Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Отгоогийн Одончимэг |
Хэргийн индекс | 132/2022/00049/И |
Дугаар | 132/ШШ2022/00364 |
Огноо | 2022-06-17 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 132/ШШ2022/00364
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1969 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, Булган аймаг, Б сумын 2 дугаар баг, Цахт гэх газар оршин суух, Т******* овогт Ц******* С*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийн гүйцэтгэл 9,280,000 төгрөг гаргуулах тухай 132/2022/00049/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Прокурор Д.Сүрэнхор,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Бүрэгхангай сумын Засаг дарга нь хариуцагч Ц.С*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,280,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Ц.С******* нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргатай 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 5 дугаартай “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ” байгуулан увс гутал хийх төслөөр Сум хөгжүүлэх сангаас 8.000.000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай 1,5 хувийн хүүтэйгээр гэрээ байгуулан авсан. Ц.С******* нь зээлийн гэрээний барьцаанд хөрөнгө барьцаалаагүй. Зээлдэгч Ц.С******* нь гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлөлтийг хийлгүй, 2015 онд 2.720.000 төгрөг төлсөн байна.
Иймд зээлдэгч Ц.С******* нь гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 5.280.000 төгрөг, хүү 604.005 төгрөг, алданги 3.395.995 төгрөг нийт 9.280.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Сум хөгжүүлэх сангийн 100030455401 тоот дансанд төлүүлнэ. Гэрээний хугацаа дуусаад удсан тул хариуцагчид хугацаа өгөх боломжгүй хурдан зээлийг төлүүлмээр байна гэжээ.
Хариуцагч Ц.С******* нь миний бие нэхэмжлэлээс алданги 3.395.995 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Алданги төлнө гэж мэдээгүй, хүмүүс ер нь төлдөггүй юм байна лээ. Зөвхөн надаар төлүүлэх гээд байна. Хугацаа өгвөл үндсэн зээл болон хүүг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.С*******д холбогдох иргэний хэрэгт төрийг төлөөж оролцож байна. Өмнө нь тус хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдснийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдахын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Хаиуцагч анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа алданги 3,395,905 төгрөгийг бол хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар ирүүлсэн. Алдангийг багасгах эрх шүүхэд байгаа учраас нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэж төрийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Нэхэмжлэгчээс 2014 оны 4 дүгээр сарын 9-ны өдрийн 5 дугаартай зохигчийн хооронд байгуулсан Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний хуулбар, Бүрэгхангай сумын 2-р багийн засаг дарга “З.Пүрэвцэрэнгийн ам бүл малын тоо толгойн тодорхойлт”-ын албан бичиг, Ц.С*******гийн бизнес төлөвлөгөөний хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг дарга нь хариуцагч Ц.С*******д холбогдуулан сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн 5,280,000 төгрөг, хүү 604,005 төгрөг, алданги 3,395,995 төгрөг нийт 9,280,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ц.С******* нь сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн төлбөрт үндсэн зээл 5,280,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин алданги 3,395,995 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэж хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Талууд хооронд 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Сум хөгжүүлэх сан”-гаас олгох зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч “Сум хөгжүүлэх сан” нь зээлдэгч Ц.С*******д 8,000,000 төгрөгийг, 3 жилийн хугацаатай, жилийн 1.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарч байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлдэгч Ц.С******* нь зээлдүүлэгч “Сум хөгжүүлэх сан”-гаас авсан мөнгийг тохирсон хугацаанд хэлэлцэн тохиролцсон хүүгийн хамтаар буцаан өгөх үүргийг хүлээх бөгөөд зээлдүүлэгч “Сум хөгжүүлэх сан” нь зээлдэгч Ц.С*******гээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна.
2. Иргэний хууль хүү, алдангийг дараахь байдлаар хуульчилсан байдаг.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж, 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” гэж тус тус тодорхойлсон байна.
Зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зээлийг жилийн 1.5 хувийн хүүтэйгээр тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасан хүүгийн зохицуулалтад нийцжээ.
3.Талууд зээлийн гэрээний хугацааг 3 жил, зээлийн хүү жилийн 1,5 хувь гэж тогтоосон ба Ц.С******* нь 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2,720,000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 2,781,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 2,740,500 төгрөг нийт үндсэн зээл 8,000,000 төгрөг, хүү 241,500 төгрөгийг тус тус Сум хөгжүүлэх санд төлж барагдуулах ёстой байсан.
Гэвч Ц.С******* нь 2015 оны эхний төлөлт болох 2,720,000 төгрөгийг сум хөгжүүлэх санд төлж, үлдэгдэл 5,280,000 төгрөг, хүү 241,500 төгрөг нийт 5,521,500 төгрөгийг төлөөгүй өр үүссэн байна.
Нэхэмжлэгч Бүрэгхангай сумын Засаг дарга нь хариуцагч Ц.С*******гээс үндсэн зээл 5,280,000 төгрөг, хүү 604,005 төгрөг, алданги 3,395,995 төгрөг нийт 9,280,000 төгрөгийг нэхэмжилсэн ба зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар хариуцагчаас хүү нэхэмжлэх эрхтэй байна.
5. Иймд 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаартай гэрээгээр зээлдэгч, зээлдүүлэгч нар нь алданги тооцохоор гэрээнд заагаагүй байхад нэхэмжлэгчийн алданги 3,395,995 төгрөг, хүү 604,005 төгрөг нэхэмжилсэн үндэслэлгүй байх тул алданги 3,395,995 төгрөг, хүү 362,505 төгргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас үндсэн зээл 5,280,000 төгрөг хүү 241,500 төгрөг, нийт 5,521,505 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бүрэгхангай сумын Сум хөгжүүлэх санд олгох нь зүйтэй байна.
6. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 101,374 төгрөгийг гаргуулж Төрийн санд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Ц.С*******гээс зээлийн гэрээний үүрэгт нийт 5,521,505 /таван сая таван зуун хорин нэгэн мянга таван зуун тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бүрэгхангай сумын Засаг даргын тамгын газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,758,495 /гурван сая долоон зуун тавин найман мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 101,374 /нэг зуун нэг мянга гурван зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ