Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01591

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01591

 

Ж.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2022/02784 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.У, хариуцагч Бүгд Найрамдах Солонгос улс дахь Х,НХҮТ-д холбогдох,

нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 27,355,201 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.У-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А- цахимаар, хариуцагчийн өмгөөлөгч Т.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0292 дугаар шийдвэрээр Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Х,НХҮТ-д орлого шимтгэл, дотоод асуудал хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоосон боловч өнөөдрийг хүртэл ажилдаа орж чадаагүй. Энэ хугацаанд Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөлд хэд хэдэн удаа хандсан, бүгд Ж.У-ыг ажилд нь томил гэсэн боловч санаатайгаар намайг томилохгүй байгаа. Аж ахуй хариуцсан нярваар томилсон 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тушаалыг надад цахим шуудангаар ирүүлсэн хэдий ч Төрийн нарийн бичгийн даргын тушаал гарч баталгаажуулаагүйгээс визэнд ороогүй. Авлигатай тэмцэх газрын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 0213519 дугаар албан бичгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хүргүүлсэн байсан, 2021 оны 12 дугаар сарын сүүлээр орон тоо чинь байхгүй, нярваар очвол оч гэхэд би зөвшөөрсөн. Д.Баярмандах дарга 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр аж ахуйн нярваар томилсон тушаалыг миний цахим шуудангаар явуулсан, маргааш нь Төрийн нарийн бичгийн дарга дуудаад эвлэрлийн гэрээ хийх юм бол тушаалыг чинь одоо шууд баталгаажуулъя гэхээр нь би зөвшөөрч эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан. 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр арваад хүн халагдаж байгаа гэж сонсоод 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Солонгос улсын элчин сайдын яаманд материалаа өгсөн боловч визний хариу гараагүй. Миний паспорт одоо болтол Солонгос улсын элчин сайдын яаманд байгаа. Миний эрхийг маш их зөрчиж байгаа нь ашиг сонирхлын зөрчил гэж үзэж байна. Иймд, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цалин хөлс болох 27,355,201 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг манай байгууллага бүрэн биелүүлсэн. 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар ажилд томилж, тухайн үед нэхэмжилж байсан мөнгийг олгосон. Сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр албан тушаалд дахин томилсон, мөн Төрийн нарийн бичгийн даргын тушаал байгаа, визэнд ороход дэмжлэг үзүүлэх тухай албан бичгийг Гадаад харилцааны сайд, консулын даргад яамнаас явуулсан. Манай төвөөс эсхүл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас шалтгаалсан ямар нэгэн зүйл байгаагүй. Солонгос улсын элчин сайдын яамны монгол иргэний виз гаргах асуудал нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон манай төвд ямар ч хамааралгүй. Манай төвд томилогдож ирсэн ажилтнуудыг ажилд ирсэн эхний өдрөөс нь хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, тушаал гаргаж, цалин олгохыг холбогдох албан тушаалтанд даалгадаг. Огт ирж ажиллаагүй хүнд цалин мөнгө олгох боломж байхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Х,НХҮТ-өөс 22,381,688 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.У-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,973,513 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.У-ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл шимтгэл төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Х,НХҮТ-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Х,НХҮТ-өөс улсын тэмдэгтийн хураамжид 269,858 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294,726 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Ж.У-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдод гаргаж байна. Учир нь Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгаалал үйлчилгээний төв-ийн зохион байгуулалтын бүтэц, дүрэм батлах тухай А/238 дугаар тушаалын 2 дахь хэсэгт Батлагдсан орон тооны хязгаарт багтаан ажилтнуудыг томилох, цалин болон нэмэгдлийг зохих журмын дагуу тогтоох, байгууллагын дотоод журам, ажилтны ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж ажиллахыг БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгаалал үйлчилгээний төвийн даргад үүрэг болгосугай гэж заасны дагуу ажилтныг томилох нь зөвхөн төвийн даргын эрх бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга нэмж тушаал гаргаж баталгаажуулах шаардлагагүй юм. Иймд өмнөх шүүхийн шийдвэр биелсэн гэж үзэж байна. Мөн Ж.У-ыг ажилд томилсон Б/05 тоот тушаал болон хөдөлмөрийн гэрээг өөрийнх нь цахим хаягаар 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр илгээсэн байдаг. Ажилд томилсон тушаал дээр үндэслэн Гадаад хэргийн яамнаас БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам руу нот бичиг явуулдаг тул манай байгууллагын зүгээс хийх өөр шаардлагатай арга хэмжээ байхгүй болно. БНСУ-д оршин суух, виз мэдүүлэхтэй холбоотой журам нь Солонгос улсын холбогдох хууль, журмаар шийдэгддэг ба манай байгууллага үүнд хөндлөнгөөс оролцох боломжгүй юм. Ж.У-ыг БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгаалал үйлчилгээний төвийн даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/05 тоот тушаалаар ажилд томилж, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ж.У-ын ажилгүй байх хугацааны цалин 10 114 369 төгрөг /үүнээс байрны барьцааны авлага 3,375,000 төгрөгийг суутгасан/ улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлснээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр бүрэн биелсэн гэж үзэж байна. Ж.У-ын БНСУ-д ажиллах виз нь өнөөг хүртэл гараагүй байгаа нь хариуцагчаас шалтгаалсан гэх үндэслэл алга байна гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга: Уг нэхэмжлэлийг миний бие 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсанаас хойшхи цалинг нэхэмжилсэн. Тухайн өдрөөс хойш удаа дараа н.Баярмандах даргатай бөгөөд төрийн нарийн бичигтэй утсаар ярьж байсан бөгөөд тушаалыг гаргахгүй байсаар байгаад 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр аж ахуйн нярав албан тушаалаар томилсон. Учир нь Авлигатай тэмцэх газар материалаа өгч, тушаал гарсаны дараа эвлэрлийн гэрээ байгуулъя. Эвлэрлийн гэрээ байгуулсан тохиолдолд тушаалыг нь яаралтай гаргаж өгнө гэж албан хүчээр шахаж, байгаа орон тоо нь аж ахуйн нярав байна. 2018 оны шүүхийн шийдвэрийн 10 гаруй сая төгрөгийг авсан. Гэвч Төсвийн тухай хуулийг зөрчин байж, олгох ёсгүй мөнгийг олгосон. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх албагүй бөгөөд тушаал гаргаж өгсөн гэж хэлсэн тул Авлигатай тэмцэх газар өгсөн. Төрийн нарийн бичгийн тушаал хэрэггүй гэж хэлсэн атлаа 2022 оны 01 дүгээр сарын 07-нд Б/05 тушаалаар Ж.У-аг албан тушаалд томилох тухай гэх албан бичиг гаргасан. Бүгд найрамдах Солонгос улсын элчинд нөлөөлөөгүй бөгөөд тухайн үед процесс нь 21 хүний орон тоотой материалаа аваачиж өгөхөд танай дарга ямар үндэслэлээр уг албан тушаалд 3 дахь хүн нь ирж байна. Ноот бичиг дутуу тул материалаа авч яваад орон тоо гарангуут ирээрэй гэж хэлсэн. Ноот бичгээ гадаад хэргийн яаманд өгөхөд танайх квот нь дууссан тул гаргах боломжгүй гэж байгаад 2020 оны 3 дугаар сарын сүүлээр миний ноот бичиг гарсан. Ноот бичиг гарсаны дараа 2020 оны 04 дүгээр сарын 03-өдөр материалаа өгөхөд 7 хоногийн дараа виз гарна гэж бүх орон сууцаа түрээслэж, автомашинаа зарж, гэр бүлээрээ буюу нөхөр 3 хүүхдийн хамтаар визэнд орсон байсан. Гэтэл виз гарахгүй удаж, онгоцны билетийг дахин дахин хойшлуулж байсан тул их хэмжээний зардал гарсан. н.Баярмандах дарга Бүгд найрамдах Солонгос ард улс руу албан бичиг ирүүлсэн бөгөөд Ж.У-д виз олгосон тохиолдолд ажиллах орон тоо байхгүй гэж мэдэгдсэн бөгөөд баталгаажуулахын тулд яам руу нь и-мейл явуулсан тул хүлээгдэж байна гэж хэлсэн. 2020 оны 04 дүгээр сарын 01-нд орон тоо байхгүй гэж 10 гаруй хүн халагдсан. Гэвч намайг орон тоо гараагүй гэж аваагүй атлаа Бүгд найрамдах Солонгос улсын элчинд хүмүүс орж явсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

3. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 27,355,201 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийг 2 удаа ажилд томилох шийдвэр гаргасан, виз гараагүй нь ажил олгогчоос шалтгаалаагүй, ажил үүргээ гүйцэтгээгүй учир цалин хөлс олгох үндэслэлгүй гэж эс зөвшөөрч маргажээ.

4.а. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/0292 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Х,НХҮТ-д нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10,114,369 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ./хх29-33/

4.б. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2018/4244 дүгээр захирамжийн дагуу 160 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэн, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2/14551 тоот мэдэгдэл, мөн сарын 19-ний өдрийн 2/15670 тоот мэдэгдэл, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2/14488 тоот мэдэгдэл, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 04/4887 тоот мэдэгдэл, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2/3349 тоот мэдэгдэл , 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2/3349 тоот мэдэгдэл, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2/11409 тоот мэдэгдлийг тус тус Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2/11410 тоот мэдэгдэл, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 06/936 тоот мэдэгдлийг хариуцагчид шүүхийн шийдвэр гүйцэтгэх талаар мэдэгджээ. /хх34-55/

Мөн, нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар төрийн эрх бүхий байгууллагад гомдол гаргаж байсан болох нь Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1401 дүгээр Ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр биелүүлэх тухай албан бичиг, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ХЭГ/3319 дугаар албан бичиг, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4/1224 дүгээр албан бичиг, Авлигатай тэмцэх газрын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02/13519 дүгээр Хуулийн хэрэгжилт хангуулах тухай албан бичгээр тус тус тогтоогдож байна. /хх 52-54, 65,73-76, 80-82/

4.в. Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Х,НХҮТ--ийн даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Ж.У-ыг аж ахуйн ажил хариуцсан нярвын албан тушаалд томилсон, мөн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг аж ахуй хариуцсан нярвын албан тушаалд дахин томилж, уг тушаалыг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/05 дугаар Ж.У-ыг албан тушаалд томилох тухай тушаалаар Ж.У-ыг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Х,НХҮТ-ийн аж ахуй хариуцсан нярвын албан тушаалд томилжээ. /хх60, 127/

Хариуцагч нь Ж.У-ыг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Ж.У-ыг аж ахуйн ажил хариуцсан нярвын албан тушаалд томилж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж маргасан атлаа 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг дахин нярвын албан тушаалд томилсон үйл баримтаас үзэхэд өмнө нь томилсон тушаалыг хүчингүй болгосон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, нэг албан тушаалд ажилтныг томилсон байгууллагын даргын хоёр тушаал хүчинтэй байх боломжгүй тул хариуцагч байгууллагын даргын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 дүгээр тушаал гарснаар 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тушаал хүчингүй болох хууль зүйн үр дагавартай.

Нэхэмжлэгч Ж.У-ыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/0292 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Х,НХҮТ--д нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор шийдвэрлэсэн байх ба хариуцагч нь нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд томилоогүй боловч нэхэмжлэгч нь нярвын албан тушаалыг зөвшөөрч энэ асуудлаар шүүхэд гомдол гаргаж, маргаан үүсгээгүй тул шүүхийн шийдвэрийг хариуцагч нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр биелүүлсэн гэж үзэв.

5.а. Нэхэмжлэгч Ж.У-ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Х,НХҮТ--ийн даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/05 дугаар тушаалд дурдсан 674,306 төгрөгөөр тооцон 27,355,201 төгрөг гаргуулахаар шаардсан ба анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/0292 дугаар шийдвэрт дурдсан дүнгээр буюу нэг сарын олговрыг 547,759 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байна.

5.б. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/0292 дугаар шийдвэр гарсан өдрөөс нэхэмжлэл гаргасан 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 41 сараас 3 хоногийг хасч тооцон, нийт 22,381,688 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтад нийцсэн байна.

5.в. Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.У-ын ажилгүй байсан хугацаа /2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл/-ны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар бүрийн шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн эрх зүйн дүгнэлт зөв болжээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2022/02784 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

С.ЭНХБАЯР