Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2018/03385

 

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2018/03385

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

                                                        

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Н.Б-гийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: “ЕШИ ББСБ” ХХК-д холбогдох,

 

            Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ060017001 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн ЗГ0600170001 дугаар барьцааны  гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, 8.300.000 төгрөг гаргуулах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Н.Бтэй байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний төлбөрт 20.632.882 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг, хариуцагчийн өмгөөлөгч О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Н.Б “ЕД” хадгаламж зээлийн хоршооноос анх 12.000.000 төгрөг зээлсэн. Нэхэмжлэгч сард зээлийн төлбөр дутуу төлж байсан учраас “ЕД” хадгаламж зээлийн хоршоо шүүхэд өгч Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч 17.171.600 төгрөг төлөхөөр талууд 660 дугаартай шүүгчийн захирамжаар эвлэрсэн байдаг. Н.Б эвлэрлийн гэрээнд зааснаар хуваариар сар бүр зээлийн төлбөр төлж байсан. “ЕД” хадгаламж зээлийн хоршооноос Н.Бг дуудаж, “ЕШИ” ББСБ ХХК-тай гэрээ байгуулахгүй бол болохгүй байна гээд 16.000.000 төгрөгийн зээлийн гэрээг 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан. Уг зээлийн гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хуулийн шаардлага хангаагүй, Н.Б 16.000.000 төгрөгийн зээлийг огт аваагүй. Өөрөө хэлбэл 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 660 дугаартай шүүгчийн захирамжаар шийдсэн 17.171.600 төгрөгийн үлдэгдэл болох 16.000.000 төгрөгийн хэмжээнд талууд зээлийн гэрээ байгуулсан. 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ хуулийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ. Н.Б нь “ЕШИ” ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулснаас хойш 8.300.000 төгрөг төлсөн. Иймд Н.Б болон “ЕШИ” ББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.4-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Н.Бгийн төлсөн 8.300.000 төгрөг нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 660 дугаартай шүүгчийн захирамжаар төлсөн төлбөр болохыг тогтоож уг төлбөрийг “ЕШИ” ББСБ ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөх  гэрээ бол 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээ юм. Н.Б 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр 16.000.000 төгрөг аваагүй. Н.Б хариуцагч талтай Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийдвэрийг шийдвэр гүйцэтгэлд өгүүлэхгүй гэсэндээ дахин зээлийн гэрээ байгуулж, хариуцагч тал нь давхар мөнгө хүүлсэн. Шүүгчийн захирамжаар шийдсэн талуудын эвлэрлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар халхавчилж, дахин зээлийн гэрээ байгуулсан. Н.Б дахин зээлийн гэрээ байгуулахдаа гарах үр дагаврыг сайтар тооцож үзээгүй, хөнгөмсгөөр найдаж гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 281, 451 дүгээр зүйлд заасан гэрээний аль болохыг тодорхойлж мэдэхгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлдэгч, зээлдүүлэгчид бэлэн мөнгө өгөх ёстой. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч, зээлдүүлэгчид тодорхой хугацаатай, мөнгө шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл тухайн үед ийм үйл явдал болоогүй, Н.Б гар дээрээ ямар ч  мөнгө аваагүй. Хэрэв талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, Н.Б гар дээрээ зээлийн мөнгө авсан бол графикийн дагуу зээлээ төлнө. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үндсэн нэхэмжлэлд холбогдуулж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Б нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун Баян уулын 11 дүгээр гудамж, 8А тоотод байрлах хувийн сууцаа барьцаалж “ЕД” хадгаламж зээлийн хоршооноос зээл авсан. Энэ асуудал шүүхээр орж зохигчдод эвлэрч шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Н.Б ч шүүгчийн захирамжийн дагуу зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгасан. 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Н.Б нь “ЕШИ” ББСБ ХХК-иас 16.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, бэлэн мөнгө хүлээж  авсан зарлагын баримт үйлдэж, зээлийн төлбөрийг бэлэн авсан. Н.Бгийн “ЕШИ” ББСБ ХХК-тай байгуулсан гэрээ хуульд нийцсэн, талуудын сайн дурын үндсэн дээр байгуулсан болох нь Н.Бгийн зээл хүссэн өргөдөл, Н.Бгийн бэлэн мөнгө хүлээж авсан баримт зэргээр тогтоогдож байна. Мөн уг зээлийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, нотариатаар гэрчлүүлсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ-060017001 гэсэн зээлийн болон барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ зээлийн гэрээгээр Н.Б нь 16.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, графикийн дагуу төлж барагдуулахаар зээлсэн. Зээлийн төлбөр төлж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээнд зааснаар зээлдэгч зээлийн төлбөрийг 3 сараас дээш хугацаагаар төлөөгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар зээлдүүлэгч шүүхэд хандах эрхтэй болдог. Манай талаас нэхэмжлэгч талыг зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн төлбөр төлөөгүй. Бид зээлдэгчийн оршин суугаа хаягаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгч ББСБ-ын хаягаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Иймд бид сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Н.Б нь үндсэн зээлд 16.000.000 төгрөг авснаас 1.802.686 төгрөг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 14.197.314 төгрөг, үндсэн 637 хоногийн үндсэн хүү 11.868.441 төгрөг, зээлдэгч 6.261.681 төгрөг төлсөн. Үлдсэн хүү 5.607.760 төгрөг, 588 хоногийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн 1.012.441 төгрөг 184.633 төгрөг төлж, үлдэх нь 827.808 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 20.632.881 төгрөгийг Н.Бгээс гаргуулж өгнө үү. Н.Б нь зээлийн төлбөр 20.632.881 төгрөгийг төлж чадахгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

            Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх шүүхийн шийдвэр яагаад энэ маргаанд хамааралтай болдог юм бэ. Хавтаст хэрэгт хуурамчаар бүрдүүлсэн, цуглуулсан ямар ч нотлох баримт байхгүй. 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн төлбөр хаагдсан гэсэн хууль ёсны баримт хавтаст хэрэгт авагдсан. 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр зээл авсан гэсэн баримт авагдсан. Эдгээр баримтуудад нэхэмжлэгч гарын үсэг зурсан. Гэрч шүүхийн хэлэлцүүлэгт хугацаа хожих зорилготой байсан гэж мэдүүлсэн. Хавтаст хэрэг зээлийн болон барьцааны гэрээ хууль бус гэсэн ямар ч баримт авагдаагүй. Нэг хүн хэдэн ч байгууллагад ажиллаж болно. Энэ бол хүний эрхийн асуудал. Нэхэмжлэгч талын талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуунд харшилсан хууль зөрчсөн хэлцэл гэлээ. Ямар хууль зөрчсөн юм бэ. Ямар нотлох баримтаар талуудын хооронд байгуулагдсан хэлцэл хууль зөрчсөн нь нотлогдож байгаа юм бэ. Энэ байдлыг нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй. Дүр үзүүлсэн хэлцлийн нэг  тал хэлцлийг заавал хүсэж үйлдсэн байдаг. Ийм зүйл байхгүй. Хуулийн хүчин төгөлдөр хэлцлийг халхавчилж байгуулагдсан хэлцэл хавтаст хэрэгт авагдаагүй. Үнэн санаанаасаа бус хөнгөмсөгөөр хандаж түүнийгээ илэрнэ гэдгийг урьдаас тооцож, хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл гэсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Н.Бгийн гарын үсэг мөн эсэх талаар маргаагүй байж, зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт маргах эрх байхгүй. Н.Б яагаад нэхэмжлэлд гарын үсэг зурахгүй байгаа юм бэ, яагаад заавал итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм бэ. Н.Б яагаад гэрчээр мэдүүлэг өгч болохгүй гэж. Н.Бгийн гэрчээр мэдүүлэг өгөх боломжгүй байдал нь үйл баримтыг хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлж байна. Нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалсанд тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

 

Үндсэн болон сөрөг нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч “ЕШИ ББСБ” ХХК-д холбогдуулан 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ060017001 тоот зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, шилжүүлсэн 8.300.000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч “ЕШИ ББСБ” ХХК нь нэхэмжлэгч Н.Бд холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний төлбөрт 20.632.882 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж,  хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч Н.Б, хариуцагч “ЕШИ ББСБ” ХХК-ийн хооронд 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ060017001 тоот зээлийн болон барьцааны гэрээгээр Н.Бгийн өмчлөлийн Ү-2201029706 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян Уулын 11 дүгээр гудамж, 8а тоот хаягт байрлах, 84 м.кв талбайтай, хувийн сууц, Ү-2201015707 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян Уулын 11 дүгээр гудамж, 8а тоот хаягт байрлах, 204 м.кв талбайтай, газрыг   барьцаалан, 16.0000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр тохиролцжээ.

Талуудын хооронд хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээг бичгээр хийсэн, барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Улмаар энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгчийн тооцоогоор 8.300.000 төгрөг төлсөн гэж байгаа боловч хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн зээлийн тооцооллоор 8.248.000 төгрөгийг Н.Б нь хариуцагч “ЕШИ ББСБ” ХХК-д  төлсөн үйл баримт тогтоогдлоо.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 660 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Н.Б нь “ЕД” ХЗХ-нд 17.171.600 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Нэхэмжлэгч энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагч “ЕД” ХЗХ-нд 1.171.600 төгрөгийг төлж, үлдэх хэсгээ төлөөгүй хугацаа хэтэрсэн тул “ЕД” ХЗХ-ноос дуудаж, төлбөр төлөх талаар гэрээ байгуулсан нь “ЕШИ ББСБ” ХХК-тай 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ060017001 тоот зээлийн болон барьцааны гэрээ юм. Түүнээс шинээр зээл аваагүй, зээлийн гэрээний дагуу мөнгө зээлээгүй, мөнгө хүлээн аваагүй, энэхүү зээлийн гэрээг хууль зөрчиж, дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчилж, үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хийсэн хэлцэл гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор шаардаж байна гэжээ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 21 дүгээр зүйлийн 21.4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно”, 23 дугаар зүйлийн 23.1-т “Зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээж хөтөлнө” гэж заасан.

Хэрэгт хариуцагч талаас зээлдэгчийн хувийн хэргийг ирүүлсэн байх боловч  дээрх хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасан бүрдүүлбэр бүрэн хангагдаагүй буюу зээлийн барьцаанд бариулах үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнийг шалгасан баримт, зээлдэгчийн бусад банкнаас авсан зээлийн талаарх өөрийн болон зээлийн сангийн мэдээлэл, гуравдагч этгээдийн өмнө зээлдэгчийн хүлээсэн мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбогдсон мэдээлэл зэргийг шалгасан баримт байхгүй байна.

Учир нь зохигчдын хооронд зээлийн болон барьцааны гэрээ нь 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан байх бөгөөд хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтсээс ирсэн баримтаар барьцааны зүйл болох Ү-2201029706 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян Уулын 11 дүгээр гудамж, 8а тоот хаягт байрлах, 84 м.кв талбайтай, хувийн сууц, Ү-2201015707 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян Уулын 11 дүгээр гудамж, 8а тоот хаягт байрлах, 204 м.кв талбайтай, газар нь “ЕД” ХЗХ-ны зээлийн барьцаанд бүртгэлтэй  байжээ.

Нэхэмжлэгчийн зээл аваагүй, “ЕД” ХЗХ-нд шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийн хугацааг хойшлуулсан бөгөөд “ЕД” ХЗХ, “ЕШИ ББСБ” ХХК нь нэг эзэнтэй, зээлийн эдийн засагч гээд нэг л хүмүүс ажиллаж байсан. Надад зээл авах хэрэгцээ байгаагүй гэх тайлбарыг хариуцагч тал няцааж чадаагүй гэж үзлээ. 

Хариуцагч нь зээлийн хувийн хэргийг бүрэн хөтлөөгүй, зээлийн данс нээж, зээлийн гүйлгээ хийгээгүй байгаа нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг зөрчсөн гэж үзэх тул зохигчдын хооронд 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.

Н.Б, “ЕШИ ББСБ” ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн  ЗГ060017001 тоот барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж зааснаар мөн өдрийн зээлийн гэрээтэй салшгүй холбоотой бөгөөд зээлийн гэрээ нь  хууль зөрчсөн хэлцэл тул анхнаасаа хүчин төгөлдөр бус бөгөөд түүнийг үндэслэн байгуулсан барьцааны гэрээ ч мөн хүчин төгөлдөр бус байна.

            Иймд Н.Б “ЕШИ ББСБ” ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн  ЗГ060017001 тоот зээлийн болон барьцааны гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар гэрээний дагуу зээлийн төлбөрт төлсөн мөнгийг буцаан шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч нь энэхүү гэрээний дагуу 8.300.000 төгрөгийг төлсөн гэж шаардаж, эхнэр болон өөрийнхөө дансны хуулгыг гаргаж өгсөн боловч түүний хариуцагчийн харилцах дансанд төлсөн төлбөр нь 8.300.000 төгрөг хүрэхгүй байх ба хариуцагчийн зээлийн эргэн төлөлтийн тооцооллоор 8.248.000 төгрөг төлсөн байх тул 8.248.000 төгрөгийг хариуцагч “ЕШИ ББСБ” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгож, үлдэх 52.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч “ЕШИ ББСБ” ХХК нь нэхэмжлэгч Н.Бтэй байгуулсан 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ060017001 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээл 14.197.314 төгрөг, зээлийн хүү 5.607.760 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 827.808 төгрөг, нийт 20.632.881 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээний дагуу Н.Бгийн өмчлөлийн Ү-2201029706 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян Уулын 11 дүгээр гудамж, 8а тоот хаягт байрлах, 84 м.кв талбайтай, хувийн сууц, Ү-2201015707 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян Уулын 11 дүгээр гудамж, 8а тоот хаягт байрлах, 204 м.кв талбайтай, газрыг  худалдан борлуулж хангуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэл гаргасан.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон тул хүчин төгөлдөр бус гэрээний үүрэг шаардаж, тухайн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй байх тул “ЕШИ ББСБ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385.750 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 372.414 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 384.868 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь заалтыг баримтлан Н.Б, “ЕШИ ББСБ” ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн  ЗГ060017001 тоот зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцон, “ЕШИ ББСБ” ХХК-аас 8.248.000 төгрөгийг гаргуулж Н.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 52.000 төгрөг гаргуулах хэсэг болон Н.Бтэй байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 20.632.882 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн хариуцагч “ЕШИ ББСБ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385.750 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 372.414 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 384.868 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ