Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01794

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01794

 

 

 

 

 

 

 

2022 09 23 Дугаар 210/МА2022/0

 

 

Б.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2022/02406 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Н-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Ц-ид холбогдох,

 

Гэм хорын хохиролд 7,398,560 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Б.З, хариуцагч Г.Ц-, түүний өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Хариуцагчтай хашаа руу архины шил шидсэн гэх шалтгаанаар маргалдан хариуцагч хүч хэрэглэн халдаж, миний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан. Уг хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэж шийтгэх тогтоол гарч хариуцагчийн гэм буруутай нь тогтоогдсон. Хариуцагчийн учруулсан гэмтлээс болж надад 7,938,560 төгрөгийн хохирол учирсан. Түүний гэм буруутай үйлдлээс болж миний 2 шүд унасан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гэмтэлгүй гэж гарсан тул прокурор дээр гомдол гаргаж дахин шинжээч томилуулсан. Дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж гэмтлийг нь тогтоолгосон. Хариуцагч хохирлыг нь хүлээн зөвшөөрч, хохирол барагдуулна гэж хэлсэн боловч барагдуулаагүй. Иймд имплант шүд хийлгэж хоол, ундаа зөв идмээр байна. 6,000,000 төгрөг нь 3 имплант шүдний үнэ, 1,938,560 төгрөг нь эмчилгээ үйлчилгээний мөнгө, үүнээс 600,000 төгрөг нь хот орж ирж хувийн эмнэлэгт үзүүлсэн, 449,650 төгрөгөөр сувилалд хэвтсэн зардал, үлдэгдэл нь эм болон гэрээр эмчилгээ хийлгэсэн мөнгө юм гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлд дурдсанаар хоорондын маргааны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шалгаж надад шүүхээс торгуулийн ял шийтгэл оногдуулсныг Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу торгуулийн ялыг өршөөн хэлтрүүлсэн. Тухайн гэмт хэргийг шийдвэрлэх явцад Б.Н- ямар нэгэн хохирлын баримт хавсаргаж өгөөгүй. Энэхүү учруулсан гээд байгаа хөнгөн гэмтэл нь одоо гаргаж байгаа гэм хорын хохиролтой ямар ч холбоо хамаарал байхгүй. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж Б.Н-гийн хохирлын төлбөр болох 28,000 төгрөг төлөхөөр шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Б.Н-д хохирлыг нь барагдуулсан. Б.Н- 7,938,560 төгрөг нэхээд байгаа нь өвөл хагалгаа хийлгэж байсан талаар нь би сонссон тэр хагалгааны мөнгөө надаас нэхээд байх шиг байна. Ямар мөнгө нэхэмжилж байгааг нь би мэдэхгүй байна. Б.Н-гийн нэхэмжлэлд хавсаргаж өгсөн нотлох баримтууд нь үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ц-оос бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 4,050,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,888,560 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.Ц-оос улсын тэмдэгтийн хураамжид 79,750 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас нэхэмжлэгчийн хоёр шүд булгарсан гэмтэл учирсан болох нь нотлогдсон. Харин уг гэмтлийн улмаас тэдгээр шүдийг авахуулах шаардлагатай болсон, эсхүл унасан болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад хариуцагчийн үйлдлийн улмаас тэдгээр шүдийг авахуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч 500,000 төгрөгөөр хиймэл шүд хийлгэсэн гэж тайлбарласан байх ба тухайн хийцийн шүд нь түүний эрүүл мэндэд тохирохгүй байгаа гэсэн тайлбар гаргасан боловч энэ үйл баримтын нотлох баримт хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж, шийдвэрлэх үндэслэл болсон Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Нүүр, ам судлалын төв эмнэлгийн магадлагаа нь эрх бүхий байгууллагын хууль ёсны үйл ажиллагаагаар баталгаажсан баримт гэж үзэх үндэслэлгүй баримт. Хохирогчоос бодитоор гараагүй, цаашид гарах нь тодорхойгүй, хууль ёсны ажиллагаагаар баталгаажаагүй зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Гэм хор учирсанд хариуцагч тал маргадаггүй. Би имплант шүд хийлгэвэл бусад шүдэндээ тулгууртай гэж бодож байна. Би одоо махан төрлийн хоол идэж чадахгүй байна. Гэм хор учруулсны улмаас 2 шүд унасан. Булгарсан гэдэг нь унасан гэдэгтэй агуулга хувьд нэг юм. Хариуцагч талаас шинжээч томилуулах хүсэлт гаргах эрхтэй байсан боловч хүсэлт гаргаагүй. Ямар ч шүд хийсэн урьд байсан шүдийг орлож чадахгүй. Эрүүл мэндийн байдал цаашид эрсдэлтэй байна. Хоол идэж чадахгүй их эмчилгээ хийлгэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б.Н- нь  хариуцагч Г.Ц-ид холбогдуулан гэм хорын хохиролд  7,938,560 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361 дүгээр гарам Баруун туруун 17 дугаар гудамжинд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 06 цагийн үед Г.Ц- нь Б.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай үйлдлийн улмаас Б.Н-гийн 1 буюу 41 дүгээр шүд, зүүн доод 2 буюу 32 дугаар шүдний булгаралт, зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт зэрэг хөнгөн гэмтэл учруулсан байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Өршөөлийн тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.Ц-оос 28,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Н-д олгон, хохирогч гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан болон бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

 

4.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Ц-ийн гэм буруу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул гэм буруу дээр маргаангүй гэж үзнэ.

 

4.б. Дээрх Г.Ц-ийн буруутай үйлдлийн улмаас Б.Н-гийн эрүүл мэндэд хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.

 

5. Нэхэмжлэгч Б.Н- нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Ц-ийн гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдсон зайлшгүй зардлыг шаардах эрхтэй.

 

6. Нэхэмжлэгч нь Суулгадаг имплант суулгац хийлгэх нэг бүрийн үнэ 2,000,000 төгрөгөөр тооцон 6,000,000 төгрөг, дархлаа суларснаас Ковид өвчин тусч эмнэлэг сувилалд хэвтэн эмчлүүлсэн  1,938,560 төгрөг, нийт 7,938,560 төгрөгийн хохирол гаргуулахаар шаардсан гэж тайлбарласан.

 

Анхан шатны шүүх Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Нүүр, ам судлалын төв эмнэлэгт Б.Н-гийн шүдний оношилгоо үйлчилгээний зардалд төлсөн 50,000 төгрөг, мөн магадалгаанд 1 шүдний имплант суулгацын 2,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг зайлшгүй гарах зардалд тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

7.а. Хариуцагчийн өмгөөлөгчийн ...Г.Ц-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчийн хоёр шүд булгарсан гэмтэл учирсан талаар маргаагүй. Харин уг ...шүдийг авах шаардлагатай болсон, эсхүл унасан болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх тэдгээр шүдийг авахуулсан асуудлыг тодруулалгүйгээр түүний үйлдлийн улмаас тэдгээр шүдийг авахуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Тодруулбал, Б.Н-гийн хоёр шүд булгарсан нь эмчлэгдэх боломжгүй тул цаашид имплант шүд хийлгэх шаардлагатай гэх түүний тайлбарыг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

7.б. Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Нүүр, ам судлалын төв эмнэлгийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн магадлагааг нотлох баримтаар үнэлж, Б.Н-гийн гэмтлийн улмаас 2 шүд авахуулсан гэх үйл баримтыг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Дээрх баримтыг үгүйсгэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь баримтаар нотлоогүй.

 

8. Анхан шатны шүүх Б.Н-гийн дархлаа суларснаас Ковид өвчин тусч эмнэлэг сувилалд хэвтэн эмчлүүлсэн  1,938,560 төгрөг, болон 1 шүдний имплант хийлгэх зардал 2,000,000 төгрөг нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас унасан нь шалтгаант холбоогүй гэж хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийсэн байна.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2022/02406 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

С.ЭНХБАЯР