Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2022/02486/И

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Ө,

Нэхэмжлэгч: Ж ХХК нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д ХХК-ид холбогдох

11-37ТТА улсын дугаартай МТ86Н маркийн ачааны машин механизм, 11-41ТТА улсын дугаартай МТ86Н маркийн ачааны машин механизмуудын өмчлөгчөөр тогтоолгох, 11-39ТТА улсын дугаартай МТ86Н маркийн ачааны машин механизмын төлбөрт 170.000.000 төгрөг төлсөнд тооцуулах, 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 20/03 дугаартай Машин механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 11-37ТТА, 11-41ТТА, 11-39ТТА улсын дугаартай МТ86Н маркийн 3 ширхэг ачааны машин механизмын төлбөрт 524.000.000 төгрөгийн үндсэн төлбөр, 239.575.000 төгрөгийн алдангийн хамт 763.575.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт шүүх үндсэн нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, мөн сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Ө хувь хүнийхээ зүгээс 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр А ХХК-иас нийтдээ 3 ширхэг МТ86 маркийн хүнд даацын автомашин нэг бүрийн үнийг 308.000.000 төгрөгөөр худалдан авахаар аман тохиролцоо хийсэн. Анх А ХХК нь Д ХХК-иас авсан гэдэг тайлбар гаргадаг. Нэхэмжлэгч Н.Ө хувь хүнийхээ зүгээс Хаан банкны 5... дугаарын данс руу 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 308.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараа 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5... дугаарын данс руу 20.000.000 төгрөгөөр нийтдээ 3 удаагийн гүйлгээгээр 60.000.000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5... дугаарын данс руу 13.000.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 5... дугаарын данс руу 100.000.000 төгрөг, 5... дугаарын данс руу 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 20.000.000 төгрөг, 5... дугаарын данс руу 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 20.000.000 төгрөг, 5... дугаарын данс руу 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 15.000.000 төгрөг, 5... дугаарын данс руу 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 15.000.000 төгрөгийг 2020 онд тус тус шилжүүлж өгсөн байдаг. Мөн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 15.000.000 төгрөгөөр нэг удаагийн гүйлгээгээр 5... дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн. 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Д ХХК-д Б.Ө нь 77.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Д ХХК нь орлогын баримт үйлдэж, падаан дарж авсан. Нийтдээ 785.000.000 төгрөгийг хүү алданги тооцохгүйгээр төлбөрөө төлөгдсөний дараа машинаа шилжүүлж авахаар аман тохиролцоо хийж байсан. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Б.Ө-ын худалдаж авсан тээврийн хэрэгслүүдийг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Д ХХК хурааж авсан. Юу болсон талаар асууж очиж уулзахад тухайн машин механизмын өмчлөгч компани гэсэн тайлбар хэлсэн. Нэхэмжлэгч Н.Ө машинаа авмаар байна. Дансаар төлбөрийг төлсөн гэхэд А ХХК-ийн өмч биш, 100 хувь би худалдаж авсан өмч, ийм санхүүгийн баримт байна гэж гаргаж үзүүлэхэд Д ХХК-ийн зүгээс тухайн баримт хамаа байхгүй гэдэг. Олон удаагийн уулзалт, гуйлтын үр дүнд Д ХХК-ийн хувьд дахин гэрээ хийх санал тавьдаг. Ингээд 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн гэрээ нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс үүдэлтэй үүссэн гэрээ, нийтдээ 600.000.000 төгрөг өгчхөөд дахин 924.000.000 төгрөгийн гэрээ хийх юм бэ, би энэ машиныг 600.000.000 төгрөгөөр худалдаж авч байгаа энэ гэрээг хүлээн зөвшөөрөх боломж байхгүй гэдэг зүйлийг нийтдээ 5 сарын хугацаанд ярьсан. Гэтэл тухайн Д ХХК нь машиныг хурааж аваад нэг ч өдөр хөдөлгөөгүй. Энэ машиныг Б.Ө 600.000.000 төгрөгийг өөрийн ах, дүү, хамаатан, садны 6 гэр бүлийн амьдарч байсан байр, амьдарч байсан хашаа байшин, эзэмшиж өмчилж байсан машин тэргийг бүгдийг нь зарж бий болгосон. Нийтдээ Б.Ө-ын оруулаад 7 гэр бүл ямар нэгэн орлогогүйгээр банкны барьцаалбал дээр 7 гэр бүлийн өмч хөрөнгө нь хураагдсан байдалтай байгаа. Машинаа Д ХХК-ийн өмчлөлөөс буцааж авахын тулд аргагүй өөрийн хүсэл зоригоо илэрхийлэхгүйгээр, хүсэхгүйгээр гэрээнд гарын үсэг зурж байж 3 машинаа буцааж авах юм байна гэдэг зүйлийг ойлгосон. Д ХХК-ийн албан шахалтаар буюу хүчээр 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн машин механизм худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэрээний заалт дээр 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр өгсөн 360.000.000 төгрөг буюу худалдаж авсан машин механизмын төлбөр тооцоогүй гэж шахалтаар, заалт оруулж байж гарын үсэг зурахаас өөр аргагүй болсон. Ямар ч байсан 3 машинаа цааш ахиж 2, 3 хүнд зарахаас өмнө хууль бус гэрээн дээр гарын үсэг зурж өөрийн эзэмшилдээ авч байж хууль хүчний байгууллагад хандаж асуудлыг шийдвэрлэх нь зөв юм байна гэдэг үүднээс албан шахалтаар гэрээ хийж гарын үсэг зурж тамга дарж, 3 машин механизмын 100.000.000 төгрөг дахин өгөөд 2020 оны 03 дугаар 07-ны өдөр буцаан эзэмшилдээ авсан. Үүнээс хойш 2 удаа уурхайн ажил руу оруулсан боловч Д ХХК-ийн зүгээс байнгын машиныг ажиллуулж болохгүй, өр төлбөртэй гэдэг албан бичиг өгсний улмаас ямар нэгэн байдлаар нэг ч ажил хийж чадаагүй. 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн М ХХК-ийн үйлдвэрийн хашаанд байж байгаа. Мөн эдгээр хүмүүс тухайн 3 машин механизмыг ажил хийх боломжгүй болгож, хураан авах ажиллагаа зохион байгуулсан. Хураан авахдаа сумын хэсгийн төлөөлөгчийг татан оролцуулж, хуурамч бичиг баримт үйлдүүлэн хууль бусаар авсан. 102 цагдаагийн байгууллагад хандсанаар тухайн 3 машины авч явж М ХХК-ийн хашаанд тавьсан. Үүний дараа 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр мөн Хөтөл цемент шохой ХХК-д 3 машинаа ажиллуулах гэхэд хариуцагчийн зүгээс мөн албан тоот хүргүүлж, Дархан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар машиныг хураан авч, түлхүүрийг нь Д ХХК нь эзэмшиж байгаа. Одоо 3 машин хаана байгаа талаар мэдэхгүй байна. Нийт 3 машин механизмын төлбөрөөс 11-37 ТТА, 11-41 ТТА гэсэн 2 машин төлбөрийг 100 хувь төлсөн. 11-39 ТТА машин механизмаас нийт 308.000.000 төгрөгөөс 170.000.000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар төлсөн байгаа. 11-37 ТТА, 11-41 ТТА гэсэн 2 машины өмчлөгчөөр тогтоолгож, 11-39 ТТА улсын дугаартай машин механизмын үндсэн төлбөрийн 170.000.000 төгрөгийг төлсөнд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж, 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 20/03 дугаартай машин механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаар нэмэгдүүлсэн. н.Ноос худалдах, худалдан авах аман хэлцэл хийгээд, тухайн төлбөрүүдийг Д ХХК-д нийт 785.000.000 төгрөгийг хувь хүнээр төлсөн байдаг. Гэтэл 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүсэл зоригийн илэрхийлэхгүйгээр гэрээний үр дүнгийн зөвхөн өөрийн хууль бус худалдан авсан машин механизмыг өөрийн эзэмшилдээ хууль бус үйл ажиллагаанаас нь гарган авахын тулд ямар нэгэн байдлаар хариуцагчийн хууль бус шахалтын дагуу тухайн гэрээнд гарын үсэг зурж тамга дарсан. Тухайн гэрээний заалт болон 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр, 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төлсөн нийт төлбөр зэрэг нотлох баримтуудаар тухайн гэрээ хууль бус хүчин төгөлдөр бус хэлцэл юм гэдгийг нотлох баримтуудаар тогтоогдоно. Тухайн хэлцэл нь хүсэл зоригийн үндсэн дээр хийгдээгүй юм. н.Н-ын мэдүүлэг, гэрч н.З-ын шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр тухайн гэрээг хүчин төгөлдөр бус, аргагүй нь эрхэнд хариуцагчийн хууль бус шаардлага, хууль бус шахалтын улмаас тухайн гэрээ контрактыг нэг машин механизм буюу 600.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ дээр гарын үсэг зурж тамга дарсан. Тухайн гэрээний заалтууд, 3 машин механизмын үнэлгээ, үүрэг хариуцлага алданги зэргээс харагдана. Мөн хариуцагчийн хариу тайлбараар тухайн хэлцэл нь өөрөө хүчин төгөлдөр бус бөгөөд хариуцагчийн зүгээс шүүхийн журмаар албадан гаргуулсан А ХХК-ийн гэсэн нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг удаа дараа сөрөг нэхэмжлэл гаргах үндэслэл болгож гаргаад байгаа. Энэ нотлох баримтыг ерөнхий захирал н.Н гээд А ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 59/20 гэсэн албан тоот байдаг. Б.Ө нийт 600.000.000 төгрөгийн урьдчилгаа төлсөн бөгөөд үүнээс 350.000.000 төгрөгийг А ХХК-д нэхэмжилж байгаагүй гэх энэ бичгийг Б.Ө анх шүүхэд ирэхдээ харж байсан болохоос өмнө нь харж байгаагүй. Машин механизм худалдах худалдан авах гэрээтэй холбоотойгоор А ХХК-тай харилцаа Б.Ө-ын зүгээс үүсээгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл тухайн 3 машин механизмын өмчлөгч нь Д ХХК байдаг. Д ХХК-тай холбоотойгоор машин механизмыг Д ХХК нь А ХХК-тай аман хэлцэл хийсэн боловч нийтдээ 785.000.000 төгрөг нь А ХХК-ийн данс руу нэг ч төгрөг ороогүй. Ийм учир нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг Д ХХК нь гэж тодорхойлсон байдаг. Мөн н.З гэх 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 350.000.000 төгрөгийг аваад цаашаа 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нийтдээ 18 удаагийн гүйлгээгээр хариуцагч Д ХХК-ийн данс руу шилжүүлж Б.Ө-ын худалдан авсан машин механизмын төлбөрийг дамжуулж өгсөн талаар гэрчийн мэдүүлэг болон цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлгээр, шүүхэд өгсөн шилжсэн мэдүүлгээрээ өгдөг. Д ХХК нь машин механизмыг хариуцуулснаар хариуцагч юм гэдэг нь дээрх нотлох баримтаар тогтоогдож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дангаасүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д ХХК нь Ж ХХК-ийн захирал Н.Ө-тай 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр машин механизм зээлээр худалдах худалдан авах гэрээ хийсэн. Энэ гэрээг байгуулахдаа МТ86Н маркийн 3 ширхэг машин механизмын төлбөрт 924.000.000 төгрөг төлөх ёстой байснаас урьдчилгаа төлбөрт 350.000.000 төгрөг төлсөн байх шаардлагатай байсан бөгөөд үлдэгдэл төлбөрийг гэрээний 3.4-т зааснаар бүрэн төлсний дараагаар МТ86Н маркийн 3 ширхэг машин механизмыг бүрэн шилжүүлж өгөхөөр талууд тохиролцож, гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу Н.Ө нь МТ86Н маркийн 3 ширхэг машин механизмыг авч ажиллуулсан. Н.Ө нь урьдчилгаа төлбөр яаж төлсөн гэхээр "А" ХХК-аас 250.000.000 төгрөгийг нь төлөөд, Н.Ө өөрөөсөө 100.000.000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн яриад буй 18 удаагийн шилжүүлгүүд нь нийлээд 250.000.000 төгрөг болдог. Н.Ө нь 350.000.000 төгрөг төлснөөсөө хойш удаа дараа шаардуулж байгаад 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 20.000.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 15.000.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 15.000.000 төгрөг нийтдээ 50.000.000 төгрөг төлсөн. Тэгэхээр МТ86Н маркийн 3 ширхэг машин механизмын үлдэгдэл төлбөрт нь 524.000.000 төгрөг үлддэг. 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл дээрх төлбөрөөс нэг ч төлөлт хийгээгүй. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч үндэслэлгүйгээр 3 машин одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй гэж хэлээд байна. Тээврийн хэрэгслийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний шүүхэд битүүмжлүүлэх хүсэлт өгсөн байдаг. Манай талаас адил хүсэлт өгч байсан. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхээр Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бичиг очсон байдаг. Дархан-Уул аймгийн Б.Ө-ын эзэмшлийн хашаанд 3 машиныг битүүмжилж хадгалалт хамгаалалтыг нь Б.Өт хариуцуулсан байдаг. Гэтэл Б.Ө хадгалалт хамгаалалтыг Б.Ө зөрчиж Хөтөл цемент шохой ХХК-ид сарын 30.000.000 төгрөгийн түрээстэй 3 машинаа түрээслүүлсэн байдаг. Түүнийг нь сая шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлт өгч Хөтлөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хашаанд битүүмжлүүлж лацны зургийг Б.Ө авч явсан. Гэтэл хаана байгааг нь мэдэхгүй гэж хэлээд байгаа нь явцуу ойлголт юм. Мөн 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр анх А ХХК-тай гэрээ байгуулсан боловч сүүлд 12 сард Б.Ө гэх хүн гарч ирдэг. Манай машин авах ёстой гэж гарч ирсэн. Гэрээний үүрэг дээр төлбөр төлөхгүй байгаа тохиолдолд тээврийн хэрэгслийг зогсоох үүрэгтэй гэж заасан байгаа. Худалдах, худалдан авах гэрээгээ зөрчиж төлбөрөө төлөхгүй байгаа учир манай талаар тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авсан. Энэ үед Б.Ө гэдэг хүн гарч ирж худалдаж авсан талаар А ХХК ярьдаг. А ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхгүй учир машинуудаа буцааж авахаар болсон. 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэрээ дүгнэсэн акт гэдэг зүйл үйлдэхэд Б.Ө өөрөө байсан. Хоорондоо тохиролцоод А ХХК 250.000.000 төгрөгийг Б.Ө өгсөн болгож тооцуулж, гэрээгээ дахин шинээр 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан. Энэ гэрээг хууль бус гэж үзэж байгаа юм бол 20.000.000 төгрөгөөр нэг удаа, 15.000.000 төгрөгөөр нэг удаа гэрээний үүрэгт яах гэж төлсөн юм. Хууль бус гэрээ гэж үзэж байгаа юм бол яагаад төлбөр төлөөд байдаг юм. А ХХК 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр А ХХК-ийн захирал н.Н гэдэг хүнд Б.Ө бичиг хүргэдэг, танай 250.000.000 төгрөг хүлээж авсан. Энийг буцааж манайх 250.000.000 төгрөгийг Д ХХК-ид төлсөнд тооцно гэж Б.Ө албан бичгээр хүсэлт хүргүүлсэн байдаг. Анх удаа шүүхэд харсан гэж хэлээд байна. Б.Ө-т өөрт нь очсон байх ёстой гэв. 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр А ХХК-ийн хүсэлтийн дагуу Д ХХК нарын хооронд гэрээ байгуулагдсан байдаг. 2 төрлийн гэрээ байгуулагдсан. 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 13/33 дугаартай машин механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэ гэрээгээр МТ-86 маркийн авто сонсмол 5 ширхгийг, МТH-95 маркийн сонсмол 8 ширхэг нийт 13 ширхэг тээврийн хэрэгслийг нийт 5.200.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан байдаг. Гэтэл А ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ зөрчиж төлбөрийн үүргээ биелүүлээгүй. Үүнтэй холбоотой 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрээгээр шилжүүлсэн техникүүдээ буцааж авахаар шаарддаг. Үүний дагуу техникүүдээ буцааж авдаг. Энэ хугацаанд Б.Ө гэх хүн гарч ирдэг, өөрөөр хэлбэр техникийг хурааж авах үед Б.Ө нь гарч ирж А ХХК-иас 3 тээврийн хэрэгсэл худалдаж авсан юм гэдэг тайлбар хэлдэг. Д ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Б.Ө гээд байгаа хүнийг техникээ хурааж авах үед мэдсэн гэх тайлбар хамаагүй. А ХХК-ийн захирал н.Н эхнэр н.З-ын дансаар аваад Д ХХК-д өгдөг байсан юм, шууд Д ХХК-ийн данс руу хий гэхээр нь хийдэг байсан юм гэж хэлдэг. Нэхэмжлэгч нар А ХХК-ийн өмнөөс Д ХХК-д төлсөн гэж үзэж байгаа бол тэр А ХХК-иас шаардах хэрэгтэй. Энэ эрх чинь нээлтэй байна шүү гэж сануулсаар байхад Д ХХК-д холбогдуулж нэхэмжлээд шүүхээр яваад байгаа нь ойлгомжгүй байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Б.Ө Д ХХК-ийн шахалт шаардлагаар, хүч хэрэглэсэн байдлаар гэрээ хэлцэл байгуулсан гэж тайлбар хэлээд байдаг. Гэрээг хараад үзэхэд батлав хэсэг дээр нь Ж ХХК-ийн тамга, Б.Ө-ын гарын үсэг тамга дарагдсан байдаг. Хууль зөрчсөн, дарамт шахалт үзүүлээгүй талаар юугаар нотлох вэ гэхээр Б.Ө-ын итгэмжлэн төлөөлөгч хуралдаан дээр тайлбар хэлэхдээ Бид энэ гэрээг банкнаас зээл авах зорилгоор байгуулсан, 350.000.000 төгрөгийг урьдчилгаа өгчхөөд үлдэгдэл төлбөрийг банкны санхүүжилтээр төлж барагдуулах байсан гэж тайлбар хэлдэг. Үүнийг нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 2 дугаар хуудсанд тодорхой байдаг. Үүн дээр Худалдах, худалдан авах гэрээг банканд үзүүлж зээл авах зорилготой хийсэн боловч Ж ХХК-ийн нэр дээр зээл гаргахаас татгалзсан гэж хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд авагдсан байгаа. Үүнээс харахад анхнаасаа хүч хэрэглэсэн, дүр үзүүлсэн, хууль бус хэлцэл хийх хуулийн шаардлагатай ямар ч нөхцөл байдал үүсээгүй тул үндсэн нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй. Өмнөх гүйлгээ зөвхөн А ХХК-ийн урьдчилгаа гэж орж ирдэг гэв.

Хариуцагч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д ХХК-ийн зүгээс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан. Үндэслэл нь төлбөр төлөгдөөгүй учир 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан хүнд машин механизм худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөгдөөгүй үлдсэн төлбөр болох 524.000.000 төгрөг хугацаа хэтрүүлсэн алданги 239.575.000 төгрөг, нийт 763.575.000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэрээ байгуулагдсанаас хойш 3 удаагийн төлөлтөөр 50.000.000 төгрөг төлөгдсөн. Гэрээ байгуулах үед 100.000.000 төгрөг төлөгдсөн, үүнээс хойш ямар ч төлбөр төлөгдөөгүй байгаа. Өмнөх А ХХК-тай холбоотой асуудал нь тусдаа харилцаа, тусдаа төлбөр тооцоо хийгээд явсан. Нэхэмжлэгч Б.Ө болон Ж ХХК нараас аль алинаас нь тэнцүү хэмжээтэй гаргуулахаар шаардлага гаргасан. Энэ нь ямар учиртай вэ гэхээр хууль зүйн талаасаа Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэх зохицуулалттай. Энэ зохицуулалт нь Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт байдаг. Үүнд өөрийн хөрөнгө нь компани хөрөнгө байж болох юм гэж заасан байдаг. Энэ хуулийн зохицуулалтыг үүнд хэрэглэж болно. Мөн хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан байгаа Ж ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан байдаг. Энэхүү гэрчилгээний арын хэсэгт эцсийн өмчлөгчөөр 1 иргэнийг бүртгэв гэж бүртгэгдсэн байгаа. Үүнээс харахад иргэн Б.Ө нь Ж ХХК-ийн цорын ганц өмчлөгч бөгөөд 1 гишүүнтэй компани байдаг. Энэ компани болон эзэмшигч нарын хоорондох хөрөнгө нь тодорхой зааглагдсан талаар баримт хэрэгт авагдаагүй байгаа тул зааглагдаагүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа тэнцүү хэмжээгээр тодорхойлсон байгаа тул хамтран хариуцаад явах нь зүйд нийцэн гэж харж байгаа. Хэдий Д ХХК-ийн нэр дээр 3 машин механизм бүртгэлтэй байгаа боловч бусдын эзэмшил ашиглалтад байгаа. Тийм учир бидний зүгээс тодорхой хугацаанд ашиглуулахгүйгээр буцааж авах сонирхол компанид байдаггүй. 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 20.000.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 15.000.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 15.000.000 төгрөг, нийтдээ 3 удаагийн гүйлгээгээр 50.000.000 төгрөг төлсөн байдаг. Энэ гүйлгээг бол алдангиас суутгаагүй. Зөвхөн үндсэн төлбөрөөс хасаж тооцож 524.000.000 төгрөг гарч ирж байгаа. Бидний зүгээс хүү тооцоогүй зөвхөн алданги тооцсон байгаа. Алданги нь гэрээний 3.7-д зааснаар үүрэг гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас багагүй хувиар гэж заасан. Энэ 239.000.000 төгрөгийн алданги нь 524.000.000 төгрөгдөө хүрэхгүй байгаа. Гэхдээ бидний зүгээс өөрсдийн тодорхойлсон хэмжээнд шаардлагаа гаргасан байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хүү, алданги дээр үгүйсгэж байна. 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн МТ-86 машин механизм худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой сөрөг нэхэмжлэл гаргаад байна. Гэтэл сөрөг нэхэмжлэл гарахаас өмнө 7 сарын өмнө иргэн Б.Ө хувь хүний үүднээс 600.000.000 төгрөг төлсөн. Гэрээ хийгдэх өдөр 100.000.000 төгрөг төлдөг. Нийдээ 735.000.000 төгрөг төлсөн. Сөрөг нэхэмжлэлтэй холбоотой 520.000.000 төгрөгийг яаж гарч ирээд байгаа нь ойлгомжгүй. 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс хойш гэрээ хийгдсэн төлбөр тооцоолол нийтдээ 139.000.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байдаг. Ямар зохицуулалтаар хүү алданги тооцоод байгаа юм. Хууль бус гэрээ дээр үндэслэж сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа нь хуульд нийцэхгүй юм. А ХХК-иас нэхэмжлэх гэдэг зохицуулалт байхгүй. Яаж бодож, ямар хуулийн заалтаар үндэслэж энэ А ХХК-тай уялдуулаад байгаа нь ойлгомжгүй. МТ-86 3 ширхэг машин механизмын төлбөрт төлсөн 785.000.000 төгрөгийг бүгдийг нь Д ХХК нь дансаар Б.Ө гэдэг хүнээс хүлээгээд авсан байгаа. 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр н.Жан гэх захирал 77.000.000 төгрөгийг Б.Ө-аас хүлээгээд авсан. Үүнийгээ орлогодож санхүүгийн падаанаар авсан нотлох баримт хавтаст хэрэгт байгаа. Тэгэхээр сөрөг нэхэмжлэл гаргах үндэслэл болон нотлох баримтууд нь хуульд нийцэхгүй нотлох баримтууд юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Ж ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ/ХХ-7/, Хаан банк ХХК-ийн Б.О-ын 5... дансны хуулга/2ХХ-16, 18 20/, Н.Ө-ын Хаан банк ХХК-ийн 5... тоот дансны хуулга/2ХХ-17, 19/, Н.О-ын Хаан банк ХХК-ийн 5... тоот дансны хуулга/2ХХ21/ зэрэг нотлох баримтуудыг,

Хариуцагч талаас Д ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ/ХХ-18/, хариуцагч талын итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбар/ХХ-36/, сөрөг нэхэмжлэл/ХХ-38-39/, сөрөг нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Машин механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээ 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 20/03 дугаартай/ХХ-41-42/, Н.Ө-ын иргэний үнэмлэхийн хуулбар/ХХ-43/, машин механизмын гэрэл зургийн үзүүлэлт/ХХ-78-83/, 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт/ХХ-107, 193-194/ зэргийг,

Шүүхийн журмаар нэхэмжлэгч талын хүсэлтээр А ХХК-ийн албан бичиг/ХХ-121, 193/, гэрчээр T.З-ыг асуусан тэмдэглэл/ХХ-143-144/, Сонгинохайрхан дүүргийн Тамгын газраас ирүүлсэн нотлох баримт, Н.Ө-ын хаан банкны 5... дансны хуулга/ХХ-161, 164/, харилцагч Б.О-ын хаан банкны 5... дансны хуулга/ХХ-162-163, 165/, Н.О-ын дансны хуулга/ХХ-166/, 11-37 ТТА улсын дугаартай lingong МT86 маркийн автомашины техникийн гэрчилгээ, бүртгэлийн маягт/ХХ-167, 232-234/, 11-39 ТТА улсын дугаартай lingong МT86 маркийн автомашины техникийн гэрчилгээ, бүртгэлийн маягт/ХХ-168, 235-237/, 11-41 ТТА улсын дугаартай lingong МT86 маркийн автомашины техникийн гэрчилгээ, бүртгэлийн маягт/ХХ-169, 238-240/, Д ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл/ХХ-170-171/ , Д ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 21/38 дугаартай албан бичиг/ХХ-177/, 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Д ХХК болон Ж ХХК нарын хооронд байгуулагдсан Машин механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээ /ХХ-178-181/, Д ХХК-ийн хаан банкны дансны хуулга/ХХ-182-184/, Д ХХК-ийн төлбөр алдангийн тооцоо/ХХ-185/, Хаан банкны 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 50/5676 дугаартай албан бичиг/ХХ-161/, 5... тоот Э.З-ын дансны хуулга/ХХ-191/, 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 19/33 дугаартай Д ХХК болон А ХХК нарын хооронд байгуулагдсан Машин механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээ/ХХ196-200/, Д ХХК-ийн хаан банкны 5... дансны хуулга/ХХ-192/, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1169 дугаартай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын Прокурорын тогтоол/ХХ203-209/, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Н.Ө нь Д ХХК-ийн захиралд 77.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн баримт/ХХ-210/, МТ-95Н маркийн техникийн чанар баталгааны нөхцөл/ХХ-211/, 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А ХХК болон Д ХХК нарын хооронд байгуулсан 19/44 дугаартай Машин механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээ/ХХ212-213/, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс Н.Өыг гэрчээр асуусан тэмдэглэл/ХХ-213/, Н.Ө-ын Хаан банкны дансны хуулга/ХХ-216/, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс Д.Б-ыг гэрчээр асуусан тэмдэглэл/ХХ-217/, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс П.Н-ыг гэрчээр асуусан тэмдэглэл/ХХ-218, 230/, Э.Зын хаан банкны дансны хуулга/ХХ-219-221/, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс Л.Цолмонг гэрчээр асуусан тэмдэглэл/ХХ-222/, Д ХХК-ийн дансны хуулга/ХХ-223-224/, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас Н.Ө-ыг хохирогчоор асуусан тэмдэглэл/ХХ-225, 229/, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Өмнөговь аймаг дах Цагдаагийн газрын Ханбогд сум дах Цагдаагийн тасгаас Г.Б-ыг гэрчээр асуусан тэмдэглэл/ХХ-226-227/, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс Э.Зыг гэрчээр асуусан тэмдэглэл/ХХ-228/, А ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа/ХХ-242-247/, Д ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тодорхойлолт/ХХ-248/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШЗ2021/14448 дугаартай шүүгчийн захирамж/2ХХ-2-9/, Д ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 21/38 дугаартай тодорхойлолт/2ХХ-10/, Төлбөр алдангийн тооцоо/2ХХ-11/, Д ХХК-ийн 5... тоот дансны хуулга/2ХХ-12-14/, зэрэг нотлох баримтууд цугларчээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Ө, Ж ХХК нар нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан 11-37ТТА улсын дугаартай МТ86Н маркийн ачааны машин механизм, 11-41ТТА улсын дугаартай МТ86Н маркийн ачааны машин механизмуудын өмчлөгчөөр тогтоолгох, 11-39ТТА улсын дугаартай МТ86Н маркийн ачааны машин механизмын төлбөрт 170.000.000 төгрөг төлсөнд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 20/03 дугаартай Машин механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаар нэмэгдүүлсэн.

Хариуцагч тал 11-37ТТА, 11-41ТТА, 11-39ТТА улсын дугаартай МТ86Н маркийн 3 ширхэг ачааны машин механизмын төлбөрт 524.000.000 төгрөгийн үндсэн төлбөр, 239.575.000 төгрөгийн алдангийн хамт 763.575.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нар тайлбартаа маргаж буй 3 ширхэг хүнд даацын ачааны автомашинуудыг А ХХК-ийн захирал П.Ноос 1 бүрийг нь 308.000.000 төгрөгөөр, нийт 924.000.00 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцон 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 350.000.000 төгрөгийг 5... тоот данс руу, 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 173.000.000 төгрөгийг 5... тоот данс руу, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 77.000.000 төгрөгийг бэлнээр тус тус төлж автомашинуудыг өөрийн эзэмшил ашиглалтад ашиглаж байсан.

Гэтэл А ХХК нь Д ХХК-иас МТ86 маркийн 5 ширхэг автомашиныг 1 бүрийг 308.000.000 төгрөгөөр тооцон 1.540.000.000 төгрөгөөр, МТ95 маркийн 8 ширхгийг нэг бүрийг 408.000.000 төгрөгөөр тооцон 3.264.000.000 төгрөгөөр тус тус 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах тухай 19/33, 19/34 дугаартай гэрээтэй байсан.

Уг худалдаж авсан гэх МТ86 маркийн 5 ширхэг автомашины 3 нь худалдаж авахаар тохиролцсон маргаан бүхий автомашин байсныг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Д ХХК автомашины үнэ төлбөр төлөгдөөгүй шалтгаанаар А ХХК-иас автомашинуудаа Д ХХК хураан авсан үеэс мэдсэн.

Энэ үеэс нэхэмжлэгч Н.Ө эрхийн зөрчилтэй маргаж буй 3 автомашин Д ХХК-ийн өмчлөлийнх болохыг мэдэж, Д ХХК-д төлбөрийг А ХХК-д төлсөн талаар удаа дараа мэдэгдсэний үндсэн дээр Н.Ө өөрийн ЖХХК-ийн хувиар Д ХХК-тай харилцан тохиролцож 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Машин механизм зээлээр худалдах худалдан авах гэрээ-г байгуулж А ХХК-д төлсөн төлөлтөөс 250.000.000 төгрөгийг уг 3 автомашины төлбөрт тооцуулан хүлээн зөвшөөрүүлж, мөн өдрөө 100.000.000 төгрөгийг нэмж төлсөн.

Үүнээс хойш 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 40.000.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 15.000.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 15.000.000 төгрөгийг төлсөн.

Нийтдээ 785.000.000 төгрөгийг төлж 2 автомашины төлбөрийг төлсөн тул эдгээр 2 автомашины өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй, үлдэх 1 автомашины төлбөрөөс 170.000.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 139.000.000 төгрөг төлөгдөөгүй, хариуцагч Д ХХК бичгийн гэрээ байгуулахаас өмнөх 250.000.000 төгрөгийг л хүлээн зөвшөөрч байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэл үндэслэлтэй, бичгийн хэлбэртэй байгуулсан гэрээг 3 автомашинаа буцааж авахын тулд хууль бус шаардлага, хууль бус шахалтын улмаас тухайн гэрээг байгуулсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл учраас 2 автомашиныг өмчлөх эрхтэй, 170.000.000 төгрөг төлсөн байдлаа тогтоолгох шаардлага үндэслэлтэй гэж маргаж байна.

Хариуцагч тал Ж ХХК болон А ХХК нарын хооронд тохиролцоо манайд хамааралгүй, А ХХК-тай холбогдуулан шаардлагаа гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй, Д ХХК, А ХХК-тай байгуулсан гэрээний үүрэг дуусгавар болсон, тэдэнтэй 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн гэрээ дүгнэсэн актын дагуу 250.000.000 төгрөгийг Ж ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон учраас хүлээн зөвшөөрөх боломжтой, мөн өдөр Ж ХХК-тай байгуулсан 20/03 дугаартай зээлээр машин механизм худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 100.000.000 төгрөг, уг хугацаанаас хойш төлсөн 3 удаагийн гүйлгээгээр 50.000.000 төгрөгийг төлснийг хүлээн зөвшөөрнө, нийт 400.000.000 төгрөг төлөгдсөнд маргахгүй, үлдэгдэл 524.000.000 төгрөгийг, алдангийн хамт тооцооллын хүснэгтэд дурдсанаар 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны 239.575.000 төгрөгийн алдангийн хамт нийт 763.575.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, үндсэн нэхэмжлэл үнэ төлөгдөж дуусаагүй тул үндэслэлгүй, зохигч талуудын хооронд байгуулсан гэрээг хууль зөрчсөн үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй гэж маргасан.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудад үндэслэн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудаас зарим хэсгүүдийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дараах үйл баримт тогтоогдож байна.

2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Н.Ө болон А ХХК-ийн захирал П.Н нарын хооронд маргаан бүхий 3 хүнд даацын ачааны автомашиныг 1 бүрийн үнийг 308.000.000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцсон болох нь тогтоогддог.

Нэхэмжлэгч Н.Ө уг тохиролцооны дагуу А ХХК-ийн захирал П.Н-од дансаар болон бэлнээр 785.000.000 төгрөг төлсөн гэж тайлбарладаг.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл 5... тоот дансыг Э.З эзэмшдэг, 5... тоот дансыг Д ХХК эзэмшдэг, 5... тоот дансыг Н.Ө эзэмшдэг, 5... тоот дансыг Б.О эзэмшдэг, 5006946375 тоот дансыг Н.Отгонбаатар эзэмшдэг болох нь тогтоогдов.

А ХХК-ийн захирал П.Нод төлөх тус автомашинуудын төлбөрийг Н.Ө өөрийн эзэмшлийн хаан банкны 5... тоот данснаас Э.З-ын эзэмшлийн хаан банкны 5... тоот данс руу 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 350.000.000, 5... тоот Д ХХК-ийн эзэмшлийн хаан банкны данс руу 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 15.000.000 төгрөг шилжүүлсэн.

А ХХК-ийн захирал П.Н-ын эхнэр гэх Э.З-ын эзэмшлийн "Хаан банк" ХХК-ийн 5... тоот данс руу 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 350,000,000 төгрөгийн орлого Өлзийбаяраас гэх гүйлгээний утгаар орсон, маргааш өдөр нь буюу 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр түүний данснаас 17 удаагийн 20,000,000 төгрөгийг гүйлгээгээр 340,000,000 төгрөг, 1 удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөг, нийт 350,000,000 төгрөгийг А урьдчилгаа гэх гүйлгээний утгаар 5... тоот Д ХХК-ийн данс руу зарлагдсан.

Б.О-ын эзэмшлийн хаан банкны 5... тоот данснаас 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Д ХХК-ийн эзэмшлийн 5... тоот данс руу 100.000.000 төгрөг А урьдчилгаа гэх гүйлгээний утгаар, 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Д ХХК-ийн эзэмшлийн 5... тоот данс руу 100.000.000 төгрөг ЖХХК машины урьдчилгаа гэх гүйлгээний утгуудаар шилжсэн.

Б.О-ын эзэмшлийн хаан банкны 5... тоот данснаас 2019 оны 07 дугаар сарын 20-ны мөн өдөр Д ХХК-ийн эзэмшлийн 5... тоот данс руу 20.000.000 төгрөгөөр 3 удаа, 13.000.000 төгрөгөөр 1 удаа, нийт 73.000.000 төгрөгийг А гүйлгээний утгаар шилжсэн.

Мөн Б.О-ын эзэмшлийн хаан банкны 5... тоот данснаас 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 5... тоот Э.З-ын данс руу 6.000.000 төгрөгийг Өлзий дархан гүйлгээний утгаар шилжсэн.

Б.О-ын эзэмшлийн хаан банкны 5... тоот данснаас 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 5... тоот Д ХХК-ийн эзэмшлийн данс руу 100.000.000 төгрөг Ж ХХК машины урьдчилгаа гэх гүйлгээний утгаар шилжсэн.

Н.О-ын  5006 946375 тоот данснаас 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 5... тоот Д ХХК-ийн данс руу 20.000.000 төгрөг 3 ширхэг МТ86 ЖХХК гүйлгээний утгаар шилжсэн.

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 15.000.000 төгрөгийн орлого ЖХХК МТ86-3ш машины мөнгө гэх гүйлгээний утгаар Д ХХК-ийн 5... тоот данс руу орлого орсон.

2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 77.000.000 төгрөгийг ДАМП урьдчилгаа А гэх гүйлгээний утгаар бэлнээр хүлээн авсан болох нь тогтоогдож байна. /210/

Дээрх дансны гүйлгээнээс дүгнэж үзвэл Д ХХК-ийн эзэмшлийн хаан банкны 5... тоот данс руу

1.Н.Ө-ын хаан банкны 5... тоот данснаас 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 15.000.000 төгрөг,

2.Э.З-ын эзэмшлийн хаан банкны 5... тоот данснаас 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 17 удаагийн 20,000,000 төгрөгийг гүйлгээгээр 340,000,000 төгрөг, 1 удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөг, нийт 350,000,000 төгрөг,

3.Б.О-ын эзэмшлийн хаан банкны 5... тоот данснаас 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 100.000.000 төгрөг,

4-7.2019 оны 07 дугаар сарын 20-ны мөн өдөр 20.000.000 төгрөгөөр 3 удаа, 13.000.000 төгрөгөөр 1 удаа, нийт 73.000.000 төгрөг,

8. 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 100.000.000 төгрөг,

9.2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 5... тоот Э.З-ын данс руу 6.000.000 төгрөг,

10.Н.-ын 5... тоот данснаас 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 20.000.000 төгрөгүүд шилжин орсон,

11.2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 15.000.000 төгрөгийн орлого харилцах данс тодорхойгүй орлого,

12.2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 77.000.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан, дээрх 12 багц гүйлгээгээр 756.000.000 төгрөгийг орлого орсон болох нь тогтоогддог. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 786.000.000 төгрөг төлсөн гэх тайлбар бүрэн тогтоогдсонгүй.

Хариуцагч талын дээрх төлбөрүүдээс Б.О-ын эзэмшлийн хаан банкны 5... тоот данснаас 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 100.000.000 төгрөг, Н.Отгонбаатарын 5006946375 тоот данснаас 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн харилцах данс тодорхойгүй 20.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2020 оны 12 дугаар сарын 15/05/-ны өдрийн 15.000.000 төгрөг, Н.Ө өөрийн эзэмшлийн хаан банкны 5... тоот данснаас 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 15.000.000 төгрөгийн гүйлгээг л хүлээн зөвшөөрдөг.

Бусад гүйлгээ болон бэлэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэх татгалзал үндэслэлгүй гэж үзлээ.

Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1-д зааснаар зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, бичгээр байгуулагдсан гэж үзэхээр байна.

Уг харилцаагаар худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүрэг хүлээхээр заасан бөгөөд худалдагч Д ХХК нь худалдан авагч ЖХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Машин механизм зээлээр худалдах худалдан авах гэрээ-г байгуулан МТ86Н маркийн 3 ширхэг автомашиныг 1 бүрийн үнийг 308.000.000 төгрөгөөр нийт 924.000.000 төгрөгөөр худалдан авах, урьдчилгаа 350.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 574.000.000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр буюу 1 сарын дотор төлөх, үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд худалдагч талаас автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх, худалдагч нь урьдчилгаа төлбөр хүлээн авснаас хойш хоногийн дотор машин механизмыг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлэх, худалдан авагч төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар хоног тутамд алданги тооцохоор тохиролцжээ.

Гэвч нэхэмжлэгч нарын тайлбараар маргаан бүхий 3 автомашин эрхийн зөрчилтэй, өмчлөгч нь А ХХК-ийн захирал П.Н бус Д ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй болохыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мэдсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд тус шүүхэд болон Цагдаагийн байгууллагад Д.Б, П.Н, Л.Ц, Г.Б, Э.З нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Н.Ө-ыг хохирогчоор асуусан тэмдэглэл зэрэг баримтуудаар давхар тогтоогдож байна.

А ХХК болон Д ХХК нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 19/33, 19/34 дугаартай Машин, механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, МТ86Н маркийн ачааны өөрөө буулгагч автомашин 1 бүрийн үнийг 308.000.000 төгрөгөөр тооцон 5 ширхэг, МТ95Н маркийн ачааны өөрөө буулгагч автомашин 1 бүрийн үнийг 408.000.000 төгрөгөөр тооцон 9 ширхэг, нийт 14 хүнд машин худалдах худалдан авахаар гэрээ байгуулж, гэрээ байгуулсан өдрөөс урьдчилгаа төлбөр төлүүлж, автомашинуудыг худалдан авагч талыг эзэмшил ашиглалтад шилжүүлж, үнэ төлөгдсөний дараа худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон гэрээний харилцаатай байсан боловч 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Д ХХК нь А ХХК-тай гэрээ дүгнэсэн акт үйлдэж гэрээний харилцааг дуусгавар болгосон байна.

Уг А ХХК-ийн худалдан авах гэж байсан 14 автомашинаас 3 ширхэг нь маргаан бүхий автомашинууд мөн бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

А ХХК-ийн эзэмшлээс уг 14 автомашинуудын үнэ төлөгдөөгүй, шинэ машины чанар байдалтай холбогдуулан муутган ашиглаж байгаа шалтгаанаар худалдагч Д ХХК тус автомашинуудыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшилдээ авсантай холбогдуулан нэхэмжлэгч Н.Ө эрхийн зөрчилтэй болохыг мэдсэн гэж үзэхээр байна.

Улмаар 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Д ХХК-тай дээрх зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулсан байна.

Зохигчид одоо маргаан бүхий 3 ширхэг автомашины үнэ төлөгдсөн хэмжээний талаар маргаж, нэхэмжлэгч тал 786.000.000 төгрөгийг төлсөн, хариуцагч тал 400.000.000 төгрөг төлөгдсөн талаар маргаж байна.

Д ХХК нь нэхэмжлэгч Н.Ө болон түүний талаас Б.О, Э.З, нарын зүгээс зээлээр худалдах худалдан авах 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс өмнөх төлөлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй, 250.000.000 төгрөгийг А ХХК-тай байгуулсан гэрээ дүгнэсэн актад үндэслэн зөвшөөрнө гэж маргаж байна.

Шүүх хариуцагч Д ХХК нь А ХХК-тай гэрээ байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 3 автомашиныг нэхэмжлэгч Н.Ө эзэмшилдээ авсан, мөн цаг хугацаанаас хойш төлсөн төлөлтүүд хариуцагч Д ХХК-ийн данс руу шилжиж орж байсан байдал зэргийг харгалзаад Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөхөөр заасан байх ба мөн зүйлийн 211.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн, ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцохоор заасан.

Хариуцагч Д ХХК нь А ХХК-тай гэрээ цуцалснаар Н.Өын болон бусад этгээдийн зүгээс төлсөн төлбөрүүдийг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй ч түүний дансаар орж, уг төлбөрийн мөнгийг хариуцагч тал ашигласан байдал нь нэхэмжлэгч нарыг үүргээ гүйцэтгэсэнд тооцох үндэслэл болно гэж үзэв.

Маргаж буй автомашинууд 2019 оны 04 дүгээр сард Монгол улсад гаалиар орж ирсэн, хариуцагч Д ХХК-ийн өмчлөлийнх болох нь тогтоогддог.

Иймд нэхэмжлэгч нар нь хариуцагч талд нотлох баримтаар тогтоогдсон 756.000.000 төгрөгийг төлсөнд тооцох үндэслэлтэй, 924.000.000 төгрөгийн төлбөрөөс 168.000.000 төгрөг төлөгдөөгүй байна.

Гэвч тус маргаж буй 3 автомашины үнэ дутуу төлөгдсөн ч 2 автомашины өмчлөгч мөн гэж нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д зааснаар хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр хөрөнгийн эрхийг олж авахаар, Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөгч эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, талууд гэрээгээр тохирсон үнэ бүрэн төлөгдсөнөөр өмчлөх эрх шилжүүлэхээр тохиролцсон, 168.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул нэхэмжлэгч нарт өмчлөх эрх шилжүүлэхийг шаардах эрх үүсээгүй, түүнчлэн хөрөнгийн өмчлөгч биш байна.

Иймээс 11-37ТТА, 11-41ТТА улсын дугаартай МТ86Н маркийн ачааны 2 ширхэг машин механизмуудын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл үндэслэлгүй.

Харин 11-37 ТТА, 11-39 ТТА, 11-41 ТТА улсын дугаартай МТ86Н маркийн ачааны машин механизмын төлбөрт 756.000.000 төгрөг төлсөнд тооцох шаардлага үндэслэлтэй.

Нэхэмжлэгч талын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-д зааснаар 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 20/03 дугаартай Машин механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх болон хүчин төгөлдөр бус гэж тооцож болох үндэслэл тогтоогдоогүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Харин хариуцагч тал дээрх 3 автомашины төлбөрт алдангид 763.575.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангах, З автомашины үлдэгдэл төлбөрт 168.000.000 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

Хариуцагч талын тооцооллын хүснэгтэд үндэслэн хоног тутамд 0,1 хувиар тооцон 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх 100 хоногийн 239.000.000 төгрөгийг үлдэгдлээс тооцон 23.900.000/239.000*100/ төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх 11 хоногийн 219.000.000 төгрөгийг үлдэгдлээс тооцон 2.409.000/219.000*11/ төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх 27 хоногийн 213.000.000 төгрөгийг үлдэгдлээс тооцон 5.751.000/213.000*100/ төгрөг, 2020 оны 08 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх 107 хоногийн 198.000.000 төгрөгийг үлдэгдлээс тооцон 21.186.000/198.000*107/ төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх 168 хоногийн 168.000.000 төгрөгийг үлдэгдлээс тооцон 27.552.000/168.000*164/ төгрөгийн нийт 80.798.000 төгрөгийн алданги гаргуулан шийдвэрлэв.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6, талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар зээлээр худалдах худалдан авах гэрээний үндсэн үүрэг болон алдангид 248.798.000/168.000.000+80.798.000/ төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулан хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 514.777.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8.865.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч талаас 3.937.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч талд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж хариуцагчаас урьдчилан төлсөн 3.975.825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ж ХХК, Н.Ө нараас 1.401.940 төгрөг гаргуулж хариуцагч талд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж ХХК, Н.Ө нарын хариуцагч Д ХХК-ид холбогдох 11-41 ТТА, 11-39 ТТА, 11-37ТТА улсын дугаартай МТ-86Н маркийн ачааны автомашины төлбөрт 756.000.000 төгрөг төлөгдсөн болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул зохигч талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 20/03 дугаартай машин механизмын зээлээр худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 11-37ТТА, 11-39ТТА улсын дугаартай МТ-86Н маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нэхэмжлэгч Ж ХХК, Н.Ө нараас 248.798.000 төгрөгийг гаргуулан хариуцагч Д ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 514.777.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8.865.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас 3.937.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК, Н.Ө нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж хариуцагчаас урьдчилан төлсөн 3.975.825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ж ХХК, Н.Ө нараас 1.401.940 төгрөг гаргуулан хариуцагч Д ХХК-ид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч талууд 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.Б