| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2022/01534/И |
| Дугаар | 182/ШШ2022/02125 |
| Огноо | 2022-07-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2022/02125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ш.Э-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 2,365,857.35 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Арлунгуа
Хариуцагчийн төлөөлөгч Б.Цэрэндолгор,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-оргил нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Ш.Эд холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 2,365,857.35 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч А ББСБ ХХК шүүхэд болон төлөөлөгч Х.Арлунгуа шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Э нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 2107026 тоот зээлийн гэрээгээр 1,849,900 төгрөгийг, сарын 3.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай байгууллагаас олгосон зээлээр Сайн Интернэшнл ХХК-иас UE50TU7002UXCE загварын зурагт худалдан авсан. Зээлийг Сайн Интернэшн ХХК-ийн Хаан банкин дахь 5111513488 тоот дансанд шилжүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, эргэн төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 1,849,900 төгрөг, төлөх ёстой хүү 498,104.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,852.47 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг нийт 2,365,857.35 төгрөгийг гаргуулна. Зээлдэгч нь зээлээ төлөхгүй байсан тул түүнтэй холбогдоход зурагт эвдрэлтэй байсныг буцааж өгсөн гэж хэлсэн. Ингээд манай компани зурагтыг Сайн интернишнл ХХК-иас аваад 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Техникийн тодорхойлолт гаргуулахад дэлгэц хагархай гэж бичсэн байсан гэв.
2.Хариуцагч Ш.Э шүүхэд болон төлөөлөгч Б.Цэрэндолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сайн электроникс гэх газраас 50 инчийн зурагт хүлээн авч 2021 оны 07 дугаар сарын 09-ний орой гэртээ асааж үзсэн. Гэтэл асаах үед дэлгэцийн нүүрний зүүн буланд ягаан хоёр тод зураас гарсан байхыг хараад Сайн электроникс руу 21 цагийн үед холбогдсон. Гэтэл бид маргааш хүн явуулж шалгана гэж хэлсэн. Ингээд маргааш буюу 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ирэхгүй болохоор нь дахин Сайн электроникс руу холбогдож зурагтаа ав эсвэл янзлаад өг, өөрөө очих боломжгүй, өвчтэй хүн сахиж байгаа тухай хэлэхэд наадмын амралт таараад амарчихсан байна, та 07 дугаар сарын 16-ны өдөр холбогдоорой гэж хэлсэн. Тэгээд 07 дугаар сарын 17-ны өдөр 13 цагийн үед уг газарт зурагтыг буцаан өгсөн. Гэтэл 2021 оны 12 дугаар сард А ББСБ ХХК-ийн захирал Сайн электроникс дэлгүүрээс зохион байгуулагчийг дуудаж уулзаад болсон явдлыг ойлголоо, явж болно гэсэн. Түүнээс хойш А ББСБ ХХК нь бид нартай холбогдохоо больсон. Би дахин Сайн электроникс дэлгүүр дээр очиж уулзахад өмнө нь хэлсэн шиг хариу өгч, уулзахаас татгалзсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн барьцааны гэрээ, Зээл хүсэгчийн анкет, Зээлийн дансны хуулга, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Тенхикийн тодорхойлолт зэргийг, хариуцагчаас хариу тайлбар шүүхэд гаргаж өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээг нотлох баримтаар шүүхээс бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Ш.Эд холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 2,365,857.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлав.
5.Хариуцагч Ш.Э нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: А ББСБ ХХК-иас олгосон зээлээр 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сайн электроникс гэх газраас 50 инчийн зурагт авсан. Гэмтэлтэй байсан тул утсаар мэдэгдэж 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр буцаан өгсөн гэж маргажээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн барьцааны гэрээ, Зээлийн дансны хуулга, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Тенхикийн тодорхойлолт, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 2107026 тоот зээлийн гэрээгээр Ш.Эд 1,849,900 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл олгожээ.
8.Зээлдэгч нь дээрх зээлээр Сайн Интернэшнл ХХК-иас UE50TU7002UXCE загварын телевизор худалдан авсан байх ба зээлдүүлэгч нь Сайн Интернэшнл ХХК-ийн Хаан банкин дахь 5111513488 тоот дансанд шилжүүлсэн тухайд зохигчид маргаагүй.
9.Хариуцагч Ш.Э нь Сайн Интернэшн ХХК-иас авсан UE50TU7002UXCE загварын телевизор нь гэмтэлтэй байсан тул 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр буцаан өгсөн гэж маргаж байгааг нэхэмжлэгч үгүйсгээгүй.
10.Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь Сайн Интернэшнл ХХК-тай 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээний зорилгыг “А ББСБ ХХК нь бэлтгэн нийлүүлэгчийн гэрээний 1.2-т заасан барааг бусдад зээлээр борлуулахтай холбогдон талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлжээ. Уг гэрээний 4.1.1.-Бэлтгэн нийлүүлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас зээлдэгч барааг хүлээн авах боломжгүй болсон тохиолдолд барааг ашиглаагүй хоногт тооцогдох зээлдэгчийн төлөх ёстой хүү, төлбөрийн дүнг 2 тал тооцоо нийлэн баталгаажуулсны дараа бэлтгэн нийлүүлэгч нь ББСБ-д шилжүүлнэ” гэж, 4.1.4.“Засвар үйлчилгээтэй холбоотой гомдлыг баталгаат засварын хуудсанд заагдсан нөхцөлийн дагуу шийдвэрлэнэ” гэж, 4.5.“Бэлтгэн нийлүүлэгчээс зээлдэгчдийн худалдан авсан бараа бүтээгдэхүүнд өгсөн баталгааны хугацаа дууссан тохиолдолд бараа бүтээгдэхүүнийг засварын тухайн үед зарлагдсан үнэ тарифын дагуу засаж өгнө” гэж талууд тохиролцсон байна.
11.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд “Зээлдэгч нь зээлээ төлөхгүй байсан тул түүнтэй холбогдоход зурагт эвдрэлтэй байсныг буцааж өгсөн гэж хэлсэн. Ингээд манай компани зурагтыг Сайн интернишнл ХХК-иас аваад 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Техникийн тодорхойлолт гаргуулсан” гэх тайлбар гаргасан.
Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь зээлдэгч Ш.Эгийн 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр буцаасан бараанд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Техникийн тодорхойлолт гаргуулсан, өнөөдөр гомдлын шаардлага гаргах хугацаа дуусан гэх тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.
Хариуцагч Ш.Э нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” байна.
12.Хэрэгт авагдсан Зээлийн тооцооллын баримт, Эргэн төлөлтийн хуваарь зэргээс харахад нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,849,900 төгрөг, хүү 498,104.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,852.47 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг нийт 2,365,857.35 төгрөгийг шаардсан байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээргүй байна.
13.Хариуцагч Ш.Эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,365,857.35 төгрөг гаргуулах нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,804 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ш.Эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,365,857.35 төгрөг гаргуулах нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,804 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ