Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/02419

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны ... сарын ... өдөр Дугаар 102/ШШ2022/0...  Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ....

Хариуцагч: ....

Хариуцагч: ...

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 45,000,000 /дөчин таван сая/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М....,

Хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Батзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Э.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Р...., О.... нар нь Баянзүрх дүүргийн 1... дугаар хорооны ахмадын өргөөний барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний ажлыг хийж дуусгахад 40,000,000 төгрөг зээлдүүлээч гэж хүссэний дагуу тэдэнд 40,000,000 төгрөгийг зээлдүүлэн, зээлийн болон барьцааны гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр гэрээгээр тохиролцож, зээлдэгчийн өгсөн дансанд зээлийн мөнгийг шилжүүлсэн. Зээлийн барьцааны гэрээ байгуулж, 046 дугаартай Налайх дүүрэг, .... талбайтай зуслангийн зориулалттай газрыг барьцаалсан. Зээлдэгч нарын хүсэлтийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 10 сараар сунгасан. Зээлдэгч нар 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр үндсэн зээлээс 20,000,000 төгрөг, зээлийн хүүнд 2,000,000 төгрөг төлснөөс хойш өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй бөгөөд 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдөр тооцоо нийлж, дүнг баталгаажуулснаар үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүүнд 17,000,000 төгрөг төлөх тооцоо гарсан. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 15,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл хариуцагч нар тайлбар гаргаагүй. 2021 онд тооцоо нийлсэн актаар 40,000,000 төгрөг зээлсэн талаар дүгнэсэн. Зээлдэгч нар төлбөр төлөх талаар хүсэл зоригоо бичгээр илэрхийлж, төлбөр барагдуулах гэрээг хийсэн. Хариуцагч нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчид учраас Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 242.3 дахь хэсгүүдэд зааснаар тэдний дундаас нэхэмжлэлийн үнийг шаардаж байгаа. Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэдэгтэй маргахгүй ч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

2.Хариуцагч Р...., О.... нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт болон тэдний өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Э.... нь 40,000,000 төгрөгийг зээлсэн гэдэг ч бодит байдал дээр энэхүү мөнгийг бүхэлд нь бүрэн шилжүүлээгүй. Бидэнд 40,000,000 төгрөгийн л хэрэгцээ шаардлага байсан бөгөөд энэ хэмжээнд л зээл авах зорилготой байсан боловч энэхүү зорилгоо хэрэгжүүлж чадаагүй. Зээлдүүлэгч энэ мөнгийг бүрэн шилжүүлээгүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй байгаа бөгөөд талууд харилцан тохиролцсон үр дүндээ хүрч чадаагүй гэж үзэж байна. Барьцааны гэрээний тухайд улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул хүчингүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Энэхүү нэхэмжлэл нь Э....ийн гаргасан нэхэмжлэл учир Э....тэй байгуулсан гэрээний харилцаа энд хамааралгүй юм. Талуудын байгуулсан Зээлийн гэрээний 1.2-т талууд гэрээний үүргээ шударгаар, бодитоор, зохих ёсоор биелүүлнэ гэж тусгасан. Зээлдүүлэгч нь гэрээгээр тохирсон 40,000,000 төгрөгийг бүрэн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй учир Зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл байхгүй. Хэрэгт нотлох баримтаар авагдсан банкны дансны хуулга болон гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгчээс 36,600,000 төгрөгийг хариуцагч нарт олгосон болох нь нотлогдож байгаа. Харин зөрүү 3,400,000 төгрөгийг шилжүүлсэн гэдгээ нэхэмжлэгч нотолж чадаагүй. Хэдий гэрч энэ мөнгийг өгсөн гэж тайлбарладаг боловч түүний мэдүүлэг баримтаар давхар нотлогдоогүй. Иймд хариуцагч нарын зүгээс нийт 16,600,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж төлнө гэдэг байр суурьтай байгаа. Ингээд зээлийн гэрээний дагуу бодитоор шилжүүлэн авсан 36,600,000 төгрөг, зээлийн хүү сарын 5 хувиар тооцвол сард 1,830,000 төгрөгийг 2 сарын хугацаагаар тооцвол зохино. Ингээд үндсэн зээлээс 16,600,000 төгрөг, хүүгийн 1,660,000 төгрөг төлөгдөөгүй байгаа. Зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзвэл 16,600,000 төгрөгөөс тооцоход сарын 830,000 төгрөгийн хүү, үүнийг 10 сарын хугацаагаар тооцвол 8,300,000 төгрөг болж байна. Барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлага хангаагүй буюу хууль зөрчсөн учир хүчин төгөлдөр бус хэлцэл болох тул хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шаардах эрх үүсэхгүй...гэв.

3.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлохоор: Зээлийн гэрээ /хх-7/, Барьцааны гэрээ /хх-8/, Горхи-тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах эрхийн гэрчилгээ №046 /хх-9/, Зээлийн гэрээний сунгалт, нэмэлт, өөрчлөлт гэрээ /хх-10/, Тооцоо нийлсэн акт /хх-11/, зээлдэгч Р....ын зээлдүүлэгч Э....д бичгээр гаргасан хүсэлт /хх-57/, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Э...., Р.... нарын байгуулсан Зээлийн гэрээ /хх-89/, ... ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх-92/, Р....ас Э....д гаргасан хүсэлт /хх-94/, Р...., Э.... нарын байгуулсан 2020 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн №... тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулах, төлбөр барагдуулах гэрээ /хх-95/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

4.Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ нотлохоор: ... овогтой ...ийн Хаан банк ХХК дахь ... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-61/-ыг баримтаар гаргасан байна.

5.Хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн .... дугаар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх талаарх лавлагаа гаргуулах, Э....ийг гэрчээр асуухаар шийдвэрлэж /хх-64/, гэрчийг асууж тэмдэглэл үйлдсэн /хх-83-85/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагааг ирүүлсэн /хх-74/ байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх Э....ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: Хариуцагч нартай хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 36,600,000 төгрөгийг дансаар, 3,400,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн, хариуцагч нар гэрээний дагуу нийт 22,000,000 төгрөг төлснөөс 2,000,000 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт тооцож, 20,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хассан. 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд хүү тооцсон гэж тодорхойлон, үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 15,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаарджээ.

3.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: гэрээний дагуу 40,000,000 төгрөг өгөх үүргээ нэхэмжлэгч бүрэн биелүүлээгүй, 36,600,000 төгрөгийг хүлээн авсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан шаардлага хангаагүй учир зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохгүй. 22,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн. Барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, тиймээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй. Хэрэв зээлийн гэрээ байгуулагдсан гэж тооцсон тохиолдолд бодитоор өгсөн 36,600,000 төгрөгийн хүрээнд тооцоолох ёстой гэж тайлбарлан маргаж байна.

4.Хэрэгт нотлох баримтаар цугларсан Зээлийн болон Барьцааны гэрээ, барьцаалсан газрын гэрчилгээ, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ, тооцоо нийлсэн акт, Р....ын зээлдүүлэгчид гаргасан өргөдөл, зээлийн мөнгийг хүлээн авсан Т....ийн Хаан банк ХХК дахь дансны хуулга, зээлийн мөнгийг зээлдэгч нарт шилжүүлсэн Э....ийн гэрчийн мэдүүлэг зэрэг баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.Э.... нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Р...., О.... нартай Зээлийн гэрээ байгуулж, тэдэнд 40,000,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр болж, зээлийн хүүг сар бүрийн 21-ний өдөр төлж, үндсэн зээлийг хугацааны эцэст бүхлээр нь төлөх, зээлдэгч нар зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар тооцож алданги төлөх үүрэг хүлээсэн байна.

4.2.Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд Үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулан, О...., Р.... нарын өмчлөлийн гэх Налайх дүүргийн ..... м.кв зуслангийн газрыг 45,000,000 төгрөгөөр үнэлэн, нотариатаар гэрчлүүлжээ.

4.3.Зээлдүүлэгч Э.... нь зээлдэгч Р...., О.... нарт Зээлийн гэрээ байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өөрийн төрсөн дүү Э....ийн ...тоот данснаас 3 удаагийн гүйлгээгээр 36,600,000 төгрөгийг хариуцагч нарын хүү Т....ийн ... тоот данс руу шилжүүлсэн байна.

4.4.Зээлийн гэрээний хугацаа дуусах 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр талууд харилцан тохиролцсоноор .... тоот 2019 оны 10 сарын 21-ний өдрийн .... тоот зээлийн гэрээний сунгалт, нэмэлт, өөрчлөлт гэрээг байгуулан, зээлийн гэрээний хугацааг 10 сараар буюу 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл сунгаж, сунгагдсан хугацаанд зээлдэгч нь зээлийн хүү, алданги төлөх, энэ гэрээ нь хамтран зээлдэгчийн зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа талаар тус тус зааж, талууд гарын үсэг зурж баталгаажуулан, нотариатаар гэрчлүүлжээ.

4.5.Гэрээ байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар хариуцагч нар 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 22,000,000 төгрөг төлснөөс 2,000,000 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт, 20,000,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт тус тус тооцон хасаж, талууд .... тоот Тооцоо нийлсэн актыг 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдөр үйлдсэн байна.

5.Талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, зээлдүүлэгч Э.... нь зээлдэгч Р...., О.... нарт 40,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн төлбөрийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувиар алданги тооцож зээлдүүлэгчид төлөхөөр тохиролцож гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байна.

6.Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр талууд Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, О...., Р.... нарын өмчлөлийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлах 1050 м.кв талбайтай зуслангийн газрыг барьцаалсан байх боловч тухайн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн буюу гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд уг барьцааны гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэгч Э.... шаардах эрхгүй гэх хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7.Зээлийн гэрээ байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлдүүлэгч нь өөрийн төрсөн дүү Э....эр дамжуулан хариуцагч нарын хүү Т....ийн дансаар зээлдэгч нарт 3 удаагийн гүйлгээгээр 36,600,000 төгрөг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрч Э....ийн мэдүүлэг, Т....ийн дансны хуулга зэргээр тогтоогдож байна. Харин үлдэх 3,400,000 төгрөгийг хариуцагч нар зээлдүүлэгчээс хүлээж аваагүй гэж тайлбарласан бол, нэхэмжлэгчийн зүгээс уг мөнгийг хариуцагч нарт бэлнээр хүлээлгэн өгсөн гэж тайлбарлан маргаж байна.

8.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлийн гэрээгээр зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

9.Хэдийгээр нэхэмжлэгчээс 3,400,000 төгрөгийг хариуцагч нарт бэлнээр хүлээлгэн өгсөн баримт байхгүй боловч хариуцагч Р.... нь нэхэмжлэгч Э....д хандан бичгээр гаргасан 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хүсэлтдээ зээлийн гэрээний дагуу 40,000,000 төгрөг хүлээн авсан болохоо илэрхийлэн хүлээн зөвшөөрсөн байх тул энэ баримтыг үндэслэн Э.... нь Р...., О.... нарт гэрээний дагуу 40,000,000 төгрөг шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

10.Зээлдэгч нар нь гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 40,000,000 төгрөг, зээлийн хүү 4,000,000 төгрөг, нийт 44,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Энэ үүргээ биелүүлээгүй учир талууд дахин 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээний сунгалт, нэмэлт өөрчлөлт гэх гэрээг байгуулан, гэрээний хугацааг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 10 сарын хугацаагаар сунгаж, гэрээний 2.2 дахь хэсэгт өөрчлөлт оруулжээ.

11.Нэхэмжлэлд дурдсанаар зээлдэгч нар анхны зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө нийт 44,000,000 төгрөг төлөхөөс 22,000,000 төгрөг төлсөн ба уг төлбөрөөс 2,000,000 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт, 20,000,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт тооцсон талаар тайлбарласан. Нэмэлт гэрээ байгуулах үед үндсэн зээл 20,000,000 төгрөг төлөгдөөгүй байсан, үүнээс зээлийн сунгасан хугацаанд буюу 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү 10,000,000 төгрөг байна. Үүнээс хойш төлбөр төлөх үүргээ хариуцагч нар биелүүлээгүй байх тул үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 10,000,000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алданги 10,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэн, илүү шаардсан 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

12.Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 453,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хангагдсан шаардлагын хэмжээнд тооцогдох 357,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р...., О.... нараас зээлийн гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э....д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөг гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 453,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 357,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА