Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2022/01849

 

 

 

 

 

 

 

 

  2022 оны 06 сарын 08 өдөр               Дугаар 183/ШШ2022/0000                 Улаанбаатар хот

 

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, Улаанхуарангийн 000 тоот хаягт оршин суух Б ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 00 дүгээр хороо, 0 дугаарх хороолол, хасбаатар гудамж, 00 дүгээр байр, 00 тоот хаягт Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, 0 хэсэг, 0 дугаар байр, 0 тоот хаягт түр оршин суух Н /РД:0000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 115,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 0ы өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Хариуцагч: Г.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б нь хариуцагч Г.Нд холбогдуулан 115,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Нэхэмжлэгч Б нь 2015 онд хариуцагч Г.Н тохиролцож, газар худалдах худалдан авах гэрээ байгуулан 2015 оны 01 дүгээр сарын 21, 26, 29-ний өдрүүдэд нийт 200,000,000 төгрөгийг хариуцагчид төлж барагдуулсан. Гэтэл хариуцагч Г.Н нэхэмжлэгчид худалдан борлуулахаар тохиролцсон газар нь өөр этгээдийн барьцаанд бүртгэлтэй байсан нь тогтоогдож, худалдах, худалдан авах гэрээний дагуу талууд хүссэн үр дүндээ хүрэх боломжгүй болсон. Ингээд гэрээ цуцлагдсантай холбоотойгоор Г.Н нь шилжүүлэн авсан 200,000,000 төгрөгийг буцаан төлөхгүй байсан тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, 2016.10.11-ний өдрийн 101/ШШ2016/06145 дугаартай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу иргэн Г.Нгээс 200,000,000 төгрөгийг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд иргэн Г.Н нь нэхэмжлэгч Б –ийн эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгийг суллуулж өгөхийг хүсэж, эд хөрөнгөө суллуулан авсны дараагаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд төлөгдөөгүй өр төлбөрийг болон нэхэмжлэгч байгууллагад учруулсан хохирол төлбөрийг тооцож барагдуулах талаар хүсэлт гаргасан. Хариуцагч Г.Нгээс гаргасан хүсэлтийг үндэслэн талууд харилцан тохиролцож, шийдвэр гүйцэтгэх байгууллагад битүүмжлэгдсэн эд хөрөнгүүдийг суллуулан өгч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгон Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу төлбөл зохих мөнгөн төлбөр төлөх үүргийг өөрчлөн 2019.02.01-ний өдөр Төлбөр төлөх баталгааг байгуулсан. Гэтэл Г.Н үүргийн гүйцэтгэлийг өөрчлөн тохиролцсон үүргээ одоог хүртэл биелүүлээгүй бөгөөд хамгийн сүүлд 2021.06.16-ны өдөр Төлбөр төлөх хэлцлийг нэхэмжлэгчтэй байгуулсан ба тус хэлцэлд төлөгдөөгүй төлбөр болох 115,000,000 төгрөгийг 2021.07.10-ны өдрийн дотор төлж барагдуулна гэж тусгасан боловч нэхэмжлэгчийн эрхийг одоог хүртэл зөрчсөөр байна. Иймд хариуцагч Г.Нгээс 115,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Анх Б-ийн зүгээс нийт 263,225,506 төгрөгийг Г-иас нэхэмжилсэн ба 2016.10.11-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/06145 дугаартай шийдвэр хэрэгжиж Георесурс  ХХК, Б-ууд хоорондоо төлбөрийн маргаангүй болсон байдаг. Үүнийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн Б-ийн албан тоот бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын тодорхойлолтоос тодорхой харж болно. Нэхэмжлэлд дурдсанчлан Г-аас Б-д шилжүүлэхээр тохиролцсон газар нь бусдын барьцаанд байгаагүй бөгөөд энэ нь Нийслэлийн өмчийн харилцааны газраас Б-д илгээсэн 2015.02.24-ний өдрийн 5/986 тоот албан бичигт хойшлуулсан шалтгаанаа тодорхой дурдсан байдаг. Б-ийн удирдлагууд Г.Н намайг олон удаа цагдаагийн байгууллагад дуудуулах, түүнчлэн танил тал, хуучин цагдаагийн байгууллагад ажиллаж байсан нэр нүүрээ ашиглан чамайг хориулж байгаад мөнгө авна, шоронд хийнэ гэх мэтээр заналхийлэх, элдэв танихгүй хүмүүсээр яриулж их хэмжээний мөнгө нэхүүлэх зэргээр дарамталдаг байсан. Энэ үйлдлийг нь шалгуулахаар тухайн үед Г.Н Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст 7036 дугаарт өргөдөл гаргасан боловч, 2018.11.02-нд хаалгасан байдаг. Б-ийн зүгээс Г.Н биднийг залилсан гэх утгатай гомдлыг 2019.05.06-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасны дагуу 190602683 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан бөгөөд энэ хэргийг Баянзүрх дүүргийн прокуророос бүтэн жил орчим хугацааны дараа хянаад 2020.04.21-ний өдөр гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж шийдвэрлэсэн байдаг. Г.Буянбадралын гаргасан нэхэмжлэлд хавсаргасан 2017.01.12-ны өдрийн зээлийн гэрээ, 2018.01.10-ны өдрийн зээлийн гэрээний сунгалт гэгчийг Б-ийн удирдлагууд намайг дарамталж хууль бусаар байгуулуулсан бөгөөд энэ гэрээг ашиглан, намайг өөрсдөөсөө мөнгө зээлсэн мэтээр хуурамч баримт бүрдүүлж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд 2018.10.17-ны өдөр 305,49,316 төгрөг Г.Нгээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг тус шүүхээс хэлэлцээд 2018.12.11-ний өдөр 183/ШШ2018/02773 дугаартай шийдвэр гаргаж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Дээрх гэрээнүүдийг энэхүү нэхэмжлэлд хавсаргасан мөртлөө, энэ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болохыг тогтоож, шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2018/00000 дугаартай шийдвэрийг хавсаргаагүй нь өөрсдийнхөө хууль бус үйлдлийг нуун дарагдуулах, түүнчлэн шүүхийг төөрөлдүүлэх гэсэн зорилготой байна гэж үзэж байна. Энэхүү шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрүүдээр Г ХХК, Б, Г.Н бидний хооронд байсан маргааныг шүүхээс нэг мөр эцэслэн шийдвэрлэсэн билээ. Б-ийн удирдлагууд миний эхнэр болон над руу нэрээ үл хэлэх танихгүй этгээд явуулж их хэмжээний мөнгө нэхэж удаа дараалан дарамталж, заналхийлээд байсан тул миний зүгээс Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2021.06.14-ний өдөр 00000000 дугаартай гомдол гаргасан билээ. Үүнээс хойш хэдхэн хоногийн дараа Б-ийн удирдлагууд 2021.06.16-нд оффис дээрээ намайг авчран төлбөр төлөх хэлцэл, тодорхойлолт зэргийг хүчээр байгуулсан юм. Эдгээр баримт бичгүүдэд тусгасан мөнгийг би нэхэмжлэгчээс огт аваагүй, шүүхийн хүчин төгөлдөр байгаа шийдвэрүүдээр би энэ компанийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй учир хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Цаашид хэн нэг этгээдүүд миний гэр бүлийн аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндэд ямар нэгэн хор, хохирол учруулбал энэ компанийн удирдлагууд шууд холбоотой гэдгийг би шүүхэд албан ёсоор мэдэгдмээр байна. Энэ компанийн зарим удирдах албан тушаалтай хүмүүс иргэн, хуулийн этгээдээс ямар нэг аргаар мөнгө салгах өөрийн гэсэн бусармаг, хууль бус арга хэрэглэдэг гэдгийг би өөрийн биеэр харлаа. Үүнийг Монгол улсын шүүхээс гаргасан хүчин төгөлдөр шийдвэр ч нотолж байгаа билээ. Нэгэнт Монгол Улсын хуулийн байгууллагаар хэрэг, маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд гарсан байтал хууль, шүүхийг үл хүндэтгэн дахин дахин үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө Г.Нгээс нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Б-ийн шүүхэд гаргасан 115,000,000 төгрөг Г.Н надаас гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчийн 2021.06.16-ны өдрийн Төлбөр төлөх хэлцэл, 2021.06.16-ны өдрийн Г.Н гараар бичсэн тодорхойлолт, 2019.02.01-ний өдрийн Төлбөр төлөх баталгаа, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2014.01.21-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ, 2016.10.11-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/0000000 дугаартай шийдвэр, 2017.01.12-ны өдрийн №ИГ-2017/02 тоот зээлийн гэрээ, 2018.01.10-ны өдрийн №ИГ-2017/02-01 тоот Зээлийн гэрээний сунгалт, 2021.11.23-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2021/14509 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, 2019.02.01-ний өдрийн төлбөр төлөх баталгаа зэрэг нотлох баримтуудыг,

Хариуцагчаас 2022.04.03-ны өдрийн Г-ийн №02/22 тоот  тодорхойлолт, 2010.07.01-ний өдрийн Г-ийн №12/10 тоот тушаал, 2015.02.24-ний өдрийн 5/986 тоот албан бичиг, 2015.03.31-ний өдрийн 5/1794 тоот албан бичиг, 2017.01.17-ны өдрийн №02/018 тоот албан бичиг, 2017.06.13-ны өдрийн №02/187 тоот албан бичиг, 2017.06.13-ны өдрийн 1/17122 тоот албан бичиг, 2020.04.21-ний өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 1817 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, 2018.12.11-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2018/02773 дугаартай шийдвэр, 2021.06.19-ний өдрийн Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай 1340 дугаартай тогтоол, 2022.04.05-ны өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, төлбөрийн баримтууд, 2016.10.11-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан гомдол, өргөдөл  зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч Б хариуцагч Г.Нд холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Г.Нд холбогдох Б-ийн гаргасан 115,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Нгээс 2021.06.16-ны өдрийн төлбөр төлөх хэлцлийн дагуу 115,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч Г.Н нь Б-ийн зүгээс намайг Г-ийн хувьцаа эзэмшигч гэдгийг мэднэ. Нэхэмжлэгч компанийн зүгээс намайг дарамталсан, мөн гаражид түгжсэн. Хүч хэрэглэж, гарын үсэг зуруулсан. Намайг сүрдүүлж дарамталдаг. Уг компанийг би хохироогоогүй. Би нэг ч төгрөг аваагүй. Би Г-ийн төлбөрийг төлөх үүрэггүй  хэмээн маргажээ.   

 

Төлбөр төлөх хэлцлээр “Г-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа Б-д газар худалдах зорилгоор 200,000,000 төгрөгийг өөрийн нэр дээрхи Голомт банкны дансаар болон туслахаараа дамжуулан бэлнээр авсан бөгөөд тухайн үед газар нь маргаантай байсны улмаас шилжүүлэн өгөх боломжгүй болсон нь үнэн” , “Тухайн гэрээнд заасан газар нь төлбөр хүлээн авагчид шилжих боломжгүй болсонтой холбоотой 200,000,000 төгрөгийг буцаан өгөхөөр тохиролцож, ... нийт 115,000,000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 10-ны дотор хэрэв энэ хугацаанд амжихгүй бол 8 сарын 10-ны дотор эцсийн хугацаа болгон төлөхөө үүгээр баталж байна” гэж заасан хэлцлийн дагуу нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлж байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл Г нь өөрийн эзэмшлийн 727 м.кв газар эзэмших эрхээ шилжүүлэхээр эрх худалдах-худалдан авах гэрээ байгуулж, эрх худалдан авсан гэрээний төлбөрийг Б.Эрдэнэзаяад бэлнээр 85,000,000 төгрөг, Г.Нд 115,000,000 төгрөг харилцах дансаар тус тус Б шилжүүлсэн байх бөгөөд уг гэрээний маргааныг шүүх шийдвэрлэж, Г-иас газрын эрх худалдан авсан төлбөрт шилжүүлсэн нийт 200,000,000 /Б.Эрдэнэзаяад 85,000,000 төгрөг, Г.Нд 115,000,000/ төгрөгийг гаргуулж Б-нд олгож шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 6145 дугаар шийдвэр, уг шийдвэр бүрэн биелэгдсэн Б-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 02/187 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 34, 54-56 хуудас/

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй”, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” хэлцэл байгуулсан бол уг хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ. Хариуцагч шаардах эрхийн үндэслэл болгосон 2021.06.16-ны өдрийн хэлцлийг нэхэмжлэгч талаас үл таних хүмүүсээр дарамтлуулж гарын үсэг зуруулсан гэх тайлбар нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2021.06.19-ний өдрийн 1340 дугаар тогтоолоор тогтоогдож байх тул 2021.06.16-ны өдөр байгуулсан хэлцэл нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болжээ./х.х-ийн 39 хуудас/

 

Түүнчлэн дээрх маргаан бүхий 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дагуу шаардаад байгаа үүргийн харилцааг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 6145 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр биелэгдсэн байх тул шүүх дахин уг маргааныг шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б-ийн Г.Нд холбогдуулан 115,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 732,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Нгээс 115,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 732,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай

                                

 

 

 

 

 

                        ШҮҮГЧ                              Ц.О