Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01780

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01780

 

 

 

 

 

 

2022 09 21 210/МА2022/01780

 

ОБЕГ- нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/02084 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ОБЕГ- нэхэмжлэлтэй

Хариуцагч: ХААДСАА-нд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,813,357,722.73 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Хүнс хөдөө ах ахуйн яамны сайдаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэж, улсын нөөцөөс үрийн буудайг Хүнс Хөдөө Аж Ахуйн яамаар дамжуулж иргэдэд 30 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр үрийн буудайг олгосон. 2019 оны үнээр 2,9 тэрбум, 2020 онд 1,8 тэрбум нийт 3,7 тэрбум төгрөгийн үрийн буудайг нийт тариаланчдад олгосон үрийн буудайн үлдэгдэл төлбөр үүссэн.

ОБЕГ-аас хүнс хөдөө аж ахуйн яамны харьяа буюу ХААДС-тай хамтран ажиллах гэрээ байгуулсны хүрээнд сангаас иргэдтэй гэрээ байгуулж, уг гэрээ болон зөвшөөрлийн бичгийг үндэслэн олгосон. Хариуцагч талаас одоогийн байдлаар нийт 1,024,000,000 төгрөгийн төлбөрийг шилжүүлсэн. Түүний дараа 2 тэрбум төгрөгийн төлбөрийг төлүүлсэн байгаа. Ингээд 2019 оны үлдэгдэл 814,021,906.50 төгрөг, 2020 оны үлдэгдэл 537,928,162.23 төгрөг, 2019 оны гэрээгээр алданги тооцно гэж заасны дагуу 2019 оны гэрээний алданги 407,010,953.25 төгрөг нийт 1,758,961,021.98 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэгчид 1,024,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь гэрээний үүргийг биелүүлсэн, мөн урамшууллаас орж ирсэн 488,991,705.62 төгрөгийг шилжүүлж болно. Гэхдээ уг төлбөрийг бэлэн мөнгөөр биш буудайгаар төлөх санал тавьж байсан. Учир нь тушаагдсан буудайны урамшууллаас орж байгаа болохоор бэлэн мөнгө орж ирээгүй.

ХААДС- тариаланчдаас эргүүлж зээлийг төлүүлэх үүргийг огт хүлээгээгүй харин дамжуулах үүргийг хүлээсэн. ХААДС- нь эргэн төвлөрүүлэлтийг хариуцах үүрэг байхгүй. Эргэн төвлөрүүлэх ажиллагааг нэхэмжлэгч тал өөрсдөө хийх үүрэгтэй гэж үзэж байна.

Хамтран ажиллах гэрээний хувьд хариуцагч тал намар боловсруулалтын үед аймаг, орон нутгуудаар боловсруулалт болон авлагатай аж ахуй нэгжүүдтэй тооцоо нийлэх ажлуудыг хийдэг. Алданги нэхэмжилж байгаа боловч алдангийн заалт байхгүй. 488,991,705.62 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх зааснаар хариуцагч ХААДСАА-наас 1,351,950,068.73 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ОБЕГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 407,010,953.23 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ХААДСАА-наас 6,917,700 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. ХААДС- нь улсын төсвөөс санхүүждэг Засгийн газрын тусгай сангийн статустай төрийн байгууллага юм. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу чөлөөлөгддөг байгууллага юм. Гэвч шүүгч нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дугаарт Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3-т заасныг барьж нэхэмжлэгч ОБЕГ-ыг чөлөөлсөн боловч ХААДС-г 6,917,700 төгрөгний хураамж төлөхөөр шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.

4.б. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнүүдэд тариаланчдад олгосон үрийн улаанбуудайн төлбөрийг Онцгой байдлын еренхий газрын 100900031005 тоот дансанд төвлөрүүлэхэд хамтран ажиллах тухай зааснаас бусдын өмнөөс хариуцлага үүрч өр төлбөрийг барагдуулах тухай заалт байхгүй.

4.в. Уг гэрээнүүдтэй холбоотойгоор ХААДС-гийн дансанд албан ёсоор бүртгэгдсэн өр байхгүй бөгөөд улсын төсөвт ч түүнийг барагдуулах тухай заалт байхгүй. Нэхэмжлэгчид өр төлбөртэй иргэн аж ахуй нэгжийн улаанбуудайн урамшууллаас суутган авч үлдсэн 488 сая төгрөгийг хүнсний стандартын шаардлага хангасан улаанбуудайгаар шилжүүлнэ. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны нэхэмжлэлийн шаардлагаас алданги тооцсон хэсгийг хасаж үлдсэн хэсгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ОБЕГ- нь хариуцагч ХААДСАА-нд холбогдуулан 1,758,961,021,98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь 488,991,705,62 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 220, 222/

 

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, маргааныг хянан шийдвэрлэсэн боловч, холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой гэж үзлээ.

 

4. ОБЕГ- нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 21 дугаартай Хамтран ажиллах гэрээ нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр 2019 оны хаврын тариалалтад зориулан МNS0246:2010 стандартын шаардлага хангасан улаанбуудайн үрийг нэг тонныг 820,000 төгрөгөөр тооцон урьдчилгаа 30 хувийг төлсөн, ХААДС-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан аж ахуйн нэгжид олгох, ХААДС- нь гэрээ байгуулсан аж ахуйн нэгжээс улаанбуудайн үнийг төвлөрүүлэх үүргийг тус тус хүлээжээ. /1хх 11-14/

 

Талууд мөн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр АТ/10-60 дугаар Хамтран ажиллах гэрээ нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр нэг тонн улаанбуудайн үнийг 835,000 төгрөг байхаар тохиролцож, бусад тохиролцоо нь өмнөх гэрээтэй адил нөхцөлтэй байна. /1хх 8-10/

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь буруу.

 

Учир нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т зээлээр худалдах-худалдах авах гэрээнд төлбөл зохих хүүгийн хэмжээг заавал тусгахаар зохицуулсан байхад талууд төлбөл зохих хүүгийн хэмжээг тохиролцоогүй тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

6. ОБЕГ- нь ХААДСАА-наас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу нийлүүлсэн улаанбуудайн үнийг шаардах эрхтэй.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд ХААДСАА- нь тариалан эрхлэгчидтэй гэрээ байгуулж, улаанбуудай нийлүүлж, үнийг ОБЕГ- дансанд төвлөрүүлэхээр тохиролцсон гэх боловч нийлүүлсэн улаанбуудайн үнийг ОБЕГ- нь ХААДСАА-ар дамжуулан худалдсан аж ахуй нэгжээс шаардах эрхгүй тул хариуцагчаас шаардаж байгаа нь хуульд нийцнэ.

 

7. Талууд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны төлбөр тооцоо нийлсэн акт үйлдэж, улаанбуудайн үлдэгдэл төлбөр 1,448,322,329 төгрөгийн төлөх төлбөрийн үлдэгдэлтэй болохыг зөвшөөрч, эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулжээ. /1хх16-21/

Анхан шатны шүүх тооцоо нийлсэн акт үйлдсэн хугацаанаас хойш төлөгдсөн 96,372,260 төгрөгийг хасч, үлдэх 1,351,950.68 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

8. Зохигчдын хооронд байгуулагдсан 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр АТ/10-60 дугаар гэрээнд алдангийн талаар тусгагдаагүй тул шаардах эрхгүй.

 

Харин 2019 оны гэрээний 6.1-д энэ гэрээний хүчинтэй хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй бол үлдэгдэл үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.3 хувийн алданги тооцохыг тариаланчидтай гэрээ байгуулахдаа заавал тусгаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж заасан. /1хх 8-10, 11-14/

 

Анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэхдээ алдангийн талаар тусгаагүй, мөн 2019 оны гэрээний 6.1 дэх заалт нь ХААДС-г тариалан эрхлэгч нартай гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алданги тооцохыг тусгах зохицуулалт болохоос уг заалтыг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах зохицуулалт биш гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

9. Иймд хариуцагч ХААДС-гаас 1,351,950,068,73 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 407,010,953.25 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

10. Хариуцагч нь төрийн байгуулга байтал улсын тэмдэгтийн хураамж гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна гэсэн агуулгаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

 

Учир нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төрийн байгууллагаас гаргах нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлдөг. Уг маргаанд ХААДС- нь хариуцагчаар оролцож байгаа учраас улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр гаргуулан шийдвэрлэсэн нь зөв.

 

11. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/02084 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР