Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01761

 

 

 

 

 

 

 

 

 

Э.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/02419 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Э.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Р.Т-, О.Б- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 45,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагч Р.Т-, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь.

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Э.С-э нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Р.Т-, О.Б- нартай зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүү төлөх нөхцөлтэй зээлдүүлсэн. Э.С-э нь 40,000,000 төгрөгийн 36,600,000 төгрөгийг хариуцагч нарын нэр заасан данс руу шилжүүлж үлдэх, 3,400,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, 046 дугаартай Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Хөв давааны энгэр, ГЦ-т газарт байрлах 1,050 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газрыг барьцаалсан.

Талууд 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дээрх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл сунгасан. Зээлдэгч нар нь үндсэн зээлд 20,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 2,000,000 төгрөг төлснөөс хойш огт төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээ, түүний нэмэлт өөрчлөлт тус бүрд зээлдэгч нар нь зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцсон. Талууд 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тооцоо нийлж, үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүүнд 17,000,000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байгааг баталгаажуулсан.

Иймд хариуцагч нараас үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 15,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийг гаргуулж, Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын гаргасан хариу тайлбарын агуулга: Э.С-э нь Зээлийн гэрээний дагуу 40,000,000 төгрөгийг бүрэн шилжүүлээгүй тул гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Зээлийн гэрээний дагуу бодитоор шилжүүлэн авсан 36,600,000 төгрөг, зээлийн хүү сарын 5 хувиар тооцож сард 1,830,000 төгрөгийг 2 сарын хугацаагаар тооцвол зохино. Ингээд үндсэн зээлээс 16,600,000 төгрөг, хүүгийн 1,660,000 төгрөг төлөгдөөгүй байгаа. Зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзвэл 16,600,000 төгрөгөөс тооцоход сарын 830,000 төгрөгийн хүү, үүнийг 10 сарын хугацаагаар тооцвол 8,300,000 төгрөг болж байна. Мөн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй учраас хүчин төгөлдөр бус хэлцэл. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Т-, О.Б- нараас зээлийн гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.С-эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөг гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 453,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 357,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Зээлийн гэрээний 2.1-т зээлдүүлэгч Э.С-э нь зээлдэгч нарт 40,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр зээлийн хэмжээг тохирсон боловч 36,600,000 төгрөгийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй. Зээлдэгч нь гэрээгээр тохирсон мөнгийг бүрэн шилжүүлж өгөөгүй учраас зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлгүй. Мөн гэрээний 3.2-т зээлдэгчээс зээлдүүлэгчид мөнгийг бодитой гардуулснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасан. Хариуцагч нар зээлсэн 36,600,000 төгрөгөөс 22,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талд буцаан төлсөн. Үлдэгдэл 14,600,000 төгрөгийг төлнө гэдгээ тайлбарласан. Нэхэмжлэгч нь хариуцагч Р.Тулгыг төөрөгдүүлснээр тооцоо нийлсэн актад гарын үсэг зуруулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: 2019 онд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу 36,600,000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн. Үлдэгдэл 3,400,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Зээл авах тухай хүсэлт, зээлийн гэрээг сунгах тухай хүсэлтийн дагуу талууд байлцаж тооцоо нийлэн тооцооллыг гаргасан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Э.С-э нь хариуцагч О.Б-,Р.Т- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,000,000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх-1-2, 94/

3.Зээлдүүлэгч Э.С-э, зээлдэгч О.Б-,Р.Т- нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 19/38 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 40,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай О.Б-,Р.Т- нарт зээлдүүлэх, зээлдэгч нар зээлийн хүүг сар бүрийн 21-ний өдөр төлж, үндсэн зээлийг хугацааны эцэст төлөх үүргийг тус тус хүлээсэн үйл баримтыг хэрэгт авагдсан зээлийн гэрээ, талуудын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх-7/ Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн дүгнэлт хуулийн үндэслэлтэй байна.

2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 19/38/А дугаартай гэрээгээр талууд 19/38 дугаартай зээлийн гэрээний хугацааг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл сунгахаар харилцан тохиролцсон байна. /хх-10/

4.Зээлдүүлэгч Э.С-э нь дүү Э.Н-ийн данснаас зээлдэгч нарын хүү Т.М-ийн Хаан банк ХХК дахь 500000000 тоот данс руу 36,600,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтад талууд маргаангүй.

5.Нэхэмжлэгч тал гэрээний үнээс 3,400,000 төгрөгийг хариуцагч нарт бэлнээр өгсөн гэх үндэслэлээр зээл 40,000,000 төгрөг, гэрээгээр тогтоосон хувиар хүү тооцон зээлийн үүрэг шаардсаныг хариуцагч тал 3,400,000 төгрөг бэлнээр аваагүй учир дансаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөс үүрэг тооцно гэж маргажээ.

5.Зээлдэгч Р.Т- нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлдүүлэгч Э.С-эд гаргасан зээлийн гэрээг сунгах хүсэлтдээ 2019 оны 10 дугаар сарын 21-нд авсан 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дууссан, гэрээний зээлийн төлбөр, хүүгийн хамт гэрээнд заасан хэмжээгээр төлөх болно... гэжээ. /хх-57/

6.Мөн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тооцоо нийлсэн 20/12 дугаартай акт үйлдэж, зээлдэгчээс төлсөн 22,000,000 төгрөгөөс үндсэн зээлд 20,000,000 төгрөг, хүүд 2,000,000 төгрөг тус тус суутган, үлдэх үүргийн хэмжээг үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү 15,000,000 төгрөг гэж тодорхойлон гэрээний талууд гарын үсгээ зурж баталгаажуулжээ. Хариуцагч тал уг баримтыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй тул нэхэмжлэгчийг гэрээний дагуу 40,000,000 төгрөг хариуцагч нарт зээлдүүлсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцсэн байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

7.Хариуцагч нар зээл 40,000,000, зээлийн хүүд 24,000,000 /40,000,000 х 5%=2,000,000 х 12 сар/, нийт 64,000,000 төгрөг төлөхөөс 22,000,000 төгрөг төлж, 42,000,000 төгрөг төлөөгүй, үүргээ зөрчсөн байна. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 2.7-д зээлдэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд үндсэн зээлийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги төлнө гэж заасны дагуу хариуцагчаас алданги 10,000,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг 40,000,000 /үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 10,000,000 төгрөг, алданги 10,000,000/ төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн шийдвэрийг хэвээр үлдээнэ.

9.2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр талуудын бичгээр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй учир Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна. Иймд нэхэмжлэгч нь барьцааны гэрээний үүрэг шаардах эрхгүй. Барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлыг анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг дээрх нарийвчилсан зохицуулалт бүхий эрх зүйн хэмжээний оронд хэрэглэсэн нь буруу байна. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй байна.

10.Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулах замаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, харин хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 102/ШШ2022/02419 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Т-, О.Б- нараас зээлийн гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.С-эд олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нараас төлсөн 357,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД