Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2022/02406

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Б.Б даргалж, шүүгч  Б.Х, Х.О  нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Н-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Ц-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 7.398.560 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагч Г.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Ц-той 2021 оны 05 сарын 18-ны өдөр 06 цагийн үед тус дүүргийн 21 дүгээр хороо, 361 дүгээр гарам, Баруун турууны 17 дугаар гудамжинд Хашаа руу архины шил шидсэн гэх шалтгаанаар маргалдан Г.Ц хүч хэрэглэн халдаж, миний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан. Уг хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэж шийтгэх тогтоол гарч Г.Ц-ийн гэм буруутай нь тогтоогдсон. Г.Цийн надад учруулсан гэмтлээс болж надад 7.938.560 төгрөгийн хохирол учирсан. Г.Ц надад 1 ч төгрөг өгөөгүй байна. Түүний гэм буруутай үйлдлээс миний 2 шүд унасан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гэмтэлгүй гэж гарсан тул прокурор дээр гомдол гаргаж дахин шинжээч томилуулж байсан. Иймээс дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж гэмтлийг нь тогтоолгож байсан. Хариуцагч Г.Ц нь хохирлыг нь хүлээн зөвшөөрч, хохирол барагдуулна гэж хэлсэн боловч 1 жил өнгөрч байна. Миний зүгээс 3 шүдийг минь хийлгээд өгөөч гэж хүсэж байгаа. Хиймэл шүд хийлгэх нь эрүүл мэндэд таарч тохирохгүй байгаа. Иймд имплант шүд хийлгэж хоол, ундаа зөв идмээр байна. Өөрийн шүд биш хиймэл шүдээр хоол идэхэд хүндрэлтэй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна. Хариуцагч намайг хагалгаанд орсон гэж хэлээд байна. Надад хагалгаанд орсон зүйл байхгүй. Эрүүл мэндээрээ хохирсон хохирлоо гаргуулж авах хүсэлттэй байгаа, 6.000.000 төгрөг нь 3 имплант шүдний үнэ, 1.938.560 төгрөг нь эмчилгээ үйлчилгээний мөнгө, үүнээс 600.000 төгрөг нь хот орж ирж хувийн эмнэлэгт, 449.650 төгрөгөөр Сувилалд хэвтсэн зардал, үлдэгдэл нь эм болон гэрээр эмчилгээ хийлгэсэн мөнгө гарч байгаа гэв.

 

Хариуцагч Г.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н-гийн нэхэмжлэлд дурдсанаар 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 21 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоорондын маргааны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шалгаж надад шүүхээс торгуулийн ял шийтгэл оногдуулж үүнийг Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу торгуулийн ялыг өршөөн хэлтрүүлсэн болно. Тухайн гэмт хэргийг шийдвэрлэх явцад Б.Н ямар нэгэн хохирлын баримт хавсаргаж өгөөгүй. Энэхүү учруулсан гээд байгаа хөнгөн гэмтэл нь одоо гаргаж байгаа гэм хорын хохиролтой ямар ч холбоо хамаарал байхгүй. Б.Н-гийн нэхэмжлэлд хавсаргаж өгсөн нотлох баримтууд нь үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж Б.Н-гийн хохирлын төлбөр болох 28.000 төгрөг төлөхөөр шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Б.Н-д хохирлыг нь барагдуулсан. Б.Н 7.938.560 төгрөг нэхээд байгаа нь өвөл хагалгаа хийлгэж байсан талаар нь би сонссон тэр хагалгааны мөнгөө надаас нэхээд байх шиг байна. Ямар мөнгө нэхэмжилж байгааг нь би мэдэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар/хавтаст хэргийн 2 дугаар тал/, Иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаа/хавтаст хэргийн 3 дугаар тал/, эмнэлгийн магадалгаа/хавтаст хэргийн 4-6 дугаар тал/, НӨАТ-ын баримт/хавтаст хэргийн 7-8, 10, 13-15, 17-20 дугаар тал/, бэлэн мөнгөний орлогын баримт/хавтаст хэргийн 9 дүгээр тал/, зарлагын баримт/хавтаст хэргийн 11-12 дугаар тал/, дагалдах хуудас/хавтаст хэргийн 16 дугаар тал/, ЖТЭМТ-ийн эмчийн тодорхойлолт/хавтаст хэргийн 11 дүгээр тал/, Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Нүүр, ам судлалын төв эмнэлгийн магадалгаа/хавтаст хэргийн 22 дугаар тал/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоол/хавтаст хэргийн 23-28 дугаар тал/, тус эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 519 дугаартай шинжээчийн дүгнэлт, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2108010531636 дугаар тогтоол, Амбулаториор эмчлүүлэгчийн карт, Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Нүүр, ам судлалын сургуулийн Си ди бичлэг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.

Хариуцагч талаас хариу тайлбараас өөр нотлох баримт гарган өгөөгүй.

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Г.Ц-ид холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 7.398.560 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйлдэл буюу гэмтлээс болж 2 шүд унасан, 3 шүд буйланд суулгадаг имплант суулгац хийлгэх нэг бүрийн үнэ 2.000.000 төгрөгөөр тооцон 6.000.000 төгрөгийн зардал гарахаар байна, одоогийн хиймэл шүдийг 500.000 төгрөгөөр хийлгэсэн боловч нь эрүүл мэндэд таарч тохирохгүй байгаа бөгөөд имплант шүд хийлгэж хоол, ундаа зөв идэх хэрэгтэй, өөрийн шүд биш хиймэл шүдээр хоол идэхэд хүндрэлтэй байгаагаас ходоод гэдэс өвдөж, хоол тэжээлийн дутагдал, Ковид өвчин тусч эмнэлэг сувилалд хэвтэн эмчлүүлсэн 1.938.560 төгрөгийн эмчилгээ үйлчилгээний зардал гарсан, үүнээс 600.000 төгрөг нь хотод хувийн эмнэлэгт, 449.650 төгрөгөөр Сувилалд хэвтсэн зардал, үлдэгдэл нь эм болон гэрээр эмчилгээ хийлгэсэн, шүдний төвд үзүүлсэн зардал нийлээд 7.938.560 төгрөгийн хохирол учирсан тул хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж маргасан.

Хариуцагч өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч маргаагүй боловч хиймэл шүд хийлгэж өгөх боломжтой, заавал имплант шүд суулгах шаардлагагүй, суулгаагүй шүдний мөнгийг төлөх үндэслэлгүй, хэтэрхий үнэтэй байна гээд бусад эмчилгээ үйлчилгээний зардлыг өөрийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоогүй тул төлөхгүй, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тогтоосон хохирлын төлбөр 28.000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Өршөөлийн хуульд зааснаар өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.Ц-оос 28.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Н-д олгон, хохирогч гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан болон бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Мөн хавтаст хэрэгт Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 519 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 4244 тоот дүгнэлт үндэслэлтэй байна, Б.Н-гийн биед доод баруун 1 буюу 41, зүүн доод 2 буюу 32 шүдний булгаралт, зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл учирчээ, дээрх гэмтлүүд мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Б.Н-гийн биед учирсан доод баруун 1 буюу 41, зүүн доод 2 буюу 32 шүдний булгаралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 51.2-д зааснаар цаашид Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид 10 хувиар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, цаашид Ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдангид нөлөөлөхгүй, Б.Н-гийн биед доод баруун 1 буюу 41, зүүн доод 2 буюу 32 шүдний булгаралт, зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тухайн үед учирсан байх боломжтой талаар дүгнэлт гаргасан байна.

Иймд шүүх хариуцагч Г.Ц нь 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361 дүгээр гарам Баруун туруун 17 дугаар гудамжинд хохирогч Б.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай үйлдэл/эрүүнээс чанга базан дээш өргөх, өшиглөх зэрэг/-ээс болж хохирогч буюу Б.Нгийн биед доод баруун 1 буюу 41, зүүн доод 2 буюу 32 шүдний булгаралт, зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд учруулсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хариуцагч Г.Ц-ийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б.Н-гийн эрүүл мэндэд хөнгөн гэм хор учирсан, доод баруун 1 буюу 41, зүүн доод 2 буюу 32 шүднүүд булгарсан болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Б.Н нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай этгээдээс хохирлоо нэхэмжилсэн нь үндэслэлтэй, шаардах эрхтэй.

Г.Ц-ийн гэм буруутай үйлдлийн улмаас Б.Н-гийн 2 шүд булгарсан, авхуулсан байдалтай байх тул Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Нүүр, ам судлалын төв эмнэлгийн магадалгаа, Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Нүүр, ам судлалын сургуулийн Си ди бичлэг зэрэг баримтуудад үндэслэн 41, 32 дугаар шүдний 1 шүдний имплант суулгацын 2.000.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгөөр хийлгэх шаардлагатай байх тул уг зардлыг, түүнчлэн уг оношилгоо үйлчилгээг хийлгэхэд 50.000 төгрөгийн үйлчилгээний зардал төлсөн нь И баримтаар тогтоогдож байх тул нийт 4.050.000 төгрөгийн хохирлыг хариуцагч хариуцан арилгах үндэслэлтэй байна.

Харин Б.Н-гийн 3 шүд унасан буюу үлдэх нэг шүдэнд имплант хийлгэх зайлшгүй шаардлага үүссэн талаар болон уг 1 шүд нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас унасан нь шалтгаант холбоо, холбогдох нотлох баримтаар тогтоогдоогүй тул 2.000.000 төгрөгт ноогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Мөн нэхэмжлэгч Б.Н нь эмчилгээний зардалд 1.938.560 төгрөгийг нэхэмжилсэн байх ба уг баримтууд нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх үндэслэлгүй гэж үзэв.

Уг хэрэгт авагдсан баримтууд нь Ковид-19 өвчний улмаас болон ходоодны эм эмчилгээ, сувиллын сувилгааны төлбөр, шатахууны зардал зэрэг баримтууд шүдний гэмтэлтэй шалтгаант холбоо тогтоогдоогүй төдийгүй өвчин намдаах болон тайвшруулах эм хэрэгсэл нь 2022 оны 2-3 сарын баримтууд байх бөгөөд гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэх болон цаг хугацааны хувьд эргэлзээтэй байх тул 1.888.560 төгрөгийн гэх зардлуудыг хангахаас татгалзан хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Ц-оос бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 4.050.000/2.000.000*2+20.000+30.000/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.888.560 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.Ц-оос улсын тэмдэгтийн хураамжид 79.750 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ц-оос бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 4.050.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.888.560 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.Ц-оос улсын тэмдэгтийн хураамжид 79.750 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б

 

ШҮҮГЧИД Б.Х

 

Х.О