Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2022/02127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ү ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г ХХК холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 480,000,000 төгрөгийн төлбөр гаргуулж, Ү ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан скувиэр төвийн 969 м.кв бүхий үйлчилгээний талбай, 70,98 м.кв талбай бүхий агуулахыг тэргүүн ээлжинд түрээслэх эрхтэй болохыг тогтоож, Түрээсийн шинэ гэрээ байгуулахыг Г ХХК-д даалгах тухай

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөрт 185,000,000 төгрөг гаргуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17023/ Дүнжингарав 14-т байрлах Гны өмчлөлийн Зайсан скуэр оффис, худалдаа үйлчилгээний төвийн В1 давхарт байрлах 969.1 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ

Хариуцагчийн төлөөлөгч Б.Бөртэ, Н.Оюун-Эрдэнэ, О.Ганбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Ү ХХК нь хариуцагч Г ХХК-нд холбогдуулан гэрээний үүрэгт 480,000,000 төгрөгийн төлбөр гаргуулж, Ү ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан скувиэр төвийн 969 м.кв бүхий үйлчилгээний талбай, 70,98 м.кв талбай бүхий агуулахыг тэргүүн ээлжинд түрээслэх эрхтэй болохыг тогтоож, Түрээсийн шинэ гэрээ байгуулахыг Г ХХК-д даалгахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч Ү ХХК шүүхэд болон төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ү ХХК нь 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс Оюуны Ундраа групп ХХК-тай Зайсан скувиер төвийн түрээсийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 хороонд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 969 мкв бүхий талбай, 70,97 мкв бүхий агуулахын зориулалтаар түрээсэлсэн. Түрээсийн гэрээг уг гэрээний 1.7-д зааснаар 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай байгуулсан. 2020 оны 6 дугаар сарын 31-ний өдөр Оюуны Ундраа групп ХХК нь түрээслүүлж буй үйлчилгээний талбайгаа Г ХХК-д шилжүүлсэн. Г ХХК-тай түрээсийн харилцааг үргэлжлүүлэн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 01/0101 дугаар түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний 4.1-д зааснаар түрээсийн төлбөр сард 65,000,000 төгрөг байх бөгөөд мөн гэрээний 7.5-д заасны дагуу 40,000,000 төгрөг нь тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад урьдчилгаа төлбөрт тооцогдохоор, 25,000,000 төгрөг нь түрээсийн төлбөрт тооцогдохоор тохиролцсон. Гэтэл Г ХХК нь тухайн үл хөдлөх хөрөнгийг бидэнд худалдахаас татгалзаж, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр түрээсийн байрыг чөлөөлөх албан бичгийг ирүүлж, түүнээс хойш тогтмол нүүхийг шаардаж байгаа юм. Нэгэнт Г ХХК нь тухайн түрээсийн зүйл болох Зайсан скувиер төвийн 969 мкв талбайг бидэнд худалдахаас татгалзсан тул бид тухайн хөрөнгийг худалдан авах зорилгоор урьдчилгаа төлбөрт тооцуулан төлсөн 480,000,000 төгрөгийг гаргуулна. Мөн Г ХХК нь түрээсийн зүйлийг бидэнд худалдахаас татгалзсан, мөн үргэлжлүүлэн түрээслэхээс татгалзсан бөгөөд Иргэний хуулийн 289.7-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэдэг хөлслөгч, гэрээний хугацаа дуусахад уг эд хөрөнгийг хөлслөн авах шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй...” гэж заасан. Иймд Ү ХХК нь Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан скувиэр төвийн 969 мкв бүхий үйлчилгээний талбай, 70.98 мкв бүхий агуулахыг тэргүүн ээлжинд түрээслэх эрхтэй болохыг тогтоож, Иргэний хуулийн 289.7 дахь хэсэгт зааснаар түрээсийн шинэ гэрээ байгуулахыг Г ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Г ХХК шүүхэд болон төлөөлөгч Б.Бөртэ, Н.Оюун-Эрдэнэ, О.Ганбат нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 01/0101 тоот Түрээсийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан /17023/ Дүнжингарав 14-т байрлах Гны өмчлөлийн Зайсан Скуэр оффис, худалдаа үйлчилгээний төвийн В1 давхарт байрлах 969,1 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар түрээслэх, түрээслүүлэх, түрээсийн төлбөр төлөх гэрээний гол нөхцөлүүдийг тохиролцож 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 12 сарын хугацаатай байгуулсан. Түрээслэгч нь түрээсийн төлбөрт сар бүр нийт 65,000,000 төгрөгийг төлөхөөр гэрээний 4.1 дэх хэсэгт заасан. Ингэхдээ гэрээний 7 дахь хэсэгт Тэргүүн ээлжид худалдан авах нөхцөл, хөнгөлөлтийг зохицуулсан бөгөөд тодорхой нөхцөл биелсэн тохиолдолд сар бүрийн түрээсийн төлбөрөөс 40,000,000 төгрөгийг худалдан авах хөрөнгийн үнэд тооцох боломжтой байдлаар зохицуулсан боловч тус зүйлд заасан бүх шаардлага биелээгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээний нэг сарын түрээсийн төлбөрийг 65,000,000 төгрөг байхыг талууд харилцан тохиролцож, түрээслэгч тус дүнг түрээсийн гэрээний төлбөрөө хүлээн зөвшөөрч, гэрээгээр хүлээсэн үүргээ сар бүр тогтмол биелүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч Г ХХК шүүхэд болон төлөөлөгч Б.Бөртэ, Н.Оюун-Эрдэнэ, О.Ганбат нар шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ү ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 01/0101 дугаартай түрээсийн гэрээ байгуулагдсан бөгөөд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17023/ Дүнжингарав Зайсан скувиэр оффис, худалдаа үйлчилгээний төвийн В1 давхарт байрлах 969.1 м.кв талбайг талууд үйлчилгээний зориулалтаар түрээслэх, түрээслүүлэх, түрээсийн төлбөр төлөх үүргийг хүлээсэн. 01/0101 дугаартай Түрээсийн гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 12 сарын хугацаанд хүчинтэй байхаар талууд тохиролцсон бөгөөд гэрээний 7 дугаар зүйлд тодорхой нөхцөл биелсэн тохиолдолд түрээслэгч талд Тэргүүн ээлжинд худалдан авах нөхцөл, хөнгөлөлт үүсэхээр заасан. Гэрээний хугацаатай холбогдуулан Г ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 18/0161 дугаар мэдэгдэл хүргүүлсэн. Дээрх мэдэгдлийн хариу болгож нэхэмжлэгч талаас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 21/244 дугаар “Хүсэлт гаргах тухай” албан бичиг ирүүлсэн бөгөөд тус албан бичигт “...Иймд дээрх түрээсийн гэрээг өмнөх гэрээний нөхцөлүүдтэй адилаар дахин 6 сараар сунгаж 2022 оны хагас жил гэхэд нийт 720,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэн худалдан авах хүсэлттэй байна” гэсэн хариу ирүүлсэн. Банк нэхэмжлэгчийн худалдан авах хүсэлттэй холбогдуулан зээлийн судалгаа хийсэн бөгөөд уг судалгаагаар “Бусад банк санхүүгийн байгууллага дахь 2 зээлийн ангилал анхаарал хандуулах ангилалтай буюу төлбөрөө графикийн дагуу төлөөгүй, мөнгөн урсгалаас дүгнэхэд уг зээлийг төлөх чадамжгүй, сүүлийн 3 жилийн тасралтгүй алдагдалтай ажиллаж байгаа” гэх үндэслэлээр банк тухайн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу гарсан. Зээлийн хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаарх 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 20/1-236 дугаартай албан бичгийг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18/0169 дугаарт мэдэгдлээр Ү ХХК-д зээл олгох боломжгүй тухай албан бичгээр мэдэгдсэн. Иймээс түрээсийн гэрээний хугацаа дуусч, гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч худалдан аваагүй тул банкнаас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 18/0175 дугаар мэдэгдэлээр түрээсийн гэрээг сунгах боломжгүй буюу түрээсийн гэрээг дуусгавар болсон.  2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор түрээсийн талбайг бүрэн чөлөөлж өгөөгүй ашигласаар байна. Иймд 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр болох 185,000,000 төгрөг гаргуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17023/ Дүнжингарав 14-т байрлах Гны өмчлөлийн Зайсан Скуэр оффис, худалдаа үйлчилгээний төвийн В1 давхарт байрлах 969.1 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгч Ү ХХК-ийн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Түрээсийн гэрээг харахад тусгай активын захирал Б.Энхтүвшин гарын үсэг зурсан байсан. Гэрээ байгуулах эрхтэй эсэхийг тодруулах шаардлагатай. Түрээсийн талбайг худалдаж авах талаар хариуцагчид хэлж, удаа дараа уулзаж байсан. Энэ талаар гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан боловч шүүх хангасангүй. Г ХХК-иас тухайн түрээсийн талбайг зээлээр худалдан авах гэсэн боловч ангилал хүрээгүй гэж хэлж байна. Манай талаас тухайн талбайг худалдаж авах талаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн. Одоо бол түрээсийн талбайд гэрээний харилцааны дагуу байрлаж, үйл ажиллагаа явуулж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэв.

 

5.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01/0101 дугаартай түрээсийн гэрээ, 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ТГ/008 тоот Зайсан скувиэр оффис, худалдаа үйлчилгээний төвийн түрээсийн гэрээ /хавтаст хэргийн 25-45 дахь тал/, гэрээний нэмэлт өөрчлөлт хавсралтууд /хавтаст хэргийн 14-21 дэх тал, 23-24 дэх тал/, Оюуны ундраа групп ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 3/106 тоот албан бичиг, Төлбөрийн баримтууд, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлүүд /хавтаст хэргийн 59-63 дахь тал/ зэрэг баримтыг , хариуцагчаас Улсын бүртгэлийн гэрчилгээ, Гны гүйцэтгэх захирлын 733 тоот тушаал, Итгэмжлэл, Оюуны ундраа групп ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1/29 тоот,  2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/07 тоот албан бичиг, Мемориалын баримтууд /хавтатс хэргийн 99-106 дахь тал/, Гны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 18/0161 тоот, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18/0169 тоот, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 18/0175 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Ү ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 21/244 тоот албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000798450 дугаар гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээ /хавтаст хэргийн 129-135 дахь тал/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

6.Нэхэмжлэгч Ү ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 480,000,000 төгрөгийн төлбөр гаргуулж, Ү ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан скувиэр төвийн 969 м.кв бүхий үйлчилгээний талбай, 70,98 м.кв талбай бүхий агуулахыг тэргүүн ээлжинд түрээслэх эрхтэй болохыг тогтоож, түрээсийн шинэ гэрээ байгуулахыг Г ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.7, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 480,000,000 төгрөгийг шаардах, тэргүүн ээлжинд түрээслэх эрхтэй болохыг тогтоож, Түрээсийн шинэ гэрээ байгуулахыг Г ХХК-д даалгахыг шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

7.Хариуцагч Г ХХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Банк нэхэмжлэгчийн худалдан авах хүсэлттэй холбогдуулан зээлийн судалгаа хийхэд бусад банк санхүүгийн байгууллага дахь 2 зээлийн төлбөрөө графикийн дагуу төлөөгүй байсан тул зээл олгох боломжгүй тухай албан бичгээр мэдэгдсэн. Түрээсийн гэрээний хугацаа дууссан гэж маргажээ.

 

8.Хариуцагч Г ХХК нь нэхэмжлэгч Ү ХХК-иас түрээсийн төлбөрт 185,000,000 төгрөгийг гаргуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17023/ Дүнжингарав 14-т байрлах Гны өмчлөлийн Зайсан скуэр оффис, худалдаа үйлчилгээний төвийн В1 давхарт байрлах 969.1 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, түрээсийн төлбөрөө мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

9.Нэхэмжлэгч Ү ХХК нь хариуцагч Г ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан хууль бус эзэмшил биш, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01/0101 дугаартай түрээсийн гэрээгээр нэг сарын түрээсийн төлбөр 25,000,000 төгрөг гэж тохирсон бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн гэх тайлбараар няцаасан.

10.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01/0101 дугаар түрээсийн гэрээ, 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ТГ/008 тоот Зайсан скувиэр оффис, худалдаа үйлчилгээний төвийн түрээсийн гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлт хавсралтууд, Оюуны ундраа групп ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1/29 тоот,  2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/07 тоот албан бичиг, Гны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 18/0161 тоот, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18/0169 тоот, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 18/0175 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Ү ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 21/244 тоот албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  000798450  дугаартай гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээ, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

11.Нэхэмжлэгч Ү ХХК, хариуцагч Г ХХК-ийн хооронд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 01/0101 дугаартай түрээсийн гэрээ байгуулагдаж тус гэрээгээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17023/ Дүнжингарав 14-т байрлах Гны өмчлөлийн Зайсан скуэр оффис, худалдаа үйлчилгээний төвийн В1 давхарт байрлах 969.1 м.кв талбайг түрээслэх, түрээсийн төлбөр төлөхтэй холбоотой харилцааг зохицуулна гэж, гэрээний 7.4.Түрээслэгч нь 7.3-т заасны дагуу түрээсийн талбайг худалдан авах хүсэлт ирүүлсэн тохиолдолд, урьдчилгаа төлбөр болон түрээсийн төлбөрөөс  үндсэн төлбөрт тооцох дүнгийн нийлбэр нь 720,000,000 төгрөгөөс багагүй байна гэж, гэрээний 7.5.Түрээслэгч нь гэрээний 7.3-т заасан хугацааны дотор худалдан авах хүсэлт ирүүлсэн, түрээсийн талбайн үнийн дүнгийн 5 хувиас багагүй дүнгээр урьдчилгаа төлбөрийг төлсөн, гэрээний хугацаанд буюу 12 сарын түрээсийн төлбөр бүрэн төлсөн тохиолдолд гэрээний 4.1-т заасан сар бүрийн түрээсийн төлбөрөөс 40,000,000 төгрөгийг худалдан авах хөрөнгийн үнд тооцно гэж харилцан тохиролцож гарын үсэг зурж, тамга тэмдэгээр баталгаажуулсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ. /хавтаст хэргийн 6-13 дахь тал/

 

12.Хариуцагч Г ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 01/0101 дугаартай түрээсийн гэрээ байгуулагдсан бөгөөд худалдах, худалдан авах гэрээний талаар тохиролцоогүй гэж маргасан.

 

13.Талууд “түрээслэгч нь гэрээний 7.3-т заасан хугацааны дотор худалдан авах хүсэлт ирүүлсэн, түрээсийн талбайн үнийн дүнгийн 5 хувиас багагүй дүнгээр урьдчилгаа төлбөрийг төлсөн, гэрээний хугацаанд буюу 12 сарын түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд гэрээний 4.1-т заасан сар бүрийн түрээсийн төлбөрөөс 40,000,000 төгрөгийг худалдан авах хөрөнгийн үнд тооцно” гэж гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон байх ба түрээслэгч Ү ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 21/244 тоот “...бид дээрх түрээсийн гэрээг өмнөх гэрээний нөхцөлүүдтэй адилаар дахин 6 сараар сунгаж 2022 оны хагас жилд гэхэд нийт 720,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэн өмнө нь санал болгож байсан зээлийн гэрээний нөхцөлийн дагуу худалдан авах хүсэлтэй байна” гэх албан бичиг хүргүүлжээ. /хавтаст хэргийн 108 дахь тал/

 

Дээрх гэрээний хугацаанд түрээслэгч тус гэрээний 7.4 дэх хэсэгт “түрээслэгч нь 7.3-т заасны дагуу түрээсийн талбайг худалдан авах хүсэлт ирүүлсэн тохиолдолд, урьдчилгаа төлбөр болон түрээсийн төлбөрөөс үндсэн төлбөрт тооцох дүнгийн нийлбэр нь 720,000,000 төгрөгөөс багагүй байна” гэж заасан 720,000,000 төгрөгөөс нэхэмжлэгч Ү ХХК нь худалдах худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт 480,000,000 төгрөг төлсөн байх тул талууд  түрээсийн гэрээ гэж нэрлэсэн боловч гэрээний агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг тусгасан харилцан тохиролцсон тохиролцоо байна гэж үзнэ.

 

14.Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно” гэж, мөн хуулийн 42.1 дэх хэсэгт “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж заасан хуулийн зохицуулалттай дээрх гэрээ нийцсэн байна.

 

15.Нэхэмжлэгч Ү ХХК нь худалдах худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт 480,000,000 төгрөг төлсөн болон сар бүр түрээсийн төлбөрт 25,000,000 төгрөг төлсөн тухайд хариуцагч маргаагүй.

 

16.Түрээслүүлэгч Г ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 18/0161 тоот “Танай компанийн түрээсэлж буй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17023/ Дүнжингарав 14-т байрлах Гны өмчлөлийн Зайсан скуэр оффис, худалдаа үйлчилгээний төвийн В1 давхарт байрлах 969.1 м.кв талбайн түрээсийн хугацаа дуусаж байгаа тул цаашид гэрээнд заасны дагуу худалдан авах талаар тодорхой хариуг ажлын 2 хоногт багтаан бичгээр мэдэгдэнэ үү. Талбайн түрээсийн хугацаа дуусах 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш түрээсийн хугацааг сунгахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэх албан бичиг хүргүүлсэн  байна. /хавтаст хэргийн 107 дахь тал/

 

17.Талуудын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан 01/0101 дугаартай Түрээсийн гэрээний 4.1.Түрээслэгч нь түрээсийн төлбөрт сар бүр 65,000,000 төгрөгийг түрээслүүлэгч талын дансанд шилжүүлнэ гэж, 7.1.Энэ гэрээний хугацаанд түрээслүүлэгч нь түрээсийн талбайг бусдад худалдах болсон тохиолдолд хамгийн түрүүнд түрээслэгч талд заавал бичгээр мэдэгдэх ба түрээслэгч нь тэргүүн ээлжинд  худалдан авах эрх эдэлнэ гэж тохиролцжээ.

 

18.Хариуцагч нь гэрээний дагуу нэхэмжлэгч талд худалдан авах нөхцөл бүрдээгүй тул бусдад худалдан борлуулсан гэх тайлбар /хавтатс хэргийн 136 дахь тал/ гаргасан боловч энэ талаарх баримтыг ирүүлээгүй нь 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

19.Дээрх үндэслэлээр хариуцагч Г ХХК-иас гэрээний үүрэгт 480,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ү ХХК-д олгож, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан скувиэр төвийн 969 м.кв бүхий үйлчилгээний талбай, 70,98 м.кв талбай бүхий агуулахыг тэргүүн ээлжинд түрээслэх эрхтэй болохыг тогтоох үндэслэлтэй.

 

20.Нэхэмжлэгч Ү ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан түрээсийн шинэ гэрээ байгуулахыг Г ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан үндэслэлээ “Бид түрээсийн байрыг худалдан авахаар тохиролцож урьдчилгаа төлбөрийг гэрээнд зааснаар сар бүр төлж байсан. Гэтэл хариуцагч нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18/0169 тоот албан бичгээр “Бусад банк санхүүгийн байгууллага дахь 2 зээлийн ангилал анхаарал хандуулах ангилалтай буюу төлбөрөө графикийн дагуу төлөөгүй тул зээл олгож дээрх эд хөрөнгийг худалдан авах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх   шаардлага тавьсан нь үндэслэлгүй  бөгөөд бид 3 хоногийн дотор түрээсийн байрыг олж, эд хөрөнгийг байрлуулахад хүндрэлтэй тул талбайн түрээсийн хугацаа дуусах 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нэг жилийн хугацаа шаардлагатай гэж мэтгэлцэв.

 

21.Хариуцагч Г ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 18/0175 тоот “Г ХХК, Үс ХХК нар нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 01/0101 тоот гэрээгээр Зайсан Скуэр оффис, худалдаа үйлчилгээний төвийн В1 давхарт байрлах 969,1 м.кв талбайг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түрээслэх тухай түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний 7.3, 7.4-д түрээслэгч түрээсийн талбайг худалдан авах хүсэлтээ 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор ирүүлэх ба худалдан авах хүсэлт ирүүлсэн тохиолдолд урьдчилгаа төлбөр болон түрээсийн төлбөрөөс үндсэн төлбөрт тооцох үнийн дүнгийн нийлбэр нь 720,000,000.00 төгрөгөөс багагүй байна гэж заасан. Дээрх нөхцөл биелээгүй байсан хэдий ч албан бичгээр болон биечлэн уулзаж зээлийн судалгаа хийлгэх тухай санал тавьж, тус саналын дагуу бид боломжит нөхцөлөөр дэмжих саналтай урьдчилгаа төлбөрийн шаардлага хангаагүйгээр зээлийн судалгаанд оруулсан. Зээлийн судалгааны дүгнэлтээр мөнгөн урсгал болон зээлийн ангилалтай холбоотойгоор зээл олгох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан” гэх Мэдэгдэл, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 18/0161 тоот, 2021 оны 12  дугаар сарын 28-ны өдрийн 18/0169 тоот албан бичгээр зээл олгох боломжгүй болсон тул 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор түрээсийн талбайг бүрэн чөлөөлөх тухай албан бичиг хүргүүлсэн байна. /хавтаст хэргийн 110 дахь тал/

 

22.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.2.Орон сууц хөлслөх гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол гэрээний хугацаа дуусахаас хоёр сарын өмнө хөлслөгч тодорхой буюу тодорхой бус хугацаагаар гэрээг сунгах тухай хүсэлтээ хөлслүүлэгчид бичгээр гаргаж болох бөгөөд энэ хуулийн 294.2-т заасан үндэслэл байхгүй бол хөлслүүлэгч гэрээг сунгаж болно” гэж зохицуулсан.

 

23.Иймд талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01/0101 дугаартай түрээсийн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан байх ба энэ өдрөөс  хойш нэг жилийн хугацаагаар түрээсийн шинэ гэрээ байгуулахыг Г ХХК-д даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

24.Хариуцагч Г ХХК нь нэхэмжлэгч Ү ХХК-нд  холбогдуулан Түрээсийн төлбөрт 185,000,000 төгрөг гаргуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17023/ Дүнжингарав 14-т байрлах Гны өмчлөлийн Зайсан скуэр оффис, худалдаа үйлчилгээний төвийн В1 давхарт байрлах 969.1 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

25.Шүүх хуралдааны үед хариуцагч Г ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн дутуу төлсөн төлбөр 120,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын түрээс 65,000,000 төгрөг нийт 185,000,000 төгрөг гаргуулна. 2022 оны 01 дүгээр сараас 3 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт сард 65,000,000 төгрөг төлөхөөс сар бүр 25,000,000 төгрөг төлж 120,000,000 төгрөгийг дутуу төлсөн гэж тодруулж байна.

 

26.Нэхэмжлэгч Ү ХХК нь хариуцагч Г ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг 2021 оны 01 сарын 01-ний өдөр 01/0101 дугаар түрээсийн гэрээгээр түрээсийн сарын төлбөр 25,000,000 төгрөг гэж тохирсон бөгөөд өнөөдрийг хүртэлх 1 дүгээр сараас 4 сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн гэж мэтгэлцэв.

 

27.Хариуцагч Г ХХК нь түрээслэгч 1 дүгээр сараас 4 сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрт сард 25,000,000 төгрөгөөр тооцож түрээсийн төлбөр төлсөн тухайд маргаагүй.

 

28.Харин 01/0101 дугаартай түрээсийн гэрээний 4.1 дэх хэсэгт “Түрээслэгч нь түрээсийн төлбөрт сар бүр 65,000,000 төгрөгийг түрээслүүлэгч талын дансанд шилжүүлнэ” гэж тохирсон тул түрээсийн төлбөрт сард 40,000,000 төгрөг дутуу төлсөн бөгөөд 4 дүгээр сарын түрээсийн төлбөр 65,000,000 төгрөгийг шаардаж маргасан.

 

29.Түрээслэгч нь гэрээний 7.3-т заасан хугацааны дотор худалдан авах хүсэлт ирүүлсэн, түрээсийн талбайн үнийн дүнгийн 5 хувиас багагүй дүнгээр урьдчилгаа төлбөрийг төлсөн, гэрээний хугацаанд буюу 12 сарын түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд гэрээний 4.1-т заасан сар бүрийн түрээсийн төлбөрөөс 40,000,000 төгрөгийг худалдан авах хөрөнгийн үнд тооцно гэж талууд гэрээнд заасан нь 25,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт, 40,000,000 төгрөгийг худалдан авах хөрөнгийн үнэ гэж тооцохоор тохиролцсон байна.

 

30.Хариуцагч Г ХХК нь түрээслэгч 1 дүгээр сараас 4 сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрт сард 25,000,000 төгрөгөөр тооцож түрээсийн төлбөр төлсөн тухайд маргаагүй тул энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу тогтоогдсон гэж үзнэ.

 

31.Иймд түрээсийн төлбөрт 185,000,000 төгрөг гаргуулах хариуцагч Г ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

32.Хариуцагч Г ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17023/ Дүнжингарав 14-т байрлах Гны өмчлөлийн Зайсан скуэр оффис, худалдаа үйлчилгээний төвийн В1 давхарт байрлах 969.1 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гарган маргаж байна.

 

33.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хөрөнгөө хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

34.Нэхэмжлэгч Ү ХХК нь хариуцагч Г ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан хууль бус эзэмшил биш, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 01/0101 дугаар түрээсийн гэрээ байгуулагдсан гэх тайлбараар няцаасан.

 

35. Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэж заасан.

 

36.Талуудын хооронд түрээсийн гэрээ болон худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн үйл баримт тогтоогдсон тул Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17023/ Дүнжингарав 14-т байрлах Гны өмчлөлийн Зайсан скуэр оффис, худалдаа үйлчилгээний төвийн В1 давхарт байрлах 969.1 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Ү ХХК-д холбогдох хариуцагч Г ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

37.Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17023/ Дүнжингарав 14-т байрлах Гны өмчлөлийн Зайсан скуэр оффис, худалдаа үйлчилгээний төвийн В1 давхарт байрлах 969.1 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар  эзэмшсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

38.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,628,150 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас 2,628,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ү ХХК-д олгож, хариуцагч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,153,150 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 318 дугаар зүйлийн 318.1, 296 дүгээр зүйлийн 296.2, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г ХХК-иас 480,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ү ХХК-д олгож, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан скувиэр төвийн 969 м.кв бүхий үйлчилгээний талбай, 70,98 м.кв талбай бүхий агуулахыг тэргүүн ээлжинд түрээслэх эрхтэй болохыг тогтоож, түрээсийн шинэ гэрээ байгуулахыг Г ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Г ХХК-ийн нэхэмжлэгч Ү ХХК-нд холбогдуулан гаргасан түрээсийн төлбөрт 185,000,000 төгрөг гаргуулах, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17023/ Дүнжингарав 14-т байрлах Гны өмчлөлийн Зайсан скуэр оффис, худалдаа үйлчилгээний төвийн В1 давхарт байрлах 969.1 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1  дэх  хэсэгт  зааснаар  нэхэмжлэгчээс  улсын  тэмдэгтийн  хураамжид

төлсөн 2,628,150 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас 2,628,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ү ХХК-д олгож, хариуцагч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,153,150 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШЗ2022/06090 дугаар шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.НАРАНГЭРЭЛ