Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2018/02118

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2018/02118

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.А

Нэхэмжлэгч: Н.Б

Нэхэмжлэгч: Н.Б

Нэхэмжлэгч: Ө.С

Нэхэмжлэгч: И.С нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М Сургуульд холбогдох

М сургуулийн-ийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/201 дугаартай Зарим ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.С, нэхэмжлэгч А.А, И.Снарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, хариуцагчийн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.А, Ц.Б, Н.Б, Ш.С, И.С нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч Ш.С, нэхэмжлэгч А.А, И.Снарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чулуунцэцэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

МУИС нь Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд Оюутны албаны үйлчилгээ, өнөөгийн байдал, процессын шинжилгээ сайжруулах боломж төслийг 9 сая төгрөгийн өртөгтэйгээр 5 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны багаар 2016 онд гүйцэтгүүлсэн.

Уг судалгаагаар тоо баримт, судалгаа, мэдээлэлд үндэслэн 45 хоног хяналт шинжилгээ, үнэлгээ процессийн шинжилгээ хийж, албаны бодлого, үйл ажиллагааны үйлчлэх хүрээ, шаардлагатай ажлын байр, чиг үүрэг ашиг, үр нөлөөг хэрэглэгч, сонирхогч талуудын оролцоог ханган олон удаагийн ярилцлагууд зохион байгуулж, судалгааны үр дүнг тодорхойлсноор дүгнэлт гарган санал зөвлөмж боловсруулж, түүний дагуу ажлын байрны тодорхойлолтууд шинээр хийгдсэн.

МУИС-ийн захирлын 2017 оны 10 дугаар сарын А/500 дугаартай тушаалын дагуу бүтцийн өөрчлөлтөөр зохион байгуулалтанд орж бүрэлдэхүүн сургуулиудаас томилогдон ирсэн 8 мэргэжилтэнүүд бид 2017 оны 11 дүгээр сараас эхлэн нэгдэж үйл ажиллагаа явуулан 4 сар гаран болж байсан. МУИС-ийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/45 дугаартай тушаалаар томилогдсон 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн баг Оюутны хөгжил үйлчилгээний газрын ажлын гүйцэтгэлд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт зөвлөмж боловсруулахаар 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүрэлцэн ирж ОХҮГ-ын хамт олонд захирлын тушаал, ажлын удирдамжийг танилцуулсан.

Дэд захирал Б.Очирхуяг бидэнд 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Оюутны хөгжил үйлчилгээний газрын ажлын гүйцэтгэлд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт зөвлөмж боловсруулахаар ажлын хэсэг томилогдож тушаал нь гарч байгаа талаар мэдэгдсэн гэж Оюутны хөгжил үйлчилгээний газрын дарга Б.Аптангэрэл хэлсэн.

Бид хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн Б.Нарантуяад тушаалтай танилцья гэхэд дарга нараас асууж байж танилцуулна танилцуулах албагүй гэсэн тайлбарыг өгсөн. Хэрвээ хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт зөвлөмж боловсруулах гэж байгаа бол ил тод байх ёстой, тушаалаар ажлын удирдамж батлуулсан боловч ажлын төлөвлөгөөгүй зорилго, зорилтоо бүрэн дүүрэн тодорхойлоогүй байна гэхэд ажлын хэсгийн ахлагч Б.Баяртогтох би танилцуулах шаардлагагүй гэдэг хариуг өгсөн гэдгээ хэлсэн.

Оюутны хөгжил үйлчилгээний газар байгуулагдаад 3 сар гаруй болж байхад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт зөвлөмж боловсруулах ямар шаардлага байгааг лавлахад Б.Баяртогтох захирлын зөвлөлийн хурал дээр тус газрын ажил нь муу байгаа учраас шалгалт оруулахаар болсон гэж мэдэгдсэн.

Газрын дарга Б.Алтангэрэл хэлэхдээ бид мониторинг оруулахыг эсэргүүцээгүй уг газар энэ бүтцээр ажиллаад 3 сар гаран болж байна бидэнд ажлын үр дүн гаргах боломжоор хангах хэрэгтэй байна, хугацааг хойшлуулж болно шүү дээ, иймд энэ тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа үндэслэлүүдээ тайлбарлахад та нарын тайлбарыг хүлээж авахгүй нэгэнт тушаал гарсан учраас та нар зөвшөөрөхгүй байсан ч бид нар орно та нар зөвшөөрөхгүй байх эрхгүй та нар наад тушаалаа шүүхэд өгсөн ч бид шалгалтаа хийнэ гэж загнасан гэж хэлсэн.

Ийм учраас бид МУИС-ийн дүрмийн 5.9., 7.7.1 заалтыг үндэслэн Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд заасан иргэний эрх, эрх чөлөөний баталгааны дагуу асуудалд хандаж, Монгол улсын Иргэдээс төрийн байгууллага , албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу хамтарч хүсэлт гаргах эрхийнхээ хүрээнд дараах гомдлыг гаргаж байна.

Бид 2017 оны 11 дүгээр сараас эхлэн шинэ бүтцээр үйл ажиллагаа явуулаад 3 сар гаруй хугацаа өнгөрч байхад хариуцсан газарт нь шалгалт орох гэж байгааг мэдэгдэхгүйгээр, МУИС-ийн захиргаанаас хяналт, шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагааг явуулахдаа холбогдох эрх зүйн акт, дүрэм журмын хэрэгжилт, тэдгээрийн дунд болон урт хугацааны зорилт, төлөвлөсөн үр дүнд хүрсэн эсэх, хяналт шинжилгээ хийж үр дүнг ямар үзүүлэлт шалгуураар үнэлж дүгнэхэд мөрдөж ажиллах журамгүй уг шалгалт нь үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж байгаа захиргааны үйл ажиллагаа, тэдгээрээс гаргасан тайлан, дүгнэлт, ил тод нээлттэй байх ёстой.

Монгол улсын их сургуулийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/45 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн дотоод журмын 2.5., 3.1., дэх заалт, МУИС-ийн дүрмийн 4.3.7., 1.5.1.,1.5.3.,1.5.4.,1.5.5., Захиргааны зөвлөлийн ажиллах журмын 2.2.1., 2.2, 3.2. дэх заалтуудыг тус тус зөрчсөн.

Ажлын удирдамждаа мониторингийн үндсэн зорилго, ач холбогдлоо тусгаагүй, зорилт, үйл ажиллагааны нарийвчилсан төлөлвлөгөө байхгүй. Хийнэ гэсэн.

Монирторингийн үндсэн ач холбогдол бол төр засгийн бодлого, сургуулийн дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа хэрхэн явуулж байгаад хөндлөнгийн хяналт тавих замаар хуульчлагдсан хэм хэмжээтэй харьцуулан үнэлэх замаар зөрчил гажуудлыг илрүүлэх, хууль дүрэм журам шийдвэр бодлого хэрэгжүүлэх, тогтолцоо, үйл ажиллагааны зарчим нь хэрэгжихгүй байгааг баримтаар илрүүлэх зөрчлийн голомт, учир шалтгааныг нь тогтоох явдал юм.

Бид А/45 дугаартай тушаалаа цуцлахыг захирлын үүрэг гүйцэтгэгчээс шаардсан, мөн ОХҮГ-ын хамт олонтой уулзаж хамт олны санаа бодол, эрэлт хэрэгцээг судлах, МУИС-ийн удирдлагын дүрэм журмын хэрэгжилт хангалтгүй, сайн засаглалын гол зарчмууд алдагдсан үйл явдлыг Дээд шатны байгууллагад уламжилж өгөх гэсэн хүсэлтийг МУИС-ийн Үйлдвэрчний нэгдсэн холбоонд хүргүүлсэн.

ҮЭНХорооны тэргүүлэгчдийн хурлаар бидний хүсэлтийг хүлээн авч хэлэлцээд хөдөлмөрлөх явцад гарсан хөдөлмөрийн маргаан тул захиргаанд зохих асуудлыг тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэж бидний хүсэлтийг захиргаанд хүргүүлсэн.

Тус газрын хамт олон байгууллагын өдөр тутмын үндсэн үйл ажиллагааг тасалдуулаагүй ажил үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэж байхад дахин 2018 оны З дугаар сарын 23 ны өдөр Б/85 дугаартай тушаал гаргаж заавал шалгалт хийнэ гэж тушаалыг танилцуулсан.

Бид томилогдсон ажлын хэсгийн ахлагчийн хүсэлтээ бичгээр гаргаж өг гэсний дагуу Иргэдээс төрийн байгууллагын албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх хуулийн дагуу хуульд заасан эрхийн хүрээнд гаргасан хүсэлтийн хариуг авч хүсэлтээ шийдвэрлүүлэхэд хүндэтгэлтэй хандахыг хүсэж тайлбар гаргаж өгсөн.

Гэтэл 2018 оны 5 дугаар сарын 07 ны өдөр Б/201 тушаалаар удирдах ажилтны үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзаж удаа дараагийн шийдвэрийг эсэргүүцэж төлөвлөгөөт ажлыг тасалдуулсан нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний ерөнхий заалтуудыг баримтлан сахилгын шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

Бид ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаагүй ямар дүгнэлт гарсныг мэдэхгүй . Бид үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзаж эсэргүүцсэн зүйл байхгүй зохих хууль, журмын дагуу хүсэлт гаргасан . МУИС-ийн захиргаа Хөдөлмөрийн дотоод журмын 1.3-ийг зөрчсөн Алтангэрэл дарга ажлын хэсэгт ямар нэгэн шаардлага тавиагүй дүрэм журмын дагуу мониторинг хий гэсэн нь яагаад эсэргүүцсэн болдог юм. Оюутны хөгжил үйлчилгээний газрын дарга мэргэжилтэнүүддээ ямар ч үүрэг даалгавар өгөөгүй, байгуулагдаад удаагүй газарт мониторинг хийж байгаа нь Үндэсн хуулийн 14 дэх заалт,хөдөлмөрийн тухай хуулийн 7.1-ийг тус тус зөрчиж байна, хууль зөрчиж гарсан дүгнэлт өөрөө хүчин төгөлдөр болох уу, ажлын хэсгийн хүмүүс арга хэмжээ авахуулахаар оруулах үндэслэл байхгүй юм. Ажлын хэсгийн удирдамжид зорилго, зорилт байхгүй байсан. МУИС, ажлын хэсэг өөрсдөө зөрчсөн заалтуудаа тушаалдаа бичсэн байна. ОХҮГ-т хийгдсэн мониторингт ороогүйгээс байгууллагад ямар ч хохирол учраагүй бөгөөд газрын дарга нь мэргэжилтэнгүүддээ ямар ч үүрэг өгөөгүй юм.

Иймд МУИС-ийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/201 дугаартай Зарим ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын А.А, Ш.С, И.Снарт ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Н.Б, Н.Б нар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

МУИС-д холбогдуулан тус сургуулийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/201 дугаартай Зарим ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын Н.Б, Н.Б нарт холбогдох сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Цэдэнгийн Бямбасүрэн, Намжилдоржийн Бурмаа бид нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ.

 

Хариуцагч Монгол Улсын Их сургууль шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

МУИС нь стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд жил болгон төлөвлөгөө гарган ажилладаг. Захиргаа, хүний нөөцийн газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд МУИС-ийн захиргааны нэгжүүд, ажилтнуудын үйл ажиллагаа, ажлын гүйцэтгэл, ачааллын байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажил төлөвлөгдсөн байдаг.

Энэхүү төлөвлөгөөний дагуу МУИС-ийн захиргааны нэгжүүдэд тухайлбал Математикийн хүрээлэн, Цөмийн судалгааны төв, Гадаад харилцааны хэлтэс, МУИС-Пресс төвүүдэд хяналт- шинжилгээ үнэлгээний ажил хийгдсээр ирсэн.

Оюутны хөгжил үйлчилгээний газарт мониторинг хийх ажил нь байгууллагын төлөвлөгөөнд тусгагдсан хяналт-шинжилгээ үнэлгээний 5 дах ажил юм. Үүнээс хойш Хангамж, үйлчилгээний газар, Санхүү, эдийн засгийн газар, Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс, Сургалтын нэгдсэн газарт хяналт, шинжилгээ үнэлгээний ажил хийгдсэн.

Эдгээр нэгжүүд захирлын үүрэг гүйцэтгэгчийн тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу ажиллуулж, үр дүнг захиргааны зөвлөлийн хуралдаанд танилцуулж, тайлан гаргасан бөгөөд энэхүү ажлын хүрээнд нэг ч ажилтан албан хаагч ажлаас чөлөөлөгдөөгүй болно.

МУИС-ийн Оюутны хөгжил үйлчилгээний газрын нэр бүхий мэргэжилтнүүдэд сануулах сахилгын шийтгэл оногдуулсан үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.

МУИС-ийн багш, ажилтан Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр дараах үүргийг хүлээдэг. Үүнд:Хөдөлмөрийн дотоод журмын

1. 4.3.1-д зааснаар багш, ажилтан нь Холбогдох хууль, МУИС-д мөрдөж буй дүрэм, журам, заавар, гэрээгээр хүлээсэн үүргээ сахин биелүүлэх

2. 4.3.2-д Ажлын байрны тодорхойлолтод заасан удирдах албан тушаалтнаас эрх мэдлийн хүрээнд өгсөн үүрэг даалгавар, шаардлагыг биелүүлэх

Хөдөлмөрийн гэрээгээр

3.1.2-д Ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, үндсэн үүрэг болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай, бүрэн биелүүлэх;

Ажил олгогч нь дараах эрхийг эдэлдэг.

4.2.1   Багш, ажилтнаас хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэх болон МУИС-д мөрдөгдөж байгаа дүрэм, журам, зааврыг мөрдөхийг шаардах, зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх,

2.2.2   Ажилтны ажил үүргийн гүйцэтгэл, үр дүн, явц, чанар, хөдөлмөрийн болон сахилга хариуцлагын байдалд хяналт тавьж, үнэлэлт өгч, шагнаж урамшуулах, зөрчил дутагдал гарсан тухай бүрд Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль эрх зүйн акт, дүрэм, журмын дагуу холбогдох сахилгын арга хэмжээ авах;

Ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтын Ажлын байранд хийгдэх ажил, гол үйл ажиллагаа хэсгийн зорилгын хүрээнд явуулах бусад үйл ажиллагаа хэсэгт удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэг хүлээсэн байдаг.

Оюутны хөгжил үйлчилгээний газарт хяналт-шинжилгээ үнэлгээний ажил /мониторинг/ хийх ажлын хэсэг байгуулан, удирдамжийг баталж 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/45 дугаар, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/85 дугаар тушаалыг тус тус баталсан.

МУИС өөрийн хэтийн төлөвийг тодорхойлох, стратегийн зорилго зорилтыг хэрэгжүүлэх, түүндээ нийцүүлэн үйл ажиллагааг явуулах бүрэн эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан Захиргааны нэгжүүдийн үйл ажиллагаа, ажлын гүйцэтгэл, ачааллын байдалд хяналт-шинжилгээ үнэлгээ хийхээр А/45, А/85 дугаартай тушаалуудыг гаргасан.

Дээрх тушаалын дагуу Оюутны хөгжил үйлчилгээний газарт хяналт-шинжилгээ үнэлгээний ажил хийхэд А.А, Ш.С, И.Снарын хүмүүс оролцоогүй болох нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогддог бөгөөд өөрсдөө ч энэ талаар маргадаггүй.

Оюутны хөгжил үйлчилгээний газар, Гадаад харилцааны хэлтэс, Сургалтын нэгдсэн газар зэрэг нь ижил хугацаанд байгуулагдсан бүгдэд нь хяналт-шинжилгээ үнэлгээний ажил /мониторинг/ хийх ажлын хэсэг байгуулан, удирдамжийн дагуу ажил явагдсан.

А.А, Ш.С, И.Снарын хүмүүсээс бусад бүх хүн оролцоод хяналт-шинжилгээ үнэлгээний ажил бүрэн хийгдсэн.

МУИС-ийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй, ажлын байранд хянал-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг тасалдуулсан тул А.А, Ш.С, И.Снарын хүмүүст сануулах сахилгын арга хэмжээ авсан.

МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/201 дүгээр тушаал хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                                    ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч А.А, И.Сувдаа, Ш.С, Н.Б, Н.Б нар нь Монгол Улсын Их Сургуульд холбогдуулан МУИС-ийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/201 дугаартай Зарим ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар нэхэмжлэгч нар нь энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор буюу 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд хандсан байна. /хх-ийн 1-7-р хуудас/

Ажил олгогч Монгол Улсын Их сургууль, ажилтан А.А, И.Сувдаа, Ш.С, Н.Б, Н.Б нарын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 2.2.2.-т ажил олгогч нь ажилтны ажил үүргийн гүйцэтгэл, үр дүн, явц, чанар, хөдөлмөрийн болон сахилга хариуцлагын байдалд хяналт тавьж, үнэлэлт өгч шагнаж урамшуулах, зөрчил дутагдал гарсан тухай бүрт Хөдөлмөрийн тухай хууль болон бусад эрх зүйн акт, дүрэм журмын дагуу холбогдох сахилгын арга хэмжээ авах, мөн гэрээний 3.1.2-т ажилтан нь ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, үндсэн үүрэг болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухай бүрт нь чанартай бүрэн биелүүлэхээр тус тус тохиролцжээ./хх-ийн 14-23-р хуудас/

Монгол Улсын Их сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.-т МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдэл, МУИС-ийн багш, ажилтан, суралцагчдын ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн ноцтой зөрчил, ёс зүйн зөрчлийг 3-аас дээш удаа гаргасныг хөдөлмөрийн сахилгын зөрчил гэж үзнэ гэжээ./хх-ийн 79-р хуудас/

Ажил олгогч МУИС-ийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/201 тоот тушаалаар А.А, И.Сувдаа, Ш.С, Н.Б, Н.Б, Л.Чинзориг, С.Цэлмэгсайхан нарт МУИС-ийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзаж, ажлын байранд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх удаа дараагийн шийдвэрийг эсэргүүцэж, төлөвлөгөөт ажлыг тасалдуулсан зөрчил гаргасан тул сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 8, 68-91, 137-159,184-187,185-209 р хуудас/

Шүүх хуралдаанд зохигчийн өгсөн тайлбар, хэргийн баримтаас үзэхэд А.А, И.Сувдаа, Ш.С, Н.Б, Н.Б, Л.Чинзориг, С.Цэлмэгсайхан нарыг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр тэдэнд сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

Ажилтны сахилгын зөрчил гэдэг нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй нь холбоотой дүрэм журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.

МУИС-ийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/201 дугаартай Зарим ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хувьд:

МУИС-ийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/500 дугаартай тушаалаар МУИС-ийн захиргааны бүтцэд өөрчлөлт орж Захиргаа, хүний нөөцийн газар, Мэдээллийн технологийн газар, Эрдэм шинжилгээ инновацийн хэлтэс, Гадада харилцааны хэлтэс, Сургалтын нэгдсэн газар, Оюутны хөгжил үйлчилгээний газар, Хөгжил төлөвлөлтийн алба гэх мэт газар, хэлтэс, албаны бүтэц, ажлын байрны тодорхойлолт зэргийг баталж, Оюутны хөгжил үйлчилгээний газрыг дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн нарын 14 хүний бүрэлдэхүүнтэй байхаар баталжээ. /хх-ийн 99-101-р хуудас/

Монгол Улсын Их сургуулийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд МУИС-ийн захиргааны нэгжүүдийн үйл ажиллагаанд ажлын гүйцэтгэл, ачааллын байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын 2018 оны 3-6 дугаар саруудад хийхээр төлөвлөж уг төлөвлөгөөг эрх бүхий албан тушаалтан баталгаажуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 195,205-р хуудас/

Тус сургуулийн 2018 оны үйл ажилллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хийх зорилгоор 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр МУИС-ийн захирал А/45 дугаартай тушаал гаргаж тус сургуулийн Оюутны хөгжил үйлчилгээний газрын ажлын гүйцэтгэлд хянал-шинжилгээ, үнэлгээ хийж дүгнэлт, зөвлөмж боловсруулах ажлын хэсгийг байгуулж, ажлын удирдамжийг баталжээ./хх-ийн 90,91-р хуудас/

Дээрх тушаалд ажлын хэсэг нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд Оюутны хөгжил үйлчилгээний газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж дүгнэлт, санал, зөвлөмж боловсруулах зорилготой гэжээ.

МУИС-ийн захирлын А/45 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийг логикийн хувьд тодорхой бус, эрх зүйн орчин хангалтгүй, арга зүй тодорхойгүй гэсэн үндэслэлүүдээр тус газрын дарга болон нэр бүхий мэргэжилтэнгүүд эсэргүүцэж үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж дүгнэлт, санал, зөвлөмж боловсруулах ажлыг хийлгэхгүй, уг ажлыг тасалдуулсан болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 24-53,90,91,184-188-р хуудас/

МУИС-ийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/85 дугаартай тушаалаар дээрх ажлын хэсгийн ажиллах хугацааг сунган, удирдамжийг шинэчлэн баталж тус сургуулийн Оюутны хөгжил үйлчилгээний газрын ажлын гүйцэтгэлд хянал-шинжилгээ, үнэлгээ хийж дүгнэлт, зөвлөмж боловсруулах ажлыг зохион байгуулж, дүгнэлт зөвлөмж боловсруулан ажиллаж 4 дүгээр сарын 17-ны дотор захиргааны зөвлөлд танилцуулахыг ажлын хэсгийн ахлагчид үүрэг болгожээ. /хх-ийн 88,89-р хуудас/

МУИС-ийн захирлын А/85 дугаартай тушаалын дагуу хийгдсэн хяналт-шинжилгээ үнэлгээний ажилд Оюутны хөгжил үйлчилгээний газрын 13 ажилтнаас дарга Б.Алтангэрэл, ахлах мэргэжилтэн Б.Энхжаргал, Б.Энхцэцэг, мэргэжилтэн Т.Зулбадам нар хамрагдаж А.А, И.Сувдаа, Ш.С, Н.Б, Н.Б, Л.Чинзориг, С.Цэлмэгсайхан, Б.Буянханд нар хамрагдаагүй болох нь зохигчийн тайлбар болон тус газарт хийсэн ажлын тайлан, захиргааны зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, судалгаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 99-128,137-159-р хуудас/

Нэхэмжлэгч А.А, И.Сувдаа, Ш.С нар нь Хөдөлмөрийн гэрээний 3.1.2., Хөдөлмөрийн дотоод журмын 4.3.1., 4.3.2.-т заасныг зөрчин гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, ажлын хэсгийн ажлыг тасалдуулж, ажлын байранд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх удаа дараагийн шийдвэрийг эсэргүүцсэн болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 24-53, 90, 91, 99-128, 137-159, 184-188-р хуудас/

Энэ бүхнээс дүгнэхэд нэхэмлэгч А.А, И.Сувдаа, Ш.С нарыг Монгол Улсын Их сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.-т Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдэл,... гаргасныг сахилгын зөрчил гэж үзнэ гэж заасан сахилгын зөрчлийг гаргасан гэж үзнэ.

Монгол Улс, цаашлаад дэлхийн хэмжээнд дээд боловсролд тавигдах шаардлага ихээхэн өөрчлөгдөж, үндэсний болон олон улсын шалгуур, стандарт өндөрсөж, сургалт, судалгааг олон улсын түвшинд хүргэх зорилтууд тавигдаж байгаа энэ үед Монгол Улсын ууган их сургуулийн захиргааны бүтцэд орж буй Оюутны хөгжил, үйлчилгээний газрын мэргэжилтэн, ажилтнууд тус газрын ажлын гүйцэтгэлд хянал-шинжилгээ, үнэлгээ хийж дүгнэлт, зөвлөмж боловсруулах /мониторинг хийх/ ажлыг тасалдуулж байгаа нь нэхэмжлэгч А.А, И.Сувдаа, Ш.С нарыг ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ ухамсарлаагүй, Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн Монгол Улсын Их сургуулийн ажилтанд байж боломгүй үйлдэл гэж дүгнэв.

Иймд МУИС-ийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/201 дугаартай Зарим ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын А.А, И.Сувдаа, Ш.С нарт холбогдох сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч А.А, И.Сувдаа, Ш.С нар нь сахилгын зөрчил гаргаагүй гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1., 42 дугаар зүйлийн 42.1.-д зааснаар өөрийн нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Б, Н.Б нар нь МУИС-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгч Н.Б, Н.Б нарын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7., 131 дүгээр зүйлийн 131.1.1., 131.2.,-т заасныг баримтлан МУИС-ийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/201 дугаартай тушаалын А.А, И.С, Ш.С нарт холбогдох сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-т зааснаар нэхэмжлэгч Н.Б, Н.Б нар нь хариуцагч М Сургууль-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3., 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ч.ИЧИНХОРЛОО