Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01996

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01890 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н- газарт холбогдох,

Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3009 дугаар шийдвэрээр Ц.Б-оос 92,361,474 төгрөг гаргуулж Ц- ББСБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцааны хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулах зорилгоор тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2/45 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор шинжээч томилсон. Шинжээч Д- ХХК үл хөдлөх эд хөрөнгийг 166,313,016 төгрөгөөр үнэлсэн. Тухайн хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан зэх зээлийн үнэлгээг жишиг үнийн хандлагын аргыг сонгон үнэлгээг тогтоодог. Жишиг үнийн хандлагын аргаар хөрөнгийг үнэлэхдээ тухайн үл хөдлөх хөрөнгийн байршлын хувьд хамгийн ойр байрлах үл хөдлөх хөрөнгүүдээс сонгон харьцуулах нь зүйтэй байсан. Барьцааны орон сууц нь үнэгүй.мн сайтад тус хотхонд байрлах яг ижил орон сууцны 1 м.кв-ыг 3,461,538 төгрөгөөс 3,488,372 төгрөгөөр үнэлсэн байна. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 4-179/3789 дүгээр үнэлгээгээр барьцаа хөрөнгө болох 57.87 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 166,313,016 төгрөгөөр буюу 1 м.кв талбайг 2,873,907 төгрөгөөр үнэлж нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийг хэт их үнэгүйдүүлсэн, олон улсын стандартад нийцээгүй гэж үзэж байна. Иймд эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, түүний агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3009 дугаар шийдвэрээр Ц.Б-оос 92,361,474 төгрөгийг гаргуулж, Ц- ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон, Махатма ганди гудамж, 000, 00 тоот хаягт байрлах, 57.87 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураасан авсан. Талууд үнийн санал дээр тохиролцоогүй тул 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2/45 дугаар тогтоолоор Д- ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилж, үнэлгээчин үл хөдлөх эд хөрөнгийг 166,313,016 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Н- газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг буруу үнэлсэн.

4.а. Нэхэмжлэгч нь үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-д "хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх", мөн зүйлийн 9.3.8-д "хуулийн хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл" гэж заасан шаардлагад нийцээгүй гэж үзэн шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно" гэж заажээ. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан жишиг үнийн хандлагын аргаар зах зээлийн үнэ цэнийг тодорхойлдог. Олон улсын үнэлгээний стандартад заасны дагуу зах зээлийн үнэ цэнийг тодорхойлохдоо зохистой маркетинг хийсний дараа тухайн үнэлгээний өдөр, бие даасан хэлцлийн хүрээнд, сайн дурын худалдагч болон худалдан авагч нь ухамсартайгаар, ухаалгаар мөн ямар ч албадлагагүйгээр хөрөнгөө тооцоолсон дүнгээр тодорхойлдог.

Хэдий хөрөнгийн үнэлгээний тайланд харьцуулсан гурван орон сууцны худалдсан үнээс хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан гэж бичсэн боловч худалдагдсан талаар баримт байхгүй, хариуцагч нь худалдагдсан гэсэн зүйл байхгүй гэж тайлбарласан байдаг нь үнэлгээний тайлан нь үндэслэл бүхий байх, хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоог хавсаргах шаардлагыг огт хангаагүй худал тайлан гаргасан.

4.б. Анхан шатны шүүх нь "Д-" ХХК-ийг оролцуулж дээрх асуудлыг тодруулах шаардлагатай байхад ийнхүү хүсэлтийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслээгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдож байна.

2. Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч Н- газарт холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3. Н- газар нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/03009 дугаартай шийдвэр, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 183/ГХ2021/00665 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасанд нийцсэн байна.

3.а Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон, Махатма Ганди гудамжны 000-ны 00 тоот хаягт байрлах, 57.87 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21290792/04 дугаар тогтоолоор битүүмжилж /хх-36-37/, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21290792/06 дугаар тогтоолоор хураан авсан /хх-38-39/, мөн шинжээч томилсон зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд маргаагүй.

3.б. Шинжээч Д- ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийсэн эсэх, үнэлгээний тайлан хуулиар тогтоосон шаардлагад нийцсэн эсэх, хөрөнгийн үнэлгээ бодитой эсэх талаар талууд маргажээ.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

5. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлох учиртай.

5.а.Шинжээч нь барьцааны хөрөнгөд үнэлгээ тогтоохдоо зөвхөн зах зээлийн хандлагын аргыг ашигласан нь дээрх хуульд заасан шаардлагад нийцэхгүй байна.

5.б.Үнэлгээний тайланд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон, Махатма Ганди гудамжны 000-ны 00 тоот хаягт байрлах, 57.87 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцтай ижил байршилд байрлалтай 3 үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулж, зах зээлийн үнийн тохируулгыг 1.0-р тохируулав гэсэн байна. Гэтэл харьцуулж буй 3 үл хөдлөх эд хөрөнгө нь Улаанбаатар сувилал, Хурд рапид, Рапид хотхон буюу үнэлгээний обьектоос өөр өөр байршилд байна. /хх-51/

5.в.Дээрх 3 үл хөдлөх эд хөрөнгө байршилын хувьд үнэлж буй барьцааны эд хөрөнгөтэй үнэ, цэнэ ойролцоо гэж үзэж үнэлгээний тайланд тусгасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, 9.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх гэж тус тус заасан шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй.

Иймд шинжээч Д- ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Ш22-08 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан-г хүчингүй болгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.

6.Харин шинжээчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд хэргийн оролцогчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01890 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шинжээч Д- ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Ш22-08 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан-г хүчингүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н- газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-од олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД