Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2022/01890

 

 

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2022/01890

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Бээжин гудамж, 40/4 байр, 0 тоотод оршин суух, Х-Б овогт Ц.Б /РД:УЗ00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, НН.Ш.Ш.Г.Г холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Централ капитал ББСБ ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 13-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 60.000.000 төгрөгийг нэг сарын 3.8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалан хотхон, Махатма ганди гудамж, 00 дүгээр байр, 00тоот, 57.87 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Централ капитал ББСБ ХХК нь дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлд холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 0000 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчээс 92.361.474 төгрөг гаргуулж, Централ капитал ББСБ ХХК-д олгох, хэрэв үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, жаргалант хотхон, Махатма ганди гудамж, 00дүгээр байр, 00тоот байрлах 57.87 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулах зорилгоор тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0/00дугаар шинжээч томилох тухай тогтоолоор шинжээч томилж, Дамно ХХК-иар хөрөнгийн үнэлгээг хийлгэхээр тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0-000-0000дүгээр үнэлгээний мэдэгдлээр Ц.Б-ын маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 166.313.016 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг нэхэмжлэгчид мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуул, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөнө. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдоо энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт нийцүүлсэн тодорхойлон гэж заасан. Зэх зээлийн үнэлгээг жишиг үнийн хандлагын аргыг сонгон үнэлгээг тогтоодог. Жишиг үнийн хандлагын аргаар хөрөнгийг үнэлэхдээ тухайн үл хөдлөх хөрөнгийн байршлын хувьд хамгийн ойр байрлах үл хөдлөх хөрөнгүүдээс сонгон харьцуулах нь зүйтэй байсан. Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо жаргалан хотхонд байрлах бөгөөд маш дулаахан, урагш харсан цонхтой, супер засвартай, гал тогооны тавилга kitchen all компаниар хийлгэсэн, дулаан болон ил зогсоол сайтай, чимээ шуугиан бага, нам гүн, ногоон байгууламж сайтай, хүүхдийн тоглоомын талбайтай, хотхон дотроо хүүхдийн эмнэлэгтэй, үйлчилгээний байгууллагуудтай ойрхон маш их давуу талтай орон сууц юм. Түүнчлэн одоогийн байдлаар нийтэд илэрхий үнэгүй.мн сайт дээр тус хотхонд байрлах яг ижил орон сууцнуудыг худалдан борлуулахаар зар байршуулсан байх бөгөөд 129 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 450.000.000 төгрөгөөр буюу 1 м.квадратыг 3.461.538 төгрөгөөс 3.488.372 төгрөгөөр үнэлсэн байна. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0-000-0000дүгээр үнэлгээгээр барьцаа хөрөнгө болох 57.87 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 166.313.016 төгрөгөөр буюу 1 м.кв талбайг 2.873.907 төгрөгөөр үнэлж нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийг хэт их үнэгүйдүүлсэн, олон улсын стандарт нийцээгүй байна гэж үзэж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0/000/0000дугаар мэдэгдлээр мэдэгдсэн Ц.Бын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалант хотхон, Махатма Ганди гудамжны 00дүгээр байрны 00тоот хаягт байрлах 57.87 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 0000 дүгээр шийдвэрээр Ц.Б-оос 92.361.474 төгрөгийг гаргуулж, Централ капитал ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ц.Б-тай 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр уулзаж төлбөрийг хэрхэн барагдуулах талаар тайлбар авч, 00000000/00 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан. Дээрх хугацаанд төлбөрийг төлөөгүй тул төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон, Махатма ганди гудамж, 00дүгээр байр, 00тоот хаягт байрлах, 57.87 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 00000000/00 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн. 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 00000000/00дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 0-000/0000дугаар албан бичгээр талуудад үнийн санал өгөх боломжгүй тул 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0/00 тоот тогтоолоор Дамно ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон. Мөн үнэлгээний компаниас 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг 166.313.016 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0-000/0000, 0-000/0000 тоот албан бичгээр талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тус тус мэдэгдсэн. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Нэхэмжлэгч талаас: 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/00000 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2021/00000 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 183/ГХ2021/00000 дугаар гүйцэтгэх хуудас, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 00000000дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0/00дугаар Шинжээч томилох тухай тогтоол, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0-000-0000дугаар Үнэлгээний мэдэгдэл, итгэмжлэл зэргийг нотлох баримтын шаардлага хангуулан, Үнэгүй.мн сайтаас авсан Жаргалан хотхоны үл хөдлөх хөрөнгө худалдах зарыг нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас Итгэмжлэл, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 183/ГХ2021/00000 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/00000 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2021/00000 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 00000000дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол,2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 00000000/00 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 00000000/00 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 00000000/00дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 0-000/0000дугаар Үнийн санал хүргүүлэх тухай мэдэгдэл, Төлбөр авагчаас Шийдвэр гүйцэтгэх газарт хаягласан 2022 оны 02 дугаар сарын 14-ний 00/000 дугаар Хөрөнгийн үнэлгээ хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн үнийн санал, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0/00дугаар Шинжээч томилох тухай тогтоол, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0-000/0000, 0-000-0000дугаар Үнэлгээний мэдэгдэл зэрэг баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн байна

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Б нь НН.Ш.Ш.Г.Г холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгөд хийгдсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлан маргасан.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/00000 дугаар шийдвэрээр хариуцагч Ц.Б-оос 91.744.800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Централ капитал ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Төлбөр төлөгч Ц.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн гүйцэтгэх хуудас олгосны дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 00000000 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 00000000/00 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол-оор битүүмжилж, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 00000000/00дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон, Махатма Ганди гудамжны 00дүгээр байрны 00тоот хаягт байрлах, 57.87 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хураан авсан болох нь хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан баримтуудаар тогтоогдох бөгөөд, тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар зохигчид маргаагүй болно.

Харин нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан үл хөдлөх эд хөрөнгөд хийгдсэн үнэлгээг эс зөвшөөрч, тэдгээр хөрөнгүүдийг ...зах зээлийн үнэ ханшаас хэт багаар тогтоогдсон, үнэгүйдүүлсэн... гэх агуулга бүхий тайлбар гарган үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч болон төлбөр авагчаас хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар санал асуухаар 2022 он 02 дугаар сарын 10-ны өдрийн 0/000/0000дугаар Үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг талуудад хүргүүлж, талууд харилцан тохиролцоогүйн улмаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч нар дуудлага худалдаанд санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй гэж үзэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0/00дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор Дамно ХХК-ийг шинжээчээр томилсон нь хуульд нийцсэн байна.

Шинжээчээр томилогдсон Дамно ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээчин Ц.Т Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон, Махатма Ганди гудамжны 00дүгээр байрны 00тоот хаягт байрлах, 57.87 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 166.313.016 төгрөгөөр үнэлсэн байна.

Шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлтийг хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0-000/0000, 0-000-0000тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Ц.Б-д хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдсэн байна.

Төлбөр төлөгч Ц.Б нь хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээч Дамно ХХК-ийн үнэлгээг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Дамно ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлүүдэд заасан эрх үүргийн хүрээнд бодит үнэ цэний суурийг хэрэглэж, зах зээлийн хандлагын аргаар үнэлгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлүүдэд тус тус нийцсэн байх тул ...үл хөдлөх хөрөнгийг хэт доогуур үнэлсэн.. гэх нэхэмжлэгчийн гомдлын үндэслэл, тайлбар няцаагдаж байна.

Түүнчлэн, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх гомдлын шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нотолж чадаагүй байна.

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээч томилж, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу шинжээч дүгнэлт гарган үнэлгээ тогтоосон, дээрх ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул дээрх үндэслэлээр Ц.Б-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан НН.Ш.Ш.Г.Г холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцууан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Г.СОЛОНГО