488.991.705,62 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

3. Нэхэмжлэгч талаас итгэмжлэл, 2020.12.22-ны өдрийн 8/2766 дугаар Онцгой байдлын ерөнхий газраас Х.А.А.Д.С.А.А хандсан Хүсэлт гаргах тухай албан тоот, 2021.07.27-ны өдрийн 0/0000дугаар Онцгой байдлын ерөнхий газраас Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны дарга О.Сумъяасүрэнд хандсан Мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот, 2021.04.07-ны өдрийн 0/000 дугаар Онцгой байдлын ерөнхий газраас Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны дарга О.Сумъяасүрэнд хандсан Мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот, 2020.05.05-ны өдрийн ОБЕГ-ХӨ-ҮР/0000/00 дугаар Үрийн улаан буудай олгох зөвшөөрлийн хуудас, 2020.04.27-ны өдрийн АТ/00-00 дугаар Хамтран ажиллах гэрээ, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 21 дугаар Улсын нөөцөөс бараа, материал олгоход хамтран ажиллах гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.03.31-ний өдрийн ХХААХҮЯ-ны ХААДС-тай 2019-2020 онд байгуулсан гэрээний тооцоо, 2021.12.31-ний өдрийн ХХААХҮЯ-ны ХААДС-тай 2019-2020 онд байгуулсан гэрээний тооцоо нийлсэн акт, 2019.05.03-ны өдрийн ОБЕГ-ҮР-ХӨ 2019/025 дугаар Үрийн буудай олгох зөвшөөрлийн хуудас, 2022.05.05-ны өдрийн ОБЕГ-ХӨ-ҮР 0000/00 дугаар Үрийн буудай олгох зөвшөөрлийн хуудас, 2019.05.01-ний өдрийн ОБЕГ-ҮР-0000/00дугаар Үрийн буудай олгох зөвшөөрлийн хуудас,2019.05.08-ны өдрийн ҮР-ХӨ 0000/000 дугаар Үрийн буудай олгох зөвшөөрлийн хуудас, 2020.05.27-ны өдрийн ОБЕГ-ХӨ-ҮР/0000/00 дугаар Үрийн буудай олгох зөвшөөрлийн хуудас, 2020.05.14-ний өдрийн ОБЕГ-ХӨ-ҮР/0000/00 дугаар Үрийн буудай олгох зөвшөөрлийн хуудас, 2020.06.04-ний өдрийн ОБЕГ-ХӨ-ҮР/0000/00дугаар Үрийн буудай олгох зөвшөөрлийн хуудас, 2020.05.04-ний өдрийн ОБЕГ-ХӨ-ҮР/0000/00 Үрийн буудай олгох зөвшөөрлийн хуудас, 2020.05.20-ны өдрийн ОБЕГ-ХӨ-ҮР/0000/00 дугаар Үрийн буудай олгох зөвшөөрлийн хуудас, 2020.05.14-ний өдрийн ОБЕГ-ХӨ-ҮР/0000/00 дугаар Үрийн буудай олгох зөвшөөрлийн хуудас, 2020.05.22-ны өдрийн ОБЕГ-ХӨ-ҮР/0000/00  дугаар Үрийн буудай олгох зөвшөөрлийн хуудас, 2019.05.02-ны өдрийн ОБЕГ-ҮР-ХӨ 2019/012 дугаар Үрийн буудай олгох зөвшөөрлийн хуудас, 2020.05.04-ний өдрийн ОБЕГ-ХӨ-ҮР/2020/07 дугаар Үрийн буудай олгох зөвшөөрлийн хуудас, 2019.05.01-ний өдрийн ОБЕГ-ҮР-2019/016 дугаар Үрийн буудай олгох зөвшөөрлийн хуудас, 2020.05.26-ны өдрийн ОБЕГ-ХӨ-ҮР/2020/22/Б дугаар Үрийн буудай олгох зөвшөөрлийн хуудас, 2020.05.11-ний өдрийн ОБЕГ-ХӨ-ҮР/2020/22 дугаар Үрийн буудай олгох зөвшөөрлийн хуудас, 2019.04.30-ны өдрийн Төв-үр-2019/0079 дугаар Үрийн буудай олгох зөвшөөрлийн хуудас, 2019.05.10-ны өдрийн ОБЕГ-ҮР-ХӨ 2019/063 дугаар Үрийн буудай олгох зөвшөөрлийн хуудас, 2020.05.04-ний өдрийн ОБЕГ-ХӨ-ҮР/2020/11 дугаар Үрийн улаан буудай олгох зөвшөөрлийн хуудас, 2019.04.30-ны өдрийн ОБЕГ-үр-2019/005 дугаар Үрийн буудай олгох зөвшөөрлийн хуудас, 2020.05.26-ны өдрийн ОБЕГ-ХӨ-ҮР/2020/26 дугаар Үрийн улаан буудай олгох зөвшөөрлийн хуудас, 2019.05.02-ны өдрийн ОБЕГ-ҮР-ХӨ 0000/000 дугаар Үрийн буудай олгох зөвшөөрлийн хуудас, 2019.05.03-ны өдрийн ҮР-ХӨ 0000/000 дугаар Үрийн буудай олгох зөвшөөрлийн хуудас, 2019.05.04-ний өдрийн ОБЕГ-ҮР-ХӨ 0000/000дугаар Үрийн буудай олгох зөвшөөрлийн хуудас, 2020.05.04-ний өдрийн ОБЕГ-ХӨ-ҮР/0000/00 дугаар Үрийн улаан буудай олгох зөвшөөрлийн хуудас, 2020.05.14-ний өдрийн ОБЕГ-ХӨ-ҮР/2020/25 дугаар Үрийн улаан буудай олгох зөвшөөрлийн хуудас, 2020.05.06-ны өдрийн ОБЕГ-ХӨ-ҮР/2020/18 дугаар Үрийн улаан буудай олгох зөвшөөрлийн хуудас, улсын нөөцөөс бараа материал гаргасан зарлагын баримтууд, 2022.05.31-ний өдрийн ХААДСангаас нэхэмжлэх авлагын тооцоо зэргийг хуулийн шаардлага хангуулан нэхэмжлэлд хавсаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас Итгэмжлэл, 2022.05.17-ны өдрийн тооцоо нийлсэн акт, улсын бүртгэлийн гэрчилгээ, МЭОМЭ ХХК-ийн хүсэлт зэргийг хуулийн шаардлага хангуулан өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. О.Б.Е.Г нь 1.813.357.772,73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Х.А.А.Д.С.А.А холбогдуулан шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага 1.758.961.021,98 төгрөг болгон багасгасан байна.

Хариуцагч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нэхэмжлэлийн шаардлагаас 488.991.705,62 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх үнийг дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

2. О.Б.Е.Г 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 21 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулж, газар тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай 2019 оны хаврын тариалалтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийлүүлэгч нь өөрийн нөөцөд хадгалагдаж байгаа үрийн улаанбуудайг эрх хүлээн авагчаар дамжуулж тариаланчдад зээлээр худалдах, нийлүүлэгч энэхүү гэрээгээр өөрийн нэрийн өмнөөс үрийн улаанбуудай дамжуулан зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулах эрхийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд олгожээ.

Мөн нэхэмжлэгч 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр АТ/00-00 дугаар хамтран ажиллах гэрээг Хөдөө аж ахуйг дэмжих сантай байгуулж, 2020 оны тариалалтад зориулж MNS0246:2010 стандартын шаардлага хангасан улаанбуудайн үнийг 30 хувийн урьдчилгаа төлбөр төлсөн, сантай байгуулсан, даатгагдсан, зөвшөөрлийн хуудастай тариалан эрхлэгч иргэн, аж ахуй нэгжид олгох, сан тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг хуримтлагдсан өр төлбөрөөр нь ангилах, даатгуулах, барьцаа шаардах, барьцааны хөрөнгөөр төлбөр барагдуулах эрхийг Хөдөө аж ахуйг дэмжих санд олгосон байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2019.05.03-ны өдрийн 21 дугаартай хамтран ажиллах, 2020.04.27-ны өдрийн Ат/00-00 дугаартай хамтран ажиллах гэрээнүүд нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зээлээр худалдан худалдан авах гэрээгээ худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийн тус тус хүлээнэ гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нь энэ хуулийн дагуу шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу Хөдөө аж ахуйг дэмжих сан тариалан эрхлэгч иргэн, аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж, гэрээ болон бусад матрериал /зөвшөөрлийн хуудас/-ыг үндэслэн О.Б.Е.Г улаанбуудайг нилүүлэхээр тохирсон байна.

3. О.Б.Е.Г, Хөдөө аж ахуйг дэмжих сан 2019, 2020 онд байгуулсан гэрээний тооцоо нийлсэн актыг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан бөгөөд 2019 онд 865.786.407 төгрөг, 2020 онд 582.535.922,23 төгрөг, нийт 1.448.322.329,23 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэж зохигч баталсан ба сан энэ төлбөрөөс 96.372.260,5 төгрөгийг барагдуулсан одоо үлдэгдэл 1.351.950.068,73 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа гэжээ.

Хөдөө аж ахуйг дэмжих сан талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар хамтран өр төлбөрийг тариалан эрхлэгч нараас шаардах эрхтэй ба манай байгууллага гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн, одоо манай дансанд байгаа 488.991.705,62 төгрөгийг төлнө, бусад төлбөрийг төлөхгүй гэж маргажээ.

Хариуцагч сан гэрээний дагуу тариалан эрхлэгч нарын хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах нөхцөлтэй ба нэхэмжлэлийн шаардлагаас 488.991.705,62 төгрөгийг төлнө, бусад төлбөрийг төлөхгүй гэж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 1.351.950.068,73 төгрөгийг гаргуулж, О.Б.Е.Гт олгож шийдвэрлэв.

4. Алдангийн хувьд: О.Б.Е.Г 2020 оны гэрээнд алдангийн талаар тусгаагүй тул 2020 онд алданги нэхэмжлэхгүй, харин 2019 оны гэрээний 6.1-д энэ гэрээний хүчинтэй хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй бол үлдэгдэл үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.3 хувийн алданги тооцохыг тариаланчидтай гэрээ байгуулахдаа заавал тусгаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.

Зохигч 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэхдээ алдангийн талаар тусгаагүй, мөн 2019 оны гэрээний 6.1 дэх заалт нь Хөдөө аж ахуйг дэмжих санг тариалан эрхлэгч нартай гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алданги тооцохыг тусгахаар зохицуулсан болохоос энэ гэрээний дагуу Хөдөө аж ахуйг дэмжих сан О.Б.Е.Гт алданги төлөх зохицуулалт биш гэж шүүх үзэв.

Иймд хариуцагч Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 1.351.950.068,73 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 407.010.953,25 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч О.Б.Е.Г улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Хөдөө аж ахуйг дэмжих сангаас улсын тэмдэгтийн хураамжид 6.917.700 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамж нь шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэсэнтэй холбоотой үйлчилгээ үзүүлсний төлөө төлж байгаа мөнгөн хөрөнгө бөгөөд хариуцагч Хөдөө аж ахуйг дэмжих сан улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанаас 1.351.950.068,73 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Б.Е.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 407.010.953,23 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар шүүхэд хариуцагч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанаас 6.917.700 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Г.СОЛОНГО