Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01779

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01779

 

 

 

 

 

 

2022 09 21 210/МА2022/01779

 

Ү г- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/02127 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ү г- ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г б-ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 480,000,000 төгрөгийн төлбөр гаргуулж, Ү г- ХХК нь 111111-ийн 969 м.кв бүхий үйлчилгээний талбай, 70,98 м.кв талбай бүхий агуулахыг тэргүүн ээлжинд түрээслэх эрхтэй болохыг тогтоож, түрээсийн шинэ гэрээ байгуулахыг Г б-ХХК-д даалгах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөрт 185,000,000 төгрөг гаргуулж, 111111 байрлах 969.1 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Отгонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бөртэ, Н.Оюун-Эрдэнэ, Б.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Ү г- ХХК нь 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс О- ХХК-тай Зайсан скуэр төвийн түрээсийн гэрээ байгуулж, 111111 байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 969 м.кв бүхий талбай, 70.97 м.кв талбайг агуулахын зориулалтаар түрээслэсэн. Түрээсийн гэрээг уг гэрээний 1.7-д зааснаар 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай байгуулсан. О- ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 31-ний өдөр түрээслүүлж буй үйлчилгээний талбайгаа Г б-ХХК-д шилжүүлсэн. Г б-ХХК-тай түрээсийн харилцааг үргэлжлүүлэн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний 4.1-д зааснаар түрээсийн төлбөр сард 65,000,000 төгрөг байх бөгөөд мөн гэрээний 7.5-д заасны дагуу 40,000,000 төгрөг нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад урьдчилгаа төлбөрт, 25,000,000 төгрөг нь түрээсийн төлбөрт тус тус тооцогдохоор тохиролцсон. Гэтэл Г б-ХХК нь тухайн үл хөдлөх хөрөнгийг бидэнд худалдахаас татгалзаж, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр түрээсийн байрыг чөлөөлөх албан бичгийг ирүүлж, түүнээс хойш тогтмол нүүхийг шаардаж байгаа юм. Г б-ХХК нь 111111-ийн 969 м.кв талбайг бидэнд худалдахаас татгалзсан тул урьдчилгаа төлбөрт төлсөн 480,000,000 төгрөгийг гаргуулна. Иймд Ү г- ХХК нь 111111-ийн 969 м.кв бүхий үйлчилгээний талбай, 70.98 м.кв бүхий агуулахыг тэргүүн ээлжинд түрээслэх эрхтэй болохыг тогтоож, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсэгт зааснаар түрээсийн шинэ гэрээ байгуулахыг Г б-ХХК-д даалгаж өгнө үү гэжээ. 

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэрээний гол нөхцөлүүдийг тохиролцож, 12 сарын хугацаатайгаар гэрээ байгуулсан. Түрээслэгч нь түрээсийн төлбөрт сар бүр нийт 65,000,000 төгрөг төлөхөөр гэрээний 4.1 дэх хэсэгт заасан. Гэрээний 7 дахь хэсэгт тэргүүн ээлжид худалдан авах нөхцөл, хөнгөлөлтийг зохицуулсан бөгөөд тодорхой нөхцөл биелсэн тохиолдолд сар бүрийн түрээсийн төлбөрөөс 40,000,000 төгрөгийг худалдан авах хөрөнгийн үнэд тооцох боломжтой байдлаар зохицуулсан боловч тус зүйлд заасан бүх шаардлага биелээгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээний нэг сарын түрээсийн төлбөрийг 65,000,000 төгрөг байхыг талууд харилцан тохиролцож, түрээслэгч тус дүнг түрээсийн гэрээний төлбөрөө хүлээн зөвшөөрч, гэрээгээр хүлээсэн үүргээ сар бүр тогтмол биелүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Түрээсийн гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 12 сарын хугацаанд хүчинтэй байхаар талууд тохиролцсон бөгөөд гэрээний 7 дугаар зүйлд тодорхой нөхцөл биелсэн тохиолдолд түрээслэгч талд тэргүүн ээлжинд худалдан авах нөхцөл, хөнгөлөлт үүсэхээр заасан. Гэрээний хугацаатай холбогдуулан Г б-ХХК-аас 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн. Дээрх мэдэгдлийн хариу болгож нэхэмжлэгч талаас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр албан бичиг ирүүлсэн бөгөөд тус албан бичигт ...Иймд дээрх түрээсийн гэрээг өмнөх гэрээний нөхцөлүүдтэй адилаар дахин 6 сараар сунгаж 2022 оны хагас жил гэхэд нийт 720,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэн худалдан авах хүсэлттэй байна гэсэн хариу ирүүлсэн. Банк нэхэмжлэгчийн худалдан авах хүсэлттэй холбогдуулан зээлийн судалгаа хийсэн бөгөөд уг судалгаагаар Бусад банк санхүүгийн байгууллага дахь 2 зээлийн ангилал анхаарал хандуулах ангилалтай буюу төлбөрөө графикийн дагуу төлөөгүй, мөнгөн урсгалаас дүгнэхэд уг зээлийг төлөх чадамжгүй, сүүлийн 3 жилийн тасралтгүй алдагдалтай ажиллаж байгаа гэх үндэслэлээр банк тухайн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу гарсан. Зээлийн хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаарх 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгийг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдлээр Ү г- ХХК-д зээл олгох боломжгүй тухай албан бичгээр мэдэгдсэн. Иймээс түрээсийн гэрээний хугацаа дуусч, гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч худалдан аваагүй тул банкнаас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мэдэгдэлээр түрээсийн гэрээг сунгах боломжгүй буюу түрээсийн гэрээг дуусгавар болсон. 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор түрээсийн талбайг бүрэн чөлөөлөөгүй ашигласаар байна. Иймд 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр болох 185,000,000 төгрөг гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Түрээсийн гэрээнд тусгай активын захирал Б.Энхтүвшин гарын үсэг зурсан байсан. Гэрээ байгуулах эрхтэй эсэхийг тодруулах шаардлагатай. Түрээсийн талбайг худалдаж авах талаар хариуцагчид хэлж, удаа дараа уулзаж байсан. Энэ талаар гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй. Г б-ХХК-аас тухайн түрээсийн талбайг зээлээр худалдан авах гэсэн боловч ангилал хүрээгүй гэсэн байна. Манай талаас талбайг худалдаж авах талаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн. Одоо бол түрээсийн талбайд гэрээний харилцааны дагуу байрлаж, үйл ажиллагаа явуулж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1, 318 дугаар зүйлийн 318.1, 296 дүгээр зүйлийн 296.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч  Г б-ХХК-аас  480,000,000 төгрөг  гаргуулж нэхэмжлэгч Ү г- ХХК-д олгож, 111111ийн 969 м.кв бүхий үйлчилгээний талбай, 70.98 м.кв талбай бүхий агуулахыг тэргүүн ээлжинд түрээслэх эрхтэй болохыг тогтоож, түрээсийн шинэ гэрээ байгуулахыг Г б-ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Хариуцагч  Г б-ХХК-ийн нэхэмжлэгч Ү г- ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн төлбөрт 185,000,000 төгрөг гаргуулах, 111111 байрлах 969.1 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,628,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г б-ХХК-аас 2,628,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ү г- ХХК-д олгож, хариуцагч Г б-ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,153,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а. Талуудын хооронд байгуулагдсан 01/0101 дугаар түрээсийн гэрээ нь бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээний харилцаа гэж дүгнээгүй. Худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт агуулсан бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой харилцаа гэж шүүх дүгнэсэн.

6.б. Гэрээний гол нөхцөл буюу хугацааг 3.1 дэх хэсэгт ..2021 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 12 сарын 31-ний өдрийн дуустал 12 сарын хугацаанд хүчинтэй байна гэж, түрээсийн төлбөрийг 4.1 дэх хэсэгт Түрээслэгч нь түрээсийн төлбөрт сар бүр 65,000,000 төгрөгийг түрээслүүлэгч талын дансанд шилжүүлнэ гэж тус тус заасан. Талуудын хооронд байгуулагдсан 01/0101 дугаар гэрээ нь бусдын эзэмшил, ашиглалтанд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан хүчин төгөлдөр түрээсийн гэрээ юм.

6.в. Гэрээний 7 дахь хэсэгт тэргүүн ээлжинд худалдан авах нөхцөл, хөнгөлөлтийн нөхцөлийг тусгасан. Гэвч шүүх уг заалтуудыг хөнгөлөлтийн нөхцөлтэй холбогдсон харилцааг зохицуулсан заалт гэж авч үзэлгүйгээр талуудын хооронд байгуулагдсан 01/0101 дугаар гэрээг худалдах, худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, гэрээг байгуулсан талуудын хүсэл зориг нь талбайг бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх зорилгоор биш бусдын эзэмшил, ашиглалтанд хөрөнгө шилжүүлэхээр тохиролцсон болохыг тогтоож, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

6.г. 01/0101 дугаар түрээсийн гэрээний 7.1 дэх хэсэгт заасан тэргүүн ээлжинд худалдан авах нөхцөл, хөнгөлөлтийг санал болгох зорилгоор Г б-2021 оны 12 сарын 01-ний өдөр 18/0161 дугаар Түрээсийн гэрээний хугацааг сунгахгүй тухай мэдэгдэж, түрээсийн талбайг худалдан авах талаар тодорхой хариу өгнө үү гэх албан бичиг бүхий мэдэгдлийг хүргүүлсэн. Нэхэмжлэгч тал тус мэдэгдлийн хариуг 2021 оны 12 сарын 03-ны өдрийн 21/244 тоот албан бичгээр худалдан авах урьдчилгаа үнийн дүнг илгээсэн. Худалдан авах хүсэлтийн дагуу зээлийн судалгаа хийхэд тухайн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй хариу гарсан тул 2021 оны 12 сарын 28-ны өдрийн 18/0169 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн.

Дээрх албан бичгээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

6.д. Маргаан бүхий түрээсийн талбайн сарын төлбөр нь 25,000,000 төгрөг байх боломжгүй буюу жишиг үнэ нь 65,000,000 төгрөг тухай Оюуны-Ундраа групп ХХК болон Ү г- ХХК-ийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээгээр тогтоогддог.

Түүнчлэн, хавтаст хэргийн 46-56 дахь талд авагдсан төлбөрийн баримтад нэг сарын 65,000,000 төгрөгийг Ү г- ХХК түрээсийн төлбөр гэсэн утгатайгаар шилжүүлж байгаа нь нэхэмжлэгч тал түрээсийн төлбөрийг сарын 65,000,000 төгрөг мөн бөгөөд 40,000,000 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээний үнэд тооцуулаагүй гэдэг нь нотлогдож байна.

6.е. Түрээсийн гэрээний хугацааг сунгахгүй тухай мэдэгдэж, түрээсийн талбайг худалдан авах талаар тодорхой хариу өгнө үү гэх агуулга бүхий албан бичгүүдийг хэд хэдэн удаа хүргүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Гэвч нэхэмжлэгч нь гэрээнийн 3.4 дэх хэсэгт заасан байрыг суллаж өгөх үүргээ биелүүлээгүй бөгөөд хууль ёсны өмчлөгчийн эрхэнд хохирол учруулсан. Гэтэл анхан шатны шүүх түрээсийн гэрээг шинээр байгуулахыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-т заасны дагуу хариуцагч гэрээг цаашид сунгахгүй байх, цуцлах эрхтэй.

6.ё. 2022 оны 01 дүгээр сараас 03 дугаар сар хүртэлх түрээсийн 65,000,000 төгрөгөөс 25,000,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл хохирол 3 сарын 120,000,000 төгрөг дээр 4 дүгээр сарын хохирол 65,000,000 төгрөг, нийт 185,000,000 төгрөг гаргуулах, талбайг албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргасан.

6.ж. Албадан чөлөөлүүлэх шаардлагын хувьд шүүх бодит байдалд хариуцагч бүхий л хугацаанд татгалзаж байсныг шударгаар үнэлээгүй. Хариуцагч тал гэрээг сунгахгүй талаар удаа дараа албан бичиг хүргүүлсэн, гэрээнд заасан хугацаанд суллаж өгөх тухай мэдэгдсэн, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед татгалзсан, зөвшөөрөхгүй байгаа талаараа сөрөг нэхэмжлэлдээ тайлбарласан, хөрөнгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардаж байгаа, үүнээс үүдэлтэйгээр хохирлыг нэхэмжилж буй маргаантай байдлыг дүгнээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч тал давж заалдах гомдолдоо хэргийн үйл баримтын талаар үнэн зөв тайлбарлаагүй. Хэргийн үйл баримтыг гуйвуулж давж заалдах гомдол гаргасан. Мөн шүүхийн шийдвэрийг хариуцагч талаас бүрэн зөв ойлгоогүй байна. Шүүхээс дүгнэхдээ талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн. Гэтэл хариуцагч талаас тайлбарлахдаа түрээсийн гэрээг худалдах, худалдан авах гэрээ болгож дүгнэсэн мэтээр шүүхийн шийдвэрийг гуйвуулсан. Хэдийгээр түрээсийн гэрээ байгуулагдсан боловч түрээсийн гэрээний зарим заалт худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан буюу хосолмол агуулгыг бүрдүүлсэн гэрээ гэж шүүх дүгнэсэн. Талуудын хоорондын маргааны гол агуулга нь түрээсийн гэрээний 7.5-д заасан талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд хэрэв түрээслэгч тал тухайн объектыг худалдаж авах санал гаргавал түрээсийн төлбөрт төлсөн 40,000,000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад зориулагдах мөнгө гэдгийг талууд тохиролцсон. Тухайн түрээсийн гэрээ нь удаан хугацааны туршид үргэлжлэх харилцаа юм. Маргааны гол агуулга нь объектын өмчлөгч өөрчлөгдсөнөөр маргаан үүссэн. Г б-ХХК нь өөрт олгогдсон давуу эрхийг урвуулан ашигласан. Анхан шатны шүүхээс тухайн маргааныг зохицуулсан хуулийн заалтыг зөв хэрэглэж, тайлбарласан. Өөрөөр хэлбэл, түрээслэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчил гаргахгүйгээр биелүүлж ирсэн учраас хуульд зааснаар гэрээний хугацааг сунгахыг даалгах нь үндэслэлтэй. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Ү г- ХХК нь хариуцагч Г б-ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 480,000,000 төгрөг гаргуулж, Ү г- ХХК нь 111111-ийн 969 м.кв бүхий үйлчилгээний талбай, 70.98 м.кв талбай бүхий агуулахыг тэргүүн ээлжинд түрээслэх эрхтэй болохыг тогтоож, түрээсийн шинэ гэрээ байгуулахыг Г б-ХХК-д даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн төлбөрт 185,000,000 төгрөг гаргуулж, 111111-ийн 969 м.кв бүхий үйлчилгээний талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх 1-3, 85-87, 95-96/

 

3.а. Талуудын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 01/0101 тоот түрээсийн гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр  111111-ийн 969 м.кв бүхий үйлчилгээний талбай, 70.98 м.кв талбай бүхий 111111 байрлах 969.1 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар түрээслэх, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг төлөх нөхцлийг харилцан тохиролцож 12 сарын хугацаатай байгуулжээ. /хх 6-13/

 

3.б. Нэхэмжлэгч Ү г- ХХК нь дээрх түрээсийн гэрээг худалдах-худалдан авах гэрээ гэж, хариуцагч Г б-ХХК нь түрээсийн гэрээ байгуулагдсан гэж тус тус тайлбарладаг. Уг маргааныг хянан шийдвэрлэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.4, 7.5, 7.6 дахь заалтуудыг тайлбарлах ач холбогдолтой.

 

4.а. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж зохицуулсан.

 

4.б. Гэрээний 7.5-д Түрээслэгч нь гэрээний 7.3-т заасан хугацааны дотор худалдан авах хүсэлт ирүүлсэн, түрээсийн талбайн үнийн дүнгийн 5 хувиас багагүй дүнгээр урьдчилгаа төлбөрийг төлсөн, гэрээний хугацаанд буюу 12 сарын түрээсийн төлбөр бүрэн төлсөн тохиолдолд гэрээний 4.1-т заасан сар бүрийн түрээсийн төлбөрөөс 40,000,000 төгрөгийг худалдан авах хөрөнгийн үнд тооцно гэж зааснаас үзвэл, ямар нөхцөлд түрээсийн төлбөр төлсөн мөнгөний тодорхой хэсэг нь худалдах-худалдан авах үнэд тооцогдох талаар болзол тавьж гэрээ байгуулсан гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, худалдан авах хүсэлтээ ирүүлсэн, түрээсийн талбайн үнийн дүнгийн 5 хувийн үнийн дүнгээр урьдчилгаа төлбөр төлсөн, гэрээний хугацаанд түрээсийн төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд 65,000,000 төгрөгийн 40,000,000 төгрөгийг худалдах-худалдан авах гэрээний үнэд тооцно гэж талууд тохиролцжээ.

 

Дээрх гэрээний заалтуудаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байгуулагдсан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

4.в. Харин талуудын харилцан тохиролцсон гэрээний 7.5-д заасан болзол биелээгүй. Худалдах худалдан авах хүсэлтийг нэхэмжлэгчээс ирүүлсэн боловч 720,000,000 төгрөгөөс багагүй хэмжээний урьдчилгааг төлөх нөхцөл биелээгүй. Энэ болзол бүрэн биелээгүй учраас 7.6-д заасан 40,000,000 төгрөгийг худалдах-худалдан авах гэрээний үнэд тооцох боломжгүй. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаагаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг түрээсийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон атлаа худадах-худалдан авах гэрээний зохицуулалтыг хэрэглэж шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

 

5. Талуудын хоооронд байгуулсан гэрээний 7.6-д гэрээний 7.3-т заасан хугацааны дотор нөхцөлүүд бүрэн биелүүлээгүй тохиолдолд 40,000,000 төгрөгийг худалдан авах хөрөнгийн үнэд тооцох нөхцөл хэрэгжихгүй гэж зааснаар худалдах, худалдан авах гэрээний болзол биелээгүй түрээсийн гэрээний төлбөр 65,000,000 төгрөг байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул худалдах-худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн гэх 480,000,000 төгрөгийг хариуцагч Г б-ХХК-аас буцаан гаргуулах үндэслэлгүй.

 

6. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтыг харьцуулан дүгнэхгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнээгүй гэж үзнэ.

 

6.а. Г б-ХХК-аас 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрээний хугацаа дуусахад цаашид сунгахгүй талаар мэдэгдэлийг хүргүүлсэн. Улмаар Ү г- ХХК-аас уг мэдэгдэлд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ...талбайг худалдан авах хүсэлтэй байгаа, ...түрээсийн гэрээ байгуулагдсанаас хойш нийт 480,000,000 төгрөгийг сар бүрийн төлбөрөөс бүрдүүлээд байгаа бөгөөд зөрүү дүн 240,000,000 төгрөгийг санхүүгийн чадавхи хараахан сайжраагүйн улмаас гэрэний хугацаа дуусахад нэг дор бүрдүүлж чадахааргүй нөхцөл байдал үүсээд байна. гэх хариу өгчээ. /хх. 107, 108/

 

Г б-ХХК-аас 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр худалдан авах хүсэлтийг банк шийдвэрлэх боломжгүй байгаагаа уг албан бичгээр мэдэгдэж, 4,364,500,000 төгрөгийг төлж худалдан авна уу гэх хариуг өгч, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр түрээсийн гэрээг сунгах боломжгүй ба түрээсийн гэрээг дуусгавар болсон тухай албан ёсоор мэдэгдэж, 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор түрээсийн талбайг бүрэн чөлөөлж өгнө үү гэх агуулгатай мэдэгдлийг хүргүүлсэн байна. /хх, 109/

 

Хариуцагч нь Түрээсийн гэрээний 3.2-д зааснаар талууд гэрээний хугацаа дуусахад цаашид гэрээг сунгахгүй тохиолдолд энэ тухайгаа гэрээний хугацаа дуусгавар болохоос 30 хоногийн өмнө нөгөө талдаа мэдэгдэх үүргээ биелүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсэгт Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэдэг хөлслөгч, гэрээний хугацаа дуусахад уг эд хөрөнгийг хөлслөн авах шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй бөгөөд хөлслүүлэгч үүнийг зөрчиж өөр этгээдтэй эд хөрөнгө хөлслөх гэрээ шинээр байгуулсан байвал шинэ хөлслөгчийн эрх, үүргийг өөртөө шилжүүлэн авахыг шаардах эрхтэй. гэж заасан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч Ү г- ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

6.б. Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт тус тус зааснаар банкны эрхлэх үндсэн үйл ажиллагаанд үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн үйл ажиллагаа хамаарахгүй тул цаашид үл хөдлөх эд хөрөнгийг бусдад үргэлжүүлэн түрээслэнэ гэж үзэх боломжгүй. /хх, 68/ Иймд Ү г- ХХК нь 111111-ийн 969 м.кв бүхий үйлчилгээний талбай, 70,98 м.кв талбай бүхий агуулахыг тэргүүн ээлжинд түрээслэх эрхтэй болохыг тогтоож, түрээсийн шинэ гэрээ байгуулахыг даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

7. Сөрөг нэхэмжлэлийн тухайд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул үүнээс хойш нэхэмжлэгч Ү г- ХХК-ийг уг түрээсийн талбайг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн эзэмшил хууль бус байх тул хариуцагч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Ү г- ХХК-ийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр болох 180,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Г б-ХХК-д олгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, гэрээний харилцаа дуусгавар болсон байх хугацаанд Г б-ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байсан хугацааны төлбөрийг буцаан өгөх боломжгүй байгаа учраас 1 сарын түрээсийн төлбөрөөр тооцож шаардсан нь үндэслэлтэй.

8. Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн нийт үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн нь буруу. Улсын тэмдэгтийн хураамжийг үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнгээс тус тусад нь төлөх хуулийн зохицуулалттай.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд төлөх ёстой улсын тэмдэгтийн хураамж нь 2,557,950 төгрөг, сөрөг нэхэмжлэлтэй холбоотой төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж нь 1,082,950 төгрөг, нийт 3,640,900 төгрөг байх ёстойгоос давж заалдах гомдолдоо улсын тэмдэгтийн хураамжид 3,482,950 төгрөг төлсөн байна. /хх225/

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар дутуу төлсөн 157,950 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/02127 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул Г б-ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 480,000,000 төгрөгийн төлбөр гаргуулж, Ү г- ХХК нь 111111ийн 969 м.кв бүхий үйлчилгээний талбай, 70,98 м.кв талбай бүхий агуулахыг тэргүүн ээлжинд түрээслэх эрхтэй болохыг тогтоож, түрээсийн шинэ гэрээ байгуулахыг Г б-ХХК-д даалгах тухай Ү г- ХХК-ийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтын дараа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ү г- ХХК-аас түрээсийн төлбөрт 185,000,000 төгрөг гаргуулж, Г б-ХХК-д олгож, 111111 байрлах 969.1 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Ү г- ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй гэсэн 2 дахь заалтыг нэмж,

2 дахь заалтыг 3 гэж дугаарлан, хариуцагч ... 2,628,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ү г- ХХК-д олгож, хариуцагч Г б-ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,153,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэснийг ...2,628,150 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,153,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Ү г- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,153,150 төгрөг гаргуулж, Г б-ХХК-д буцаан олгосугай гэж өөрчилж,

3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж, 5 дахь заалтыг 6 гэж дугаарлалтыг өөрчлөн, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас дутуу төлсөн 157,950 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,482,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР