Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2022/02200

 

 

 

 

 

2022 оны ... сарын ... өдөр Дугаар 102/ШШ2022/0.....  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ....,

Хариуцагч: .....

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 36,926,592 /гучин зургаан сая есөн зуун хорин зургаан мянга таван зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б....,

Хариуцагч Б.А..,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч ...ХХК-ийн захирал О.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа:

Б.А.. нь тус компаниас 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн .... дугаартай зээлийн гэрээ болон Фидуцийн гэрээгээр 79-65 УБЕ улсын дугаартай .... маркын 2017 онд үйлдвэрлэгдсэн 2019 онд Монгол улсад орж ирсэн, цагаан өнгийн тээврийн хэрэгслийг барьцаалж, компанийн өмчлөлд шилжүүлэн 26,000,000 төгрөгийг сарын 3,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээл авснаас хойш 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 4,326,400 төгрөг төлсөн. Уг төлбөрийг зээлийн хүүнд тооцсон, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 1,014,000 төгрөг төлснийг мөн хүүнд тооцсон. 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 10,298,400 төгрөг төлснөөс үндсэн зээлд 4,214,400 төгрөг, хүүнд 6,084,000 төгрөг тооцсон. Энэ хооронд алданги тооцоогүй. 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 150 хоногт төлвөл зохих хүү 4,248,192 төгрөг, алдангийг 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл тооцоход 12,989,027 төгрөг болсон. Иймд үндсэн зээл 21,785,600 төгрөг, зээлийн хүүнд 4,248,192 төгрөг, алданги Иргэний хуулийн 232.4-т нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 10,892,800 төгрөг, нийт 36,926,592 төгрөгийг Б.А..ас гаргуулж өгнө үү...гэв.

2.Хариуцагч Б.А.. шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие нэхэмжлэгчээс зээл авсан нь үнэн ба энэ Ковид-19 цар тахлын хүнд бэрх, амаргүй цаг үед зээл, зээлийн хүүгийн төлбөрийг чадлынхаа хэрээр төлж явсан ба сүүлд гэрээ шинэчилснээс хойш төлье гээд ч орлого мөнгөгүй болсон ба төлбөрийн чадвараа бараг бүрэн алдсан. Гэвч миний бие удаа дараа шилжүүлсэн мөнгөн дүнгийн нийлбэр 15,638,800 төгрөг болсон байсанг минь харгалзан үзээд алданги болох төлбөрийг зогсоож өгөөч гэж удаа дараа уулзаж, утсаар ярьсан боловч алданги явсаар үндсэн зээлийн 50 хувьд хүрсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд би алдангид тооцсон төлбөрийг төлөх чадамжгүй байгаагаа дурдаад, Ковид-19-ийн нөхцөл байдал хүнд байгаа, бас байсныг харгалзан үзээд алдангийн төлбөрийг тэгэлж өгнө үү хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна. Миний хувьд Ковидоос болоод хил гааль гацаж бараагаа авч чадахгүй болсон. Нэхэмжлэгчтэй очиж уулзахад үндсэн зээл болон хүүгээ төлчих гэж байснаа гэнэт шүүхэд өгсөн байсан. Нэмэлт гэрээ байгуулах хүртлээ зээлийн гэрээнээс 15,638,800 төгрөг төлсөн байсан...гэв.

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: Зээлийн гэрээний хуулбар /хх-6-7/, Фидуцийн гэрээний хуулбар /хх-8/, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хх-9/, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах маягт /хх-10/, Зээлийн төлбөрийн хуваарь /хх-11/, Зээл, хүүгийн тооцоолол /хх-12/, Б.А..ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-14/, Зээлдэгчийн анкет эх хувь /хх-15/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй тайлбар татгалзлаа нотлохоор аливаа нотлох баримт гаргаагүй болно.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх Б.А..ас 36,926,592 төгрөг гаргуулахаар шаардсан ...ХХК-ийн нэхэмжлэлээс 26,038,857 төгрөгийг хангаж, үлдэх 10,887,735 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч шаардах эрхээ ...хариуцагчтай зээлийн гэрээг бичгээр байгуулан 26,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, хариуцагч гэрээний дагуу 15,638,800 төгрөгийг буцаан төлснөөс 4,214,400 төгрөгийг үндсэн зээлд, 11,424,400 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт тооцсон. Зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 21,785,600 төгрөг, зээлийн хүүг 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 150 хоногт тооцон 4,248,192 төгрөг, алдангийг Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн үндсэн зээлийн 50 хувь буюу 10,892,800 төгрөг, нийт 36,926,592 төгрөгийг шаардах эрхтэй гэж тодорхойлсон байна.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас алдангид шаардсан төлбөрийг эс зөвшөөрч ...Ковид-19 цар тахлын улмаас эргэн төлөлт хийхэд хүндрэлтэй байсан боловч гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж 15,638,800 төгрөгийн төлөлт хийсэн, цар тахлын улмаас алдангийг зогсоолгох хүсэлт гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрч байсан боловч гэнэт шүүхэд хандаж үндсэн зээлийн 50 хувьд тооцсоныг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр үгүйсгэж маргасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээлийн болон Фидуцийн гэрээ, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээл хүүгийн тооцоолол зэрэг баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1.Талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр .... дугаар Зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч ...ХХК нь зээлдэгч Б.А..д 26,000,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатай, сарын 3,9 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон зээлдүүлэгчид алданги төлөх болон бусад нөхцлөөр харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулан, талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулан, нотариатаар гэрчлүүлж, зээлийн мөнгийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн байна.

4.2.Гэрээний талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагчийн өмчлөлийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлэн Фидуцийн гэрээ байгуулжээ.

4.3.Улмаар 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан, зээлдэгчийн гаргасан хүсэлтийн дагуу зээл төлөлт хийгдэж байх хугацаанд Ковид-19 цар тахлаас үүдсэн нөхцөл байдлыг үндэслэн гэрээний хугацааг 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 12 сараар сунгахаар тохиролцсон ба энэ үед үндсэн зээлийн үлдэгдэл 26,000,000 төгрөг гэж тодорхойлсон байна.

5.Талуудын маргааны зүйл нь зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй эсэх, үндсэн зээл болон зээлийн хүүгийн тооцоолол үндэслэлтэй эсэх талаар тус тусын тайлбар гаргаж мэтгэлцсэн ба зохигчид зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний хугацаа сунгагдсан, хариуцагч гэрээний дагуу нийт 15,638,800 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар маргаагүй.

6.Маргаан бүхий зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт тус тус нийцсэн буюу хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна.

7.Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 26,000,000 төгрөг, зээлийн хүү 9,746,033 төгрөг, нийт 35,746,033 төгрөг төлөхөөс хариуцагч 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 4,326,400 төгрөг, 4 дүгээр сарын 01-ний өдөр 1,014,000 төгрөг, 9 дүгээр сарын 23-ны өдөр 10,298,400 төгрөг, нийт 15,638,800 төгрөг төлсөн ба биелэгдээгүй үүрэг 20,107,233 төгрөг байгааг нэхэмжлэгч ...ХХК нь Б.А..ас шаардах эрхтэй.

8.Гэрээний хугацаа 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр дууссан тул энэ хугацаанаас хойш нэхэмжлэгчийн шүүхэд хандсан 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх 59 хоногт Зээлийн гэрээний 2.1.6 дахь хэсэг болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүрэг 20,107,233 төгрөгийн 0,5 хувиар тооцвол хоногт 100,536 төгрөг, нийт 59 хоногийн алданги 5,931,624 төгрөгийг нэхэмжлэгч мөн шаардах эрхтэй байна.

9.Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.А..ас үндсэн зээлийн үлдэгдэл 20,107,233 төгрөг, алданги 5,931,624 төгрөг, нийт 26,038,857 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...ХХК-д олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэлээс 10,887,735 төгрөгийг илүү шаардсан гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10.Хариуцагч Б.А..ын зүгээс Ковид-19 цар тахлын улмаас Монгол улын хил хаагдсанаар бараа татах боломжгүй болсон, мөн нэхэмжлэгч тал алданги авахгүй гэж тохирсон боловч шүүхэд нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй гэх агуулга бүхий тайлбар гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан тайлбар татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байх тул түүний тайлбар үндэслэлгүй байна.

11.Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 342,585 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хангагдсан нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох тэмдэгтийн хураамжийн 288,144 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А..ас 26,038,857 /хорин зургаан сая гучин найман мянга найман зуун тавин долоон/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,887,735 /арван сая найман зуун наян долоон мянга долоон зуун гучин таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 342,585 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 288,144 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА