Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 102/2021/04033/И |
Дугаар | 102/ШШ2022/02783 |
Огноо | 2022-08-05 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2022/02783
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ............. байрлах, А ХХК /РД: 000000/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ............. тоот хаягт оршин суух, Ч.Б /РД: 0000000/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ................. тоот хаягт оршин суух, Х овогт Ц.Ч /РД: 00000000/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ............... тоот хаягт оршин суух, Х овогт Ч.Б /РД:00000000/,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 85,081,111.06 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, хариуцагч Ц.Ч-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Ч.Б, Ц.Ч, Ч.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 85,081,111.06 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Хариуцагч Ц.Ч нар нь 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 2109007242 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 53,000,000 төгрөгийн зээлийг амины орон сууцны зориулалттай, жилийн 21,6 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нар нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс төлөлт хийлгүй хугацаа хэтрүүлсэн. 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 52,199,829.70 төгрөг, үндсэн хүү 31,418,639.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,462,641.54 төгрөг, нийт 85,081,111,06 төгрөгийн төлбөртэй байна. Уг зээлийн төлбөрийг хариуцагч Ц.Ч, Ч.Б нараас гаргуулж өгнө үү. Хариуцагч Ч.Б-ээс татгалзсан гэв.
1.2. Ц.Ч нартай байгуулсан 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 2109007242 тоот зээлийн гэрээний үүргийг хангуулахаар байгуулж, 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 2109007242 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Ц.Ч, Ч.Б нарын өмчлөлийн Ү-0000000000 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн ................... тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ч.Б-ын эзэмшлийн нэгж талбарын 00000000000 /шинэ нь 000000/ дугаартай, Сүхбаатар дүүргийн ......... хаягт байрлах, 700 м.кв талбайтай, зуслангийн зориулалттай газрыг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. А 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гэрээг уг өдөр цуцлагдсан гэж үзнэ. 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа нь үндэслэлгүй. 2020 оны 10 угаар сарын 19-ний өдрөөс хойш зээлийн тооцоолол нэмэгдэхгүй. Ковидын үеэр Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаал гарч, 2020 оны 7 дугаар сарын 01-нээс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж шийдвэрлэсэн. Ковидын үед гэрээг цуцалж, хүү тооцсон нь нийгмийн ёс зүйг зөрчсөн гэж үзнэ. Хоёр хариуцагчаас хэрхэн яаж гаргуулах гэж байгаа нь тодорхойгүй. Барьцааны гэрээг бүртгүүлсэн эсэх нь мэдэгдэхгүй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019.02.02-ны өдрийн 2109007242 тоот зээлийн гэрээ, 2019.02.02-ны зээл, зээлийн хүү төлөх хуваарь, 2019.02.02-ны өдрийн 2109007242 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 11-1365630 тоот барьцаалбар, Ч.Б-ын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, кадастрын зураг, Ч.Б-эд 52,415,000 төгрөг шилжүүлсэн баримт, хуулийн арга хэмжээ авахыг анхааруулсан мэдэгдэл, зээлдэгчтэй уулзсан тэмдэглэл, Ц.Ч-ын зээл хүсэгчийн анкет, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, Ч.Б-ийн зээл хүсэгчийн анкет, зээлийн дансны хуулга, зээлийн тооцоолол, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 2564 дугаар нэхэмжлэлийг буцаах тухай захирамж, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, 2022.04.14-ний байдлаар зээлийн дансны хуулга, зээл, хүүгийн тооцоолол, А дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн 2020.11.27-ны 266 тоот тушаал, Орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахтай холбоотой заавар, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2021.12.31-ний А-375 тоот тушаал, Монгол банкны ипотекийн зээлийн төлбөр хойшлуулах тухай албан бичиг, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2020.11.25-ны А-428 тоот тушаал, А дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн 2020.04.30-ны 81 тоот тушаалыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2019.02.02-ны 2109007242 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ улсны бүртгэлд бүртгүүлсэнтэй холбоотой баримтыг шаардаж авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. 1. Хариуцагч Ц.Ч нар нь 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 2109007242 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 53,000,000 төгрөгийн зээлийг амины орон сууцны зориулалттай, жилийн 21,6 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нар нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс төлөлт хийлгүй хугацаа хэтрүүлсэн. 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 52,199,829.70 төгрөг, үндсэн хүү 31,418,639.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,462,641.54 төгрөг, нийт 85,081,111,06 төгрөгийн төлбөртэй байна. Уг зээлийн төлбөрийг хариуцагч Ц.Ч, Ч.Б нараас гаргуулна, хариуцагч Ч.Б-ээс татгалзсан гэв.
2.1. Ц.Ч нартай байгуулсан 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 2109007242 тоот зээлийн гэрээний үүргийг хангуулахаар байгуулж, 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 2109007242 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Ц.Ч, Ч.Б нарын өмчлөлийн Ү-0000000000 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн ................... тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ч.Б-ын эзэмшлийн нэгж талбарын 00000000000000 /шинэ нь 000000/ дугаартай, Сүхбаатар дүүргийн .......... хаягт байрлах, 700 м.кв талбайтай, зуслангийн зориулалттай газрыг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа А 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гэрээг уг өдөр цуцлагдсан гэж үзнэ. 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа нь үндэслэлгүй. 2020 оны 10 угаар сарын 19-ний өдрөөс хойш зээлийн тооцоолол нэмэгдэхгүй. Ковидын үеэр Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаал гарч, 2020 оны 7 дугаар сарын 01-нээс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж шийдвэрлэсэн. Ковидын үед гэрээг цуцалж, хүү тооцсон нь нийгмийн ёс зүйг зөрчсөн гэж үзнэ. Хоёр хариуцагчаас хэрхэн яаж гаргуулах гэж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээл хүсэгчийн анкет, мөнгө шилжүүлсэн баримт, зээлийн хүүгийн тооцоолол, зээлийн дансны хуулга, Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаал, А дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн тушаал зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Ч.Б, Ц.Ч нартай 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 2109007242 тоот зээлийн гэрээ байгуулж, 53,000,000 төгрөгийг жилийн 21.60 хувийн хүүтэй, зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор 120 сарын хугацаатай, амины орон сууц барих зориулалтаар зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрт 52,415,000 төгрөгийг хариуцагч Ч.Б-эд хүлээлгэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн талаар зохигчид маргаагүй.
8. Нэхэмжлэгч А ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулдаг болох нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээнд хамаарч байна.
9. Хариуцагч нь 53,000,000 төгрөгийн зээл авсан талаар болон төлсөн мөнгө, зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлийн талаар маргаагүй, харин зээлийн гэрээг цуцалсан хугацааны талаар болон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооны талаар маргаж байна.
10. Зээлийн болон барьцааны гэрээг хэрхэн байгуулах талаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т Зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл,түүний байгаа газар, үнийг заана гэж тус тус зохицуулсан.
11. Талуудын байгуулсан зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь бичгээр байгуулагдсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэлээ.
12. Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн зөрчиж, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс хойш зээл, хүүгийн төлбөр төлөөгүй зөрчил үүсгэсэн байгаа нь гэрээний нөхцөлийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болох тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
13. Нэхэмжлэгч нь 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар гэрээ цуцлахад үндсэн зээлийн үлдэгдэл 52,199,829.70 төгрөг, үндсэн хүү 31,418,639.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,462,641.54 төгрөг, нийт 85,081,111,06 төгрөгийн төлбөртэй төлбөртэй гэж хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Ч, Ч.Б нараас шаарджээ.
Хариуцагч Ц.Ч нь гэрээ цуцлагдсан өдрийг шүүхэд анх нэхэмжлэл гаргасан 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэж маргасан.
14. Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүгчийн 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 2564 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна.
Шүүгчийн захирамжаар үйл баримтыг шийдвэрлээгүй тул анх шүүхэд хандаж байсан 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөр зээлийн гэрээг цуцлагдсан гэж дүгнэх боломжгүй.
15. Хариуцагч нь уг зээлийн гэрээг ипотекийн зээлийн гэрээ тул ковидын үед зээл, хүү төлөх хугацааг хойшлуулах, гэрээг цуцлахгүй байх үүргийг нэхэмжлэгч зөрчсөн гэж маргасан боловч уг гэрээ нь зээл, хүүгийн төлөлтийг хойшлуулах ипотекийн зээлийн гэрээнд хамаарахгүй, зээлдэгчээс зээл, зээлийн хүүгийн төлөлтийг хойшлуулах хүсэлт гаргаж байгаагүй байна.
Иймд Нэхэмжлэгч 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар гэрээг цуцалж, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.
Иймд 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 2109007242 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 52,199,829.70 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.
16. Зээлийн хүү нь жилийн 21.60 хувийн хүүтэй бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл нийт 995 хоног бөгөөд 365 хоногт 11,275,162.22 төгрөгийн хүү, 995 хоногийн хүүнд 30,736,401.12 төгрөг төлөхөөр байна. Гэрээ байгуулагдсан 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт 4,876,742.47 төгрөгийн хүү төлөхөөр байхад хариуцагч нар нь 4,616,284.17 төгрөгийн хүү төлж, 260,458.30 төгрөгийг дутуу төлжээ.
Иймд нэхэмжлэгч нь дутуу төлөгдсөн 260,458.30 төгрөг, дээр төлөх ёстой 30,736.401.12 төгрөгийг нэмж, зээлийн хүүнд 30,996,859.42 төгрөгийг шаардахаар байна.
17. Нэмэгдүүлсэн хүү нь хүүгийн 20 хувиас хэтрэхгүй гэж гэрээнд заасан байх тул жилийн хүү 21.60 хувийн 20 хувиар тооцоход нэмэгдүүлсэн хүүнд жилийн 4.32 хувийн хүү төлөхөөр байна. Хэтэрсэн 995 хоног, тус хугацаанд төлөх ёстой үндсэн зээлээс тооцоход 230,163.54 төгрөг болж байна.
Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 52,199,829.70 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 30,996,859.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 230,163.54 төгрөг, нийт 83,426,852.56 төгрөгийг төлөхөөр байна.
18. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасныг баримтлан хамтран үүрэг Ч.Б-ээс татгалзаж, Ц.Ч, Ч.Б нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тэднээс шаардаж байна.
19. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ч.Б-эд холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
20. 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 2109007242 тоот зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч нь Ч.Б, Ц.Ч нар байх бөгөөд Ч.Б нь уг зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч биш байна.
Иймд зээлийн гэрээний төлбөрт 83,426,852.56 төгрөгийг хариуцагч Ц.Чаас гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,654,258.50 төгрөгт холбогдох хэсэгт болон хариуцагч Ч.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
21. 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 2109007242 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг Ч.Б, Ц.Ч, Ч.Б нартай Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр бөгөөд уг гэрээний үүрэг гүйцэтгэгч нь Ц.Ч, Ч.Б нар байна.
22. Иймд хариуцагч Ц.Ч нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж зааснаар барьцааны гэрээний зүйл болох .Ч, Ч.Б нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ................... тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ч.Б-ын эзэмшлийн нэгж талбарын 00000000000000 /шинэ дугаар нь 000000/ дугаартай, Сүхбаатар дүүргийн ........... хаягт байрлах, 700 м.кв талбайтай, зуслангийн зориулалттай газар эзэмших эрхийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.
23. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 345,284 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ц.Ч-аас зээлийн гэрээний үүрэгт 83,426,852.56 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,654,258.50 төгрөг гаргуулах болон Ч.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг баримтлан хариуцагч Ч.Б-эд холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Ч нь мөнгөн төлбөрийн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Ц.Ч, Ч.Б нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ................... тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ч.Б-ын эзэмшлийн нэгж талбарын 00000000000000 /шинэ дугаар нь 000000/ дугаартай, Сүхбаатар дүүргийн ......... хаягт байрлах, 700 м.кв талбайтай, зуслангийн зориулалттай газар эзэмших эрхийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 629,494 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ч-аас улсын тэмдэгтийн хураамжид 610,184 төгрөг, хариуцагч Ч.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ