Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 160

 

 

Н.Б-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/03385 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Б-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Е ББСБ” ХХК-д холбогдох

 

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ060017001 тоот зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, шилжүүлсэн 8 300 000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний төлбөрт 20 632 882 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, Б.А,

Хариуцагчийн өмгөөлөгч О.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Н.Б  “Е” хадгаламж зээлийн хоршооноос анх 12 000 000 төгрөг зээлсэн. Нэхэмжлэгч сард зээлийн төлбөр дутуу төлж байсан учраас “Е” хадгаламж зээлийн хоршоо шүүхэд өгч Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч 17 171 600 төгрөг төлөхөөр талууд 660 дугаартай шүүгчийн захирамжаар эвлэрсэн байдаг. Н.Б  эвлэрлийн гэрээнд зааснаар хуваариар сар бүр зээлийн төлбөр төлж байсан. “Есөн дэлбээ” хадгаламж зээлийн хоршооноос Н.Б-г дуудаж, “Е ББСБ” ХХК-тай гэрээ байгуулахгүй бол болохгүй байна гээд 16 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан. Уг зээлийн гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй, Н.Б  16 000 000 төгрөгийн зээлийг огт аваагүй. Өөрөө хэлбэл 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 660 дугаартай шүүгчийн захирамжаар шийдсэн 17 171 600 төгрөгийн үлдэгдэл болох 16 000 000 төгрөгийн хэмжээнд талууд зээлийн гэрээ байгуулсан. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ хуулийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ юм. Н.Б  нь “Е ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулснаас хойш 8 300 000 төгрөг төлсөн. Иймд Н.Б  болон “Е” ББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.4-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Н.Б-ийн  төлсөн 8 300 000 төгрөг нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 660 дугаартай шүүгчийн захирамжаар төлсөн төлбөр болохыг тогтоож уг төлбөрийг “Е ББСБ" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Б-ийн  гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Б  нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун Баян уулын 11 дүгээр гудамж, 8А тоотод байрлах хувийн сууцаа барьцаалж “Есөн дэлбээ” хадгаламж зээлийн хоршооноос зээл авсан. Энэ асуудал шүүхээр орж зохигчдод эвлэрч шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Н.Б  шүүгчийн захирамжийн дагуу зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгасан. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Н.Б  нь “Е ББСБ" ХХК-иас 16 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, бэлэн мөнгө хүлээж авсан зарлагын баримт үйлдэж, зээлийн төлбөрийг бэлэн авсан. Н.Б-ийн  “Е ББСБ” ХХК-тай байгуулсан гэрээ хуульд нийцсэн, талуудын сайн дурын үндсэн дээр байгуулсан болох нь Н.Б-ийн  зээл хүссэн өргөдөл, Н.Б-ийн  бэлэн мөнгө хүлээж авсан баримт зэргээр тогтоогдож байна. Мөн уг зээлийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, нотариатаар гэрчлүүлсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ-060017001 гэсэн зээлийн болон барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ зээлийн гэрээгээр Н.Б  нь 16 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, графикийн дагуу төлж барагдуулахаар зээлсэн. Зээлийн төлбөр төлж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээнд зааснаар зээлдэгч зээлийн төлбөрийг 3 сараас дээш хугацаагаар төлөөгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар зээлдүүлэгч шүүхэд хандах эрхтэй болдог. Манай талаас нэхэмжлэгч талыг зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн төлбөр төлөөгүй. Бид зээлдэгчийн оршин суугаа хаягаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгч ББСБ-ын хаягаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Н.Б  нь үндсэн зээлд 16 000 000 төгрөг авснаас 1 802 686 төгрөг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 14 197 314 төгрөг, үндсэн 637 хоногийн үндсэн хүү 11 868 441 төгрөг, зээлдэгч 6 261 681 төгрөг төлсөн. Үлдсэн хүү 5 607 760 төгрөг, 588 хоногийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн 1 012 441 төгрөг 184 633 төгрөг төлж, үлдэх нь 827 808 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 20 632 881 төгрөгийг Н.Б-с гаргуулж өгнө үү. Н.Б  нь зээлийн төлбөр 20 632 881 төгрөгийг төлж чадахгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөх гэрээ бол 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээ юм. Н.Б  2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 16 000 000 төгрөг аваагүй. Н.Б хариуцагч талтай Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийдвэрийг шийдвэр гүйцэтгэлд өгүүлэхгүй гэсэндээ дахин зээлийн гэрээ байгуулж, хариуцагч тал нь давхар мөнгө хүүлсэн. Шүүгчийн захирамжаар шийдсэн талуудын эвлэрлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар халхавчилж, дахин зээлийн гэрээ байгуулсан. Н.Б дахин зээлийн гэрээ байгуулахдаа гарах үр дагаврыг сайтар тооцож үзээгүй, хөнгөмсгөөр найдаж гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 281, 451 дүгээр зүйлд заасан гэрээний аль болохыг тодорхойлж мэдэхгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлдэгч, зээлдүүлэгчид бэлэн мөнгө өгөх ёстой. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч, зээлдүүлэгчид тодорхой хугацаатай, мөнгө шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл тухайн үед ийм үйл явдал болоогүй, Н.Б  гар дээрээ ямар ч мөнгө аваагүй. Хэрэв талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, Н.Б  гар дээрээ зээлийн мөнгө авсан бол графикийн дагуу зээлээ төлнө. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь заалтыг баримтлан Н.Б, “Е ББСБ” ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ060017001 тоот зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцон, “Е ББСБ” ХХК-аас 8 248 000 төгрөгийг гаргуулж Н.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 52 000 төгрөг гаргуулах хэсэг болон Н.Б-тэй байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 20 632 882 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн хариуцагч “Е ББСБ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385 750 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 372 414 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 384 868 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Нэхэмжлэгчийн зээл аваагүй. "Е" ХЗХ-нд шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийн хугацааг хойшлуулсан бөгөөд "Е" ХЗХ, "Е ББСБ" ХХК нь нэг эзэнтэй, зээлийн эдийн засагч гээд нэг л хүмүүс ажиллаж байсан. Надад зээл авах хэрэгцээ байгаагүй гэх тайлбарыг хариуцагч тал няцааж чадаагүй" гэж шүүх үзжээ. Энэ нөхцөл байдлыг хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нотолж чадахгүй байгааг шүүх анхаарч үзэлгүйгээр, хэрэг авагдсан нотлох баримтад бус нэхэмжлэгчийн тайлбарт хөтлөгдөн ийм дүгнэлт хийж, нэхэмжлэгчийг "Е ББСБ" ХХК-иас зээл аваагүй мэтээр шийдвэр гаргасан нь өрөөсгөл байна. Хавтаст хэргийн 24 дүгээр талд "Е ББСБ" ХХК болон нэхэмжлэгч Н.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ авагдсан ба энэхүү зээлийн гэрээний эдийн засагчаар Б.Наранхүү байна, харин "Есөн дэлбээ" ХЗХ болон Н.Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний эдийн засагч хэн болох нь нотлогдсон зүйл байхгүй байна. Мөн хоорондоо статус, тайлан мэдээ, төсөв санхүү гээд огт өөр хуулийн этгээдүүдийг нэг эзэнтэй гэдэг үндэслэлээр үйл ажиллагаа нь нэг байсан мэтээр нэхэмжлэгч тайлбарлаж байгааг шүүх хүлээн зөвшөөрсөн нь хууль бус дүгнэлт юм.

Учир нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу "Е" ХЗХ, "Е ББСБ" ХХК нь бие хуулийн этгээдүүд байгаа нь энэхүү хэрэгт огт хамааралгүй байхыг шүүх харгалзан үзэж, хэргийг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэнгүй.

Н.Б  нь Сонгинохайрхан дүүргийн 9 хороо, баруун баян уулын 11 гудамж, 8/А тоот хувийн сууцаа барьцаалан 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр сарын 4 хувийн хүүтэйгээр 360 хоногийн хугацаатай 12 000 000 төгрөгийг "Е" ХЗХ-оос зээлсэн байна. Зээлдэгч нь зээлээ хугацаанд нь төлөөгүй учраас шүүхэд хандсаны дагуу Сонгииохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 660 дугаартай захирамжаар 17 171 600 төгрөгийг Н.Б-с гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Н.Б  нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөөгүй үлдэгдэл 15 876 600 төгрөг болон тэмдэгтийн хураамж 121 904 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр "Е" ХЗХ-нд төлж зээлээ хаасан баримт хэргийн 74, 75 дахь талд авагдсан байна. Үүний дагуу "Е" ХЗХ-оос барьцаа хөрөнгийг чөлөөлөх албан бичгийг улсын бүртгэлд явуулсан байна.

Н.Б  нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 хороо, баруун баян уулын 11 дүгээр гудамж, 8/А тоот хувийн сууцаа барьцаалан зээл авах хүсэлтийг манай байгууллагад бичгээр гаргаж, өөрийн хүсэл зоригийг илэрхийлсний дагуу 16 000 000 төгрөгийг 30 хоногийн 3.5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлж ЗГ0600170001 тоот зээлийн гэрээ, ЗГ0600170001 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж гэрээний дагуу Н.Б  нь мөнгөө бэлнээр хүлээн авч, бэлэн мөнгө хүлээн авсан баримт /хх-65/ дээр гарын үсгээ зурсан байдаг. Нэхэмжлэгч Н.Б  нь "Есөн дэлбээ" ХЗХ-ны зээлийг төлж хааж, барьцаа хөрөнгөө чөлөөлчихөөд "Е ББСБ" ХХК-иас шинэ зээл хүсч аваад, зээлийн эргэн төлөлтөө, гэрээнийхээ дагуу "Е ББСБ" ХХК-ийн дансанд хийж байсан нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулгаар нотлогдож байна. Энэ үйл явц нь нэхэмжлэгч Н.Б  нь "Е" ХЗХ-ны зээлийг шүүхийн шийдвэрийн дагуу өөрийн хашаа, байшинг алдахгүйн тулд ямар нэг аргаар "зээлээ төлөөд, үл хөдлөх хөрөнгөө чөлөөлөөд буцаад мөнгөний хэрэгцээ гараад "Е ББСБ" ХХК-д хандан хашаа байшингаа барьцаалан, зээл хүсэж өргөдөл гаргасан нь хэргийн 60 дахь авагдсан зээл хүсэх өргөдлөөр нотлогдож байна. Үүнээс харахад "зээл авах хэрэгцээ байгаагүй" гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бус нэхэмжлэгчийн нотлогдоогүй тайлбарыг үндэслэж дүгнэлт хийсэн атлаа талуудын хооронд байгуулагдсан зээл хүссэн өргөдөл, зээлийн болон барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, барьцаа хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэсэн баримтууд, зээлдэгч мөнгө хүлээн авсан баримт, зээл төлөх хуваарь, зээлийн дансны хуулга, зээлийг "Е ББСБ" ХХК-н дансанд буцаан төлсөн дансны хуулга зэрэг зээлтэй холбоотой хэрэгт авагдсан бүрдэл материалуудыг шууд үгүйсгэн, хариуцагчийн зээлийн хувийн хэргийг бүрэн хөтлөөгүй гэх дүгнэлт хийсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт байна. Эдгээр хэрэгт өгсөн зээлийн хувийн хэргийн бүрдэл материалууд нь зээлийг судалсны үндсэн дээр гардаг болохыг анхан шатны шүүх зөв үнэлж, дүгнэсэнгүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэсэн хуулийн шаардлагыг уг шүүхийн шийдвэр хангаагүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж хэргийг хянан шийдвэрлээгүй, илт нэг талыг барьж үндэслэлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эсвэл үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Б  нь хариуцагч “Е ББСБ” ХХК-д холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, үр дагаврыг арилгуулж 8 300 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч Н.Б-тэй байгуулсан зээлийн гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний үүрэгт 20 632 882 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Б  нь “Е” хадгаламж зээлийн хоршооноос 2014 онд 12 000 000 төгрөг зээлсэн, 17 171 600 төгрөг төлөхөөр эвлэрч шүүгчийн захирамж гарсан, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч 16 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан, бэлнээр 16 000 000 төгрөг хүлээлгэн өгөөгүй, шүүх өмнөх гэрээг шийдвэрлэснийг халхавчилж дүр үзүүлэн гэрээ хийсэн учир хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарласан бол хариуцагч нь нэхэмжлэгчийг тус хоршооноос 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 12 000 000 төгрөг зээлсэн, шүүх 17 171 600 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж 16 000 000 төгрөг зээлснийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэж тайлбарлажээ.

 

Хэргийн 74-75, 153-156 дугаар тал дахь баримтаар Н.Б  нь “Есөн дэлбээ” ХЗХоршооноос 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 12 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, 12 000 000 төгрөг зээлсэн, уг зээлийг төлөөгүйгээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2016/00660 дугаартай шүүгчийн захирамжаар зохигчид 17 171 6000 төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрсэн шийдвэр гарсан, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр уг мөнгийг төлж барагдуулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.

 

Хэргийн 61 дүгээр талд “Е ББСБ” ХХК, Н.Б  нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан, 16 000 000 төгрөгийн бичгийн зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

Дээрх гэрээний дагуу 16 000 000 төгрөг хүлээлгэн өгөөгүй гэх тайлбараа нэхэмжлэгч Н.Б  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Гэрч Г.Нямдулам шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “хашаа байшингаа алдахгүйн тулд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан уг зээлээр төлөлт хийсэн” гэсэн агуулга бүхий мэдүүлэг өгснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.

 

Хэргийн 65 дугаар талд хариуцагч байгууллагаас зээлийн гэрээний дагуу бэлнээр 16 000 000 төгрөг нэхэмжлэгч Н.Б-д хүлээлгэн өгсөн баримт авагдсан байх ба Н.Б  уг баримтыг үгүйсгэж чадаагүй байна.

 

Дээрх баримтууд болон талуудын тайлбарыг хооронд нь харьцуулан дүгнэвэл “Е ББСБ” ХХК нь Н.Б-д 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасан зээлийн хувийн хэргийг бүрэн хөтлөөгүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлд хамаарахгүй тул хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талууд хэлцэл хийсэн гэх гадаад илрэлийг бий болгохын тулд эсхүл өөрсдийн жинхэнэ хүсч хийж байгаа хэлцлийн сөрөг үр дагаврыг өөр хэлцлээр далдлахын тулд “Е ББСБ” ХХК нь Н.Б-тэй 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээг байгуулсан гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулав.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Талууд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 16 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож зээлийн гэрээг бичгээр, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Н.Б-ийн  өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 11 дүгээр гудамжны 8 А тоот хаягт оршин байх 84 м.кв талбайтай, хувийн сууц болон 204 м.кв газрыг барьцаалсан зээл болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хуулийн хүчин төгөлдөр байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл, зээлийн хүүг буцаан төлөх, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар зохицуулагдсан байна.

 

Нэхэмжлэгч Н.Б  нь зээлийн мөнгөн хөрөнгийг бэлнээр хүлээн авсан баримт хэргийн 65 дахь талд авагдсан, мөн зээлсэн 16 000 000 төгрөгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж, уг зээлээс 8 249 000 төгрөгийн эргэн төлөлт “Е” ХЗХ-нд төлсөн зэргээс үзэхэд хариуцагчийг зээл олгоогүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч “Е ББСБ” ХХК-ийн Н.Б  зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 1 802 686 төгрөг, зээлийн хүүд 6 261 681 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 184 633 төгрөг, нийт 8 249 000 төгрөг гэх тайлбарыг нь нэхэмжлэгч Н.Б  баримтаар үгүйсгээгүй байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дууссан бөгөөд хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 14 197 314 төгрөг, зээлийн хүүд 5 607 760 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 827 808 төгрөгөөр тодорхойлж 20 632 881 төгрөг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн тооцооллын талаар нэхэмжлэгч үгүйсгэсэн тайлбар гаргаагүй байна.

 

 

Зээлдүүлэгч буюу “Е ББСБ” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мөнгөн хөрөнгийг зээлдэгч буюу нэхэмжлэгч Н.Б-д шилжүүлсэн, ба Н.Б-ийн  зээлийн гэрээний үүрэгт төлсөн 8 249 000 төгрөгийг зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хасч тооцож үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 14 197 314 төгрөг, зээлийн хүүд 5 607 760 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 827 808 төгрөг, нийт 20 632 881 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Талуудын хооронд байгуулагдсан хувийн сууц, газар барьцаалсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул уг барьцаа хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхийг хариуцагчид Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар олгогдсон тул нэхэмжлэгч Н.Б  шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 11 дүгээр гудамжны 8 А тоот хаягт оршин байх 84 м.кв талбайтай, хувийн сууц болон 204 м.кв газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/03385 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлгүй тул 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 8 300 000 төгрөг гаргуулах тухай Н.Б-ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Б-с 20 632 882 төгрөг гаргуулж хариуцагч “Е ББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Н.Б-ийн  өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206011496 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, баруун баян уулын 11 дүгээр гудамжны 8а тоот хаягт байрлах 84 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 204 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дах заалтын “...хариуцагчаас 384 868 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид” гэснийг “нэхэмжлэгч Н.Б-с 372 414 төгрөгийг гаргуулж хариуцагч “Е ББСБ” ХХК-д” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч “Е ББСБ” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302 360 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

 

                             ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ