Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01816

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Ө , Ж х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 01-ний өдрийн 184/ШШ2022/02486 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Ө болон Ж х ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д ХХК-д холбогдох, 00-00 ААА, 00-01 ААА улсын дугаартай МТ86Н маркийн ачааны зориулалттай 2 ширхэг тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох, 00-02 ААА улсын дугаартай МТ86Н маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийн үнэд 170,000,000 төгрөг төлсөнд тооцуулах, 2020 оны 03 сарын 07-ны өдрийн 00/00 дугаартай Машин механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 00-00 ААА, 00-02 ААА, 00-01 ААА улсын дугаартай МТ86Н маркийн ачааны зориулалттай 3 ширхэг тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр 524,000,000 төгрөг, алданги 239,575,000 төгрөг, нийт 763,575,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Н.Ө нь 2019 оны 07 сарын 19-ний өдөр А г ХХК-аас нийтдээ 3 ширхэг МТ86 маркийн хүнд даацын автомашин нэг бүрийн үнийг 308,000,000 төгрөгөөр тооцон худалдан авахаар аман тохиролцоо хийсэн. Нэхэмжлэгч Н.Ө нь 2019 оны 07 сарын 19-ний өдрөөс 2020 оны 05 сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 786,000,000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн өгсөн байдаг. Үүнээс 2019 оны 07 сарын 22-ны өдөр 77,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд Д ХХК нь орлогын баримт үйлдэж, падаан дарж авсан байдаг. Нийт 785,000,000 төгрөгийг хүү, алданги тооцохгүйгээр төлсний дараа дараа машин шилжүүлж авахаар аман тохиролцоо хийсэн. Гэтэл 2019 оны 10 сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Н.Ө ын худалдаж авсан тээврийн хэрэгслүүдийг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Д ХХК хурааж авсан. Юу болсон талаар асууж очиж уулзахад тухайн машин механизмын өмчлөгч компани гэсэн тайлбарыг хэлсэн. Нэхэмжлэгч Н.Ө машинаа авахаар удаа дараа хандаж, холбогдох баримтуудыг үзүүлсэн боловч Д ХХК-ийн зүгээс тухайн баримт хамаа байхгүй гэдэг. Олон удаагийн уулзалт, гуйлтын үр дүнд Д ХХК-ийн хувьд дахин гэрээ хийх санал тавьсан. Н.Ө 600,000,000 төгрөгийг өөрийн ах, дүү, хамаатан, садны 6 гэр бүлийн байр, хашаа, байшин, автомашин зэргийг худалдаж уг машиныг бий болгосон. Машинаа Д ХХК-ийн өмчлөлөөс буцааж авахын тулд өөрийн хүсэл зоригоо илэрхийлэхгүйгээр, хүсэхгүйгээр, аргагүй эрхэнд гэрээнд гарын үсэг зурж байж 3 машинаа буцааж авах юм байна гэдэг зүйлийг ойлгосон. Гэрээнд 2019 оны 07 сарын 19-ний өдөр өгсөн 360,000,000 төгрөг буюу худалдаж авсан машин механизмын төлбөр тооцоогүй гэж шахалтаар оруулж байж гарын үсэг зурахаас өөр аргагүй болж, 100,000,000 төгрөг дахин өгөөд 2020 оны 03 сарын 07-ны өдөр буцаан эзэмшилдээ авсан. Үүнээс хойш 2 удаа уурхайн ажил руу оруулсан боловч Д ХХК-ийн зүгээс машиныг ажиллуулж болохгүй, өр төлбөртэй гэдэг албан бичиг өгсний улмаас ямар нэгэн байдлаар нэг ч ажил хийж чадаагүй. Улмаар Д аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар машиныг хураалган, түлхүүрийг нь Д ХХК эзэмшиж байгаа. Д ХХК-тай байгуулсан гэрээний заалт болон 2019 оны 07 сарын 19, 2019 оны 07 сарын 20-ны өдөр төлсөн нийт төлбөр, н.Н ын мэдүүлэг, гэрч н.З ын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг, 3 машин механизмын үнэлгээ, үүрэг хариуцлага, алданги зэргээр тус гэрээ хууль бус, хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдоно. Мөн хариуцагчийн зүгээс А г ХХК-ийн шаардлага хангахгүй баримтуудыг удаа дараа сөрөг нэхэмжлэл гаргах үндэслэл болгож гаргаж байгаа. Тухайн 3 машин механизмын өмчлөгч нь Д ХХК бөгөөд Д ХХК нь А г ХХК-тай аман хэлцэл хийсэн боловч нийтдээ 785,000,000 төгрөгөөс А г ХХК-ийн данс руу нэг ч төгрөг ороогүй. Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаар Д ХХК-ийг тодорхойлсон. Мөн н.З гэх хүн 2019 оны 07 сарын 19-ний өдөр 350,000,000 төгрөгийг аваад цаашаа 2019 оны 07 сарын 20-ны өдөр нийтдээ 18 удаагийн гүйлгээгээр хариуцагч Д ХХК-ийн данс руу шилжүүлж, Н.Ө ын худалдан авсан машин механизмын төлбөрийг дамжуулж өгсөн талаар гэрчийн мэдүүлэг болон цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, шүүхэд өгсөн мэдүүлэгтээ дурддаг. Д ХХК уг хэргийн хариуцагч болох нь дээрх нотлох баримтаар тогтоогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: "Д " ХХК нь "Ж х " ХХК-ийн захирал Н.Ө тай 2020 оны 03 сарын 07-ны өдөр машин механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Энэ гэрээг байгуулахдаа МТ86Н маркийн 3 ширхэг машин механизмын төлбөрт 924,000,000 төгрөг төлөх ёстой байснаас урьдчилгаа төлбөрт 350,000,000 төгрөг төлсөн байх шаардлагатай байсан, үлдэгдэл төлбөрийг гэрээний 3.4-т зааснаар бүрэн төлсний дараа МТ86Н маркийн 3 ширхэг машин механизмыг бүрэн шилжүүлж өгөхөөр талууд тохиролцож гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу Н.Ө нь МТ86Н маркийн 3 ширхэг машин механизмыг авч ажиллуулсан. "А г " ХХК-аас 250,000,000 төгрөгийг, Н.Ө өөрөөсөө 100,000,000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш нийт 50,000,000 төгрөг төлсөн. Тэгэхээр МТ86Н маркийн 3 ширхэг машин механизмын үлдэгдэл төлбөр 524,000,000 төгрөг болдог бөгөөд 2020 оны 12 сарын 07-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл дээрх төлбөрөөс нэг ч төлөлт хийгээгүй. 2022 оны 04 сарын 18-ны өдөр С дүүргийн Иргэний шүүхэд битүүмжлүүлэх хүсэлт өгсөн. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхээр Д аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бичиг очсон. Д аймаг дахь Н.Ө ын эзэмшлийн хашаанд 3 машиныг битүүмжилж хадгалалт хамгаалалтыг нь Н.Ө т хариуцуулсан боловч Н.Ө хадгалалт хамгаалалтыг зөрчиж Х ХХК-д сарын 30,000,000 төгрөгийн түрээстэй 3 машинаа түрээслүүлсэн байдаг. Улмаар хүсэлт гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хашаанд битүүмжлүүлж, лацны зургийг Н.Ө авч явсан. Гэрээний үүрэг дээр төлбөр төлөхгүй байгаа тохиолдолд тээврийн хэрэгслийг зогсоох үүрэгтэй гэж заасан байгаа. Худалдах, худалдан авах гэрээгээ зөрчиж төлбөрөө төлөхгүй байгаа учир манай талаас тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авсан. Энэ үед Н.Ө гэдэг хүн гарч ирж худалдаж авсан талаар А г ХХК ярьдаг. А г ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхгүй учир машинуудаа буцааж авахаар болсон. 2020 оны 03 сарын 07-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэхэд Н.Ө өөрөө байсан. Хоорондоо тохиролцоод А г ХХК 250,000,000 төгрөгийг Н.Ө өгсөн болгож тооцуулж, гэрээгээ дахин шинээр 2020 оны 03 сарын 07-ны өдөр байгуулсан. Энэ гэрээг хууль бус гэж үзэж байгаа юм бол 20,000,000 төгрөг, 15,000,000 төгрөгийг гэрээний үүрэгт төлөх шаардлага байхгүй. 2020 оны 03 сарын 20-ны өдөр Д.Ө ын зүгээс А г ХХК-ийн захирал н.Н д ...танай 250,000,000 төгрөгийг хүлээж авсан, үүнийг буцааж манайх 250,000,000 төгрөгийг Д ХХК-д төлсөнд тооцно... гэх агуулгатай хүсэлт хүргүүлсэн. 2019 оны 07 сарын 20-ны өдөр А г ХХК-ийн хүсэлтийн дагуу Д ХХК-ийн хооронд 2 төрлийн гэрээ байгуулагдсан. 2019 оны 07 сарын 20-ны өдрийн 00/00 дугаартай машин механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр МТ-86 маркийн авто самосвал 5 ширхгийг, МТH-95 маркийн самосвал 8 ширхэг нийт 13 ширхэг тээврийн хэрэгслийг нийт 5,200,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэтэл А г ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ зөрчиж төлбөрийн үүргээ биелүүлээгүй. Үүнтэй холбоотой 2019 оны 10 сарын 20-ны өдөр гэрээгээр шилжүүлсэн техникүүдээ буцааж авахаар шаардсаны дагуу техникүүдээ буцааж авсан. Техникийг хурааж авах үед Н.Ө нь ...А г ХХК-аас 3 тээврийн хэрэгсэл худалдаж авсан... гэдэг тайлбар хэлдэг. Нэхэмжлэгч нар А г ХХК-ийн өмнөөс Д ХХК-д мөнгө төлсөн гэж үзэж байгаа бол А г ХХК-аас шаардах хэрэгтэй. Н.Ө Д ХХК-ийн шахалт шаардлагаар хүч хэрэглэсэн байдлаар гэрээ хэлцэл байгуулсан гэж тайлбарладаг боловч гэрээний батлав гэх хэсэгт Ж х ХХК-ийн тамга, Н.Ө ын гарын үсэг зурагдаж, тамга дарагдсан байдаг. Н.Ө ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...бид энэ гэрээг банкнаас зээл авах зорилгоор байгуулсан, 350,000,000 төгрөгийн урьдчилгаа өгчихөөд үлдэгдэл төлбөрийг банкны санхүүжилтээр төлж барагдуулах байсан... гэж хэлдэг. Анхнаасаа хүч хэрэглэсэн, дүр үзүүлсэн, хууль бус хэлцэл хийх хуулийн шаардлагатай ямар ч нөхцөл байдал үүсээгүй тул үндсэн нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй.

 

3.   Сөрөг нэхэмжлэлийн агуулга: Гэрээ байгуулагдсанаас хойш 3 удаагийн төлөлтөөр 50,000,000 төгрөг төлөгдсөн. Гэрээ байгуулах үед 100,000,000 төгрөг төлөгдсөн, үүнээс хойш ямар ч төлбөр төлөгдөөгүй. Өмнөх А г ХХК-тай холбоотой асуудал тусдаа харилцаа, тусдаа төлбөр тооцоо хийгээд явсан. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасны дагуу Н.Ө болон Ж х ХХК-аас аль алинаас нь тэнцүү хэмжээтэй гаргуулахаар шаардлага гаргасан. Мөн хавтаст хэргийн 8-р талд авагдсан Ж х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний арын хэсэгт өмчлөгчөөр 1 иргэнийг бүртгэсэн буюу Н.Ө нь Ж х ХХК-ийн цорын ганц өмчлөгч юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа тэнцүү хэмжээгээр тодорхойлсон байгаа тул хамтран хариуцаад явах нь зүйд нийцнэ. Хэдийгээр Д ХХК-ийн нэр дээр 3 машин механизм бүртгэлтэй байгаа боловч бусдын эзэмшил ашиглалтад байгаа учир тодорхой хугацаанд ашиглуулахгүйгээр буцааж авах сонирхол компанид байдаггүй. Бидний зүгээс хүү тооцоогүй зөвхөн алданги тооцсон. Алданги нь гэрээний 3.7-д зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас багагүй хувиар гэж заасан. Иймд Н.Ө , Ж х ХХК нараас үлдэгдэл төлбөр 524,000,000 төгрөг, алданги 239,575,000 төгрөг, нийт 763,575,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

4.   Сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэл гаргахаас 7 сарын өмнө иргэн Н.Ө 600,000,000 төгрөг төлсөн байдаг. Гэрээ байгуулагдсан өдөр 100,000,000 төгрөг төлсөн бөгөөд нийт 735,000,000 төгрөг төлсөн. Гэтэл ямар үндэслэлээр 524,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. 2020 оны 03 сарын 07-ны өдрөөс хойш 139,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж гардаг. Хууль бус гэрээнд үндэслэж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй. А г ХХК-аас нэхэмжлэх хуулийн зохицуулалт байхгүй. МТ-86Н маркийн 3 ширхэг машин механизмын төлбөрт төлсөн 785,000,000 төгрөгийг бүгдийг нь Д ХХК өөрийн дансаар хүлээж авсан. Мөн 2019 оны 07 сарын 22-ны өдөр н.Ж гэх захирал 77,000,000 төгрөгийг Н.Ө аас хүлээж авсан тухай нотлох баримт хэрэгт авагдсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж х ХХК, Н.Ө нарын хариуцагч Д ХХК-д холбогдох 00-01 ААА, 00-02 ААА, 00-00 ААА улсын дугаартай МТ-86Н маркийн ачааны автомашины төлбөрт 756,000,000 төгрөг төлөгдсөн болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 03 сарын 07-ны өдрийн 00/00 дугаартай машин механизмын зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 00-00 ААА, 00-02 ААА улсын дугаартай МТ-86Н маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нэхэмжлэгч Ж х ХХК, Н.Ө нараас 248,798,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Д ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 514,777,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,865,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-аас 3,937,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж х ХХК, Н.Ө нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж хариуцагчаас урьдчилан төлсөн 3,975,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ж х ХХК, Н.Ө нараас 1,401,940 төгрөг гаргуулан хариуцагч Д ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

6.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.а. Нийт 756,000,000 төгрөгийг Ж х ХХК, Д ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу шилжүүлсэн бөгөөд хариуцагчийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа гүйлгээний дүн 606,000,000 төгрөг болж байна. Үүнээс 600,000,000 төгрөг нь иргэн Н.Ө , А г ХХК-ийн хооронд 2019 оны 06 сард уулзаж ярилцаад эхлүүлсэн гэрээний төлбөртэй холбоотой, А г гэсэн утгатай байдаг. 6,000,000 төгрөг нь ... гэсэн утгатай Б.О аас Э.З руу шилжсэн тодорхойгүй гүйлгээ байна. Эдгээр төлбөрийг Ж х ХХК, Д ХХК-ийн хооронд 2020 оны 03 сарын 07-ны өдөр байгуулагдсан Машин механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд тооцох үндэслэлгүй гэж үзэж байна.

6.б. Хариуцагчийн зүгээс талуудын хооронд 2019 оны 07 сарын 19-ний өдрөөс хойш дараах хоёр тусдаа харилцаа үүссэн гэж үзэж байгаа бөгөөд энэ нь зохигчид болон гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар тогтоогддог. Үүнд иргэн Н.Ө , А г ХХК-ийн хооронд 3 машин худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, мөн А г ХХК, Д ХХК-ийн хооронд 14 машин худалдах, худалдан авах гэрээний харилцаа тус тус үүссэн тухайд зохигчид маргаагүй. Гэтэл Н.Ө ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шүүх хүлээн авч дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтад үндэслэгдээгүй дүгнэлт болсон гэж үзэж байна. Тухайн 2020 оны 03 сараас өмнө төлсөн төлбөрүүдийг талуудын хооронд 2020 оны 03 сарын 07-ны өдөр байгуулсан гэрээний төлбөрт тооцох эсэхтэй холбоотой олон баримт байна. Төлбөрийг шилжүүлж байгаа утга, А г ХХК, Д ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ, гэрээний дагуу тухайн машин механизмуудыг хүлээлцсэн акт зэрэг баримтуудад Н.Ө , Ж х ХХК гэх нэрс огт дурдагдаагүй. Төлбөрийн утгаас харахад Н.Ө тухайн үед төлбөрийг төлж байх үеийн хүсэл зоригийн илэрхийлэл харагдаж байна. Иймд төлбөрийн гүйлгээг хэний данснаас хэний дансанд шилжүүлснийг анхаарахаас гадна, түүнтэй хамааралтай гэрээ хэлцэл, гэрээний зүйлийг шилжүүлсэн байдал, шилжүүлж байгаа этгээдийн тухайн үеийн хүсэл зоригийн илэрхийлэл, бусад нотлох баримтуудыг харьцуулан үзсэний үндсэн дээр шийдвэрлэх зүйтэй гэж үзэж байна.

6.в. Д ХХК, Ж х ХХК-ийн хооронд 2020 оны 03 сарын 07-ны өдөр байгуулсан Машин механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 3.4-т 2020 оны 03 сарын 07-ны өдрөөс 2020 оны 04 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд үлдэгдэл 574,000,000 төгрөгийг төлнө гэж заасан. Иймд өмнө нь А г ХХК-ийн өмнөөс төлсөн төлбөрүүдээс 250,000,000 төгрөгөөс бусад нь энэ гэрээний төлбөрт тооцогдохгүй гэдгийг гэрээ байгуулах үедээ ойлгож, ухамсарлаж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурсан. Мөн 2020 оны 08 сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад өгсөн Н.Ө ын мэдүүлгийн 2 дугаар талд ...та одоогоор хэдэн төгрөг төлж байж гурван машиныг өөрийн болгож эзэмшлийн болгож авах вэ... гэх асуултад ...одоо үлдэгдэл 650,000,000 төгрөг төлж байж өөрийн болгоно... гэж хариулсан. Үүнээс үзэхэд 2020 оны 08 сард одоо бидний нэхэмжлээд байгаа төлбөрийг төлөхөө мэдээд, хүлээн зөвшөөрөөд мэдүүлгээ өгч байсан байна. Мөн уг мэдүүлэгт А г ХХК-ийн захирал П.Н ...эдгээр машинуудыг А г ХХК-аас худалдаж аваад эргүүлээд түрээслүүлчихвэл ашигтай... гэх саналыг тавьсан, ингээд П.Н оос худалдаж аваад А г ХХК-д эргүүлэн түрээслүүлээд тухайн үед 92,000,000 төгрөгийн ашиг олсноо мэдүүлж байгаа нь А г ХХК, Н.Ө нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа, түрээсийн гэрээний харилцаа байсан бөгөөд үүнд Д ХХК ямар ч хамааралгүй гэдгийг давхар илтгэж байна. Иймд гэрээгээр нарийн тодорхой тохиролцсон хугацаанаас өмнө төлөгдсөн төлбөрүүдийг оруулан тооцсон шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна.

6.г. Түүнчлэн, хэрэгт авагдсан А г ХХК-ийн 2020 оны 03 сарын 20-ны өдрийн 00/00 дугаартай албан бичигт Н.Ө аас А г ХХК-д 600,000,000 төлөгдсөнийг хүлээн зөвшөөрсөн. Үүнээс 250,000,000 төгрөгийг Н.Ө т буцаан өгсөн буюу түүний Д ХХК-тай байгуулсан 2020 оны 03 сарын 07-ны өдрийн гэрээний урьдчилгаанд тооцуулсан, үлдэх 350,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж хуваарь гарган, Н.Ө т хүргүүлсэн. Ийнхүү А г ХХК нь Н.Ө аас 3 машины төлбөрт 600,000,000 төгрөг хүлээн авснаа зөвшөөрөөд зөрүү 350,000,000 төгрөгийг буцаан төлөхөө илэрхийлээд байхад шүүх уг төлбөрийг давхардуулан Д ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрт тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн дээр дурдсан албан бичигт заасан хуваарийн дагуу аливаа төлөгдсөн эсэх, хэзээ төлөхийг А г ХХК, захирал П.Н с тодруулаагүй, нотлох баримт дутуу байхад шүүх шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй.

6.д. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. 2020 оны 03 сарын 07-ны өдрөөс өмнө Н.Ө , А г ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаатай байсан бөгөөд А г ХХК нь эрхийн зөрчилтэй эд хөрөнгө худалдсаныг 2019 оны 10 сарын 10-ны өдөр мэдсэн гэж нэхэмжлэгч болон гэрчүүд мэдүүлдэг, шүүх мөн ингэж дүгнэсэн. Тэгэхээр тухайн үед Н.Ө , А г ХХК-ийн хооронд үүргийн харилцаа үүссэн бөгөөд үүрэг гүйцэтгэгч Н.Ө , үүрэг гүйцэтгүүлэгч А г ХХК-тай амаар байгуулсан гэрээнд заасан эрх бүхий этгээд болох Д ХХК-д үүргийн гүйцэтгэлээ хүлээлгэн өгч байсан. Ийнхүү эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгснөөр үүрэг гүйцэтгүүлэгч А г ХХК үүргийг гүйцэтгэсэнд тооцож байсан байна. Дээрх байдлаар А г ХХК-ийг нэгэнт үүргээ гүйцэтгэсэнд тооцчихсон байсан төлбөрийг хоёр өөр үүрэг гүйцэтгүүлэгчийн үүргийн гүйцэтгэлд давхардуулан тооцох нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

7.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Н.Ө нь 00-00 ААА, 00-02 ААА, 00-01 ААА улсын дугаартай МТ86Н маркийн 3 ширхэг ачааны автомашиныг худалдан авахдаа ах дүү хамаатан садангийн нийт 7 гэр бүл болон эдгээр айлд өссөн торниж байгаа 13 бага насны хүүхдийн хувь тавилангаар дэнчин тавьж худалдан авсан боловч эхнээсээ миний бие орон гэрээ банкны барьцаанд алдан төрсөн ахынхаа хажуу өрөөнд нөхөр 2 хүүхдийн хамт амьдарч байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдсан төлбөрийг дансаар болон бэлнээр төлсөн ч Д ХХК-ийн зүгээс миний ажил хийхээр тохиролцсон байгууллагуудад манай өмчлөлийн машин механизм учраас Н.Ө нь ажил хийлгэх эрхгүй гэх агуулга бүхий албан тоот өгч, нэг өдөр ч ажил хийх боломж олгоогүй нөхцөл байдлыг удаа дараа үүсгэсээр өнөөдрийг хүрсэн. Хамгийн сүүлд 2022 оны 07 сарын 05-ны өдөр С аймгийн С суманд үйл ажиллагаа явуулдаг Х ХК-д 3 машин, механизмаа оруулсан боловч Д аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас надруу БНХАУ-ын иргэдтэй ирж миний худалдан авсан МТ86Н маркийн 3 ширхэг машин механизмыг хураан авсан. Н.Ө нь Д ХХК шиг ямар нэгэн иргэнийг залилан мэхэлж байгаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэл тогтоогдсон тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2.   Нэхэмжлэгч Н.Ө болон Ж х ХХК нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан, 00-00 ААА, 00-01 ААА улсын дугаартай МТ86Н маркийн ачааны зориулалттай 2 ширхэг тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох, 00-02 ААА улсын дугаартай МТ86Н маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийн үнэд 170,000,000 төгрөг төлсөнд тооцуулах, 2020 оны 03 сарын 07-ны өдрийн 00/00 дугаартай Машин механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, 00-00 ААА, 00-02 ААА, 00-01 ААА улсын дугаартай МТ86Н маркийн ачааны зориулалттай 3 ширхэг тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр 524,000,000 төгрөг, алданги 239,575,000 төгрөг, нийт 763,575,000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлага гарган маргажээ. /1хх 1-2, 36, 38-39, 84-86, 102-103, 133-135/

 

3.   Нэхэмжлэгч Н.Ө болон Ж х ХХК-ийн хариуцагч Д ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүх 2022 оны 02 сарын 21-ний өдөр хүлээн авч /1хх 2-арын нүүр/, 2022 оны 02 сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн /1хх 17/, нэхэмжлэлийн хувийг 2022 оны 03 сарын 02-ны өдөр хуулийн зөвлөх С.Д гэх этгээдэд гардуулсан байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Д ХХК-ийн гүйцэтгэх захирлаар К Х /K H/ бүртгэлтэй байх бөгөөд уг этгээдээс С.Д д тус компанийг төлөөлөх, түүний нэрийн өмнөөс нэхэмжлэлийн хувийг гардан авах эрхийг олгосон тухай баримт хэрэгт авагдаагүй байна. /1хх 18/

Иймд анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ.

 

4.   Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан ...2019 оны 07 сарын 19-ний өдөр ... МТ86Н маркийн ачааны машин механизмыг П.Н гэх хүнээс нэг ширхэгийг нь 308,000,000 төгрөгөөр бодож ... худалдан авахаар тохиролцсон... гэсэн тайлбар /1хх 84/, шүүх хуралдаанд гаргасан ...2019 оны 07 сарын 19-ний өдөр А г ХХК-аас нийтдээ 3 ширхэг МТ86Н маркийн машин механизм худалдан авахаар аман тохиролцоо хийсэн... гэсэн тайлбар /2хх 23/, Сүхбаатар  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 сарын 07-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 184/ШЗ/00000 дугаар захирамжийн тодорхойлох хэсэгт ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 07 сарын 19-ний өдөр Н.Ө нь А г ХХК-ийн захирал Д.Н той уулзаж ... МТ86Н маркийн ачааны машин механизмуудыг 924,000,000 төгрөгөөр худалдаж авахаар аман хэлцлээр тохиролцсон... гэж тусгагдсан байдал /2хх 2/, хариуцагч талын шүүхэд гаргасан ...урьдчилгаа төлбөрийн 250,000,000 төгрөг нь А г ХХК-тай урьд байгуулсан гэрээний хоорондын тооцоонд тооцож урьдчилгаа төлбөрт оруулсан... гэсэн тайлбар /1хх 38-39/, ...Тэдний төлсөн гэх төлбөрүүдийн ихэнх нь 2020 оны 03 сарын 07-ны өдөр буюу талуудын хооронд гэрээ байгуулагдахаас өмнө А г ХХК болон тус компанийн захирлын эхнэр болох Э.З руу шилжүүлсэн мөнгөн хөрөнгүүд байдаг... гэсэн тайлбар /1хх 103/ зэргийг Д ХХК, Н.Ө нарын байгуулсан 2020 оны 03 сарын 07-ны өдрийн №00/00 тоот Машин, механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 3.3-т Худалдан авагч нь урьдчилгаа төлбөрт 350,000,000 төгрөгийг гэрээ хийгдсэнээр төлнө. А г ХХК-ийн өмнөх гэрээгээр шилжүүлсэн 250,000,000 төгрөгийг Ж х ХХК-ийн гэрээний урьдчилгаанд төлсөн болохыг А г ХХК зөвшөөрсөн ба үлдэх 100,000,000 төгрөгийг Ж х ХХК нэмж төлөх болно гэж тусгасан байдал /1хх 41/, А г ХХК-ийн 2020 оны 03 сарын 20-ны өдрийн 00/00 тоот албан бичигт ...иргэн Н.Ө аас машинуудын урьдчилгаа болох 350,000,000 төгрөгийг Э.З ын хувийн /0000000000 Хаан банк/ дансаар шилжүүлэн авч Д ХХК-ийн данс руу шилжүүлсэн мөн Н.Ө нь өөрийн зүгээс 250,000,000 төгрөгийг Д ХХК руу шилжүүлснээр худалдан авсан билээ... гэж дурдсан нөхцөл байдал зэрэгтэй харьцуулан үзэхэд Н.Ө , Ж х ХХК болон Д ХХК-ийн хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэж гарах шүүхийн шийдвэр А г ХХК-ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлж болзошгүй эсэхийг анхан шатны шүүх тодруулах шаардлагатай байжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талын тайлбар, хариуцагч талын татгалзлын аль алинд нь А г ХХК, түүнтэй байгуулсан хэлцлийн талаар дурдагдаж, зохигчдын байгуулсан гэрээнд А г ХХК-ийн төлбөр тооцоо тусгагдаж, А г ХХК-ийн албан бичигт зохигчдын хоорондын төлбөр тооцооны асуудал бичигдсэн байгаа тохиолдолд шүүхийн зүгээс А г ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг тодруулахгүйгээр маргааныг үнэн зөв, эргэлзээгүйгээр шийдвэрлэх боломжгүй юм.

 

5.   Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 01-ний өдрийн 184/ШШ2022/02486 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 09 сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 2,731,840 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

Д.НЯМБАЗАР