Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2022/0891

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Б******** /РД:**********/,                                           

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад холбогдох Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/120 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгэхтэй холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц********, нэхэмжлэгч О.Б********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Монгол Улсын иргэн О.Б******** нь тус шүүхэд хандан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/120 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1 Нэхэмжлэгч О.Б******** нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/70 дугаартай тушаалаар[1] Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэгт ажилд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түр томилогдсон.

2.2. Үүний дараа Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай 356 дугаартай тогтоол[2] гарч, тус тогтоолын 1, 2 дахь заалт болон 6 дугаар хавсралтаар нэхэмжлэгч О.Б********ыг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/70 дугаартай тушаалаар Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг түр гүйцэтгэгчээр томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 43 дугаар зүйлийн 43.3.1 дэх заалтуудыг зөрчиж томилсон гэж дүгнэсэн.

2.3. Улмаар дээрх тогтоолын 3 дахь заалтаар О.Б********ыг томилсон Б/70 дугаартай шийдвэрийг хүчингүй болгохыг томилох эрх бүхий албан тушаалтанд буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад үүрэг болгож, мөн тогтоолын 6 дахь заалтаар төрийн албаны сул орон тоог чадахуйн зарчмыг баримтлан нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр өрсөлдүүлэн нөхөх арга хэмжээ авахыг даалгажээ.

2.4. Үүний дагуу Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэх тухай 362 дугаартай тогтоол[3] гарч, тус тогтоолын 1 дэх заалт болон 16 дугаар хавсралтаар 34 иргэнийг Сүхбаатар аймгийн төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэсний дотор уг хавсралтын 6-д нэхэмжлэгч О.Б********ыг бүртгэжээ.

2.5. Дээрх тогтоолуудыг гаргахын өмнө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар баталсан удирдамжийн хүрээнд Сүхбаатар аймагт ажлын хэсэг ажилласан байх бөгөөд тус ажлын хэсгийн тайлангийн Хүснэгт 9-д[4] нэхэмжлэгч О.Б********ыг албан тушаалын тодорхойлолтод заасан туршлага, боловсрол, мэргэжил, мэргэшлийн тусгай шаардлагыг хангаж байгааг тэмдэглэсэн.

2.6. Мөн тайлангийн Хүснэгт 10-ын 8.1 дэх хэсэгт[5] нэхэмжлэгч О.Б********ыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 43 дугаар зүйлийн 43.3.1 дэх заалтыг зөрчиж, төрийн албаны тусгай шалгалт /тухайн албан тушаалын/ өгөөгүй байхад төрийн захиргааны албан тушаалд томилон ажиллуулсан нь хууль бус байна гэж тэмдэглэсэн.

2.7. Үүний дараа Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай 411 дугаартай тогтоол[6] гарч, тус тогтоолын 1 дэх заалтаар нөхцөл байдлууд өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 1.1-д Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, сонгон шалгаруулалтгүйгээр, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй томилогдсон албан хаагчийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон албан үүргээс нь чөлөөлөхийг Төрийн албаны салбар зөвлөлүүдэд даалгасан.

2.8. Улмаар тус тогтоолын 1.3-т Энэ тогтоолын 1.1... -т заасан сул орон тооны мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөлд харьяаллын дагуу хүргүүлэх ..., 1.4-т Сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжийн дагуу нээлттэй зарлаж, ... сонгон шалгаруулалтад тэгш оролцох, нээлттэй өрсөлдөх боломжийг бүрдүүлэх арга хэмжээ авахыг Төрийн байгууллага, Салбар зөвлөлүүдэд даалгажээ.

2.9. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03/07 дугаартай зөвлөмжөөр[7] Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Б*******ид хаяглан, зөвлөмжийн 5-д Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 411 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээ авах-ыг зөвлөсөн.

2.10. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 03/399 тоот албан бичгээр[8] Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Б*******ид хаяглан, хариу шаардсан байна.

2.11. Улмаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаас 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Б/120 дугаартай тушаалыг[9] гаргаж, уг тушаалаар нэхэмжлэгч О.Б********ыг Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацааг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болгон, ажлаас чөлөөлсөн.

2.12. Нэхэмжлэгч дээрх Б/120 дугаартай тушаалтай маргаж байгаа бөгөөд уг тушаалын үндэслэл хэсэгт холбогдох хууль тогтоомжоос гадна Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 356, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 411 дугаартай тогтоол, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03/07 дугаартай зөвлөмжийг үндэслэсэн.

2.13. Нэхэмжлэгчийн зүгээс ... Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний зөвлөмжид О.Б******** хүний эрхийг зөрчсөн гэх үг, өгүүлбэр байхгүй. Би Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд томилогдсон. Энэ хуулийн үйлчлэл дуусаагүй байсан тул би ажиллах ёстой байсан. Би албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаж байхад ажлаас чөлөөлсөн нь буруу ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.14. Хариуцагчийн зүгээс ... Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нь хууль тогтоомж болон Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 356, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 411 дугаартай тогтоол, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03/07 дугаартай зөвлөмжийг хэрэгжүүлж ажилласан. Нэхэмжлэгч Б/120 дугаартай тушаалтай бус, харин Төрийн албаны зөвлөлийн холбогдох тогтоол, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний зөвлөмжтэй маргах ёстой байсан. Тэр эрх нь нээлттэй байсан ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1 Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Намайг ажлаас чөлөөлсөн тушаал нь Хүний эрхийн үндэсний комиссын зөвлөмж, Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг үндэслэж гарсан. Хүний эрхийн үндэсний комиссын зөвлөмжид О.Б******** хүний эрхийг зөрчсөн гэдэг үг, өгүүлбэр нэг ч байхгүй. Мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байсан өмнөх гурван дарга гурвуулаа Авлигатай тэмцэх газарт шалгагдсан. Би ажил аваад н.Өлзиймөнхтэй холбоотой зөрчлийг илрүүлсэн. Авлигатай тэмцэх газарт хэрэг нь шилжиж шалгагдаж байгаа. Намайг Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байсан. Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын үе үеийн дарга нар авлигын хэрэгт холбоотой байдаг, үүнд нь ажилтан, албан хаагчид нь оролцсон байдаг. Тийм учраас гаднаас хүн томилж оруулахгүй бол дотроосоо хүн томилогдоод үргэлжлээд явдаг гэсэн мэдээлэл манай удирдлагын зүгээс тавьсан. Ингээд намайг Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Намайг уг ажилд томилсон шалтгаан нь ажлын байрны тусгай шаардлагыг хангаж байгаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар дөрвөн жил ажилласан. Хоёр жилийн хугацаанд ковид, цар тахлын нөхцөлд хүүхэд хамгааллын ажлыг хийсэн, мөн соён гэгээрүүлэх ажлыг хийсэн, Мэргэжлийн хяналтын газрын даргын ажлыг ковидын нөхцөлд хийх бүрэн боломжтой гэдэг үндэслэлээр үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Намайг ажилд томилсон тушаал нь Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэлийн хүрээнд ажиллана гэдэг тушаал байдаг. Тийм учраас Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл дуусаагүй байгаа учраас би энэ ажил, албан тушаалд үүрэг гүйцэтгэгч хэвээр байх ёстой гэж үзсэн. Намайг ажлаас чөлөөлсөн үндэслэлийг хүний эрх зөрчсөн гэж ярьдаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга өрөөндөө дуудаад чи багш хүн байж яагаад хүний эрх зөрчдөг юм гэдэг байдлаар надаас зарга асуусан. Би хүний эрх зөрчих байтугай эсрэгээрээ хүний эрхийг хамгаалж явсан хүн. Мөн Сүхбаатар аймагт хүний эрхийн зөрчил байвал түүнээс өмөөрч, хамгаалж, хүний эрхийн төлөө тэмцэж явсан болохоос хүний эрх зөрчсөн үйлдэл нэг ч удаа гаргаж үзээгүй. Мэргэжлийн хяналтын газарт намайг анх очиход маш их хүний эрхийн зөрчилтэй, бие биеэ ялгаварлан гадуурхдаг, ажлын байран дээр нь дарамталдаг, бие биеэ янз бүрийн байдлаар хохироосон, албан тасалгаа, өрөөнд нь бичлэг хийдэг нөхцөл байдлууд байсан. Хоорондоо хүмүүс нь эв түнжингүй, нэг нэгнээ үзэн ядсан нөхцөл байдалтай байсан. Энэ бүрийг засаж, залруулна уу, яагаад гэвэл чи харилцаа, ёс зүйн талаар ажлыг аймгийн хэмжээнд дөрвөн жилийн хугацаанд хийсэн учраас энэ ажлыг хийх боломжтой юм гэдэг байдлаар манай удирдлагууд санал тавьсан. Үүний дагуу би Мэргэжлийн хяналтын газарт очсон. Энэ хугацаанд ямар ч байсан тухайн байгууллагыг эмх, цэгцэд оруулсан, хүмүүс нь бие биеэ хүндэлдэг болгож чадсан. Энэ талаар би Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Хүний эрхийн үндэсний комисст тайлбар бичсэн. Манай албан хаагчид 34 хүн байгаа. Тэр хүмүүс бүгдээрээ О.Б******** гэдэг хүн манайд ирснээс хойш Мэргэжлийн хяналтын газарт байсан зөрчил арилсан, хүний эрхийг хангаж ажилласан, бид нарыг ажлын байран дээр бүх талаар дэмжиж, тусалж ажилласан гэдэг тайлбараа Хүний эрхийн үндэсний комисст гаргасан. Би Хүний эрхийн комисст очиход манай зөвлөмжид өөрийг чинь буруутгасан нэг ч үг, өгүүлбэр байхгүй гэдэг тайлбарыг хэлдэг. ТВ9 телевизэд ажлаас чөлөөлөгдсөн талаараа гомдол гаргасан. Энэ үед ТВ9 телевизийнхэн Хүний эрхийн үндэсний комиссын ажилтнаас тодруулга, тайлбар авсан байдаг. Уг тайлбарыг би нотлох баримтаар бичлэгээр хэргийн материалд хавсаргаж өгсөн. Уг бичлэг дотор О.Б******** гэдэг хүнийг Хүний эрхийн комисс ямар нэгэн байдлаар буруутгасан зүйл байхгүй, байгууллагатай нь холбоотой зөрчил байсан болохоос биш надтай холбоотой зөрчил байгаагүй гэдгийг нотлон ярьсан байдаг. Миний өмнө ажиллаж байсан н.Өлзиймөнх даргын хувьд маш их санхүүгийн зөрчилд холбогдсон, манайх 60 гаруй сая төгрөгийн зөрчлийг дотоод хяналтаар илрүүлсэн, уг дотоод хяналтаар илрүүлсэн зөрчлийг нь Авлигатай тэмцэх газарт шалгуулж байх явцад та нарын илрүүлсэн 60 гаруй сая төгрөг ямар ч юм биш, энэ нь юу ч биш, харин ч энэ хүн хэдэн зуун сая төгрөгийн юмыг будилуулсан байна гэдэг нь нотлогдсон гэж намайг ажиллаж байх үед шалгаж байсан комиссоос танилцуулсан. Ингээд энэ хүн хувийн өс хонзонгоор намайг ажлаас чөлөөлөх бүх талын арга хэмжээ авч, хандаагүй газар байхгүй, хандаж болох бүх газарт гомдол бичдэг. Түүний бичсэн гомдлууд бүгд худлаа байдаг, дандаа өөрөө зохиогоод ор үндэслэлгүй юм бичдэг. Намайг ажилд авах үед манай ажилчид энэ хүн маш хэцүү юм хийдэг, та болгоомжтой байгаарай гэж хэлж байсан. Би тухайн үед би ажил хэргээ ярихаас биш ямар нэгэн байдлаар буруу юм хийлгэхгүй, тийм учраас санаа зовох хэрэггүй гэж хэлж байсан. Бичлэг хийх үед тоогоогүй. Гэтэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ О.Б******** намайг ялтан болгоно, шороонд хатаана гэх мэт миний бодож санаж байгаагүй үг, өгүүлбэрүүдийг бичсэн байдаг. Тэгэхээр энэ зүйл нь тухайн нөхцөлд хүмүүсийн дургүйцлийг төрүүлэх, хүний сэтгэл зүйд нөлөөлөх ажлыг хийсэн байна гэж ойлгож байна. Бичлэг байгаа гэдэг. Гэхдээ тэр бичлэг нь ерөөсөө байдаггүй, хаана ч байдаггүй. Ажлаас чөлөөлөгдсөн талаараа шүүхэд гомдол гаргасан. Тэрэндээ нотлох баримт болгож гаргаж өгөөгүй. Гаргаж өгье гээд ч тийм нотлох баримт байхгүй. Хариу тайлбартаа хэрвээ тийм бичлэг байгаа бол тэр бичлэгээ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд өгье, яагаад гэвэл би хэн нэгэн хүнд ямар нэгэн байдлаар муу муухай үг хэлж байгаагүй учраас тийм бичлэг байх ёсгүй. Тэгэхээр энэ бичлэгийг хянадаг газраар нь хянуулъя, магадгүй миний үг, өгүүлбэрийг нийлүүлээд ямар нэгэн байдлаар эвлүүлэг хийсэн байх магадлалтай эсвэл надтай адилхан дуу хоолойтой хүнээр бичүүлээд явж байх магадлалтай. Тийм учраас бичлэг байгаа бол бичлэгийг хянуулъя, шалгуулъя гэсэн. Хэрвээ тийм бичлэг байсан бол тэр хүн намайг өөрийг нь халахаас өмнө олон нийтийн сүлжээнд тавих хэмжээний ёс зүйн зөрчил, хүмүүжилтэй хүн юм. Тийм учраас би хилс хэрэгт гүтгэгдэж ажлаасаа чөлөөлөгдсөн гэж үзэж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын гол үндэслэл нь намайг загнасан, зандарсан, чи хүний эрх зөрчсөн гэдэг зүйлийг яриад байсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/120 дугаар тушаалыг хүчингүй болгож, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь 6 дугаар сарын 17-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн агуулгаас нэлээн халиад явчих шиг боллоо. Нэхэмжлэлийн агуулга нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нь Хүний эрхийн үндэсний комиссын зөвлөмж, Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг баримтлаад чөлөөлчхөөд байгаа асуудал миний эрх, ашгийг хөндөөд байна гэж маргасан байна. Тэгэхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэр дээр Төрийн албаны зөвлөлийн 356 дугаар тогтоол ирсэн. Энэ тогтоолд Төрийн албаны зөвлөлийн шаардлагыг хангаагүй хүнийг томилсон байна, энэ хүнийг яаралтай ажлаас нь чөлөөлж сул орон тоог бий болго гэсэн албан шаардлага 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ирсэн. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 03/07 дугаар зөвлөмжид н.Өлзиймөнхийн гомдолтой Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналын газрын дарга О.Б******** газрын даргаар хууль бусаар томилогдон ирснээс хойш дарамт шахалт үзүүлсэн гэж өргөдөл гаргаад, өргөдлийн дагуу Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул зөвлөмж гаргасан байна. Уг зөвлөмжийн 6 дахь хэсэгт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/70 дугаар тушаалаар томилогдсон Очирбатын Балжиннямыг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг ингэж зөрчиж томилогдсон байх тул сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй томилогдсон албан хаагчийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон албан үүргээс нь чөлөөлж, сул орон тоог нөхөхийг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд даалгасан байна гэсэн зөвлөмж хүргүүлсэн байдаг. Тэгэхээр Төрийн албаны зөвлөл Хүний эрхийн үндэсний комиссын зөвлөмжийг манайх хэрэгжүүлсэн. Манайх 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 03/1235 дугаар албан бичгийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Танай 2021 оны 356, 411 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан О.Б********ыг албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацааг дуусгавар болгосон шийдвэрийг хавсралтаар хүргүүлж байна гэсэн. Өөрөөр хэлбэл Хүний эрхийн үндэсний комиссын зөвлөмж, Төрийн албаны зөвлөлийн тогтоолын хэрэгжилтийг манай байгууллага хангасан. Тэгэхээр нэхэмжлэгч талын зөрчигдсөн эрх Төрийн албаны зөвлөлийн тогтоолд байсан юм биш үү. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргах ёстой байсан юм биш үү. Хүний эрхийн үндэсний комиссын зөвлөмжид гомдлоо гаргаад зөрчигдсөн эрхээ тэрүүгээр сэргээлгэх ёстой байсан юм биш үү. Манайх Төрийн албаны зөвлөлийн тогтоол, Хүний эрхийн үндэсний комиссын зөвлөмжийг хэрэгжүүлсэн. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Маргаж буй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Б/120 дугаартай тушаалын эрх зүйн голлох үндэслэлүүдийг үзвэл, Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 356, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 411 дугаартай тогтоол, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03/07 дугаартай зөвлөмж байна.

2. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно: гэжээ.

3. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно., 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө: гээд мөн зүйлийн 27.1.1 дэх заалтад төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс; гэж зохицуулжээ.

4. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, аливаа төрийн захиргааны албан тушаалд ажиллах иргэнийг тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан эсэхийг тогтоосны үндсэн дээр сонгон шалгаруулалт явуулж томилох, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл Төрийн албаны тухай хуульд заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс нөхөх зарчимтай байна.

5. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна. гэж, мөн зүйлийн 33.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалт доор дурдсан төрөлтэй байна: гээд мөн зүйлийн 33.2.2 дахь заалтад тусгай шалгалт. гэжээ.

6. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай 356 дугаартай тогтоолыг гаргаж, тус тогтоолын 1, 2 дахь заалт болон 6 дугаар хавсралтаар нэхэмжлэгч О.Б********ыг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/70 дугаартай тушаалаар Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг түр гүйцэтгэгчээр томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 43 дугаар зүйлийн 43.3.1 дэх заалтуудыг зөрчиж томилсон гэж дүгнэсэн, улмаар дээрх тогтоолын 3 дахь заалтаар О.Б********ыг томилсон Б/70 дугаартай шийдвэрийг хүчингүй болгохыг томилох эрх бүхий албан тушаалтанд буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад үүрэг болгож, мөн тогтоолын 6 дахь заалтаар төрийн албаны сул орон тоог чадахуйн зарчмыг баримтлан нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр өрсөлдүүлэн нөхөх арга хэмжээ авахыг даалгажээ.

7. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар баталсан удирдамжийн хүрээнд Сүхбаатар аймагт ажлын хэсэг ажилласан байх бөгөөд тус ажлын хэсгийн тайлангийн Хүснэгт 10-ын 8.1 дэх хэсэгт[10] нэхэмжлэгч О.Б********ыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 43 дугаар зүйлийн 43.3.1 дэх заалтыг зөрчиж, төрийн албаны тусгай шалгалт /тухайн албан тушаалын/ өгөөгүй байхад төрийн захиргааны албан тушаалд томилон ажиллуулсан нь хууль бус байна гэж тэмдэглэсэн байгаа зэрэг үйл баримтуудаас үзэхэд, маргаж буй Б/120 дугаартай тушаал нь Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтуудад нийцсэн буюу уг тушаалыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

8. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч О.Б******** нь төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан боловч сонгон шалгаруулалтгүйгээр буюу төрийн албаны тусгай шалгалт өгөхгүйгээр томилогдсон болох нь тогтоогдож байна.

9. Гэхдээ сонгон шалгаруулалтгүйгээр томилогдох болсон бодит шалтгаан нь Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэлтэй холбоотой байх боловч Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай 411 дугаартай тогтоолыг гаргаснаар дээрх нөхцөл байдлыг зөвтгөх үндэслэл арилсан байна.

10. Тодруулбал, дээрх тогтоолын 1 дэх заалтаар тодорхой нөхцөл байдлууд өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 1.1-д Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд ... сонгон шалгаруулалтгүйгээр ... томилогдсон албан хаагчийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон албан үүргээс нь чөлөөлөхийг Төрийн албаны салбар зөвлөлүүдэд даалгасан байгаагаас үзэхэд, энэ заалт нь нэхэмжлэгч О.Б********д шууд хамааралтай байна.

11. Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн ... би төрийн албаны тусгай шаардлагыг хангасан байхад намайг чөлөөлсөн нь үндэслэлгүй ... гэх агуулгатай тайлбарыг хүлээн авах боломжгүй.

12. Учир нь, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт зохицуулсан тусгай шаардлага, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь заалтад зохицуулсан тусгай шалгалт гэх ойлголтууд нь хууль зүйн агуулгаараа өөр хоорондоо ялгаатай ойлголт бөгөөд Төрийн албаны зөвлөлийн холбогдох хяналт шалгалтаар нэхэмжлэгч О.Б********ыг албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан гэж тэмдэглэсэн болохоос бус, тусгай шалгалт өгсөн гэж дүгнээгүй /бодит байдалд нэхэмжлэгч нь тусгай шалгалт өгөөгүй/ болно.

13. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 411 дугаартай тогтоолын 1.3-т Энэ тогтоолын 1.1... -т заасан сул орон тооны мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөлд харьяаллын дагуу хүргүүлэх ..., 1.4-т Сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжийн дагуу нээлттэй зарлаж, ... сонгон шалгаруулалтад тэгш оролцох, нээлттэй өрсөлдөх боломжийг бүрдүүлэх арга хэмжээ авахыг Төрийн байгууллага, Салбар зөвлөлүүдэд даалгасан байх боловч Сүхбаатар аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаагүй, зарлуулах талаар нэхэмжлэгч О.Б********ын зүгээс маргаж байгаагүй байна.

14. Түүнчлэн, нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 356, 411 дугаартай тогтоолуудтай маргах эрх нээлттэй байсан боловч тэдгээртэй ямар нэг хэлбэрээр маргаж байгаагүй үйл баримт тогтоогдсон болно.

15. Тиймээс энэ тохиолдолд Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ. гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлөөс гаргасан 2021 оны 356, 411 дугаартай тогтоолуудыг биелүүлж гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/120 дугаартай тушаалыг буруутгах үндэслэлгүй байна.

16. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03/07 дугаартай зөвлөмжөөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Б*******ид хаяглан, тухайн зөвлөмжийн 5-д Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 411 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээ авах-ыг зөвлөсөн байгаагаас үзэхэд, түүнийг хэрэгжүүлж гарсан маргаан бүхий Б/120 дугаартай тогтоолыг хуульд нийцээгүй гэж үзэх боломжгүй байна.

17. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.2, 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 27.1.1 дэх заалт, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2 дахь хэсэг, 33.2.2 дахь заалт, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Б********аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/120 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ