Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/01635

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/01635

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/01849 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б ХХК

Хариуцагч: Г.Нд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Төлбөр 115,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б ХХК нь 2015 онд Г.Нтэй газар худалдах-худалдан авах гэрээ байгуулан 2015 оны 01 дүгээр сарын 21, 26, 29-ний өдрүүдэд нийт 200,000,000 төгрөгийг худалдагчид төлж барагдуулсан. Гэтэл Г.Нгийн худалдан борлуулахаар тохиролцсон газар нь өөр этгээдийн барьцаанд бүртгэлтэй байсан нь тогтоогдож, худалдах, худалдан авах гэрээний дагуу талууд үр дүнд хүрээгүй. Ингээд гэрээ цуцлагдсантай холбоотойгоор Г.Н нь 200,000,000 төгрөгийг буцаан төлөхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/06145 дугаартай шийдвэрээр Г.Нгийн хамаарал бүхий Г ХХК-аас 200,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд иргэн Г.Н нь нэхэмжлэгч Б ХХК ийн эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж, гэрээ байгуулж төлөхөөр тохиролцож шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгийг төлбөр төлөөгүй байхад суллуулан авч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Бид үүргийг өөрчлөн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төлбөр төлөх баталгааг байгуулсан. Гэтэл Г.Н энэ үүргээ одоог хүртэл биелүүлээгүй тул бид 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Төлбөр төлөх хэлцлийг байгуулсан. Иймд хариуцагч Г.Нгээс 115,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Б ХХК-ийн зүгээс нийт 263,225,506 төгрөгийг Г ХХК-иас нэхэмжилснийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/06145 дугаартай шийдвэрлэж, улмаар Г ХХК, Б ХХК нь төлбөрийн маргаангүй болсон. Үүнийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн Б ХХК-ийн албан тоот бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын тодорхойлолтоос тодорхой харж болно. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ болон 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний сунгалтыг Б ХХК-ийн удирдлагууд намайг дарамталж хууль бусаар байгуулуулсан бөгөөд энэ гэрээний маргааныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 183/ШШ2018/02773 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Б ХХК-ийн удирдлагууд удаа дараалан дарамталж, заналхийлээд байсан тул миний зүгээс Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 11000592100039460 дугаартай гомдол гаргасан. Үүнээс хойш хэд хоногийн дараа Б ХХК-ийн удирдлагууд 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр оффис дээрээ намайг авчран төлбөр төлөх хэлцэл, тодорхойлолт зэргийг хүчээр байгуулсан юм. Эдгээр баримт бичгүүдэд тусгасан мөнгийг би нэхэмжлэгчээс огт аваагүй. Иймд Б ХХК-ийн шүүхэд гаргасан 115,000,000 төгрөг Г.Н надаас гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Нгээс 115,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 732,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх нэг нотлох баримтыг үнэлэхдээ нөгөөг нь хэрхэн үгүйсгэж байгаа талаар шийдвэрт дурдаагүй, хавтаст авагдсан баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан бодитоор дүгнээгүй.

2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хэлцлийг нэхэмжлэгч талаас үл таних хүмүүсээр дарамтлуулж гарын үсэг зуруулсан гэх тайлбар нь үндэслэлгүй, хариуцагч нь өөрийн төлөх ёстой төлбөрийг тохиролцсон хугацаанд төлж барагдуулах талаар удаа дараа амлалт баталгаа гаргаж байсан бөгөөд эдгээр баримтуудаас хамгийн сүүлд албан ёсоор гарын үсэг зурж баталгаажсан баримт болох 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн төлбөр төлөх хэлцэл болон Г.Нгийн өөрийн гараар бичиж өгсөн баримтыг үнэлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий дүгнэлт гаргасан. Учир нь 115,000,000 төгрөг нь Б ХХК-аас Г ХХК руу худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжигдсэн төлбөр бөгөөд 2 шатны шүүхийн шийдвэрээр баталгаажсан буюу биелэгдсэн гэж дүгнэсэн. Г ХХК-аас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж нийт 225,000,000 төгрөгийг төлж дууссан тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэсэн хүсэлтийг нэхэмжлэгч Б ХХК гаргасны дагуу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр биелэгдэж дууссан үйл баримт дээр Г.Нг хүчээр гарын үсэг зуруулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Г.Нгээс 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн төлбөр төлөх хэлцлийн дагуу 115,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.Н нь эс зөвшөөрч маргажээ.

3. Талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Төлбөр барагдуулах хэлцэл байгуулагдаж, уг хэлцээр ...Төлбөр төлөгч Г ХХК-ийн захирлаар ажиллах хугацаандаа Б ХХК-д газар худалдах зорилгоор 200,000,000 төгрөгийг өөрийн нэр дээрх Голомт банкны дансаар болон туслахаараа дамжуулан бэлнээр авсан., ...200,000,000 төгрөгийг буцаан өгөхөөр тохиролцож, өнөөдрийн байдлаар 155,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд 45,000,000 төгрөгийг үлдэгдэл төлбөр дээр Б ХХК-ийн зээлийн ногдох хүү 70,000,000 төгрөг, нийт 115,000,000 төгрөгийг 8 дугаар сарын 10-ны дотор эцсийн хугацаа болгон төлөхөө үүргээ баталж байна. гэж тохиролцсон байна. /хх. 6/

4. Анхан шатны шүүх төлбөр барагдуулах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж буруу дүгнэж, талуудын хоорондын маргааны зүйлийг он цаг хугацааны дараалал, үүргийн зөрчлийн шалтгаант холбоотойгоор дүгнэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй.

4.а. Б ХХК болон Г ХХК нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний маргааныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхна шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 6145 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ХХК-аас 200,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 63,225,506 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж шийдвэрлэжээ. /хх. х 55-57/

Дээрх шийдвэрийн дагуу явагдаж байсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт БХХК нь ...Г ХХК нь шүүхийн шийдвэр давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргалгүй шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлж манай компанийг хохиролгүй болгосон... гэх агуулга бүхий 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 02/018 тоот хүсэлт, 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 02/187 дугаар хүсэлтийг тус тус гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ. Энэ хүсэлтүүдийг гаргахаас өмнө талуудын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Хариуцагч Г.Нгээс 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 100,000,000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна. /хх 54/

4.б. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Г.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 305,497,316 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 2773 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх. х 37-38/

Дээрх шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэг Хариуцагчийн тайлбар-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 100,000,000 төгрөг төлсөн тул одоо 100,000,000 төгрөг төлөх л үлдсэн., ...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гарсан шийдвэрийн дагуу үлдэгдэл 100,000,000 төгрөгийг бол төлнө. гэж, үндэслэх хэсэгт ...хариуцагч Г.Н ...100,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт буцаан төлөөгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн гэж дурдсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

4.в. Хариуцагчийн татгалзлын үндэслэл ...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/06145 дугаартай шийдвэр хэрэгжиж Г ХХК болон Б ХХК нь хоорондоо төлбөрийн маргаангүй болсон. Үүнийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд Б ХХК-ийн албан тоот бичиг... харж болно. гэсэн тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар үгүйсгэгдэж байна.

Дээрх баримтуудыг харьцуулан дүгнэвэл Г ХХК шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 200,000,000 төгрөгөөс 100,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 100,000,000 төгрөг нь зээлийн гэрээний үүрэгт хамаарахгүй байна.

5. Энэ нь Г.Нгийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б ХХК-д хандаж гаргасан Төлбөр төлөх баталгаа-д ...Гүрдорж овогтой Наранхүү /Г ХХК/ нь ... газар худалдан авах зориулалтаар авсан 200,000,000 төгрөгийн 100,000,000 төгрөг өмнө нь өгсөн., ...Одоо үлдсэн 100,000,000 төгрөгийн 50,000,000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дотор, үлдсэн 50,000,000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дотор төлж, үндсэн төлбөрийг барагдуулна. гэсэнтэй нийцэж байна. Үүнээс хойш Г.Н нь Б ХХК-д 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 50,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 155,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна. /хх. х 8, 52-54/

6. Дээрх хэлцлийн үргэлжлэл болж 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Төлбөр төлөх хэлцэл-д талууд агуулгыг 155,000,000 төгрөг төлсөн. Одоо 45,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тодорхойлжээ.

Талуудын хоорондын үйл баримтыг харьцуулан дүгнэвэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад шүүхийн шийдвэрийн дагуу төлөх Г ХХК-ийн төлөх 200,000,000 төгрөгийн төлбөрөөс 155,000,000 төгрөг төлөгдсөн, төлбөрийн үлдэгдэл 45,000,000 төгрөгийн хэмжээнд Г.Н өөртөө үүргийг шилжүүлэн авсан, үүрэг гүйцэтгүүлэгч нь зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар өр шилжсэн байна. Өр шилжүүлэх хэлцэл хүчин төгөлдөр тул Б ХХК нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Нгийн шилжүүлэн авсан үүрэг 45,000,000 төгрөгийг шаардах эрхтэй. Энэ талаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б ХХК-ийн шаардсан хүү 70,000,000 төгрөгийг хангах үндэслэл тогтоогдохгүй. Учир нь Төлбөр төлөх хэлцэл-д дурдсан хүү төлөх үүрэг нь ямар үндсэн үүрэгтэй холбоотой талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хүү шаардах эрхтэй талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг баримтаар нотлоогүй тул талуудын хооронд тохиролцсон хүү 70,000,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

8. Анхан шатны шүүх ...нэхэмжлэгч талаас үл таних хүмүүсээр дарамтлуулж гарын үсэг зуруулсан гэх тайлбар нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1340 дүгээр тогтоолоор тогтоогдож байх тул 2021.06.16-ны өдрийн хэлцэл нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус хэлцэл болжээ гэж буруу дүгнэжээ. Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1340 дүгээр Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол нь зөрчлийн шинжгүй болохыг нотолсон баримт байхад уг баримтад үндэслэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон нь үндэслэлгүй.

9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/01849 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Нгээс 45,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

2дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж гэж, хариуцагч Г.Нгээс улсын тэмдэгтийн хураамжид 382,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 732,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

С.ЭНХБАЯР