Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2022/02784

 

 

 

 

 

2022 06 15 101/ШШ2022/02784

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.У-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: БНСУ дахь Х н х ү т-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 27,355,201 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарт: ... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/ дугаар шийдвэрээр БНСУ дахь Х н х ү т-д орлого шимтгэл, дотоод асуудал хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоосон боловч өнөөдрийг хүртэл ажилдаа орж чадаагүй. Энэ хугацаанд Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөлд хэд хэдэн удаа хандсан, бүгд Ж.У-г ажилд нь томил гэсэн боловч санаатайгаар намайг томилохгүй байгаа. 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр аж ахуй хариуцсан няраваар томилсон тушаалыг надад цахим шуудангаар ирүүлсэн хэдий ч Төрийн нарийн бичгийн даргын тушаал гарч баталгаажуулаагүйгээс визэнд ороогүй. 2021 оны 10 дугаар сард Төрийн нарийн бичгийн дарга ийм тушаал гарсныг мэдээгүй, хэрэв тушаалыг явуулсан байсан бол би баталгаажуулах байсан гэж хэлсэн. Авлигатай тэмцэх газрын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн  дугаар албан бичгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хүргүүлсэн байсан, 2021 оны 12 дугаар сарын сүүлээр орон тоо чинь байхгүй, нярваар очвол оч гэхэд би зөвшөөрсөн. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Д.Б дарга аж ахуйн няраваар томилсон тушаалыг миний цахим шуудангаар явуулсан, маргааш нь Төрийн нарийн бичгийн дарга дуудаад эвлэрлийн гэрээ хийх юм бол тушаалыг чинь одоо шууд баталгаажуулъя гэхээр нь би зөвшөөрч эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан. Би 2022 оны 03 дугаар сард Солонгос улсын элчин сайдын яаманд материалаа өгөхөд танай Д.Б даргатай зөвшилцсөн, танай төвд зөвхөн 21 хүний лимит байгаа, уг лимит бүрэн учраас та одоо материалаа өгсөн ч виз гарахгүй, нярвын орон тоон дээр 3 хүний визийг яагаад ингэж өгч байгааг ойлгохгүй байна, тийм учраас ямар нэгэн орон тоо гарсан тохиолдолд материалаа авчирч өг гээд миний материалыг буцаасан. 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр арваад хүн халагдаж байгаа гэж сонсоод 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Солонгос улсын элчин сайдын яаманд материалаа өгсөн. Визний хариу гарахгүй 21 хоносон учир асуухад танай Д.Б дарга Ж.У-г Солонгос улс дахь Н х ү т-д ажиллуулах албан тушаал байхгүй гэсэн албан мэйл явуулсан учраас бид визийг чинь гаргах боломжгүй гэсэн. Миний паспорт одоо болтол Солонгос улсын элчин сайдын яаманд байгаа. Өмнөх долоо хоногт Төрийн нарийн бичгийн дарга намайг дуудаж уулзаад танай дарга чамайг авахгүй гээд байна, тийм учраас чи яамандаа орчих, бүтэц орон тоо батлагдаж байгаа, эхний ээлжинд яамандаа авъя, жилийн дараа буцаагаад Солонгос улс дахь Х, н х-н ү-ний төв рүү явуулж өгье гэж амалсан, өчигдөр над руу яриад яаралтай ирж тушаалаа гаргуул, нийгмийн даатгалын дэвтрээ хурдан авчирч өг гэсэн. Өнөөдөр яаман дээр очоод яагаад ингэж байгааг тодруулж асуухад чамаас болоод бусад хүмүүсийн виз гарахгүй байгаа учраас чамайг яамны орон тоон дээр хурдан авах гэж байна, Солонгос улсын элчин сайдын яам руу ажилд авсан гэсэн бичиг өгөх гэж байгаа гэсэн. Миний эрхийг маш их зөрчөөд, надаар маш их тоглоод байгаа нь ашиг сонирхлын зөрчил гэж үзэж байна. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цалин хөлс болох 27,355,201 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв. 

  

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарт: ... Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг манай байгууллага бүрэн биелүүлсэн. 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн  дугаар тушаалаар ажилд томилж, тухайн үед нэхэмжилж байсан мөнгийг олгосон. Сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр албан тушаалд дахин томилсон, мөн Төрийн нарийн бичгийн даргын тушаал байгаа, визэнд ороход дэмжлэг үзүүлэх тухай албан бичгийг Гадаад харилцааны сайд, консулын даргад яамнаас явуулсан. Манай төвөөс эсхүл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас шалтгаалсан ямар нэгэн зүйл байгаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Солонгос улсын элчин сайдын яаманд мэйл ирсэн, тайлбар өгсөн гэж дурдсан байгаа боловч түүнтэй холбоотой ямар ч баримт байгаагүй, байхгүй зүйлийн талаар ярьж байна. Солонгос улсын элчин сайдын яамны монгол иргэний виз гаргах асуудал нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон манай төвд ямар ч хамааралгүй. Төсвийн тухай хууль, Төсвийн хэмнэлтийн тухай хууль батлагдсан, манай байгууллагын төсөв мөнгөний асуудал маш хүнд байгаа, бүх зардлаа аль болох хэмнээд явж байгаа. Манай төвд томилогдож ирсэн ажилтнуудыг ажилд ирсэн эхний өдрөөс нь хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, тушаал гаргаж, цалин олгохыг холбогдох албан тушаалтанд даалгадаг. Огт ирж ажиллаагүй хүнд цалин мөнгө олгох боломж байхгүй гэж үзэж байна гэв.

 

3.Хэргийн нотлох баримт:

 

а.Нэхэмжлэгчийн нотлох баримт: Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаал 2016.03.14 , 2016.07.08 , Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын тушаал 2016.07.08 , үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, БНСУ дахь Х н х ү тийн дүрэм, бүтэц, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2018.05.15 №128/ШШ2018/0292, шүүгчийн захирамж 2018.07.02 №128/ШЗ2018/4244, гүйцэтгэх хуудас 2018.07.02 №160, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаа тогтоосон мэдэгдэл 2018.07.02 №75, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баримтууд (шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн тогтоол 2018.08.03 №18300836, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн мэдэгдлүүд 2018.09.04 №2/14551, 2018.09.19 №2/15670, 2018.10.23 №2/14488, 2018.11.30 №04/4887, 2018.12.18 №1401, 2019.01.29 №2/3349, 2019.05.09 №2/11409, 2019.12.02 №2/27565, хариуцагчид хүргүүлсэн мэдэгдлүүд 2019.05.09 №2/11410, 2019.08.05 №3/433, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны албан бичиг 2019.02.12 №3/433, 2019.12.12 №3/3959), Төрийн албаны зөвлөлийн албан бичиг 2016.07.07 №, 2018.12.18 №, 2019.08.05 №06/, 2021.10.04 №01/, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан бичиг 2019.11.28 №, Авлигатай тэмцэх газрын албан бичиг 2021.12.13 №, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын албан бичиг 2021.11.02 №, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны албан бичиг 2019.02.12 №, 2020.02.06 №, БНСУ дахь Х н х ү тийн даргын тушаал 2020.03.13 №Б/05, хөдөлмөрийн гэрээ, албан бичиг 2020.03.13 №1/26.

 

б.Хариуцагчийн нотлох баримт: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаал 2022.01.07 №Б/05, БНСУ дахь Х н х ү тийн даргын тушаал 2020.03.13 №Б/05, хөдөлмөрийн гэрээ, 2022.01.06 №Б/01, хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны албан бичиг 2022.01.10 №03/05, 2022.01.11 №01/13, 2022.01.20 №01/27.

 

Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 27,355,201 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2 удаа ажилд томилох шийдвэр гаргасан, виз гараагүй асуудал түүнээс шалтгаалаагүй, ажил үүргээ гүйцэтгээгүй учир цалин хөлс олгох үндэслэлгүй гэж маргаж байна.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт Гадаад улсын нутаг дэвсгэр дээр байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдтэй холбоотой нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл хариуцагчийн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргаж болно гэж зааснаар тус шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч харьяалан шийдвэрлэв.

 

5.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар дор дурдсан үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

а.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/0 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Х н х ү тд нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10,114,369 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байх ба тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч нь анх ажилд томилсон талаарх баримтууд, ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, БНСУ д Х н х ү т-ийн бүтэц, дүрэм зэрэг баримтыг нэхэмжлэлд хавсаргасан байх ба шүүхийн шийдвэрт тус үйл баримтын талаар дүгнэсэн байна.

 

б.Дээрх шийдвэрийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2018/ дүгээр захирамжаар албадан гүйцэтгэхээр шийдвэрлэж, 160 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэн, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэл тогтоосон мэдэгдэл хариуцагчид хүргүүлжээ.

 

в.Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн 2018 оны 09 дүгээр сарын 04, 19-ний өдөр, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус тус Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчид шүүхийн шийдвэр биелүүлэх талаар мэдэгджээ.

 

г.Түүнчлэн нэхэмжлэгчийн өргөдлийг үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчид тус тус, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, Авлигатай тэмцэх газраас 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус тус Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд шүүхийн шийдвэр биелүүлэх талаар мэдэгдсэн баримтууд хэрэгт авагдсан.

 

д.Хариуцагч байгууллагын даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/05 дугаар, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 дүгээр тушаалуудаар нэхэмжлэгчийг аж ахуй хариуцсан няравын албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамын Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг аж ахуй хариуцсан няравын албан тушаалд томилох талаар тус тус тусгагджээ.

 

6.Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

7.Харин нэхэмжлэгч нь дээр дурдсан тушаал шийдвэр гарсан хэдий ч Бүгд Найрамдах Солонгос Улсад зорчих виз олгогдоогүй, ажилд ороогүй гэж тайлбарласан ба хариуцагч виз олгох асуудал манай байгууллагад хамааралгүй гэж маргасан.

 

8.Талуудын тайлбарыг хэргийн баримттай харьцуулан үзэхэд хариуцагч байгууллагаас 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийг аж ахуй хариуцсан няравын албан тушаалд томилох тухай тушаал гаргаснаар шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь, тухайн тушаал гарахад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаал гарч баталгаажуулаагүй гэх нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүйн дээр гадаад улсад буюу Бүгд Найрамдах Солонгос Улсад байрлаж үйл ажиллагаа явуулж буй хариуцагч байгууллагын хувьд албан хаагч ажил үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах виз авах талаар ямар арга хэмжээг хэрхэн авсан нь тодорхой бус, тухайн тушаалын дагуу нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгээгүй нь нэхэмжлэгчээс шалтгаалсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 дүгээр тушаалын хувьд, нэхэмжлэлд дурдсан ажилгүй байсан хугацаанд хамаараагүй байна.

 

9.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан боловч хариуцагч уг үүргийг зохих ёсоор хэрэгжүүлээгүй байна.

 

10.Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор төлөхийг хариуцагчаас шаардсан нь үндэстэй.

 

а.Нэхэмжлэлд шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацааны буюу 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 27,355,201 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

б.Талуудын маргаанд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам үйлчлэх ба уг журмын 7.а-д зааснаар буруу халсан үеийн олговрыг ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно.

 

в.Нэхэмжлэгч нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 208, 2018 оны 264, 2019 оны 475 дугаар тогтоолуудыг үндэслэн цалин хөлсийг тооцсон байх ба ажлаас буруу халсан үеийн олговрыг Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар ажлаас халагдахын өмнө авсан цалин хөлсний дунджаар тодорхойлно.

 

г.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт тус журмыг баримтлан сарын дундаж цалинг 547,759 төгрөг, нэг өдрийн дундаж цалинг 25,477 төгрөгөөр тогтоосон байх тул энэ тооцоогоор 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 41 сарын хугацаагаар, ингэхдээ 3 өдрийн зөрүүг хасч тооцон буруу халсан үеийн олговорт нийт 22,381,688 төгрөг (547,759*41-25,477*3) тооцох үндэстэй.

 

11.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар бүрийн шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул энэ үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

12.Дээрх үндэслэлээр хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 22,381,688 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

 

13.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 294,726 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, хариуцагчаас 269,858 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч БНСУ дахь Х н х ү төөс 22,381,688 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,973,513 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.У-н нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл шимтгэл төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч БНСУ дахь Х н х ү тд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч БНСУ дахь Х н х ү төөс улсын тэмдэгтийн хураамжид 269,858 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294,726 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Ж.У-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 119.4 дэх хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА