Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01494

 

 

 

 

 

 

 

 

2022 08 12 210/МА2022/01494

 

 

 

ИМН ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/02200 дугаар шийдвэртэй ИМН ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 36,926,592 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.А нь тус компаниас 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ болон Фидуцийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 00-00 УУУ улсын дугаартай Toyota C-HR маркын 2017 онд үйлдвэрлэгдсэн 2019 онд Монгол улсад орж ирсэн, цагаан өнгийн тээврийн хэрэгслийг барьцаалж, компанийн өмчлөлд шилжүүлэн 26,000,000 төгрөгийг сарын 3,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлсэн.

Зээлдэгч нь зээл авснаас хойш 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 4,326,400 төгрөг, мөн оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 1,014,000 төгрөгийг төлснийг зээлийн хүүд тус тус тооцсон. 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 10,298,400 төгрөг төлснөөс үндсэн зээлд 4,214,400 төгрөг, хүүд 6,084,000 төгрөг тооцсон. Энэ хооронд алданги тооцоогүй.

2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 150 хоногт төлвөл зохих хүү 4,248,192 төгрөг, алдангийг 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл тооцоход 12,989,027 төгрөг болсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 10,892,800 төгрөгөөр тооцсон.

Иймд үндсэн зээл 21,785,600 төгрөг, зээлийн хүүд 4,248,192 төгрөг, алданги 10,892,800 төгрөг, нийт 36,926,592 төгрөгийг Б.Аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие нэхэмжлэгчээс зээл авсан нь ба ковид-19 цар тахлын улмаас зээл, зээлийн хүүг боломжоороо төлж байгаад гэрээг шинэчилснээс хойш орлогогүй болж төлбөрийн чадвараа алдсан.

Миний шилжүүлсэн мөнгөн дүнгийн нийлбэр 15,638,800 төгрөг болсныг харгалзан үзэж алдангийг зогсоох хүсэлтийг удаа дараа гаргасан. Иймд алдангийг хасаж өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Аас 26,038,857 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ИМН ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,887,735 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 342,585 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 288,144 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 4,326,000 төгрөгийг хүүд тооцсон. Гэрээний хугацаа дуусах 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 150 хоног хугацаа хэтэрсэнд ноогдох хүү 4,248,192 төгрөг, алданги 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 64 хоног буюу 6,791,392 төгрөг зөрүү нь 1,039,769 төгрөг ба үндсэн зээлээс хасагдсан гэх 4,326,400 төгрөг, үндсэн зээл 1,785,600 төгрөг нийт 7,151,768 төгрөг болж байна. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ тооцооллын алдаа гаргасан тул өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбар: Нэхэмжлэгч тал хариуцагчаас алданги авахгүй гэж хэлсэн. Тухайн үед өөр банк бус сангүүгийн байгууллагад шилжүүлэх гэсэн боловч одоо тийм юм байхгүй, шүүхэд шилжүүлсэн гэж хэлсэн. Миний зүгээс өөр банк бус санхүүгийн байгууллагаас үлдсэн 26,000,000 төгрөгийн барьцаанд тавихаар тохиролцож, дагуулж очиход одоо шүүхэд өгсөн тул боломжгүй гэж хэлсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ИМН ХХК нь хариуцагч Б.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36,926,592 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч алдангид холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч ИМН ХХК нь 26,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,9 хувийн хүүтэй зээлэх, зээлдэгч Б.А нь зээл авсан өдрөөс эхлэн бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссанаас үл хамааран сар бүр гэрээнд заасан хувиар хүү төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 6-7/

 

3.а.Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр фидуцийн гэрээ байгуулж, үүрэг гүйцэтгэгч Б.Алтандуулгын өмчлөлийн 00-00 УУУ улсын дугаартай toyota C-HR маркийн автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгч ИМН ХХК-ийн өмчлөлд гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд шилжүүлж, гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, гэрээний үүрэг биелэгдээгүй тохиолдолд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон болох нь талуудын тайлбар болон хэргийн 8-9 дэх талд авагдсан баримтаар тогтоогдсон байна.

 

3.б. Зохигчдын хооронд 2017 оны 07 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж, хэн аль нь гарын үсэг зурснаар Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу хэлцлүүд хүчинтэй болсон гэж үзнэ.

 

3.в. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгогдсон ба анхан шатны шүүх мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

4. Зээлдэгч Б.А нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 4,326,400 төгрөг, мөн оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1,014,000 төгрөг, 9 дүгээр сарын 23-ны өдөр 10,298,400 төгрөг нийт 15,368,800 төгрөг төлсөн талаар талуудын хэн аль маргахгүй байна.

 

4.а.Зээлдэгч Б.А нь зээлийн гэрээгээр тохиролцсон зээл эргэн төлөх хуваарийг зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулаагүй нь 2.2.1-д заасан үүргээс гадна Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд зээлдүүлэгч ИМН ХХК нь зээлдэгч Б.Аас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

5.Харин анхан шатны шүүх хариуцагч Б.Аас 26,038,857 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ИМН ХХК-д олгож шийдвэрлэхдээ тооцооллын алдаа гаргасан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрт дараах байдлаар өөрчлөлт оруулав.

 

5.а.Талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэрээний хугацааг 12 сараар сунгасан нэмэлт өөрчлөлт оруулжээ. /хх8-11/

 

Хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 16 сарын хугацаатай зээл авсан байна. Уг зээлийн 1 сарын хүү 1,014,000 төгрөгийг зээлийн гэрээний нийт хугацаагаар тооцвол хариуцагч 16,224,000 төгрөгийн хүү төлөхөөр байна.

 

Иймд үндсэн зээлийн 26,000,000 төгрөг, зээлийн хүү 16,224,000 төгрөг нийт 42,224,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 15,638,800 төгрөгийг хасвал гүйцэтгээгүй үүрэг 26,585,200 төгрөг болно.

 

Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Аас 26,585,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ИМН ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагчаас алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Учир нь талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээгээр үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол фидуцийн зүйл болох автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн өмчлөлд шилжүүлж авах замаар өрийг төлүүлэхээр талууд тохиролцжээ.

 

6.а. Нэхэмжлэгч байгууллага нь зээл олгох бизнесийн үйл ажиллагаа эрхэлдээ Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр үүргийн зөрчлийг автомашинаар хангуулахаар өмчлөлдөө шилжүүлэн авсан нөхцөлд үүргийг шууд хангуулах боломжтой байсан. Гэтэл зээлийн гэрээний хугацаа дууссанаас 2 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, 59 хоногийн хугацаа хэтэрсэн гэж нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй. Уг үүргийн зөрчлийг фидуцийн зүйлээр хангуулах боломж нэхэмжлэгч компанид байсан байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/02200 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын ....26,038,857 гэснийг ...26,585,200 гэж, ...10,887,735 гэснийг ...10,341,390 гэж,

2 дахь заалтын ...288,144 гэснийг ...290,876 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ИМН ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 129,378 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ