Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2022/0859/З |
Дугаар | 128/ШШ2022/0884 |
Огноо | 2022-11-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2022/0884
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Э*******э даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Н.А******** /РД: **********/,
Хариуцагч: Улсын дээд шүүхийн Тамгын газар нарын хооронд үүссэн Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын албан тоотуудыг хүчингүй болгуулах, хүсэлтүүдэд дурдсан мэдээлэл, лавлагааг өгөхийг даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М*******, гомдол гаргагч Н.А********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчТ.М********, Д.Д********* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1. Гомдол гаргагч Н.А******** нь тус шүүхэд хандан Иргэн Н.А********ын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу мэдээлэл өгөхөөс татгалзсан Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.З*******ийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 05/3369 албан тоот хариуг хүчингүй болгох, иргэн Н.А********ын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтэд дурдсан мэдээлэл өгөхийг даалгах,
1.2. Иргэн Н.А********оос 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Улсын дээд шүүх дэх Ардчилсан намын хувийн хэргээс төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хорооны гишүүдийн талаарх лавлагааг Н.А******** надад гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг шийдвэрлэж, шаардагдах лавлагаа мэдээлэл өгөхгүй байгаа Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 05/3763 албан тоотыг хүчингүй болгох, иргэн Н.А********оос Улсын дээд шүүх буюу Ерөнхий шүүгчид хандан мэдээлэл лавлагаа авахаар 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу Улсын дээд шүүх дэх Ардчилсан намын хувийн хэргээс төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хорооны гишүүдийн талаарх лавлагаа-г гаргаж өгөхийг даалгах тухай гомдлын шаардлагуудыг гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Гомдол гаргагч Н.А******** 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улсын дээд шүүхийн Тамгын газарт хандан Мэдээлэл авах тухай хүсэлт гаргасан.[1]
2.2. Дээрх хүсэлтийн агуулга нь ... Ч.Ө*******аас 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 49 дугаартай албан бичгээр хүргүүлсэн дараах баримттай танилцах, хуулбарлан авах хүсэлтэй байна ... 1. Үндэсний бодлогын хорооны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны 01 дугаартай Хуралдаан зохион байгуулсан тухай тэмдэглэл /9 хуудас/, 2. Үндэсний бодлогын хорооны хурлын ирцийн мэдээлэл /9 хуудас/, 3. Ардчилсан намын ээлжит бус XIII Их хурлыг хуралдуулах санал гаргаж хуралдаанд биечлэн болон цахимаар оролцсон Үндэсний бодлогын хорооны гишүүдийн нэрсийн жагсаалт /7 хуудас/ баримтуудтай танилцах, хуулбарлан авах тухай байна.
2.3. Тус хүсэлтэд Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргаас 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 05/3369 тоот албан бичгээр хариу өгсөн.[2]
2.4. Дээрх хариу тоотын агуулга нь ... Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 5.5-д зааснаар намын хувийн хэргээс баримт хуулбарлан өгөх боломжгүй бөгөөд холбогдох мэдээллийг тухайн намын архив болон холбогдох этгээдээс гаргуулан авна уу гэсэн байна.
2.5. Мөн гомдол гаргагч Н.А******** 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригт хандан Мэдээлэл-лавлагаа авах тухай хүсэлт гаргасан.[3]
2.6. Дээрх хүсэлтийн агуулга нь ... Улсын дээд шүүх дэх Ардчилсан намын хувийн хэргээс төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хорооны гишүүдийн талаарх лавлагааг Н.А******** надад гаргаж өгнө үү гэсэн байна.
2.7. Тус хүсэлтэд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01/3614 тоот албан бичгээр[4] хариу өгсөн байх бөгөөд ингэхдээ хүсэлтүүдийг шийдвэрлүүлэхээр тус шүүхийн Тамгын газарт шилжүүлсэн байна.
2.8. Улмаар Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргаас 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 05/3763 тоот албан бичгээр хариу өгсөн.[5]
2.9. Тус хариу тоотын агуулга нь ... Улсын дээд шүүх улс төрийн намыг үүсгэн байгуулсан болон өөрчлөн байгуулах, үйл ажиллагаа зогсоосон, мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах зэрэг хууль тогтоомжид заасан бүртгэлийг хөтөлдөг ба улс төрийн нам тодорхой төрлийн бүртгэлийг хийлгэхэд бүрдүүлэн өгсөн баримтын хувь тухайн намд өөрт нь хадгалагддаг. Иймд, намын архив, холбогдох этгээдээс гаргуулан авна уу гэсэн байна.
2.10. Гомдол гаргагч Н.А******** Иргэн Н.А********ын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу мэдээлэл өгөхөөс татгалзсан Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.З*******ийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 05/3369 албан тоот хариуг хүчингүй болгох, иргэн Н.А********ын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтэд дурдсан мэдээлэл өгөхийг даалгах тухай шаардлага бүхий гомдлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гаргасан.
2.11. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШЗ2022/8156 дугаартай захирамжаар[6] дээрх гомдлын шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн.
2.12. Гомдол гаргагч Н.А******** Иргэн Н.А********оос 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Улсын дээд шүүх дэх Ардчилсан намын хувийн хэргээс төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хорооны гишүүдийн талаарх лавлагааг Н.А******** надад гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг шийдвэрлэж, шаардагдах лавлагаа мэдээлэл өгөхгүй байгаа Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 05/3763 албан тоотыг хүчингүй болгох, иргэн Н.А********оос Улсын дээд шүүх буюу Ерөнхий шүүгчид хандан мэдээлэл лавлагаа авахаар 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу Улсын дээд шүүх дэх Ардчилсан намын хувийн хэргээс төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хорооны гишүүдийн талаарх лавлагаа-г гаргаж өгөхийг даалгах тухай шаардлага бүхий гомдлыг тус шүүхэд анх 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан.
2.13. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2022/8716 дугаартай захирамжаар[7] дээрх гомдлын шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн.
2.14. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад хүсэлт гаргагч нь мэдээлэл авах эрхийг нь зөрчсөн гэж үзвэл мэдээлэл хариуцагчийн дээд шатны байгууллага, албан тушаалтанд, дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасны дагуу иргэн Н.А******** нь тус шүүхэд гомдол гаргасан тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.3 дахь заалтад хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан гэж заасны дагуу гомдлоор үүссэн захиргааны хэргийг тусгай журмаар хянан шийдвэрлэсэн.
2.15. Улмаар гомдол гаргагчаас 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд Хэрэг нэгтгүүлэх тухай хүсэлтийг гаргасан.[8]
2.16. Тухайн хүсэлтийг хангаж, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШЗ2022/8942 дугаартай захирамжаар[9] түүний гомдолтой /нэхэмжлэлтэй/ 128/2022/0915/З индекстэй захиргааны хэргийг мөн түүний гомдолтой 128/2022/0859/З индекстэй захиргааны хэрэгт нэгтгэсэн.
2.17. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ардчилсан намын дарга гэх, иргэн С.Э*******ээс Гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт[10] ирүүлснийг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШЗ2022/7567 дугаартай захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2.18. Гомдол гаргагчийн зүгээс ... Улсын дээд шүүх нь улс төрийн намын мэдээлэл хариуцагч, иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг зөрчсөн.., мэдээллийн эзний зөвшөөрлөөр хаалттай мэдээллийг олгох ёстой ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.19. Хариуцагчийн зүгээс ... лавлагаа олгох нь Улсын дээд шүүхийн чиг үүрэгт хамааралгүй, ... улс төрийн нам мэдээллийн өөрт байгаа мэдээллээ гаргуулах үндэслэлгүй ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Гомдол гаргагч Н.А******** шүүхэд гаргасан тайлбартаа: ..Улсын дээд шүүхийн Тамгын газар нь хуульд зааснаар 1992 оноос хойш Улсын бүртгэлийн ерөнхий газрын төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлсэн. Улсын дээд шүүхэд байгаа Ардчилсан намын хувийн хэргээс тодорхой лавлагаа гаргуулах, баримт материал хуулбарлан авах хүсэлт гаргасан боловч Улсын Дээд шүүхийн Тамгын газраас хуульд заасан нээлттэй биш мэдээлэл учраас Ардчилсан намын гүйцэтгэх байгууллага болох улс төрийн зөвлөлд би хүсэлт гаргаж зөвшөөрөл авсан. Зөвшөөрлөө хавсаргаад хязгаарлалттай мэдээллийг авахаар хүсэлт гаргасан. Тамгын газар Улсын дээд шүүхийн нэрийн өмнөөс иргэдэд хариу өгдөг юм байна. Тамгын газар нь намын мэдээлэл та нарт өөрсдөд чинь байдаг учраас өөрсдөөсөө ав гэсэн утгатай хариуг өгсөн. Нэгдүгээрт хуульд заасан нээлттэй мэдээллийг шууд авдаг, хязгаарлалттай мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрлөөр авч болохоор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулсан. Тэгэхээр Ардчилсан намын нэрийн өмнөөс тэр мэдээллийг авах гээд явж байгаа биш зөвшөөрлийн дагуу авах гээд байгааг ойлгоосой гэж хүсэж байна. Надад хариу өгөхдөө Улс төрийн зөвлөл зөвшөөрөл өгөх эрхтэй этгээд мөн, биш эсэх дээр маргаагүй. Улс төрийн намын 3 шатлалт байгууллага байдаг. Нэгдүгээр шатлал нь намын их хурал бөгөөд хуульд зааснаар тодорхой бүрэн эрхийг эдэлдэг, дараа нь төлөөллийн төв байгууллага, түүний дараа нь гүйцэтгэх байгууллага гэж байдаг. Ардчилсан намын дүрмийг хэрэгт хавсаргаж өгсөн. Улс төрийн намын тухай хуульд ерөнхий гүйцэтгэх байгууллага гэдэг агуулгаар хуульд орсон. Намын даргаас яагаад зөвшөөрөл аваагүй вэ гэвэл өнөөдрийн байдлаар Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа. Тайлбартаа өөрт байгаа мэдээллийг бусдаас шаардахыг хориглоно гэсэн хуулийн заалтыг баримталсан байсан. Гэхдээ хуульд зааснаар өөрт байгаа мэдээллийг бусдаас шаардаж болохгүй гэдэг санаа бол арай өөр байсан. Тухайлбал Улсын бүртгэлийн хэлтэст лавлагаа аваачиж өгөхөд надаас иргэний үнэмлэхийн хуулбар шаардаж болохгүй гэсэн ийм агуулгатай байсан. Хязгаарлалттай мэдээллийг авахын тулд үндэслэл байх ёстой юм билээ. Би хүсэлтдээ энэ талаар дурдсан. Улсын Дээд шүүх хуралдсан хуралдаагүй болохыг их сайн бүртгэдэг байсан. Тийм учраас дараа дараагийн хурлаа хийхийн тулд үндэсний бодлогын хорооны гишүүдийн лавлагааг өгөөч л гэсэн. Үүн дээр ямар нэг маргаан гаргахгүй, Улсын Дээд шүүхийн ажлыг хөнгөвчлөх үүднээс лавлагаа авах хүсэлтийг гаргаж байгаа. Нэгэнт Улсын бүртгэлийн байгууллагын чиг үүргийг гүйцэтгэж байгаа бол хуулийн этгээдийн хувийн хэргээс лавлагаа өгөх үүрэгтэй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар хуулийн этгээдийн эрх барих этгээдийн үүсгэн байгуулагчийг сонгосон шийдвэр, тэмдэглэл нь хувийн хэрэгт байна гэж заасан. Улс төрийн намаар Үндэсний бодлогын хороо гэж ойлгосон. Манайд байдаггүй мэдээлэл гэсэн хариуг өгөөд байгаа боловч шүүхээс очиж үзлэг хийхэд үүсгэн байгуулах баримт бичиг гэсэн тусдаа бие даасан хавтас байсан. Хамгийн сүүлийн байдлаар хувийн хэрэгт ямар мэдээлэл байна түүнийгээ л өгөөч гэж байгаа. Хэд хэдэн бичиг баримт хуулбарлаж авах хүсэлт гаргасан боловч намаасаа ав гэсэн хариуг өгсөн. Нэгэнт Ардчилсан намаас зөвшөөрөл авсан учраас хэний материал гэдгээс үл хамаараад гишүүдэд нь нээлттэй өгчхөөсэй гэж хүсээд байгаа юм. Энэ баримтыг авч яах гээд байгаа юм гэсэн. Намын дарга байхгүй учраас Ардчилсан намын хурлыг Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 50-иас дээш хувийг зарлан хуралдуулах эрхтэйгээр дүрэм, 38 дугаар тогтоолд заасан. Бодит байдал 50-иас дээш хувь хуралдаж гарын үсэг зураагүй гэж надад хэлсэн. Тэгэхээр хэн гэдэг хүн тэр дээр гарын үсэг зурсан болох, хуурамч материал бүрдүүлсэн байж болно, эсвэл жинхэнээсээ өгсөн байж болно. Үүнийг шалгаад шаардлагатай бол Улсын бүртгэлийг нь хүчингүй болгуулах ч боломж байгаа. Хэрвээ ирээгүй хүний өмнөөс ирсэн мэтээр гарын үсэг зуруулаад бүрдүүлж өгсөн бол дахиад Улсын Дээд шүүхэд хандах гээд байгаа юм. Нэг дарга нь огцорсон мөртлөө одоог хүртэл дарга гээд энд тэнд бичиг өгөөд яваад байгаа. Нөгөө нь улс төрийн намын зөвлөлд байгаа. Хариу тайлбарыг нь харахад энэ бол захиргааны акт биш, захиргааны маргаан биш Ариунболдод хамааралгүй л гээд байгаа. Нээлттэй мэдээллийг өгчхөөд байгаа. Хязгаарлалттай мэдээлэл дээр намайг авах эрхгүй гээд байгаа. Иймд нэхэмжлэлээ дэмжиж байна. Тэр баримтыг авснаар байгууллагын үйл ажиллагаа голдиролдоо орох гээд байгаа. Түүнээс биш Улсын Дээд шүүхийг буруутгах гээгүй. Өнөөдрийг хүртэл эвлэрэх талаар амаар болон цаасаар хүсэлтээ илэрхийлсэн. Өнөөдөр хүртэл 10 цаг 30 минутад Улсын дээд шүүхээс хувийн хэрэгтэй танилцуулъя гэж дуудчихаад очсон чинь дарга нар зөвшөөрөхгүй байна, болилоо гэсэн. Зүгээр л мэдээллийг өгөөд асуудлаа шийдээд болчих байтал шүүхээр ингээд явж байгаад харамсалтай байна. Улс төрийн маргаантай холбоотой асуудлыг шүүх болон хууль хяналтын байгууллага шийдэхгүй гэсэн хуультай байсан. гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчТ.М******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2 хэрэг нэгтгэгдсэн учраас шаардлагыг нь тодорхой хэлэх ёстой байгаад байна. 2022 оны 10 сарын 10-ны өдөр болон 11 сарын 04-ний өдөр өгсөн хариу тайлбаруудаа бүхэлд нь дэмжиж байгаа. Ариунболдоос 2022 оны 07 сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу мэдээлэл өгөхөөс татгалзсан Улсын Дээд шүүхийн тамгын газрын даргын 07 сарын 21-ний өдрийн 3369 тоот албан тоот хариуг хүчингүй болгуулах гэсэн байгаа. 2-т нь мэдээлэл өгөхийг даалгах гэсэн байгаа. 3-т нь 2022 оны 09 сарын 03-ны өдөр Ариунболдоос Ардчилсан нам дахь хувийн хэргээс төлөөллийн төв байгууллага Үндэсний бодлогын хорооны гишүүдийн талаарх лавлагааг Ариунболд надад гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг шийдвэрлэж, шаардагдах лавлагаа өгөхгүй байгаа Улсын Дээд шүүхийн Тамгын газрын 2022 оны 10 сарын 05-ны өдрийн 0537 тоот актыг хүчингүй болгуулах, Ариунболдоос Улсын Дээд шүүхэд буюу Ерөнхий шүүгчид хандан мэдээлэл лавлагаа авахаар 09 сарын 03-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу Улсын Дээд шүүх дэх Ардчилсан намын хувийн хэргээс төлөөллийн төв байгууллага үндэсний бодлогын хорооны гишүүдийн талаарх лавлагаа гаргаж өгөхийг даалгах гэсэн шаардлагыг хүлээж авч танилцаад эс зөвшөөрсөн. Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар Улсын дээд шүүхийн Тамгын газар нь шүүн таслах ажиллагаанаас гадна хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэгт Улс төрийн намын бүртгэл хөтлөх чиг үүргийг хуульчилж өгсөн. Улсын Дээд шүүх 7 чиг үүрэг хэрэгжүүлж байгаа. Улс төрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт зааснаар бүртгэж гэрчилгээ олгоно, 10 дугаар зүйлд зааснаар бүртгэхээс татгалзана. 15.1 дэх хэсэгт зааснаар намыг нийлүүлэх нэгтгэх замаар өөрчлөн байгуулсныг бүртгэнэ. 15.7 өөрчлөн байгуулагдах замаар үйл ажиллагааг зогсоосон намын гэрчилгээг хүчингүйд тооцож, уг намын улсын бүртгэлээс хасагдсаныг нийтэд мэдээлнэ. 21.2 намын дүрэм, мөрийн хөтөлбөр тэдгээрт оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэнэ, 23.1 дэх хэсэгт намын үйл ажиллагаанд тусгасны дагуу бүртгэлээс хасах, 23.2 дахь хэсэгт намыг тараах тухай шийдвэр гаргана гэсэн хүрээнд 7 чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг. Энэ чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэж тогтоол гаргадаг. Нийт шүүгчдийн хуралдаанаас гарсан тогтоолын хүрээнд Улсын Дээд шүүхийн Тамгын газар мэдээлэл лавлагаа гаргах боломжтой. Энэ хүрээнээс хальсан асуудлаар Улсын дээд шүүхийн тамгын газар мэдээлэл лавлагаа олгох эрх олгогдоогүй. Нийтийн мэдээллийн ид тод байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт улс төрийн нам өөрөө мэдээллийн эзэн, мэдээллийн хариуцагч байна гэж заасан. 5.1.7 дахь хэсэгт нийтийн мэдээлэл хариуцагч этгээд өөртөө байгаа мэдээллийг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байхаар хуульчилсан. Нийтийн мэдээллийн тухай хуулиараа улс төрийн нам мэдээлэл хариуцагч юм. Улсын Дээд шүүхэд гаргаж өгч байгаа мэдээллүүд бол улс төрийн намаас ирсэн мэдээлэлд үндэслэн дээрх 7 чиг үүргийг хэрэгжүүлж байгаа. Ардчилсан намын улс төрийн намын 2022 оны 06 сарын 24-ний өдрийн зөвшөөрөл олгох тухай 13 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт мэдээлэл хадгалагч буюу Улсын Дээд шүүхийн улс төрийн намын бүртгэл дэх ардчилсан намын Нийтийн мэдээллийн тухай хуульд зааснаар хязгаарлалттай мэдээлэл хүлээн авах, ашиглахыг хуульч Ариунболдод зөвшөөрсүгэй гэсэн. Дээрхээс үзвэл үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдол хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн, эсвэл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд хариуг бичгээр амаар харилцах утсаар, бичгийн тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ гэж заасны дагуу иргэн Ариунболдын 2022 оны 07 сарын 07-ны өдрийн өргөдлийн хариуг 07 сарын 20-ны өдрийн 3369 албан бичгээр Тамгын газраас хүргүүлсэн. 2022 оны 09 сарын 03-ны өдөр гаргасан хүсэлтэд 2022 оны 10 сарын 05-ны өдрийн 3763 дугаартай албан бичгээр тодорхой хариуг мөн хүргүүлсэн. Манай талаас 3-р шаардлагад захиргааны актын шинжийг агуулахгүй гэдэг хариуг өгсөн. Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газраас иргэн Ариунболдод 07 сарын 07-ны өдрийн албан бичгийн хариуг хүргүүлсэн бөгөөд энэтэй холбоотой захирамжилсан эрх зүйн үр дагавар үүсгэсэн шинжийг агуулаагүй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд улсын бүртгэлийн байгууллагыг тодорхойлсон. Хуульд заасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг, газар, хэлтэс, тасаг, улсын бүртгэлийн ажилтныг ойлгохоор хууль тогтоогч хуульчилсан. Монгол Улсын Дээд шүүх Улс төрийн намын тухай хуульд зааснаар улс төрийн амын үүсгэн байгуулсныг бүртгэж гэрчилгээ олгох үүнтэй холбоотой асуудлыг нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэж тогтоол гаргадаг. Улсын бүртгэлийн чиг үүргийг хязгаарлагдмал хүрээнд хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд мэдээлэл лавлагаа олгох эрхтэй байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны улсын бүртгэлийн нэгдсэн сангаас лавлагаа, мэдээлэл авах тухай 125 дугаар тогтоолын 1 хавсралтаар мэдээлэл, лавлагаа гэж юу болох талаар журамлаж өгсөн. 1.2.1 дэх хэсэгт лавлагаа гэдэг нь мэдээллийн санд үндэслэн бүртгэлийн мэдээллийн үнэн зөвийг нотолсон цахим болон цаасан бичиг баримтыг хэлнэ. Мэдээлэл гэдэг нь улсын бүртгэлд бүртгэгдсэн иргэн хуулийн этгээд болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаар цаасан болон цахим мэдээллийн бүрдлийг ойлгоно гэж заасан. Бусад асуудлаар мэдээлэл лавлагаа олгох эрх зүйн үндэслэл байхгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс ирүүлсэн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гаргасан гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Гомдол гаргагчийн гаргасан гомдлын шаардлага, тэдгээрийн үндэслэлд дурдсан зөрчигдсөн эрхийн агуулгын талаар:
1.1.Гомдол гаргагч Н.А********ын зүгээс гомдлын шаардлагын үндэслэлдээ ... мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариуг Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.З******* өгсөн нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 9.3-т нийцэхгүй, иргэн надад өгсөн зөвшөөрлийн хүрээнд холбогдох мэдээлэлтэй танилцах эрхэд нийцэхгүй байна ..., ... Ийнхүү мэдээлэл өгөхөөс татгалзсан Дээд шүүхийн Тамгын газрын шийдвэр нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 17.1.7-д хүсэлтэд дурдсан мэдээлэл нь хаалттай, эсхүл хүсэлт гаргагчид хамаарахгүй хязгаарлалттай мэдээлэл бөгөөд мэдээллийн эзний зөвшөөрөлгүй бол, эсхүл хүсэлт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй бол энэ талаар үндэслэл бүхий хариу өгөх; мэдээлэл хариуцагч байгууллагын үүргийг мөн зөрчиж байна ..., ... хүсэлтэд дурдсан лавлагааг тухайн намын архив, холбогдох этгээдээс авна уу гэсэн хариу нь холбогдох хууль болон иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг зөрчсөн гэж үзэж байна ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
1.2. Дээрх тайлбарын агуулгаас гомдол гаргагчийн гаргасан гомдлын шаардлагын үндэслэлд дурдсан зөрчигдсөн гэх эрх нь агуулгын хувьд нийтийн эрх зүйн субьектив эрх, эсхүл обьектив эрхийн аль нь болохыг тодруулах шаардлагыг нөхцөлдүүлж байна.
1.3. Захиргааны эрх зүйн онолд, нийтийн эрх зүйн субьектив эрх гэдэг нь субьектэд өөрийн өөрийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх болон хангахын тулд бусдаас тодорхой үйлдэл хийх, татгалзах, тэвчихийг, түүнчлэн ямар нэг үйлдлийг зогсоохыг шаардах эрх зүйн хэм хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн боломж хэмээн ойлгодог.
1.4. Нийтийн эрх зүйн субьектив эрх зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзэж, шүүхийн эрх зүйн хамгаалалт үзүүлэхэд зайлшгүй нөлөөлдөг нэг гол шалгуур нь эрх нь зөрчигдсөн этгээдэд тухайн асуудал нь хамааралтай байх-ыг шаардана.
1.5. Тиймийн учир, захиргааны хэргийн шүүхээс субьектив эрхийн хамгаалалт үзүүлэх зорилготой нэхэмжлэл хэмээх ойлголтыг хуулиар тодорхойлохдоо, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад "нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан өргөдлийг хэлнэ гэж өөрт хамааралтай асуудлын хүрээнд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах агуулгатай байдаг.
1.6. Харин захиргааны эрх зүйн онолд, обьектив эрх гэдэг нь нийт эрх зүйн хэм хэмжээ, тэдгээрийн бүрдэл цогц гэж үздэг.
1.7. Тодруулбал, хууль тогтоогчоос баталсан тодорхой нэг хуулиар тогтоосон эрх зүйн хэм хэмжээ, түүнд заасан журам, түүнчлэн процедурын эрх, шаардах эрхүүд нь обьектив эрхэд хамаардаг.
1.8. Гомдлын шаардлагын үндэслэл болсон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн үзэл баримтлалаас[11] үзэхэд, тус хуулийн голлох зорилго нь иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрх буюу мэдэх эрхийг хангах явдал байна.
1.9. Дээрхээс үүдэн хууль зүйн агуулгаараа, иргэний хүлээн авахыг буюу мэдэхийг хүссэн мэдээлэл нь өөрт шууд хамааралтай бөгөөд зайлшгүй хүлээн авах шаардлагатай байгаа боловч түүнийг өгөхөөс татгалзсан тохиолдолд субьектив эрхийн зөрчил яригдах, харин өөрт шууд хамааралгүй боловч мэдэх эрхийн хүрээнд мэдээлэл авахыг хүссэн, түүнчлэн мэдээлэл хүлээн авах эрхийг хангахад чиглэсэн хуулиар тогтоосон журмыг хэрэгжүүлээгүй буюу зөрчиж мэдээлэл өгөхөөс татгалзсан тохиолдолд обьектив эрхийн зөрчил яригдахаар байна.
1.10. Гомдол гаргагчийн зүгээс Улсын дээд шүүхэд хандсан хүсэлтийн агуулга буюу тус шүүхээс гаргуулахыг хүссэн мэдээллийн /лавлагааны/ агуулгын талаар авч үзэхэд, 1). Үндэсний бодлогын хорооны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны 01 дугаартай Хуралдаан зохион байгуулсан тухай тэмдэглэл /9 хуудас/, 2). Үндэсний бодлогын хорооны хурлын ирцийн мэдээлэл /9 хуудас/, 3). Ардчилсан намын ээлжит бус XIII Их хурлыг хуралдуулах санал гаргаж хуралдаанд биечлэн болон цахимаар оролцсон Үндэсний бодлогын хорооны гишүүдийн нэрсийн жагсаалт /7 хуудас/, 4). Улсын дээд шүүх дэх Ардчилсан намын хувийн хэргээс төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хорооны гишүүдийн талаарх лавлагаа хамаарч байна.
1.11. Дээр дурдсан гомдол гаргагчийн авахыг /мэдэхийг/ хүссэн мэдээллүүд нь гомдол гаргагч Н.А********од шууд хамаарал бүхий агуулгатай мэдээлэл биш, харин Улсын дээд шүүхэд хуулийн этгээдийн бүртгэлийг хөтөлдөг улс төрийн нам болох Ардчилсан намын дотоод бүтцийн байгууллагын хуралдаанд холбогдох үйл баримтуудыг бэхжүүлсэн мэдээлэл /хуралдааны тэмдэглэл, ирц, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн нэрс/ байгаа болох нь тогтоогдож байна.
1.12. Тиймээс шүүх гомдол гаргагчийн тодорхойлсон гомдлын шаардлага, тэдгээрийн үндэслэлд дурдагдсан зөрчигдсөн гэх эрхийн агуулга нь субьектив эрхийн агуулга бус, харин Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар бэхжүүлсэн мэдэх эрх /мэдээлэл хүлээн авах/, түүнийг хангах зорилго бүхий журмыг зөрчсөнтэй холбоотой гэх обьектив эрхийн зөрчлийн маргаан гэж дүгнэсэн болно.
Хоёр. Гомдол гаргагчид олгосон гэх зөвшөөрлийн хууль ёсны байх /легитим/ шинжийн тухайд:
2.1. Гомдол гаргагч нь гомдлын шаардлагын үндэслэлдээ түүнд Ардчилсан намын Улс төрийн зөвлөл гэх дотоод бүтцийн байгууллагаас түүнд Улсын дээд шүүхийн улс төрийн намын улсын бүртгэл дэх тус намын хязгаарлалттай мэдээлэлтэй танилцах, хүлээн авах, ашиглахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг олгосон гэж маргаж байна.
2.2. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд, Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай Зөвшөөрөл олгох тухай тогтоол[12], мөн тус намын Улс төрийн зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаартай Зөвшөөрөл олгох тухай тогтоол[13] тус тус авагджээ.
2.3. Дээрх тогтоолуудад баримталсан эрх зүйн үндэслэлээс үзэхэд, Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, Ардчилсан намын Үндсэн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.3.1, 5 дугаар зүйлийн 5.15.1, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсгийг тус тус үндэслэсэн байна.
2.4. Эдгээрээс голлох үндэслэл нь Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэг байх бөгөөд түүнд Намын төлөөллийн төв байгууллага өдөр тутмын ажлыг эрхлэх намын гүйцэтгэх байгууллагыг байгуулан ажиллуулна. гэж заажээ.
2.5. Хуулийн дээрх хэм хэмжээнээс үзэхэд, аливаа улс төрийн намын төлөөллийн төв байгууллага өдөр тутмын ажлыг эрхлэх намын гүйцэтгэх байгууллагыг байгуулан ажиллуулахаар зохицуулсан байна.
2.6. Хавтаст хэрэгт авагдсан Ардчилсан намын дүрмийн[14] 5.13 дугаар зүйлийн 5.13.1-д Намын төлөөллийн төв байгууллага нь Үндэсний бодлогын хороо мөн гэж, мөн дүрмийн 5.15 дугаар зүйлийн 5.15.1-д Үндэсний бодлогын хорооны чөлөөт цагт намыг шуурхай удирдлагаар хангахад чиглэсэн намын гүйцэтгэх удирдлагын төв байгууллага нь Улс төрийн зөвлөл /УТЗ/ мөн гэж заажээ.
2.7. Өөрөөр хэлбэл, Улс төрийн намын тухай хуульд заасан Ардчилсан намын гүйцэтгэх байгууллага нь тус намын Улс төрийн зөвлөл байна.
2.8. Мөн дүрмийн 5.15 дугаар зүйлийн 5.15.9-д Улс төрийн зөвлөлийн бүрэн эрхийг тоочин заасан байх бөгөөд тэдгээр бүрэн эрх дотор аливаа этгээдэд зохих төрийн байгууллагад хадгалагдаж байгаа Ардчилсан намын хязгаарлалттай мэдээлэлтэй танилцах, хүлээн авах, ашиглахыг зөвшөөрөх талаар эрх шилжүүлэх бүрэн эрх олгогдоогүй байна.
2.9. Тодруулбал, Ардчилсан намын Улс төрийн зөвлөл гэх дотоод бүтцийн байгууллагад иргэн Н.А********од хязгаарлалттай мэдээлэлтэй танилцах, хүлээн авах, ашиглах талаар зөвшөөрөл олгох эрх хэмжээ байхгүй байна гэж шүүх дүгнэлээ.
2.10. Тиймээс Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай Зөвшөөрөл олгох тухай, мөн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаартай Зөвшөөрөл олгох тухай тогтоолууд нь хууль ёсны байх /легитим/ шинжийг хангахгүй байх тул эрхийн шилжүүлэг хууль ёсны гэж үзэх боломжгүй байна.
2.11. Энэхүү эрх зүйн дүгнэлт нь шүүхээс улс төрийн намын дотоод асуудалд дүгнэлт өгсөн хэрэг биш бөгөөд харин аливаа эрхийн шилжүүлэг хууль ёсоор олгогдсон /шилжсэн/ эсэхийг хууль зүйн талаас нь дүгнэсэн, шүүхийн эрх хэмжээнд хамаарах эрх зүйн дүгнэлт болно.
Гурав. Гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн талаар:
3.1. Иргэн Н.А********оос энэхүү шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсгийн 1.1, 1.2-т дурдсан гомдлын шаардлагуудыг тодорхойлсон бөгөөд хариуцагчийн зүгээс гомдлын шаардлагад дурдсан маргаж буй Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 05/3369 албан тоот, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 05/3763 албан тоотыг захиргааны акт биш гэж маргасан.
3.2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. гэж заажээ.
3.3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнд захиргааны байгууллагаас гаргасан аливаа шийдвэрийг ямар нөхцөлд захиргааны акт гэж үзэх талаар тодорхойлохдоо, захиргааны байгууллагаас гарсан байх, нийтийн эрх зүйн хүрээнд байх, тодорхой нэг тохиолдол байх, зохицуулалт агуулсан байх, захирамжилсан буюу захиргааны байгууллагын нэг талын хүсэл зоригийн үндсэн дээр гарсан байх, гадагш чиглэсэн байх гэсэн зургаан урьдчилсан бүрэлдэхүүнийг тогтоожээ.
3.4. Хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий 2 албан тоотоос үзвэл, аль аль нь иргэн Н.А********од буюу гадагш чиглэсэн, түүнээс гаргасан мэдээлэл, лавлагаа авах тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ агуулгын хувьд татгалзсан шинжтэй буюу тодорхой эрх зүйн үр дагавартай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар бэхжүүлсэн мэдээлэл авах, хайх буюу мэдэх эрхтэй холбоотой хүсэлтэд хариу өгсөн шинжээрээ нийтийн эрх зүйн хүрээний асуудалд хамаарах, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан ... бүх шатны шүүх, ... хуульд заасан эрх мэдэл буюу ..., эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх онцгой бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрээс бусад захиргааны чиг үүрэг, шийдвэртэй нь холбогдуулан уг байгууллагыг захиргааны байгууллагад тооцно гэсний хүрээнд Улсын дээд шүүхийн Тамгын газраас буюу захиргааны байгууллагаас гарсан байх тул захиргааны акт гэж үзнэ.
3.5. Хэдийгээр шүүх энэхүү шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.10-т Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс иргэн Н.А********од олгосон гэх зөвшөөрлүүдийг хууль ёсны шинжтэй гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн боловч мөн Үндэслэх хэсгийн 1.12-т энэхүү маргааны агуулга нь обьектив эрхийн шинжтэй гэж дүгнэсэн тул маргаан бүхий захиргааны актуудын мэдэх эрхийн агуулгад үзүүлэх эрх зүйн үр дагаварт хууль зүйн хувьд дүгнэлт өгч шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзсэн болно.
3.6. Тиймээс дараах үндэслэлүүдийг шүүх тайлбарлаж байна. Тодруулбал,
3.7. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Нийтийн мэдээллийн үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна дараах зарчмыг баримтална: гээд мөн зүйлийн 5.1.2 дахь заалтад хуульд өөрөөр заагаагүй бол мэдээлэл ил тод, нээлттэй байх; гэж заажээ.
3.8. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Дараах байгууллага нийтийн мэдээлэл хариуцагч /цаашид "мэдээлэл хариуцагч" гэх/ байна: гээд мөн зүйлийн 6.1.1 дэх заалтад төрийн байгууллага; гэж зохицуулжээ.
3.9. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзвэл, аливаа төрийн байгууллага нь нийтийн мэдээллийг хариуцагч этгээд болохын хувьд мөн хуулиар тогтоосон мэдээлэл ил тод, нээлттэй байх зарчмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахаар байна.
3.10. Гэхдээ тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Нийтийн мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилна. гэж мэдээллийн төрлийг тогтоосон байх бөгөөд мөн зүйлийн 7.2 дахь хэсэгт Хуульд ил тод, нээлттэй байхаар заасан, эсхүл хязгаарлалттай болон хаалттай мэдээлэлд хамаарахгүй мэдээллийг нээлттэй мэдээлэл гэж үзнэ. гэж нээлттэй байх мэдээллийн шинжийг тогтоож, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор мэдээлэл хариуцагчийн чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, хүний нөөц, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, үзүүлж байгаа үйлчилгээ болон хуулиар хаалттай, хязгаарлалттай гэж тогтоосноос бусад мэдээллийг ил тод, нээлттэй байлгана. гэж мэдээлэл ил тод, нээлттэй байх зарчмыг баталгаажуулжээ.
3.11. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнд заасан нээлттэй байх мэдээллийн шинжийг хууль тогтоогчоос тодорхойлохдоо онолын хувьд эерэг болон сөрөг аргачлалыг аль алиныг нь хэрэглэсэн байна гэж шүүх дүгнэлээ.
3.12. Эерэг аргаар тодорхойлох гэдэг нь аливаа хуулийн тодорхойлолтыг хийхдээ тухайн ойлголтод багтах шинжүүдийг заадаг бол, сөрөг аргаар тодорхойлох гэдэг нь тухайн ойлголтод хамаарахгүй шинжүүдийг заана.
3.13. Тодруулахад, дээрх хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн Хуульд ил тод, нээлттэй байхаар заасан ... гэх хэсэг нь эерэг аргаар, харин ... эсхүл хязгаарлалттай болон хаалттай мэдээлэлд хамаарахгүй мэдээллийг нээлттэй мэдээлэл гэж үзнэ гэх хэсэг нь сөрөг аргаар бичигджээ.
3.14. Эндээс шүүхийн шийдвэрлэвэл зохих нэг эрх зүйн асуудал нь иргэн Н.А********оос гаргуулахыг хүссэн мэдээлэл, лавлагаанууд нь нээлттэй, хязгаарлалттай эсхүл хаалттай мэдээллийн аль нь болох асуудал байна.
3.15. Шүүхээс иргэн Н.А********ын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтэд дурдсан мэдээллүүд нь хязгаарлалттай мэдээлэл-д, харин 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтэд дурдсан мэдээлэл /лавлагаа/ нь нээлттэй мэдээлэл-д хамаарахаар байна гэж дүгнэлээ.
3.16. Учир нь, Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Нам нь Монгол Улсын Yндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн. гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Нам үйл ажиллагаандаа дараахь нийтлэг зарчмыг баримтална: гээд мөн зүйлийн 5.1.2 дахь заалтад үйл ажиллагаагаа ил тод явуулах; гэж заасан байна.
3.17. Өөрөөр хэлбэл, аливаа улс төрийн нам нь сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл болохынхоо хувьд үйл ажиллагаа нь олон нийтэд /ялангуяа гишүүд, дэмжигчдэд/ ил тод байх мөн чанар, зарчмын шаардлагатай, энэ шинжээрээ бусад эрх зүйн этгээдээс ялгагдах онцлогтой байна.
3.18. Хавтаст хэрэгт авагдсан иргэн Н.А********оос Улсын дээд шүүхэд хандан гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хүсэлтэд Улсын дээд шүүх дэх Ардчилсан намын хувийн хэргээс төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хорооны гишүүдийн талаарх лавлагаа авах-ыг хүссэн байгаагаас үзэхэд, энэхүү мэдээлэл нь хэн бүрийн өмнө /ялангуяа тухайн намын гишүүнд/ нээлттэй байх шаардлагатай буюу иргэдийн нэгдэл болсон улс төрийн намын төлөөллийн байгууллагын гишүүдэд хэн сонгогдон ажилладаг болохыг хэн бүхэн мэдэх эрхтэй байна.
3.19. Тиймээс хууль тогтоогчоос энэ төрлийн мэдээллийг хуулиар хязгаарлалтай, эсхүл хаалттай байлгана гэж хэм хэмжээ тогтоосон зүйл үгүй байна.
3.20. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт Улсын дээд шүүх улс төрийн намыг энэ хууль болон бусад хуульд заасны дагуу бүртгэнэ. гэж заасан байна.
3.21. Хуулийн дээрх заалтын дагуу Улсын дээд шүүх нь улс төрийн намыг бүртгэх чиг үүрэг хэрэгжүүлдэг болохын хувьд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Улсын бүртгэлийн байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: гээд мөн зүйлийн 8.1.4 дэх заалтад хуулийн этгээдийн хувийн хэргээс энэ хуульд заасан журмын дагуу лавлагаа олгох; эрх хэмжээг хэрэгжүүлэх боломжтой байна.
3.22. Түүнчлэн, тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Хуулийн этгээдийн хувийн хэрэг дараах мэдээллийг агуулна: гээд мөн зүйлийн 10.1.12 дахь хэсэгт хуулийн этгээдийн эрх барих этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэл; гэж зааснаас үзвэл, аливаа улс төрийн намын төлөөллийн төв байгууллагад сонгогдсон гишүүдийн талаарх мэдээлэл /лавлагаа/ нь хуулийн этгээдийн хувийн хэрэгт хадгалагдахаар заасан байх тул тухайн мэдээллийг хувийн хэргээс гаргах боломжтой гэж шүүх үзлээ.
3.23. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан Улсын дээд шүүх нь ... энэ талаар лавлагаа өгөх эрх хэмжээгүй... гэх агуулга бүхий үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй байна.
3.24. Харин иргэн Н.А********оос Улсын дээд шүүхэд хандан гаргасан 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хүсэлтэд дурдсан 1. Үндэсний бодлогын хорооны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны 01 дугаартай Хуралдаан зохион байгуулсан тухай тэмдэглэл /9 хуудас/, 2. Үндэсний бодлогын хорооны хурлын ирцийн мэдээлэл /9 хуудас/, 3. Ардчилсан намын ээлжит бус XIII Их хурлыг хуралдуулах санал гаргаж хуралдаанд биечлэн болон цахимаар оролцсон Үндэсний бодлогын хорооны гишүүдийн нэрсийн жагсаалт /7 хуудас/ гэх мэдээллүүд нь тус намын Үндэсний бодлогын хорооны тухайн хуралдаанд оролцсон этгээдүүдэд хамааралтай, намын эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийг үндэслэн олгох боломжтой буюу хязгаарлалттай мэдээлэл байна гэж шүүх дүгнэлээ.
3.25. Энэхүү шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.10-т Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай Зөвшөөрөл олгох тухай тогтоол нь хууль ёсны байх шинжийг хангахгүй гэж шүүх үзсэн тул дээрх хязгаарлалттай мэдээллийг гаргаж өгөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
3.26. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гаргасан гомдлын шаардлагын зарим хэсэг болох Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 05/3763 албан тоотыг хүчингүй болгож, иргэн Н.А********оос Улсын дээд шүүх буюу Ерөнхий шүүгчид хандан мэдээлэл лавлагаа авахаар 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу Улсын дээд шүүх дэх Ардчилсан намын хувийн хэргээс төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хорооны гишүүдийн талаарх лавлагаа-г гаргаж өгөхийг даалгаж, харин бусад гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.13 дахь заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 5.1.2 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 6.1.1 дэх заалт, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 5.1.2 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.6, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 8.1.14 дэх заалт, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, 10.1.12 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан иргэн Н.А********оос Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газарт холбогдуулан гаргасан гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 05/3763 албан тоотыг хүчингүй болгож, иргэн Н.А********оос Улсын дээд шүүх буюу Ерөнхий шүүгчид хандан мэдээлэл лавлагаа авахаар 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу Улсын дээд шүүх дэх Ардчилсан намын хувийн хэргээс төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хорооны гишүүдийн талаарх лавлагаа-г гаргаж өгөхийг даалгаж, гомдлын шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 70 200 төгрөгийг хариуцагч Улсын дээд шүүхийн Тамгын газраас гаргуулан гомдол гаргагчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ