Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2023/0261

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Бын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч О.Б

Нэхэмжлэгч: О.Б

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/120 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 891 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0595/З

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.Б нь “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/120 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 626 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.2, 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 27.1.1 дэх заалт, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2 дахь хэсэг, 33.2.2 дахь заалт, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Баас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 891 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдлыг гаргаж байна.

3.1. Нэхэмжлэгч О.Б нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/120 дугаар тушаал болон түүнийг үндэслэж гаргасан Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 356 дугаар, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 411 дүгээр тогтоол, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03/07 дугаартай зөвлөмжийг хүлээн зөвшөөрөхгүй, Хүний эрхийн үндэсний комисс өөрт олгогдсон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласан талаар нэхэмжлэл болон тайлбар, шүүх хуралдаанд үндэслэл бүхий тайлбарлан мэдүүлсээр байхад анхан шатны шүүх үндэслэл бүрээр тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхсэн талаар огт дурдаж дүгнэж өгөөгүй юм.

3.2. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй хэдий ч энэ үүргээ биелүүлээгүй, шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Мөн нэхэмжлэгч нь шүүхэд сул орон тоо гаргаагүй, өмнөх даргыг албан тушаалын үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн байсан учир Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч байсан гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй. Ийм байхад урьд энэ албан үүргийг гүйцэтгэж байсан н.Сарантуяаг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу албан тушаалаас нь бууруулсан, чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан эсэх талаарх баримтыг цуглуулаагүй /шүүх сул орон тоог нөхөхийн тулд сонгон шалгаруулалт зарлах байсан, нэхэмжлэгчийг тусгай шалгалт өгөөгүй гэсэн дүгнэлтийг хийсэн нь баримт байхгүй байхад шууд ийнхүү дүгнэх боломжгүй байсан гэж үзсэн/. Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанчлан Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаагүй, зарлуулах талаар нэхэмжлэгч О.Бын зүгээс маргаж байгаагүй гэж дээрх баримтыг цуглуулахгүйгээр дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч О.Б шүүхэд эх сурвалжийг заах үүргээ биелүүлэн, хатуу дискт хуулагдсан мэдээллийг эд мөрийн баримт гэж хүргүүлэн өгсөн хэдий ч хавтаст хэргийн ар талд нь хавсаргасан болохоос хуульд зааснаар түүнийг бэхжүүлэн аваагүй, түүнд ямар баримт байсан талаар болон түүнийг хэрхэн үнэлсэн талаар бас шүүхийн шийдвэрт эд мөрийн баримтыг хэрхэх талаар огт тусгагдаагүй болно.

Нэхэмжлэгч нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа иргэн нь мөн л Төрийн албаны тухай хуулийн шаардлагад нийцээгүй, тусгай шалгалтыг өгөөгүй хүнийг тавьсан гэж маргаж байхад анхан шатны шүүх түүнийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй хэргийн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Төрийн албаны зөвлөлийн 356, 411 дүгээр тогтоолууд нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 43 дугаар зүйлийн 43.3.1 дэх заалтыг зөрчсөн гэдэг бөгөөд нэхэмжлэгч нь мөн шүүхэд гаргасан тайлбараар байгууллагын даргын албан үүргийг түүний дэд дарга, орлогч түр орлон гүйцэтгэх хэдий ч тухайн байгууллагад ажиллуулах хүн байхгүй талаар учир холбогдлыг нь тайлбарлан мэдүүлсэн байхад мөн тэрхүү үндэслэлд дүгнэлтийг огт хийгээгүй байдаг. Нөгөөтэйгүүр О.Быг ажил үүргээ гүйцэтгэх хугацааг дуусгавар болгосон үндэслэл болсон 356 дугаар тогтоол гарсан өдөр мөн төрийн албаны нөөцөд бүртгэх тухай 362 дугаар талаар Төрийн албаны зөвлөлийн тогтоол гарч шийдвэрлэгдсэн үйл баримтыг Захиргааны байгууллага нь сонгох шийдвэр гаргаж болох байсан талаар мөн захиргааны үйл ажиллагаанд оролцогчдын эрхийг аль болох хангахад чиглэсэн зарчмууд болох эрх, ашиг сонирхол хөндөгдсөн этгээдийг сонсох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, иргэдийн хууль ёсны итгэлийг хамгаалах, эрх зүйн байдлыг нь дордуулахгүй байх зарчмыг хэрэгжүүлэх боломж байсан, түүнийг хэрхэн үзсэн талаар шүүх мөн л дүгнэлт хийгээгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 891 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч О.Б нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад холбогдуулан “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/120 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Анхан шатны шүүх “... Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.2, 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 27.1.1 дэх заалт, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2 дахь хэсэг, 33.2.2 дахь заалт, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасантай нийцсэн байна.

3.1. Хэргийн үйл баримтаас үзвэл маргаан бүхий Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/120 дугаар тушаалаар Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Бын албан үүрэг түр орлон гүйцэтгэх хугацааг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болгож, ажлаас нь чөлөөлжээ.

3.2. Ингэхдээ хариуцагчаас Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 356 дугаар тогтоол мөн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 411 дүгээр тогтоол, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03/07 дугаартай зөвлөмжийг тус тус үндэслэн тушаал гаргасан байх ба актын үндэслэлээ “... манайх Төрийн албаны зөвлөлийн тогтоол, Хүний эрхийн үндэсний комиссын зөвлөмжийг хэрэгжүүлсэн. Тэгэхээр нэхэмжлэгчийн эрхийг Төрийн албаны зөвлөлийн тогтоол зөрчсөн буюу тэнд гомдлоо гаргах ёстой байсан” гэж тайлбарлаж маргасан байна.

4. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд дор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө” гээд 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалын нөөцөд байгаа иргэдээс”, 33 дугаар зүйлийн 33.3-д “... тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна”, мөн хуулийн 3.1.3-д “чадахуйн зарчим /мерит/” гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага ажлын үр дүнд тулгуурлахыг” гэж тус тус заасан.

4.1. Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч О.Быг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/70 дугаар тушаалаар Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо хуулийн дээрх шаардлагыг хангаагүй буюу төрийн албаны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, тусгай шалгалт авалгүйгээр томилсон болох нь тогтоогдож байна.

4.2. Ингэж томилогдох болсон үндэслэл нь Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд сонгон шалгаруулалтгүйгээр томилох зохицуулалт хэрэгжиж байсан.

4.3. Улмаар Төрийн албаны зөвлөлийн 2021 он 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 356 дугаар тогтоол гарч, уг тогтоолын 6 дугаар хавсралтад нэхэмжлэгч О.Б Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалтуудыг зөрчиж томилогдсон гэж, дараа нь мөн Төрийн албаны зөвлөлийн 2021 он 12 дугаар сарын 30-ны өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 411 дүгээр тогтоол гарч, уг тогтоолын 1.1 дэх заалтаар “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй сонгон шалгаруулалтгүйгээр, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй томилогдсон албан хаагчийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон албан үүргээс нь чөлөөлөх”-ийг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдэд даалгасан шийдвэрүүд нь нэхэмжлэгч О.Бд шууд хамааралтай байна.

4.4. Түүнчлэн Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03/07 дугаар зөвлөмжийн 5 дахь хэсэгт дээрх Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 411 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээ авахыг мөн адил зөвлөжээ.

4.5. Энэ үндэслэлээр гарсан маргаан бүхий Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/120 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5. Нэхэмжлэгч О.Б нь шүүхэд гаргасан гомдолдоо “... анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн буюу нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн ... хэрэгт авагдсан Хүний эрхийн үндэсний комиссын н.Уламбаярын өгсөн тайлбарыг бичсэн CD бичлэгт үзлэг хийгээгүй” гэж тайлбарлан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүссэн байна.

5.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан.

5.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, эсхүл шүүхийн журмаар гаргуулах, нотлох баримтад үзлэг хийлгэх хүсэлт гаргах эрх нь нээлттэй боловч энэ талаар хүсэлт гаргаагүйгээс гадна анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй, нотлох баримт дутуу бүрдүүлсэн гэж үзэх боломжгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул  шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 891 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ