Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 97

 

А.А нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/02118 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.А нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч МУИС-д холбогдох

 

Монгол Улсын их сургуулийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/201 дугаартай зарим ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ш.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С,

Нэхэмжлэгч А.А, И.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын их сургууль нь Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд Оюутны албаны үйлчилгээ, өнөөгийн байдал, процессын шинжилгээ сайжруулах боломж төслийг 9 сая төгрөгийн өртөгтэйгээр 5 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны багаар 2016 онд гүйцэтгүүлсэн. Уг судалгаагаар тоо баримт, судалгаа, мэдээлэлд үндэслэн 45 хоног хяналт шинжилгээ, үнэлгээ процессийн шинжилгээ хийж, албаны бодлого, үйлажиллагааны үйлчлэх хүрээ, шаардлагатай ажлын байр, чиг үүрэг ашиг, үр нөлөөг хэрэглэгч, сонирхогч талуудын оролцоог ханган олон удаагийн ярилцлагууд зохион байгуулж, судалгааны үр дүнг тодорхойлсноор дүгнэлт гарган санал зөвлөмж боловсруулж, түүний дагуу ажлын байрны тодорхойлолтууд шинээр хийгдсэн. Монгол Улсын их сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын А/500 дугаартай тушаалын дагуу бүтцийн өөрчлөлтөөр зохион байгуулалтанд орж бүрэлдэхүүн сургуулиудаас томилогдон ирсэн 8 мэргэжилтэнүүд бид 2017 оны 11 дүгээр сараас эхлэн нэгдэж үйл ажиллагаа явуулан 4 сар гаран болж байсан. Монгол Улсын их сургуулийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/45 дугаартай тушаалаар томилогдсон 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн баг Оюутны хөгжил үйлчилгээний газрын ажлын гүйцэтгэлд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт зөвлөмж боловсруулахаар 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүрэлцэн ирж ОХҮГ-ын хамт олонд захирлын тушаал, ажлын удирдамжийг танилцуулсан. Дэд захирал Б.Очирхуяг бидэнд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Оюутны хөгжил үйлчилгээний газрын ажлын гүйцэтгэлд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт зөвлөмж боловсруулахаар ажлын хэсэг томилогдож тушаал нь гарч байгаа талаар мэдэгдсэн гэж Оюутны хөгжил үйлчилгээний газрын дарга Б.Алтангэрэл хэлсэн. Бид хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн Б.Нарантуяад тушаалтай танилцья гэхэд дарга нараас асууж байж танилцуулна танилцуулах албагүй гэсэн тайлбарыг өгсөн. Хэрвээ хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт зөвлөмж боловсруулах гэж байгаа бол ил тод байх ёстой, тушаалаар ажлын удирдамж батлуулсан боловч ажлын төлөвлөгөөгүй зорилго, зорилтоо бүрэн дүүрэн тодорхойлоогүй байна гэхэд ажлын хэсгийн ахлагч Б.Баяртогтох би танилцуулах шаардлагагүй гэдэг хариуг өгсөн гэдгээ хэлсэн. Оюутны хөгжил үйлчилгээний газар байгуулагдаад 3 сар гаруй болж байхад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт зөвлөмж боловсруулах ямар шаардлага байгааг лавлахад Б.Баяртогтох захирлын зөвлөлийн хурал дээр тус газрын ажил нь муу байгаа учраас шалгалт оруулахаар болсон гэж мэдэгдсэн. Газрын дарга Б.Алтангэрэл хэлэхдээ бид мониторинг оруулахыг эсэргүүцээгүй уг газар энэ бүтцээр ажиллаад 3 сар гаран болж байна бидэнд ажлын үр дүн гаргах боломжоор хангах хэрэгтэй байна, хугацааг хойшлуулж болно, иймд энэ тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа үндэслэлүүдээ тайлбарлахад та нарын тайлбарыг хүлээж авахгүй нэгэнт тушаал гарсан учраас та нар зөвшөөрөхгүй байсан ч бид нар орно та нар зөвшөөрөхгүй байх эрхгүй та нар наад тушаалаа шүүхэд өгсөн ч бид шалгалтаа хийнэ гэж загнасан. Иймд Монгол Улсын их сургуулийн дүрмийн 5.9., 7.7.1 заалтыг үндэслэн Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд заасан иргэний эрх, эрх чөлөөний баталгааны дагуу асуудалд хандаж, Монгол Улсын Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу хамтарч хүсэлт гаргах эрхийнхээ хүрээнд дараах гомдлыг гаргаж байна. Бид 2017 оны 11 дүгээр сараас эхлэн шинэ бүтцээр үйл ажиллагаа явуулаад 3 сар гаруй хугацаа өнгөрч байхад хариуцсан газарт нь шалгалт орох гэж байгааг мэдэгдэхгүйгээр, Монгол Улсын их сургуулийн захиргаанаас хяналт, шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагааг явуулахдаа холбогдох эрх зүйн акт, дүрэм журмын хэрэгжилт, тэдгээрийн дунд болон урт хугацааны зорилт, төлөвлөсөн үр дүнд хүрсэн эсэх, хяналт шинжилгээ хийж үр дүнг ямар үзүүлэлт шалгуураар үнэлж дүгнэхэд мөрдөж ажиллах журамгүй уг шалгалт нь үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж байгаа захиргааны үйл ажиллагаа тэдгээрээс гаргасан тайлан, дүгнэлт, ил тод нээлттэй байх ёстой. Монгол улсын их сургуулийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/45 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн дотоод журмын 2.5., 3.1., дэх заалт, Монгол Улсын их сургуулийн дүрмийн 4.3.7., 1.5.1.,1.5.3.,1.5.4.,1.5.5., Захиргааны зөвлөлийн ажиллах журмын 2.2.1., 2.2, 3.2. дэх заалтуудыг тус тус зөрчсөн. Ажлын удирдамждаа мониторингийн үндсэн зорилго, ач холбогдлоо тусгаагүй, зорилт, үйл ажиллагааны нарийвчилсан төлөлвлөгөө байхгүй, хийнэ гэсэн.Мониторингийн үндсэн ач холбогдол бол төр засгийн бодлого, сургуулийн дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа хэрхэн явуулж байгаад хөндлөнгийн хяналт тавих замаар хуульчлагдсан хэм хэмжээтэй харьцуулан үнэлэх замаар зөрчил гажуудлыг илрүүлэх, хууль дүрэм журам шийдвэр бодлого хэрэгжүүлэх, тогтолцоо, үйл ажиллагааны зарчим нь хэрэгжихгүй байгааг баримтаар илрүүлэх зөрчлийн голомт, учир шалтгааныг нь тогтоох явдал юм. Бид А/45 дугаартай тушаалаа цуцлахыг захирлын үүрэг гүйцэтгэгчээс шаардсан, мөн ОХҮГ-ын хамт олонтой уулзаж хамт олны санаа бодол, эрэлт хэрэгцээг судлах, Монгол Улсын их сургуулийнудирдлагын дүрэм журмын хэрэгжилт хангалтгүй, сайн засаглалын гол зарчмууд алдагдсан үйл явдлыг Дээд шатны байгууллагад уламжилж өгөх гэсэн хүсэлтийг Монгол Улсын их сургуулийн Үйлдвэрчний нэгдсэн холбоонд хүргүүлсэн.

Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн хурлаар бидний хүсэлтийг хүлээн авч хэлэлцээд хөдөлмөрлөх явцад гарсан хөдөлмөрийн маргаан тул захиргаанд зохих асуудлыг тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэж бидний хүсэлтийг захиргаанд хүргүүлсэн. Тус газрын хамт олон байгууллагын өдөр тутмын үндсэн үйл ажиллагааг тасалдуулаагүй ажил үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэж байхад дахин 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Б/85 дугаартай тушаал гаргаж заавал шалгалт хийнэ гэж тушаалыг танилцуулсан. Бид томилогдсон ажлын хэсгийн ахлагчийн хүсэлтээ бичгээр гаргаж өг гэсний дагуу Иргэдээс төрийн байгууллагын албан тушаалтад гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх хуулийн дагуу хуульд заасан эрхийн хүрээнд гаргасан хүсэлтийн хариуг авч хүсэлтээ шийдвэрлүүлэхэд хүндэтгэлтэй хандахыг хүсэж тайлбар гаргаж өгсөн. Гэтэл 2018 оны 5 дугаар сарын 07 ны өдөр Б/201 тушаалаар удирдах ажилтны үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзаж удаа дараагийн шийдвэрийг эсэргүүцэж төлөвлөгөөт ажлыг тасалдуулсан нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний ерөнхий заалтуудыг баримтлан сахилгын шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Бид ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаагүй ямар дүгнэлт гарсныг мэдэхгүй. Бид үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзаж эсэргүүцсэн зүйл байхгүй зохих хууль, журмын дагуу хүсэлт гаргасан. Монгол Улсын их сургуулийн захиргаа Хөдөлмөрийн дотоод журмын 1.3-ийг зөрчсөн Алтангэрэл дарга ажлын хэсэгт ямар нэгэн шаардлага тавиагүй дүрэм журмын дагуу мониторинг хий гэсэн нь яагаад эсэргүүцсэн болдог юм. Оюутны хөгжил үйлчилгээний газрын дарга мэргэжилтэнүүддээ ямар ч үүрэг даалгавар өгөөгүй, байгуулагдаад удаагүй газарт мониторинг хийж байгаа нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн, хууль зөрчиж гарсан дүгнэлт өөрөө хүчин төгөлдөр болох уу, ажлын хэсгийн хүмүүс арга хэмжээ авахуулахаар оруулах үндэслэл байхгүй. Ажлын хэсгийн удирдамжид зорилго, зорилт байхгүй байсан. Монгол Улсын их сургууль, ажлын хэсэг өөрсдөө зөрчсөн заалтуудаа тушаалдаа бичсэн байна. ОХҮГ-т хийгдсэн мониторингт ороогүйгээс байгууллагад ямар ч хохирол учраагүй бөгөөд газрын дарга нь мэргэжилтэнгүүддээ ямар ч үүрэг өгөөгүй юм. Иймд Монгол Улсын их сургуулийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/201 дугаартай зарим ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын А.А нарт ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Б, Ц.Б нар нэхэмжлэлээсээ татгалзсан болно.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын их сургууль нь стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд жил болгон төлөвлөгөө гарган ажилладаг. Захиргаа, хүний нөөцийн газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд Монгол Улсын их сургуулийн захиргааны нэгжүүд, ажилтнуудын үйл ажиллагаа, ажлын гүйцэтгэл, ачааллын байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажил төлөвлөгдсөн байдаг. Энэхүү төлөвлөгөөний дагуу Монгол Улсын их сургуулийн захиргааны нэгжүүдэд тухайлбал Математикийн хүрээлэн, Цөмийн судалгааны төв, Гадаад харилцааны хэлтэс, МУИС-Пресс төвүүдэд хяналт- шинжилгээ үнэлгээний ажил хийгдсээр ирсэн. Оюутны хөгжил үйлчилгээний газарт мониторинг хийх ажил нь байгууллагын төлөвлөгөөнд тусгагдсан хяналт-шинжилгээ үнэлгээний 5 дахь ажил юм. Үүнээс хойш Хангамж, үйлчилгээний газар, Санхүү, эдийн засгийн газар, Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс, Сургалтын нэгдсэн газарт хяналт, шинжилгээ үнэлгээний ажил хийгдсэн. Эдгээр нэгжүүд захирлын үүрэг гүйцэтгэгчийн тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу ажиллуулж, үр дүнг захиргааны зөвлөлийн хуралдаанд танилцуулж, тайлан гаргасан бөгөөд энэхүү ажлын хүрээнд нэг ч ажилтан албан хаагч ажлаас чөлөөлөгдөөгүй болно. Оюутны хөгжил үйлчилгээний газарт хяналт-шинжилгээ үнэлгээний ажил /мониторинг/ хийх ажлын хэсэг байгуулан, удирдамжийг баталж 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/45 дугаар, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/85 дугаар тушаалыг тус тус баталсан. Монгол Улсын их сургууль нь өөрийн хэтийн төлөвийг тодорхойлох, стратегийн зорилго зорилтыг хэрэгжүүлэх, түүндээ нийцүүлэн үйл ажиллагааг явуулах бүрэн эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан Захиргааны нэгжүүдийн үйл ажиллагаа, ажлын гүйцэтгэл, ачааллын байдалд хяналт-шинжилгээ үнэлгээ хийхээр А/45, А/85 дугаартай тушаалуудыг гаргасан. Дээрх тушаалын дагуу Оюутны хөгжил үйлчилгээний газарт хяналт-шинжилгээ үнэлгээний ажил хийхэд А.А нарын хүмүүс оролцоогүй болох нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогддог бөгөөд өөрсдөө ч энэ талаар маргадаггүй. Оюутны хөгжил үйлчилгээний газар, Гадаад харилцааны хэлтэс, Сургалтын нэгдсэн газар зэрэг нь ижил хугацаанд байгуулагдсан бүгдэд нь хяналт-шинжилгээ үнэлгээний ажил /мониторинг/ хийх ажлын хэсэг байгуулан, удирдамжийн дагуу ажил явагдсан. А.А нарын хүмүүсээс бусад бүх хүн оролцоод хяналт-шинжилгээ үнэлгээний ажил бүрэн хийгдсэн. Монгол Улсын их сургуулийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажлын байранд хянал-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг тасалдуулсан тул А.А нарын хүмүүст сануулах сахилгын арга хэмжээ авсан.Монгол Улсын их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/201 дүгээр тушаал хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7., 131 дүгээр зүйлийн 131.1.1., 131.2.,-т заасныг баримтлан МУИС-ийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/201 дугаартай тушаалын А.А нарт холбогдох сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-Т зааснаар нэхэмжлэгч Н.Б нар нь хариуцагч МУИС-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3., 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.С давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэргийг шийдвэрлэсэн шүүгч хэрэгт авагдсан материалуудыг бүрэн дүүрэн судлаагүй, зөвхөн нэг талаас хандсан. Ажил олгогчийн хууль зөрчсөн үйдлүүдийг анхаарч үзээгүй. Нэхэмжлэгч миний бие гомдол гаргасан хариугаа аваагүй бөгөөд ажил олгогч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон үүргээ биелүүлээгүй байхад сахилгын шийтгэл оногдуулсныг анхаарч үзээгүй. Нэхэмжлэгч миний бие хөдөлмөрийн харилцаанд гарч буй уг асуудлыг хуульд заасны дагуу шат дараалан гомдлоо гаргаж хариу аваагүй байгааг анхаарч үзсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч А.А, И.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн харилцаанд мөрдвөл зохих хууль дүрэм, журмуудыг ажил олгогч зөрчсөн нь хэрэгт авагдсан нотлох баримт, хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа гэрчийн мэдүүлгийг хариуцагч няцаагаагүй, ажилтны гаргасан хүсэлтийг ажил олгогч хуульд заасан хугацаанд хуулиар хүлээлгэсэн үүргийнхээ дагуу шийдвэрлэж хариу өгөөгүй хирнээ сахилгын шийтгэл оногдуулсан зэрэг бодит байдал тогтоогдсон. Гэтэл хэргийн оролцогчийн гаргасан бичмэл нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзээгүй учраас шийдвэр бодитой гараагүй тул гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч А.А нар нь Монгол Улсын их сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/201 дугаар зарим ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Б, Ц.Б нар нэхэмжлэлээсээ татгалзжээ.

 

Хариуцагч Монгол Улсын их сургуулийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/201 дүгээр тушаалаар Оюутны хөгжил, үйлчилгээний газрын мэргэжилтэн И.С, А.А, Ш.С нар байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзаж, ажлын байранд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх удаа дараагийн шийдвэрийг эсэргүүцэж, төлөвлөгөөт ажлыг тасалдуулсан нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдож байх тул сануулах сахилгын шийтгэл тус бүрд нь оногдуулсан үйл баримт хэргийн 8 дахь талд авагдсан Монгол Улсын их сургуулийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/201 дүгээр тушаал болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Хариуцагч байгууллага нь дээрх тушаалаар нэхэмжлэгч нарт сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, МУИС-ийн хөдөлмөрийн дотоод журмын 4.2.1, 4.3.1, 4.3.2, 9.2 /1/, 9.2.3, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2.2, 3.1.2, МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/45 дугаар тушаалаар байгуулагдсан, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/85 дугаар тушаалын дагуу ажилласан ажлын хэсгийн дүгнэлт, захиргааны зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэжээ.

 

Талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2.2-т Ажилтны ажил үүргийн гүйцэтгэл, үр дүн, явц, чанар, хөдөлмөрийн болон сахилга хариуцлагын байдалд хяналт тавьж, үнэлэлт өгч, шагнаж урамшуулах, зөрчил дутагдал гарсан тухай бүрт Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль эрх зүйн акт, дүрэм, журмын дагуу холбогдох сахилгын арга хэмжээ авах, 3.1.2-т Ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, үндсэн үүрэг болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай, бүрэн биелүүлэх гэж заасан байна. /хэргийн 14-23 дахь тал/

 

Хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/354 дүгээр тушаалаар Монгол Улсын их сургуулийн хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталсан бөгөөд уг журмын 9.1 дэх хэсэгт МУИС-ийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдэл, МУИС-ийн багш, ажилтан, суралцагчдын ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн ноцтой зөрчил, ёс зүйн зөрчлийг 3-аас дээш удаа гаргасныг хөдөлмөрийн сахилгын зөрчил гэж үзнэ гэжээ. /хэргийн 68-81 дэх тал/

 

Хэргийн 195-209 дүгээр талд Монгол Улсын их сургуулийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө авагдсан байх бөгөөд дээрх төлөвлөгөөнд МУИС-ийн захиргааны нэгжүүдийн үйл ажиллагаанд ажлын гүйцэтгэл, ачааллын байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын 2018 оны 3-6 дугаар саруудад хийхээр төлөвлөж уг төлөвлөгөөг эрх бүхий албан тушаалтан баталгаажуулсан, тус сургуулийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хийх зорилгоор Монгол Улсын их сургуулийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/45 тоот тушаалаар МУИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний газрын ажлын гүйцэтгэлд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж дүгнэлт зөвлөмж боловсруулах ажлын хэсгийг байгуулж, ажлын удирдамжийг баталсан үйл баримт хэргийн 90-91, 195-209 дэх талд авагдсан Монгол Улсын их сургуулийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/45 тоот тушаал, түүний хавсралт, Монгол Улсын их сургуулийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг бичгийн баримт болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Хэргийн 50-53 дахь талд авагдсан баримтуудаас үзэхэд Монгол Улсын их сургуулийн Оюутны хөгжил, үйлчилгээний газрын мэргэжилтэн А.А нар 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр БСШУС-ын сайдын тушаалаар томилогдсон Хяналт шинжилгээ үнэлгээний ажлын хэсэгт хүсэлт, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр МУИС-ын захирлын үүрэг гүйцэтгэгчийн тушаалаар томилогдсон ажлын хэсгийн ахлагч, гишүүдэд тайлбарыг тус тус гаргасан бөгөөд дээрх хүсэлт, тайлбарт бичсэнээс үзэхэд өөрсдийнх нь гаргасан өргөдөл гомдлын асуудлыг шийдвэрлэтэл үнэлгээ хийлгэх боломжгүй гэсэн агуулга илэрхийлж байсан байна.

 

Монгол Улсын их сургуулийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/85 тоот тушаалаар Оюутны хөгжил, үйлчилгээний газрын ажлын гүйцэтгэлд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийн гүйцэтгэх ажлын удирдамжийг хавсралтаар шинэчлэн баталж, удирдамжийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг зохион байгуулж, дүгнэлт зөвлөмж боловсруулан ажиллаж, 4 дүгээр сарын 17-ны дотор захиргааны зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч /Б.Баяртогтох/-д үүрэг болгожээ. Дээрх тушаалын дагуу хийгдсэн хяналт-шинжилгээ үнэлгээний ажилд тус газрын 13 ажилтнаас уг ажилд хамрагдаагүй 8 хүний дотор нэхэмжлэгч А.А нар байсан болох нь хэргийн 102-128, 137-159 дахь талд авагдсан Монгол Улсын их сургуулийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл, ОХҮГ-ын үйл ажиллагааны талаарх оюутнуудын санал асуулгын дүн, Оюутны хөгжил, үйлчилгээний газрын үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын тайлан зэрэг баримтуудаар тогтоогджээ.

 

Хэргийн 137-159 дүгээр тал дахь Оюутны хөгжил, үйлчилгээний газрын үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын тайланд нэхэмжлэгч нарын нэрийг зааж үнэлгээ хийхдээ холбоотой дэмжлэг туслалцаа үзүүлээгүй, үнэлгээнд хамрагдаагүй талаар дурдсан байна. Нэхэмжлэгч А.А нарын энэхүү эс үйлдэл нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүргээ зөрчсөн үндэслэлд хамаарч байна. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүргээ зөрчсөн үйлдлийг Монгол Улсын их сургуулийн ажилтанд байх боломжгүй үйлдэл гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан талуудын зарчимд нийцэхгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Б, Ц.Б нар нь нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгч Н.Б, Ц.Б нарыг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцсэн, эдгээр хүмүүсийн нэхэмжлэлтэй холбоотой дүгнэлт хийх шаардлагагүй.

 

Мониторинг, хяналт-шинжилгээ хийхдээ ажилтнуудын санал хүсэлтийг авах, зөвшөөрөхгүй байгаа бол тэдгээрийн гаргасан хүсэлтэд хариу өгч байж хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үүрэг хүлээлгэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Ажил олгогчийн зүгээс хяналт-шинжилгээ, үнэлгээ хийснийг буруутгах үндэслэлгүй, харин хяналт-шинжилгээ, үнэлгээнд хамрагдах үүргээ нэхэмжлэгч нар биелүүлээгүй учраас ажил олгогч арга хэмжээ авсан нь зөв байна. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/02118 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ